2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

А.Цанжид: Дурын мөнгөтэй хүн төрд хэрэггүй

Монгол Улсын Боловсролын сайдын алба хашиж асан улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидтай нэгэнтээ ийн хөөрөлдөж билээ.

-Шинжлэх ухааны докторын зэрэг саяхан хамгаалсан. Та одоо ямар ажил эрхэлж байна?

-Эрдэм номын ажил эрхэлж байна гэх үү дээ. “Монголын төрт ёс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Орчин үед төрийн тухай асуудал их чухал болоод байгаа.

Яагаад чухал вэ гэхээр нэг талаас төрийг бэхжүүлэх шаардлага их гарч байна. Дэлхий дахин даяаршиж байна. Дэлхийн янз бүрийн санхүү эдийн засгийн байгууллага ч гэдэг юм уу, эсвэл төрийн бус байгууллага, үндэстэн дамнасан корпорациуд зэрэг олон янзын байгууллагууд жижиг улсын төрд нөлөөлөх явдал үзэгдэх боллоо. Нөгөө талаас, манай улсад төрд ажиллаж байгаа улсын олиггүй байдлаас болон төрийн нэр хүнд унаж доройтож байна.

Төр гэдэг Монголын тусгаар тогтнол гэсэн үг. Аливаа улс газар нутагтай, ард түмэнтэй, төртэй байж байж тусгаар улс болно. Манайхан одоо энэ олиг муутай улсыг төр гэж бодчихоод цаана нь тусгаар тогтнол маань байгаа шүү гэдгийг ухамсарлахгүйгээр төрөө хэтэрхий муулах, үзэн ядах хандлага их гарч байна.

Гадаад, дотоодын энэ хоёр хандлага манай улсын хувьд аюултай байж магадгүй юм. Тийм учраас төрийг бэхжүүлэх, төрийн ажлыг сайжруулах, төр ард түмний холбоог бэхжүүлэх, төр аливаа шийдвэрийг гаргахдаа ард түмний дуу хоолой, санаа бодлыг сонсдог болох талаас сүүлийн хориод жил судалгаа хийлээ.

-Молор-Эрдэнэ доктороос өгсүүлээд “Монголд ямар юмных нь төр байсан юм бэ” гэж үндэстнээ дооршаах хүмүүс олширсон. Гэтэл АНУ-ын анхны ерөнхийлөгчөөс авахуулаад өнөөгийн Ерөнхийлөгчид хүртэл Чингис хаан болоод Монголын эзэнт гүрний төрийн бодлогыг судалж байдгаа илэрхийлсэн байдаг. Монгол төрт ёс гэж ер нь байв уу?

-Хүн хүний үзэл бодол өөр. Судлаач, эрдэмтэн улсын судалгааны чиг хандлага өөр өөр байдаг. Миний хувьд Монгол Улс бол нэн эртний төрийн уламжлалтай улс. Одоохондоо Хүннү монгол угсаатай байсан, түрэг угсаатай байсан гэж эрдэмтдийн дунд маргаан байдаг.

Гэхдээ түүхэн баримтыг ажиглахад ямар ч байсан Хүннү гүрэнд монгол, түрэг угсаатан холилдон аж төрж, Хүннүгийн харьяанд явж байсан юм шиг байдаг. Энэ нь тэр үеэс Монголд уламжилж ирсэн маш олон уламжлалаар батлагддаг. Мөн монгол, түрэг хэлний ойролцоо байдал үүнийг баталдаг. Монголчууд Хүннүгээс уламжлалтай гэж яривал энэ түүх үндсэндээ гурван мянган жилийг хамарч байгаа юм.

Хятадын түүхч Сы Мя Цян “Модун шаньюйн аав Түмэн хүртэл хүннүчүүд нэг үе доройтож, нэг үе сэхэж мянган жил болсон” гэж түүхийнхээ номонд бичсэн байдаг. Манайхан Модунь шаньюй хаан суусан манай тооллын өмнөх 209 оноос эхэлж түүхэн тооллоо бичиж байгаа. Гэтэл Модунь шаньюйн аав хүртэл мянган жил болсон гэж Хятадын эртний түүхч биччихсэн байна. Тиймээс бид түүхэн тооллоо сайтар судлан урагшлуулан гурван мянган жил болгох боломжтой.

Тэгэхээр монголчууд төрт ёсны гурван мянган жилийн түүхэн уламжлалтай гэж хэлж болно. Магадгүй энэ түүхэн тоолол монгол, түрэг угсааны улс ээлжилж төр барьж байсан байж болно. Гэхдээ Төв Ази, Монголын нутаг дээр оршин тогтнож байсан нүүдэлчдийн улсуудын уламжлал нэг нь нөгөөдөө байнга уламжлагдаж байсан. Адгийн наад зах нь гэхэд аравтын системээр төр улсаа зохион байгуулдаг гэдэг ч юм уу, тэнгэр шүтлэгтэй байсан ч гэдэг юм уу.

Энэ бүхэн залгамж холбоотой байсны гэрч. Түүхийн явцад түрэг угсаатан нь яагаад ч юм бэ баруун тийшээ шилжиж, нүүдэлчдийн гал голомтыг монгол угсааныхан сахьж үлдсэн байдаг. Тодруулж хэлэх нэг юм бол төрт ёс гэж юу юм бэ гэдэг асуудал байна.

-Таныхаар төрт ёс гэж юу бол?

-Үүнд би шинжлэх ухааны тодорхойлолт хэлээд яахав. Төрт ёс гэдэг бол ард түмний уламжлал, ой санамжид байдаг тусгаар тогтнолын үзэл юм. Энэ тусгаар тогтнолоо хамгаалахын тулд төртэй байж, төр нь улс орноо хэрхэн авч явдаг байсан тухай ухаан юм. Юуны өмнө төрт ёстой байхын тулд тусгаар тогтносон байх хэрэгтэй.

Төрөө сайн авч явдаг төр барих ухаантай байх ёстой. Захиргаа, эрх зүйн уламжлалтай байх ёстой. Төрт ёсоо тээж явдаг, төр барихуйн ухаанаа тээж явдаг төрийн түшмэд, зүтгэлтэнтэй байх учиртай.

Тавдугаарт нь, аливаа төрд ёс, ёслол гэж байдаг. Ёс, ёслол бол төрт ёсны чухал төв хэсэг. Цаашилбал төрийн хэл, бичиг гэж байна. Энэ бүхэн нийлээд төрт ёсыг бүрдүүлдэг. Төрт ёстой, тусгаар улс байсан ард түмний уламжлал хадгалагдаж үеийн үед дамжиж явдаг.

Ийм төрт ёстой байсан улс орон ямар нэгэн байдлаас болж төрийн тусгаар тогтнолоо алдсан ч эргүүлээд төрөө тогтоох магадлал маш өндөр. Яагаад гэвэл ард түмний санаанд тэр үзэл байнга оршдог.

Өнөөгийн Израиль улс үүний нэг жишээ. Мянган жилийн өмнө төрт ёстой байсан ч сүүлдээ байхгүй болсон. Хорьдугаар зуунд эргүүлээд улсаа тогтоогоод хэл, бичгээ сэргээж, ард түмэндээ сурган, дэлхийгээр нэг тарчихсан еврей үндэстнээ цуглуулсан. Энэ бол төрт ёсны гайхамшиг юм даа.

-Та Монгол Улсын Засгийн газарт төрийн сайдын алба хашиж байсан хүн. Таны харьяалагддаг МАН одоо үнэмлэхүй олонхиор төр барьж байгаа. Олиггүй муу үйл хийж буй төрийн албан хаагчаас болж монгол төрийн нэр хүнд унаж, олон түмэн бүр үзэн ядах ч болж байна гэлээ, та. Ямар олиггүй ажил хийж байгаа нь ажиглагдав?

-Орчин үед хүн сайн ч бай, муу ч бай хууль л байвал хуулийг дагаад бүх юм сайн сайхан болно гэсэн ойлголт байгаад байна л даа. Гэтэл Монголын төрт ёсны уламжлалд төрийн зүтгэлтэн, төрийн бодлоготон гэдгийг бага залуугаас нь эхэлж боловсруулдаг байлаа.

Хүнийг ямар нэгэн бичиг үсэгтэй хүнд шавь оруулж, монгол бичгээ заалгаад, “Оюун түлхүүр” ч гэдэг юм уу, Чингис хааны билиг сургаалтай зохиолыг уншуулаад, төр ийм байх ёстой, төрд алба хаших хүн ийм байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг тархи зүрхэнд нь суулгаад гаргадаг байж л дээ. Одоогийн гол алдаа юу байна вэ гэхээр тийм уламжлал алдагдчихаж. Зүгээр л, дурын 76 хүн мөнгөтэй л бол сонгуулийн кампаниа хийгээд гараад ирдэг болчихлоо ш дээ. Гэтэл, төр-улсыг удирдана гэдэг чинь ялангуяа өнөөгийн нөхцөлд их нарийн.

Монгол орноо бүхэлд нь харах билгийн мэлмийтэн байх хэрэгтэй. Тэрнээс гадна нийгмийн амьдралын олон талыг бүхэлд нь харах хэрэгтэй. Аливаа юмны уялдаа холбоог бүгдийг нь харах хэрэгтэй юм даа. Монгол орноо дэлхийн тавцан дээр тавиад үзэх хэрэгтэй. Уламжлалаа боддог, ирээдүй юу болох гэж байна гэж боддог хүн төрд хэрэгтэй.

-Ээ дээ, таны наад томьёололд багтах төрийн зүтгэлтэн ч үлгэр домогт үлдээ болов уу даа?

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын талаар сүүлийн үед би их яриад байгаа л даа. Энийг өнөөгийн төр засаг нэг их тоохгүй л байх шиг байгаа юм.

-Хүн төрөлхтөн монголчууд биднийг, Монголын төр баригчдыг хүлээлгүйгээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд орохоос аргагүй болчихоод байна шүү дээ?

-Тийм. Тэгэхэд манайхан “Хаа ч билээ” гээд бодоод байх шиг байна л даа. Өнгөрснөө эргээд харахад 1990 он, 1995 он гэхэд гар утас гэдэг юмыг бүгд л мэдэхгүй шахуу, ер байдаггүй л байлаа шүү дээ. Гэтэл, шинэ мянганы эхнээс гар утас гээч юм нэвтрээд одоо ямар болчихов.

Хоёр настай хүүхэд хүртэл гар утсаар олон үйлдэл хийгээд зогсож байна шүү дээ. Тийм учраас дэлхийд яригдаад технологиуд манайд юу юугүй л нөмрөөд ороод ирнэ. Жишээ нь, манай мөнгө төгрөгтэй улсууд чинь робот хүүхэн авчраад буудлынхаа ресепшн дээр суулгана.

Жолоочгүй машин авчраад явуулна. Дрон гээч юм амьдралд нэвтрээд ан агнахаас өгсүүлээд хонь хариулахад хүртэл ашиглаж байна. Технологи ингэж хүчтэй нэвтэрч орж ирнэ. Тийм учраас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн зааг дээр сэтгэх хэрэгтэй гэдэг ийм зүйл байна. Энэ бүх орон зай, цаг хугацааны дотор улс орноо харж бодлого явуулах хэрэгтэй. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс ийм бодлого явуулж чадахгүй.

Одоогийн УИХ дотор сууж байгаа улсын зарим нь бизнесийн ухаан сайтай байж болно, зарим нь компьютер техникийн мэдлэгтэй ч байж болно. Гэхдээ энэ мэдлэг төрийг барихад хангалтгүй. Хоёрдугаар шалтгаан юу байна гэхээр манай 1990 оны хувьсгал үе хоорондын хувьсгал болсон. Үе хоорондын тэмцэл маягийн юм болсон.

-За, тэр чинь юу гэсэн үг билээ?

-Наян ес , ерэн онд “Социализм ерөөсөө хэрэггүй, капитализмыг байгуулна” гэж ярьж байсан хүн байхгүй. Польш, Чехэд тийм бодолтой улс төрийн тэрс үзэлтэн гэж үздэг тийм улсууд байсан. Манайд нийгмийн өөрчлөлт болж эхлэхэд ард түмний дунд ч “Төр засгийн эрхийг залуучуудад нэг өгөөд үзье, ахмадууд нэг жолоо бариг” гэх мэтээр хөгшин, залуугийн ялгаа гарч эхэлсэн.

Тэр үед “Ардын нам бол цагаан толгойтой даргатай, өөрөө хөгширсөн нам” гэх шүүмжлэл гарсан. Энэ нь манай намын сэтгэл зүйд их нөлөөлсөн. Тэгээд залуу хүнийг л нааш авчирч байвал бөөн бөөнөөр элсүүлж авдгаас тэдний шинж чанар нь ямар байна вэ, эрдэм мэдлэг нь ямар байна вэ тэр бүхнийг тоохоо байсан.

Энэ үе хоорондын тэмцэл явсаар байгаад сүүлийн үед бүх зүйл дээр “Жараад оныхныг далаад оныхон хална, далаад оныхныг наяад оныхон хална” гэсэн давалгаанууд их явсан. Энэ бол улс орон даяар явсан давалгаа. Одоо та боловсролын системд ажиллаж байгаа улсуудыг хар.

Асар туршлагатай том профессорууд жаран нас хүрсэн л бол хаягдаад тэтгэвэртээ гарсан. Эрүүл мэндийн салбар мөн адилхан давалгаалсан. Энэ юу болов гэхээр улсын хэмжээнд хашир туршлагатай мэргэжилтнүүд нийгмийг удирдах идэвхтэй хэсгээс хасагдаж, дандаа туршлага муутай, зарим талаар муугаар хэлэх юм бол шунал нь дарагдаагүй хүмүүс улс орон даяар гарч ирсэн. Тийм учраас төр ээлжилж барьдаг хоёр намынхан ялгаагүй гэж яриад байна шүү дээ.

Арга ч байхгүй. Яагаад гэвэл энэ хоёр намын залуучуудыг чинь хоёр өөр хашаанд хашиж байгаад хүмүүжүүлээгүй шүү дээ. Нэг л юманд, Монголын нийгэмд байж байсан. Тийм учраас адилхан зан чанартай.

Үүнээс болж л манай оронд системийн гажуудал үүсчихээд байна. Энэ болгоныг “Танай нам тийм, манай нам ийм” ч гэдэг юм уу “Энэ нам нь дээр, тэр нам нь дээр” гэдэг байдлаар биш нэлээд ул суурьтай судалж, эрдэмтдээ оролцуулж байж засвар хийхгүй бол болохгүй болчихоод байгаа юм. Ер нь манайханд юмыг өнгөцхөн бодоод буруутгадаг тал их байна. Жишээ нь, боловсролын систем муу байна, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд юу ч чадахгүй байна гэдэг.

-Гадаадад боловсрол эзэмшвэл мундаг л гэдэг болж дээ?

-Гадаадын улс оронд нэг жилийн сургалтын төлбөр гучин мянган америк доллар, эмнэлэг, урлагаар явбал дал наян мянган ам.доллар байна. Манайд сургалтын төлбөр ямар байгаа билээ. Тийм мөнгөөр багш нар нь боловсроод, маш их тоног төхөөрөмж авч тавиад дэлхийн хэмжээний мэргэжилтэн бэлдэнэ гэж байхгүй.

Боловсролын салбарын хэрэглэгч нь эдийн засаг, үйлдвэрлэл. Манай эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар их сайн дэлхийн хэмжээний мэргэжилтэн шингээх чадвар алга. Тэр тоног төхөөрөмж үйлдвэрлэл нь байхгүй.

Манайд Японы хэмжээний мэргэжилтэн бэлдлээ гэхэд энэ мэргэжилтэн гадагшаа л явахаас дотооддоо хэрэглээ байхгүй гэсэн үг. Тиймээс эдийн засаг, үйлдвэрлэл маань боловсролтойгоо маш уялдаатай байх ёстой. МУИС төгссөн инженер Японд очиж ажиллан компьютер хийгээд тэрийг нь дөрвөн мянган ам.доллараар зарж эхэллээ гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан. Манайд тэр компьютерийг хийгээд дэлхийд юм уу, зах зээлд хийх боломж байсан бол тэр хүн эндээ хийж болно оо доо. Энэ бүхнийг бодож тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ард түмэн үндэсний ухаарлаа дээшлүүлэх учиртай.

Манайд бүтээгч сайхан залуус бий. Биеийн тамирын тэмцээнээс гадаадаас арав хориор нь медаль аваад ирж байна. Гэтэл олон улсын онгоцонд хүний юм хулгайлдаг хэсэг ч байх жишээтэй. Тиймээс хүний хүмүүжлээс эхлээд нийтийн соёлыг өөд нь татах, төрийн албан хаагчдыг бэлддэг тогтолцоог сайн болгох шаардлага байна.

-Төрийн албан хаагч гэхээр л нам нам дагасан цүнх баригчид болчихоод байдаг гэмтэй дээ?

-Би залуусыг нам намаа дагасан цүнх баригчид гэж хэлэхгүй. Ер нь жаахан хувийн холбоо л үйлчлээд байна уу гэж би ажигладаг. Нам солигдсоны дараа өөрийнхөө намын хүнийг ч гэсэн төрийн албанаас халаад хаячихаж байгаа юм. Энэ юуг хэлээд байна гэхээр намын холбоо биш өөр л холбоо байгаагийн шинж.

Одоо системийн гажуудлаас гадна соёл иргэншлийн хямрал болж байна. Монголчууд бид нүүдэлч, малч нийгэмд өсч бойжсон. Хөдөө, хот гэдэг өөр өөр орчин. Хөдөөний малчин хүн нийслэлд ирээд дэлгүүрт орох бололцоогүй болчихлоо. Бүх дэлгүүр англи хаяг тавьчихсан. Энэ чинь соёл иргэншлийн хямрал явж байгаа юм. Үүний цаана сэтгэлгээний хямрал өрнөж байгаа.

Хэл, сэтгэхүй хоёр нэг гэдэг биз дээ. Монголд өмнө нь Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж, АИХ-ын дарга Ж.Самбуу гуай гэсэн сүрхий сургууль төгсөөгүй мөртлөө улсын удирдагч байж чадсан улс олон бий. Энэ маань тухайн үеийн боловсролыг эзэмшсэнээс гадна юмны учирт нэвтэрч орж чаддаг монголчуудын гайхамшигт ухаан байна. Одоо ийм чадвартай хүмүүс цөөрч байж магадгүй. Яагаад гэвэл хүн өөрөө юм бодохоо байгаад бусдыг хуулаад эхлэхээр л болохоо байж байгаа нь тэр. Үүнийг учиртай ойлгох хэрэгтэй.

Ерөөсөө гадаадаас юм авахгүй гэж байгаа юм биш. Гадаад сурах бичигт биччихсэн зүйл байна. Энийг шууд авч болохгүй. Сурах бичигт ингээд биччихэж, энийг яаж хэрэглэвэл Монголд тохирох юм гэж бодвол өөрийн толгой болно. Монголчууд юмыг их өөрийн болгож байсан арга-билэг, авах гээхийн ухаантай улс байсан.

-Авах гээхийн ухааны жишээ дурдвал олон байна уу?

-Монголчууд өвөл болохоор махаа, дулааны улиралд цагаан идээгээ иддэг байсан. Энэ нь ухаандаа ходоод гэдсийг цэвэрлэж амрааж байсан. Гэтэл өнөөдөр өвөл зунгүй, жилийн дөрвөн улиралд махан идээ хэрэглэж, өдөртөө гурван ч удаа хоол иддэг болсноос гуч гарав уу, үгүй юу цондойсон гүзээтэй залуус олширлоо. Ингэхтэй зэрэг элэг, ходоодны өвчтэй болохоос өөр арга алга. Таргалсанаас болж чихрийн шижин, зүрх, судасны өвчин тусахаас ч өөр арга алга. Тиймээс юмыг системээр нь бодож, нэвтрүүлнэ гэдэг маш чухал.

Монголчууд аливаа зүйлд тэгтлээ туйлширдаггүй байж. Их Монгол Улсын үед төрийн хэрэгт маш буурьтай ханддаг байсан байгаа юм. Мөнх хаан пап ламын элчтэй уулзаад захианы хариуг өгөхдөө орчуулгаа өгүүлбэр өгүүлбэрээр тулган хэдэнтээ нягталж байж өгсөн байдаг. Чингай сайд “Энэ захиа буруу болоод санаа нь өөрчлөгдөөд явчихвал та нарын энэ хол газар зорьж ирсний хэрэг байхгүй болно” гэсэн байдаг. Одооны төрийн албан бичгийг аваад үзэхээр найруулга муутай, агуулга нь ойлгомжгүй, зөв бичгийн дүрмийн алдаа ихтэй байна. Төрийн ажилд маш нягт нямбай хандах ёстой.

“Би бол төрийн хүн” гэсэн сэтгэл маш их хэрэгтэй. Төрийн хүний үйл ажиллагааг зохицуулдаг ёс зүйн дүрэм хэрэгтэй. Төрийн хүн үйл ажиллагаандаа хэрэглэдэг эрдэм ном хэрэгтэй. Ийм гурван зүйлийг цогцлоож байж төрд гаргадаг тогтолцоог бий болгохгүй бол өнөөгийн нийгэм маань улам дордоод байна уу гэхээс дээрдэхгүй.

-Та төрийн сайд болтлоо ямар шатаар өгсөв?

-Би дээд сургууль төгсөөд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нэг жил инженерээр ажилласан. Дараа нь Эрчим хүчний үйлдвэрт зургаан жил даргаар ажилласан. Намын дээд сургуульд явж хоёр жил болж төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Эрдэм шинжилгээний ажилтан, их сургуульд багш, УИХ-ын дарга Н.Багабандийн зөвлөх зэргийн алба хашиж байгаад 2000 онд Боловсролын сайд болсон. Хөдөөний ажил хүнд их туршлага болдог.

Аймгийн төлөөлөгчөөр хөдөө их ажилласаан. Төлийн штабт дөчин таван хоног явна. Тавдугаар сард мал тооллогоор, наадам өнгөрөөгөөд хадлангийн бэлтгэл, сүү-тосны төлөвлөгөө шалгах, наймдугаар сард өвөлжилтийн бэлтгэл хангах гээд үнэхээр их ажил оволзсон үед ажиллаж явлаа. Инээдэмтэй нь эцэггүй хүүхдийн эцэг тогтоох ажлаар хүртэл явж л байлаа. Амьдралын маш олон салбарт ингэж хутгалдаж туршлага судалсан маань надад их хэрэг болсон л гэж боддог доо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img