2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Дамдины Жамьян: Галт шуурган дунд төрж өсөн, романаасаа болж алуулангаа алдаж явлаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, Монголын хаадын түүх судлаач, ШУА-ийн “Хубилай хаан” тэргүүн дээд шагналт сэтгүүлч, зохиолч, зөн билгийн романч Дамдины Жамьянтай саяхны нэг өдөр уулзаж хөөрөлдлөө. Говь-Алтай аймгийн Бугат сумын Өндөрийн булагийн харьяат Урианханы Хөх чоно овогт эл эрхэм “Хөх өвсний эгшиглэн” найман боть зохиол туурвисан бөгөөд “Чингис хааны мэнгэ”, “Өгөдэй хаан”, “Хубилай сэцэн хаан”, “Чорос” (Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны тухай роман), “Тэнгэрийн чулуу” (Амбагай сэцэн хааны тухай) “Хулан хатан”, “Мөнгөлөнгуа” (Гүр хаан Жамухын хатны тухай) зэрэг зөн билгийн туульс роман, кино зохиолууд бичиж уншигчдад өргөн барьжээ. Тэрээр “Сарны шувуу”, “Хөх өвгөд”, “Амраг чоно” гурван боть, “Би дараагийн зуунд эргэн ирнэ”, “Шинельтэй хүмүүс”, “Шаналант Хөх мөрөн” зэрэг сэтгэл зүй, бодол эргэцүүллийн романуудаа толилуулсан байдаг. Д.Жамьян эсээ нийтлэлийн “Далан мянган хүлэг морьдын тоос” (Монголын сэтгүүлзүйн 62 дугаар боть), өгүүллэг-туужийн “Хөх Хөхөлдэйн уул”, “Туулайн бөөр жимс”, “Жамьянгийн өгүүллэгүүд-1” түүврүүд хэвлүүлжээ. “Цагтаа ирээрэй” гэж аминчлан хэлж байсан тэрээр буурал шанхаа илбэнгээ “Дэлхий сүйрэх цаг болжээ” гэж хачирхалтай мэндээр угтав.

-“Дэлхий сөнөх гэж байна” гэж та ямар хачин юм ярина вэ?

-Ерөөсөө батлагдчихсан шүү дээ, энэ чинь.

-Яаж батлагдсан гэж?

-Дэлхийн бүх эрдэмтэд газрын тавцангууд гулгаад, халуун магма энэ тэр энд тэндээс цухуйгаад, бороо хур ороод, дэлхийн цаг агаар нэмэх хэмтэй болоод буйг бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Асар их бороо орж байна. Байгаль дэлхий маш сонин болж байна.

-Ээ, бөмбөрцөг дэлхий маань лавтайяа та бид хоёрыг амьд байхад арай ч “явчихгүй” байх аа?

-2036 онд дэлхий сөнөнө гээд дэлхийн эрдэмтэд, зөн билигчид хэлчихсэн шүү дээ.

-Майяачуудын тооллоор 2012 онд дэлхий сөнөнө гээд манайхан ч лаа шүдэнзээ базааж давхиад сүйд болцгоосон ч дэлхий ээж маань сөнөөгүй шүү дээ?

-Майяачуудын он тоолол хамаа байхгүй. Одоо бол шинжлэх ухааны үндэстэй юм би ярьж байна. Квант физикийн онолчдын маш олон жилийн судалгаагаар батлагдчихсан. Нарны шуурга болно. Дэлхий сүйд болно. Дэлхий сүйрэхэд чи бид хоёрт айх юм алга.

-Айхын зуургүй л юм болоод өнгөрөх байлгүй?

-Хэн ч айхын хэрэггүй гэв гэнэтхэн л юм болно. Хүн бол энэ сансар ертөнц, орчлонт ертөнцийн дэргэд өчүүхэн амьтан.

-Аа за, та ерөнхий философиороо л дэлхий сөнөнө, хүн бол үнэндээ өчүүхэн амьтан гэж л хэлэх гэсэн санаа юм байна шүү дээ. Тэр утгаараа ч энэ орчлонгийн бүхий л зүйл хаа нэгтээ, хэзээ нэгтээ алга болох нь тодорхой л доо…

-Хопкинс гэдэг эрдэмтэн “Дэлхийн мөхлийг зогсоох ямар ч арга байхгүй, цаг нь болсон, жам” гэсэн. Томоохон шашны сургаалуудад “Цаг нь болсон” гэж лүндэгнэсэн.

-Дэлхий чинь юун сөнөх, цэл залуухан гараг, өчнөөн тэрбум жилийн дараа л нар шатаж дуусах үед дэлхий мөхнө гэж сонсож байсан маань углуургаараа худлаа болоод явчих гэж үү?

-89 тэрбум жилийн дараа гэж ярьж байгаа биз. Тэр ч юу л бол. Одоо шинжлэх ухаанаар гаргаж байгаа дэлхийн давхрагын гулгаануудыг бүүр их нарийн гаргаж байна. Халуун магма олгойдож байгаа, шуурга ихсээд байгааг хар л даа. Хүн бол энэ их сүйрлийг яаж ч чадахгүй.

-Тийм сүйрэл боллоо гэхэд хэн ч байсан зогсоож чадахгүй л дээ?

-Хүн хэн юм бэ? Хүн бол юу ч биш. Ердөө л энэ дэлхий дээр байгаа араатан, жигүүртэн, гэрийн тэжээвэр амьтад, үстэй өт хорхой, эдний л ижил бодгаль шүү дээ. Тийм биз дээ?

-Тийм л дээ. Тэр тодорхой…

-Тэгэхээр шинжлэх ухааны үнэнд итгэх үү, “Юу л болбол болог” гээд зүгээр тайван байж байх уу. (инээв. Л.Б)

-“Дэлхий ингээд сүйрэх гээд байхад чи бид хоёр уран зохиолын тухай яриад сууж байна гэдэг утгагүй юм даа” гэж та нээрээ нэгэнтээ хэлж байсан. Тэр үгээ л батлах гээд ийм хол энхэл донхолтой замаар хөтөлж давхив аа даа, янз нь?

-Уран зохиолд насаараа шимтэж яваад, түүгээрээ амьдраад, амьсгалаад өдий дал гарчихсан хүнд тэрнээсээ гарах ямар ч өөр зам байхгүй. Уран зохиолоо яриад, уран зохиолтойгоо байж байгаад дуусна. Чи ч ялгаа байхгүй. Ийм л тавилан биднийг угтаж байгаа.

Бурхны сургаал, Библи, Коран гурван том шашны судрууд чинь хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээ юм. Сайн нарийн ажиглаад байвал энэ сургаалуудын тэн хагас нь уран зохиолын элементүүд. Ердөө л зохиол. Би эдгээр сургаалуудыг шүтэхийн тулд биш уран зохиолд ашиглахын тулд уншсан. Уран зохиол оролдож байгаа залуус энэ сургаалуудыг уншихгүйгээр хол явахгүй.

-Дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг уншихад ч гол түлхүүр нь болох юм даа…

-Ерөөсөө л энэ хэдэн сургаалыг унших хэрэгтэй. “Ариун Библи”, “Коран” судар, Буддагаа унших хэрэгтэй. Энэ гуравтай эн тэнцэхүйц том зохиол бол “Монголын нууц товчоо”. Би өөртөө зохиол бичих нэг арга олоод авлаа гэж бодоод байсан чинь тэр арга нь “Монголын нууц товчоо” л байсан байна.

-Ямар арга билээ?

-Зөн билгийн арга. Зөн билиг гэдэг “Монголын нууц товчоо”-нд дүүрэн байна. Монголчууд аль тэртээ арвангуравдугаар зуунд л зөн билгээр түүхээ ч биччихсэн, зохиолоо ч туурвичихсан байна шүү дээ.

“МНТ” бол монголчуудын, Чингис хааны алтан ургийн түүх ч мөн, Монголын уран зохиолын дээж бичиг ч мөн. “Нууц товчоо”-г уншаад үүн дээр л тоглолтоо хийдэг юм уу, найруулгаа хийдэг юм уу, зохиолоо бичих хэрэгтэй. Би сүүлийн үед зохиолоо бичихийн тулд, жаахан гүнзгийрэхийн тулд энэ бүтээлүүдийг ахин дахин уншъя гэж бодсон. Дахиад уншдаг л юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Монголын радиогийн бүдүүн дуут” хэмээн ард олноо алдаршсан яруу найрагч, сэтгүүлч Базарын Цэдэндамбаа гуай бид хоёр “Улаан од” сонинд хамт ажиллаж байсан. “Улаан од” сонинд манай хэлтсийн дарга нь генерал Пүрэвдорж байлаа. Хоёр ажилтан нь бид хоёр. Цэдэндамбаа гуай бид хоёр энд тэнд сурвалжлагаар их явна, уулзалт хийнэ. Алтанбулагийн Сангийн аж ахуй дээр очсон чинь оюутнууд үтрэм дээр ажиллаж байна.

-Хоёулаа уран зохиолын зөн билгийн арга олсон тухай ярьж байсан даа?

-Биднийг очсон чинь талбайд энд ч нэг их төмс, тэнд ч нэг их төмс, энд тэндгүй төмснүүд хаягдчихсан хэвтэж байна.

Дамбаа нэг том төмс авлаа. “Хайя, залуучууд наашаа хүрээд ир. Энэ юу вэ” гэлээ. Нөгөөдүүл чинь нүд нь бүлтийгээ л. “Төмс, төмс” гээд энд тэндгүй л хэлцгээлээ л дээ. “Төмс биш ээ. Өөр маягаар хэлээдэх” гэсэн чинь дуугарах хүн олддоггүй. Цэдэндамбаа гуай нөгөө төмсөө өргөөд “Энэ чинь алт. Би яагаад алт гэж байнав гэхээр хүн төрөлхтнийг энэ төмс чинь өлсгөлөнгөөс аварсан юм.

Гэтэл таанууд энд тэндгүй алтаа хаячихсан, дээгүүр нь гишгээд байж байдаг. Ингэж болохгүй ээ” гээд хэлэхэд бүгд ичингүйрэн ухасхийн төмсөө ганцыг ч үлдээлгүй түүж байсан. Энэ чинь л уран зохиолын нээг их гоё дүр болоод сэтгэлд үлдчихэж байгаа юм.

-Цэдэндамбаа гуайн тэр “Төмс алт” гэсэн үгээс хүний хөдөлмөрийн үнэлэмж, юутай ч харьцуулшгүй цаг хугацааны үнэ цэн, бусдын хөдөлмөрийг хүндлэн үлгэрлэж буй монгол уугуул ухаан байж гэж өчнөөн олон зүйлийг ургуулан бодож болж байна л даа. “Эрүүл хооллолт чухал. Төмс ямар ч шим тэжээлгүй. Таргалуулдаг” гэж ярих болсон өнөө цагт төмсийг алт гэвэл тэгтлээ үнэмшилтэй буухгүй л болов уу?

-Чихрийн шижинтэй улс идэж болохгүй энэ тэр гээд олон л юм ярьдаг. Хүн төрөлхтөн маань өлсөж үхэхгүй байхыг бодсон байна шүү дээ. Тэгээд тэр Канадын нутгаас газар ухаж байхад олдсон амархан ургадаг, тэжээлтэй зүйлийг энд тэндгүй нутагшуулж дээ. Лениний нэртэй төмс хүртэл бий шүү дээ, “Искра” нэртэй. Марксын нэртэй “Эгч дүү гурав” гэсэн улаан хальстай төмс байна.

Манай Борнуурын Сангийн аж ахуйд тарьдаг “Астилло” төмс гэх мэтээр төмсний түүхийг ярихаар дэлхий дахин, хүн төрөлхтөн өлсгөлөнгөөс аврагдсан түүх яригдаад явчихна. Цэдэндамбаа гуай яагаад үүнийг ярьж байна гэхээр уран зохиол бол бодитой гэдгийг батлаад байгаа. Уран зохиол гэдэг чинь реалист юм шүү дээ гээд байгаа юм. Уран зохиолд хийсвэрлэх, модернист хандлагатай салбар урсгалууд байна. Тэрэн дотор хамгийн хүчтэй урсгал нь бодит үнэний тухай өгүүлдэг реализм. Хүн харин янз бүрээр илэрхийлж болно.

-Та уран зохиол гээч юмыг анх яаж мэдэв, амт шимтэнд нь яаж оров?

-Миний төрсөн нутаг Говь-Алтайн Бугат сум гэдэг чинь битүү уулан дотор байж байдаг говийн ч юм шиг, уулын ч юм шиг газар шүү дээ. Тэр их уулс. Асар их хүчтэй салхи салхилдаг. Галт шуурга болдог. Бараг долоо хоногтоо нэг удаа галт шуурга болдог нутаг.

-Галт шуурга гэж та юуг хэлээд байна. Говийнхны нөгөө сүрхий угалз биш үү?

-Элсний ширхгүүд хоорондоо ингээд (хоёр алгаа маш хурдтай хооронд нь үрж үзүүлэв. Л.Б) хавиралдан үрэлдэж гал цахиулан шуурахыг хэлж байгаа юм. Ингэж гал цахилуулан шуурахад айлын гэрүүд унадаг, тийм галтай очин шуурга.

-Говийн угалзаас тэс өөр байх гэж байна. Цахиур элснүүд л хоорондоо хавиралдаад байх нь байна шүү дээ?

-Тийм тийм. Тэр их галт шуурга чинь нэг өдөр болоод өнгөрчихгүй. Бүтэн долоо хоног үргэлжилнэ. Тэгээд намдана. Долоо хоног амсхийснээ ахиад маналзтал шуурна. Би бол тийм галт шуурган дунд өссөн хүн байхгүй юу.

-Хавар л тэгж их шуурах уу?

-Хавар биш ээ, жилийн дөрвөн улиралд ийм байдалтай байдаг. Айлуудын гэр орон чинь орвонгоороо доошоо цөмчиж унаад л, туурга дээвэр салбачиж хийсээ л. Ийм л хатуу байгаль дунд өссөн. Ийм л хөдөө ахуйд уран зохиол мохиол гэж ямар юм байхав дээ. Миний анхны уншсан ном “Давид Копервейлд” байсан. Тийм нэг номын санд байв. Тэндээс надад нэг их юм үлдээгүй.

Сургуульд суухад уран зохиол, шүлэг мүлэг орлоо. “Намрын шар нар над дээр, чам дээр тусна”, “Миний хэнз хурга магнай халзан зурвастай…” гээд Нацагдоржийн шүлгүүдийг уншлаа. Ингэж бидний толгойд уран зохиолын оч харваж байгаа байхгүй юу. Нөгөө хөдөөний мал маллаж байсан, тэр их галт шуурган дунд хүн болсон хүүхэд чинь “Ийм сайхан юм байдаг юм байжээ. Гоё юм байдаг юм бэ” гэж уран зохиолд шүтэж байгаа юм. Тэгэхэд найман настай байж.

-Хэдэн он билээ?

-Тавин найман он. Би нэгдүгээр анги. Гэтэл манай авга ахын хүү Далхаагийн Норов гуравдугаар анги. Бид хоёр уг нь нас чацуутан ч эгчийг нь сургуульд оруулахдаа зургаан настайд нь хамт суулгачихсан байгаа юм.

-Та хоёр чинь хамаатан садан, үе чацуутан байх нь ээ?

-Аав ээж нь охиноо айлд суулгахгүй гэхдээ дүүтэй нь сургуульд оруулчихгүй юу. Тэгсэн Норов маань “Шүлэг гэж сайхан юм байна. Хоёулаа ер нь шүлэг бичье” гээд хадан толгой дээр суугаад шүлэг бичдэг юм боллоо.

Тэр шүлэг маань гэвэл
“Түмэн олны хөгжил
Түүдэг галаас түргэн
Төрүүлж өсгөсөн Чойбалсан
Түүнээс илүү ачтай” гэсэн дөрвөн мөрт байлаа. Ангийнхаа багшид үзүүлсэн чинь “Энэ Жамьян сайн байна” гэж магтлаа. Сургуулийн коридорт Маркс, Энгельс, Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан энэ зургаан хүний зураг л байж байдаг сан. Энэ зургаа чинь тухайн үедээ бурхан байсан болохоор л би тийм шүлэг бичсэн хэрэг. Бурхан гэснээс бага байхад манайд нэг өвгөн ирсэн.

Ээж маань “Газар ээждээ үнсүүл” гэлээ. Духан дээрээ үнсүүлтэл “Цаашаа хар” гэсэн. Тэгээд шилэн хүзүү рүү үлээсэн. Тэр хүн манай нутгийн Урианханы Жүмбэ гэдэг эрдэмтэй том хувилгаан лам байсан юм билээ. Намайг сүүлд цэрэгт явсан хойгуур аав ээжид маань “Би эх барьж авсан хүүгийнхээ замыг засчихсан. Идэх хоол, өмсөх хувцастай явна. Санаа битгий зов оо” гэснээр л өдий хүртэл сайн сайхан амьдарч явна.

-Тэр хувилгаан таныг эх барьж авсан хүн байжээ?

-Ганцхан хүүхэд эх барьж авсан нь би юм билээ. Тэгээд надад нэр өгсөн. Манай нутагт Их Жамьян, Бага Жамьян гэж хоёр уулын дунд байдаг Өндөрийн булаг гэж газар төрсөн хүн. Миний нэр чинь тэр хоёр том хайрханы нэр байгаа юм.

Жамьян гэдэг чинь түвдээр урлаг уран сайхны бурханы нэр, самгарьдаар Манзушир юм байна. Монгол оноосон нэр нь Зөөлөн эгшигт гэсэн үг шүү дээ. Жүмбэ өвгөний хамаатнууд нь сэтгүүлч, зохиолч Б.Галааридаас өгсүүлээд байна. Манай аав, Норовын аав Далхаа хоёр чинь үеэлүүд. Цэрэгт хамт мордоод Далхаа ах Архангай аймагт, аав Завхан аймгийн Улиастай хотод хуваарилагдсан байдаг.

Уулзалгүй явсаар Хятадын Жэхэ хотыг чөлөөлөөд нэг том голын хөвөөнд хоёр талаасаа биенээ таниад сүйд болсон гэдэг. Тэр хоёр “Аавыгаа, ээжийгээ санаж байна” гэж ярилцаж сэтгэлээ онгойлгож дээ. Төрсөн ах дүү, төрсөн эгч дүүсийн хоёр талын барилдлагатай улс байхгүй юу. Цэргээс хоёр аав минь хамт халагдаж ирцгээсэн юм билээ. Аав маань багийн даргын алба хашсан. Тэр үеэр л Норов бид хоёр 1950 онд төрөхгүй юу. Би зургаан сарын 15-нд, Норов долоон сард зуслан дээр төрсөн байдаг.

-Ангийн багшдаа нэг алгадуулсан гэдэг чинь ямар учиртай билээ?

-Чойбалсангийн тухай шүлэг бичсэндээ урамшсан би тухайн үед залуучууд дуулдаг байсан “Хайлаар мөрнийг байхад
Харзны уснаас уухгүй дээ
Ханилсан амрагийгээ байхад
Хавьтсан бүхэнтэйгээ учрахгүй дээ хө” гэсэн завхай дууг хуулж аваачиж өгч үзүүлээд ёстой нэг гал манартал алгадуулсан даа. Тэрний дараахнаас “Дорно зүгээс нар мандлаа. Хятадаас Мао Зе дун төрлөө” гэж хэсэг дуулдаг байсан. Манай нутаг хилийн сум ч гэсэн хятадгүй сум байлаа. Мөнх гэж хятад байсны ганц хүү байж байгаад муу үзэгдээд.

-Муу үзэгдэх гэж юу гэсэн үг билээ?

-Хулгай зэлгий хийгээд, адуу мал хөөгөөд муу үзэгдэхгүй юу. Нутгийнхан үзэхээ байчихсан чинь авгай хүүхдээ аваад Хэнтийн Хурхын сангийн аж ахуй руу нүүчихсэн юм билээ.

-Төрийн шагналт зохиолч, Монголын хүүрнэл зохиолын их инжеан, тууж өгүүллэгийн мастер Далхаагийн Норов хоёр үгийнхээ нэгэнд таны тухай ярих гэдэг хүн байлаа. Та хоёр анхны уран бүтээлүүдээ хэнд анх үзүүлж байв?

-Уран бүтээл гэхээр Норовыг ярихгүйгээр ерөөс болохгүй. Бид хоёр Сэнгийн Эрдэнэ зохиолч дээр яваад очлоо. Нэг оройжингоо яруу найрагч Гайтав гуайнд хамт сууцгаалаа. Их дэлгүүрийн урд талын байранд гэрт хүргэж өгч байлаа. Норов маань тэр үед Говь-Алтайн аймгийн Шарга сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч байсан. Дөрвөн бригадын эмч нараа хариуцдаг мундаг амьтан. Норовын эх барьж авсан анхны хүүхэд чинь Цагааны Оюундарь шүү дээ.

-Сэтгүүлч Мятавын Цагааны Оюундарь уу?

-Их сонин түүх шүү дээ. Цагаан гуай чинь Шарга суманд малын эмч байсан хүн. Би тэр үед офицер болчихсон байлаа. “Тарианы үр” гэж миний анхны өгүүллэг 1971 онд “Улаан од” сонинд хэвлэгдсэн. Удалгүй “Залуучуудын үнэн” сонин харж байсан чинь Норовын “Наран булаг” гээд өгүүллэг гарчихаж.

Ингэж бид хоёр өгүүллэг бичиж уран зохиолд хөл тавьцгаасан. Ёндондүйчир генералын тушаалаар жирийн нэг ахлах дэслэгч би 1976 онд “Улаан од” сонины тусгай сурвалжлагчаар томилогдсон азтай. Ядмаа, Дамдиндорж гэдэг хоёр ачтай хүний тус байсан даа. 1978 онд “Шинельтэй хүмүүс” гэж роман 28-хан насандаа бичлээ.

-Тэр роман чинь тухайн үедээ хэвлэгдсэн үү?

-Тэр романаас болж “Цэргийн хэлмэгдэл бичлээ” гэж матуулаад алуулангаа алдсан шүү дээ. Цэргийн архивын дарга, хурандаа Дүйнхоржав, цагдаагийн хурандаа Цэдэндорж (Өвөр Монголд байсан Монголын дотоод тагнуулын газрын дарга) гуай хоёртой архи ууж, их буу халдаг байсан.

Тэндээс ховор нууц материал олж аваад бичсэн роман байхгүй юу. Харин азаар хэлмэгдчихээгүй. Бичснээсээ хойш 43 жилийн хойно 2021 онд бүх юм ил болсон хойно хэвлүүлсэн.

-Юун тухай роман байв?

-Алдарт 22дугаар морьт хорооны тухай юм. Нөгөө Бадарчийн хорооны эмгэнэлт үйл явдлыг бүх юм нууц байхад ил болгож бичсэн. Цэргүүдийг бүгдийг буудаж алаад, туламласан нүхэнд булаад морин цэргээр шарил дээгүүр нь гишгүүлсэн байдаг.

Хороон дарга Бадарч “Би эх орныхоо өмнө гэм хийгээгүй. Бууд та нар” гээд буудуулсан. Улстөрийн орлогч нь Цэдэн-Иш гэж хүн сүүлд Дорнодод байж байгаад нас барсан шүү дээ. Чи бараг сонссон байх.

-Сэтгүүлч Пүрэвийн Хашчулуун анд маань тэр гунигт явдлын талаар тодорхой бичсэн байдаг юм шүү…

-Тэр эмгэнэлт явдлын тухай чинь бичээдэхлээ. М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн яруу найрагч, жүжгийн зохиолч Даваасүрэнгийн Чинзориг Дүйнхоржав гуайн хэлтэст, доор нь ажиллаж байсан юм. Мань эр чинь дор нь “Цэргийн хэлмэгдэл хусаад хаясан байна” гэж дор нь мэдээлээд. Даваасүрэн хошуучийнд очиж дэмий ярьж байгаад ам алдаад хэлмэгдэл хусаад хаячихсан болоод онгирчихгүй юу. Залуу ч байсны гор.

Тэр үед чинь хэлмэгдлийн тухай ярьсан хүнийг мэдээлж л байвал ажлаа сайн хийсэнд тооцогддог байлаа шүү дээ. Тэр бол Чинзоригийн муугийнх биш үндсэн ажлынх нь онцлог байлаа даа. “Цэргийн хэлмэгдэл дахиад бичихгүй” гэж гарын үсгээ зурж байж нэг юм ажилдаа үлдсэн. Өмнө нь би Зүүнбаянгийн дивизэд офицер байхдаа асуудалтай байсан болохоор юун романаа хэвлүүлэх, хүнд харуулах манатай юм болохгүй юу.

-Зүүнбаянд та ямар хэрэг бас тарьчихсан юм?

-Сайншанд-Зүүнбаян хоёрын хооронд байдаг Шарилан уулыг 1973 онд би тахьсан юм.

-Уул овоо тахих чинь ёстой хориотой байсан үе шүү дээ?

-Есөн офицер дагуулж очин, овоо босгоод, нар зөв тойрч жагсаалаараа алхаад, идээ будаа тавьж, арц хүж уугиулж, архи дарс ууж, “Үлэмжийн чанар”-ыг дуулан уул усны эзэн сангуудыг цэнгүүлж баясгахгүй юу. Хамрын хийд дээр хүн очдоггүй байхад үргэлж очно. Тэгж байтал Зүүнбаянд 1976 онд Чулуунбазар багшийнд яруу найрагч Ренчиний Чойном яваад очихгүй юу.

-Өө бүр, төр засгийн дугаар нэг дайсан болсон аугаа их найрагчтай бүр холбогдоод авдаг, тавилан юм аа?

-Хоёр гурван офицер “Чойном ирчихсэн байна” гэлцэж байна. Гурван офицер дагуулаад аяга, сүү, хуучин самбай хадаг, найман шил архи аваад очлоо. “Тантай танилцъя” гээд сүүтэй аягаа хадагтайгаа өргөн барилаа. Чойном сүүнээс нь нэг амсчихаад “Ирдэг чинь сайн. Их баярлалаа. Ах нь зовлон үзээд явж байна. Ингэх хэрэггүй байсан юм. Би та нарын өмнөөс айж байна. Та бүхэн миний зүсийг харлаа. Би хоёр дуу дуулж өгье” гэж гитар цохин дуулж, хэдэн шүлэг уншсан.

-Чойном найрагч ямар хүн байв?

-Нээх эцэнхий, муу хариугүй тийм туранхай, улаан хацартай, тийм их өрөвдмөөр хүн байсан. Халимаггүй шахуу байсан санагдана. “Би эхнэр авахгүй” ч бил үү нэг их урт найраглал уншаад биднийг үдсэн. Бид явахгүй гээд ч яах билээ. Маргааш ангидаа байж байтал бригадын улстөрийн хэлтэс дээр дуудлаа. Яваад очлоо. Дотоод яамны ахмад Доохүү гэдэг төлөөлөгч “Энэ чинь ноднин ууланд овоо босгоод тахиад байсан нөхөр байна. Ёстой нэг архаг ламын хүүхэд байх нь ээ. Чамайг чинь зүгээр нэг жаахан залуу гэнэдээд овоо босгосон гэж бодсон чинь жинхэнэ ангийн дайсан аюултай этгээд байна чи.

Чойномд аягатай сүүг чамайг барьж өгсөн гэж байна шүү дээ. Тэр айлд чи түрүүлж орсон гэж байна шүү дээ” гээд бөөн юм боллоо. Нөгөө гурав маань айхдаа “Жамьян л сүү хадаг барьсан” гэхгүй юу. (инээв. Л.Б) За тэгээд үндэсний үзэл мүзэл яриад бөөн юм боллоо. Тэгээд Зүүнбаянгийн дивизийн гурван мянган цэргийг жагсаагаад үзлэг хийлээ.

-Юун үзлэг хийж байгаа юм?

-Юу байх юу байхав, “Чойномын шүлэг цэргүүдээс гарч ирвэл чамтай тооцоо хийнэ” гээд нөгөө Доохүү төлөөлөгч шүд зуугаастай. Тэгсэн чинь “Диваажин” гэдэг шүлэг наян цэргээс гараад ирлээ. Гутлын түрийндээ хийчихсэн, бакиалынхаа уланд дэвсчихсэн, энд тэндгүй л хадгалчихсан байж.

Хүний оюун санаа гэдэг чинь аймшигтай шүү дээ, юунд ч хоригддоггүй зүйл байхгүй юу. Тэгээд шийтгүүллээ. Хатуу донгодууллаа. Хүчтэй сануулга авлаа. Би ч “Офицер болоод олигтой гийгүүлсэн ч юмгүй өнгөрлөө” гэж бодож байлаа. Тэгсэн “Хятадтай ойрхон хилийн гарнизонд байлгаж болохгүй. Ховд руу шилжүүллээ” гэж байна. Ховдод яваад очлоо.

1974 онд Ховдод очоод хоёр жил болж байтал гэв гэнэт “Улаан од” сонинд татаж авсан байхгүй юу. Ирээд жаахан орчуулга хийж, найруулал бичиж сурлаа. Норов маань 1979 онд МУИС-ийн оюутан болж ирэхэд “Түмэндэмбэрэл гуайн тухай нэг найруулал бичээд ир” гэлээ. Найрууллын шагнал 50 төгрөг байлаа. Оюутан хүнд их мөнгө л дөө. Удалгүй “Мөнхийн дуудлага” туужаа бичлээ.

-“Цог” сэтгүүлийн оны тэргүүн шагнал авсан бил үү?

-Тэгсэн. Манай хүн чинь МУИС-д ирэнгүүтээ л нөгөө мундаг туужуудаа бичээд эхэлсэн. “Үхэл хүлээх газар” гэдэг туужаа энэ үед бичсэн. “Шоронгийн албан хаагч шоронд байгаа хүн шиг амьдралтай болчихдог юм байна” гэсэн чинь “Сайхан даа хө. Наадахь чинь зохиол болох юм байна” гээд бичиж байсан. “Эцсийн тушаал” жүжгийнх нь гол санаа болсон материалыг цэргийн хүн болохоор би л Норовтоо авчирч өгч байлаа.

Ингэж л бид хоёр уран бүтээлээрээ нэг нэгэндээ нөлөөлж явлаа даа. Түүнийгээ бурхан болоход “Норов минь чи надад бөөн нулимс үлдээлээ дээ” гэж л эмгэнэж харууслаа даа. Дүү нарыг нь би “Норов мөнх. Үхээгүй. Мөнхийн хөшөө дурсгалаа зохиол бүтээлээрээ босгосон мөнхийн хүн” гэж аргадсан.

-Та уран зохиолын бүхий л төрлөөр бүтээл туурвижээ?

-Би өгүүллэг, тууж, роман олныг бичсэн. Нэг л гэм нь кино л бичиж чадсангүй дээ. Яахав, Америк, Оросуудын хийсэн Чингис хааны тухай хоёр ч кинонд ажилласан ч өөрийн гэсэн тулхтай кино бүтээл л гаргаж чадаагүй хүн. Кино зохиол олныг бичсэн ч кино болгож чадаагүй. Урлагийг илэрхийлэх хамгийн гол юм чинь кино урлаг юм байна.

Монголын хамгийн адармаатай, ааштай, авьяастай их найруулагч И.Нямгаваагийн дэргэд тэгэхдээ би кино зохиолчоор 15 жил тэссэн юм шүү. Японтой хамтарсан “Бөртэ чино”, Орос, Америк, Монголын хамтарсан “Чингис хааны нууц” гэж ийм хоёр кино хийх шив дээ. Амьдрал гэдэг чинь нэг харахад аугаа ч юм шиг, нөгөө анзаарахад өчүүхэн ч юм шиг зүйл шүү дээ.

-Таны амьдралыг анзаарахад бас л түмэн янзаар солонгорсон байна шүү. Чойномоос болж хэлмэгдэж ч байх шиг. Амьдрал чинь харин бодит кино юм биш үү?

-Би тэрийг хэлмэгдэл гэж үздэггүй. Би сайн дураараа сонгосон зам. Чойном гуайтай би өөрийн дуртайдаа л очиж уулзаж танилцсан. Энд юуных нь хэлмэгдэл байх вэ. Намайг ямар хорьж бариад, шийтгэж, шорон оронд хийчихсэн биш. Тэрэнд бол ямар нэгэн гадны нөлөө огт байхгүй. Юу бичих нь л сэтгэл зүрхний асуудал шүү дээ.

-Сэтгүүлч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй таны зохиол бүтээлүүдийг ахуйн сэдвээс хэтийдсэн зөн билгийн жигүүртэй гэж ихэд тоон үнэлдэг юм билээ. Та өөрөө юу гэж боддог вэ?

-Миний бүтээлүүд ахуйн хүрээний биш. Тийм жаахан сэтгэлгээний шинжтэй. Зөн билгийн гэдэг чинь оюун санааны л урсгал гэсэн үг шүү дээ. Энэ чиглэл рүү би бүр эртнээс орсон. Надтай нэг цаг үед амьдарч, бүтээж туурвиж явсан Гүржавын Нямдоржийн бүтээлүүд сэтгэлгээний чиглэлдээ орно. Зөн билгийн сэтгэлгээний аргыг би нээчихлээ гэж бодож байсан чинь биш байсан.

-Түрүүнд нь хүн нээчихсэн байж уу?

-Аль тэртээ арвангуравдугаар зуунд “Монголын нууц товчоо”-г зөн билгийн аргаар бүтээчихсэн мундаг ард түмэн байж.

-Хаад, хатдын сэдэвтэй олон роман бичсэн дээ?

-Монголын хаадын оюун санааны чиглэлээр арав гаруй роман бичсэн. “Чингис хааны мэнгэ”, “Өгөдэй хаан”, “Хубилай цэцэн хаан”, “Тэнгэрийн чулуу”, “Хулан хатан” гэсэн түүхэн романууд юм. Хубилай хаан Монголын тавдугаар их хаан атлаа яагаад өнөөдөр Чингис хааны зүүн талд баримал байна вэ. Хубилай хааны хөшөөг энд байрлуулахад академич Ш.Бира гуай маш том нөлөө үзүүлсэн. “Хубилай бол соён гэгээрүүлэгч, дэлхийд соёлын хувьсгал тарьсан, одоо дэлхий Хубилайг судалж байгаа, дөрөвдүгээрт Хаадын хаан бол Хубилай хаан” гэсэн үндэслэлүүдийг гаргаж тавьсан.

Бид хоёрын яриа эхлэх үед яригдсан зөн билиг гэдэг ойлголтдоо хоёулаа эргэж ирж байна аа даа. “Монголын нууц товчоо” бол огт тайлагдаагүй, задаргаа хийгдээгүй зохиол юм. “Ариун Библи” шиг, “Коран судар” шиг дэлгэрэнгүй болоогүй бүтээл. Тухайлбал, Батцагаан нэртэй хүмүүн төрлөө гэдэг. Гоомарал, Бөртэ чоно хоёр нүүн ирээд Добу мэргэн Алангуаг эхнэрээ болгож суулаа гэж явсаар Хамаг Монголын хаан Тэмүүжин болсон гээд л… Энэ тухай яаж зохиол бичих вэ гэхээр түүхэн санаа бүхнийг ургуулан бодож задлахыг зорих учиртай. Энэ нь зөн билгийн чиглэл.

Би Галдан бошигт хааны тухай “Чорос” гэж роман бичсэн. Энэ хүний тухай түүхэнд “Уулгалан дайрдаг, алан хяддаг, аюултай нөхөр байж. Халхыг даваад Манжтай байлдаж яваад сүйрсэн” тухай бичсэн бий. Тэгвэл миний романыг уншсанаар Галданбошигт бол буддын гүн ухааны таван эрдмийг нэвтэрхий мэдэж гэгээрсэн, Богд Зонховын суудалд суусан ганц монгол хүн. Ширээт ламын суудалд заларсан шашны том мяндагтан. Гэтэл нөгөө гэгээрсэн хүн чинь байлддаг цэрэглэдэг хаан хүн болсон.

Бас буддын ухаанд суралцаж байхдаа сэлэмний эрдэмд мундаг суралцсан хоёр талтай эрхэм хүмүүн. Хааны хувьд ч гайхамшигтай хаан байсан. Галдан бошигт тэнгэрт халиад гурван зуун жил гаруй болоход Монгол Улс, Өмнөд Монгол, Халимаг, Буриад, Тува таван Монгол байна уу? Байна. Галданг мөхөөсөн гээд байсан Манж байна уу? Байхгүй. Ийм л мундаг бошго ерөөлтэй хаан байсан.

-Таны дүү зохиолч Дамдины Пүрэв тань бас л олон роман бичсэн зохиолч доо?

-Арван долоон роман бичсэн хүн. Манай дүү чинь Монголын том хувилгааны дэргэд бараа бологчоор олон жил болсон, эмч хүн шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img