2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Д.Оюундэлгэр: “Ачааны агаарын хөлгийг зорчигчдын зориулалтаар ашигласан” гэдэг бол ташаа мэдээлэл

“Изинис Эйрвэйз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэртэй ярилцлаа.

-Энэ сарын 1-ний өдөр Tovch.mn мэдээллийн сайтын Facebook цахим хуудсаар “Изинис Эйрвэйз” ХХК нь Монгол Улсын зорчигч тээвэрлэх хууль, дүрмийг зөрчин 20-оос дээш жилийн насжилттай “Airbus A330” каргоны онгоцоор хүн тээвэрлэхээр аяллын компаниудаас захиалга авч эхэлжээ” гэсэн гарчиг бүхий мэдээлэл цацагдсан. Үүнээс гурван өдрийн дараа буюу 12 дугаар сарын 4-ний өдөр мөн л Tovch.mn мэдээллийн сайтаар “Eznis Airways компани иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж байна” гэсэн гарчиг бүхий видео бичлэг цацлаа. Эдгээр мэдээлэл хэр бодитой вэ?

-Харамсалтай нь үндэслэлгүй ташаа мэдээлэл. Манай компани аялал жуулчлалын байгууллагуудын захиалгаар 2023 оны 12 дугаар сард Вьетнам улс руу захиалгат нислэгүүд үйлдэхээр гэрээ байгуулсан. Ингэхдээ хүчин төгөлдөр үйлчилж буй иргэний нисэхийн тухай хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Иргэний нисэхийн багц дүрэм гэдэг бол Монгол Улсын иргэний нисэхийн салбарт мөрдөгдөж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны Сайдаар батлагддаг эрх зүйн том бичиг баримт бөгөөд Иргэний нисэхийн бүх үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт хийдэг бичиг баримт.

-Мэдээлэлд дурдагдсан Airbus А330-ийг хэзээ оруулж ирсэн бэ?

-Манай компани 2022 оны 11 дүгээр сард зорчигч болон ачаа тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой А330-200 маягийн том оврын агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.

Цар тахлаас улбаатайгаар салбартаа үүссэн хямралыг бусдын адил даван туулах зорилгоор бид Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, Олон Улсын Иргэний Нисэхийн тухай конвенцийн хүрээнд олгогдсон зөвшөөрлийн дагуу 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл ачаа тээврийн зориулалтаар ашигласан.

Харин 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс одоог хүртэл БНКУлсад нойтон түрээсийн гэрээний дагуу зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байна.

-Анхнаасаа насжилт өндөртэй агаарын хөлөг оруулж ирсэн гэсэн шүүмжлэлийн тухайд ямар байр суурь хэлэх вэ. Тухайн үед дүрмийн ямар зохицуулалтын дагуу агаарын хөлөг оруулж ирж байснаа тодруулж тайлбарлаач?

-Бид зорчигчийн агаарын хөлгийг ачаа тээвэрт тодорхой хугацаанд ашиглах, модификац хийх үйлдвэрлэгчийн зааварчилгаатай нь 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр оруулж ирсэн юм. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Иргэний нисэхийн багц дүрмийн агаарын хөлгийн бүртгэлийн шаардлага тогтоосон дүрэмд насны хязгаар тогтоосон ямар нэг шаардлага байгаагүй (ЗТХ-н сайдын 2019 оны 187 дугаар тушаал, ИНД-47).

Агаарын хөлөгт 20 насны хязгаар тогтоосон дүрмийн өөрчлөлт 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн ЗТХ-н сайдын А/311 дугаар тушаалаар хүчин төгөлдөр болсон байдаг.

-Танайхыг агаарын хөлгөө оруулж ирснээс хойш ийм өөрчлөлт оруулсан юм байна гэж ойлголоо, зөв үү?

-Тийм ээ, манай агаарын хөлгийг Улсын бүртгэлд авсан цаг хугацаанаас хойшхи асуудал байгаа юм.

-Дахиад тодруулж асууя. Цар тахлын үед хамгийн их хохирсон салбар бол агаарын зорчигч тээврийн салбар гэдгийг бултаараа мэднэ. Тахлын үеийн хямралыг давахын тулд зорчигч тээврийн компаниуд бүгдээрээ ачаа тээвэр хийсэн. Танай компани ч яг ийм шалтгаанаар оруулж ирсэн агаарын хөлгөө ачаа тээвэрт ашиглажээ дээ?

-Тийм ээ, та зөв ойлгосон байна. Цар тахлын үед зорчигч тээврийн компаниуд бүгд л ачаа тээвэр хийж эдийн засгийн алдагдалаа багасгах арга хэмжээ авсан. Монгол улс маань үндсэндээ цар тахал, Орос-Украйны асуудлаас болж эдийн засгийн хувьд давхар хоригт орсон байсан цаг үе шүү дээ.

Дахин хэлэхэд үйлдвэрлэгчийн зааврын дагуу ачаа тээвэрлэх модофикацыг бид ИНЕГ-ын шаардлагын хүрээнд гүйцэтгэж холбогдох дүрмийн дагуу зөвшөөрөл авсан юм. Олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа зөвхөн дотоодын хууль тогтоомжоор бус олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр явагддаг. Бид таны нэр дурдаж асуусан мэдээллийн сайтын бичээд байгаа шиг ачааны агаарын хөлгийг зорчигчдын зориулалтаар ашиглаагүй. Харин зорчигчийн агаарын хөлгийг ачаа тээвэрт ашигласан юм.

Өөрөөр хэлбэл, цаг үеийн гарцаагүй шаардлага нөхцөлөөс болж, БНХАУ хилээ нээх хүртэл хугацаанд ачаа тээврийн зориулалтаар ашигласан. 2023 оны 3 дугаар сараас агаарын тээвэр сэргэж зорчигч тээврийн үйл ажиллагаа хэвийн болсон шүү дээ. Энэ үед зохих дүрэм журмын дагуу стандарт үйл ажиллагаа болон нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргаж, өнөөдрийг хүртэл А330-200 агаарын хөлгөөр аюулгүй зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байна.

-“Африк улсад хүн тээвэрлэж байгаа нь хардлага төрүүлж байна, Монголын талаас зөвшөөрөл гэрчилгээ авсан байж болзошгүй нөхцөл үүссэн” гэх мэдээллийн тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-ИНД-119-ийн хүрээнд ИНЕГ-аас олгосон манай компанийн агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үйл ажиллагааны тодорхойлтод (зорчигч тээвэрлэх зөвшөөрөл орсон) өөрчлөлт орсон. Энэ хүрээнд бид нойтон түрээсээр нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Хөшигний ард хулгай хийгээд зөвшөөрөл авсан юм шиг ойлголт төрүүлэхүйц гүтгэлгийн шинжтэй явуулгын тухайд өөр зорилготой явуулга болов уу гэж харж байгаа.

Монгол улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлж гаднаас валют татахын тулд аль болох олон жуулчин хүлээж авах учиртай. Жуулчдыг олноор нь татахын тулд үндэсний агаарын тээвэрлэгчид агаарын хөлгөө өргөжүүлж үйл ажиллгааны цар хүрээг тэлэх зайлшгүй шаардлага бий. Харамсалтай нь зах зээлд нэвтрэх эрх харилцан адилгүй, эдийн засгийн зохицуулалт алаг цоог хэвээр байна.

Төрөөс баримталж буй салбарын бодлого хөрсөндөө тэгш хуваарилагдахгүй гэх мэт олон зовлон байна. Бүр онцолж хэлбэл энэ бүх асуудал өөрсдийн эрсдлээр салбарт биет бөгөөд биет бус үнэтэй хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийн тээвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж байна. Хамгийн том эмзэглэх асуудал гэвэл салбар маань том зургаараа өгөөж хүртэж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна.

-Танай компанийн энэ онгоцонд зорчигч тээвэрлэх зөвшөөрлийг яг хэзээ олгосон бэ?

-Зорчигч тээвэрлэх зөвшөөрлийг ИНЕГ 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр олгосон. ЗТХЯ-ны саналд үндэслэн олгосон.

-“Өөр улсад хүн тээвэрлэж болно Монголд болохгүй” гэж мэдээлээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Зарчмын хувьд гэхүү логикийн хувьд ИНЕГ-аас зөвшөөрөл олгохдоо дотоодод хүн тээвэрлэж болохгүй гадаадад хүн тээвэрлэж болно гэж олгодоггүй. Юу гэж олгодог вэ гэхээр зориулалтаар нь зорчигч тээвэр, ачаа тээвэр аль эсхүл хольмог агаарын тээвэр гэж олгодог. Монгол Улс руу болон Монгол Улсаас агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа агаарын хөлгүүдийн бүртгэл, зориулалт, насжилттай холбоотой мэдээлэл ИНЕГ-ын цахим хуудсанд нээлттэй байдаг. Изинис Эйрвэйз компани 20-оос дээш насжилттай агаарын хөлгөөр зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа цор ганц компани биш юм.

20-оос дээш насжилттэй агаарын хөлгөөр хуваарьт нислэг үйлдэж байгаа дотоод, гадаадын бусад агаарын тээвэрлэгч нар байна. Агаарын хөлгийг зорчигч тээвэрт ашиглах насыг 25, ачаа тээвэрт ашиглах насыг 35 гэж үйлдвэрлэгчээс тогтоодог. Гол асуудал бол тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс тогтоосон техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу Иргэний нисэхийн багц дүрмийн шаардлагын хүрээнд техник үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах л асуудал юм. Товч хариулахад бид дүрэм, журам, зааврын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

-“Иргэний нисэхийн дүрэм зөрчиж хүн тээвэрлэх гэж байна” гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл болж таарлаа…?

-Тиймээ ташаа мэдээлэл. Агаарын хөлгийн насжилтын тухайд Иргэний нисэхийн салбарт 30-аас дээш зорчигчийн суудалтай том оврын агаарын хөлөг ашиглаж багйаа агаарын тээвэрлэгч нарын үйл ажиллагааг ИНД-119, ИНД-121 дүгээр дүрмүүдээр зохицуулж, үйл ажиллагааны шаардлагыг тогтоодог. Тодруулбал тус дүрмийн 119.153 (d) заалтад “ИНД-121 дүгээр дүрмийн дагуу зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа шугамын агаарын тээврийн гэрчилгээ эзэмшигч нь 25-аас дээш жилийн настай агаарын хөлөг ашиглахгүй” гэсэн шаардлага бий.

Манай агаарын хөлөг энэхүү шаардлагыг бүрэн хангаж байгаа. Бид ИНД-119, ИНД-121-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээтэй. Агаарын хөлгийг нисэх чадвартай гэдгийг баталгаажуулж ИНЕГ-ээс ИНД-21 дүгээр дүмрийн шаардлагын хүрээнд гэрчилгээ олгодог юм. Эцэст нь онцлоход tovch.mn мэдээллийн сайтад дурдагдсан гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг та сая тодруулж, бидний зүгээс зохих тайлбарыг хэллээ.

Сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд бүдүүлгээр халдсан ийм илт худал, буруу ташаа мэдээлэл нь агаарын тээвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулж байна. Тийм учраас бид ийм ёс бус үйлдэлтэй хууль, журмын дагуу хатуу тэмцэхээ танай сониноор дамжуулан мэдэгдэж байна.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img