2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

…Тийм тунгалаг нулимс байсан болов уу

“Утгын чимэг-2023” шилдэг богино өгүүллэгийн наадмыг өнөө жил суут эрдэмтэн, Академич, Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэлмий гийсний 115 жилийн ойтой таширлуулан Дорнод монголын их талд зохион байгууллаа. Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн бол манай уран зохиолд орчин үеийн шинж төрх оруулсан гавьяатай уран бүтээлч.

Учир нь 1930-аад оноос л манай уран зохиол орчин үеийн шинжтэй болж ирсэн. Өмнөх үеийн зохиолуудад аман зохиолын шинж төрх давамгайлж байсан ба тодруулбаас хэн нэгэн баатар эр, мангас, сүүлхэн үедээ Чингис хаан, өнчин хүү, хутагт хувилгаад, хаад ноёдын тухай үзүүлдэг байсан нь 1929 онд Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужид үгүй болсон юм.

“Гологдсон хүүхэн” анхны гэдэг утгаараа мэдээж олон дутагдалтай боловч эгэл жирийн хүмүүс болох баян Болд, Долингор, Мядаг, Ловон лам, На түшмэл, Цэрэн.., гэх мэт дүрүүдийг монголын уран зохиолын төв байранд оруулж ирснээрээ дэвшилттэй. Гэтэл өнөөдөр ч аман зохиолын арга барилаасаа салж чадаагүй, чаддаггүй уран бүтээлчид зөндөө л байж байна.

Уран зохиолыг төрөл зүйлчлэн хуваах нь цаг үе бүрт харилцан адилгүй байсан ба XYI зууны үед л гэхэд бүр 94 (жанр) зүйлд хувааж байжээ. Харин XYIII зууны үеэс уран зохиолын төрөл зүйлийн онол хямралд орсон ба хатуу зааглан хуваадаг уламжлал зарим талаар бүдгэрч эхэлсэн гэж бичдэг. Өдгөө уран зохиолыг роман (novel), шүлэг (poem), жүжиг (drama), тууж (novella), өгүүллэг (short story) гэсэн үндсэн таван зүйлд л хуваан үзэж байгаа ба энэ таван зүйл л бүрэн утгаараа төлөвшин хөгжиж чадсан байна.

Өгүүллэг нь богино хэмжээтэй байх учир өргөн агуулгын хэрхэн зөв логиктой, уран хурааж, нээн илэрхийлж байгаагаараа үнэлэгддэг бөгөөд өдгөө бүр тэмдэгтийн тоог хатуу заах болсон нь мэдээллийн их хурдын эриндээ нэн зохирч байгааг бичих болжээ. Манайхан ч басхүү үгийн тоо заан хурааж байгаа нь энэ үедээ нэн тохирч байна.

Манай уран зохиолын хувьд жинхэнэ орчин үеийн шинж төрх бүхий анхны өгүүллэг бол “Гологдсон хүүхэн” туужийн дараа жил буюу 1930 онд гарсан Д.Нацагдоржийн алдарт “Ламбугайн нулимс”. Чухам энэ үеэс л өгүүллэг гэдэг зүйл хөгжих замдаа орсон бөгөөд ер нь сайн өгүүллэг сайтар хураангуйлсан роман байдаг гэсэн томьёололд “Ламбугайн нулимс” яг тохирдог.

1990 оноос богино өгүүллэгийн наадам зохион байгуулагдаж эхэлсэн. Энэхүү наадмын эхний байруудад шалгарч байсан өгүүллэгүүдийн байр байдлаас манай өгүүллэгийн хөгжлийн ерөнхий хандлагыг цухас боловч тоймлож болохоор юм.

Сүүлийн үед ХХ зууны монголын уран зохиолын “улаан коммунист” бус хандлагын зохиолуудыг үндсэн нь “нүүдэлчний реализм” хэмээн томьёолох байдал мэргэжлийн хүрээнд ажиглагдаж байна. 1990 оноос хойш тус наадамд тэргүүлсэн өгүүллэгүүд мөнөөхөн нүүдэлчний реализмын хандлагаас гажсан зүйл бараг үгүй.

Тодруулбал, хөдөөгийн амьдрал, малчин монгол хүний дүр, тэдний хоорондын янз бүрийн харилцааны тухай дурсан өгүүлж, тэрхүү хөдөөгийн монголчууд нь өнөөгийнхөнтэй харьцуулшгүй сайн сайхан мэтээр дүрслэн бичих явдал манай утга зохиолд зуршмал шинжтэй байдгаас “Утгын чимэг” наадмын тэргүүн өгүүллэгүүд үндсэндээ гажаагүй. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт “Хүрээ хөвгүүд”-ийнхний тунхаглаж байсан “люмпенпастух”-ын уран зохиолоос гажаагүй. Залуу уран бүтээлчид урбан маягийн шинэлэг өгүүллэгүүдээ наадамд өгч байвал наанадаж үзэгчдэд хүрэхэд, цаанадаж утга зохиолын хөгжилд хэрэгтэйсэн.

Өнгөрсөн наадмуудаас гоц ялгарах бүтээлүүд гэвэл Жагдалын Лхагвагийн “Бид ялав”, “Шөнө дунд утас дуугарав”, эрдэмтэн судлаач, яруу найрагч Сэндэнжавын Дуламын “Цэнхэр тэрлэгт”, зохиолч Жагзамын Сарантуяагийн “Дэлт цагаан азарга”, зохиолч Санжийн Пүрэвийн “Элсний нүүдэл”, энэ цаг үеийн сод туурвилч Цэндийн Доржготовын “Сүнсэнд шингэсэн гэмшил”, До.Цэнджавын “Алтан жүн жор” зэрэг бүтээлүүд байж дээ.

Зохиолч Ж.Лхагва монгол гэхээсээ илүү орос зохиолч шиг өвөрмөц барилаар бичдэг байснаараа, профессор С.Дулам аман зохиолын тэр дундаа оньсого тааврын гэмээр өвөрмөц дүрслэл, энгүй уужуу сэтгэлт бүсгүйн дүрээрээ, зохиолч Ж.Сарантуяа сонин сэтгэлгээгээрээ, нэрт зохиолч С.Пүрэв гүнзгий ухаарлаараа, төрийн шагналт Ц.Доржготов эмгэнэлт инээдмийн гашуун хэрнээ уянгалаг дүрслэлээрээ, зохиолч До.Цэнджав өвөрмөц хэл, хорон гэмээр сонин дүрээрээ тус тус сод ялгаран үлджээ. Зохиолч хүн өөрийн өвөрмөц бичлэг, сэтгэлгээтэй байна гэдгийн учир утга энэ буюу.

Энэ жилийн наадмын хувьд өнгөрсөн жилийнхээс хол илүү бүтээлүүд шалгарчээ. Ноднингийн өгүүллэгүүдийг уншаад эрүүл ухаантай хүн оролцсон эсэхэд нь эргэлзэж байсан бол энэ жилийн хувьд эрс өөр байв.

“Утгын чимэг-2023” наадмын тэргүүн байрыг зохиолч Долгорын Цэнджавын “Тамга” өгүүллэг эзэлсэн бол удаах байрт зохиолч Д.Гүн-Үйлсийн “Алтан судар”, гутгаар байрт зохиолч Б.Догмидийн “Морин цэргийн дууль” бүтээлүүд шалгарав.

Тэргүүн байрт шалгарсан “Тамга” өгүүллэгийн хувьд 1990 оны буюу анхны наадамд тэргүүлсэн зохиолч Лодонгийн Түдэвийн “Эрхий дарам зай” өгүүллэгтэй сэдэв, агуулгын хувьд дүйж байна. Учир нь нүүдэлчний реализмын дотор малчны өгүүлэмжээс гадна ялангуяа сүүлийн үед нүүдэлчдийн далд ухаан, сод авьяас хийгээд утга бэлгэдлийг эрхэмлэх, төрөө дээдлэх, түүхээ ухаарах зэрэг онцлогууд түгээмэл дүрслэгдэх болсон.

Эрхий дарам зайд мянган заан багтаан зурахаар ухаанаа ширээж бүтээл туурвисан зураачийн дүрийг зохиолч Л.Түдэв гаргасан байдаг бол төрийн тамганы алтан соёмбоны галыг хүрээнээс нь илүү гарган урласан дархны дүрийг зохиолч До.Цэнджав бүтээжээ.

Галын дөл өөдөө хэмээн бэлгэдэх монголчуудын суурь үзэл хийгээд төрөө дээдлэх мөн чанарт нь мөнхүү алдаа нь нэн зохирч, түүнийг нь дээдэс ихэд таалан болгоосноор дархны амь хэлтэрч түүгээр ч барахгүй зохих шан хүртжээ. Зохиолч До.Цэнджав том сэтгэснээрээ, уран сайхны хэл сайтайгаараа өнөө жилийн тэргүүн өгүүллэгийн эзэн боллоо.

Зохиолч Д.Гүн-Үйлс сүүлийн жилүүдэд түүхэн бүтээлүүд олныг туурвисан бөгөөд бие даасан бичлэг туурвилийн орчныг үүтгэж яваа уран бүтээлчийн хувьд түүхэнд холбогдох сэдвийг нэгэн дүрд уяж илэрхийлсэн нь содон байсан бол Төрийн шагналт зохиолч Б.Догмидийн хэл дүрслэлийн зангараг мэдрэгдэж байлаа.

Наадмын үеэр уран уншигч шалгаруулахад Ардын жүжигчин Г.Равдан урнаар өгүүлэхүйг бие даасан урлаг болгож шинэ түвшинд хүргэн төлөвшүүлсэн гавьяа, салбартаа эзлэх орон зайгаараа тэргүүлсэн бол, “Тамга” өгүүллэгийг уншсан жүжигчин Ө.Мөнгөнтулга удаалжээ.

НаранбаатарЖүжигчдийн хэрхэн амьдруулж буйгаар нь тэргүүн өгүүллэгийг шалгаруулдаггүй ч гэлээ утга зохиолын богино хэлбэрийн бүтээлийг ийнхүү уран өгүүлэхүйн мастеруудын тоглолтоор дамжуулан борлуулах нь нэн тохиромжтой болохыг сүүлийн үеийн хөгжлийн хандлага харуулсаар байгаа билээ. Наадамд зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэгийг уншсан нэрт жүжигчин, дуу оруулагч Өлзийн Наранбаатар үгээ мартаж, яльгүй түгдэрмэр аядаад өчүүхэн алдаагаа зассан бөгөөд тэр нь үзэгч, шүүгчдэд бараг анзаарагдсангүй. Гэтэл наадмын дараа тайзны ард жүжигчин Ө.Наранбаатар алдаандаа гэмшин нулимс унагажээ. Жинхэнэ жүжигчин л ийм байдаг байх.

Наадмын дараа олон хүний нүдэнд нулимс байсан, харин жүжигчин Ө.Наранбаатарынх шиг тийм тунгалаг нулимс байсан болов уу. Байсан л байгаасай.
Учир нь өнөөгийн манай утга зохиолын хүрээнд өөрийн үнэн алдаанд гэмших, нөхрийн үнэн амжилтанд баярлах тийм тунгалаг нулимс дутсаар л байна бус уу.

2023-12-12

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img