2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Болор цомын эргэн тойронд

“Болор цом-41” наадам болж өнгөрлөө. Яруу найргийн наадам байх нь зөв, буруу гэж утга зохиолын хүрээнийхэн олон жил маргасаар ирсэн ч наадмууд болсоор л байна.

Сүүлийн жилүүдэд бүр сэргэх маягтай болж энэ намар л гэхэд “Хөх үндэсний гал”, “Хангай цом”, “Д.Нямсүрэнгийн нэрэмжит наадам”, “Дэмчигийн хийдийн наадам”, “Боржигодой цэцэн”, “Хуульч Сандагийн наадам”.., гээд бараг арав гаруй наадам болж яруу найрагчид оролцоцгоолоо. Эдүгээгийн манай яруу найргийн хөгжил фен клуб рүү шилжих үйл явцдаа эрчимтэй оржээ гэж дүгнэхэд болохоор болжээ.

Ямар ч яруу найргийн наадам, аливаа яруу найрагтай холбоотой үйл ажиллагаанд гагцхүү сонирхогчид л оролцохоос бус 1990-ээд оны үе шиг төрийн тэргүүн нь эхнэрээ дагуулж ирэхээс эхлээд бүх ард нийтээрээ шүлгийн наадмыг сонирхдог цаг нэгэнт түүх болон улирчээ.

Угаасаа дэлхийн жишиг ч ийм байдаг бөгөөд өдгөө бүр фанфик утга зохиол гэх тусгай зүйл ч үүссэн агаад шүтэн бишрэгчид өөрийн дуртай, хайртай зохиолыг өөрийнхөөрөө өөрчлөн бичиж арилжааны зорилгогүйгээр хэвлэн зөвхөн фен клубынхээ хүрээнд тойруулж уншдаг жишиг ч тогтсон байна.

Яруу найраг сонирхогчдын хүрээ рүүгээ шилжих нь хоёр талтай агаад сайн тал нь яруу найргийн чанар сайжирч илүү мэдрэмжлэг, илүү гүн, илүү философилог болно, тааруу тал нь гэвэл хүрээ нь явцуурч олон нийтийн гоо зүйн боловсрол доройтон арилжааны утга зохиол хавтгайрна.

Би энэ жилийн “Болор цом”-ын эхний шатны буюу ширээний шүүгчээр ажилласан таван хүний нэг нь. Бид тав ямар нэгэн нэргүй, кодтой, 135 хүний шүлэг уншиж оноо тавиад эцэст нь нэрийг нь тулгаж харсан, энд нууж хаах зүйл байхгүй, зүгээр л шүүдгээрээ шүүгээд л оноогоо тавьсан, хэн нэг нь тэрийг дэмжмээр байна, энийг хасмаар байна гэсэн ил далд яриа гаргаагүй. Тиймээс айж ичих зүйл огт үгүй. Тэгээд л 21 хүний нэр зарласан.

Ихэнх нь залуус байсан нь энэ жилийн онцлох зүйл болов, угаасаа үе солигдож байгаа нь тодорхой агаад найрагч Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нарын үеийнхэн 40 насны дөрөө давж, С.Начин, Б.Алтанхуяг, Г.Хашбаатар нарын үеийнхэн 30 насыг гудайлгаж, 90-ээд оны залуус гэж хэлэгдэж ирсэн үеийнхэн нэгэнт зуугийн талыг насалж, хөөрхөс, ач, зээгээ тойруулан сууж тэднийхээ шулганалт ба ганганааг сонсон яруу найргаас илүү кайф авцгаан суух болж дээ.

“Болор цом”-ын өмнөх дуулианыг манай клубын нэгхэн гишүүн төдий, миний их анд Л.Батцэнгэл тарив. Н.Минжинсайхан өөрийг нь харанхуй даваанд алдаг тухай, Э.Гантулгын их мөнгөний тухай, эргээд их мэдрэмж, жинхэнэ шүлэг, Элбэгтөгс хийгээд Алтанхуягийн ба бусдын ямар байранд хэрхэн орох тухай.., гээд л баахан юм сошиалд бичсэн юм байна. Фен клубын уралдаан болохын өмнө ингэж бичих нь их хортой.

Учир нь шүүгчид ч гэсэн мах цусанд төрсөн хүмүүс л байгаа. Э.Гантулга шүүгчдэд их авилга атгуулсан тул түрүүлнэ гээд биччихээр Э.Гантулга ямар ч сайн шүлэг уншлаа гэсэн шүүгчид зохих оноо өгч чадахгүй, гай болж түрүүлчихвэл аваагүй хэрнээ авилгач, угтаа гэмт хэрэгтэн болно гэсэн үг, гэмт хэрэгтэн болохыг хүсдэг хүн үгүй!, тэгэхээр Э.Гантулгын түрүүлэх боломжийг Л.Батцэнгэл хаасан гэсэн үг.

Бас О.Элбэгтөгс түрүүлнэ гээд биччихээр нөгөө шүүгчид нь О.Элбэгтөгсийг түрүүлүүлчихвэл сошиалын захиалгыг биелүүлсэн болно оо доо! Шүүгчид гэхээрээ тэнэг хүмүүс байх учиртай юм уу, үгүй л дээ! Тэгэхээр О.Элбэгтөгс ямар ч сайн шүлэг уншаад түрүүлэх боломжгүй, тэр боломжийг нь бас л Л.Батцэнгэл хаасан гэсэн үг. Аль ч тохиолдолд яруу найрагч буюу наадамд оролцогч л хохирно. Харин манай яруу найрагчид шүлэг мэддэг сонирхогчийн хувьд сүүлийн үед сайхан бичиж байгаа залуус дүү нарынхаа шүлгүүдийн тухай үндэслэлтэй сайхан таамаг дэвшүүлвэл өөр хэрэг.

Энэ “Болор цом” наадам улс үндэстний хэмжээний асуудал биш, зүгээр л нэг фен клубын ажил, тиймээс бид “хөрсөн дээрээ буусан дээр ээ” гэдгийг би үзэх хүн олдоогүй учир мэргэжлийн ангийн оюутнуудаа үнэгүй үзүүлж үзэгчдийн суудлыг дүүргэлцсэн хүний хувьд хэлж байна.

Тиймээс наадмаас өмнө янз бүрийн юм бичмээр байгаа бол зөвхөн шүүгчдийг л хараа, жишээ нь намайг элдвээр хэл, доромжил. Тийм хэл амыг давна гэдгээ мэдэж байгаа учир л шүүхийг зөвшөөрдөг юм. Шүлгээ өгсөн яруу найрагч хамаагүй ээ, бүр авилга, “арын хаалга” санал болгосон байлаа ч гэсэн шүүгчид л хариуцах учраас шүүгчид рүүгээ л дайр!

Наадамд байр эзэлсэн шүлгүүдийн тухай хүн бүр янз бүрийн л саналтай байх нь мэдээж бөгөөд харин яруу найрагч Б.Хүрэлтогоо, Н.Мөнхбаяр нартаа “Сүртэйшдээ” л гэж хэлье.

Банзайн Хүрэлтогоогийн “Илчлэлт” сайн ном, Намжилийн Мөнхбаяр бол ер бусын цэнгэг агаартай найрагч, бид мэднэ, гэхдээ хэний ч сайн номон дотор янз бүрийн алдаа мадаг, мэдрэмж хийгээд найруулгын гажуудал байж л байдаг шүү дээ, С.Начин нэг наадамд нэг шүлэг уншаа л биз, яадаг юм.

Тэгээд ч өнөө үеийн яруу найраг бол бидний уншиж дадсан, сайхан сонсогддог, өөрөө хэлбэл хүн уншихад зориулсан биш, харин найрагч өөрийгөө илэрхийлэхэд чиглэсэн тийм өнгө аяс руугаа тууштай шилжиж байна. Тиймээс сэрэл мэдрэмжийн тасаг бусаг илэрцүүд, цагаан сэрлийн тасархайтал, утгын балархайшилтууд.., ихээхэн түгээмэл бичигдэх болж. Энэ нь сайн юм уу, муу юм уу гэдгийг өнөөдөр дүгнэхэд эртдэнэ.

Саяны наадмын хувьд шүүгчид төгс сайн дүгнээгүй байж болно, харин шударга бус шүүсэн гэвэл худлаа шүү. Яахав хэн нэг нь хэн нэг найрагчийг хэт өргөөд үүнээс шалтгаацсан онооны савлагаа үүссэн байж магадгүй, бусад шүүгчид түүнийг нь мэдэрсэн учир оноогоо тэнцвэржүүлэх гээд.., тэр дундаас нь С.Начин түрүүлсэн байж болно, би суугаагүй учир таамаглаж л байна, тиймээс хөнгөн хүлээж авцгаагаарай!

Наадмын онцлох найрагч гэвэл яах аргагүй М.Дэвээжаргал байлаа. “Төөрөгдөл сайхан, үнэн л хэцүү” гэх А.Камюгийн үг байдаг даа.

2023-11-30

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img