2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Р.Цолмон: Бадганы мөн чанартай хүн мацаг бариад байвал улам жин нэмнэ

"Сумади" эмнэлгийн их эмч Р.Цолмонтой уламжлалт анагаах ухаан тойрсон асуудлаар ярилцлаа. Ярилцлагын түрүүчийг энд дарж уншина уу.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

-Уламжлалт анагаах ухааны олзуурхам нэг өнцөг бол сэтгэл зүйг чухалчилдаг нь. Ялангуяа нийгмээрээ сэтгэл зүйн асуудалтай болчихсон ийм үед аль болох олон хүн уламжлалтын эмнэлгийг зориосой гэж боддог юм.

-Уламжлалтын эмч нар хүний сэтгэлзүйтэй хамгийн ойр харьцдагын учир нь дорнын анагаах ухаан өвчний шалтгаан нь сэтгэл гэдгийг таньж мэдсэн учраас тэр л дээ. Яаж ч оношилж, эмчилсэн сэтгэлзүй рүү л орчихдог.

Тиймдээ ч уламжлалтын салбараас сэтгэлзүй рүү орсон хүн нилээд байдаг. Сэтгэлзүйн салбар гэдэг бидний үзсэн нарийн онолын нэгээхэн хэсэг нь. Уламжлалт анагаах ухааныг тэжээхүйн ухаан гэдэг. Юмсыг анагаах гэхээс илүүтэй тэжээх, нөхөн сэргээх гэсэн агуулгатай.

-Ингэхэд яг бидэнд зориулсан, монгол оточ маарамбуудын үүсгэсэн эмчилгээ гэвэл олон биз?

– “Анагаах ухааны дөрвөн үндэс” номд төөнүүр эмчилгээний бүлэг бий. Төөнүүр гэдэг маань халуун засал. Тодорхой өвчний цэг дээр халаагаад тухайн өвчнийг эмчилдэг. Хүйтэн цаг уурын нөхцөлтэй Монгол оронд төөнүүр засал дэлгэрсэн гэж үздэг. Учир нь мах их иддэг, хүйтэн цаг ууртай учраас бидэнд дулаан эмчилгээ илүү тохиромжтой байх нь. Монгол төөнүүр гээд олон эмийн ургамлуудтай төөнүүрийг одоо уламжлалтын эмч нар хийж эмчилгээндээ өргөн ашигладаг болсон.

Монголоос гарсан бас нэг эмчилгээ нь хөгшдийг тэтгэх буюу шимжүүлэх бүлэг. Яавал өвчин зовлонгүй зөв өтлөж, өндөр наслах вэ гэдэгт анхаарсан эмчилгээ л дээ. Бүр тодруулж хэлбэл настай хүмүүс ямар идээ унд хэрэглэж, ямар явдал мөрөөр явж, ямар эм тангаар тамираа сэлбэж урт наслах вэ гэдэгт анхаарсан эмчилгээ. Монголчууд эртнээс эцэг эх, хөгшдөдөө ээлтэй, асарч тэтгэж явсны ул мөр л дөө, энэ.

-Уламжлалт анагаах ухаанд нэрээ мөнхөлсөн оточ маарамба олон байдаг уу?

-Уламжлалт анагаах ухааны түүхэнд монгол маарамбуудын тухай бичсэн зүйл их. Монгол эмч нарын дунд хамгийн алдартай нь Лүнрэгдандар. Архангай аймгийн Тариатын хүрээнээс гаралтай, анхны салхин цэцгийг 1600 оны үед эмчилж, урьдчилан сэргийлж чадсан, бараг вакцины анхны хувилбар ч байж магад.

Салхин цэцгээр өвдөөд эдгэсэн хүмүүсийн арьсных нь тавыг хуулж нунтаглаад тан хэлбэртэй болгон ургамалтай хольж буцалгаад хүмүүст өгсөн гэдэг юм. Угаас вакцин гэдэг тухайн өвчний вирусын идэвхгүй болсон хувилбар шүү дээ.

-Хүүхнүүд жин хасна гээд янз бүрийн арга хэрэглэдэг. Мацаг барьж, ногоо идэж, өлсөж өөрийгөө туршилтад оруулж организмаа хямраадаг. Таны яриаг анзаарахад юу голлосон махбодитойгоо мэдэж байж л жингийн илүүдлээ шийдэх юм шиг байна…?

-Хий, шар, бадган гэх гурван махбодь хүний биед байдаг. Энэ гурвын аль дийлэнх байгаа нь тухайн хүний төрөлхийн мөн чанар болдог. Гэхдээ дан гэхээс илүү хавсарсан байдаг. Хий бадган, шар хий, шар бадган хавсарсан г.м.

Хий мөн чанартай буюу хий дийлэнх хүн төрөлхийн туранхай жижгэвтэр биетэй байдаг бол шарын мөн чанартай хүмүүс дундаж биетэй байдаг.Таргалсан ч тураад жингээ барьчихдаг, турсан ч хоол ундандаа анхаарвал жиндээ оччихдог. Харин бадганы мөн чанартай хүн төрөлхийн сүр бараатай, биерхүү, махлагдуу байдаг. Бадган гэдэг юм чинь хүний биеийн тослог, ус чийгний хувийг зохицуулдаг махбодь.

Бадганын мөн чанартай атлаа мацаг бариад, ус уугаад дээр нь ямар ч шим тэжээлгүй ногоо нэмээд байвал улам л жин нэмнэ. Бадган гэдэг маань сэрүүн, ус чийгний хувь ихтэй, өөхлөг тосорхог шинжтэй. Тийм учраас халуун бүлээн чанартай хүнс, бага зэргийн хөдөлгөөн хэрэгтэй. Бадганыг дарах гол зүйл нь зөгийн бал учраас зөгийн балтай ус ууж, бүлээн чанарын цагаан гаа, хар улаан перц илүү тохирно. Эдгээрийг тодорхой хэмжээгээр хоолондоо хийж, оройн цагаар бага идэж байж л жингээ хасна.

-Бадган цагт хооллох сайн биш гэх юм. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Өдрийн цагийг хий, шар, бадган хөдлөх цагуудад хуваадаг. Хий хөдлөх цаг нь үүрээр 3.40-7.40, 15.40-19.40 цагийн хооронд. Бэлгэ чанараар нь яривал хий нь хуурай ширүүн, хөнгөн, хүйтэн, хөлбөрөнхий, нарийн чанарыг ихэсгэдэг. Энэ цагт эдгээрийн эсрэг халуун бүлээн цай, тостой нүнжигтэй юм хэрэглэх учиртай гэсэн үг. Өглөөд шар тос, шарсан өндөг, зөөхий г.м хэрэглэ гэдэг нь ийм учиртай.

Каш идлээ гэхэд өрөм зөөхий хийгээд идчих хэрэгтэй. Шарын цагийн хувьд өдөр дунд 11.40-15.40, шөнө дунд 23.40-3.40 цагийн хооронд тохионо. Шар гэдэг нь цөстэй холбоотой. Хоол унд шингэхэд амархан ийм цагт аль болох тэжээллэг махан хоол идэх хэрэгтэй. Бадганын цагт буюу 07.40-11.40, 19.40-23.40 хооронд ходоодны галын илч багасдаг аль болох шингэхэд амархан, хөнгөн хооллох учиртай.

-Сүүлийн үед хоол зүйч гэж өөрийгөө цоллосон хүмүүс их болж. Өөрөө жингээ хасчихаад, өөрийнхөө хэрэглэсэн аргыг бусдад заах юм. Энэ хэр зөв хандлага вэ?

-Буруу шүү дээ, хүн бүр өөр. Хүн хүний биемахбодийн онцлогт тохируулан зөвлөгөө өгөх ёстой. Цаанаа ямар шалтгаанаар жин нэмж байгаа, мөн ямар суурь өвчин байгааг мэдэхгүйгээр хүнд зөвлөж болохгүй. Жишээ нь:

Хүмүүс даралт ихсэхээр 100 грамм тат гэж өөр дээрээ туршсан туршлагаа тулгадаг. Архи спиртийн судсыг тухайн үедээ тодорхой хэмжээгээр тэлдэг ч эргээд үзүүлэх хор хөнөөл ихтэй. Уламжлалт анагаах ухаанд цусны хувь их даралт, хий хуйн хувь их даралт гэсэн ойлголт бий. Архи дарсны төрөл хийг сайн дардаг. Тэр утгаараа хийн даралтыг бол дарчихна. Харин цусны даралт өөр. Цус бол халуун чанартай учраас улам хорлодог.

Уламжлалтад архийг хий гал махбодитой идээ гэдэг. Халуун чанартай хийн дээр халуун чанартай архи хийчихээр улам л хална. Тухайн үед судас тэлсэн ч эргээд харвалт өгөх эрсдэл ихэсдэг. Даралт иэхслээ гэж 100 грамм татчихаад, цагийн дараа гэртээ очоод харавчих магадлал өндөр. Хэн нэгний биед сайн байгаа зүйл бусдад сайн байх албагүй, бүр боломжгүй.

-Залуус нас бараад байгаа нь коронагийн вакцины нөлөөгөөр цус өтгөрснөөс болсон, цусаа шингэл, с витамин, шингэн сайн уу гэсэн зөвлөгөө их сонсогдох болж. Уламжлалт анагаах ухаан цус өтгөрөлтийн шалтгааныг хэрхэн тайлбарладаг бол. Цус өтгөрөлтөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Уламжлалт анагаах ухаанд хүний идсэн хоол унд ходоодонд очиж ялзмагтаад, нарийн гэдсэнд очиж боловсрогдон, бүдүүн гэдсэнд шимэгдэн тунгалаг, цөвд ялгарна. Цөв нь өтгөн, шингэн болж гадагшилдаг, тунгалаг нь элгэнд очдог.

Элэгнээсээ цус болж цусыг төлжүүлдэг юм. Цус нь махаа, мах нь өөхөө, өөх нь ясаа, яс нь чөмгөө, чөмөг нь эр, эм бэлгийн эсээ үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хүний биед долоон төрлийн тунгалаг үүсдэг гэж үздэг. Харин европын анагаах ухаанд цус дэлүүнд үүсдэг гэдэг. Товчхондоо цусыг үйлдвэрлэж буй үйлдвэрийг янзлахгүй бол тэндээс гарч буй бүтээгдэхүүн хэвийн болохгүй.

Элэг, дэлүү муу байвал тэндээс гарч буй цус ямар байх нь тодорхой. Муу цус нь махаа төлжүүлж байвал муу цуснаас мах тэжээл авч чадах уу гэсэн асуулт гарч ирж таарна. Энэ мэтчилэн буруу бодисын солилцоо явагдах нь бий. Хүн өвчлөмтгий байгаа нь ходоод, дэлүү, элэгтэй холбоотой.

Тэгэхээр тэндээс нь эхэлж эмчлэх ёстой гэдэг. Цус өтгөрөх гэдэг маань цусны зуурамтгай чанар ихсэж байгаагийн илрэл. Цайг олон дахин буцалгахаар өтгөрч ботгироод өнгөр нь савны хананд наалдчихдаг шиг цус өтгөрөхөөр судасны хананд өнгөр тогтоод цус гүйхэд хэцүү болдог. Зуурамтгай цусыг гүйлгэх гээд судас тэлж, агшина.

Хүний биед цусыг тарааж байдаг үүрэгтэй эрхтэн нь зүрх. Гэтэл нөгөө өтгөрсөн цус, нарийссан судаснаас болж зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Цус нь өтгөрсөн хүнд шингэн юм уу, аспиран С уу гэдэг нь цусны зуурамтгай чанар буюу бүлэгнэлтийг багасгаж буй хэлбэр. Цусны өтгөрөлтийг хэвийн болгоход элэг, дэлүүг эхлээд эмчлэх учиртай юм. Ийм тайлбар ярихаар хүмүүс “Би элэгний өвчтэй юм байна”, эсвэл “миний элэг зүгээр” гэдэг.

-Элэг дэлүүгээ дэмжихийн тулд хүн юу идэж, уувал зохистой вэ?

-Уламжлалт анагаах ухаанд дотор эрхтнүүдийг үлгэрлэн хэлсэн байдаг. Жишээ нь зүрхийг хаан, элгийг их хатан, дэлүүг бага хатан хэмээдэг. Их, бага хатан тайван бус байвал хаан тайван байж чадахгүй.

Элэг, дэлүү хоёр цусаа үйлдвэрлэдэг. Муу цус гарвал хаан буюу зүрхэнд халтай гэж үлгэрлэдэг юм. Уушгийг түшмэлээр зүйрлэдэг. Хаан тавгүй бол түшмэл хямарна гэхчлэн тун энгийн зүйрлэлээр эрхтнүүдийн уялдаа холбоог тайлбарладаг. Европын анагаах ухаанд ч цусны өтгөрөл уушгинд нөлөөлдгийг нотолсон.

Ер нь хүн элэг, дэлүү хоёроо хайрлахын тулд ходоодоо хайрлаж, зөв хооллох ёстой. Халуун хоолны араас хүйтэн зүйл уух, олон төрлийн хоол хольж идэх, эхний идсэн хоол шингээгүй байхад дараагийн хоолыг хэтэртэл идэх, байнга халуун ногоо хурц хоол хэрэглэх, эсвэл үргэлж хүйтэн шим тэжээл муутай хооллох, усыг хэтрүүлж уух, архи дарсыг хэтрүүлэх, сэтгэл санаа тайван биш үргэлж уурлах нь дотор эрхтнүүдэд өвчин үүсэх шалтгаан болно. Тэгэхээр тухайн эд эрхтнийг дэмжих гэхээс зөв хооллож сурах хэрэгтэй.

-Өрнийн анагаах ухаанд бага багаар өдөрт таван удаа ид гэж зөвлөдөг. Уламжлалт анагаах ухаанд зөв буюу зохист хооллолтыг хэрхэн харж тайлбарладаг бол?

-Уламжлалт анагаах ухаанд хүний ходооны галын илч гэх ойлголт бий. Ходоодны галын илч хүний мөн чанараас хамаарч гурван янз байдаг.

Жишээ нь хий мөн чанартай хүний ходоодны гал заримдаа их, заримдаа бага байдаг. Энэ нь заримдаа хоол сайн шингээд заримдаа шингэхээ больчихдог гэсэн үг. Шарын мөн чанартай хүний хоол нь маш сайн шингэдэг төдийгүй амархан өлсөөд байдаг. Бадганы мөн чанартай хүний хоол шингэхдээ удаан, өл даадаг байх жишээний. Энэ мөн чанараа мэдчихвэл тохируулаад хоолллох боломжтой. Мөн улирлын хооллолт гэж бий.

Ер нь байгаль хэзээ юу өгнө, тэрийг нь ид гэдэг дээ. Хүний биеийн мөн чанарт зориулаад байгаль цаанаас нь хоол ундыг нь өгдөг байх нь. Намар үр тариа, жимс ногоо боловсордог. Өвөл болохоор хүний бие махбодь илчээ алдахгүй гээд арьсны нүх сүв нь цаанаасаа хаагдаж, өөх хуримтлагддаг.

Тэр хэрээр доторх галын илч ихэснэ. Их галын илчийг хэвийн байлгахын тулд махан хүнс түлхүү хэрэглэх учиртай. Өвөл муу хоолллоод байвал их илч эрүүл тамирыг шатааж эхэлнэ. Тэр хэрээр дархлаа суларч, өвдөмтгий болдог. Уламжлалт анагаах ухаанд хүн 2 гарын алгыг нийлүүлээд тэнийлгэсэн хэмжээг өөрийнх нь ходоодны хэмжээ гэж үздэг юм. Ходоодыг 4 хувааж, 2 хувьд нь хоол, дөрөвний нэгд нь ус, үлдсэн дөрөвний нэг нь хоосон байлгана. Хоосон зай нь өөрийн үүрэгтэй.

Ходоодны галыг асааж хоолыг шингээх үүрэгтэй байтал бид хооллохдоо ходоодоо пиг дүүргээд, дээрээс нь нэмээд шингэн зүйл их уучихдаг. Бас өлсөөгүй мэдрэмжтэй байвал хоол идэх албагүй. Өөрөөр хэлбэл идсэн хоол шингээгүй байхад идэх хэрэггүй. Гурван цаг болоод л хоолллох ёстой гээд идээд байж байх нь зохистой хооллолт биш.

-Тувад амьдардаг Б.Баасансүрэн эрдэмтэн үргүйдлийн шалтгааныг шагайн чөмгөө царцаасантай холбоотой гэж тайлбарлаж байсан. Энэ шалтгаан уламжлалт анагаахын ойлголттой огтлолцох уу?

-Бидний бодисын солилцоо буюу тунгалаг цөвийн ялгаралтаас үүссэн 7 тамирын нэг чөмгөнөөс эр, эм бэлгийн эс үүсэж төлждөг. Тиймээс хүүхдэд чөмөг идүүлдэггүй, өндөр настнууд иддэг байсан нь үүнтэй холбоотой. Тэгэхээр чөмөгний төлжилт муу бол үргүйдэлд нөлөөлөх боломжтой л гэсэн үг.

-Ер нь уламжлалтад үргүйдлийн шалтгааныг хэрхэн тайлбарладаг вэ?

-Чөмөгтэй холбоотой ойлголт бол зөвхөн нэг шалтгаан нь. Үр тогтоход эцгийн улаан дусал буюу эр бэлгийн эс, эхийн цагаан дусал буюу эм бэлгийн эс дээр намш буюу сүнс нэмэгдэн, нэг цаг мөчид үйлийн үрээр учирна хэмээдэг.

Эр, эм бэлгийн эс хүчгүй байх нь жижигхэн шалтгаан. Цаад нарийн шалтгаан нь үйлийн үр. Амьдрал дээр нэг хүнтэй суугаад 10 жил болсон ч жирэмсэлдэггүй атлаа салаад өөр хүнтэй суунгуутаа жирэмслээд гурав, дөрвөн хүүхэдтэй болчихсон тохиолдол олон байдаг. Магадгүй тэр хоёр хүн хүүхэдтэй болох үйлийн үр бүрдээгүй байсан байж болно. Үйлийн үр бүрдээгүй тохиолдолд үр тогтох боломжгүй. Хамгийн гол шалтгаан нь энэ. Нөгөө талаар таван махбодийн бүрдэхгүй бол үр тогтохгүй.

Тухайлбал бэлгийн замын өвчтэй эсвэл эцэг, эх нь өвчтэй буюу таван махбодийн бүрдэл бүрдэхгүй бол үр тогтохгүй. Уламжлалтын ухаанаар жирэмслүүлэх голлогч нь эрэгтэй хүн байдаг учраас эмэгтэйчүүд жирэмслэхгүй байна гээд ирвэл нөхрийгөө цуг авчирч үзүүл л гэдэг. Магадгүй тэр эмэгтэй эрүүл атал нөхөр нь тамир муутай, түрүү булчирхайн өөрчлөлттэй, эр бэлгийн эсийн ялгаралт муутай бол жирэмслэхгүй байж болно.

Бодисын солилцооны асуудалтай, цус багатай, бөөрний тамир муу, эмэгтэйчүүд хий бүрэлдэх өвчтэй бол жирэмслэхгүй байх магадлал маш өндөр.

Сүүлийн үед манайхан савны хий гаргана, гаргуулна гэдэг болжээ. Гэтэл нарийндаа савны хий гэж зүйл байхгүй, харин эмэгтэйчүүдийн хий бүрэлдэх өвчин л бий.

Түүнчлэн эмэгтэй хүний сав умай, үтрээ, гуяны дотор тал гээд биеийн доод хэсгийг хий гүйх газар гэж үздэг. Уруу арилгагч хэмээх хийн үйлдлээр өтгөн, шингэнээ гаргах, барих, хүүхэд гаргах гээд бүх үйлдэл явагддаг.

Эмэгтэйчүүдийн ямар ч өвчин эмчлэгдэхгүй 1 жилээс дээш болчихоор хийтэй хамтраад хий бүрэлдэх буюу удаж, ужигарсан өвчин болж хувирдаг. Үүний 1 шинж нь хэвлийн доод хэсгээр дүүрэх, гэтэл үүнийг савны хий гээд гаргана гээд олон дахин оролдоод байдаг нь буруу зүйл. Яахав 1 удаадаа гаргахад зовиур намдсан мэт болох ч олон удаадаа бол буруудаж эхэлнэ. Үүнээс болоод сэтгэцийн өөрчлөлтөнд орсон эмэгтэйчүүд ч ирдэг.

-Иога, бясалгалынхан хүний долоон чакраны тухай их ярьдаг. Энэ ойлголт уламжлалт анагаах ухаанд яаж буудаг бол?

-Хүүхэд эхийн хэвлийд үүсэхэд гурван гол судас үүсдэг. Энэ гурван судлаар бидний биемахбодь төлждөг. Мөн хүний бие судас, хий, дуслаас тогтоно гэдэг. Хүний бие гэдэг нь хий, шар, бадган гэх гурван өөр дүр байдлаас бүрэлдэн тогтож, улмаар өсөн хөгжих явцад амин чухал эрхтнүүдэд төвлөрсөн судсан сүлжээ үүсгэнэ. Эдгээр сүлжээг үүсгэж буй цус, тунгалаг, мэдрэлийн 3 зүйлийн судас байна.

Энэ олон судасны бөөгнөрөлтэй цэгийг л чакра буюу наран сүлжээ гээд байгаа хэрэг. Эдгээр хүрднүүд нь их биеийн гол шугам дагуу тодорхой хэсгүүдэд оршдог бөгөөд бүгд өөрсдийн биемахбодид үзүүлэх үүрэгтэй байдаг. Бүүр нарийндаа цаашаа бясалгал хийхэд маш чухал нөлөөтэй юм.

-Хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав хий, шар, бадгана өвчнийг хөдөлгөдөг гэж ойлголоо, таны өмнө ярьсан яринаас. Яг тийм манай мэдрэмж хийг тэгж хямраагаад тийм өвчин үүсгэдэг гэх мэтээр энгийн жишээ зүйрлэл хэлээд өгөөч?

-Жишээ нь хүн хэтэрхий их юманд шунах, хэт их бодол, санаа зоволт, нойргүйдэл нь тархинд орших амь баригч хийг хямрааж, зүрхэнд нөлөөлдөг.

Ойрын жишээ гэвэл манай эмнэлэгт үргүйдлийн асуудалтай ирж байгаа хосууд “бид хоёр таван жил хүүхэд хүсэж байна” гэж ярьдаг. Гэтэл тэр их хүсэл нь хийг нь хөдөлгөх нөхцөл нь болсон байдаг. Хий ихэсвэл эмэгтэйчүүдийн хий ихэснэ, энэ нь эргээд хүүхэд олохгүй байх нэг шалтгаан болчихдог.

Бас хүүхнүүдийн турах хүслэн.. баахан мацаг барина, хүйтэн ус, шимгүй ногоо иднэ, энэ нь эргээд эмэгтэйчүүд болон зүрхний хийг хямрааж аажимдаа архаг өвчнүүд болон хувирдаг.

Мөн хий ихтэй, цус багадалтай, бөөрний тамир муу эмэгтэй жирэмсэн болвол хордлого их байдаг. Энэ хүртэл хийнээс болж олон зүйл үүсдэгийн нэг жишээ юм даа.

-Хүсэж хүлээгээд байхаар жирэмслээгүй атал тоохгүй хаячихаар хүүхэдтэй болдог гэж яриад байдгийн учир энэ байжээ?

-Жирэмслэхгүй байна гээд ороод ирсэн ээжүүдэд би “шууд жирэмслэхгүй ээ, эхлээд эрүүл болохоо бод. Жирэмсэн болвол тэр л биз, болохгүй бол тэр биз. Эсвэл хүүхэд өргөж, ав, үгүй бол хүүхдийн төлөө сайн юм хийгээд явж бай” гэдэг. Зарим нь ч “Ямар мэдрэл муутай юм бэ” гэж боддог байх, зарим нь “Үнэхээр тийм дээ” гээд уйлж, ойлгоод хүлээн зөвшөөрдөг.

Тэгж ойлгож хүлээж авах хэрээр хүн сэтгэлээ засаад эхэлдэг. Нэмээд хүн төрлийг олох нь хамгийн хэцүү зүйл тул БУЯН САЙН ХИЙ гэж зөвлөдөг.

Мөн хэт жингийн илүүдэлтэй бодисын солилцоо муу байсан хүмүүст эмчилгээ хийгээд, тохирох дасгал хөдөлгөөн тэр дундаа иог, балетаар хичээллээд жингээ хасаад эхлэхээр бодисын солилцоо эрчимжээд жирэмслэх тохиолдлууд их байдаг.

За тэгээд үр суулгахаар шийдсэн хосууд ч гэсэн 2лаа ажиллагааны өмнө заавал суурь өвчин болон тэр дундаа уламжлалтаар ходоод, бөөрний тамираа сайжруулах л хэрэгтэй шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img