2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Ж.Золжаргал: 1.5 тонн нүүрснээс нэг тонн шингэн түлш гаргаж авах боломжтой

Инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.

– Нүүрснээс шатахуун гаргах боломжоо арван жилийн өмнө алдчихсан –

-Шатахуунаараа хойд хөршөөс хараат байдлаасаа гарахгүй бол өнөөдрийнхөөс ч хэцүү байдалтай нүүр тулах нь тодорхой. Нефть боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус байна. Бараг энэ үйлдвэр ажиллаж эхлэхээс өмнө устөрөгч гэх мэт шийдлүүд гараад ирэх юм биш үү?

-Технологи хөгжиж, ертөнц дэлхий өөрчлөгдөж, шинэ зуунд бүх л юмс хурдан өөрчлөгдөж яваа ч хорьдугаар зуунд байсан суурь дэд бүтэц буюу зам, төмөр зам, түлш шатахуун гэх мэт хатуу дэд бүтэц эдийн засгийн гол тулгуур хэвээрээ л байна. Өнөөдөр ч, цаашдаа ч ийм байх болно.

Тэгэхээр эдийн засгийн суурь болсон түлш шатахуунаараа гаднаас хараат амьдарна гэдэг энэ зуунд, тэр дундаа гадаад байдал хүнд, тодорхойгүй хэвээр ийм дэлхийд төсөөлөхөд хэцүү зүйл. Нефть боловсруулах үйлдвэр гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Дэд бүтэц, зам, агуулах зэрэг нь баригдсан хэрнээ яг үйлдвэрийн барилга нь явахгүй байна л даа. Энэ бол гайхахаар өнцөг. Хэзээ хэрэгжиж дуусах, түүхий эдийн нөөц боломж хэр билээ гэсэн хоёр асуудал байна.

Одоогийн байдлаар Монголын олборлож байгаа газрын тосны хэмжээ үйлдвэрээ ажиллуулахад хүрэхгүй. Бид Хятадын талтай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй. Нөгөө тал өөрт ногдох тосоо манай талд өгөх үү гэх мэт асуудал бий. Сая тонн байтугай 200 гаруй мянган тонн түүхий тос л манайд ногдох байх. Миний төсөөллөөр бол үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд ОХУ юм уу Казахстанаас түүхий тос авах асуудал үүсч таарна. Ер нь энэ төсөл явах ёстой.

Ийм том төслийн хөрөнгө оруулалт зөвхөн төслийнхөө мөнгөн урсгалаар тооцогддоггүй. Манай улсын тухайд мега төсөл учраас салбаруудад үзүүлж буй нөлөө, улсын эдийн засагт эзлэх жингээр нь тооцох учиртай. Тэр утгаар нь энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ үйлдвэр баригдах гэсээр байтал хүмүүс бензин том хэрэглэхээ больчих юм биш үү, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод устөрөгч цахилгаан болчих юм биш үү гэж ярьдаг л даа.

Гэтэл өдий болтол ажил болсон зүйл лав алга. Арван жилийн өмнө, хорин жилийн урьд “Дэлхий өнөө маргаашгүй шатах тослох материалаас татгалзах нь ээ” гэж ярьдаг байсан. Тийм технологи хөгжиж яваа гэж ярьдаг байсан. Гэтэл өнөө ч янзандаа байна. Тэгэхээр юманд бодитой хандаад шатахууны үйлдвэрээ барих нь зөв.

-Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэнэ гэж байсхийгээд шуугидаг ч ажил бололгүй хэчнээн ч жил өнгөрчихөв дөө. Нүүрснээс нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж боломж бидэнд бий юу?

-Нүүрс бол нүүрстөрөгч, устөрөгч гэсэн хоёр элементийн нэгдэл. Газрын тос, байгалийн хий ч нүүрстөрөгч, устөрөгчийн нэгдэл. Хэлбэрээрээ л ялгаатай. Нүүрсний хувьд хатуу нүүрстөрөгч нь их, устөрөгч нь бага гэсэн ялгаа л бий. Ялгаагүй л түлш шатахууны эх үүсвэр, нийлэг материалын хуванцар, мяндас, химийн будаг, цавуу гэх мэтийн түүхий эд болдог.

Гагцхүү нүүрс хатуу төлөвтэй учраас боловсруулахад илүү их зардал гарна. Технологийн тухайд 100 хувь үйлдвэрлэлд нэвтэрчихсэн, өнгөрсөн зуунд буюу хоёрдугаар дайны үед л анх нүүрснээс шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэж Германд ашиглаж байсан жишээ бий.

Дайны дараа арьс өнгөний үзлээс болоод барууны орнууд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад худалдааны хориг тавьсан түүхтэй. Тэр үед Өмнөд Африк нүүрснээсээ нефть бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлсэн. Өнөө үйлдвэр нь өнгөрсөн зууны жаран оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

Саяхан нүүрсний ирээдүй ямар байх талаар онцолсон Дэлхийн нүүрсний ассоциацийн Удирдах зөвлөлийн хурал Бээжинд болоход Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын төрийн өмчит компанийн нүүрсний компанийн захирлаас гадна Ботсвана, Зимбабве улсуудын нүүрсний компанийнх нь захирлууд ирсэн байсан. Ботсвана бол Өмнөд Африкийн хөрш, жижиг улс.

Монголтой ойролцоо нөхцөл байдалтай. Далайд гарцгүй, хүн ам, хөгжлийн төвшин ч манайтай ойр. Энэ улс ӨАБНУ-аас нүүрснээс гаргасан шатахууныг нь авдаг юм билээ. Ботсваны нүүрсний компанийн захирал нь “Бид зуун хувийн энэ хамаарлаа больж байгаа. Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн” гэж байна лээ.

Мозамбикийн хувьд “Том төслийг шууд эхлүүлэх чадамж бидэнд алга. Гэхдээ төслийн бэлтгэл хийж яваа. Жижиг хэмжээний туршилтын ч гэлээ бодитой бүтээгдэхүүн гаргадаг, нүүрс хийжүүлээд шингэн түлш гаргадаг үйлдвэр ажиллуулж эхэлсэн” гэж байсан.

Нүүрснээс түлш шатахуун, хий, материал, мяндас, хуванцар гээд бүгдийг үйлдвэрлэж яваа улс бол Хятад. 2022 оны байдлаар гэхэд нэг жилд 900 сая тонн нүүрсийг нүүрс-химийн үйлдвэрт ашигласан статистик бий. Хятад улс жилдээ 4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Энэ хэмжээ бол дэлхийн хэрэглээний хагас нь. Түүнийхээ бараг нэг тэрбумаар нүүрс-химийн үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхийн нүүрс хэрэглээний арав гаруй хувийг Хятад дангаараа нүүрс-химийн үйлдвэрлэлд ашиглаж байна.

АНУ-д нүүрснээс нийлэг байгалийн хий гаргаж авах үйлдвэр өнгөрсөн зууны наяад оноос хойш ажиллаж байгаа. Эдгээр улс орны тухайд түлшний хамаарлаа багасгах, олон төрөлт үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг утгаараа энэ бүх төслийг хэрэгжүүлж байгаа хэрэг л дээ. Цэвэр эдийн засгийн талаас нь харвал нүүрсний үйлдвэрлэл тийм амар биш.

-Манай улсад нүүрснээс шингэн түлш гаргах төсөл тийм ч шинэ сэдэв биш дээ…?

-Харин тийм, энэ чигийн төсөл Монголд цоо шинэ зүйл биш. Арав орчим жилийн өмнө Монголын том компаниуд нүүрснээс шингэн түлш гаргах төслүүд хийж байсан. ТЭЗҮ боловсруулж, зураг төсөл хийгээд явж байсан удаатай.

МАК гэхэд л Адуунчулуун, Эм Си Эс Багануур, Бодь групп Бөөрөлжүүт дээр тулгуурлаж төсөл хийж байлаа. Сүүлд нь Уул уурхайн яамны дэргэд нүүрс хийжүүлэх ажлын хэсэг гарч Багануур дээр төсөл хэрэгжүүлэхээр ярьж байсан. Энэ мэт олон төслийн бэлтгэл хийгдсэн кейс бий. Тэр үед би ийм төсөл дээр ажиллаж байсан. Тэр үүднээсээ хэлэхэд нүүрсний хийжүүлгийн гүн боловсруулалтын төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн утгаараа газрын тос, байгалийн хийтэй яг ижил төвшинд өрсөлдөх боломжгүй.

Учир нь хөрөнгө оруулалтын хувьд хэд дахин өндөр. Тухайн үед лав ижил хүчин чадалтай, адил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дөрөв дахин илүү хөрөнгө оруулалт шаардана гэж байсан. Харин бүтээгдэхүүний өөрийн өртгийн тухайд хөрөнгө оруулалтын зардлыг тооцохгүй бол хямдхан. Газрын тосны үйлдвэрийн хувьд түүхий эдийнх нь үнэ өөрийн өртгийнх нь дийлэнх хувийг эзэлдэг. Нүүрс бол маш хямд. Сайн нүүрс бол 1.5 тонноос л нэг тонн шингэн түлш авна. Бүр тодруулж хэлбэл ангиллаасаа хамаараад 1.5-1.3 тонн нүүрснээс 1 тонн шингэн түлш үйлдвэрлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл түүхий эд нь хямд учраас бүтээгдэхүүнийх нь өөрийн өртөг маш бага гардаг. Эхний зардал болох том хөрөнгө оруулалтынхаа зээлийн хүү, өгөөжийг нэмээд санхүүгийн зардлаа бодохоор эдийн засгийн хувьд өрсөлдөхүйц ашигтай. Гэхдээ нефть, байгалийн хийн үйлдвэрлэлтэй харьцуулахад өрсөлдөх чадваргүй.

-Өрсөлдөх чадварыг нь газрын тос, байгалийн хийтэй тэнцүү байлгахын тулд яах ёстой юм бол. Тодорхой гарц шийдэл байна уу?

-Гарц бий. Наад зах нь татварын хөнгөлөлт хэрэгтэй. Орлогын албан татвараас нь тодорхой хугацаанд 50-70 хувь чөлөөлөх хэрэгтэй гэсэн тооцоо дүгнэлт тухайн үед гарч байсан. Харамсалтай нь энэ тал дээр ямар нэгэн дорвитой, бодлогын шийдэл гараагүй. Өнөөдрийн тухайд татварын асуудлаас гадна CO2 гэсэн маш том хүндрэлтэй асуудал гарч ирсэн. CO2-ыг ихээр ялгаруулж байгаа нүүрсний боловсруулах төслүүдийг дэмжихгүй гэдгээ санхүүгийн байгууллагууд мэдэгдээд эхэлчихсэн. Арван жилийн өмнө хийх боломж байсан ч бид тэр боломжоо алдсан.

Тиймээс Монголд нүүрс хийжүүлэх тохиолдолд CO2-ыг газрын гүнд булшлах шаардлага гарч ирнэ. Үүнийг хийхийн тулд хаана CO2-ыг булшилж болох талаарх судалгаануудыг хийх ёстой. Газрын тосны олборлолтод CO2-ыг доош нь шахвал ундарга нь 20 хүртэл хувиар нэмэгддэг эдийн засгийн үр ашигтай. Доош нь шахдаг усны хэмжээг бууруулах гэх мэт олон талын давуу талтай. Тэгэхээр газрын тосны олборлолтод яг хаана ашиглах боломжтойг судлах хэрэгтэй.

Газрын тос биш юм аа гэхэд гүний давсархаг усны давхарга гэх мэт газарт хадгалах боломж бий. CO2 гэдэг бол ямар ч хоргүй. Ундаа, шар айрагны газ гэсэн үг. Эрдэсжил өндөртэй гүний усанд хийвэл хийжүүлсэн ус шиг болоод хадгалагдана гээд ойлгочихож болно. Гэхдээ эдийн засгийн хувьд газрын тос боловсруулах үйлдвэр нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслөөс илүү үр ашигтай байх болов уу.

Харин нүүрсийг хийжүүлж савлаад, Орос, Солонгосоос орж ирдэг савлагаатай хий шиг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Үүн дээр өмнө нь төсөл хийгдчихсэн. Бэлэн болчихсон ийм төслийг хэрэгжүүлж, технологийг нь эзэмшээд, юуны түрүүнд бага хүчин чадлаар ажиллуулах боломж бий.

Дараа нь томруулах бүрэн боломжтой. Газрын тосны боловсруулах үйлдвэр бариад түлш, шатахуунтай болчихдог юм аа гэхэд хий үйлдвэрлэж гэр хорооллоо утаанаас нь салгах хэрэгтэй байна. Монгол хийн түлшээ нүүрснээсээ гаргаж авах бүрэн боломжтой. Технологи нь үйлдвэрлэлд зуун хувь нэвтэрчихсэн.

-Нүүрснээсээ бид өөр юу үйлдвэрлэх боломжтой вэ?

-Нүүрс-химийн төслийг шатахууны хомсдлоос шалтгаалаад сонирхож байх шиг байна л даа. Өнөөдрийн тухайд нүүрсээс хийн түлш гаргаж авч утааны асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт нүүрснээс хуванцар материал үйлдвэрлэвэл цагаа олсон шийдэл болно.

Хуванцар материалын тухайд нэг тонн нь 1000 гаруй доллар байдаг учраас ганц зах зээлээс хамаарахгүй. Олон улсын зах зээлд гаргах боломжтой. Гуравдугаарт нүүрснээс устөрөгч үйлдвэрлэх боломж бий. Устөрөгчийн цэвэр түлшийг ирээдүйн түлш гэж олон улсад үзэж байгаа.

Энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хэмжээнд судалгаа хийгээд ажиллаж эхэлсэн. МАК Японы талтай судалгаа хийгээд ажиллаж байна. Устөрөгчийн зөвлөл ажиллаж байгаа. Шатахууны хомсдолд оронгуутаа энэ сэдвээр идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байснаа асуудал мартагдангуут нам жим болчихдог. Ингэж болохгүй. Хэсэг хугацааны дараа ахиад л шатахууны хомсдлын асуудал үүснэ шүү дээ.

Дахиад хэлэхэд нефть боловсруулах үйлдвэрээ зүтгүүлж дуусгах хэрэгтэй. Нүүрсээ хийжүүлж химийн үйлдвэрийн сууриа тавьчихмаар байгаа юм. Эхний ээлжинд савлагаатай хийн түлшийг богино хугацаанд гаргаад авчихвал утаагаа шийдэх давуу талтай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img