2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Н.Сувд: ЭЭЖ НАМАЙГ ФИЗИКЧ, МАТЕМАТИКЧ БОЛГОХ ГЭЭД БАГШААР ХҮРТЭЛ ЯТГУУЛЖ БАЙСАН

Монгол Улсын төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат жүжигчин Намсрайн Сувдтай ийнхүү хөөрөлдөж байсан билээ. Авьяас гэдэг алт, алмаасаар ч зүйрлэшгүй гайхамшигтай зүйл. Бурхан тэнгэрээс эл эрдэнийн дээдийг өвлөн төрсөн эрхэмсэг хатагтайтай ярилцан суухад түүхэн их хатдыг амилуулсан төгөлдөр сайхан дүрүүд нь сэтгэлд амилан Их хааныхаа ээжтэй ч ярьж суугаа юм шиг, Монголын их хаадын залгамж Батмөнх Даян хааны хатантай ярьж байгаа ч юм шиг сонин увдист автан байсан нь санаанд тодхон байна.

-Таны тайз, дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн дүр тоогоо алдсан байх даа?

-Би эхийн хэвлийгээс мэндлээд л театрын энэ ариун агаар, тоостой хамт ээжийнхээ сүүг хөхөж өссөн.

Тийм учраас театрын агаараар амьсгалж өдий насалж байна. Ээжийг театрт ид тоглож байхад “Учиртай гурван толгой”, ”Жаргалын зам” гэх зэрэг жүжгийг нь үзэж байснаа санадаг. Тэр үед би дөрөв тавтай байсан юм уу даа. Үүнээс хойш ээжийнхээ найруулсан тоглолтуудыг их үздэг байлаа. Яг өөрөө бол оюутан болоод л тайзан дээр гарсан даа.

Хүүхэд байхдаа 1958 онд Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явж олон багш нараар заалгаж урлагт анх хөл тавьсан. Тонтор гэж багш минь байлаа. “Шороотын Цэвээн” гуайн охин чуулгад олон жил бүжгийн багш хийсэн Нэргүй гэж гайхамшигтай бүжигчин надад багшилж байлаа. Ингэж л урлагт сайн дураар хөл тавьсан.

Жүжигчний мэргэжлээр Москвад Кино урлагийн дээд сургуульд Зөвлөлтийн хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Борис Андрейвич Бабушкин гэж хүний шавь болж суралцаж байхдаа “А” үсгийг заалгасан. Манай багш Малый театрын найруулагч, жүжигчин байлаа. Дараагаар нь 1983 онд “Нора” жүжгийн гол дүрд тоглож шилдэг дүрийн шагнал авч байв. Доржсамбуу найруулагч маань найруулж байлаа. Жүжигчин Баярмаа миний Норагийн дүрийг сүүлд бүтээсэн дээ.

-Таныг Монголын ард түмэн “Мандухай цэцэн хатан” киногоор маш сайн мэднэ. Үүнээс өмнө жүжигчин гэдэг мэргэжлийн гайхамшигтай чанарыг ямар дүрээс мэдэрч байсан бэ?

-Николай Островскийн “Инжгүй хүүхэн” гэж жүжгийг манай Драмын театрт 1973 онд тоглож байсан. Энд Лариса гэж гол дүрийг бүтээсэн цагаас хойш Драмын театрт ажилласан. Тэр дүр бол үнэхээр гайхалтай, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөддөг жүжиг л дээ. Намайг Ларисагийн дүрийг бүтээж байхад Паратовын дүрд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гантөмөр маань тоглож байлаа. Хөдөлмөрийн баатар Гомбосүрэн гуай тоглож байсан.

Ардын жүжигчин Цэрэндулам, соёлын тэргүүний ажилтан Баатархүү, гавьяат жүжигчин Жарантав, Латиф, Норолхоо, Оюунцэцэг, Гомбожав, Шагдаржав гээд манай театрын ёстой аваргууд хамт тоглож байлаа. Би тэдний дунд орж дүр бүтээж, тэд маань миний захнаас өргөн, заамнаас минь дээш нь татаж энэ уран бүтээлийг хийсэн. Эргээд бодоход гайхалтай цаг үе байсан.

Театр гэдэг бол хэзээ ч мөхөхгүй, жүжигчид үзэгчид хоёр зүрх зүрхнийхээ цохилтыг мэдэрч байдаг гайхамшигтай урлаг. Амьсгалаас амьсгалд гайхамшгийг мэдрүүлдэг энэ амьд харьцааг театр урлаг л хүн төрөлхтөнд өгдөг. Хамгийн гол нь мөнхийн залуугаараа байдаг. Яагаад гэвэл мөнхийн залуугаараа байдаг. Яагаад гэвэл яг одоо, яг одоо энэ цагт харьцаж байдаг учраас дандаа залуу байдаг.

Н.Сувд-Таны ээж Цогзолмааг Зууны манлай жүжигчин, алтан үеийн жүжигчин гэдгийг мэднэ. Та тэгтэл ээжийнхээ үеийн авьяастнуудтай нэгэн тайзнаа гарч байсан жүжигчин гэхээр бас л бахархмаар юм даа?

-Энэ бол тэр болгон хэр баргийн хүнд заяахгүй хувь заяа гэж би боддог. Зөвхөн ажил дээр ч биш төрөөд л тэр хүмүүсийн өвөр дээр бүүвэйлүүлж, эрхэлж, тоглож өссөн. Төрийн шагналт зохиолч Э.Оюун гуайнхаа зуун насны ойг манай театрын үзэгчид, уран бүтээлчид тэмдэглэсэн.

Э.Оюун гуайн 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” жүжгийг шинэчлэн тавилаа. Би чинь “Монгол кино” үйлдвэрт ажиллаж байсан хүн шүү дээ. Оюун гуай маань энэ театрт намайг чирж авчирч, ташуурдаж, ажиллах бололцоо ирээдүйг минь бий болгосон. Ахмадуудын буян гэдэг бол хэзээ ч барагдашгүй их өв юм. Тэд нар минь байгаагүй бол бид хэзээ ч байхгүй.

-Та эхийн сүүтэй хамт жүжигчний мэргэжлийг амталсан юм байж. Гэхдээ сургууль соёлын хишиг гэж гайхмаар юм бий дээ?

-Би ЗХУ-д Кино урлагийн дээд сургуулийг 1970 онд Кино, драмын жүжигчин мэргэжлээр төгсөж, 1983 онд найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн хүн л дээ. 1970-1973 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, наян нэгэн он хүртэл Драмын театрт жүжигчин, 1981-1992 онд театрынхаа уран сайхны удирдагчаар ажилласан.

1992-1996 онд Соёлын яаманд хэлтсийн дарга, тэгээд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулиудад тайзны яриа, тайзны хөдөлгөөн, уран чадварын багшаар ажиллалаа.

-Та багцаагаар хэдий хэрийн жүжиг, кинонд тоглосон бол?

-Би Монголын театрын тайзнаа У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелия, Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевна, У.Шекспирийн “Макбет” жүжгийн хатагтай Макбет, А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Аркадина, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Өүлэн эх зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог ная гаруй дүр, “Хань” киноны Наран, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэвч үл болно, Чингис хаан” киноны Өүлэн эх зэрэг дэлгэцийн хорь гаруй дүрийг бүтээсэн дээ.

“Үхэвч үнэн ялна” жүжгийн комиссар, “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны шилдэг дүрийн шагнал, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээ, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал, “Сэрүүн хасын зүүд” жүжгийн Лоу авхайн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал, БСШУЯ-ны “Мөнгөн мод”, Э.Оюуны шагналыг хүртсэн байна.

-Багш нарынхаа талаар яриач, та?

-Миний багш нар дандаа ирээдүйгээ харсан гайхамшигтай ухаантнууд байж. Миний багш Борис Андреевич Бабачкин гэдэг хүүхэн бол “Малый театр”-ын найруулагч, кино жүжигчин, кино найруулдаг, театрт тоглодог авьяасын талст болсон аварга хүн шүү дээ. Олон жил өөрийнхөө ар талыг бэлдсэн.

Одоо “Малый театр”-т багшийн шавь Носик гэж мундаг жүжигчин ажиллаж байна. Оюун гуай гэхэд өөрийнхөө шавь нарыг ингэж бас бэлдсэн дээ. Өөрийн мэдлэг чадвараа шавь нартаа шавхаж үлдээсэн. “Инжгүй хүүхэн”-д гэхэд намайг театрт ороогүй байхад тоглуулсан. Өөрөө тэр жүжгийн найруулагч биш мөртлөө л орж ирээд “Ингэж тогло” гэж зүгшрүүлж байлаа.

Дараа театртаа 1981 оноос уран сайхны удирдагчаар ажиллахад “Хийх ёстой, чадах ёстой” гэж урмын ташуур өгч, ажлын талбар руу чирч оруулсан. Драмын театрыг Оюун багш олон жил нуруун дээрээ авч явсан хүн шүү дээ. Манай ахмадууд болох Лоовой гуай, орлогч дарга Алтангэрэл нарын хүмүүс миний чихнээс хонх уяж, хамраас дөрлөж ажилд сургасан. Манай үеийнхэн бүгд л энэ гайхамшигтай ахмадуудаас суралцсан.

Н.Сувд-Та театртаа уран сайхны удирдагчаар орсноор залуучууддаа ямар нөмөр нөөлөг болов?

-Манай театрын ой 1981 онд болсон юм. Ю.Цэдэнбал даргатай биечилж уулзан “Уран бүтээлчдэдээ байр олгуулъя, ЗХУ-д хүүхдүүд сургая, ахмадууддаа гавьяа шагнал олгоё” гэсэн санал тавьсан юм. 1983 онд ГИТС-д хүүхдүүд сургахаар явуулсан.

-Тэр явсан уран бүтээлчид хэн хэн байна?

-Гавьяат жүжигчин Жаргалсайхан, Урнаа хоёр байна. Энхтайван байна, Энхсайхан гэдэг хүү байна. Монгол Улсын консерваторид багшилж байгаа Сүхээ гэж доктор бий. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Батсүхийн Болормаа явж байлаа.

Олон хүүхдүүд төгсөж ирснээс Монголын театр урлагийн түүхэнд тодорхой ажлуудыг тэд маань хийж чадсан гэж боддог. Жилд 200 гаруй хүүхэд жүжигчнээр төгсөж байна. Тэд нарт ажлын байр үнэхээр ховор, театрт маань орон тоо хомс. Тиймээс жилд 15 төгсөгч ажиллуулах зөвшөөрөл олж авсан. Тэр маань их хэрэг болж байна. Цаашид театрыг нуруун дээрээ үүрээд явах боломжтой гэж үзсэн хүүхдүүдийг жүжигчнээр авч сэлгэдэг.

-УДЭТ чинь нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй билээ?

-109 ажилтантай, дөч гаруй уран бүтээлчидтэй. Үйлдвэр анги, цэвэрлэгээ үйлчилгээний ажил, захиргаа, санхүү, оёдол, гэрэл, тайзны ажилтнууд гээд олон орон тоотой. Би нэг хэсэг Соёлын яам, СУИС-д ажиллаад энэ ажлаасаа нэг хэсэг холдсон.

2001 онд эндээ ирээд тухайн жил төгссөн хэдэн хүүхдийг жүжигчнээр ажилд авч байлаа. Төрийн соёрхолт найруулагч Наранбаатар, гавьяат жүжигчин Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг, Ганцэцэг нар минь шүү дээ. Театрт ажиллаж байсан улсыг гарахаар үзэгчид их эмзэглэдэг. Гэхдээ тэд минь өөрийн сонголтоо дагах эрхтэй.

Төрийн театрт ажиллаж байхад үүрэг хариуцлага асар өндөр, хувь хүн бие даагаад уран бүтээл хийх нөхцөл бололцоо их тааруу. Нэг тайзан дээр Драмын театр, Үндэсний урлагийн их театр гэсэн хоёр байгууллага байна. Манай хоёр чинь бүтэн жаран жил ээлжлэн тоглож, үргэлж бэлтгэлтэй байдаг. Энэ тайз амьд амьтан шиг ёолдог бол ёолмоор болж байгаа шүү. Даанч хөөрхий мод, төмөр болохоор л нэг юм дуугарахгүй байх шиг байна.

-Бас ч зовлон байдаг л юм байна даа?

-Тэр байтугай төмөр нь халаад зогсдог юм шүү дээ. Тайзны маань эргүүлдэг мотор нь халаад зогсдог үе байдаг. Моторыг зогстол нь бид ажилладаг. Засвар хийх хугацаа маш бага. Зогсоогоод нэг өдөр засвар хийхэд маш их ажил хойшлогддог. Цаг нарны хувьд, цалин пүнлүүний хувьд их тааруу байдаг.

Яваандаа байдал сайжрах л байх. Хүний хүсэл тэмүүлэл, эрмэлзэлд хүрч ажиллахад манай театрын бодит байдал хэцүүхэн. Тийм учраас залуус цаг хугацааг хүлээхэд хэцүү учраас өөрсдөө бие даагаад уран бүтээлээ хийхээр гарч буйд буруутгах аргагүй шүү.

-Та уран бүтээлээсээ гадна судалгаа, эрдэм шинжилгээний ажил ч багагүй хийдэг байх даа?

-Үгүй, яахав дээ хэрэгцээтэй зүйлийг хийдэг тийм цаг үед амьдарч байлаа. Кино үйлдвэрт ажиллаж байхад орос хэлнээс орчуулах ажил ч оногдоно.

Аав, ээжийн буянаар бүр багаасаа орос хэл сурсан болохоор номын хэлээс арай өөр амьдрал ахуйн хэлд цагааширсан байсан. Сүүлд хүмүүст ном орчуулж өгнө. Театрт жүжгүүд орчуулсан. Оюун гуай, орчуулагч, судлаач Нацагдорж нарын даалгавраар орчуулга хийнэ. “Дэлхийн театрын түүх” гэдэг номыг гэхэд ажлын шаардлагаар л орчуулсан.

СУИС-ийн судлаач Батсайхан Францад, Нямсүрэн маань Солонгост явчихсан болохоор би шавь нарт лекц унших болдог. Иймээс өөрөө монголчлохоос аргагүй болж байгаа юм. Оюутнуудын гарын авлага болохоос ном гэж томоор хэлэх аргагүй.

Н.Сувд-Аавын тань болон таны нэр Баянхонгор аймгийн Заг болон Байдраг сумдын сургуулийн алдрын самбар дээр бичээстэй байдаг. Тэр ч байтугай Жаргалант сумын сургууль гэхэд Цэндийн Намсрайгийн нэрэмжит болсон. Таны аавын ах гэхэд Монгол Улсын Гэгээрлийн сайдаар ажиллаж байсан Цэндийн Баттөмөр гэж мундаг хүн байсан гэдэг. Та эцэг өвгийн тэр сайхан нутагтаа очиж байв уу?

-Баянхонгорынхон чинь ер нь хэнэггүй улс шүү дээ, би тэгж л ааваараа төсөөлж хардаг. Хараад байхад гүндүүгүй, хэнэггүй хүмүүс юм шиг надад санагддаг. Нэг их нутгархаад “Манай нутаг” гээд гүйгээд сүйд болоод байдаггүй улс байдаг юм шүү дээ.

Заг-Байдрагийн голын алдарт Хүрэн бэлчирт л манай аавын удам угсаа аж төрж ирсэн юм шиг байгаа юм. Юм шиг юу байхав түүгээр нутаглаж байж. Аав минь далан зургаан онд үр хүүхэд биднийгээ хэргээр дагуулан явж, нутаг усаа танилцуулж байлаа. Цусан төрлийн ахан дүү цөөхөн үлдсэн л дээ. Лхагважав ах эд нар гэсэн садан төрлүүдтэйгээ танилцуулж байсан юм.

Тэр үед Байдрагийн шинэ сургууль баригдаагүй байсан. Амрах завсраа бас ажлаа хийж явсан юм шиг байгаа юм. Заг-Байдрагийн гол чинь Монголын их хуралдай хуруулж байхаар үнэхээр сайхан нутаг. Саяхан бид Жаргалантын сургуульд очсон. Бид бололцооныхоо хэрээр дэмжиж туслахыг боддог. Аавын минь дэмжиж бариулсан, нэрэмжит сургуультай бид байнга холбоотой байж шатрын тэмцээн явуулахад тусалж дэмжин, нэрэмжит тэнхим байгуулсан.

Цаашдаа ч бид хамтарч ажиллана. Хүний төрсөн нутаг гэдэг чинь хүйгээрээ холбоотой ээжээсээ салдаггүй шиг үргэлж хүйгээрээ холбогддог юм шиг байгаа юм. Аав минь хүнтэй их нийлэмжтэй, хүнийг инээлгэж баясгадаг мөртлөө хүн болгонтой илэн далангүй задгай яриад байдаггүй хүн байлаа. Ах нь бол харин өөр хүн байсан юм шиг ярьдаг.

-Баттөмөр сайд уу?

-Бид авга ахыгаа сайн мэдэхгүй. Гучин долоон онд хамгийн анх хэлмэгдсэн 13 хүний нэг нь Баттөмөр ах. Бид ах гэж л ярьдаг. Зургийг нь мэднэ. Гэгээрлийн сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан.

Манай авга эгч Ламзавын ярьснаар ааваас ялгаатай нь маш хурц хүн байж. Хэл ам нь ч, сэтгэж бодох нь ч хурц түргэн зантай байсан гэж байгаа. Хурц зан чанар нь ч хэлмэгдэлтэд нөлөөлсөн гэж эгч ярьдаг байсан. Элдэв янзын гүтгэлэг доромжлолыг хүлээн зөвшөөрдөггүй. “Лхүмбийн хэрэг” гэж зохиомол хэрэгт холбогдсон доо. Аав маань их дөлгөөн хүн шүү дээ.

Манай авга Пагмадулам эгч эмчийн мэргэжилтэй, одоо ч мэнд амар байна. Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар ажиллаж байлаа. Манай удмынхан Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбартай эртнээс холбогдсон хүмүүс юм байна гэдэг нь эндээс анзаарагддаг.

Аав ах, дүү долуулаа байсан юм билээ. Бидний ажаа гэж авгайлдаг том эгч нь, аав хоёр л харьцангуй урт насалсан. Хэлмэгдэлтийн хар сүүдэр гэдэг үнэхээр аюултай он жилүүд байсан гэдгийг зөвхөн манай гэр бүлээр гэхэд л нэлээд олон жишээ дурдаж болно. Манай ээж гэхэд хүргэн ах Намсрай нь шоронд бас арваад жил тарчилсан байдаг.

-Цогзолмаа гуайн хүргэн ах гэсэн үг үү?

-Ээжийг маань өсгөсөн хүргэн ах нь. Манай ээж чинь бүтэн өнчин хүн шүү дээ. Төрөөд л өнчин хоцроод өргөсөн ах эгч хоёр нь хүмүүжүүлэхгүй юу. Хэлмэгдлийн хар сүүдэрт өртөөгүй айл Монголд ховорхон байдаг байх. Мартах ч ёсгүй. Гэхдээ өнгөрсөн энэ хар зүйлийг ахин дахин сөхөөд, үеийн үед өс хонзон санаж явах утгагүй зүйл гэж би боддог. Баттөмөр ахыг тавин хэдэн онд цагаатгасан.

Ерэн хэдэн онд хэлмэгдэгсдийн ар гэрт мөнгө энэ тэр олгоно гэж байхад “Хүүхдүүд минь ээ, цагийн юм цагаараа байдаг юм. Дахин битгий сөхөж тэр мөнгө төгрөгийг бүү аваарай. Тэрийг авч яах юм, тэр цаг үедээ бүх юм дууссан, түүгээр нь дуусга” гэж авга эгч Ламзав маань хэлсэн байдаг. Харин ийм хэлмэгдэлт гаргахгүй байх талаас хүн бүхэн, төр засаг ч мэдэж байгаасай билээ.

-Ээж нь одоо юу хийж байна?

-Ээж гэртээ л байдаг юм. Хааяа нэг гарна. Одоо ч их өндөр насаллаа. Бидэн рүү өдөрт хэд хэд утасдаад л “Яаж байна, та нар” гэж байнга асууна.

-Таны дүү Ганхуяг дуучин, хүү Бат-Оргил чинь бас дуулна. Бүгд л урлагийн замаар явцгаалаа даа?

-Яг мэргэжлийн урлагийн сургуулиар явсан хүн гэх юм бол Ганчимэг бид хоёр л юм шүү дээ. Миний отгон дүү Энхтүвшин урлаг судлалаар мэргэшсэн. Бид гурав л урлагаар замнасан. Манай Ганхуяг бол Олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Ерээд оноос хойш дуу, хөгжим гээд явчихлаа. Уг нь Улсын төлөвлөгөөний комисст нэлээд дээгүүр алба хашиж байсан юм. Эндээсээ гараад урлагийн салбарт ажиллаад, настай ч болж байна даа, дүү маань. Өөрийнх нь сурсан эрдэм өөрт нь их хэрэг болдог юм.

Монгол Улсын соёл, урлагийн тухай танилцуулга, ном хэвлүүлж, орчуулна, Монголын тухай сурталчилгааг гадаадад, гадаадын аж амьдрал соёлын тухай Монголд сурталчлахыг ямар ч үнэ төлбөргүй л хийж явдаг хүн. Өөрөө энүүндээ дуртай гэж юүхэв. Хүмүүс хамгийн хэрэгцээтэй, чухал үед манай Ганхуягийг дуудаж орчуулга хийлгэдэг юм шиг байна лээ. Манай Бат-Оргил бас л хуулийн мэргэжилтэй хүн шүү дээ. Одоо хувиараа дуу дуулаад, ном бичээд л явж байна.

Цаашдаа өөрийнхөө мэргэжлээр ажиллах байлгүй дээ. Аав, ээж хоёр бидний хэнийг ч урлагийн хүн бол гэж хэлээгүй. Би ч гэсэн хүнийг “Урлагийн хүн бол” гэж хэлдэггүй. Урлагт маш их сэтгэлтэй, маш их дуртай хүн л ажиллана уу гэхээс биш “Сайхан амьдаръя, хөрөнгө мөнгөтэй болъё” гэсэн бодол хүсэлтэй хүмүүс урлагийн ажил хийх шаардлагагүй л дээ. Дуртай, сэтгэлтэй, авьяастай, чадвартай хүн л урлагт зүтгэдэг.

Намайг жүжигчин болоход ээж зөвшөөрөхгүй, физик-математикийн багш болгох гээд багшаар хүртэл ятгуулж л байсан. Жүжигчний мэргэжил бол их хэцүү мэргэжил. Дуулаач, хөгжимчин, зохиолч энэ тэр бие дааж ажилладаг. Жүжигчилсэн тоглолтод бол тухайн хүн ганцаарчилсан тоглолт хийж болдоггүй. Бүтэн байхыг, бүрэн байхыг шаарддаг урлаг.

Н.Сувд-“Мандухай цэцэн хатан” кинонд хичнээн олон хүн пробонд орсон байдаг бол?

-Хоёр зуу, гурван зуугаад хүн орж л байна гэж байсан. Ёстой бүү мэд. Намайг бол анхнаасаа Шихэр хатанд тоглоно оо гээд туршилт хийгээд баталчихсан л байсан. Жигжид найруулагч сүүлд дуудахаар нь очтол тав зургаан хүн байсан. Өө, их гоё хүүхнүүд, цэргийн хүүхнүүд ч байсан. Багш ч хүн байлаа.

Бие хаа, нүүр царай гээд хэнийг нь ч Мандухайд тоглуулсан гологдохооргүй сайхан бүсгүйчүүд байлаа. Ур чадвар, жүжиглэх мэргэжлийн хувьд жаахан тиймхэн байсан байх. Батлагдсанаас хойш бүтэн жил бэлтгэл хийсэн дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img