2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Т.Эрдэнэ-Очир: “Суварган цэнхэр уул” Хятадын армийг түргэн авахуулж байсан кино

“Суварган цэнхэр уулс” киноны дэслэгч Цэндийн дүрийг бүтээсэн урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, хөгжмийн зохиолч Тогтмолын Эрдэнэ-Очиртой уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Улаанбаатар хотод ХБДС-ийн хуучрын анги, 1981-1986 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцаж цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн байна. 1971-1974 онд УАДБЧ, 1976-1993 онд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн зохиолч, удирдаачаар ажилласан байна. “Нар мандуулсан ээж”, “Хүүдээ дуулсан дуу”, “Тэр үүрээр чинь би төрсөн юм”, “Юугаа ч хайрлахгүй аав минь”, “Богд Дүнжингарав уул минь” зэрэг олон дуу, дан хөгжмийн зохиолууд туурвижээ. “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүү, “Суварган цэнхэр уулс”-ын Цэнд, “Цөвүүн цагийн богд”-ын Өндөр гэгээн Занабазар, “Их хааны удам”-ын Довчин бэйс, “Уучлаарай хайрт минь” киноны мөрдөн байцаагч, “Төрийн сүлд өршөө” телевизийн киноны Содномын дүрийг бүтээсэн жүжигчин юм. Хуучраар Болгарын Софи хотод болсон олон улсын залуучуудын уулзалт дээр Р.Шубертийн “Серенада”, Ж.Бизегийн “Кармен” дуурийн антракт, Ц.Сүхбаатарын “Жороо сайхан халиун”-ыг, үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд Моцартын “Рондо”-г хөгжимдөж өндөр үнэлэлгээ авч байсан хөгжимчин ажээ.

-Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон “Суварган цэнхэр уулс” кинонд та цэргийн дарга Цэндийн дүрийг хэрхэн бүтээсэн тухай яриач?

-Дэслэгч Цэндийн дүр хэдийгээр уран сайхных боловч Монгол Улсын баатар П.Чогдонгийн түүх намтраас ургасан дүр л дээ. Халхын голын Бойтогт манхан, Элст манханд болсон үйл явдлыг гаргасан байдаг. Манай кинонд Чогдон гуай зөвлөхөөр ажилласан л даа. Халхын голын шумуулын хазаж хатгах гэдэг үйлийн үргүй хэцүү. Тэгэхэд Чогдон баатар ердөө ч тоохгүй шүү дээ.

“Олон сайхан анд нөхдөө алдсан Халхын голд хонож, кинонд ажиллах хоногийн тоо гүйцээгүй байжээ” гэж санаа алдаж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Кинон дээр морьдоо Элст манханд хэвтүүлж нуугдаж байгаад гэнэт мордоцгоон дайсны бүслэлтийг сэтлэн гарч байдаг хэсэг байдаг даа. Гучин есөн онд Чогдон гуай яг тэгж бүслэлтийг сэтлэн цэргүүдээ авч гарч байсан түүхэн үйл явдал болсон юм билээ.

Т.эрдэнэ-Очир-Энэ кинонд та ямар шалгуураар тоглох болов?

-Би өмнө нь ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров гуайн зохиол “Нар хиртсэн жил” уран сайхны кинонд тоглочихсон байсан юм. Өөрөө цэргийн хүн болохоор надад цэргийн даргад тоглох тийм ч хэцүү байгаагүй.

Манай Батцэцэг маань Монгол Улсын их сургуулийн орос хэлний ангид сурдаг, урьд нь “Эх бүрдийн домог” кинонд тоглочихсон, арван долоон настай охин байсан. Бид хоёр түрүүнд нь нэг нэг кинонд тоглочихсон хөөрхөн туршлагатай хоёр байсан байхгүй юу.

-Одоогийн харилцаа дуучдыг хараад байхад дүрдээ итгэнэ гэдэг шиг биендээ сэтгэлтэй болоод сууцгаачих юм. Та хоёрын хувьд нэгэндээ сэтгэл татагдах тохиолдол гарч байв уу?

-Социализмын үеийн хүмүүжил гэдэг лут юм байлаа шүү дээ. Би хорин найман настай байлаа. Гэргий, хүүхэдтэй хүн чинь юу боллоо гэж илүү дутуу юманд сэтгэлээ сатааруулахав дээ. Кинонд тоглохын хувьд л Батцэцэгтэйгээ хамтарч байснаас дурлалын харцаар харж байгаагүй.

-Таныг “Суварган цэнхэр уулс” кинонд тоглосноос хойш охид бүсгүйчүүд захиа их ирүүлдэг байсан гэл үү?

-Захиа их ирнэ. Би ерөөсөө хариу өгдөггүй байсан ш дээ. (инээв. Л.Б) Би чинь их бүрэг томоотой залуу байлаа. “Нар хиртсэн жил”-д тоглосноос хойш захиа их л ирдэг байсан. Кинонд залуу охидтой тоглодог байсан ч арай жаахан ахмад настай байсан болохоороо ухаандаа ичдэг байсан шиг байгаа юм.

Наймдугаар ангид байхдаа нэг охинд сайн болоод захиа бичсэн ч өгч чадахгүй зөрөөд явчихдаг хүүхэд байсан юм.

-Та аль сургуулийг төгссөн билээ?

-Хөгжим, бүжгийн дунд сургуулийн хуучрын ангийг төгссөн. Гуравдугаар сургуулийн дөрөвдүгээр анги төгсөөд, Хөгжим бүжгийн сургуульд тавдугаар ангиасаа орохгүй юу. Миний аав Тогтмол гэж тайж гаралтай мундаг хүн байсан.

Т.эрдэнэ-Очир-Танайх хэдэн онд хотод шилжиж ирсэн юм?

-Дөчин долоон онд олон тэмээ ачаалж хотод нүүж ирж байсан гэдэг. Аав тайж, ээж зайсан хүний хүүхэд байсан болохоор их баян айл байж. Миний эгч нар Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрцгөөж, би харин хотод төрсөн юм билээ.

Гэхдээ миний эгч нар Увс нутгаа сайн мэдэхгүй, би бол киноны буянаар нутгаа сайн мэднэ шүү. Би эхээс есүүлээ ч, гурван эгч бид дөрөв л хүн болсон байдаг. Миний ээж дөчин хоёр настайдаа төрүүлсэн хүн.

-“Нар хиртсэн жил” кинонд та бас л цэргийн даргын дүр бүтээсэн дээ?

-Хорин нэгэн настайдаа тоглосон юм. Цэргийн ёсолгоо ч мэдэхгүй хүүхэд байж. Тэр кинонд мянга есөн зуун далан гурван онд тоглоод, далан дөрвөн онд цэрэгт явлаа.

Хилийн цэргийн 05 дугаар ангийн тусгай хороонд алба хааж байгаа юм. Тусгай хороонд очоод жинхэнэ утгаараа цэргийн амьдралыг туулсан даа. “Нар хиртсэн жил” чинь яг л миний цэргийн амьдрал даа. Цэрэгт хоёр жил болж улираад, хоёрдугаар сард гэртээ очтол ээж маань юм оёод сууж байсан.

Тэр кинон дээр “Хүү ирлээ, сүү хөөрлөө” гэж гардаг даа. Яг тэрэн шиг л юм болж байгаа юм. Ээж маань “Хүү ирлээ” гэж тэвэрч үнсээ л. Аав маань эмч хүн байсан. Одоогоор өрхийн эмч хүн байж. Аав маань их олонтой хүн. Увсаас ирсэн хүүхдүүд манайд л байна. Академич Баатар, Ишдорж нар манайд аж төрж байлаа.

-Таны анхны хань хэн гэж хүн байв?

-Миний анхны хань Чулуун-Эрдэнэ гэж нуруу царай сайтай, сайхан бүсгүй байсан. Цэл залуугаараа бурхан болсонд харамсаж явдаг. Миний охин Энх-Эрдэнэ одоо Америкт, Чикаго хотноо амьдарч байна. Аав, ээж хоёрынхоо Эрдэнэ нэрийг өвлөж авсан хүн дээ, миний үр. Охин маань цагаан сар болгоноор л бэлэг сэлт илгээнэ. Ах нь дөрвөн хүүхэдтэй хүн байгаа юм. Ач маань энэ жил сургуульд орсон. Миний хань Долгор ч ачид минь их хайртай.

Т.эрдэнэ-Очир-Та “Суварган цэнхэр уулс” кинонд тоглох үедээ ямар ажил алба эрхэлж байв?

-Хилийн цэргийн ансамбльд хөгжимчнөөр ажиллаж байлаа. Цэргийн хувцсан дээрээ ромбоо зүүчихсэн, хийморьтой л амьтан байж. Хувцсандаа түүртэхгүй байна гэдэг чинь цэргийн хүний нэг том соёл юм шүү. Залуу нас ч өөрөө сайхан жавхаалаг үе байж.

-Цэргийн хувцастайгаа кинонд тоглов уу?

-Цэргийн оёдлын үйлдвэрт кинонд өмсөж тоглосон хувцсыг захиалсан. Саарал шинельтэйгээ гудамжаар явж байхад хүүхнүүд их эргэж харнаа. Бүсгүйчүүлтэй ийм ээ, тийм ээ юм болох ямар ч бодолгүй их гэгээлэг бодолтой явлаа.

-Өнөө цагт нэг киног бараг л өдөрт нь зураг авалтыг хийчихээд байна гэж шүүмжлэх болсон. “Суварган цэнхэр уулс”-ыг хэдий хугацаанд хийсэн бол?

-Дорнодын төв дээр, Сүмбэрийн отрядын төв, Эрс уулын зургадугаар застав дээр зураг авч байлаа. Бараг бүтэн жил болсон байх. Хятад, манай хоёр улсын харилцаа тааруухан байсан үе шүү дээ. Кинонд тэсэлгээ энэ тэр хийхээр л Хятадын талынхан түргэн авна.

Манай кино чинь Хятадын армийг түргэн авахуулж байсан кино шүү. Ерээд оноос өмнөх кинонууд төлөвлөгөөтэй, их мундаг байж. Дэслэгч Цэндэд анх ардын жүжигчин Жамсранжав гуайг тоглуулахаар шалгаруулалтад оруулсан юм билээ. Тэгээд харин азаар намайг тоглуулсан байдаг. Киноны туслах найруулагч, “Сэлэм Тогмид”-ын дүрээрээ олны танил болсон Цэрэндорж гуай намайг сонгосон гэдэг.

-Киноны уран бүтээлчидтэйгээ амьдрал дээр хэр ойрхон харьцаатай байв?

-Төрийн шагналт Цагааны Цэгмид гуайн хүү Төмөрбаатар гавьяат, Батцэцэг гавьяат, Жийгээ найруулагч нартайгаа бүгдтэй нь л сайхан харьцаатай явдаг. “Суварган цэнхэр уул” кино гараад тавиад жил боллоо. Энэ киног үзээд цэрэгт явсан хүн их олон байдаг.

Энэ кино одоо болтол гараад байгаа нь зохиолч Санжийн Пүрэв, найруулагч Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаач Зундуй нарын гайхамшигтай авьяастнуудын авьяас билэгтэй шууд холбоотой. Хүмүүс “Кино чинь гарч байна шүү” гэж бараг л өдөр бүхэн утасдана шүү. Киноны хөгжмийн зохиол нь ч агуу шүү дээ. Зундуйн Хангал гэж тэр агуу хүн дэндүү уянгалаг сайхан аялгуу зохиож. Үүнээс улбаалж би ч бас олон кинонд хөгжмийн зохиолчоор ажилласан.

-Та ямар кинонуудад хөгжим бичив?

-“Сэтгэлийн уяа”, “Зүрхэнд уяатай хайр”, “Амилсан хайр”, “Гэрээс”, “Нүцгэн натур” зэрэг долоон киноны хөгжим бичсэн. П.И.Чайковскийн хөгжмийн сургуульд сурч байхдаа дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг хоёр утастай хуучраар тоглоход багш нар маань гайхдаг байлаа.

Зөвлөлт холбоот улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Гордяавын удирдлага дор таван жил сурсан минь үлээвэр хөгжмийн гайхамшгийг мэдрэхэд их тус болсон. Хилийн цэргийн ансамбльдаа ирээд үндэсний цөөхүүл хөгжим, үлээвэр хөгжмийг хослуулан холимог оркестр ажиллуулж эхэлсэн дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img