2024-12-10, Мягмар
-14 C
Ulaanbaatar

Ж.Нэргүй: Хүнд чинь хайрын хэл гэж нэг юм байдаг юм

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй хөөрөлдлөө. Тэрээр Орос, Америк, Польш, Итали, Герман, Ирак, Могул, Францын зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн дөч гаруй томоохон бүтээлийг монгол хэлнээ утга төгөлдөр, уянга яруу хөрвүүлжээ. Тэр дундаа Польшийн Фердинанд Оссендовски, АНУ-ын Айн Рэнд, Оросын Эдуард Тополь, Владимир Высоцкий, Михаил Веллер, Владимир Войнович нар болоод Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейний бүтээлийг монгол хэлэнд анх удаа орчуулж. “Ялалтын симфони”, “Сэтгэл хазгар биш бол…” яруу найргийн, улс төр, эдийн засгийн нийтлэлийн “Хөшүүрэг”, уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”, эсээ нийтлэлийн “Ясан хуягт мэлхий их далайг зоримой”, орчуулга-судалгааны “Осол сүйрлийн бага нэвтэрхий толь”, Барон Унгерны тухай “Од шингэдэггүй” кино зохиол, судалгаа-орчуулгын “Нууц товчоо”-ны Палладий Кафаров” зэрэг ном бүтээлүүдээ уншигч олонд хүргэсэн өнөө цагийн нэрт соён гэгээрүүлэгч юм.

-“Хүмүүсийн тухай роман” номын тань хоёрдугаар дэвтрийг мөн ч их хүлээсэн дээ. Эхнийхийг нь арваад жил болсон байх шүү. Тэргүүн дэвтэр нь их ч шуугиулсан даа?

-Дэд дэвтрийг нь гаргах гэж халгаж ядсаар байтал нэг л мэдэхэд 11 жил болчихсон байсан. “Гал шувуу”-г сүүлэн дээрээс нь нэг шүүрч аваад алдчихсан юм.

-Ямар гал шувуу?

-Яагаав, Оросын үлгэрийн өнөөх ид шидийн “Жар-птица”. Грекийн бол феникс шувуу. Алтан нүдтэй, мөнгөн далавчтай, зөвхөн сувдаар хооллодог. Тэрнийг бариад авах юм бол хүн хамаг өвчнөөсөө ангижирчихдаг юм гэсэн.

Хэрвээ би тэргүүн дэвтрээ тухайн үед шуугиулаад эхлэхэд нь дахин дахин хэвлүүлээд л, их, дээд сургуулиудын багш нар “Тэрнийг заавал уншиж ир” гэж оюутнууддаа даалгавардаж байх үед нь ахин дахин рекламдаад л, их сургуулиудад шахаад л, араас нь энийгээ бас хурдхан дуусгаад үерийн ус шиг давалгаалуулчихсан бол өдийд чинь баяжчихсан, гадаадад явж эмчлүүлээд л, Гачууртад хаус аваад л. (инээв) Даанч муусайн орчуулгын цаас мэрсээр байгаад өдий хүргэчихсэн юм.

-Таны орчуулгууд ч бас л жар-птица шүү дээ. Зөндөө л их нэр алдартай болоо биз дээ?

-Нэр алдар юу юм бэ, нохой долоо. Тэр гавьяатынх нь тэмдгийг ч зүүхээсээ ичээд байдаг юм.

-Та маяглаад л, даруухан хүн болох гэж ядаад байгаа юм уу даа?

-Маяглах ч юу байхав. Намайг угаасаа шоволзоод байх дургүйг түм мэднэ. Ер нь орчуулагчдын нэр үлддэггүй юм ш дээ. Чи тухайлбал, “Морь унасан толгойгүй хүн”-ийг ч юм уу, Алексей Толстойн агуу гайхамшигт “Зовлон туулсан нь” романыг хэн орчуулсныг мэдэх үү?

-Нээрээ ч дав зуур санахгүй юм байна шүү?

-Би ч бас мэдэхгүй байсан юм билээ. Бага байхдаа аль, алиныг нь хоёр, гурав уншчихсан мөртлөө шүү. Эхнийхийг нь Д.Лодойдамба гэдэг хүн, харин Толстойнхыг Ц.Даагаа гэдэг хүн орчуулсан юм билээ. Тэр Д.Лодойдамба гэдэг орчуулагчийн хүү Шинэн гэдэг прокурор залуугийн өмнө улаан нүүрээ ёстой нэг түлсэн ш дээ. Ер нь манай уншигчид чинь, тухайлбал, “Миний Дагестан”-ы тэр сайхан уран тансаг монгол үгсийг Мишигийн Цэдэндорж биш, Расул Гамзатов л өөрөө монголоор биччихсэн юм шиг хүлээн авдаг хүмүүс. Орчуулагчийн нэрийг анзаарахгүй байх бол юу ч биш. Аягүй бол гучин жилийн дараа “Хүн, араатан, бурхад”-ыг хэн анх монголчилсныг мартчихсан байж мэднэ.

Киноны орчуулагч бол бүр үлдэхгүй гээч. Тухайлбал, чи Оросын өнөөх “Ийм нэгэн явдал” гэдэг инээдмийн сайхан киноны орчуулагчийн нэрийг интернетээс хайгаад үзээрэй. Хаана ч дурдаагүй байдаг юм. Эльдар Рязанов өөрөө монголоор биччихсэн юм уу, хаашаа юм. Сергей Есенинийг би анх орчуулсан гэхээсээ ч сийхгүй улс. “Доголон хүнгүй айл байдаггүй, хулгайч хүнгүй ард түмэн байдаггүй” гэдэг шиг. Хүн төрөлтний сэтгэлийн алдас угаасаа л ийм юм чинь.

-Ай мөн ч бэрх юм аа. “Хүмүүсийн тухай”-д чинь хичнээн хүний хөрөг оров?

-Мэдэхгүй ш дээ, гарчгийг нь тоолж үзэх зав хаа байна. Мөн л урьдынхтайгаа адилхан 400-гаад нүүр болсныг бодоход, бас л тавиад хүний юм бий байх. Олон ч хүнийг гомдоож л байгаа байх, бичиж завдаагүй, чадаагүйгээсээ болоод.

Зарим нь ч гуйдаг л юм, заримд нь ч би өөрөө ам алдчихсан байдаг л юм. Жишээ нь, чиний “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат” гэдэг шүлгийн түүврийг тэр үед хачин их тоож “Ах нь нэг алаад өгнө өө” гэж томорсон мөртлөө барсангүй, уучлаарай.

-Тэр яах вэ, цагийн юм цагтаа сайхан. Би ч таны өргөмжлөлд өртчихөөр ланжгар амьтан биш?

-Том, жижигтээ байдаггүй юм аа, сэтгэл гэж нэг нарийхаан ширхэгтэй юм байдаг юм. Харин чи яагаад номны маань нэрийг бүтнээр нь хэлэхгүй, “Хүмүүсийн тухай”-гийн гээд байгаа юм. Би ч гадарлаж л байна л даа.

-Товчилж л байна шүү дээ, ах минь. Их сайхан нэр шүү. Гэхдээ зарим нь роман гэж ийм богино бичлэгүүдийг хэлдэггүй юм гэж цэцэрхдэгийг та мэдэх үү?

-Мэдэлгүй яах юм. Анх энийг чинь төрийн соёрхолт Дармын Батбаяр гуай тэгж буруутгасан. Хөөрхий минь, ямар ч хар санаагүйгээр, зүгээр л надад ганцаарчлан зөвлөсөн. Нууж муулснаас шууд хэлэх нь гоё.

Харин бусад нь болохоор яагаад энэ нэрэнд дасдаггүйг би мэдэхгүй. Бодоход, социалист реализмаасаа салж чаддаггүйнх байх. Хуучин ороо л хяхтнуулан дэвхцээд байгаа юм чинь. Тэгж л байна биз. “Адуутай хүн адуугаа тойроод исгэрч явдаг, адуугүй хүн айлын адуунаас алиныг нь алж идье дээ гээд хутгаа ирлээд сууж байдаг” гэж агуу их “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимиддорж аль тэртээ 90-ээд оны үед аргаа ядаад амнаасаа унагасан юм.

Номын нэрийн хувьд гэвэл анхлан би 2007 онд бичиж, эмхэтгэж эхлэхдээ “Нөхөд хэмээх ноход” гэж нэрлэх гээд байсан чинь зохиолч Готовын Нямаа ах маань амьд сэрүүн байлаа тэгэхэд, “Яах юм бэ, ноход гэхээр цаадуул чинь хотны муусайн нохос л гэж ойлгохоос, Чингисийн өрлөгүүдийн өргөмж нэрийн дайтай ойлгохгүй ш дээ” гээд болж өгдөггүй, тэгэхээр нь бодоод л, шаналаад л явлаа, үгийн эрэлд хатаад үйлээ үзэх ч сайхан шүү.

Бүр 2008 онд байх аа, нэг шөнө “Хүмүүсийн тухай роман” гэж зүүдэлсэн юм. Хар багаасаа би зүүдний тийм өвчтэй юм. Зүүдээ манах гоё ш дээ. Тэр шөнө бүр оросоор зүүдэллээ шүү, “Роман о простых, к тому же великих людях” (Эгэл мөртлөө их хүмүүсийн тухай роман) гээд яриад байх юм.

-За, тэгээд зүүднээсээ номынхоо нэрийг олоод авдаг байж…

-Газарзүйч О.Намнандорж гуайг л бодоод байх шиг байна. Тэгээд өглөө нь сэрүүтээ шууд шийдчихсэн, олон хүний тухай хүүрнэл нийлэхээрээ яагаад роман байж болдоггүй юм гэж. Тэр бүхний баяр баясгалан, зовлон шаналан, туулсан зам, хүрсэн өндөрлөг чинь романы дайтай л ертөнц юм шүү дээ. Утга зохиол, уран зохиол хоёроо ялгаж салгахаа байсан өнөөгийн энэ хатсан талхны булан шиг нийгэмд чинь тэр сэтгүүлзүйн онол монол нь надад падлий байсангүй.

Их сайхан таарсан нэр байна гэдгийг анх яруу найрагч Бадарчийн Хишиг-Ундрал анзаараад, их олзуурхаад, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан чинь хүрч очиж ярилцлага аваад, “ТВ-9” телевизээрээ олонд дуулгаж өгсөн. Горькийн сургууль төгссөн хүн гэдэг чинь эргэцүүлэл нь ч арай онцгой байдаг юм билээ. Бас Баастын Золбаяр “Өдрийн сонин”-д байхдаа дуу алдаад нэг их магтсан юм бичсэн.

Ер нь роман гэдгийг манайхан үргэлжилсэн үгийн ч юм уу, яруу найргийн том хэмжээний бүтээл гэсэн ганцхан утгаар нь ойлгодог. Гэтэл цаана нь паян, холбоо, явдал, түүх гээд олон салаа утга байдаг. Жишээ нь, Э.Оюун гуайн орчуулгаар гарсан шиг санагдана, Оросын телевизийн “Служебный роман” гэдэг киног “Ийм нэгэн явдал” гэж орчуулсан байдаг. Тойруулж, тааруулсан нэр. Яс утга нь бол “Ажил дээр үүссэн хайрын холбоо” хавьцаа л даа.

Чамд зүгээр сонирхуулахад, урлагийн нэг том зүтгэлтэн утасдаж байна аа, “Тэр нэрээ надад өгчих, эсвэл зарчих, би телевизийн нэг том төсөл санаачлах гээд байна” гэж. Урьд нь Палладий Кафаровын “Харчин өртөөнүүдийн замын хүүрнэл”-ийг үндэсний телевизийн нэг том төсөлд хулгайлуулчихсанаа санаж уур хүрээд “Өгөхгүй ээ, монгол хэл баялаг шүү дээ, өөрсдөө бодож олохгүй юу” л гэсэн.

Хүнд чинь гайгүй юм хийхийн тулд сэтгэлийн шаналан хэрэгтэй байдаг юм, тэрнийгээ давж байж өөртөө баярладаг юм. Өөрөө л өөрийгөө баярлуулахгүй бол хөндлөнгийн хэн ч чамайг баярлуулахгүй болсон нийгэм. Тэр бол өөрөө гайхалтай сайхан нэр бодоод олчих дайны хүн л дээ, уг нь. Дэд дэвтрээ бэлтгэж байгааг минь дуулаад л надад урам өгөх гэсэн байх гэж андыгаа цагаатгая.

-Хөрөг хийнэ гэдэг, ялангуяа уран бүтээлчийн тухай уран сайхны хөрөг босгоно гэдэг маш хэцүү. Гэтэл та бол ганц чаддаг хүн нь болж дээ?

-“Тийм шүү, хэцүү” гээд хэлчихвэл биеэ тоосон болчихно. Ганц чаддаг нь намайг гэж хэлж болохгүй ээ, алдас болно, яахав, анх удаа бие даасан ном болгож чадсан нь л би юм байгаа биз.

-Таны тэргүүн дэвтрээс хойш хүмүүс иймэрхүү номнууд их гаргах болсон. Таных бол яах аргагүй анхдагч нь биз?

-Мэдэхгүй ээ, мэдэхгүй, гайгүй цагаан сэтгэлтнүүд нь л тэгдэг юм шив дээ. Одоо чинь, бурхан минь, атаач нийгэм. Эргээд эв хамтын нийгмээ байгуулж, эвдрээгүй монгол сэтгэлээ эртхэн дээр нь сэргээвэл таарна.

-Та ардчиллын хүн байж ингэж болохгүй дээ. Тэгэхээр таны бодлоор, хэн ер нь гайгүй хөргүүд хийж байна?

-Зөндөө л сайхан их бичгийн хүмүүс бий шүү дээ. Хуучцуулаас гэвэл, Дөнгөтийн Цоодол гуайнх их гоё, жинхэнээсээ сэтгэлд хүрсэн юмнууд байдаг. Хүнд хайртай хүн л тийм юм хийж чадна. Ноднин байх аа, нэг өглөө Цоодол гуайн хөрөг, дурсамжийн номыг уншиж байтал нутгийнхаа нэг өвгөний тухай бичсэн нь тааралдлаа. Аймаар гоё.

“Аймаар мөртлөө гоё” гэж юу байсан юм гэж загнадаг л даа, хүмүүс. “Аймаар” гэдэг үг чинь энд “гайхамшигтай” гэсэн утгаар орж ирж байгаа байхгүй юу. Монголчууд юуг яаж нэрлэхээ эрдэмтдээрээ, эсвэл хэтэрхий мэргэн жараахайнуудаараа заалгахгүй шүү дээ. “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэдэг шиг. За, энэ ч яахав, тэгээд Цоодол гуайн тэрнийг уншаад нутгийнх нь тэр өвгөнд хайр хүрсэндээ болоод нулимс гарчих гээд болдоггүй шүү.

Утасдаж “Ийм сайхан юм бичиж өгсөн танд баярлалаа” гэж заавал хэлмээр санагдаад болдоггүй, уг нь ч Цоодол гуай шиг том хүн миний урмаар л дутав гэж, гар утасных нь дугаар байх боловч тэрнийгээ бараг авдаггүй юм чинь, “За, яршиг, яршиг” гэж бодлоо. Тэгээд бүр тэсдэггүй шүү.

Утасдлаа, үгүй ээ, тэгсэн чинь өнөөх, барагтай л бол утсаа авдаггүй хүн чинь тэр өглөө шууд л авчихлаа, зөөлхөн намуухнаар мяраагаад, үл мэдэг гуншаатаад “Хэн бэ, хүү минь” гэж байна. Би чинь ааваасаа арав гаруйхан настайдаа өнчирсөн хүн, аав минь л ингэж ханддагсан даа.

“Нэргүй байна аа, таны (нэрийг нь мартчихаж) хөргийг уншаад баяр хүргэх гэсэн юм аа, ямар сайхан юм бэ” гэсэн чинь Цо гуай өөдөөс “Ай даа, мөн ч сайхан өвгөн байж билээ” гэнгүүт нь л нулимс асгараад явчихсан. Бүр эхэр татаж байгаад уйлсныг минь Цо ах одоо ч санаж л байгаа байх. Хөрөг дурсамжийг тэгж л хийх ёстой юм билээ.

“Ингэж хийх ёстой” гэж сурах арга байхгүй, хичнээн Горький төгсөөд ч нэмэргүй, тэрнийг чинь гагцхүү ээжийн сүү, аавын хайр л элэг, тархи хоёрт нь суулгаад өгчихдөг байх. Готовын Нямаа ахын бичсэн Норовбанзад гуайн тухай “Уяхан замбуутивийн наран” гэж нэг хөрөг байдаг. Гүн рүү нь шингэж уншсан хүнд бол Норовбанзад гуайн тухай биш, нарны тухай хөрөг болчихсон юм шиг агуу санагддаг.

Бас, хөрөг гэхээр заавал сунжралдсан урт, үргэлжилсэн үгээр бичсэн нийтлэл байх албагүй. Үргэлжилсэн үгээр бичиж болохгүйг шүлгээр хийдэг, шүлгээр хийж болохгүй юмыг үргэлжилсэн үгээр хийдэг арга бий. Дурсамжаа хүмүүс хөрөг гэж андуураад байдаг тал бий. “Хүмүүсийн тухай роман” гарснаас хойш дурсамжуудаа эвлүүлж дэвлүүлээд хөрөг гэж нэрлэх гээд байдаг болсон юм.

-Дараа үеийнхнээсээ хөрөг бичдгүүдийг олж харах юм уу?

-Таримал цэцэг бариад автобусанд явж байгаа нэг халамцуухан зураачийн тухай Өлзийтөгсийн бичсэн эсээ байдаг. Гэхдээ эсээ ч гэх юм уу, үгүүлэл ч гэх юм уу, би мэдэхгүй. Яахын аргагүй л хөрөг.

Тэр зураачийн нэрийг Өлзийтөгс ч өөрөө мэдэлгүй чигээрээ өнгөрсөн байгаа боловч миний нүдэнд тэр зураач нь харагдаад байсан. Сонгинын булангаас хааяа орж ирдэг байсан, урт үстэй, монгол дээлтэй голдуу явдаг, миний л анзааны насны нэг тийм зураач, яндан хар хүн байсан юм. Гэхдээ тэр хүний тухай биш, ерөөс л уран бүтээлч хүний ариухан сайхан сэтгэлийн хөрөг гэмээр байна билээ. Их гоё, бас л нулимс гармаар.

-Та ч их л уяхан болж байгаа хүн юм байна даа. Юм л болбол “нулимс гаргаад”?
-Ер нь ч нас яваад ирэхээр сайхан бүтээл уншихад нулимс урсчих гээд байдаг болж. Яагаав дээ, автобуснаас буун буутлаа “Хүмүүс ээ, холдоорой, миний цэцэгний навчийг битгий хөндчихөөрэй” гэж гуйгаад л, өнөөх савтай цэцгээ энхрийхнээр элгэндээ тэврээд яваа нэг зураачийн тухай.

Ерөөс, аливаа хүмүүсийг элэг, зүрхээрээ хайрлаж чаддаг хүн л тийм энхрийхнээр хөрөглөж чаддаг юм. Яруу найргаар ч хөрөг босгож болдог гэж түрүүнд хэлсэн дээ. Цоодол гуайн “Миний муусайн найз нар” гэсэн шүлэг ч гэсэн бас л хөрөг шүү дээ.

-Тийм л юм даа?

-“Хөрөг шүлэг” гэж тэрийг хэлдэг юм. “Хүмүүсийн тухай роман”-ы хоёрт “Тэр их хүн-Нямбуугийн Нямдорж” гэсэн нэг шүлэг байгаа. Ухаандаа, би тэрүүгээр Нямдорж гуайн тухай хөрөг шүлэг босгочихсон гэж “оодорч” байгаа.

Радио, телевизийн хорооны дарга асан Зантав гэдэг хүний тухай бичсэн Бямбажавын Энхтуяагийн нэг шүлэг бий. Агуу даа. Нэрийг нь бас л мартчихаж. Миний энэ муу толгойн судаснуудад улаан цусны оронд прессний төмөр утас шургуулчихсан юм шиг болжээ. Д.Ган-Очирын надад зориулсан нэг шүлэг бий. “Үзэгдэхээ болилоо гэж загнаад байдаг мөртлөө яваад очихоор “ажил ихтэй байхад” гээд уурлаад унадаг” гэсэн мөрүүдтэй. Аль эсвэл Чойномын “Буриад” найраглалыг бол бүхэл бүтэн үндэстний тухай “Хөрөг найраглал” гэмээр байдаг.

Би анх тэгж дуугарсан юм шүү, одоо ч батлаад хэлчихье. Түүний өмнө гишгэсэн юм одоохондоо алга. Миний л “онолоор” шүү дээ. Хөрөг хэрхэн бичих тухай албан ёсны онол байдаг эсэхийг нэг муу техникум төгссөн би мэдэхгүй. Элдэв дээдийн уран зохиолын том, том сургууль төгссөн зохиолчид тэр болгон хөрөг хийгээд байдаггүйг бодоход тийм онол байдаггүй юм байлгүй дээ.

-Таны хийсэн хөргүүдээс аль нь хамгийн сайн болсон бэ?

-Тэрийг ч би өөрөө биш, та нар л дүгнэх ёстой байх. Яахав дээ, хөндлөнгийн хүнийх гэвэл Нямсүрэнгийнх, Дашбалбарынх гайгүй болсон байх.

-Та чинь нээрээ Данзангийн Нямсүрэнг нас барснаас нь хойш хамгийн анх тэр хөргөөрөө агуу ихийг нь эргэн тунхагласан хүн дээ. Дашбалбар багшийн тухай амьдад нь жинхэнэ уран сайхны хоёр ч хөрөг хийсэн байдаг. Нэгдүгээр дэвтэрт чинь байдаг шиг санагдах юм?

-Тийм үү, чи нээрээ санаж байгаа юм уу. Баярлалаа. Нямсүрэнгийн тэрэнд чинь, өглөө нь “Өдрийн сонин”-ы шуурхай дээр хэлэлцээд бичлэгийн шагнал гэж хамгийн өндрөөр үнэлэн 20 мянгыг тавьсан байсан, дугаар хариуцсан Ши.Сүхбаатар бас 20 мянгыг нэмсэн байсан, ингээд би чинь тэр хөргөөс нэг өдөр 40 мянгыг хүртэж “гайтаад” хоёр өдөр “савсан” гэж байгаа.

-Балрахыг шахаж. Галсансүхийн хөрөг байна, бас л аатай бичсэн шүү?

-Тэр чинь хөрөг биш ээ, шүлгүүдийг нь задласан үгүүлэл аятай л юм. Мандуулах нь ч юу байхав дээ. Нэг хөөрхөн юм ярих уу.

-Юу билээ?

-Тэр үед би Галсансүхийг Хэнтийн Дадалын л хүүхэд гэж сонссоноос биш огт таньдаггүй байлаа. Этгээд шүлэг бичдэг болохоор нь тойрч гүйгээд, ойртож танилцахаасаа жийрхээд явдаг байсан ч юм уу, бүү мэд. Би чинь хөдөөгийн хөөсөн мантуу байлаа шүү дээ. Одоо харин хуучин зургууд харжээ байхад, уг нь 1993 онд Өндөрхаанд анх удаа болсон Чойномын яруу найргийн наадам дээр тааралдсан юм билээ л дээ.

Шүлгийг нь их хачирхдаг, энэ лав франц хэлтэй хүүхэд байх, тэгээд л ингэж бичиж сурсан байх гэж боддог байлаа. 2008 оны хавар тэргүүн дэвтрээ эмхэтгээд дуусгаж суутал нэг өдөр Ган-Очир маань гүйгээд ороод ирлээ. Тэр үед би шадар сайд Энхсайханы хэвлэлийн төлөөлөгч санаатай, Төрийн ордонд суудаг байлаа. Энэ муу Ган-Очир золиг чинь цагтаа миний хөлийг угаах нь холгүй явсан юм. Аль Дорнодод байхын л хар нялхаасаа.

Балбарын өнөөх “Царай сайхантай, сэтгэл муухантай хүүхнүүдэд дурлаж явсанд орвол Цагийг эзэлсэн Занабазарынхаа хөлийг угааж явахсан” гэдэг мөрүүдийнх шиг. “За, ах аа, номоо дуусав уу” гэж байна. “Ард нь гарч л байна. Тэр Галсансүх гэдэг пацааны юмыг нарийн үзээд ганц хоёр юм дуугарчих юмсан, даанч танихгүй юм” гэсэн чинь Ган-Очир “Өө, би сая ирж яваад энүүхэн хойно тааралдлаа, байшингийнхаа гадаа хоёр хүүхдээ тэврээд салхилуулж зогсоно лээ, одоохон би очоод таныг хэлээд номыг нь аваад ирье” гэснээ хүүе, хааяын завдалгүй год үсрээд алга болов.

Дорхноо хоёр номыг нь бариад ороод ирлээ. Тэр шөнөд нь сууж уншаад, маргааш шөнө нь сууж бичээд, шүлгийнх нь өнгө аясад тааруулан зориудаар “Монголын яруу найргийн модернизмын архитекторч” гэсэн гадаад үгсээр зодсон нэр өгөөд, нөгөөдөр нь танай сонинд очоод чулуудчихлаа. Баастын Золбаярт байх аа. Дараа өдөр нь гурван нүүр дамжаад гарчихаж. Улс амьтан утасдаад л, ямар сайн болоо вэ гээд л.

-Дахиад хөөрч савав уу?

-Одоо бол ямар ч сайн юм гарлаа гэсэн хүмүүс чинь бие бие рүүгээ баяр хүргэж утасдахаа больсон цаг шүү дээ. Тийм л атаач нийгэмтэй “суучихсан” юм чинь. Баярласан хүмүүс утасдаад байдаг, харин “гол гэмтэн” Галсансүх нь л өөрөө чимээгүй шүү.

Овоо юм хийчихлээ гэж сагсуураад урьд өдөр нь лүүлэгнэчихсэн байсныг хэлэх үү, гэдэс дотор, улаан хоолой гэж үсээр нь буруу харуулаад чихчихсэн зараа шиг л юм байна. Баярлалаа гэж утасдах байлгүй, тэгвэл шараа тайлуулъя гээд хүлээгээд байлаа, байдаггүй дээ.

Үд боллоо, байдаггүй ээ. Үдийн хойно боллоо, байдаггүй ээ, Энхсайханаас орж мөнгө гуйлтай биш, шар ч өөрөө нэг юм тайлагдаж байгаа бололтой, горьдлого ч тасарлаа. Ажлаа тараад автобусанд суугаад харихшуу санаатай юм барайж явсан чинь 9911-тэй утаснаас дуудлага орж ирлээ. Энхсайхан даргын утас биш ээ. “Энэ чинь одоо ямар сонин юм бэ” гэж хачирхаад авсан чинь шулгадуу ч юм уу гэмээр нэг нөхөр мэндийн зөрөө ч үгүй “Нэлгүй ах аа, Нэлгүй ах аа, би өөлийнхөө агууг танаас л мэдлээ” гэж хашгирч байх юм.

Энэ чинь уншигчийнхаас хамаагүй өндөр үнэлгээ байхгүй юу. “За, өнөөх чинь байна” гэж бодуутаа гэнэт уур хүрээд ямар ч үгийн солиогүй “Завгүй байна аа, харьж явна” гээд утсаа тасалчихлаа. Их гайхсан байх. Ухаандаа, гоморхож байгаа маань тэр.

Уг нь надаас “Та завтай байна уу, шарыг чинь тайлж өгөх үү” гэж гуйх нь гэж горьдож л дээ би, улаан туучий чинь. Би л гэж өдөр нь дэмий хүлээснээс биш, жоохон хүүхэд чинь юу л гэж зүс харснаас цаашгүй нутгийн ахмад хүнийг ажлын цагаар, тэгээд бас Төрийн ордонд ажилтай хүнийг шүү, дуудаж гаргаад л архи цутгаж байхав дээ энэ чинь, тийм үү. Нээрээ ч хөөрхий минь, тэр үед чинь мань эрийг хүн бүр л арьсан дээрээ ганц ширхэг үсгүй чоно тайзан дээр гараад дуулахыг харж байгаа юм шиг хачирхдаг байсан юм чинь.

-Үгүй нээрээ та тэгж байгаад их “ааштай” хүн шүү?

-Хэд хоногийн дараа өглөөний долоо дөнгөж өнгөрч байсан чинь мань эр дахин утасдлаа. “Гэрээ заагаад аль. Танайд орж өглөөний цай уухаар Москва рестораны урд ирчихээд байна” гэж. “Үгүй ээ, ирж болохгүй, хадмуудын бие тааруухан” гэсэн чинь “Тэгвэл гараад ир, машин дотроо хүлээж байя” гэж тушаалаа.

Эхнэр босоод үсээ самнаж байсан. Дундаа ганц мянган төгрөгтэй гэж байгаа, тэр өглөө. Далиманд нь эхнэрээ тэрүүхэн сургууль руу нь буулгуулчихъя гээд хоёулаа гараад очсон чинь Ломбын Нямаа багштайгаа, урьд нь миний огтоос сууж үзээгүй нээг их том хар жийптэй зогсож байна. Намайг орж суунгуут л тавин мянган төгрөг атгуулчихлаа, “Миний сэтгэлийн бэлэг” гээд.

-За, бүүр баяжихыг шахаж?

-Дургүйлхсэн дүр үзүүлсэн ч авчихаад авгайг сургууль руу нь буулгаж, гучин мянгыг нь өгөөд “Өвгөн чинь өнөөдөр үлдсэнээр нь архидлаа шүү” гэсэн чинь авгай инээгээд “Тэг ээ, тэг” л гэж байна. Гурвуулаа тэгээд ресторан эрээд хамчихав аа. Онгорхой юм алга. Арайхийж “Зоос гоёл”-ын зүүнтээ дөнгөж хаалгаа нээж байсан нэг ресторанд орж үдийн өмнөжингөө юм болов.

Га дүү өөрөө уухгүй юм, машин барьж яваа гээд, Нямаа ах зөвхөн шар айраг л уух юм, өнөөх мөнгийг маань ч гаргуулахгүй юм. Би ч согтлоо, “Харимаар байна” гэсэн чинь “Хүргээд өгье” гэж байна. “Тийшээ болохгүй ээ, хадмуудын бие тааруухан” гэсэн чинь “Тэгвэл хаа очих юм” гэж асуулаа. “Яармагт л дүүгийндээ очихоос доо” гэсэн чинь “Заагаад өгөөрэй” гээд, жийпэндээ хийгээд сүнгэнүүлчихлээ.

Гадаа нь очоод “Дүү чинь архи уудаг уу, хүүхэдтэй юу” гээд баахан чихэр, набор, 700 граммын нэг том юм аваад оруулж өгөөд буцах нь тэр. Би ч башийгаад үлдсэн. Ийм л сайхан юм болж билээ. Архидуулсанд нь биш, мөнгө өгсөнд нь ч баярласандаа биш, сайхан сэтгэлтэй хүү юм гэдгийг олж харсандаа баярласан.

Архи ууж байхад чинь ер нь үнэнч найз нар олон, сэтгэл дандаа ариухнаараа байдаг байж дээ. Одоо ч, хямсайх тал маань дийлдэг болчихож. Архиа хаяад арван жил болчихож шүү дээ. Тэр нийтлэлийн хувьд гэвэл доктор Ч.Билигсайхан гуай надтай Нямаа багшаар гэртээ дуудуулан танилцсаныхаа дараа ч өөрөө хэлдэг байсан, 2011 онд гаргасан “Цагийн салхи асгарсан авьяас” гэдэг номондоо ч оруулсан байгаа, “Чи Галсансүхийг хамгийн анх их нягт, маш сайн задалсан шүү” гэж.

-Таны хамгийн сайн хөрөг юу вэ гэж би түрүүнд асуусан даа?

-Хамгийн сайн уу. “Хүмүүсийн тухай роман”-ы тэргүүн дэвтэрт “Ижий хайлан” гэсэн нэг хөрөг байгаа. Тэрнийгээ л овоо болсон гэж бодсоор яваа шүү. Их эртнийх л дээ.

За байз, эргээд эндээс харчихъя. “Засгийн газрын мэдээ”-гийн 1998 оны гуравдугаар сарын 7-ны дугаарт гэхээр, 5-ны шөнө сууж, ээжийгээ санасандаа асгаруулж байж биччихээд маргааш нь аваачаад 7-ны өдрийн дугаарт оруулахаар сониныхоо нэгдүгээр орлогч эрхлэгч байсан Э.Сонинтогосоор хянуулахаар өгсөн чинь гаргаж ирдэггүй ээ.

Тэр нүүрийг шивж тавьж байсан Мөнхзул гэдэг бүсгүй “Бушуулаач ээ, Нэргүй ах аа, нөгөө юмаа шивэлтэнд өгөөч” гэж хашгираад салдаггүй, өнөөх дарга нь “Юмаа ав” гэж дууддаггүй.

Тэр чинь бурхан минь, чанга ч дарга, сайн ч редактор, хамгийн дээрэнгүй сагсуу би ч өрөө рүү нь орж нэхэх зүрх байхгүй шүү дээ. Хүлээгээд л байлаа, байдаггүй ээ, тэснэ, тэснэ гэхэд ингэж тэснэ гэж яахав гээд очоод хаалгаар нь жаахан завсар гаргаад харсан чинь харин өнөөх “хатуу самар” дарга маань уншаад л, мэлмэрүүлээд л сууж байдаг байгаа.

Хаалга чихрангуут намайг харчихаад дуудлаа. “Сайн болж” ч гэсэнгүй. “Чи энэ, Айлын хооронд үүрсэн азай буурал ээжийгээ” гэдгийг яагаад Д.Нацагдоржийнх гэсэн юм бэ, наадхи чинь П.Пүрэвсүрэн гуайн шүлэг шүү дээ, мэддэггүй юм уу, май энийгээ аваачиж шивүүл, битгий бас уучихаарай” гээд л гүйцээ.

Хөөрсөн гэж жигтэйхэн, дор нь өнөөх Мөнхзулд чинь өгчихөөд, ээждээ очиж Мартын 8-ны баяр хүргэхээр Багануурын шууданд суучихав аа. Зууртаа нэг нөхөртэй хампаалж, Баян давааны тэндээс нэг шил архи олж уучихаад ээждээ очсон чинь “Бас л гударчихаад ирээ юү” гэж зандарч байна.

Заль зохиогоод “Үгүй ээ, ижий ээ, таныхаа тухай аймаар сайхан юм бичиж өгчихөөд тэрэндээ хөөрөөд” гэж аргалчихаад, баярын чихрийг нь гаргаж өгчихөөд буцаад хамчихлаа. Ээж маань хойноос “Сониноо гарахаар нь тэгж байгаад ижийдээ явуулаарай” гэж байна. Маргааш өглөө нь шуурхай дээр өнөөхийг чинь магтаад сүйд ээ, охид нь нүдэндээ нулимстай, “шүд” Ганболд эрхлэгч маань магтаад л.

-Баярласан сэтгэлийн ажнайгаа эмээллэхгүй бол ч алдас болох байлгүй дээ?

-Шуурхайгаас гарангуутаа Готовын Нямаа ах, орчуулагч Цэвэгжавын Цэрэн ахтай гурвуул өнөөх амжилтаа тэмдэглээд, хариуцсан нүүрээ эртхэн шиг буулгачихуутаа, бушуухан шиг ээждээ нөгөө сониноо аваачиж өгөхөөр нэг шил юм сугавчлаад дахиад микрод суучихлаа, авгай, хүүхдүүдтэйгээ.

Тийм том юм бүтээчихсэн хүнийг чинь эхнэр юу гэж загнахав дээ. Зууртаа шимсээр яваад ээжийнд очсон чинь “Бас л гударчихаад ирэв үү” гэхээр нь сонингоо гаргаад өргөн барилаа, ижий маань ч дор нь шүүрч авч уншчихаад, мөн л хөөрхий минь, зөөлрөөд явчихлаа.

“Миний хүү битгий архи уугаад бай л даа” гэснээс биш загнасангүй, харин ч дүүг явуулж нэг шил архи авчруулаад, хэдүүлээ тэр шөнө Мартын баяр тэмдэглээд л, ижий минь байн байн хошуугаа цорвойлгоод л, гарынхаа хоолыг согтуу хүүдээ халбагадаж өгөөд л. Хоёр хоноод ирсэн. Ижийтэйгээ байхад мөн ч гоё байж дээ. (хоолой нь цахиртан зангирч, нулимс нь цийлээд ирэв)

-Ээжийнхээ тухай бичсэн юм л хамгийн гоё болох юм даа…

-Тэгэлгүй яахав, ярих ч юм биш. Саяхан би яруу найрагч Доржпаламын Сумъяагийн “Амармагийн ааль” бил үү, нэг номонд нь орсон, ижийнхээ тухай бичсэн дурсамжийг уншлаа. Мөн л ээжийн хөрөг юм даа. Бас л мэлмэрүүлэх шахсан. Өөрт нь ч зориуд баяр хүргэсэн, Чойномын “Өд” сан дээр таараад. Эр ч бай, эм ч бай, хүн чинь дандаа сайхан үгээр дутагдаж явдаг юм ш дээ.

-Ер нь хөрөг бичихийн нууц гэж юу байдаг юм бол оо?

-Хөөш нөхөөр, энэ чинь дандаа хөргүүд биш шүү дээ. Хөргөөр л асуултаа дагнаад байх юм.

-Тийм ээ, тийм. Энд чинь дурсамж ч байна лээ, хөрөг ч байна лээ, хэн нэгний уран бүтээлийг задалсан шүүмж судалгааны чиглэлийн юм ч байна лээ. Та ер нь асар их ажигч гярхай, уран зохиолын маш зузаан мэдлэгтэй, тэгээд задгай бичлэгтэй, танхай сэтгэлгээтэй хүн юм. “Чойномын орчуулах авьяас” гээд маш их сонирхолтой нийтлэл байсан шүү?

-Чойномын бэлэн зэлэн шүлэглэх авьяасыг нь л ам булаалдан яриад байдаг болохоос биш, орчуулах эрдэм, чадлынх нь тухай дэлгэрэнгүй байтугай, товч төдий юм ч гараагүй нь үнэн.

Ринчен гуайн өнөөх “Марк Твений минь махыг идэж дээ” гэснээс хойш ер нь орчуулгын чанарын талаар олигтойхон чансаатай юм үзэгдээгүй. Ер нь манайд чинь орчуулгын судлал гэдэг юм огт хөгжиж өгөхгүй байгаа юм. Д.Галбаатар доктор ч арваад жилийн өмнө үнэнийг нь хэлсэн, “Манайд даанч гадаад хэл сайтай шүүмжлэгч алга” гэж. Уг нь орчуулгын шүүмж, судлал гэдэг чинь уран зохиол судлалын маш том салбар байхгүй юу. Гэтэл төгс төгөлдөр гадаад хэлтэй, хажуугаар нь өөрөө уран зохиолч хүн манайд их үгүйлэгдэж байна.

Чухамхүү тийм л, хос чадвартай хүн орчуулгын шүүмж бичиж, судалгаа хийж чаддаг юм. Тийм “сайн хоточ нохой” байхгүй учраас л орчуулагч бүхэн өөрийгөө өнөөдөр Мишигийн Цэдэндорж гэж боддог болчихсон. Тэрнээс биш, орчуулгын онол гээд сүйдтэй тусдаа юм байдаггүй юм ш дээ. Орчуулгын шүүмж гэдгийг чинь зүгээр л нэг гадаад хэлний багш хүн шүүрч аваад уйдсандаа юм уу, атаархсандаа хийчихдэг эд биш.

Харин сүүлийн үед МУИС-ийн хятад хэлний багш Ш.Эгшиг нарын санаачилсан орчуулгазүйн профессорын хамтлагаас ийм ажлын эхлэлийг тавиад эхэлсэн. “Орчуулгазүй” гэсэн сайн сэтгүүл гаргадаг болсон. Одоохондоо яахав, хятад хэлнээс хийгдсэн орчуулгууд дээр голлодог юм шиг байна билээ. Цаашдаа бусад хэлнийхийг үзэж хардаг болно байх гэж найдаж байна.

Миний энэ Чойномын орчуулгын талаар бичсэн юм гэвэл эхлэл төдий зүйл. Ирээдүйд чадалтай залуучууд гарч ирээд Чойномын тэр чадварынх нь талаар дагнан судалгаа хийж диссертаци бичих болбол бэлэн хоол болж магадгүй.

-Хөрөг бичихийн нууц гэж тэгээд юу байдаг юм бол оо?

-Би яаж нарийн мэдэхэв дээ, тэгээд ч тэрийн болгоныгоо задлаад байх албагүй. Бичвэрээс нь төдийлөн тайлагддаггүй нууц ч байдаг. Ямар ч байсан зарим эрдэмтдийн энд тэндээс хуулж аваад эмхтгэчихсэн намтар судлал гээч юм биш байх.

Намтар судлал гэдэг ч бас уран сайхны чанартай байх ёстой. Зөвлөлтийн алдарт цуврал өнөөх “ЖЗЛ” буюу “Суут хүмүүсийн амьдрал”-ын номнууд ямар тансаг, насан төгөлдөр байдаг билээ, чи лав мэднэ дээ. Цаад хүнээ төгс судалсан, зохиол бүтээлд нь шимтэн дурласан, тэр хүнээ уран бүтээлч талаас нь байтугай хүн талаас нь сэтгэл зүрхээрээ хайрласан байх ёстой болов уу.

Хүнд хайртай, сайхан сэтгэлтэй хүн л сайхан хөрөг бүтээдэг. Тэр хүнийхээ сайн чанарыг товойлгож гаргаж ирэхийн тулд өөрийгөө хайр найргүй доош нь чихсэн байсан ч яадаг юм бэ гэж би мунхагладаг. Хүн чанараар нь бүү хэл, гэм согогоор нь доош нь чихсэн ч яадаг юм, өөрийгөө. Өөр хүний муу чанартай харьцуулалтай биш. Тийм нэг цорын ганц алдаа гаргасан нүгэл надад бий.

-Яасан юм?

-Хэлэхгүй ээ, дахин сануулж, уурыг нь хүргээд, бусдад өгөөш болоод яахав. Туршлагагүйдсэнийх. Бас зарим нь “Чи хүний мууг ердөө бичихгүй юм” гэж буруутгахыг оролддог. Хэдийгээр би тэгж бичиж чадах ч зүрх минь зөвшөөрдөггүй. Муулъя гэвэл, гэхдээ энд уран зохиолын шүүмжийн талаар яриагүй, зөвхөн хувь хүний чанар талаас нь ярилаа шүү, газар дор ортол нь муулж чадна. Ичиж үхтэл нь. Гэвч хэзээ ч тэгж үр ач нартаа хараал хурааж үлдээхгүй.

Цаагуур чинь дэлхий дүүрэн муухай хүмүүс байгаа, яршиг. Хувь хүн талаас нь, тухайлбал, архичин, харамч, садар самуун гэх мэтээр муулахыг зөвшөөрсөн онол гэж байдаг юм бол тийм онолыг эзэмшсэн нь л муулаг. Ямар ч хүнийг муулах түмэн шалтгаан бий, харин сайлах ганц ч атугай чанар байвал тэрнийг нь гаргая л гэж боддог.

Гэтэл дандаа сайныг нь бичихээр зарим нь болохоор бялдуучиллаа гэдэг. Тэгвэл, би, жишээ нь, наана чинь жинхэнэ уран сайхны хөрөг нь орсон “шар” Мягаа (Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн. сур)-даа зуйрганаад яах юм бэ.

Хүнийг буруутгахын тулд өөрөө асар их уншсан байх ёстой. Бас өөрөө маш сайн хийж чаддаг байх ёстой. Оросын сүүл үеийн сайн хөрөгч Эдуард Лимонов мууг нь гаргаж тавихыг голчилдог бол уран сайхны хөрөг нийтлэлийн үндэс суурийг дэлхийд тавьж өгсөн агуу их Максим Горький ч юм уу, Францын алдарт Андре Моруа бол ихэвчлэн сайн талаас нь бичсэн байдаг.

Горькийн тэр Оросын хаант засгийн үеийн нэхмэлийн магнат Савва Морозовын тухай хөргийг уншиж үзсэн үү. Гайхалтай шүү дээ. Энэ атгаг нийгэмд хүмүүс дандаа хайраар өлсөх болсон. Ялангуяа уран бүтээлч эрчүүл. Аргагүй шүү дээ, цаад хүүхнүүд чинь эрчүүлээ “эрс хүйстэн” гэдэг болсон гээ биз дээ.

Олигтойхон ажил олоод хийчихгүй, олигтойхон мөнгө олоод ирэхгүй, олигтойхон агсам тавьчихаж чадахгүй, олигтойхон нууц амраг ч байж чадахгүй болсон гэдэг гээ биз дээ. Өөрсдөө тэгвэл ямар юм. Гайгүй хэвтэнэ ээ, но баанууд.

-Ноо баанууд гэж юу гэж байгаа юм?

-Нохойн бааснууд гэж байгаа юм. А-г Б гэж гоёчлоод яахав. Гэтэл өнөөх эрчүүл чинь л хэдэн үрийнхээ төлөө муу хэлэгдэн, хэлэгдэн нуруугаа махийтал зүтгэдэг, хайр энэрлээр дутаад ирэхээрээ архи, тамхи хоёроос л тайтгарал хайдаг биз дээ.

Эсвэл амиа хорлоод үхчихдэг. Яахаараа тэднийхээ сэтгэлийг жаахан ч гэсэн засаж болдоггүй юм. Хүнд чинь бас хайрын хэл гэж нэг юм байдаг даа.

-Тийм байх л даа, та жишээ нь номондоо тэнгэр болооч анд Оршихоог маань “хуруугаа ч тасдаад өгөхөд бэлэн хүн” гэсэн байсан. Ёстой нүдээ олсон илэрхий дүгнэлт гэж баярласан шүү. Бас Мэнд-Ооёо гуайг Дашбалбарын шидээд эвдчихсэн утсыг маргааш өглөө нь засаад сууж байхыг нь гайхалтай дүрсэлсэн байна лээ дээ?

-Мэнд-Ооёо бол тийм л түмэн амгалан зантай хүн. Харин манай Базаррагчаагийн Бат-Орших бол “Ах нь энэ хуруугаа цахилгаан хөрөөнд тасдуулчихлаа. Одоо цаад Гэмтлийн эмнэлэг чинь тасдаад хаячихсан хурууг буцаагаад залгадаг болчихсон гэнэ. Ах нь нөгөө тасарсан хуруугаа тэнд нь орхичихсон чинь алга болчихож, нохой зуугаад явчихсан байх.

Чи долоовор хуруугаа (Хаалтанд хийгээд анхаарлын тэмдэг тавьчихаарай, бүр хамгийн хэрэгтэй долоовор хуруугаа шүү!) өгчихөөч” гэвэл “За тэгье” гээд л босоод дагаад явах хүн байсан юм. Тэгдэгтээ ч өөрийгөө хохироочихсон юм, хүнд садаа болохгүй гэсэн юм уу, аль эсвэл хажуудахууд нь хайрын хэлийг нь ойлгохгүй болохоор гомдоод явчихсан юм уу, бүү мэд, хөөрхий минь.

Жинхэнэ Чойномын бүрэлбаа чинь манай Оршихоо байсан. “Бурхан ээждээ би бурхан болтлоо залбирна” гэж бичсэн хүн чинь өөрөө түрүүлээд бурхан болчихсон, бурхан ээж нь л харин бурхан болсон хүүдээ одоо залбирч суугаа. Хорвоо гээч ийм л маанаг. Мартсанаас, хөрөг хийхэд ганц оновчтой дүгнэлт ч цаад хүнээ алт шиг болгочихдог юм.

Тухайлбал, Карл Марксыг энэ гарагаас маханбодио хураахад оршуулган дээр нь Фридрих Энгельс “Хүн төрөлхтөн нэг толгойн хэмжээгээр намхан боллоо” гэсэн байдаг бил үү. Мундаг шүү.

-Та өөрийнхөө тухай хөрөг хийж чадах уу?

-Достоевский биш дээ, ямар. Тэр агуу Солиот гуай чинь ч гэсэн өөрөө өөртөө некролог бичсэн байдаг болохоос биш, хөрөг хийснийг нь дуулаагүй юм байна. Тархи гэдэг жаахан эрдэнээ талын нэг тараагаад хаячихсан өөрийнхөө юуг нь гол болгон барьж авах юм. Тийм үү.

-Ийм л танхай бодолтон шүү? (хоёул инээлдэв. сур)

-Намайг тоосонд чинь гялайлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img