2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

СГЗ С.ЛОЧИН: Цөөнгүй сэтгүүлч бусармаг явдалтнуудыг хаацайлж, тэдэнд худалдагджээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Д.Нацагдоржийн шагналт эрдэмтэн зохиолч, Ж.Цэвээний шагналт сэтгүүлч, орчуулагч, их, дээд сургуулиудад дөч гаруй жил багшилсан Сономын Лочин гуайтай гуравдугаар хороолол дахь гэрт очиж хөөрөлдөж байсан минь саяхан мэт. Гэвч, цагийн жам эргэж Монголын эрдэм билэгт энэ хүмүүн 2021 онд тэнгэрт дэвшжээ. Түүний хэлж ярьсан бүхэн хойчийн зохиолч, сэтгүүлч, бичгийн хүмүүст үлгэр болох биз ээ.

-“Монголын эртний уран зохиол. Эрт цагаас ХХ зуун хүртэл” хэмээх томоохон бүтээлийнхээ өмнөтгөлд та “Элдэв гуншингаа тоочилгүйгээр Сономын Лочин гэгч би бээр тэрлэв” гэж бичсэн байсан. Гуншингаа чамлаад бүх цол зэргээ бичээгүй юм уу?

-Тийм нүгэлээс бурхан намайг хэлтрүүлэх биз ээ. Би П.Очирбатыг Ерөнхийлөгч байх үед “Үнэн” сонинд П.Очирбатад хандан “Паалантай төмөр, жонхуутай хавтас хоёрт хууртдаг үе өнгөрсөн” гээд бүтэн нүүр бичиж байсан хүн шүү дээ.

Тэр өгүүлэлдээ би “1991 оны “Ардчилал” сониныг сөхөөд үзээрэй. ”Паалантай төмрийн” талаар 1991 оноос бүр урьд 1970-аад оны үеэс ярьдаг байсан…” гээд л шагналын тухай шалдан үнэнийг хэлсэн байгаа даа.

Тэгэхлээр би шагнал гэдэгт тэртээ 1970-аад оноос хууртахаа больсон хүн байгаа биз. Элдэв хүний толгойтой, толгойгүй төмөр зүүж байснаас тэр цагт ховор олдоцтой байсан хоолны халуун саваар шагнадаг нь хүндээ илүү хэрэгцээтэй байсан гээд жишээлсэн байгаа даа. Би оросуудын хэлдгээр “дают бери, бьют беги” гэдэг үгийг л дагадаг хүн. Шагналын төлөө хуруугаа ч хөдөлгөж байсангүй.

Би өөрийнхөө хөдөлмөрөөр 1981 онд дэд эрдэмтний, 1999 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ бол шагнал биш, эрдмийн зэрэг. Хэн нэгэн зарлиг гаргаж өгөөгүй. Миний эрдмийн ажлын удирдагч нь Л.Түдэв багш байсан. Тэр хүн л намайг эрдмийн ажилд чиглүүлж, зааж сургадаг байлаа.

Эрдмийн зэргийг нь хамгаалсан тул 2001 онд дэд профессор, 2003 онд профессор цол хүртэж байв. Татгалзаж байгаагүй шагналын тухайд гэвэл, Ц.Элбэгдорж шиг ганзагалж яваад тариан талбай дээр тараадаггүй байсан цагт буюу 1990 онд “Алтан гадас” одонгоор, 2006 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулсан. Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн медалиуд бий.

“Хэвлэлийн тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг бас бий.

-Уран зохиол, сэтгүүлзүй, шинжлэх ухаан, орчуулга, ном хэвлэл, сурган хүмүүжүүлэх гээд олон салбарт юм юм л хийсэн хүн гэдгийг чинь олон түмэн мэднэ. Бага наснаасаа уран зохиолч болно гэсэн бодолтой байв уу?

-Зохиолчийн авьяасын бяцхан илрэл сургуульд орох үед л байсан шиг бололтой. Нэгдүгээр ангид орчихсон байхдаа нэг удаа оройжингоо нэг юм зураад, түүнийгээ урж хаячихаад дахин дахин зураад байхлаар ээж минь “Миний хүү юу зураад байгаа юм” гэж асуухад нь “Багш гэдэг тэр гошийсон улаан дээлтэй юм чинь хүн зураад ир гэсэн, зурж чадахгүй юм” хэмээн хариулж байсан гэж ээж минь хожим ярьдаг байж билээ. Нэгдүгээр ангийн хүүхэд байхдаа багшийгаа “гошийсон улаан дээлтэй юм чинь“ гэж “тодорхойлж” байсан минь зохиолчийн ямар нэг өчүүхэн юм байсныг харуулж буй мэт бодогддог.

-Уран зохиолд хөтөлж оруулсан багш тань хэн байна?

-Надад олон багш бий. Намайг уран зохиолд хөтөлж оруулсан Л.Түдэв багшаа хамгийн түрүүнд нэрлэнэ. Араас нь залгаад тоочвол Сормууниршийн Дашдооров, Лхамсүрэнгийн Чойжилсүрэн, Санжмятавын (Шанжмятавын)Гаадамба, Цэвэгжавын Хасбаатар гээд олон багштай. Би гэгч амьтан өөрөөрөө жишээлэн “Муу хүний багш олон. Муу билүүний баас их” гэсэн үг хэлдэг юм.

Товчдоо бол “Суу залиар сулхан, сурсан эрдмээр дульхан” гэж алдарт “Буурал ээж” шүлэгтээ олон жилийн өмнө Цэндийн Дамдинсүрэн багшийн бичсэн үгээр өөрийгөө тодорхойлно. МУИС-д Гаадамба, Т.Дүгэрсүрэн, О.Жамбаажамц, Ц.Хасбаатар, Ж.Лувсандорж, ардын багш Дагвын Чойжилсүрэн, сүүлд Гандангийн хамба болсон Хархүүгийн Гаадан, монголдоо л найруулга зүйгээр толгой цохидог Цэгмэдийн Сүхбаатар гээд олон алдартны үгийг сонсож, шалгалт өгч байсан болохоор тэднийгээ “багш” гэж чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг.

Би оюутан ахуйдаа М.Гаадамба багшийг “Олон залууст уран зохиолын нь анхны хайр болсон хүн” гэж хэлдэг байсан юм. Т.Галсан, Л.Лувсандорж нарт хэлдэг л байлаа.

-Хэн хэн нь сайхан яруу найрагчид даа. Тэдэнтэй үерхэж нөхөрлөж байв уу?

-Хэн хэнийг нь гадарлахаар барах уу, нэгэн үе дотно гэж болохоор ойр явлаа. Лувсандорж маань Анагаахын дундыг төгсөөд Баянхонгорт хүний бага эмчээр ажиллаж байхдаа Галсангийн өөрийн нь үгээр хэлбэл “тэмээчин” байхад нь мань хоёр танилцсан юм билээ.

Жараад оны сүүлчээр Галсан эхнэр Найгалмаагаа нутагтаа түр үлдээчихээд ганц биеэр ирж амьдарч байсан юм. Тэр ганц байшинг нь “Майдарын гурван шар” гэдэг сэн. Тэр цагаас л анх Лууяагаар дамжин Галсантай танилцаж, уулзаж учирдаг болсон.

Өнөөгийнх шигээ олон алдар гуншингүй, бүүр ажил төрөлгүй шахам байхдаа тэртээ 1970 оны улсын их баяр наадмын урьд өдөр манайд ирээд, машиндсан шүлгийнхээ эх дээр өөрийн гараар нэлээд засвар хийгээд надад дурсган өгч байсан. Уг шүлэг “Уран үгийн уурхайчин Лочинд” гэсэн зориулал үгтэй.

Тэр “Уурхайчин” шүлэгт
“Найзын дээдээсээ салж ядан үдэх шиг
Нарыг би гараараа далланам
Улаахан нараар магнай дээрээ үнсүүлчихээд
Уурхайнхаа гүн рүү би орном.
Эрдэнэт уул, мөрөн дээр минь
Эрх хүү шиг хэвлүүхэн суунам…” гэх мэтчилэн бичээд он, сар, өдөр, гарын үсгээ зурсан байдаг юм.

Галсан маань над зориулсан бас нэг оноосон нэргүй шүлгээ өөрийн боловсруулсан хоёр боть “Монгол Жангар” хөлгөн их туульсаа надад дурсгахдаа
“Оюутан ахуй цагаасаа
Тэмээчинтэй андалсан “эсэргүүн”
Онгод хийморь, бүтээлээр
Тэмдэгтэнтэй эгнэшгүй гавьяатан.
Онол, эши хоёрт
Тэргүүлэх зэргийн эрдэмтэн
Оноо алдаа хоёрыг
Эхи судлалаар магадлаачин.
Онгироох нь бус энэ бол
Миний нөхөр Лочин” гэсэн байдаг юм.

Галсан нэг үе Махкомбинатад нормын ажил хийж байлаа. Тэр цагт Галсангийнхаа авчирсан махыг бас чиг идэж байсан шүү.

Галсан сүүлдээ Нацагдоржийн музейд манаач-тайлбарлагчийн ажил хийж байхад нь Лууяа бид хоёр, Ломбын Нямаа зэрэг тав зургаан хүн Нацагдоржийн мүзейд архидаж байтал шөнийн хоёр цагийн үед гадна машин зогсох чимээ гараад яах ийхийн завдалгүй С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс ороод ирсэн нь тэд Зохиолчдын хорооны ганц “ГАЗ-63” машинаар хөдөө яваад ирсэн хэрэг байв. Үүнээс болоод Галсан маань Зохиолчдын хорооноос халагдаж, Кино үйлдвэрт орсон.

Тэр үед Кино үйлдвэрийн дарга байсан Донров гэдэг хүн Галсанг Кино үйлдвэрт ажилд авсан нь олон жилийн өмнө МУИС-д хамт ч юм уу, ойролцоо суралцаж байснаас үүдэлтэй юм билээ. Лууяа маань бага эмчийн мэргэжилтэй учир монгол хэл, утга зохиолын ангид түүнийг аваагүй тул стипендгүй, сонсогчоор сууж байв.

МУИС-ийг төгсөөд ажилгүй олон сар явсны эцэст, НТХ-ны нарийн бичгийн дарга байсан зохиолч, орчуулагч Дэжидийн Чимиддоржийн удирдлага доор үзэл суртал хариуцсан ерөнхий зөвлөх байсан Ц.Хасбаатар багшид би Лууяаг гуйж байж МОНЦАМЭ-д ажилд оруулж байлаа. Чимиддорж дарга, Хасаа багш хоёр Москвагийн улсын их сургуульд үеийн андууд гэдгийг нэг удаа Хасаа багштай хамт Чимиддорж даргынд очиж дайлуулж байхдаа мэдсэн юм.

Лууяа оюутан байхдаа хоёр ч нялх хүүхэдтэй, “Таван зуугийн барак” гэдэг олон байрны нэгэнд амьдардаг байснаас эхлээд миний мэдэх юм цөөнгүй. Лууяаг их сургууль төгссөн хойно эхнэр Цогзолмаа нь Төмөр замын худалдааны байгууллагад ажиллаж байгаад их хэмжээний төлбөрт орсон.

Манайд нэг сайн өдрийн өглөө Лууяа, С.Дуламыг дагуулж ирээд “Илүүчлэх хэд гурван төгрөг байна уу” гэж гуйхад тэр хоёрыг дагуулж яваад тэр үеийнхээр бол багагүй, хэдэн мянган төгрөг касснаасаа аваад өгч байсныг С.Дулам маань мартаагүй болов уу.

Сүүлд Лууяагийн том хүү нь том бизнесч болчихоод аавынхаа андуудыг хүлээн авч сүйд майд болж дайлж цайлсан юм гэсэн.

-Ахмад зохиолчидтой хэр дотно байв?

-С.Удвал, П.Лувсанцэрэн, Э.Оюун, Д.Гармаа, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, Д.Тарва, Ц.Мөнх, Н.Банзрагч, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Ш.Цэен-Ойдов гээд олон зохиолчтой хэл амаа ололцдог, сайхан л харилцаатай байв.Тэд маань насны хэмжил болоод биднээс хальж одож дээ.

Ганцхан баримт хэлэхэд одоо ч бүтээж туурвисаар байгаа Данигайн Давааням бид хоёр хөдөө нэг аймагт болсон уран үгсийн чуулганы үеэр С.Удвал даргаас нэг шил архи чемоданаас нь гаргуулаад ууж л явлаа.

-Удвал гуайгаас ч хэр баргийн хүн архи гаргуулж уудаггүй байсан биз?

-Найз нөхдийн маань ихэнх нь энэ нүгэлт ерөнцийг орхиж дээ. Миний унаган багын анд С.Пүрэв Хорлоогийн Сампилдэндэв, Чойжилжавын Билигсайхан, Даржаагийн Өлзийбаяр, МҮЭ-ийн Соёлын ордны даргын албыг олон жил хашсан Бэгзийн Цэрэндаш, сэтгүүлч Бажуудайн Ганбат, Тоомойн Очирхүү гээд цөөнгүй анд нөхөд минь энэ хорвоог орхижээ. Үй зайгүй анд Барын Цэдэв маань амьд байгаа. Тэрбээр надад олдохоо байлаа. Түндэвийн Юмсүрэнтэйгээ ойрдоо холбоо барьсангүй.

С.Пүрэв маань Батмөнхийнхөөс Санжийнд өргөгдсөн хүн. Санжийнх хоёр хүүхэд өргөж авсны нэг нь миний аавын садан хүн байсан учраас С.Пүрэв бид хоёр “сайнаар яривал садан төрөл” гэж хэн хэн нь бичдэг байлаа. Бас ээжийн талаасаа бид холдсон ч гэлээ хамаатан болдог. Өдгөө цагт “найз” гэдэг үг хүчээ авч дээ.

Уг нь Тэмүжин, Жамуха хоёр гурван удаа “найз” болоогүй, гурван удаа анд болж байсан юм шүү дээ. Өтөл насандаа хэдэн сайхан залуутай эв зүйгээ олоод явдаг боллоо. Олон талын авьяаст Тугалхүүгийн Баасансүрэн, Магваны Эрдэнэбат, Дашзэвэгийн Лувсандорж, Жамбын Солонго, Санжаажавын Байгалсайхан, Цэндийн Эрдэнэбат, Надмидын Сүхбаатар, Гаадамба багшийн хүү Билгүүдэй, Бямбажавын Хүрэлбаатар, Үржингийн Хүрэлбаатар, Ядамжавын Баатар гээд олон сайхан залуус байна даа.

-Таныг догшин ширүүн зантай гэлцдэг. Хүмүүс хэлэх үү?

-Хэний ч үнэнийг улаан нүүрэн дээр нь бодох санах юмгүйгээр хэлчихээд дорхноо мартчихдаг зантай хүн болохоор тийм тэнүүл яриа тархсан биз. Догширсон цагтаа ч догшин л харагддаг байх. Гэхдээ би үнэнээс хазайхгүйг хичээдэг.

Санаанд орж буйгаас гэвэл С.Эрдэнэ бид хоёр нэг удаа сүрхий ам муруйж билээ. С.Эрдэнэ “Утга зохиол” сонины эрхлэгч байхдаа “Монголд роман гэж алга” гэсэн утгатай, монгол романыг бүхэлд нь үгүйсгэсэн нэг том өгүүлэл хэвлүүлэхдээ надаар жишээ авч “С.Лочингийн романууд сэтгэлзүйн хувьд гайгүй үнэмшилтэй явж байснаа ажил хэргийн талаар бичихдээ модон үгээр тоочоод эхлэх юм, авах юм алга” гэсэн утгатай зүйл оруулсан байна.

Нэг өдөр Хэвлэлийн нэгдсэн редакци буюу манай ажил дээр Х.Зандраабайдий, З.Сандагаа нарын хамт ямар нэг номын шагнал авахаар ирсэн байхад нь би тааралдаад “Эрдэнэ, чи роман бичнэ гэж юу байдгийг мэдэхгүй байж монгол романыг үгүйсгээд байхдаа яадаг юм. Чи хорин банзал өгүүллэг л бичээ биз дээ” гэж хэлсний минь гэрч Х.Зандраабайды байна. Тэр үед С.Эрдэнэ “Амьдралын тойрог”, “Занабазар”, “Хойт насандаа учирна” гэдэг гурван романаа бичээгүй байсан цаг.

-Хүүхэд байхдаа номонд ч ёстой донтож өссөн биз?

-Аймгийн номын сангийн эрхлэгч номын санд нь надаас өөр ном уншиж буй хүн байхгүй болохоор намайг гаднаас цоожилчихоод ажлаа амжуулахаар явчихдаг байсан тухай манай Пүрэв, Юмсүрэн, Самдангийн Норов нарын хүн бичсэн шүү. Есдүгээр ангид байхад Л.Түдэв багш сургуулиа төгсөж ирснээр уран зохиолын амтанд орсон доо.

Тү багш тэр үед монголоор орчуулаагүй байсан номыг харж байгаад шууд орчуулан бидэнд ярьж өгдөг байж билээ. Жишээлэхэд “Том Сойрын адал явдал” гэдэг номыг ярьдаг байсныг нь одоо ч санасаар байдгийн учир нь Тү багш зохиолын үйл явдлыг ой тойнд шингэтэл цэгцтэй сайхан ярьдаг байсных буй заа гэж боддог юм даа.

-Сүүлийн үед ямар бүтээл шинээр туурвив?

-“Монголын эртний уран зохиол” гэж дөч давсан хэвлэлийн хуудас номоо сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр энэ оны эхээр хэвлүүллээ.

-Ц.Дамдинсүрэнгийн “Монголын уран зохиолын тойм”, академич Д.Цэрэнсодномын “Монголын уран зохиол” номуудаас ялгарах онцлог нь юу бол?

-Аугаа их Да багшийн ном 1957 онд, академич, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Далантайн Цэрэнсодномын ном 1987 онд гарсан юм. Би тэр аваргасын бүтээлд тулгуурлаж тэдний номыг дагасан л даа. Гэхдээ өөрийн гэсэн үзэл бодол, байр сууриа гаргахыг оролдсон.

Нэг юмыг онцлоход бүхий л түүх, түүний дотор уран зохиолын түүх гэдэг өөрчилж болдоггүй зүйл. Тиймээс дээрхи хоёр аваргын номд буйг давтсан зүйл байгаа нь ойлгомжтой.

-Та уран зохиолын ямар бүтээлүүд туурвилаа. Энэ талаар манай залуу үеийн уншигчид бүрэг бараг ойлголттой байж магадгүй учир асууж байгаа юм л даа?

-Монголын уран зохиолд цагаан сэтгэл өвөртлөн орж ирснийг минь миний анхны роман “Сэтгэлийн өнгө-цагаан” батлана. Хэвлэгдэхдээ “Сэтгэлийн өнгө” нэртэй болчихсон юм. Би ч “цаасны дайсан” хүн шүү дээ. Арван роман, нэлээд хэдэн тууж, хэдэн арван өгүүллэг бичиж.

Найман роман минь соц нийгмийн үед хэвлэгдсэн байдаг. Тэр үедээ гадаадын хэдэн улсад ч орчуулагдаж байсан. Кино зохиол ч бичсэн. Орчуулга ч хийж байлаа.

-Өөрийн чинь зохиолоор хийсэн “Эргэж бодох бодол” киног мэдэх юм. Романуудыг чинь хэлбэрийн хувьд шинийг эрэлхийлсэн гэж судлаачид онцолсон байдаг даа?

-“Сэтгэлийн өнгө”, “Хувь заяаны эрэл”, “Үргэлжлэлтэй долоон өдөр буюу Хоёрын өчил”, “Сүйрэл”, “Насны зам”, “Замын бартаа”, “Сарны гэрэл”, “Хилэнцэт амьдрал”, “Гал голомт”, “Нүглийн далайд зугаацаар одсон минь буюу тайлал эгээрээгүй таавар” гэсэн нэртэй юмс бий дээ. Шинэсээд ч байх юу байх вэ дээ.

Дэлхийн уран зохиолд эл дол болчихсон зүйлс. “Сэтгэлийн өнгө”, “Насны зам”, “Үргэлжлэлтэй долоон өдөр”-ийг тухайн үеийн хэд хэдэн судлаач, шүүмжлэгч шинэ уран зохиолын романы төрөл зүйлийн хувьд сэтгэлзүйн роман болсон гэж бичсэн байдаг. ЗХУ-ын зарим судлаачид ч мөн тэгж үзсэн. “Сүйрэл” памфлет маань багагүй хэл ам дагуулсан.

“Аасшаа” гэдэг бол Оросын “Саша” гэдэг үгийг тонгоргон бичсэн антисоветский зохиол байна. “Саша” гэдэг үгээр оросуудыг төлөөлүүлэн нэрлэдэг юм. Үйл явдал нь ч ЗХУ буюу “Аасшаа”-гийн гар хөл болсон гэж Монгол орноо бичсэн байна гээд л мушгиж гарсан.

Тэнд гарч буй Чихят гэдэг улс бол Монгол биш, тухайн үеийн Чили, Хятад хоёрын дундаас гаргаж авсан нэр гэдгийг судлаач шүүмжлэгчид аль хэдийн биччихсэн юм шүү дээ. НТХ-ны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч байсан Ч.Түмэндэлгэр л намайг хэл амнаас аварсан юм даг.

“Нүглийн далайд зугаацаар одсон минь” гэдгээ “антироман” гэж төрөл зүйлийг нь би өөрөө тодорхойлсон юм. “Гал голомт”-оо 1986 онд бичиж дуусаад, элдэв хяналт шалгалтыг давах гэсээр байгаад 1989 онд хэвлүүлсэн. Энэ бол Чингис хааны тухай шинэ уран зохиолын романы төрөл зүйлд гарсан анхны роман.

Ерээд оноос хойш л Чингис хааны тухай романы үер буусан шүү дээ. Д.Нацагдоржийн тухай өгүүлсэн “Сарны гэрэл”-ээ эссе гэж төрөл зүйлийг нь тодорхойлсон. Б.Ринчен гуай М.Цэдэндоржтой ярилцсан нэг ярилцлагадаа “Монголд эссе бичих чадалтай хүн алга” гэж жаран хэдэн оны үед хэлсэн байдгийг олж үзээд түүнээс хойш эссе гэгчийн талаар сонирхон үзэж эхэлсний эцэст бичсэн юм.

-Их зохиолчийн тухай та их судалсан хүн дээ?

-Би далаад оны эхэн үеэс Д.Нацагдоржийн уран бүтээлийг судалж эхэлсэн. Түүний зохиол бүтээл Нацагдоржийн бичсэнээр биш, алдаа эндэгдлээр дүүрэн гажуу байдлаар нийтэд түгсэнд харамсахдаа, сар өөрөө харанхуй атлаа нарны гэрлийн хүчээр гэрэлтэй юм шиг харагддагтай зүйрлэж Нацагдоржийн зохиолыг бид зохиогчийн бичвэрээр биш, пад харанхуй сар, нарны гэрлийг авснаас гэрэлтэй юм шиг харагддагтай жишиж “Сарны гэрэл” гэж нэрлэсэн юм.

“Нүглийн далайд зугаацаар одсон минь”, “Хилинцэт амьдрал”, “Замын бартаа”, “Насны зам” зэрэгтээ би хүний яс чанар үгүйрэн, бусдыгаа хүндэтгэх уламжлалт ёс алдагдаж, хүн гэгч амьтан улам улам л хар амиа бодогч болж, ёстой л “Нүглийн далайд зугаацаар” явдаг болж байгааг харуулахыг эрмэлзсэн юм.

-Таныг шүлэг бичдэг байсан гэх юм билээ. Одоо хаячихсан уу?

-Хаяад байхдаа яадаг юм. Монголд одоо шүлэг бичдэггүй хүн байдаг юм уу. Миний шүлэг анх 1959 онд “Үнэн” сонинд “Мөч хугацаа” нэрээр хэвлэгдэж байлаа. Мөч хугацаа өнгөрөх бүрий үхэл чинь улам улам ойртож байна гэсэн санааг л гаргах гэж оролдсон юм даг.

Гэхдээ анхны зохиосон зохиол минь өгүүллэг байсан даа. Одоо ч үзэг цаас ноцолдуулж л байна. Чингис хаан, Богд гэгээнтэн, Их Нацагдорж хэрхэн нас барсан тухай өгүүллэг бичсэн. Бас бус өгүүллэгээ орчин цагийн арга барилаар бичих гэж оролдлоо. Сурсан зангаараа толгой холбох гэж оролдох ч үе байна.

-Шүлгээсээ уншаач, та?

-Миний “шүлэг” гээд байгаа юмс маань хүмүүсийн дургүйг хүргэх зүйл болчихоод байдаг юм. Гэвч би өөрөө үнэн гэж бодсон юмаа л толгой холбон оромцоглоод буулгадаг хүн. Онч үг маягийн юм нэлээд бий шүү.

Жишээлэхэд
“Эр өтлөхөөр
Эм болгон сайхан.
Эм өтлөхөөр
Энгэсэг болгон сайхан” ч гэх юм уу, эсвэл
“Сурах бичиг биш
Урах бичиг болжээ”,
“Зайсангийн энгэр дэх Будда бурхны тэргүүн томджээ
Засгийн үүдэн дэх Чингис хааны тэргүүн жижигджээ” гэхчлэнгээр юм юм бий шүү.

-Сүрхий гярхай ажсан байна шүү. Ингэхэд шавь нар олон биз?

-Дэд эрдэмтэн болсон 1981 оноос хойш ажлынхаа хажуугаар багшилж байлаа. Одоо тэтгэврийн өвгөн ч гэсэн багшилсаар, хичээл заалгасан шавь нар маань жилээс жилд нэмэгдсээр мянгаар тогтохгүй байх.

Эрдмийн ажлын шавь нарын тухайд гэхэд хэд хэдэн шавь бий. Юуны түрүүн гавьяат тамирчин Доржсүрэнгийн охин, доктор Болормаа, Чулууны Жаргалсайхан гээд эрдэмтэн шавь хэд буй. Уран бүтээлчийн хувьд шавь гэдэг их л төвөгтэй асуудал шүү. Нэг биш хүн намайг багш гэдэг л юм. Үнэн худлыг нь мэдэхгүй. Тэд хожим өөрсдөө хэлнэ биз ээ.

-Өнөөдрийн сэтгүүлзүйн талаар санаа бодлыг чинь сонсмоор байна. Сэтгүүлзүй хэр хөгжиж байна?

-Миний залуу цагийнхаас өнөөгийн сэтгүүлзүй ихэд өөрчлөгдөн хөгжиж байна. Үүнийг үгүйсгэх нь нүгэл болно. Манай өнөөдрийн сэтгүүлчдийн бичлэгийн арга барил, уран чадвар ч их хөгжиж орчин үетэйгээ хамт урагшилж байна.

-Сэтгүүлзүйн ямар бүтээлийг онцолж байна?

-Олон сайн бүтээл бий. Сэтгүүлзүйн онол, практикийн гарын авлага болсоор буй Г.Дэлэг гуайн хэдэн ном байна. Их хөдөлмөр гаргаж бүтээсэн сайн ном. Харин сүүлийн үед нэг сайн ном гарлаа.

Энэ бол миний залуу анд Т.Баасансүрэнгийн “Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн” гэдэг бүтээл 2014 онд нийтлэгдсэн нь нийт сэтгүүлзүйн түүхийг шинээр үзэх боломжийг бий болголоо. Дэлхийн сэтгүүлзүй Сэргэн мандалтын үед ч юм уу, түүний дараахнаас эхэлсэн гэж олонхи эрдэмтэд үздэг юм. Миний залуу анд, эрдэмтэн Т.Баасансүрэнгийн эл бүтээл маш сонирхолтой, зоригтой, шинэлэг зүйл болжээ.

Т.Баасансүрэн “МНТ”-нд сэтгүүлзүйн гэхээр нийтлэлүүд байна гэж үзсэн нь дэлхийн сэтгүүлзүйн түүхийн эхлэлийг өөрчилчихөж байгаа юм. Гэхдээ энэ сэдвийг “Үнэн” сонины орлогч эрхлэгч байсан Хорлоогийн Цэвлээ эрхлэгч анх хөндөж тавьсан бололтой юм билээ. Т.Баасансүрэн энэ санааг улам баталгаажуулан баталж нотолсон нь гавьяа юм даа.

Монголд шинэ цагийн сэтгүүлзүйг Ж.Цэвээн хэмээх суут хүн эхлүүлж, Д.Бодоо зэрэг алдартнууд хүчин зүтгэж байсан. Үе үед манай ухаалаг, шилдэг хүмүүс, тухайлбал суут эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн, их эрдэмтэн Б.Ринчен, Л.Түдэв, сэтгүүлч Н.Иштавхай, Ц.Балдорж, Г.Дамба, Г.Жамц зэрэг алдартан авьяастнууд, Г.Дэлэг, Л.Норовсүрэн, М.Зулькафиль зэрэг онолчид төрж гарсан нь бахархалтай.

Гэхдээ энэ нь манай орчин үеийн сэтгүүлзүйд бүх юм сайн сайхан байна гэсэн үг биш. Бодох, засаж залруулах зүйлс ч буйг хэлэхээс өөр арга алга.

-Засаж залмаар зүйл юу байна?

-Өндөгнөөс ч өө эрж болдог болохоор л дутагдалтай юмс байна гэж хэлээд байгаа юм. Өнөөдрийн Монголд сонины эзэд хэн байна.

Мөнгөтэй ч шунал нь хязгааргүй баячууд, хувь хүн, өөрийгөө ихэд бодогч эгоистүүд, амбийцтанууд, бусдыг хэвлэлээр дарамтлагчид, улстөрийн бүлэглэл, үгсэн хуйвалдагчид, зарим нам олон нийтийн болоод төрийн бус байгууллагын нэрээр халхавчлан ашиг хонжоо, алдар хүндийг горилогчид, төрийг зайдагнан сууж, төрийн нэрээр булхай, хулгай, бузар явдлаа нуугчид л байна шүү дээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг өвөр зуураа “алалцах”, бусдыг сүрдүүлдэг “хүйтэн зэвсэг” болгон ашиглаж байна. Сэтгүүлзүйг ёс журамтай болгоход уг нь арга чарга байж л байна. Юуны өмнө “Сэтгүүлч” гэдэг сэтэр зүүж өгдөг олон сургуулиудаа цөөлж, шигших хэрэгтэй. Дамжаа гэгчээр сэтгүүлч бэлтгэнэ гэдэг үлгэрээ зогсоох цаг болсон.

Удаад нь, хичээлүүдийн үлгэрчилсэн хөтөлбөрийг эрдэмтдээр хэлэлцүүлэн баталж гаргах нь чухал. Сэтгүүлзүйн нэр томьёог тогтоох хэрэгтэй байна. Сэтгүүлзүйн оновчгүй нэр томьёо зөндөө. Жишээлэхэд “Захиалгат сэтгүүлзүй” гэдгийг ердөө л “Бусармаг сэтгүүлзүй” гэвэл дээр мэт.

Ядаж л хэвлэлийн захиалгатай хольж хутгахгүй болно. “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй” гээд сэтгүүлчид хошууран шуурч байна. Гэтэл хууль хяналтыханд ч мөн ийм нэр томьёо буйтай холилдчихоод байна. Энэ холион бантан болгосон “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй” гэдэг нэршлийг “Мөшгөх сэтгүүлзүй” гэвэл болох мэт.

Бас нэг зүйлийн талаар дуугүй өнгөрч чадашгүй. Манай сэтгүүлзүйн онолчдын бичсэн сурах бичиг бүр “Сэтгүүлзүйн өмнөх үзэгдэл” гэдэг юмаар эхэлдэг. Энэ чинь оросоос махчилсан орчуулга шүү дээ. Угтаа “Өвөг сэтгүүлзүй” гэвэл илүү оновчтой мэт санагддаг.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэдэг чинь сэтгүүлзүйн бие даасан зүйл юм уу, эсвэл бичлэгийн төрөл зүйлийн нэг юм уу гэдгийг бүгдээр хэлэлцэж цэгцлэх хэрэгтэй.

-Өнөөгийн сэтгүүлзүй яаж энэ гажуудлаас гарах вэ?

-Санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш байх хэрэгтэй. Дэлхий ийм л жишигтэй байдаг.

-Үзэг нэгтэй сэтгүүлчдийнхээ талаар яриач, та?

-Хамгийн хатуу асуулт байна даа. Архичид найз архичдаа “Хундага нэгтэн” гэдэг шиг “үзэг нэгтэй” гэж болохуйц залуу сэтгүүлчид намайг мэддэггүй ч гэсэн “Ходоод хагаравч тогоон дотроо” гэдэг шигээр нэр заалгүй ерөнхий зүйл хэлээд өнгөрье.

Цөөнгүй сэтгүүлчид өөрийнхөө биш бусдын амаар дуугарч, бусармаг явдалтнуудыг хаацайлж, тэдэнд худалдагджээ. Ийм сэтгүүлчдийг шууд буруутгах хэцүү. Тэд цалин гэж санаа зовмоор юм авдаг шүү дээ.

Баян сэтгүүлч энэ Монголд байдаг юм уу. Байдаг бол хуруу дарам цөөхөн биз. Сэтгүүлчид маань ядуу учраас л мөнгөтэй хүмүүсийн аманд багтаж байна. Нөгөө талаар энэ нь өнөөгийн нийгэмтэй холбогдоод явчихаж байгаа юм. Соц нийгмийн үед сэтгүүлзүйд үзэл суртлын цензур ноёрхож байсан бол өнөөдрийн сэтгүүлзүйд мөнгөний цензур ноёрхлоо тогтоочихоод байгааг харахгүй, мэдрэхгүй байхын арга алга.

Энэ талаар би “Хэвлэлийн цензурын мөрөөр бэдрэхүй” гэдэг ном бичиж 2014 онд хэвлүүлсэн.

-Хэвлэлд анхны мэдээ, сурвалжлагаа хэзээ нийтлүүлэв?

-Жаран тав билүү, жаран зургаан онд Л.Содов зохиолч “Улаан од” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байхдаа Налайхад ирэхэд нь “Уулын хаан” гэсэн нэртэй бяцхан зүйл бичиж өгч “Улаан од” сонинд нийтлүүлсэн минь юм уу даа. Мөн энэ үеэс “Хөдөлмөр” сонинд юм юм л бичиж нийтлүүлж байлаа.

-Сонинд нийтлүүлсэн зүйлсээ тоолж байв уу?

-Зарим хүмүүсийн бичсэнээр бол мянга гаруй зүйл нийтүүүлсэн гэсэн байсан. Ямартай ч мянгаас дутахгүй.

-Сэтгүүлчдийн байгууллагаас нийтэлж буй “Монголын шилдэг нийтлэл” 99 ботийн хоёр боть нь таны нийтлэлүүдээр бүтсэн. Ямар арын хаалгаар хоёр боть болгочихов?

-Хоёр ботийг нь эзлээгүй шүү. Даланнэгдүгээр боть гэж ганцхан боть л “миний юм”. Энэ боть дотроо хоёр дэвтэртэй. Энэ хоёр маань “Нүгэл нь нүдээрээ гоожсон ээдрээт цагийн сурвалжлага” гэсэн ерөнхий нэртэй, нэгдүгээрт нь 88 зүйл, хоёрдугаарт нь 73 зүйл багтсан. Сэтгүүлзүйн төрөл зүйлээр бичсэн зүйлсээ нэлээд шигшиж байж л оруулсан ухаантай.

-Залуу сэтгүүлчдэд зориулсан нэг ном бичсэн сураг байсан?

-“Сонины нийтлэл дэх алдаа ташаарлын тухай. Шинэхэн цагийн нийтлэлээр үлгэрлэбэсү” гэдэг нэг зүйлийг 2014 онд цензурын тухай номтойгоо нэг хавтсанд боогоод хэвлүүлсэн юм.

Хоёр өөр сэдэвтэй номыг нэг хавтсанд “өлгийдсөн”-ий учир нь маш энгийн. Кино урлагийн дээд сургууль нийтлэлийн тухай номыг минь ивээн тэтгэсэн учир мөнгө төгрөггүй ядмаг би бяцхан заль гаргаад цензурын тухай номоо араас нь “наачихсан”.

-Зохиолч хүн ямар төөргөөр сэтгүүлчийн ажилд этэгдчихэв. Яаж яваад Нацагдорж судлаач болчихов?

-Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг л хөтөлсөн юм болов уу. Анх эхлээд “Учиртай гурван толгой” зохиолыг маш анхааралтай уншсан чинь ядмаг миний сэтгэлд багтахааргүй авцалдаагүй зүйлс олон тааралдав. Үүнийг тайлбарлахын тулд урьд өмнийн ганц түүх сөхөх хэрэгтэй юм.

Христийн ертөнцөд Библи судрыг хэсүүлч номлогчид өөр өөрийнхөөрөө тогтоож аван бусдад сурталчилдаг болсноос жинхэнэ Библийг гуйвуулж олон хувилбар бий болсон тул нэг мөрд оруулах үүднээс мянган жилийн өмнө Библи судрын “канонический текст” гэдгийг бий болгож, тэр нь яван явсаар зохиолчийн нэг зохиолын олон бичвэрийг харьцуулан судалж, жинхэнэ бичвэрийг тогтоодог “текстология” гэдэг салбар ухаан буй болсон түүхийг би гадарладаг байсан учраас, Хэл зохиолын хүрээлэн дээр очиж Нацагдоржийн гар бичвэрийг алдаа гажигтай хэвлүүлснийг өөрийн нүдээр үзсэнээр текстологийн ухааныг гүнзгийрүүлэн судалж эрдэм судлалын замд орсон юм.

Хэд хэдэн эрдэмтэн намайг Монголын шинжлэх ухаанд бичвэр судлалыг анх бий болгосон гэж бичсэн байдаг юм шүү.

-Текстологийн ухаан манайд хэр хөгжиж байна. “Текстология” гэдгийг өөрөө орчуулж хэрэглэсэн байсан байх аа?

-Би орчуулж сүйд болсон юм байхгүй. Махчлаад буулгачихсан юм. “Бичвэр судлал” гээд байгаа маань уг үгийн утгаа илэрхийлж чадаад байгаа юм. Ямар ч гэсэн “Эх бичиг” гэдгээс дээрдсэн. Бичвэр судлал хөгжсөн юм алга. “Эх бичгийн судлал” гэдэг буруу нэр томьёоноосоо ч салж чадаагүй л байна.

Эх бичвэр, гар бичвэр, ноорог бичвэр, хар бичвэр, цагаан бичвэр, зассан бичвэр, зассаныг зассан бичвэр гээд олон янзын бичвэр байдаг бөгөөөд тэд чинь хоорондоо ялгавартай, тус тусдаа ойлголт. Эдгээрийг “эх бичиг” гэж ерөнхийлж ойлгоод байна. Өнөөдөр манай мэргэшлийн их дээд сургуулиудад бичвэр судлалын хичээл ордоггүй нь фундаментгүй хорь гучин давхар байшин барьж байгаатай адил.

Яагаад гэвэл судалгааныхаа обьект болсон бичвэрээ эхлээд алдаа мадаггүй болгож зөв тогтоочихоод, зөв бичвэр дээрээ ажилладаг нь нийт судлаачдын жишиг болсон зүйл.

Гэтэл манайд жинхэнэ бичвэрийг тогтоогоогүй байхдаа “судалж” эхэлдэг тул манайхны ихэнх судалгаа уг судалж буй зохиолынхоо талаар элдэв буруу зөрүү дүгнэлт, үнэлэмж гаргадаг, эсвэл уг зохиолын “тухай” зүйл л бичихээс өөр замгүй болдог. Манайхны “судалгаа” гэж нэрлээд байгаа зүйлс бол ихэнх нь цаасыг дахин боловсруулдаг үйлдвэрийн “түүхий эд” буюу маклатур болох ёстой барак юм шүү.

Их дээд сургуулиудад “Эх бичиг” гэнэ үү нэг хичээл ордог юм гэсэн. Тэр нь бараг л уйгур-монголжин бичиг заасаар өнгөрдөг гэж би ойлгосон. Харин зохиолч Лувсандамбын Дашням маань юм юм мэддэг хүн учраас “Монгол мэдлэгийн их сургууль”-даа бичвэр судлалын хичээлийг оруулдаг байсан юм шүү.

-Эрдэм шинжилгээний номнууд ч тамтаггүй олныг гаргаа даа?

-Эрдмийн хуралд тавьсан илтгэл, эрдмийн болон бусад хэвлэлүүдэд нийтлэгдсэн өгүүллүүдийнхээ тоог мэдэхгүй. Бие даасан ном, ганц сэдэвт бүтээлүүд гэвэл бас л цөөн биш тоо гарна.

“Бичвэр судлал” гэдэг номоо 1986 онд хэвлүүлсэн минь Монголдоо л анхных болсон юм даг. Түүнийгээ баяжуулаад бичвэр судлалын талаархи өөрийн бодлоо бараг цөмийг багтаан “Бичвэр судлалын үндэс” гэдэг томоохон номоо хэвлүүлсэн. “Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудал”, “Дашдоржийн Нацагдорж”, “Цэндийн Дамдинсүрэн”, “Жамсраны Цэвээн” номуудыг минь Баабарын “NEPKO”-д хэвлэсэн.

“Хорьдугаар зууны Монголын журамлагдсан уран зохиол”, “Оросын уран зохиолын цоохор тэмдэглэл”, “Монголын үнэн гуйвсан түүхийн товчоон”, “Хэвлэлийн цензүүрийн мөрөөр бэдрэхүй”, “Юндэн дурласан уу, Нансалмаа хардсан уу болон бас бусын тухай”, “Шар тууж”-ийн түүхэн тойм” гэдэг бүтээлүүд бий.

ШУА-иас эрхлэн “Монголын шинжлэх ухаан” 108 ботийн зарим бүтээлийг бие дааж, мөн бусад эрдэмтэдтэй хамтран бичсэн. Тухайлбал “Монголын орчин үеийн уран зохиол судлал”-ыг бие даан бичлээ. Академич Х.Сампилдэндэв, доктор Л.Хүрэлбаатартай хамтарч “Монголын уран зохиол судлал”, академич Д.Цэрэнсодном, доктор Д.Наранцэцэг нартай хамтарч “Монгол утга зохиолын бичвэр судлал” гэсэн судалгааны бүтээлүүд хийсэн.

Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Монгол зохиолч” цувралд найман хүний уран бүтээлийн тухай товхимол бичсэн. Иран дахь Ил хаант Монгол Улсын хаадын тухай гурван дэвтэр, Орос дахь Алтан ордны улсын хаадын тухай нэг дэвтэр зохиол бичиж шинэ мянганы эхээр хэвлүүлж байсан минь монгол зохиогчтой бараг анхны ном байх. Ингээд тоолбол хэд хэдэн ном цаана нь бий.

-Шинээр эрдэм судлалын ямар бүтээл хийж байна?

-Төлөвлөсөн зүйлс бий. Жишээлэхэд, Монголын зохиолчид маань дэлхийн болоод Орос-Зөвлөлт-Оросын уранзохиолоос хэрхэн хуулбарлаж, хулгайлж ирсэн “туршлага”-ыг илчилсэн юм хийх бодол буй. Манай Говь-Алтай аймаг чинь уран бүтээлчид зохиолчдоороо халгиж цалгисан газар.

Ямар сайндаа би нэг хурал дээр “Говь-Алтай гурван гайгүй зохиолчтой, гучин муу зохиолчтой” гээд хэлчихсэн чинь “гучин муу”-д багтах гэсэн хүмүүс хэл ам хийгээд Говь-Алтай чинь Ч.Лодойдамба, Л.Түдэв, М.Цэдэндож гэсэн гурван гайгүй (сайн биш шүү гэж онцлов. Л.Б), С.Пүрэв, С.Лочин, Ж.Гал, Т.Юмсүрэн, Ш.Шажинбат, Д.Норов гээд гурван зуун муу зохиолчтой гэж залруулахад хүрч байх билээ дээ.

Манай нутгаас алдарт дуучин Поврон, хосгүй авьяаст “Марзан” хэмээгдэх Шарав, за тэгээд Цэдэнбалыг чичрүүлдэг байсан Цогт-Очирын Лоохууз, мэдлэгийн далай-Пунцагийн Жасрай гээд тоочвол ижилгүй алдартнууд олон доо олон. Лодойдамба гуайн тухай нэг ном бичихээр бодож материалаа цуглуулж бараг дуусаад байна. “Хундага нэгтэй” анд М.Цэдэндоржийнхоо тухай нэг номыг шүүдэглэсэн.

Би М.Ц-гийн талаар одоохондоо хэн ч мэдэхгүй зарим зүйлсийг мэддэг, өөрөө оролцож байсныгаа “юм” болгох хэтийн санаа бий.

-Хэвлүүлж амжаагүй ч бэлэн болчихсон ном байна уу?

-Байлгүй яах вэ дээ. Хийсэн юмаа мөнгөнд баригдаад хэвлүүлж чадахгүйн зовлон байх юм. Бичиж дуусаад хэдэн жил болсон ч гэлээ хэвлүүлж чадаагүй юмс бий бий. Чингис хааны тухай аман зохиолд байдгаас эхлээд өнөөгийхний бичсэн зүйлсийн талаар “Чингис хааны дүрийн хувьсал. ХIII-ХХ зуун” гэсэн томоохон ном бэлэн байна.

Орчин үеийн уран зохиолын туужийг задлан шинжилсэн “Монгол туужис” ном бэлэн байна. Бас “Өөрийгөө өрөөлийн өчлөөр өөнтөглөбэсү, өмөөрбэсү”. “Магтаал матаасын ойллого” гэдэг хэдэн зуун хуудас номыг шавь Д.Болормаа минь ихээхэн цаг заваа үрж байж, бэлтгэж бэлэн болгосон.

Энэ бол миний өөрийн бичсэн зүйлс биш, харин бусад хүмүүс миний тухай бичсэн зүйлс. 1975 оноос эхлэн намайг харааж зүхэж байсан бүхнийг оруулсан ном.

-Өөрийг чинь элдвээр л хэлсэн байдаг. Хэрхэн хүлээж авдаг вэ?

-Өөрийгөө цагаатгаад “Жингэр нохой хуцаж л байг. Жингийн цуваа явдгаараа л явна” гээд улиг болсон үгээр хариулахад амархан л байна. Гэвч “А” үсэг мэддэггүй хэрнээ “А-гаас Я хүртэл мэддэг” гэж боддог тэр хүмүүсийг өрөвддөг. Тоотой хэдхэн улангасагч л цаана нь байгаа юм. Бурхан л биеэрээ буугаад ирээгүй болохоор энэ тоост хорвоод “Бурхан-хүн” гэсэн юм байдаггүй.

Тэр “Бурхан-хүн” чинь хүндрэхдээ сүрчиг сэнгэнүүлдэггүй, бидэн шиг л үмхий ялгадас гаргадаг даа. За энэ сэдвийг орхиё. Харин С.Пүрэв минь надад зориулж
“Энэ төрдөө элэг дотно явсаар
Эсэргүүн нэр зүүсэн байх юм.
Элдэв нэгэнд хавцар болоогүй
Энгийн араншин буруудсан байх юм.
Зөн зоргоороо бэдэрсэн дорд хүн
Зөв нь буруудахын алийг гэхэв.
Тэргүүн гудайж элгээ эвхэлгүй
Түвшин явбал жаргал чинь тэр.
Хэлсэн үг, хийсэн нүгэлгүй
Хээ шаагүй энэ бодь санваартан
Алдар нэрээрээ амьтан хооллож
Амьд л явж байвал болоо, эрхэм ээ” хэмээн Гачууртдаа 2014 онд бичсэн байна лээ. Намайг нэвт мэддэг, ойлгодог хүн л ингэж бичнэ дээ.

-Таны орчуулгын бүтээлүүд одноос ч олшроо байлгүй?

-Нийгэм улс төр, уран зохиол, танин мэдэхүйн 18 ном орчуулсан нэр зүүж халтуурдсан ухаантай. Би “империализмын хэл” сураагүй хүн. Орос хэлнээс л орчуулсан нэр зүүж оронцоглосон ном нэлээд бий дээ.

Би нэг ном халтуурдаад тун зав зай муутай байсан чинь англи хэлний дугуйланд суу гэхээр нь “Империализмын хэл сураад яах юм, эзнийхээ хэл мэддэг нохой байя” гээд хэлчихсэнээс болоод бөөн хэл ам дэгдэж Намын үүрийн хурлаар орж донго авч байж салсан юм.

ЗХУ-д гардаг байсан “Сод хүмүүсийн амьдрал” цувралаар гарсан “Эрнесто Че Гевара”, “Сальвадор Альенда”, Лениний шагналт зохиолч Й.Авижюсын “Орох орон ч үгүй” роман, И.С.Тургеневын “Хаврын цасны ус” тууж, Е.Мезенцевийн “Гайхамшгийн нэвтэрхий толь” гээд олон юм бий. Завсар зайндаа алдарт А.А.Ахматова, түүний нөхөр болж байсан Н.С.Гумилёв, золгүй заяанд төрсөн М.Цветаева нарын шүлгүүдээс ч “халтуурдсан”.

Өмнөх үед тооцдог байснаар 200 илүү хэвлэлийн хуудас элдэв юм бий.

-Та яаж яваад орос хэлийг сайн сурсан юм бэ. Таныг орос хэлэнд маш сайн гэж Л.Дашням зэрэг хүн бичсэнийг уншиж байлаа?

-Чёрт гэдгийг “чооорт” гэж гурван “о”-той бичихгүй л хэмжээний хүн дээ. Намайг Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуулийн зургадугаар ангид сурч байхад “Орос хэлний” гэдгээр нь мэддэг С.Галсан багш манай сургуульд багшаар ирж, манай ангийн багш болж байсан юм.

Сэрээнэнгийн Галсан багш л орос хэл гадарлах суурийг тавьсан. Аймгийн төвийн дунд сургуулийн есдүгээр ангид байхад УБДС-ийг тэр жил төгссөн Л.Түдэв багш аймагтаа багшаар ирж бидэнд орос хэлний хичээл заахдаа хичээл дээр нэг ч монгол үг хэлэхгүйгээр оросоор ярьдаг байсан.

Энэ хоёр буянтай багшийн ачаар орос хэлний суурь мэдлэгийг ганцхан би ч биш, манай ангийнхан овоо эзэмшсэн. Орос хэлний дөртэй гэдгээ Москвад хоёр жил болохдоо л ойлгосон доо. Тэнд л би дэлхийн болон Оросын сонгодгуудын бүтээлийг бараг цөмийг нь оросоор уншсан даа.

-Багш хүн ямар байх ёстой вэ?

-Багш байхын тулд олон шалгуур давах хэрэгтэй. Юуны урьд багшийн мэдлэг тэргүүлэх байранд байх ойлгомжтой. Багш хүн байнга шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй гэж боддог. Арван хэдэн жилийн өмнө уншсан лекцээ олон жил дараалан давтаад, үглээд байж болохгүй.

-Нас сүүдэр хэд хүрч байна даа?

-“Насыг нь асуухаар ясыг нь хугал” гэсэн үг байдаг юм. Энэ үг өнөө цагийн зарим эмэгтэйчүүдэд зориулагдсан мэт санагддаг. Гэхдээ энэ бол тэр эмэгтэйчүүдийн буруу биш. Монголчууд дээр цагаас захын тааралдсан хүн болгонд насаа хэлээд байдаггүй, эсвэл “өтөлдөг”, эсвэл “залуужиж” насаа нууцалдаг байсан юм.

Хэл ам, хараал зүхлээс айсан хэрэг л дээ. Гэхдээ монголчууд шиг дэлхийд насаа зөв тоолдог үндэстэн байхгүй. Бусдууд чинь төрсөн өдрөөсөө эхэлж насаа тоолдог доо. Гэтэл монголчууд ганцаархнаа л эхийн хэвлийд бүрэлдэж эхэлснээсээ насаа тоолдог цорын ганц үндэстэн.

Их мэдэгчид монголчуудын энэ тоолдог насыг “хий нас” гэх мэтээр донгоддог. Гэтэл энэ чинь хамгийн бодитой нас юм шүү дээ. Мөн чанартаа монголчуудын насаа тоолдог шиг үнэн юм алга. Бусдууд арван сартай буюу аль хэдийн нэг ойдоо хүрсэн “хөгшин” хүнийг “шинэ хүн” гэж үздэг нь тэнэг хэрэг.

Одоо ч бид “дэлхийжээд” бусдын буруу ухаанаар насаа тоолдог болсон учир миний хэдэн настай гэж явдаг нь хэнд хэрэгтэй юм. Тэртэй тэргүй дэлхий даяараа насаа буруу тоолж байхад ганц би зөв тоолж гаргах гээд яах юм.

-Та аавынхаа тухай яриач!

-Миний эцэг Соном, намайг дагуулахгүй номтой хүн байсан юм. Өнөө цагт хүн бүр л номтой лам эцэгтэй байсан гэж алба юм шиг ярьдаг болсон байна. Миний эцэг Бадрангуйн Соном бага наснаасаа гуч гаруй жил Усан Зүйлийн хүрээнд шавилан сууж, чойрын ухаан, анагаахын ухаанд мэргэшсэн хүн байсан юм.

Цөвүүн цагт уул хаданд ном судар, Бурхан тахилаа хэд хэдэн удаа тавьсан ч гэлээ одоо манайд нэг авдар дүүрэн ном нь байна. Голдуу анагаахын чиглэлийнх гэсэн. Аав минь миний эхнэрт нэгэнтээ “Хүн чинь ажлаа хийчихээд ирдэг байхад манай Лочин гэртээ ажлаа үүрээд ирдэг хүн” гэж намайг гэрийн ажил хийдэггүй, харин бэр нь хамаг ажлыг ганцаараа хийж буйг өрөвдөн хэлсэн гэдэг.

Ээж минь ганц бие эмэгтэйн ганц охин байв. Хөгшин бид хоёр үр хүүхэд, ач зээ нараараа бахархаад болж бүтэж л байна.

С.Лочин

С.Лочингийн тухай “Викепедиа толь”-д ийн дурдсан байдаг

Сономын Лочин (1940 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг “Харганын буудал” гэдэг газар төрсөн -2021 онд нас барсан) -Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч юм.

Тэрбээр 1940 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг “Харганын буудал” гэдэг газар малчин ард Сономын ууган хүү болон төрсөн. Лочин нь бага дунд сургууль, МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөж багш мэргэжил эзэмшжээ. Лочин арван роман, олон тууж өгүүллэг бичсэн бөгөөд зохиолчийн хөдөлмөрийг үнэлж Д.Нацагдоржийн шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, МҮЭ-ийн шагнал хүртээж, ШУА түүнд эрдэмтэн–зохиолч өргөмжлөлийг Л.Түдэв, П.Хорлоо зэрэг нэрт эрдэмтэн зохиолчидтой нэгэн зэрэг гардуулан өгч байсан юм.

Лочинг манай нэртэй зохиолч гэдгээс нь дутахгүйгээр нэртэй сэтгүүлч гэдгээр нь ч уншигчид сайн мэднэ. Лочин хэвлэл мэдээллийн байгуулагад олон жил ажиллахдаа сэтгүүл зүйн бичлэгийн бүхий л төрөл зүйлээр 1000 гаруй материал бичиж хэвлүүлснээс гадна, уран зохиолын болон нийгэм улс төрийн сэдэвтэй 16 ном орчуулж нийтлүүлсэн бөгөөд нийт орчуулгын нь хэмжээг тооцон үзвэл зуу гаруй хэвлэлийн хуудас болж байгаа юм.

С.Лочин уран зохиолын судалгаа шинжилгээний ажилд дээр ч үр бүтээлтэй ажиллаж, Д.Нацагдоржийн гар бичвэр дээр ажиллан өмнөх алдаа завхралыг илрүүлж 1981 онд тэр үеийнхээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд 1999 онд Монголын эрт өдгөөгийн уран зохиолын бичвэрийн судалгааны бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалж, улмаар дэд профессор, профессор цол хүртжээ.

Лочин Монголын уран зохиолын романы хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэр роман бичлэгт психологийн буюу сэтгэл зүйн роман, памфлет роман, эссе-роман, антироман зэрэг шинэ төрөл зүйлийг анхлан бий болгосон хүн.

С.Лочингийн эдгээр бүтээлийг хэрхэн үнэлснийг, ялангуяа түүний “Үргэлжлэлтэй долоон өдөр буюу хоёрын өчил” романы нь талаар Баабар, Ч.Билигсайхан зэрэг нийтлэлч, утга зохиол судлаачид шүүмж бичсэн ажээ.

С.Лочин орчин үеийн уран зохиол судлалын асуудлаар “ХХ зууны Монголын журамлагдсан уран зохиол”, “Юндэн дурласан уу? Нансалмаа хардсан уу? болон бас бусын тухай”, “Монголын орчин үеийн уран зохиол судлал”, “Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудалд”, “Бичвэр судлал”, “Оросын уран зохиолын цоохор тэмдэглэлээс”, “Монголын үнэн гуйвсан түүхийн товчлол” зэрэг бүтээлүүд нь хэвлэгдсэн бол Монголын хуучны уран зохиол судлалаар “ХIII–ХХ зууны Монголын уран зохиолын гол баатар”, “Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршбай”-н товчоолсон түүхэн тойм” (Эрдэм шинжилгээ-нийтлэлийн судалгаа) зэрэг ганц сэдэвт бүтээлүүд болон бичвэр судлалын онол-түүхийн асуудлаар бичсэн “Бичвэр судлалын үндэс” хэмээх томоохон бүтээлүүд, эрдэм шинжилгээний хэдэг арван өгүүллүүд нь Лочингийн судалгааны ажлын цар хүрээг харуулж байгаа юм.

Тэрбээр Орос-Зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлээс 80 орчим хэвлэлийн хуудас уран зохиол орчуулсан нь аль эрт уншигчдын хүртээл болсон байна.
С.Лочин ийнхүү уран бүтээлийн олон төрөл зүйлээр бүтээж туурвихдаа ихээхэн үр бүтээлд хүрч байсныг харуулах баримт бол С.Лочин сэтгүүлчийн хувьд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, эрдэмтний хувьд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Эрдэмтэн зохиолч” өргөмжлөл, насаараа Монголын соёлын төлөө зүтгэснийхээ хувьд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, зохиолчийн хувьд Д.Нацагдоржийн шагнал, Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, ажилчин ангийн тухай “Сэтгэлийн өнгө” роман бичсэнийхээ учир МҮЭ-ийн шагнал хүртэж, 2006 онд тэр МУСГЗ цол хүртсэн юм.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img