2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

Б.Магсаржав: Дуучин Төмөрхуяг маань амьдрал туулчихсан жинхэнэ хүн байлаа

Монголын ард түмний дунд ардын дуу мэт түгсэн “Сүүн далай ээжий”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүүдэн бороо”, “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа” гээд олон сайхан дууны аялгууг зохиосон Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавтай Монгол бахархлын өдрийн маргааш яруу найрагч Дашзэвэгийн Цогбадрах дүүгийн хамт очин хөөрөлдсөн юм. Дөрвөн настай бичхэн хөвүүнээ хөгжимчин болгох гэж өөртөө гоёлын дээл оёх гэж байсан “дээлийн өнгө”-өө зарж баян хуур хөгжим Орос руу захиж байсан ээжийнхээ ачийг тэрээр орчлонд олон дуу зохиож хариулжээ. Гэрт нь яваад ороход гавьяат маань нэлээд бухимдангуй сууна. Учрыг асуувал “Сая Жааяа багш (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров) ярилаа. Өчигдөр Морин хуурын чуулга Чингис хааны одон хүртэв ээ дээ. Тэрэнтэй л холбоотой. Олигтой ганц бүтээл тоглоогүй мөртлөө юундаа Чингис хааны одон авдаг байна. Өвөр Монголчуудыг хар л даа. Морин хуурын чуулгууд нь өчнөөн хөгжчихлөө. Тэгэхэд манайх ардын жүжигчин Батчулуун ахын үүсгэн байгуулсан тэр л үеийн хэвэндээ огтхон ч урагшилсан юм байхгүй. Урын сан нь баяжсан ч юм байхгүй. Улиг болсон хэдэн ноотоо л тоглоно. Тэрийгээ ч олигтой тоглож чадахгүй, дэлхийн шившиг болж гүйцлээ. Тэгээд Жааяа бид Морин хуурын чуулгад зориулсан ганц нэг юм хийе гэж ярилцахгүй. Бодохоос уур хүрээд” гэж байна. Мэргэжлийн хүний нүдээр харахад тийм алдаа оноо байдаг юм байлгүй дээ. Магсаржав гавьяат тэртээ 1963 оны арваннэгдүгээр сарын сүүлээр мэндэлсэн юм билээ. Жаран насны тэгш ой нь тохиож буй энэ үед эрхэм хүмүүний ярилцлагыг уншигч танаа хүргэе.

-Та саяхан Шанхайн хөгжмийн наадамд бүтээлээрээ оролцов уу?

-Бичлэг явуулсан. Хөх хотоос надад яагаад урилга илгээж байна гэхээр чухам ямар мэдлэг, авьяас чадвартай хөгжмийн зохиолч вэ гэдгийг цаадуул чинь маш нарийн судалсан байна. Хятад улс энэ талаараа хөгжчихсөн байна. Монгол Улсад Соёлын яам гэж хэрвээ байдаг бол хийх юм мөн ч их байна даа.

-Манай улс Соёлын яамтай шүү дээ?

-Хэрвээ тийм яамтай нь үнэн бол Монголын мэргэжлийн хэдэн хөгжмийн зохиолчдыг 21 аймагт томилон ажиллуулах хэрэгтэй байгаа юм. “Энэ аймагт очоод тийм юм хий. Буудал бэлэн. Цалин хангамжийг чинь хангалттай өгнө” гээд явуулах ёстой.

-Социализмын үед л тийм томилолт байсан даа?

-Одоо тэгж явуулмаар байна шүү дээ. Өнөө цагт хөгжим, хэрэгсэл сайжраад ямар сайхан болчихсон билээ. Хэрвээ ингэвэл, нөгөө Баянхонгор аймгийн бүх л соёлын төвийн хөгжимчдийн дунд нь очиж, ард түмний дундаас сайхан бүтээл төрнө.

Тэгэхэд, нэг л сүрхий урлаг соёлоо сурталчилж байна гэж Улаанбаатараас эрээвэр хураавар хэдэн юм аваачиж бархируулаад тэрийгээ “Соёл сурталчилж байна, хүнд хүрээд байна” гээд байгаа. Хүнд ингэж хэзээ ч хүрэхгүй.

-Арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” гээд зарлачихсан, “Болор цом” энэ тэрийг хүртэл багтааж хийх гээд их амьсгаа дээгүүр л байцгаах юм байна шүү дээ?

-Тэр чинь тийм албадлагын юм байхгүй юу. Зүгээр л хийсэн нэр зүүх гэсэн л зүйл. Тэр нь хүндээ, ард түмэнд огт хүрдэггүй. Одоо, жишээлбэл, 400 сая төгрөг авчихсан “Сүнс”-ийн Лхагваа гэж нэг юм давхиад л байна. Нэг юм хийсэн дүр үзүүлж харагдаад “Яаж хэдэн цаас биедээ авч үлдэхэв” гэсэн л аргаа ядсан үйлдэл шүү дээ.

-Төрийн хөрөнгөөр гараа угаадаг, танил талаараа тендер авдаг тэр л зүйл урлагийн салбарт орж ирчихээд яваад байна гэсэн үг үү?

-Одоо тэр чинь шүү дээ. Яг жинхэнэ уран бүтээлчид нь цаана нь хохироод үлдчихэж байгаа юм. Тэр үйл ажиллагаа нь ард түмэнд ямар ч наалдацгүй, цаанаа л нэг биш байгаа биз.

-Уран бүтээлийг улсын санд худалдаж аваад байдаг зөв юм бол уу?

-Шууд худалдаж авна гэдэг ерөөсөө утгагүй юм байгаа юм. Ард түмний хүлээн зөвшөөрсөн бүтээл тодроод гарсан нөхцөлд л улс үнэлж авах ёстой. Тэгэхгүй, зүгээр нэг юу ч биш юм хийчихээд танил талаа хараад худалдаа арилжаа хийгээд байх утгагүй. Тэр “Мундаг юм байна” гэсэн бүтээлэнцэрийг нь ард түмэн сонсоогүй шүү дээ. Хэн ч мэдэхгүй бүтээлийг юуг нь үнэлээд байгаа юм. Ингэж автоматаар үнэлж болохгүй.

-Улсын санд тэгээд ямар бүтээлийг шалгаруулах ёстой гэж?

-Нэр дэвшсэн бүтээлүүдийг радио телевизээр бүтэн сар “нүдээд” ард түмний хандал ямар байна, аль бүтээл нь онцгойроод гараад ирж байна вэ гэдгийг тодруулсны эцэст шан харамжийг нь өгөх ёстой.

-Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлийг бүтэн жил ард түмнээр хэлэлцүүлж байж олгодог байсан даа?

-Тэгж байж жинхэнэ, зангаргатай бүтээлүүд нь гарцаа байхгүй тодордог байсан. Би “Насны намар” гэдэг дууг 1989 онд зохиочихоод ороход Зохиолчдын хорооны тамга, Хөгжмийн зохиолчдын холбооны тамга дарагдаад Монголын радиогийн комиссоор орж байж “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр цацагдах эрхээ арайхийн олж авдаг байсан.

Хэчнээн захиа, хүсэлт ирж давалгаалсны дараа “Морин хуур” наадамд оролцох эрх өгч байлаа. Ингэж чанагдаж байж бүтээл хүлээн зөвшөөрөгддөг байв. Одоо яаж байна. Өнөөдөр нэг юм зохиочихоод нэг дуучинтай өглөө утасдаад үдээс хойш нь шууд наадамд уралдуулж байна.

Энэ ямар ч авцалдаа байхгүй утгагүй зүйл болж байгаа биз. Тэгээд нэг нэгийгээ шагнаад, баярлаад, од болоод суугаад байдаг. Ард түмэн сонсоо ч үгүй юмыг юуг нь шагнаад байгаа юм, юуг нь мэдрээд байгаа юм бүү мэд. “Морин хуур” наадмын тэргүүн шагналыг би “Зүүдэн бороо”-гоороо авчихсан байлаа. Тэгсэн чинь 1989 онд тэргүүн байрын шагналыг гарцаагүй “Насны намар” авах гээд болдоггүй. Тэгсэн шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаад байдаг.

Тоглолтын танхимаас үзэгчид “Насны намар” тэргүүн байр, тэргүүн байр” гэж ундааны сав шидээд сүйд ээ сүйд. “Насны намар”-т өгөхгүй бол бараг л толгойгүй л болох хэмжээний юм болохгүй юу. Хөгжмийн зохиолч нь Магсаржав байх нь хамаа байхгүй, хэн байх нь хамаагүй, бүтээл нь гоё бол үнэхээр тэгж гайхамшигтай давалгаалж байна шүү дээ. Үнэхээр л “Уулзаж амжаагүй ээжээ бодохоор уугуул нутаг минь хоосон юм шиг харагдаад байна, хагасарч тал харагдаад байна” гэдгийг ард түмэн сэтгэл зүрхээрээ мэдрээд ойлгоод, шуугиад байхгүй юу.

-“Насны намар” шагнал авсан санагдах юм?

-Комисс хуралдаад “Энэ дайн боллоо. Магсаржав ямар гээчийн юм биччихсэн юм бэ. Одоо яах вэ” гэцгээсний эцэст “Үзэгчдийн шагнал” гээч юмыг давалгааллыг дарахын тулд анх бий болгосон юм.

Б.МагсаржавҮзэгчдэд “Насны намар”-т та нарын шагналыг олголоо” гээд зарлахад танхим тэр чигээрээ нам гүм болж нам сууж байгаа байхгүй юу. (Бүтээлээрээ бахархсан, онгод билгээрээ онгирсон омог бардамналаар тэр инээвхийлэн цээжээ дэлдэв. Л.Б) Үзэгчид тийм их цөстэй байсан.

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Хан Хэнтийн уугуул, ард түмний хайртай дуучин Намдагийн Төмөрхуяг ах таны дуунуудыг бас л сайхан амилуулж, ард түмнээ аялгуу дуугаар амлуулсан даа?

-Төмөрхуяг чинь жинхэнэ хүн байхгүй юу. Хүн. Хүн гэж нэг юм байна аа даа. Хүн гэж нэг тодорхойлолт байдаг даа.

-Хүн шиг хүн ч гайхамшигтай шүү…

-Төмөрхуяг өлсөж үзсэн, ядарч үзсэн. Торны цаана хүртэл сууж үзсэн. Авгай авч үзсэн. Салж үзсэн. Хүнд хөөгдөж үзсэн. Ийм л хүн байхгүй юу. Жинхэнэ ХҮН. Баярлаж үзсэн. Цадаж үзсэн.

-Сайхан охидын хайранд умбаж үзсэн?

-Мисстэй сууж үзсэн, хаягдаж үзсэн. Амьдралын бүхий л мөч хормыг хүн шиг туулчихсан хүнийг л би хүн гэж бодоод байгаа юм. Тийм хүн болохоороо тэр “Насны намар”-ыг тултал нь дуулж байгаа байхгүй юу.

-Аа, ёстой яг үнэн юм аа?

-Ойлгож байна уу? Тэр сэтгэлзүйтэй холбоотой байгаа биз?

-Ер нь их дотортой дуучин л даа. Өөрөө бүр уйлж байна уу даа гэмээр дуулдаг хүн шүү дээ?

-Тэгж байж түүний дуулсан дуу хүнд хүрч байгаа юм. Түүнээс биш манай Төмөрхуягт хүн бишрүүлчихмээр тийм гоё хоолой байхгүй. Ямар ч вакаал, мэргэжлийн онол заасан багш байхгүй. Зөвхөн өөрийнхөөрөө дуучин байлаа.

-Мань хүн чинь Хан Хэнтий чуулгад анх дагалдан дуучин ч гэл үү, манаачаар ч гэл үү орсон гэж ярьдаг сан?

-Манаачаас эхлээд агуулахын нярваар орсон гэж ярина. Мэргэжлийн дуучин гэх юм байхгүй ээ байхгүй. Тэр өөрийнхөөрөө л дуулдаг дуучин. Төмөрхуяг дууг яагаад ард түмэнд хүргээд байна гэхээр тэр хүн чинь өөрөө хүн шиг ХҮН болохоор дууг дуу шиг хүргэж байгаа юм.

-Дуу угаасаа л хүний сэтгэлийн ай болохоор аргагүй л нэг хүний сэтгэлд хүрч байна аа даа?

-Тийм ээ тийм. Хүн дуулж байгаа болохоор жинхэнэ хүн сонсож байна шүү дээ. Хүн хүндээ хүрнэ гэдэг чинь л тэр. Тиймээс би Төмөрхуягийгаа маш уран дуучин гэж үнэлдэг, улам их хүндэлдэг.

Уран. Уран. Яая, тэр “Халхын сайхан хүүхнүүд”-ийг ямар гоё дуулав. “Саа мөнгөн Хэрлэн” туллаа шүү дээ. Тулгаад тэр голын ёроолд нь аваачаад, дахиад голын цаана нь шидээд.

-Мандал дээгүүр нь хөвөлзүүлээд…

-(Инээгээд) Үгүй бүр тэр голыг бүр баярлууллаа шүү дээ. Сэлэнгэ мөрнийг бүр ямар гоё баярлуулав. Тэр мөрөн нь баярлаж байгаа юм чинь ард түмэн баярлахгүй гээд яахав.

-Их гоё цагаан эрчис ундарч, гэгээн эрчим ундарч байна шүү дээ, тээ?

-Тэр их сэтгэлийн сайхан энерги нь гайхамшигтай. За, “Насны намар”-ыг бол ёстой тултал нь “хуслаа”. (Манай гавьяат андынхаа талаар сэтгэл догдлон дурсахдаа ардын хар ярианы үг хэрэглэж байгаагаа огтхон ч тоохгүй аж. Л.Б) “Насны намар”-ын тухайд 1988 онд Хэнтий аймагт Армийн сурталчилгааны тоглолтоор явж байсан юм.

Сүүлийн өдрийн тоглолтын үеэр ээжийг маань бурхан боллоо гэсэн цахилгаан Увс аймгаас ирсэн. Тэр хүн ч өөдөөс харж байгаад шууд хэлж байлаа. Хэцүү байсан. Шүд зуугаад тоглолтоо дуусгасан. Тэрний дараа Хэнтий аймгийн хориход ажилладаг хошууч цолтой хүн ирж уулзсан. “Чиний амьдрал миний амьдралтай төстэй юмаа. Чамд нэг шүлэг өгөх гэсэн юм” гээд “Насны намар” гэдэг шүлэг өгсөн. Тэгээд би тэнд ая зохиож, Төмөрхуягт өгчихөөд ирсэн.

Удалгүй хориодхон хоногийн дараа дуулагдсан даа. Монголын радиод анх бичүүлж байхад бичиж байсан Хаянхирваа эгч хүртэл уйлаад сууж байсан. Хаянхирваа эгчийн дуу даган уйлахад тэр техник хэрэгсэл нь хүртэл уярч онгод нь орж, гоё тохируулга хийж байсан. Тэгэхээр уран бүтээл хүнд хүрнэ гэдэг чинь сонин байгаа биз дээ. Тэр дууны бичлэг хийж байхад гадаа шал арчиж байсан хүн шалныхаа модыг бариад уйлаад сууж байсан.

Радио тэр өдөр тэр чигтээ уйлсан шүү дээ. Тэгэхээр ард түмэн уйлахгүй яахав. Ийм дуу байгаа юм. Өвөр монголчууд надаас асуудаг юм.

-Юу гэж асуухав?

-“Насны намар”-ыг зохиосон аугаа их хүн та Монголын хэд дэх баян хүн бэ? гэж.

-Хөөх, ямар сонин юм асуудаг нөхөд вэ?

-Би телевизийн нэвтрүүлэгт орж байхад ингэж асуухад өөр шиг чинь их гайхсан.

-Та тэгээд юу гэв?

-Баяан баян гэсэн. Яг тооцоод үзвэл миний аж амьдрал Монголын нийгэмд хамгийн доор л явж байгаа шүү дээ. (гуниггүй инээв. Л.Б) “Би баян баян. Яагаад гэвэл би ЭХ ОРОНТОЙ хүн дээ” гэж хэлсэн. “Өөрийнхөө дуртай газраа алхаж явдаг би баяан. Дурын захын айлд ороход надад цай хийж өгдөг. Дуртай айлдаа би хонодог. Айл бүхэн миний гэр л гэсэн үг” гэсэн.

Тэгэхэд надтай хамт ярилцлагад орж байсан алдарт дуучин Тэнгэр нам болсон шүү дээ. Би эх оронтой хүн. Үнэхээр л баян юм чинь. Тэгэхгүй бол би нэг нисдэг тэрэг унадаг, тэгээд ланд-200 унадаг хүмүүсийн дэргэд юугаар баярхах юм. Тэд бол тэрийгээ л ярьдаг юм байна. “Би гурван байртай. Баян. Гадаадад тийм үл хөдлөх хөрөнгөтэй” гээд л ярьдаг юм байна л даа. Надад тийм юм байхгүй ч би бол баян. Баян хүн би.

Б.Магсаржав-Төрийн шагналт яруу найрагч Х.Чилаажав нэгэнтээ “Цэнгэл ээ, чи бид хэрвээ Хятад шиг олон сая тэрбум хүн амтай улсын зохиолч, яруу найрагч байсан бол нэг номынхоо шагналаар л дэлхийн хаа ч юм арал худалдаад авчихсан. Тэндээ зургаан сар сууж зохиолоо бичээд, үлдсэн хагас жилд нь дэлхийн улс орнуудаар тааваараа сайхан аялж жуулчлаад явж байх бэлтэй бэнчинтэй болчих юм билээ” гэж ярьж байсан санаанд орчихлоо шүү. Та Өмнөд хөршид уригдаж олон жил ажилласан. Жанцаннноров гуай, та нар бол хөгжмийн зохиолчийн хувьд Монголд “цээжний хэдэн морьд”-ын нэг шүү дээ. Хэрвээ Хятад улс шиг уран бүтээлчдээ дэсэлдэг бол хэддүгээр зэрэгт дэслэгдэхээр байна?

-Чилаажав гуайн тэр үг ёстой үнэн. За хэрвээ би тэндхийн хөгжмийн зохиолч байсан бол Хятадад би нэгт дэслэгдэнэ. Жанцанноров ч нэг, би ч нэг. Манай хөгжмийн зохиолчид бүгд нэгд жагсана. Яагаад гэхээр манайхны оюуны чадавх өндөр байдаг. Хөгжмийн суурь аймаар өндөр. Би нэг жишээ татчихаж болох уу?

-Ямар жишээ билээ ах?

-Ерэн онд би Хятадын Хөгжмийн дээд сургуульд очиход Хятадын их дээд сургуулийн том доктор профессорууд надаас гурван том шалгалт аваад “Танд заах зүйл манай сургуулиудад байхгүй” гэж байсан.

-Та чинь оюутнаар очиж байгаа шүү дээ?

-Оюутнаар. (элгээ хөштөл инээв) Багш нар нь “Заах юм байхгүй. Харин танаас сурах юм байна” гээд. Тэгээд би багш нартаа хичээл орж байсан шүү дээ. Яагаад гэвэл европ соёлыг бид дэндүү авчихсан улс. Оросын школыг тултал авчихсан. Тэр нь зүгээр нэг Багшийн сургуулийн хөгжмийн анги шүү дээ. Манай Хөгжмийн сургуулийн багш нар хэн хэн гээч.

-Аа, Монголын их хөгжмийн зохиолчид байгаа л даа?

-Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Ц.Чинзориг, Б.Шарав, Х.Билэгжаргал нарын дандаа акулууд. Дараагийн акулууд нь бид нар. Жижигхэн жижигхэн акулууд. Монголоор бол залуухан бурхинууд. Нэг муу бурхи очоод тэгж гайхуулж байгаа юм чинь жинхэнэ акулууд очвол жинхэнэ цунами болж шуугиан дэгдээнэ ээ дээ.

Би багш нартаа дүн тавьдаг байсан шүү дээ. “80 хувь хүрч байж бидний хэмжээнд очно оо. Та нараас шалгалт авахад 28 хувьтай байна” гэж шалгалтын дүнг танилцуулна. Надаар хичээл заалгаад тэр хөгжмийн сургуулийн үзүүлэлт огцом дээшилсэн юм шүү. Тэгэхээр манайхан нэгдүгээр дэсийн хөгжмийн зохиолчид байхгүй яах юм бэ. Яагаад гэвэл манайх юм юмны хуйхтай.

Европ, Ази, дэлхийн сонгодгууд, барууны орнуудын орчин үеийн хөгжим, ардын урлагийн баялаг өв сангаас суралцчихсан улс. Манай монголчуудын тархи хаанахын, ямар ч урлагийн ололт амжилтыг хүлээн авах чадвартай тийм потенциаль өндөртөй хүмүүс байхгүй юу. Тийм учраас Хятадын дэсээр нэгдүгээр зэргийн байхаас яахав.

-Одооны энэ олон уралдаан тэмцээний талаар та ер нь юу гэж бодож явдаг бол?

-Социализмын үеийн нэг давуу тал байсан юм. Уралдаанаа урладаан шиг хийдэг, тэмцээнээ тэмцээн шиг хийдэг. Зах зээлээс хойш замбараа алдчихсан. Уралдаан нь зүгээр хувь маягийн болоод ямар ч утгагүй, хувийн эрх ашгийн үүднээс болоод хувирчихсан. Уран бүтээл чөлөөт болсон нь сайн талтай боловч бас хортой.

Социализмын үед шаардлага өндөртэй байсан болохоор мөнгө нь гол нь биш чанарыг нэгдүгээрт тавьж байсан. Одоо ямар нэг уралдаан тэмцээнд орохоос бүр халшрах юм. Аливаа наадамд орно гэдэг сэтгэл сэвтэж хиртэхийн л нэмэр нэрмээс болсон байна.

-Дунд сургуулийн сурагч ноот бариад төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, их яруу найрагч Цэгмидийн Гайтав гуайн үүдийг тогшиж зогссон гэхээр та бас л том байсан байгаа юм шүү?

-Тэр аугаа их Багшийн сургууль чинь өөрөө хүнийг хурцалдаг сургууль байлаа. Пионер сурагчдын их наадмын медальтай хүүхдүүд авдаг. Хэн л тэр аймагт онцгойрч байна, тэр хүүхдэд хуваарийг нь шууд явуулчихна. Нэг анги 30 хүүхэдтэй байлаа гэхэд бүгд медальтай. Жинхэнэ авьяастнууд байлаа.

Манай дээд ангид Б.Бямбабаяр, миний зэргэлдээх ангид хөгжмийн зохиолч Цэрэндондов, доод ангид Хатанбаатар гэх мэтээр “Би би” гэсэн аугаа авьяастнууд сураалцаж байлаа. Тэр “би” дотроос чинь гарч ирнэ гэдэг чанга даа. Гарахын тулд л Зохиолчдын хороо гэдэг тэр аугаа газар руу явсан юм. Би багадаа их ном уншдаг. Яруу найргийн номоос дууны үг их хайна.

Би Багшийн сургуульд 15 настай ирсэн юм. Ангийн багш маань алдарт дуучин Галхүү багш байлаа. Багшийн сургуулийн багш нар чадалтай олон сайхан зохиолч багш нартай, аргагүй л хөгжмийн зохиолч бэлтгэдэг сургууль л даа. Нэг удаа Зохиолчдийн хороон дээр очлоо. Шаравын Сүрэнжав гуай жижүүрээр нь сууж байна. Тэр үед зохиолч нар ээлжилж жижүүрт гардаг байсан. Тэгээд Гайтав гуайтай уулзах гэж байгаагаа хэллээ. Шүлэг авах юм гэсэн чинь нэг их инээж билээ.

Гайтав гуайг тухайн үед их уншдаг, шүлэг зохиолыг нь ч их цээжилж байсан юм. “Сүхбаатар” найраглалаас нь эхлээд уншиж байлаа шүү дээ. Гайтав гуай дууны шүлэг их цөөтэй байсан юм. Тэгээд л очсон хэрэг л дээ. Гайтав гуай надад ганц удаа очоод шүлэг өгчихөөгүй ээ. Би хоёр гурван удаа очиж, сүүлд очихдоо ганц юм авч очиж байж “Сүүн далай” ээжийг аравхан минутанд бичүүлж авсан даа.

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг, таны аялгууг нь зохиосон “Зүүдэн бороо” гэж сайхан дууг дуучин Цэрэнчимэд, гавьяат Төмөрхуяг нар дуулсан. Сонин сайхан түүхтэй дуу биз?

-1987 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчин байлаа. Тухайн үед төмөр замын шугамаар жил бүр уран бүтээлчдийг авч явж аялан тоглуулдаг байв. Ингэж явахдаа Б.Лхагвасүрэн найрагчтай нэг купенд хамт явах завшаан тохиосон юм. Тамхийг нь асааж өгнө. Намайг “Чи чинь“Сүүн далай ээж”, “Зүрхний уяа”-г зохиочихсон их эд ээ. Ах нь чамайг ганзага хоосон буцаахгүй ээ, долоо хоног хамт аялна. Болоогүй ээ” гээд өхөөрдөх маягтай. Би Лхагвасүрэн гуайг унтвал дагаж унтаад сэрэхэд нь сэрээд л. “Энэ хүнээс ганц сайхан дуутай буцах юмсан” гэж л бодож явлаа. Олон яруу найрагч явсан л даа. Д.Пүрэвдорж, П.Бадарч, Ш.Дулмаа, С.Оюун, Б.Сарантуяагээд том яруу найрагчид бүгд явсан.

Нэг удаа вагоны ресторанд хоол идэхээр орлоо. Лхагваа ахтай нэг ширээнд өөд өөдөөсөө хараад суучихлаа. Лхагваа ах тэгсэн чинь “Чи надаас дууны шүлэг хүсээд байгаа билүү. Ард чинь гурван хүүхэн сууж байна. Аль нь хөөрхөн байна” гэж байна.

Эргээд харсан чинь цэргийн хувцастай ромбо зүүсэн гурван хүүхэн. Хүнээс хүн шинжинэ гэдэг хэцүү. “Гурвуулаа л сайхан хүүхэн байна” гэлээ.

“Үгүй, үгүй нэг нь бүр онцгой сайхан хүүхэн” гэж байна.

Дахиад эргээд харлаа. Дунд талынх нь хүүхэн их аятайхан санагдлаа. “Дундах нь мөн үү, Лхагваа ах” гэлээ.

“Мөн мөн яг юу нь сайхан байна. Чи тэрийг нь олж харвал уран бүтээлч хүн” гэснээ “Чи ахдаа цаад буфетнээсээ тамхи аваад ир, тэгэхдээ чи сайн хараад ир” гэж байна.

Эхлээд хажуугаар нь гарахдаа анзаарч чадсангүй. Буцахдаа зориуд хажууд нь тамхиа унагаад авах гэтэл “Найзаа би аваад өгье” гэсэн бүсгүй харц тулгарсан чинь үнэхээр өөдөөс өрөмдөж байгаа юм шиг харцтай тас хар нүдтэй хүүхэн байсан.

Тэгээд л Лхагваа ахад очоод “Нүд нь гоё юм” гэлээ. Лхагваа ах “Тэрийг чинь хэлээд байгаа байхгүй юу” гэснээ “Халин халин нисээд ирсэн шувууд Харзны усанд элгээ жиндээн ганганах юм Харын хар нүдэн чамайгаа Харж л суух минь хэзээ л юм бол доо” гээд тэр дор нь эхний бадгийг нь биччихсэн.

Тэгээд ресторанаас гарахдаа нөгөө гурав дээр очоод “Гучин минутын дараа орж ирж шинэ дуу сонсоорой, есдүгээр купе шүү” гэчихээд яваад өглөө. Би ч сандарлаа. “Та ч яахав биччихдэг юм байна.

Би гараагүй аяыг яах болж байнаа” гэсэн чинь “Чадалтай юм бол таван минутанд л бичнэ” гэлээ. Ороод л хоёрдугаар бадгаа биччихсэн. Тэгснээ Лхагваа ах жаахан ядарсан уу нойрмоглосноо гэнэт босож ирээд л “Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд Норсон дэр хацрыг жиндээн хайрах юм” гээд гуравдугаар бадгаа бичээд. Арван тавхан минут үлддэг юм байна. Би хоёр ч ая хийлээ.

Лхагваа ахад таалагдсангүй. “Чи яваад нэг харчихаад ир. Зүгээр харчихаад хаалгаа хаагаарай. Тэгвэл нэг юм орж ирж мэднэ. Нэгдүгээр купенд байгаа шүү” гэлээ. Тэгээд л нэгдүгээр купенд очсон чинь нөгөө хүүхэн чинь дуу сонсох гээд цагаа хараад үсээ самнаад сууж байсан. Сарны гэгээнд үс нь мөнгөрөөд их гоё харагдсан. Онгод гэдэг үнэхээр гайхалтай юм билээ. Тэгж л нэгдүгээр купенээс есдүгээр купений хооронд зохиогдсон дуу даа.

-Сийлэгмаа гавьяатын дуулдаг “Сүслэн хайрлаж яваарай” гэдэг дуу хэрхэн дуу хэрхэн бүтсэн бол?

-Би Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулгад, Сийлэгмаа Хилийн цэргийн чуулгад байсан юм. Хөдөө гадаа аялан тоглолтоор хамт их явна. Сийлэгмаа “Шинэхэн цэрэг чамдаа би хайртай” гэсэн Жанцанноров багшийн дууг дуулдаг, би баянхуурыг нь тоглодог байлаа. Тэр намайг их өднө өө.

-За яаж өдөх вэ, хөөрхөн аальгүйтэх үү?

-Үгүй ээ үгүй. Намайг л өдөөж дуу хийлгэх гээд байхгүй юу. “Чи авьяастай гэсэн. Надад нэг дуу өгөөч” гээд л хоргооно.

Нэг удаа одооны энэ Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын гурван удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Дөнгөтийн Цоодол гуайтай уулзаад “Ээжийн тухай нэг сайхан дууны шүлэг хэрэгтэй байна. Та л чадна даа” гэлээ. “За байз бодьё” гээд үлдсэн. Удалгүй намайг дуудаж “Энэ л болох байх” гээд “Сүслэн хайрлаж яваарай” гэдэг дууны шүлгийг үзүүлсэн дээ. Тэгээд л Сийлэгмаад зориулж бичсэн дээ.

Энэ дууг маань Сийлэгмаагаас өөр дуучин дуулаагүй санагдаж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img