2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

МАН: Эмэгтэй улстөрчдөд “дургүй”  уяач, бөхчүүдийн хандлагыг өөрчлөхөөр ажиллаж байна

2024 оны сонгуульд оролцох намын нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх бол 2028 оны сонгуульд нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлнэ. Саналын хуудаст нэр дэвшигчдийг эмэгтэй, эрэгтэйгээр нь сөөлжих өөрчлөлт ч хуульд тусаад буй. Бодлогын эдгээр дэмжлэг нь эмэгтэйчүүдийг УИХ-д өрсөлдөх сонирхлыг нэмэгдүүлж байна.

Манай редакц УИХ-д суудалтай гурван намын төлөөллөөс эмэгтэйчүүдийн сонгуульд нэр дэвших сонирхол хандлага нэмэгдэж байгаа эсэх, тухайн намаас эмэгтэйчүүд нэр дэвших эрх, боломж хэр нээлттэйг сонирхсон юм. МАН-ын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл нарыг бид сонголоо.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмлээ. Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудаас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх чиглэлээр тодорхой  ажлууд хийгээд эхэлчихлээ. Бодлогоор дэмжсэн ийм нөхцөлд эмэгтэйчүүдийн улс төрд орох сонирхол өссөн болов уу?

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Ардчилсан намын эмэгтэйчүүд угаасаа идэхтэй, зоригтой, зорилготой, санаачилгатай бүсгүйчүүд байдаг. Тэр утгаараа манай эмэгтэйчүүд нэр дэвших сонирхол их өндөр байгаа. Нэр дэвшигчдэд  тавигдах шалгуур ямар байх вэ гэдэг нь л  чухал байна.

ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл: 2022 оны 11 дүгээр сард манай нам эмэгтэй манлайлагчдыг дэмжих зорилготой “ХҮН 50/50” бодлогоо нээлттэй зарласан. Эмэгтэй улстөрчдөд манай намын үүд хаалга нээлттэй гэдгээ ч ярьж, бичсээр ирсэн. Тэр утгаараа олон эмэгтэй манай  намд элсч байна. Нөгөө талаасаа манайх шинэ нам. 100 жил, эсвэл 30 жил болоогүй гэдэг утгаараа залуу, шинэлэг.  Бүр тодруулж хэлбэл орчин үеийн бодлоготой нам учраас хүний авьяас чадвар, туршлага мэдлэг дээр л суурилдаг. ХҮН нам бол эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт, догма хандлагад төвлөрдөггүй. Тэр утгаараа эмэгтэйчүүдийг илүү дэмжихийн төлөө ажилладаг. Эмэгтэйчүүдийн улс төрд ороход тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад анхаарч,  хүйсийн тэнцвэртэй байдлын  бодлогыг нээлттэй зарлачихсан гэдэг утгаараа орон нутаг, хот, ер  аль ч төвшинд эмэгтэйчүүд манай намд элсэх “урсгал” нэмэгдсэн. Мэдээж таны онцолсон Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт болон бусад ажил ч  нөлөөлж байгаа.

МАН-ын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: Өөрчлөлт орсон шүү. МАН хоёр жилийн хугацаанд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллалаа. Мэдээж эрх зүйн орчин сайжирсан. Гэхдээ хамгийн том нөлөө бол хүмүүсийн хандлага. Ялангуяа хөдөө орон нутагт эрэгтэйчүүд нэгт, эмэгтэйчүүд хоёрт гэсэн соёл, хандлага хүчтэй анзаарагддаг. МАН социал демократ үзэл баримтлалтай. Тэр утгаараа шат шатанд бүх талын төлөөлөл байх учиртай. Бодлогын дэмжлэг бий болсноор манай эмэгтэйчүүдэд “Бидэнд боломж байна” гэсэн итгэл төрөөд эхэлчихсэн.  Өөр нэг олзуурхал нь эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоо чухлыг олж харсан. Хамгийн хэцүү нь уяачид, бөхчүүд гэх мэт хүмүүс байна. Тэдний эмэгтэй улстөрчдийн талаарх бодол, хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа.

 – Өмнө нь улс төрийн намууд “нэр дэвших чадвартай эмэгтэйчүүд алга” гэдэг тайлбар их хэлдэг байсан. Энэ хэр үндэслэлтэй тайлбар вэ?

ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл: Тоон баримт маш чухал. Ялангуяа улс төрчид төсөөллөөрөө, хүслээрээ ярьдаг. Гэтэл бодит байдал тэс өөр байгаа шүү дээ. 2020 оны УИХ-ын сонгуульд 650 орчим хүн нэр дэвшсэнээс 160 орчим нь эмэгтэй байсан. Үүнээс 19 хүн л УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөнгөний, сүлжээний  гээд янз бүрийн буруу, бусармаг хүчин зүйлс улстөрийн ертөнцөд байгаа учраас  эмэгтэйчүүд нэр дэвшээд ч амжилт олохгүйгээр тойргийн  гадна үлддэг.  Хувь хүний хувьд өндөр амжилтад хүрсэн байлаа ч эмэгтэйчүүдэд боломж гардагггүй гэсэн үг. Шалтгаан нь их энгийн. Тэд элдэв булхай хэрэглэлгүй шударгаар өрсөлддөг учраас ялалт байгуулж гарч ирж чаддаггүй юм.  Бүр тодруулж хэлбэл системийн шинжтэй бэрхшээлийг  эмэгтэйчүүд маань давахгүй, даахгүй байгаа юм. Бусдаар бол УИХ-д нэр дэвших боломж, чадалтай эмэгтэйчүүд хангалттай бий.

МАН-ын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: Сүүлийн хоёр жилийг анзаарахаар эмэгтэйчүүдийг бэлтгэх гэж ярихаа больсон. Бэлтгэгдчихсэн эмэгтэйчүүддээ боломж олгоё гэж ярьдаг болсон нь дэвшил. Төрийн албан хаагчдын 60 хувь нь, дээд боловсрол эзэмшигч  5 хүн тутмын 3 нь  эмэгтэйчүүд байна. Тэгэхээр эмэгтэйчүүд улстөрд  бэлэн байна. Гол нь эрчүүдийн тоглоомын дүрмээр явдаг улс төрд ороод эмэгтэйчүүд яах вэ гэдэг л асуудал болчихоод байгаа.  Сонгогдоод улстөрд орчихсон яваа эмэгтэйчүүдийн ёс зүйн асуудал эргээд дараагийн эмэгтэйчүүдийг гарч ирэхэд нөлөөлдөг гэх мэт асуудал байна л даа.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Надаас “Нэр дэвших эмэгтэйчүүд байгаа юм уу?” гэж асуудаг.  Тэр үед  би тэгж асуусан хүмүүсээс  “нэр дэвших эрэгтэйчүүд чинь тэгвэл хаана байна вэ?” гэж асуудаг. Учир нь сонгогчид боловсрол мэдлэгтэй, зүрх сэтгэлтэй, нийгмийг өөрчлөх хүсэл зорилготой, худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй, сонгогчдоо үнэнч шударгаар төлөөлөх тийм л хүнийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шаардлага, шалгуурт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль нь илүү нийцэж байна вэ гэсэн асуудал ургаж гарч ирнэ.

-Танай намд элсэж, сонгуульд нэр дэвших сонирхолтой  эмэгтэйчүүдийн хандлагыг харахад  аль түвшинд нэр дэвших сонирхолтой байна вэ?

МАН-ын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: Бүх түвшинд. Гэхдээ мэдээж цаг хугацааны хувьд УИХ-ын сонгууль эхэлж болно. Тэр утгаараа  энэ сонгуульд өрсөлдөхөөр горилогч эмэгтэйчүүд ихэссэн. Хуулиараа УИХ-ын сонгуульд нэг нам доод тал нь 37 эмэгтэйг нэр дэвшүүлэх ёстой. Нам нэр дэвшигчдээ сонгохдоо дан ганц мэдлэг, чадварыг харахгүй. Салбар, бүлгүүдийн төлөөллийг агуулах шаардлага ч бий.  Энэ утгаараа манай  нам нэр дэвшүүлэх журамдаа өөрчлөлт оруулж байна. Өмнөх сонгуулийн тогтолцооны хувьд Харин энэ удаагийн сонгуульд МАН нэгдүгээрт мэдлэг боловсрол, хоёрдугаарт ёс зүй, гуравдугаарт туршлага, дөрөвдүгээрт сонгогдох магадлал өндөртэй байх гэсэн дөрвөн зарчмыг барьсан журмыг баталж гаргаж байгаа.  мөнгөтэй хүнд илүү боломж олгосон онцлог байсан.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Ардчилсан намын эмэгтэйчүүд анхан болон дунд шатандаа ямагт идэвхтэй байж ирсэн. Гэхдээ энэ удаад нэр дэвшээд үзье гэдэг хандлага хуулийнхаа таатай орчноо дагаад УИХ-ын сонгууль дээрээ илүү байна гэж харж байна. Учир нь орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квот хараахан тусгагдаж амжаагүй байна шүү дээ.

ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл: Аль ч түвшинд жигд л жигд байна.

-Танай намын үзэл баримтлалыг дэмждэг, салбартаа юм уу нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг эмэгтэй яг одоо танай намд хандаж нэр дэвших хүсэлтээ илэрхийлэх нь нээлттэй юу?

МАН-ын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва:  Нээлттэй. Мэдээж манай намын социал демократ үзэл баримтлалыг дэмждэг, намдаа элссэн байх ёстой. Нам гэдэг чинь үзэл баримтлал дээр тулгуурласан хүмүүсийн нэгдэл шүү дээ. Хоёрдугаарт,  тухайн салбараа хэрхэн төлөөлж чадах чадвартайг нь харна. Тодруулбал, тухайн салбарын хэр их мэдлэг боловсролтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг харна гэсэн үг.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Бид аль болох шинэ хүмүүст боломж олгоё гэсэн бодлого баримталсаар ирсэн. Гэхдээ мэдээж улс төрд оролцоход туулах ёстой тодорхой замууд бий. Тухайлбал, намын гишүүн болох ёстой. Мөн амын үүр дээр сонгуульт гишүүн болж дараачийн шатныхаа намын байгууллагад сонгогдоно, тэгж байж нэр дэвших эрх нээгддэг ч гэдэг юм уу гэх мэтчилэн намын дотоод дүрэм, журмууд бий. Гэхдээ энэ удаад АН нэлээд нээлттэй бодлого барьж байна. Аль болон шинэ гишүүн элслүүлэх, илүү боломж олгох, дээр хэлсэн шат дамжлагуудыг цөөлөх бодлого барьж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img