2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Б.Шарав: Монгол түмнийг минь тэнгэр ивээг

Маргааш "Сэрсэн тал" эгшиглэнэ. Төрийн соёрхолт Б.Шарав агсны бүтээлүүд Соёлын төв өргөөний тайзнаа амилах энэ өдрийг угтан түүнтэй есөн жилийн өмнө өрнүүлж суусан ярилцлагаа таны өмнө дэлгэе. Бидний ярилцлага тухайн үед "Үндэсний шуудан" сонинд нийтлэгдэж байсан юм.

Хөгжмийн салбарт надаас өмнө Чингис хааны сэдэв рүү зориглож орсон хүн байгаагүй

-Та монгол хүн болж төрснөөрөө хэзээ, ямар үед бахархаж байв?

-Би монгол хүн болж төрснөөрөө их олон удаа бахархсан. “Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой минь ангаар бүрэн… Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө” гэдэг дуу байдаг даа.

Үүнийг яасан үнэн үгтэй дуу вэ гэж бодох үе гардаг шүү. Би гаднын том танхимд өөрийн хөгжмөө тоглуулж байхдаа монгол хүн болж төрснөөрөө үнэхээр бахархаж суудаг. Яагаад гэвэл энэ хөгжим зөвхөн миний сайных биш. Манай ард түмэн ямар их уламжлалыг бий болгосон юм бэ, энэ уламжлал нь ямар өндөр хэмжээний сонгодог бүтээлүүд юм бэ гэдгийг бахдан биширч суудаг.

Жишээлбэл, миний гаднын улс оронд тоглогдсон бүтээлүүд бүгдээрээ уртын дуун дээр тулгуурласан байдаг. Энэ төрлийн бүтээлүүд маань дэлхийд амжилт олсон. Би зөвхөн янзалж, тохируулж, эрдэнийн чулуу байлаа гэж бодоход түүнийг өнгөлж, хээ, угалз нэмсэн төдий. Тиймээс би монгол хүн болж төрснөөрөө үргэлж бахархдаг.

Б.Шарав-Та урлаг соёлын салбараас анх удаа Чингис хааны одон хүртсэн байх аа?

-Ганцхан урлаг соёл биш шүү дээ.

-Тийм үү?

-Хүмүүнлэгийн салбараас гэх үү, оюуны салбараас гэх үү, аливаа зүйлийг оюунаараа хийж бүтээдэг гэдэг талаасаа “Чингис хаан” одон хүртсэн анхны хүн нь би байх шүү.

-Монголын хөгжмийн зохиолчид дотроос Их эзэн Чингис хааны тухай хамгийн олон бүтээл туурвисан хүн нь та юм билээ. “Чингис хаан” дуурь, “Чингис хаан бат оршиг” оратори, “Үхэж үл болно, Чингис хаан” уран сайхны киноны хөгжим зэрэг эдгээр бүтээлүүдээс харахад таныг Чингис хааны тухай нэлээдгүй бясалгасан хүн юм болов уу гэж бодсон. Таны сэтгэл, оюундаа бодож амилуулсан Чингис хаан ер нь ямархуу хүн бэ?

-Чингис хаан бол агуу их хүн, тэнгэрийн элч гэхээсээ яг л миний эцэг шиг Монголын хөдөөх хөх өвгөчүүлийн нэг, хал үзсэн, хат суусан, халуун сэтгэлтэй сайхан монгол эр хүн гэж өөртөө ойртуулж, өөриймсүүлж бодох дуртай. Суут ухаантан гэдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Монгол хүн бүхэн энэ хүний үр сад болж төрснөөрөө бахархах ёстой. Тиймээс ч миний бүтээлд Чингис хааны тухай сэдэв зонхилж байдаг. Зонхилохоос ч өөр аргагүй. Тэр үед чинь хаалттай нийгэм байлаа.

Биднийг өсөх үед энэ хүний тухай ярьж болдоггүй байж байгаад ид уран бүтээл хийх үед Чингис хааны тухай ярих нь нээлттэй болсон. Манай хөгжмийн салбараас надаас өмнө энэ сэдэв рүү зориглож орсон хүн байгаагүй. Миний “Хоёрдугаар симфони” гэхэд л “Монголын нууц товчоо”-ны тухай хөгжим. Гэвч энэхүү бүтээлээ туурвисан 1986 онд энэ сэдэв хаалттай байсан. Гончигсумлаа багш надаас “Чи ер нь Чингис хааны тухай зохиол бичээд байнаа даа“ гэж асуухад нь би “Тийм” гэж хариулж чадаагүй л юм шүү дээ.

Чингис хаан бол агуу их хүн, тэнгэрийн элч гэхээсээ яг л миний эцэг шиг Монголын хөдөөх хөх өвгөчүүлийн нэг, хал үзсэн, хат суусан, халуун сэтгэлтэй сайхан монгол эр хүн гэж өөртөө ойртуулж, өөриймсүүлж бодох дуртай. Суут ухаантан гэдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Монгол хүн бүхэн энэ хүний үр сад болж төрснөөрөө бахархах ёстой. Тиймээс ч миний бүтээлд Чингис хааны тухай сэдэв зонхилж байдаг. Зонхилохоос ч өөр аргагүй. Тэр үед чинь хаалттай нийгэм байлаа. Биднийг өсөх үед энэ хүний тухай ярьж болдоггүй байж байгаад ид уран бүтээл хийх үед Чингис хааны тухай ярих нь нээлттэй болсон.

-Тэгээд юу гэж хариулсан бэ?

-Үгүй ээ багш аа, энэ бол түүхийн тухай, эртний монголчуудын тухай хөгжмийн зохиол юмаа гэж л хариулсан. Тариан талбайгаар ярих юм бол Чингис хааны тухай хөгжим бичих нь хэн ч орж зүрхлээгүй өргөн уудам атар байсан юм. Тиймээс би энэ төрлийн хөгжмийн зохиол бичих ёстой гэдгээ ойлгосон. Би Чингис хааны тухай дуурь, бүжгэн жүжиг, оратори, симфони зэрэг олон бүтээл бичсэн.

Ийм олон бүтээл бичих болсон шалтгаан нь өнөөдөр биш юмаа гэхэд хожмын нэгэн өдрийн монголчууд Чингис хааны үр сад гэдгээ бусдад батлан үзүүлэхэд баталгаатай суурь бүтээлүүд хэрэгтэй гэж бодсон. Чингис хаан гэдэг ганц хүний тухай бичсэн хэрэг биш, бүх монголчуудынхаа түүхийг хөгжмөөр бүтээхийг зорьсон.

-“Чингис хаан бат оршиг” ораториг тань сонсохоор сүрдмээр, айдаст автмаар. Хөгжим сонсоод айж болдгийг таны энэхүү бүтээлээс мэдэрч байлаа. Тэр их сүр хүчийг хөгжмийн хэлээр илэрхийлэх болоход таны сэтгэлийг юу тэгтлээ их огшоож байв?

-Ард түмний минь агуу их түүх, гайхамшигт монгол ахуй намайг ямагт хөглөсөөр ирсэн. Монголчуудын түүхийн тухай өгүүлэхэд зайлшгүй сүр хүч хэрэгтэй байдаг юм. Учир нь XIII зуунд болсон үйл явдлыг бод л доо. Гэхдээ зөвхөн сүр хүчээр Монголын түүхийг бүтээнэ гэвэл бас худлаа. Уртын дуу гэхэд л тэр аяараа утга уянга, гүн ухаан, гайхамшигт уран тансаг мэдрэмж, монгол хүний дотоод сэтгэл, сэтгэлгээг хамгийн тод илэрхийлдэг. Тиймээс уртын дуугүйгээр Монголын түүхийг бүтээхэд хэцүү.

“Чингис хаан бат оршиг”-ийн тухайд Чингис хааныг өөрийг нь магтан дуулсан миний ганц бүтээл байгаа юм. Бусад бүтээлүүд нь болох бүжгэн жүжиг, симфони, дуурь зэрэг нь зөвхөн Чингис хааны тухай бус, тэр үеийн монголчуудын тухай өгүүлсэн байдаг. Тиймээс яг өөрийг нь магтан дуулсан бүтээл бол “Чингис хаан бат оршиг” их дуулал юм. Оратори гэдэг дэлхий нийтийн хэллэгийг “их дуулал” гэж орчуулсан хэрэг.

-Та түүхэн бүтээлүүдээ туурвихдаа судалгаа хийдэг нь мэдээж байх. Хэрхэн яаж судалдаг вэ?

-Би өөрийнхөө хэмжээнд судлаагүй зохиол нэгийг ч бичээгүй. Ялангуяа томоохон бүтээлийг хийхдээ судалгаагүй хийнэ гэж байхгүй. Түүхч хүний судлах судалгаа нэг өөр. Биднийх бол монгол хүний сэтгэл оюун, сэтгэлгээний онцлог, зан чанар болгоныг судлах хэрэгтэй болдог. Ингэж судлахаас гадна тэр бүгдийг өөртөө шингээж, өөрөөрөө дамжуулж илэрхийлдэг. Өөртөө дотроо Чингис хаанаа бий болгоно гэсэн үг.

-Сүүлийн үеийн зарим залуус их үндсэрхэг болжээ. Хотын гудмаар монгол дээл өмсөөд, морь унаад хүртэл явж байх жишээтэй. Үндсэрхэг үзэлтэй бүлэг залуусын нэгдлүүд хүртэл бий болсон байна. Та энэ үзэгдлийг юу гэж хардаг вэ?

-Энэ үзэгдлийг чинь л бий болгох гэж би аль 30 гаруй жилийн өмнөөс бүх уран бүтээлээ зориулсан хүн. Жишээлбэл, миний анхны бүтээлүүд болох “Замбуу тивийн наран”, “Нэгдүгээр симфони” Монголын хөгжмийн урлагт шинэчлэлийн салхийг авчирсан. “Хоёрдугаар симфони” маань өөрчлөлтийг хийсэн. Үндэсний үзэл рүүгээ хандсан, үндсээ дээдлэх, хүндлэх, үндэсний соёлоо хайрлах, хамгаалах энэ ухаан луу эргэх эргэлтийг би уран бүтээлээрээ хийсэн л гэж боддог. Дараагийн бүтээлүүд маань Монголын хөгжмийн урлагийн суурь бүтээлүүдийн санг арвижуулах, бэхжүүлэхэд зориулагдсан. Түүх соёлоо дээдлээсэй, монгол хүн гэдгээрээ бахархаасай гэсэндээ л би энэ бүгдийг хийсэн.

Б.ШаравБи улс төрөөс үнэхээр хол байсан. Ойртох цаг зав ч байгаагүй

-Дуучин С.Жавхлан гэдэг залуу нийтийн дуу дуулж байгаад нэг мэдсэн айхтар үндсэрхэг үзэлтэн боллоо. Монгол дээлнээс салахаа байлаа, монгол гэрт амьдарлаа гэх зэргээр шүүмжлэлд их өртөж байгаа харагддаг. Үүнийг ч бас та дэмждэг гэсэн үг үү?

-Аливаа зүйлд хэт туйлширч болохгүй. Би монгол хүн гээд бусдыг үгүйсгэх хэрэггүй. Монгол хүн юм чинь монгол гэрт амьдарч, дээл хувцсаа өмсөлгүй л яахав. Би Жавхланг буруутгаж боддоггүй. Гэхдээ өнөөдөр бид дэлхийн том соёл дунд амьдарч байна.

Хүн төрөлхтний том соёлыг өөртөө шингээж, өөрийгөө боловсруулж, “өнөөдрийн хүн”, “дэлхийн хүн” болох хэрэгтэй. Дэлхийн хүн хүндээ “дэлхийн монгол хүн” болж амьдрах ёстой үе ирсэн байна.

Тиймээс тэгтлээ их туйлшрах нь сайн үзэгдэл биш. Нөгөөтэйгүүр би хөгжмийн хүний хувьд хэлэхэд, Европын сонгодгийг Монголд хөгжүүлэхдээ хэт даган дуурайх, хийрхэх хэмжээнд биш, бүтээлчээр сурч, бодлоготойгоор хөгжүүлэх цаг нь болсон. Энэ дэлхий дээр чинь зөвхөн Европын сонгодог бус, сонгодог хэмжээнд хүртлээ хөгжсөн олон хүчтэй урлагууд, тэрэн дунд Монгол ардын урлаг ч байгаа гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ монгол дээлтэйгээ зогсож байсныг та харсан байх.

-Харсан.

-Та юу гэж бодсон бэ?

-Надад бол сайхан харагдсан. Дэлхийн том арга хэмжээнд үндэснийхээ хувцастай явах нь сайн хэрэг. Би ч мөн үүнийг эрмэлздэг. Өөрийнхөө үндсийг хүндэлж, үндэстнээрээ бахархана гэдэг зөвхөн Монголд болж буй үзэгдэл биш. Биднээс ч өмнө байсан эртний үзэл. 1980-аад онд намайг олон улсын наадамд оролцож байхад Энэтхэгийн төлөөлөгчид бүгд үндэсний хувцастайгаа, бахадмаар сайхан харагдаж байсан.

Харин бид л тэр үед монгол хувцасгүй байсан. Энэ их харамсалтай. Тэгэхэд би монгол хувцсаа өмсдөг л байж гэж хожим нь боддог юм. Өнөөдөр дэлхий дээр дэлхийчлэх, даяарших үзэгдэл газар авч байна. Энэ үзэгдэлд нэг талаас өөрийн бодол, өөрийн байр суурьтай хандахгүй бол урсгалдаа хамаад л аваад явах зүйл шүү. Тиймээс монголчууд өнөөдөр өөрийн гэсэн бодолтой, өв соёлоо хамгаалан, хадгалах талаар үүнээс ч илүү их зүйлсийг хийх шаардлагатай байна.

-Та бол үндэсний үзлийн талаар өөрийн гэсэн байр суурь, бодолтой болсон хүн. Харин өнөөгийн залуус өнгөрсөн түүхээ сөхөөд Чингис хаан дэлхийн талыг эзэлж байсан юм байна гэдгийг олж харахгүй л юм бол нийгмийн нөхцөл байдал маань Монгол гэдэг улсын агуулгаар нь бахархаад байх зүйл их ховор болсон юм шиг санагдах юм.

-Ховор биш, харин ч элбэг байна гэж бодож байна. Яагаад бид олимпийн аварга болсон хүнээрээ бахархаж болохгүй гэж?

-Тийм л дээ.

-Яагаад өчигдөр, уржигдархан Америкийн том морин уралдаанд монгол уяачийн морь түрүүлсэн явдлаар бахархаж болдоггүй билээ? Энэ бол монгол бахархал. Ой тогтоолтын тэмцээнд монгол хүүхдүүд хэчнээн олон удаа тэргүүн байр хүртэв. Монгол хүний оюун ухаан бусдаас давуу байгааг тэд харуулж чадаж байна шүү дээ. Ийм жишээ олныг дурдаж болно. Тэгэхээр харин ч бахархлыг холоос эрэх хэрэггүй гэдгийг хэлж байгаа юм биш үү.

-Таны “Хоёрдугаар симфони”-ийн төгсгөл хэсэгт холоос давхин ирж буй морин төвөргөөн дуулдаж, “Сэрсэн тал” зохиолыг тань сонсохоор өөрийн мэдэлгүй сэтгэл огшоод ирдэг. Магадгүй монгол хүн бүр ийм аялгуунд огших байх. Монголчуудыг цөс ихтэй ард түмэн гэж ярьдаг. Монгол хүний тэрхүү цөс, цус гэж юуг хэлээд байна вэ?

-Чингис хааныхаа тухай, Монголынхоо түүхийн тухай их ярилаа. Би зөвхөн Чингис хааны тухай хөгжим бичээд байдаг хүн биш. Өнөөдрийн монголчуудынхаа тухай их бичсэн. Жишээ нь, “Тэнгэрийн орон”, ”Монгол орон бадартугай”, “Сэрсэн тал” зэрэг манай сонсогчдын сайн мэддэг удиртгал хөгжмүүд л гэхэд өнөөдрийн монголчуудын хийж бүтээж, монгол орноо мандуулж байгаа их үйлсийн тухай юм шүү дээ.

“Сэтгэлийн эгшиг” бол хүний сэтгэл, хүнийг хайрлах, энэрэхийн тухай, “Гэгээн алсад одох юмсан” гэхэд л амьдралыг ухаарах, бясалгах, аливаа зүйлд үнэмшихийн тухай, “Манан” гэхэд л аливаа бэрхшээлийг даван туулах, сэтгэлийн хаттай байх тухайд чиглэсэн гэх мэт олон бүтээлүүд бий дээ.

-Ярилцлага авахаар хандахад та “Ямар нэгэн улс төрийн эзэнтэй сонин юм биш биз, би улс төрийн намгүй хүн, намгүй чигээрээ үлдэнэ” гэж хэлж байсан. Та энэ бүх цаг хугацаанд улс төрийн намаас нээрэн хол байсан хүн үү?

-Үнэхээр хол байсан. Ойртох цаг зав ч байгаагүй. Тийм бодол ч төрж байсангүй. Энэ олон хөгжмийн бүтээл улс төр байтугай хувийн ахуй амьдралдаа ч анхаарал тавих цаг зав надад өгөөгүй юм. Ер нь улс эх орныхоо төлөө зүтгэнэ, их зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь хувь хүний хүсэл эрмэлзлээс шалтгаалах болохоос улс төртэй ямар ч холбоогүй зүйл гэж би ойлгодог.

-Гэхдээ зурагтаар мэдээ зэргийг эрхбиш хардаг л байлгүй дээ. Монголын улс төрийн байдлаас болж стрессдэх, бухимдах үе танд байдаг уу?

-Сүүлийн үед санаа зовж эхэлж байгаа шүү.

-Юунд санаа зовж байна вэ?

-Энэ улс эх орны ирээдүйн хувь заяа, одоогийн байгаа байдлыг хараад санаа зовохгүй байхын арга алга. Улс төрийн хямрал нь ард түмнийхээ амьдралд их муугаар нөлөөлж байна гэж би ойлгодог. Уран бүтээлч, бас ахмад хүний хувьд санаа зовж байгаагаа илэрхийлэхийн тулд өнгөрсөн хавар хоёр бүтээл бичсэн. “Монгол бахархлын дуулал”, “Монгол түмнийг минь тэнгэр ивээг” гэсэн дан найрал дууны бүтээлүүд.

-Хоёуланг нь сонссон юм байна. Өнгөрсөн хавар бичсэн шинэхэн бүтээлүүд юм байжээ?

-Тийм. Улс эх орныхоо төлөө бүгд л санаа зовж байгаа байлгүй. Миний хувьд монгол хүн Монгол орондоо эзэн шиг эзэн нь байгаасай гэсэндээ “Дээдийн заяагаар онож төрсөн бид, Дэлхийн хамгийн сайхан орныг… Хамаг бүхнээ тандаа зориулна, Халуун аминаасаа ч илүү хайрлана” гэсэн үгтэй “Монгол бахархлын дуулал”, “Улс гэрийн минь алтан багана, Удмаараа түших эрхт төрийг минь, Сайн ухааны түмэн учралаар, Сааралтгүй ивээж хайрлаач тэнгэр минь” гэсэн үгтэй “Монгол түмнийг минь тэнгэр ивээг” найрал дууны бэсрэгхэн бүтээлүүд хийсэн. Энэ бүтээлүүдийг сонсоход миний эмзэглэл хүмүүст мэдрэгдэнэ гэж итгэж байна.

-Зарим дуунд дуучин “жижигддэг” нь мэдэгдэх юм. Жишээлбэл, таны “Аав, ээж хоёр” дууг бараг л дуучин болгон дуулах гэдэг. Гэвч эдгээр олон дуучдаас таны сэтгэлд нийцэхээр сайхан дуулж амилуулсан нь хэн байна вэ?

-Жижигдэх, томдох тухайд бол би мэдэхгүй юм. Анх энэ дууг Буриадын ардын жүжигчин Дугар Дашиев дуулсан. Надад Дашиевын дуулсан нь сайхан санагддаг. Анхнаасаа мэргэжлийн дуучин дуулахад зориулж зохиосон дуу шүү дээ.

Анхны бичлэгийг Дугар Дашиев Москвагийн радиод бичүүлсэн байдаг. Монголд бол анхлан Уртаа (Х.Уртнасан) дуулсан. Сайн ч дуучин, сайхан ч дуулсан.

-Зохиогдоод хэчнээн ч жил өнгөрсөн юм. Гэвч одоог хүртэл таны энэ дуунд хүмүүс дуртай л байх юм.

-Гуч гаруй жил дуулагдсаар байгаад нь би баяртай байдаг. Дашрамд энэ дууг дуулдаг бүх дуучиддаа баярлалаа.

Бидний дараагийн үеийн хэдэн сайхан залууд их хол явах боломж бий

-Тань шиг уран бүтээлчийн хувьд дууны хөгжим зохиох нь жижиг асуудал байх. Гэвч таны зохиосон дууны хөгжмүүдийг сонсохоор нүсэр аялгуу сонсогдох гээд байдаг. Зарим нь яг л дуурийн ари шиг…

-За яахав. Миний хувьд дуугаа жаахан томдуулчихдаг тал бий. Жишээлбэл, “Монголын тал нутаг” гэхэд дуулахад хэцүү байдаг ч юм уу. Яагаад ингээд байна гэвэл энэ тайзан дээр мэргэжлийн сайн дуучин гараад дуулахад тухайн дуучны хоолойн цар хүрээг харуулж чадахуйц, найрал хөгжим нь нэлээд томхон дуугарч байхаар, мөн тайзны урлаг гэдэг төрөлдөө бүрэн нийцэж, бас үзэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж байх хэрэгтэй болдог.

Ингэхгүй бол зүгээр нэг найранд дуулдаг дууг мэргэжлийн дуучин тайзан дээр гараад дуулах нь зохимж муутай. Үүнээс л болдог байх. Гэхдээ би хялбар дуунууд ч олныг хийсэн. Поп, рок, хүүхдийн, нийтийн, концертийн, романс, ари бүгдийг нь л.

-Та бүр ятга, шанз хөгжимд зориулж хүртэл зохиол бичсэн юм билээ…

-Мэдээж би мэргэжлийн чиглэлээр, мэргэжлийн төвшинд ажиллаж байгаа хүн. Дан хөгжмийн зохиолуудад маш их цаг зарцуулсан даа.

Б.Шарав-Одоогоос гурван жилийн өмнө та бид хоёр ярилцаж байсан. Тэр ярилцлага гарсны дараа цөөнгүй хүн над руу утасдсан шүү. Тэдгээр хүмүүст та бидний архины тухай ярилцсан хэсэг тун таалагдсан тухай олон хүн онцолж байсан. Та “Архи бол алдар нэрд шунахаас, албан тушаалд донтохоос авардаг эд” гэж хэлж байсан…

–Тийм, би тэгж хэлж байснаа санаж байна. Одоо архины тухай ярих цаг биш. Архи бол нийгмийн үзэгдэл байхаа хэдийнэ больсон гэж би үзэж байгаа.

-Танаас асууна даа гэж бодож хадгалсан нэг асуулт байна. Монгол эр хүний жудаг гэж ер нь яг юуг хэлээд байна вэ?

-Монгол эр хүн ийм байх ёстой гэсэн ерөнхий зүйлийг л хэлээд байгаа юм. Монгол эр хүн шулуун шударга байх ёстой. Зөвхөн өөрийнхөө төлөө биш, бусдынхаа төлөө байх ёстой. Эдгээр зүйлсийг л ганц үгээр жудаг гэж номлож байгаа хэрэг. Үнэхээр монгол жудаг муудсан уу гэвэл муудсан байх шүү.

-Тийм үү?

-Тийм. Бид хотын орчинд амьдарч байгаа хэрнээ тал хээрийн монголчуудын амьдралаа аль болох хадгалахыг хичээх боловч яг тэр чигээр нь хадгална гэдэг хэцүү. Хотод амьдарч байгаа монголчуудаа муу хэлж байгаа хэрэг биш. Шинэ жилийнхээ буузыг бариад хөрш айлдаа орох, хөдөө хээр талд байгаа хоёр айлынхан хоорондоо цай, хоолоо бариад уулзах хоёр чинь өөр асуудлууд шүү дээ. Одоогийн монголчуудын чанар муудаж байна гэхээсээ илүү хот гэдэг соёл нэвтрэхдээ өөрийн гэсэн зүй тогтлоо бидэнд тулгаж байна. Үүнд зохицож амьдрахаас өөр аргагүй байх.

Миний хувьд монгол хүн Монгол орондоо эзэн шиг эзэн нь байгаасай гэсэндээ “Дээдийн заяагаар онож төрсөн бид, Дэлхийн хамгийн сайхан орныг… Хамаг бүхнээ тандаа зориулна, Халуун аминаасаа ч илүү хайрлана” гэсэн үгтэй “Монгол бахархлын дуулал”, “Улс гэрийн минь алтан багана, Удмаараа түших эрхт төрийг минь, Сайн ухааны түмэн учралаар, Сааралтгүй ивээж хайрлаач тэнгэр минь” гэсэн үгтэй “Монгол түмнийг минь тэнгэр ивээг” найрал дууны бэсрэгхэн бүтээлүүд хийсэн. Энэ бүтээлүүдийг сонсоход миний эмзэглэл хүмүүст мэдрэгдэнэ гэж итгэж байна.

-Хөгжмийн зохиолчдоос Н.Жанцанноров гуай та хоёрыг олон хүмүүс хүндлэх юм аа.

-Бид чинь ахмад хүмүүс болчихлоо шүү дээ.

-Мэргэжлийн хөгжмийн зохиолчдоос дахиад ийм хүмүүс гарч ирэх болов уу ч гэж ярьж байхтай таарсан. Саяхан мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дунд зохиогддог “Алтан намар” наадам болж өнгөрлөө. Залуу хөгжмийн зохиолчдоос сайхан аялгуу гарах шинж байна уу?

-Гаралгүй яахав. Үе бүхэн өөрсдийнхөө уран бүтээлчдийг авчирна. Жишээ нь, биднийг залуу байхад Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа багш гурваас хойш Монголын хөгжим яана даа гэж бодогдмоор үе байсан.

Аливаа цаг үе өөрийгөө төлөөлөх хүнийг бий болгодог. Ийм учир жанцангаар бидний дараагийн үед хэдэн сайхан залуучууд байна аа. Тэдэнд бидний хийснийг хийгээд, түүнээс ч цааш явах бололцоо бий. Учир нь эдгээр залуус биднийг бодвол эрт эхэлсэн. Цаг үе ч нөлөөлсөн байх. Тиймээс их хол явах боломжтой.

-Ингэхэд та хэдэн настайгаасаа хөгжим зохиож эхэлсэн юм бэ?

-Хорь хүрсэн хойноо зохиож эхэлсэн. Хөгжим рүү орсон нь гэвэл 16 настайгаасаа.

-Яаж эхэлсэн юм бэ?

-Багшийн сургуульд ирээд л эхэлсэн.

-Түүнээс өмнө хөгжим сонирхдог байв уу?

-Сонирхож байсан. Баянхуур тоглодог байлаа.

-Жаахан хүүхдийн гэмээр гэнэн асуулт асуучихаж болох уу?

-Юу вэ?

-Та багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан бэ?

-Ер нь ийм тийм гэж бодож байсан зүйл байхгүй шүү. (инээв) Хөгжимд л өөрийн эрхгүй сонирхолтой гэдгээ эрт мэдсэн. Хөдөө хөгжмийн зэмсэг байхгүй болохоор тааралдсан баян хуур, гармонь хөгжмийг л тоглоно. Нийтийн бүжгэн дээр баяан сунгаж байгаа хархүү үгүй мөн, гоё харагддагсан. Тийм хүн болох санаатай байсан байх.

Жанцанноров бид хоёр өөр өөр жингийн тамирчид, харин өрсөлдөгчид бол биш

-Та одоо ямар “том” бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Том бүтээлүүд гэдэг ярьсны, бодсоны ч зоргоор төрдөг зүйл биш. Тиймээс томоохон бүтээлийг гарсных нь дараа ярихаас биш, би хийх гэж байна гэж ярих нь зохимжгүй байдаг юм.

-Энэ жил Монголын урлаг соёлын амьдралд нэгэн онцлох үйл явдал тохиолоо. Г.Ариунбаатар гэдэг дуучин залуу П.И.Чайковскийн наадмаас тэргүүн байрын шагналыг хүртсэн. Марийнскийн театрт дуулах урилга авлаа. Дэлхий даяар аялан тоглолт хийж байна. Энэ үйл явдал нь та бидний эхэнд ярьсан монгол хүнтэй холбоотой амжилт уу, эсвэл үнэхээр монголчуудын сонгодог урлагийг заан сургах арга барилд ахиц дэвшил их байгаа хэрэг үү?

–Ер нь монгол хүнтэйгээ холбоотой байх шүү. Монголчууд аливаа зүйлийг маш амархан хүлээж авдаг. Сонгодог урлаг, дуурь бол Европын соёл. Энэ урлаг Монголд орж ирээд 60 жил, хөгжмийн театр Монголд үүсээд 50 гаруй жил болж байна. Европын тавимал хоолой, Итали гарлын энэ урлагт бид суралцаад нэг их удаагүй. Мэргэжлийн дуучдын гурав дахь үе буюу одоогийн үедээ бид энэ урлагаар дэлхийд гайхуулах хэмжээнд хүрч чадлаа. Эрэгтэй баритон буюу дунд хоолойгоор монголчууд дэлхийд ямар ч уралдаанд оролцогчдыг айлгах хэмжээнд очсон байна.

П.И.Чайковскийн уралдаан бол дэлхийн том уралдаануудын нэг. Тиймээс энэ уралдаанд монгол хүн түрүүлнэ гэдэг монгол хүний дуулах чадвар ямар өндөр болохыг харуулж байгаа зүйл. П.Ганбатаас эхлээд Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гэх энэ гурван залуу дараалсан том амжилтыг авчирлаа. Хажуугаар нь олон залуучууд бас байгаа шүү дээ.

-Та “Хоёрдугаар симфони”-оо “Большой” театрын тайзнаа тоглуулсан чинь хэдэн он билээ?

-1988 онд Ленинградад, Д.Шостаковичийн нэрэмжит Филармонийн их танхимд тоглуулсан. Энэ бол миний бахархал. Хүн хааяа ч гэсэн өөрөөрөө бахархаж байх хэрэгтэй юм шүү. Би Д.Шостакович гэдэг ХХ зууны агуу хөгжмийн зохиолчийн суудал дээр суугаад өөрийнхөө симфони бүтээлийг тоглуулахаар сургуулилалт хийлгэж байхдаа монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшиж байснаа тодхон санаж байна.

-Та тэгэхэд хэдэн настай байсан бэ?

-Гучин зургаахан настай байсан.

-Энэ бүтээлээрээ та Төрийн соёрхол хүртсэн гэдэг байх аа?

-“Хоёрдугаар симфони”, “Замбуу тивийн наран” хоёроор хүртсэн. “Замбуу тивийн наран” бол миний оюутан байхдаа бичсэн бүтээл. Энэ бүтээл дэлхийн хөгжмийн фондод 1985 онд орсон.

-“Хоёрдугаар симфони” тань Чингис хааны тухай бүтээл болохыг энэхүү ярилцлагаас харин мэдэж авлаа шүү.

-Чингис хаан, түүний эргэн тойрон дахь “нууц товчоо”-ны тухай бүтээл юм. Монголоос хамгийн анх дэлхийн томоохон хөгжмийн наадам дээр тоглогдсон симфони бүтээл. Тухайн үед амьд байсан дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид тэнд бүгд цугларсан байсан. Энэ бол миний энэ насанд тохиосон хамгийн том үйл явдал болсон юм даа.

-Дэлхийн алдарт морин хийлч Ёо Ёо Ма бас таны бүтээлийг дэлхий дахинаа тоглон сонирхуулсан шүү дээ.

-Тэр хүний захиалгаар бүтээл бичиж, Америкт очиж тоглуулна гэдэг бас л сайхан зүйл байсан.

-“Хэрлэнгийн барьяа” гэдэг бүтээлийг тоглосон бил үү?

-“Хэрлэнгийн домог” гэдэг бүтээл. “Хэрлэнгийн барьяа” гэдэг уртын дууг тэнд гол сэдэв, аялгуу болгон эхний хэсгийг нь ашигласан. Монголд уртын дуу, морин хуур ийм хэмжээнд хөгжсөн, монголчууд хөгжмийн сэтгэлгээний хувьд иймэрхүү төвшинд хүрсэн гэдгийг харуулах зорилготой хийсэн бүтээл. Энэ бол Америкт монгол хүн бүтээлээ тоглуулсан анхны тохиолдол. 14-15 минутын бэсрэгхэн зохиол л доо.

-Таны “Хэрлэнгийн домог” бүтээлийг Ёо Ёо Ма өөрөө морин хуураар тоглож, түүний ард уртын дууч Г.Хонгорзул дуулж байсан бичлэгийг үзэж байсан.

-Анх очихдоо би өөр морин хуурчтай очсон. Тэгээд бид Ёо Ёо Ма-д морин хуур хөгжим бэлэглэсэн юм. Тэгэхэд тэр “Би танай үндэсний энэхүү хөгжмийн зэмсгээр чиний зохиолыг тоглох болно” гэж надад амлаж байсан. Амлалтдаа ч хүрч, их олон газраар явж “Хэрлэнгийн домог”-ийг тоглосон.

-“Хэрлэнгийн домог” зохиолын сэдэв нь юуны тухай юм бэ?

-Бас л монголчуудын түүхийн тухай. Монгол гэж нэг том ойлголт байна шүү.

-Та “Сэрсэн тал” бүтээлээ бичихдээ нутгийнхаа наадмын өглөөг санан дурсаж бичсэн гэдэг. “Хэрлэнгийн домог” бүтээлийг тань сонсохдоо бас л Шарав гуай нутаг усныхаа тухай бодож байгаад бичсэн болов уу гэж бодож байлаа. Ер нь таны бүтээлийн санаа энгийн зүйлээс эхэлдэг үү?

-Хамгийн сайн ваарыг энгийн шавраар урладаг, хамгийн сайн шүлгийг энгийн үгээр бичдэг гэдэг чинь л энэ шүү дээ. Санаа бол энгийн, хүнд ойлгомжтой байх ёстой. Санааны цаана уран чадвар, арга барил, агуулга бүгд багтсан байх учиртай. Ер нь хөгжим бүтээнэ гэдэг зөвхөн авьяас шаардах ажил биш. Маш их мэдлэг чадвар, оюун ухааны ажил. Хөгжим бол шинжлэх ухаан болоод хөгжчихсөн. Тиймээс өнөөдөр ХХI зууны дэлхий дээр хөгжмөө дуугаргая гэвэл маш оюунлаг бүтээл л бичих хэрэгтэй.

-Ухаалаг хөгжим бичих хэрэгтэй гэж үү?

-Тийм. Маш өндөр боловсролтой байх ёстой. Ур чадварын хувьд бас өндөрт гарсан байх хэрэгтэй. Тэгж л байж хүмүүст хүрнэ. Зөвхөн Монгол байх ёстой гэдэг шалгуурыг хөгжмийн урлагт тавьж болохгүй.

-Н.Жанцанноров гуай та хоёр найзууд уу?

-Тэгэлгүй яахав.

-Гэвч уран бүтээлийн талбар дээр та хоёр өрсөлдөгчид гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Бид хоёр нэг үеийн хөгжмийн зохиолчид, найзууд, дарга, цэрэг хүмүүс. Манай Н.Жанцанноров том хөгжмийн зохиолч, алдартай хүн. Гэхдээ яг хөгжмийн зохиолчийн хувьд нь надтай харьцуулахад хэцүү байх. Ийм юм л даа.

Миний “Сэрсэн тал”-ыг Н.Жанцанноровын “Цагаан суварга”-тай, “Сэтгэлийн эгшиг”-ийг “Сэтгэлд шингэсэн говь”-той, “Гэгээн алсад одох юмсан”-ыг ”Мандухай”-н аятай, бас “Аав, ээж хоёр”-ыг ”Хүний заяа”-тай харьцуулаад сайн муу, сайхан муухайн тухай их олон зүйлийг ярьж болох байх. Тэгвэл миний “Хоёрдугаар симфони”, “Чингис хаан” дуурь, “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмжийг ямар бүтээлтэй нь харьцуулах вэ. Ийм болохоор бид өөр өөр жингийн тамирчид, харин өрсөлдөгчид бол биш ээ.

-Монгол бахархлын өдрөөр та бидний ярилцлага хүрэх учраас та залуустаа хандаж энэ өдрөөр юуг хэлэхийг хүсч байна вэ?

-Монгол хүн гэдгээрээ бахархаарай. Зөвхөн бахархлаар амьдрахгүй, Монгол хүн гэдэгтээ эзэн шиг эзэн нь болоорой гэж залуустаа хэлье. Бусдын олз болох вий. Ардчиллаас хавьгүй илүү үнэтэй зүйл бол тусгаар тогтнол шүү. Энэ тусгаар тогтнолд маань сэв суух вий, алдахад хүрэх вий гэж санаа зовж байгаагаа хэлмээр байна. Дашрамд хэлэхэд би “Тусгаар тогтнол” гэдэг дуу хийсэн, удахгүй та бүхэнд хүргэнэ ээ.

-Танд баярлалаа. Урт нас, уран бүтээлийн их амжилтыг ерөөе.

-Баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img