2024-07-22, Даваа
21 C
Ulaanbaatar

О.Цолмонгэрэл: Швейцарийн монголчуудын бүтээсэн “Сэрсэн салхи” дууны цаана жагсаалд уриалсан утга байхгүй

Яг жилийн өмнө болсон олон нийтийн жагсаалыг эргэн сануулсан “Сэрсэн салхи” нэртэй дуу youtube суваг дээр тавигджээ, “Гадаад орнуудад оршин суугаа Монгол ахан дүүс та бүгдийн эх орноо гэх чин сэтгэлд баярлалаа” гэсэн тайлбартайгаар. Дууг бүтээсэн төслийн удирдагч О.Цолмонгэрэлтэй холбогдлоо. Тэрээр Швейцар улсын Берний их сургуулийн докторантур, “Швейцарын франц хэлтэй бүс нутаг дахь монголчуудын нийгэмлэг” –ийн Удирдах зөвлөлийн гишүүн юм.

-“Салхи чи Монгол түмний төлөө шуурга болон исгэрээч. Сэр сэр сэр, сэрсэн Монгол нэгдлээ” гэсэн үгтэй дууг сонсохоор зүгээр нэг эх орны тухай дуу биш “улс төрийн” агуулгатай мэт санагдлаа. Клипийг харахаар жилийн өмнө төв талбай дээр болсон олон нийтийн жагсаалын дүрс, зургууд байна. Яг ямар түүхтэй бүтсэн дуу вэ?

-Тиймээ энэ дууг өнгөрсөн жилийн өвөл талбай дээр болсон олон нийтийн жагсаалд зориулж бүтээсэн юм. Швейцар, Франц, Герман, Япон улсуудад амьдарч байгаа 60 гаруй монголчуудын хандиваар бүтсэн уран бүтээл. Анх энэ дууг жагсаалын үеэр талбай дээр дуулуулж, жагсаж байгаа хүмүүсийг зоригжуулах, уриалах зорилготой байсан. Гэвч хараахан бүрэн дуу болж амжаагүй байхад нь жагсаал тарчихсан.

Гэхдээ энэ дууны үг, утга үнэ цэнтэй одоо ч хэвээр учраас хожуу ч гэсэн клипжүүлж, гаргасан нь энэ. Гэхдээ дууны маань сэрээч ээ, нэгдээч ээ, тархай бутархай энэ олон санаа бодлуудаа нэгтгээд асуудлаа шийдүүлэхэд бүгд нэг дуугаар нэгдээч ээ гэсэн утга, зорилго нь жагсаалаар хязгаарлагдахгүй л дээ. Дууны үгийг яруу найрагч До.Болдхуяг бичиж, Дуучин О.Гантулга дуулсан

-Талбай дээр жагсаал болж байх тухайн үед гадаадад байгаа монголчууд талбай руу халуун хоол, цай хүргүүллээ гэх мэдээллүүд их гарч байсан л даа. Швейцарт байгаа монголчууд харин яагаад дуу бүтээе гэж шийдсэн нь сонирхолтой санагдаж байна?

-Гадаад байгаа монголчууд бид чинь эх орондоо болж байгаа бүх зүйлдхамгийн их чих тавьж, үргэлж санаа зовж явдаг хүмүүс шүү дээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд жагсаал болсон.

Нүүрсний асуудлаар гэнэ, Засгийн газраас эхлүүлсэн гэнэ, залуучууд сэтгэл зүрхээрээ нэгдэж шударга бус байдлын эсрэг талбай дээр жагсаж байгаа гэнэ гэсэн мэдээллүүд гарч эхэлсэн.

Тэгээд бид чинь чих тавиад л өдөр бүр мэдээлэл уншиж байлаа. Гэтэл аяндаа л гадаадад байгаа монголчууд мөнгө, хандив цуглуулж хоол цай, гар дулаацуулагч гэх мэт зүйлс өгч эхэлсэн.

Швейцарт байгаа монголчууд бидний хувьд эхний удаа ажигласан байдалтай байлаа. Нэлээд ажигласны эцэст ямар нэгэн намынх биш, залуус сэтгэл зүрхээрээ жагсаж байна гэж харсан л даа. Залуус тэсгэм хүйтэнд талбай дээр хонож, жагсаж байсан.

Тэгээд энд байгаа монголчуудаас ганц ганцаараа хандив илгээж байснаас бүгд нэгдээд хандиваа өгье гэдэг санал гарсан юм. Бид фэйсбүүкээр Швейцарт байгаа монголчуудаа уриалж, хандив цуглуулсан. Цуглуулсан мөнгөөрөө бусдын жишгээр л халуун хоол, цай, гар дулаацуулагч өгье гэж шийдээд.

Би эндээс Улаанбаатарын хоолны газар руу утастаж хуушуур, цай зардаг газарт захиалга өгөөд таньдаг оюутан дүүгээ гуйж хүргүүлсэн. Үүнд бидний цуглуулсан хандивын гуравны нэг нь л зарцуулагдсан. Тэгээд, бид энэ мөнгөөр дахиад л хуушуур, цай зөөх үү, арай өөр зүйл хийвэл ямар санаа байна, өөрөөр яаж дэмжих вэ гэх мэтээр ярилцсан юм. Бид яг жагсаж байгаа хүмүүстэй холбогдож чадахгүй байсан учраас хэрэгцээг нь асуух чадаагүй.

Монголд амьдардаг ганц нэг хүмүүсээс жагсагчидтай уулзаад хэрэгцээг нь асуугаач гэж гуйсан. Өнөө хүмүүс маань жагсагчдаас бидний асуултыг асуухад “Хэрэгтэй юм одоогоор алга, хоол цай их байна, хэн нэгнээс хандив, тэр дундаа мөнгө авахгүй” гэсэн юм билээ.Тэгээд яг жагсаж байгаа хүнтэй холбогдох гэж хайсны үр дүнд нэг хүнтэй холбогдсон нь энэ дууны үгийг бичсэн яруу найрагч До.Болдхуяг. Хэрэгтэй зүйл байна уу гэхэд тухайн үедээ “плакат хэвлэх хэрэгцээ бий” гэж байсан л даа.

Харин хоёр өдрийн дараа До.Болдхуяг холбогдоод залуучуудын эрч буураагүй, жагсаж байгааг хэлээд “Манай жагсаалыг дэмжээд дуу бүтээвэл ямар вэ, надад нэг шүлэг байна” гээд над руу шүлгээ явуулсан юм. Шүлэг нь их аятайхан санагдсан. Яруу найрагч маань шүлгээ өгөөд “За чи дуу болгоорой, би жагсаж байгаа учраас завгүй” гээд ахиж холбогдоогүй. За тэгээд Монголоос хөгжмийн зохиолч олох хэрэг гарлаа.

Хэд хэдэн хүнтэй холбогдож байж хөгжмийн зохиолчоо олсон. Хөгжмийн зохиолч хөгжмөө бичиж байх хооронд нь би дуучнаа хайж олсон. Уг нь тухайн үедээ дуугаа хурдан бүтээгээд талбай дээр дуулуулах зорилготой байсан юм. Гэвч яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучнаа олж явсаар байтал нөгөө жагсаал маань тарчихсан. Дууны шүлэг, ая гарчихсан, дуучин маань дуулж амжаагүй байтал жагсаал тарчихлаа одоо яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

ЦолмонгэрэлДуугаа студид бичүүлээд ямар ч байсан гаргая гээд хандив өгсөн хүмүүстээ тайлангаа тавьж дууг студид бичүүлэх хандив цуглуулсан. Ингээд 2023 он гараад дууны аудио бичлэг бэлэн болсон.

Монголдоо Цагаан сараар ирээд дуу бүтээлцсэн хүмүүстэйгээ ярилцсаны эцэст клиптэй болгох нь хүртээмжтэй юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд клип хийх шийдвэр гаргасан. Гэхдээ энэ дуу дээр өндөр өртөгтэй клип хийлгэхгүй, дууны зарчимд нийцэхгүй.

Тэглээ ч тийм их мөнгө надад байхгүй. Багахан зэргийн мөнгө нэмж босгоод анхны зарчим дээрээ байя, Монголдоо тулгарч байгаа асуудлуудыг нэмээд тухайн үеийн жагсаалын зургуудаас оруулж хийе гэдэг шийдэлд хүрсэн. Хэдийгээр жагсаал маань тарсан ч бид үүнийг хийнэ гэснээрээ хийх ёстой гэдэг зарчим дээр явсаар байгаад энэ уран бүтээл төрсөн.

Энэ дуу бол Швейцарт амьдардаг 60 гаруй монгол хүний хандиваар бүтсэн уран бүтээл. Клипийг бүтээхэд хэдэн хүн сайн дураараа оролцсон. Зарим зайлшгүй зардлуудыг гаргаж, зарим хүний хөдөлмөрийг үнэлж бага хэмжээний урамшуулал өгсөн тал бий. Ерөнхийдөө энэ дууны үзэл санаан дээр нэгдсэн хүмүүсийн хандиваар бүтсэн дуу.

-Тэр жагсаалд гадаадад амьдардаг монголчууд хоол, цайнаас эхлээд дуу хүртэл бүтээж. Ер нь л олон хэлбэрээр хандив өгч дэмжжээ. Үүний цаана том хүлээлт байсан байх. Тэр хүлээлт биелсэн үү?

-Гадаадад амьдардаг монголчууд цөөн биш шүү дээ. Монголын хөдөлмөрийн идэвхтэй хүн амын 20-иод хувь нь гадаадад байна. Тэд маш идэвхтэй, эх орон руугаа хэдэн тэрбумаар нь мөнгө явуулж байгаа хүмүүс. Энэ хүмүүс чинь өөр өөрийнхөө ажиллаж, сурч байгаа улс, орон нутгийг хараад ” Улс орон ингэж хөгждөг юм байна, ард түмэн нь асуудалд ингэж идэвхтэй оролцох ёстой байх нь” гэж ухаарч мэдчихээрээ нийгмийн идэвхтэй болчихдог. Мөнгө явуулахаас гадна эх орныхоо хөгжилд би юу хийж чадах вэ гэж боддог болчихсон хүмүүс.

Тухайн үед Монголд болсон тэр жагсаалыг хараад эмх замбараагүй байдал битгий үүсээсэй гэж их санаа зовж байлаа. Гэхдээ хамгийн түрүүнд жагсагчид нь нэгдээсэй гэж хүсэж байсан. Хэсэг бүлэг, хэсэг бүлгээрээ нэгдчихээд, бие биеэ хардсан дүр зураг анзаарагдаж байсан шүү дээ. Хоёрдугаарт, нүүрсний хулгай гэдэг сэдэв яалт ч үгүй шийдэгдэх ёстой асуудал байсан. Өмнө нь энэ асуудал байсан ч мэдэх тодорхой хүрээнд л яригдаж байсан.

Ерөнхий сайд нь өөрөө энэ асуудлыг гаргаж ирж, дэлгэж тавингуут энэ аалзны шүлс шигээ сүлжээгээ шийдчихээсэй гэсэн хүсэл хүн бүрт төрсөн шүү дээ. Өнгөрсөн жилийн жагсаалыг бид энэ том асуудлыг шийдэх учиг нь болох байх гэж найдсан. Ард түмэн, залуус тэр айхавтар хүйтэнд жагсахаар чинь ямар ч монгол хүний эх орноо гэсэн сэтгэл оргилно.

Нүүрсний хулгайгаас гадна шударга бус байдал, авлигын асуудлууд Монголд шийдэгдээсэй гэсэн хүсэл бидэнд байсан. Тэр бүх хүсэл маань ид хүйтэнд өрнөсөн тэр жагсаалаар шийдэгдчих юм шиг санагдсан. Үнэхээр тэгж горьдсон. Одоо ч энэ горьдлого маань тасраагүй байна.

-Тэр явдлаас хойш яг нэг жил өнгөрчихлөө. Жагсаал үр дүнтэй байж чадсан болов уу?

-Би яг өөрөө жагсаагүй хүн шүү дээ. Швейцараас сэтгэлээрээ л жагссан олон монголын нэг. Тэр утгаараа хэлэхэд, ардчилсан хувьсгалын өлсөж жагссан жагсаалаас хойш болсон хамгийн олон хоног үргэлжилж, өргөн хүрээг хамарсан жагсаал гэж бодож байна. Ард түмэн өөрчлөлтийг хүсэж байгааг харуулсан жагсаал болсон.

Гэхдээ тэнд жагссан олон жижиг бүлэг өөр хоорондоо нэгдэж чадаагүй, шаардлагаа нэгтгэж чадаагүй. Нөгөө талаасаа манайд улс төрийн хувьд дорвитой сөрөг хүчин алга гэдэг нь их тод харагдсан.

Сөрөг хүчин ямар шалтгаанаар дарагдаж байгааг мэдэхгүй. Сөрөг хүчингүй учраас тэр жагсаал дээр хэдэн мянган хүнээс, хэдэн зуун хүсэлт гаргаад нэмэргүй шүү дээ. Үүний оронд хүчээ нэгтгээд тодорхой, нэгдсэн шаардлага хүргүүлэх ёстой. Жагсаалын сүүл хэсэгт шаардлагууд нь нэгдээд, арай бодитой болж эхэлсэн. Магадгүй өнөөдөр яригдаад байгаа нүүрсний сонсголд энэ жагсаалын бага ч гэсэн нөлөө бий. Би тэгж л бодож байна.

-Жагсаалын үед нүүр царай болж байсан залуусын талаар дараа нь олон сөрөг мэдээлэл цацагдсан. Тэр мэдээллүүд ямар санагдсан вэ?

-Тэгсэн. Жишээ нь жүжигчин Цогтоог хүмүүс маш их хардаж байсан. Би хувьдаа тэр залууг огт мэдэхгүй учраас аль болох олон талаас нь харах гэж хичээсэн. Энэ залуу сонгуулийн үеэр хэн нэгнээс мөнгө авсан, эсвэл тухайн жагсаалын үеэр хэн нэгэн, эсвэл нам хүчнээс дэмжлэг авч байсан байж болно.

Аль нь байсныг бид мэдэхгүй. Гэхдээ Цогтоо тэр үед олон хүнийг тэр жагсаал руу, жагсаалын зорилго болох шударга бусын асуудал руу татаж чадсан. Тэр хүнд хувийн, санхүүгийн амбиц, сонирхол байсан эсэхийг яг таг мэдэх аргагүй шүү дээ.

-Энэ дууны клип дотор жагсаалд гол дүр болж байсан Бат-Очир гээд залуугийн зураг байна лээ?

-Түүнийг “Монголдоо сайхан амьдарчихмаар л байна” гэсэн хүсэлтэй энгийн залуусын төлөөлөл гэж харсан. Нөгөө талаасаа яг клип хийх гээд жагсаж байсан хүмүүсийн өндөр нарийвчлалтай зургийг дараа нь авах гэсэн олдоггүй юм байна лээ.

Тэгээд тухайн үедээ зураг аваад байсан вэб сайтууд болон зурагчид руу хандсан. Тэд зургаа үнэгүй өгдөггүй юм байна лээ. Ер нь бол энгийндээ зургаа өгсөн хүмүүсийн зургийг л оруулсан. Яг тэр жагсаалын үсэр гадаад улсуудад бас найм, есөн газар жагссан. Тэдний зургийг мөн оруулахыг хичээсэн.

-Жилийн өмнө жагсаалд зориулж бүтээсэн дуу, өнөөдөр олон нийтэд цагдаж байгаа нь ямар учиртай юм бол. Улстөрийн ямар нэг шалтгаан бий юу?

-Маш энгийн шалтгаан бий. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг л энгийн зарчим. Энэ дууг хийх гэж олон хүний хандив, зүтгэл гарсан. Үүнийг нь дуусгах энгийн зорилго бий. Бусдаар би болон энэ дууг бүтээхэд оролцсон хүмүүсийн хувьд ахин ямар нэгэн жагсаал, цуглаанд уриалсан зүйл байхгүй.

Нөгөө нэг зорилго нь дууны үг үнэхээр утга төгөлдөр үнэ цэнээ алдахааргүй. Тийм учраас хүмүүс энэ дууг сонсоод сэрээсэй гэж хүссэн. Эх орон минь ядууралгүй, хүн ам нь хараа дээшээ, инээмсэглэсэн, цэвэр, эрүүл орчинд амьдраасай гэж хүсдэг залуусын нэг л дээ би. Ер нь бид дуугүй байгаад, дутагдалтай эвлэрээд явж болохгүй. Бид дутагдалтай эвлэрчихсэн, авлигыг хүлээн зөвшөөрчихсөн, бүр үүндээ дасчихсан байна. Авлига өгөхгүйгээр ажил бүтэхгүй гэсэн бодлыг тархиндаа гүн шингэчихэж.

Монголчууд бид ингэж амьдрах ёсгүй хүмүүс шүү. Ийм сайхан уудам нутагтаа амьсгал тэнүүн, сэтгэл хангалуун амьдрах бүрэн боломжтой. Тийм учраас л бид энэ дуугаараа монголчууддаа “сэрээсэй, нэгдээсэй” гэж уриалж байгаа юм. Дууг бүтээлцэхэд оролцсон бүх хүн яг л ийм зорилго, хүслээр оролцсон

-“Швейцарын франц хэлтэй бүс нутаг дахь монголчуудын нийгэмлэг” ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

-Швейцарт монголчуудын дөрөв, таван холбоо бий. Швейцар улсын хүн амын 70 хувь нь герман, 20 гаруй хувь нь франц, нэг муж нь италиар ярьдаг. Миний амьдарч буй мужид франц хэлтнүүд амьдардаг.

Манай “Швейцарын франц хэлтэй бүс нутаг дахь монголчуудын нийгэмлэг” есөн жилийн өмнө хүүхдүүддээ монгол хэл, соёлоо заах зорилгоор байгуулагдсан.

Ямар нэг улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй цэвэр соёлын ажлууд хийдэг байгууллага. Энэ дууны хувьд эх орноо гэсэн бидний сэтгэлийг илэрхийлж буй нэг бүтээл гэж хэлж болно.

-Швейцарт иргэдийн нийгмийн оролцоо хэр байдаг вэ?

-Ардчилал гэдэг нь төгс төгөлдөр засаглалын хэлбэр биш байж болно. Ер нь хорвоо дээр төгс төгөлдөр юм байхгүй. Гэвч өнөө цаг үед ардчилал нь ард түмнийхээ дуу хоолойг хамгийн сайн сонсдог систем гэж үзэж байна. Гэхдээ ардчиллыг олон янзаар хэрэгжүүлж болдог юм байна.

АНУ-ын ардчиллын систем нь АНУ-даа, Японых нь Япондоо зохидог. Үүнтэй адил Швейцарын ардчиллын систем нь шууд ардчиллын систем гэж маш том онцлогтой. Энэ систем Швейцартаа л зохицдог. Шууд ардчиллын хамгийн сайхан зүйл нь ард түмэн бүх шийдвэрээ гаргадаг. Шийдвэрийг хэзээ ч нэг нам, нэг парламентын гишүүд гаргадаггүй.

-Та тодорхой жишээ хэлээч?

-Жишээ нь Швейцарт нэг уулыг нүхэлж, туннел барихад эдийн засгийн тооцоог нь гаргаад, бүх үндэслэлээ ард түмэндээ танилцуулна. Танилцуулаад бүх иргэдээс санал авна. Ингэхдээ төр иргэнээсээ саналыг нь авахын тулд шаардлагатай бүх мэдээллээр хангана.

Аль нам ямар байр суурьтай байгааг хүртэл гаргасан хоёр талаас нь харах боломж олгож мэдээллийг өгдөг. Тэр нь хүн бүрийн гэрт нь шуудангаар цаасаар хүргэгдэнэ. Намуудын байр суурийг маш тодорхой тавьж өгдөг.

Тухайн хүн аль нэг намын гишүүн, дэмжигч бол тэр намынхаа шийдвэрийг дагах, дагахгүйгээ шийдэх боломжтой байдаг. Иргэний бүрэн эрх чөлөө хангагддаг. Иргэдийн саналаараа асуудлыг шийддэг. Иргэн эсвэл нам санал оруулах бол хуульд заасан тодорхой тооны иргэний гарын үсэг цуглуулдаг.

Ер сонирхолтой, гоё шийдвэрүүд гардаг юм байна лээ. Байлдааны онгоц авахыг хүртэл иргэдийн саналаар шийднэ. Улсын хэмжээнд төдийгүй, аймаг орон нутгийн хэмжээнд асуудлыг шийдэхдээ санал авна. Энэ тогтолцоо нь өөрөө иргэдийг идэвхтэй, оролцоотой байлгадаг. Аль ч улс орнуудад байдаг нэг асуудал бий. Залуус жаахан идэвхгүй байх нь бий.

-Эх орондоо хэр их ирдэг вэ? Монгол улсын хөгжлийн талаар та юу гэж бодож байна?

-Би жил бүр эх орондоо очихыг хичээдэг ч тэр бүр санаснаар болохгүй үе байна аа. Очих бүрт маш хурдтай хөгжсөн байдаг. Европын улсуудтай харьцуулбал манайх шинэ зүйлд маш хурдан зохицдог. Өөрөөр хэлбэл, юм шинээр нэвтрэхэд саад багатай хурдан нэвтэрдэг нь бахархмаар санагддаг. Залуучууд маань аливаа зүйлд их нээлттэй болсон. Манай нэг өвөрмөц юм байна. Юмыг тултал хөгжүүлдэг.

Америкийн, Японы, Солонгосын соёлыг холиод, нийлүүлээд Монголынх болгоод гаргаад ирдэг. Жишээ нь, хурим байна. Хаанахын хурим юм бэ гэмээр, америк, солонгос, монгол ёс заншлууд холилдчихсон харагддаг. Бас уулзалт, хурлуудын хэв загвар Монголд шилдгийн шилдэг байна. Өөр хаана ч ийм тансаг хурал, уулзалт болдоггүй. Уг нь хэлэлцэж байгаа асуудал, ярьж байгаа сэдэвтээ гол анхаарлаа хандуулмаар.

Хэлбэр бол хэдэн мянга дах асуудал шүү дээ. Зардал нь ч их өндөр гарах юм. Бас нэг анзаарсан зүйл бол монголчууд нийгмээрээ маш бухимдалтай байна. Гудамжинд явж байхад ууртай хүмүүс дүүрэн харагддаг. Нийгмийн асуудал хэт овоорсонтой холбоотой байх. Үүнийг шийдэх арга уг нь их энгийн санагддаг. Асуудлыг нэг нэгээр нь шийдэж байж л тодорхой үр дүн гарна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img