2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Мө.Батбаяр: Зохиолчид бол үгийг мартагдахаас авардаг эх хэлний эмч нар

Манай утга соёлын хүрээнийхэн Мө.Батбаяр хэмээх нэрийг эдүгээ сайн мэдэх болжээ. Мөнхцолын Батбаярын тухай “Википедиа” нэвтэрхий тольд “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч. Ховд аймгийн Манхан суманд 1994 онд төрсөн. 2016 онд МУИС-ийг төгссөн. БНХАУ-д суралцсан. Мө.Батбаяр нь яруу найргийн “Намрын тэмдэгтүүд” (2015), “Бүгд өөрийн гунигтай” (2016) “Өртөөн дээр хэлэгддэг үгс” (2019), хүүрнэл зохиолын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” зэрэг номууд хэвлүүлсэн. Орчуулгын төрлөөр Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, Янь Лянкөгийн “Дин тосгоны зүүд”, Чи Зи Жианы “Цасан хөшиг”, зохиолч Инь Шүэ Юүний “Авга ах” зэрэг бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлжээ” гэж бичсэн байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, доктор Долгорын Цэнджав “Утга төгс байдал тодорсноо мөдхөн дараачийн мөрнөөс цас хайлах шиг алга болно. Энд түүний урлахуйн нууц байх шиг. Мө.Батбаярын монгол хэлний илэрхийлэл яахын аргагүй зөв, уртай, наалдацтай. Яс зурах шиг, төмөр хавирах шиг хяхтнаан байхгүй” гэж түүний уран бүтээлийн тухай тэмдэглэсэн ажээ. Мө.Батбаяр саяхан “Мөнгөн Будда авсан өдөр” хэмээх яруу найргийн номоо хэвлүүлээд байгаа юм. Яруу найрагч Батжаргалын Одгэрэлийн номын өмнөтгөлд дурдсанчлан “Сүүлчийн нүүдэлчний” гэмээр шаналант шүлгүүдээс нь хүний хүн чанар нэвт мэдрэгдэн” буй эрхэм дүүтэй “Морьтон” зоогойд тухлан ийн хөөрөлдсөн билээ.

-Аливаа зүйл уг гарвалаасаа эхтэй. Ховд аймгийг “олон ястан үндэстний өлгий” хэмээдэг. Аав, ээж, удам судар, нутаг усныхаа талаар яриач!
-Манайх Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн айл. Баянгол баг Зүүн хаяа, Баруун хаяа, Нуур, Далан гээд хэдэн хэд хуваагддаг. Манайх Зүүн хаяаны Овоотын хаваржааны айл. Тэнд төрж, өссөн. Хэдэн үеэрээ малчин улсууд.
-Бага насаа Манхан сумандаа үджээ?
-Хүүхэд ахуйн ухаан орох 1998-2000-аад он бол хоёр нийгмийн шилжиж байсан үе таарч. Яг л нэг тийм хоёр том хавтан холдон салж байгаа юм шигээр төсөөлөгддөг. Би гэхэд араган дотор суугаад тэмээгээр нүүсэн сүүлчийн хүүхэд байх. Тэмээн дээр тэгнүүлж яваад удалгүй “ЗИЛ-130” машин ачаалаад эхэлсэн. Тэгээд жижиг ачааны тэргээр нүүх болсон. Лаатай үеийн сүүлчийг би бас мэднэ.
Гэхдээ бас л удалгүй гэрэл цахилгаантай залгасан. Морь, тэмээгээр хүүхдээ сургуульд хүргэдэг, авдаг байсан байсан үеийг хальт шүргээд өнгөрлөө. Удалгүй улаан “Планет-5” мотоцикль хөлөглөдөг, “УАЗ-469”-ийн үе рүү орсон. Утасгүй, интернетгүй, зурагтгүй үеийн төгсгөлийг би бас хальт үзсэн.
-Аа, дүү ерээд оныхны төлөөлөл гэхэд ч их юм үзэж туулжээ. (хоёул инээлдэв. Л.Б)
-Долоо, наймдугаар ангид орох үед гэрийн утас тавигдаад, удалгүй мобикомын сүлжээ ороод эхэлсэн дээ. Гэнэтхэн тэс өөр болоод эхэлсэн.
-Хүн хүний хорвоотой танилцсан түүх өөр өөр байдаг. Юуг тэгтлээ их гайхаж байв?
-Сумын төвд цонхнуудыг нь битүүлээд фанер тавиад хадчихсан, аль эсвэл дээврийг нь хуулаад авчихсан байшингууд байх. “Энэ ямар учиртай байшин байсан юм” гэхээр “Хуучин Худалдаа бэлтгэлийн анги байсан юм, Хоршооны дэлгүүр байсан юм, Ноосны үйлдвэр байсан юм.
Гахайн ферм байсан, агентын өрөө байсан. Нэгдлийн агуулах байсан” гэцгээвч баахан хоосон байшин байдаг байлаа. Хүүхэд болохоор “Надаас өмнө ямар сонин ертөнц байсан юм бэ. Одоо яагаад байхгүй байгаа юм бэ” гэж гайхширна.
Дандаа л “байсан, байсан” гэх. Миний үеийнхэн тэдгээр хоосон байшингуудад нуугдана, байлдаж тоглоно. Ингэж л нурсан социализмын балгасан дотор тоглож өссөн байгаа юм. Намайг сургуульд орох үед “Сур сур бас дахин сур. В.И.Ленин” гэсэн үг арилаагүй байсан. Сумын клубт ороход харагддаг “Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг” гэсэн Лениний үгийг бас арилгаагүй байсан үе.
-Хүүхдийн эвдрээгүй гэнэн сэтгэлд нийгмийн шилжилтийн тэр зурвас үе их тодхон бичигдэж үлдэж дээ?
-Хорвоо ертөнцийг ухамсарлах үеийн маань онцлог гэвэл л тэр байж дээ. Хоёр нийгэм холдон салж байгаа. Шал өөр нэг нийгмийн “тавцан” салаад цааш урсаад явчихаж байгаа юм шиг мэдрэмж.
-Хөдөөгийн гэрээсээ сумын төвд сургуульд орох ч бас шинэ нутагт шилжихтэй адил сонин зүйл байдаг сан?
-Найман настайдаа төрсөн гэрээсээ гарч байгаа хүүхэд шүү дээ. Сумын төвд өвөөтэйгөө аж төрж эхэллээ. Гэр орон, аав ээжээ хөөрхөн санана аа. Өвөө маань дөрвөн мөр холбоод хэлчихдэг, овоон дээр ерөөл магтаалын үг хэлчихдэг, ховлого сайхан татчихдаг, ан сайхан хийдэг  хүн байж дээ.
Намайг сургууль төгсөх үед бол гэрэл цахилгаан тавигдаад, утас сүлжээтэй болоод амьдрах орчин тэнгэр газар шиг тэс өөр ялгаатай болсон. Арван жилийн өмнө сургуульд ороход лаатай үе байлаа. Өдөрт тог ганцхан цаг ирнэ. Манай сумынхан ямар сайндаа “Үе үе нэг асдаг. Үер ирэхээр нэг асдаг. Дэн дун нэг асдаг. Дэмбэрэлийг ирэхээр нэг асдаг” гэж ярьдаг байлаа. Байн байн нэг ирдэг Багабандийг ирвэл нэг асдаг гэж ёжолдог байв даа. (инээв. Л.Б)
-Дэмбэрэл гэдэг чинь хэн билээ хө?
-Манай Ховдоос сонгогдсон төрийн түшээ Дамдины Дэмбэрэл гуайг хэлж байхгүй юу. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди байсан юм шиг байгаа юм. “Байн байн нэг ирдэг. Багабандийг ирэхээр нэг ирдэг” гэж тог ирдгийг ярьдаг байсан. Бусад үедээ лаатайгаа л оройг өнгөрөөдөг байлаа. Тог жигдрээд ирэх үед “Лаагаа сонгох уу, цахилгаанаа сонгох уу” гэх үед манай нутгийн нэг өвгөн дөрвөн хүүхдийнхээ нэг оройн лааны хэрэглээг сараар нь тооцож үзээд “Тогийг нь сонгоё” гэсэн гэж байгаа.
Далаад оныхон бидэнд хоёр нийгмийн шилжилт их хүнд туссан. Үеийнхэн маань олноороо архи дарсанд хөвж, бурхан болсон нь ч цөөхөнгүй. Яруу найрагч Ц.Доржсэмбэ ахтай чинь “Бид хэлмэгдлийн үеийнхэн” гэж ярилцаж л явлаа. Та нарын ерээд оны үеийнхэнд бас ийм завсрын үе ажиглагдаад өнгөрчээ?
-Та нар маань ч социализмын төгс ялалтад итгэж яваад нийгэм өөрчлөгдөхөөр шилжилтийн тэр үеийг халуун биеэрээ туулсан улс. Бидний үед яахав үнэртэх төдий л мэдрээд өнгөрсөн нь тэр.
-Хоёулаа ч нэг мэдсэн нийгмийн шилжилт энэ тэр гээд үндсэн ярианаасаа хөөрхөн хальчихаж. Анх хэдэн настайдаа шүлэг зохиол бичиж эхлэв?
-Би нэгдүгээр ангиасаа шүлэг бичсэн. Өвөөгийндөө байдаг байсан гэж ярьсан даа. Өвөө маань Гэнзэнхүү гэдэг өвгөн байлаа. Айлын хашаанд нэг бор гэр бариад өвөөтэйгөө хамт суув аа. Орой болохоор өвөө бид хоёр хичээл давтана. Өвөө их аятайхан зурна.
Орой болгон өрсөлдөнө. “За, хоёулаа өнөөдөр тэмээ зурна аа” л гэнэ. Өвөө дийлнэ. “Тэгвэл хоёулаа тэмээ сэдвээр шүлэг бичнээ” гэнэ. Өвөө зургаар ялчихсан юм чинь урамшуулах гэж шүлэгт намайг ялуулна. “Миний хүүгийн шүлэг мундаг байна. Ингээд хоёулаа тэнцлээ. Маргааш хоёулаа адуу гэдэг сэдвээр хайнаагаа хагална” гэнэ дээ.
Маргааш орой нь болно. Үзэх зурагт байхгүй, харанхуй гэрт орой үдшийн цаг өнгөрч өгөхгүй шүү дээ. Лааны гэрэлд өвөө морио зурна. Их гоё зурнаа. Би зурахаараа морь гэж чоно шиг л юм хийж хаяж байгаа шүү дээ. Олигтой зурж чадахгүй болохоороо шүлэг л бичнэ. Ингэсээр нэг л мэдэхэд би тооны дэвтрийнхээ арын хуудсуудад шүлэг бичиж эхэлсэн дээ. Сүүлд “Шүлгийн дэвтэр” гэж хаягласан 12 мөнгөний нэг дэвтэртэй болчихсон явж байсан.
Хэнээсээ ч тэгдэг гэж мэдсэн юм, бүү мэд ээ. Өвөөтэй өнгөрүүлсэн нэг жил ийм л дурсамжтай өнгөрсөн дөө. Өвөө минь хөөрхий тэгээд эсэргэн зун нь өнгөрчихсөн юм.
-Өө хөөрхий гэж…
-Тийм хөгшин байлаа. Хүний тархи толгой их сайхан барина. Шатар их тоглоно. Ховлого сайн татдаг болохоор эрэл сурлын хүмүүс манайхаас тасрахгүй. Уяан дээр морьд байнга дүүрэн. Өвөөгийн ах нь Вьетнамд худалдааны атташе хийж байсан Амил гэж хөгшин байсныг санадаг юм.
Тэр хүн 1960 онд Бээжинд Гадаад харилцааны сургуульд явж, төгсөнгүүтээ Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд орчуулагчаар орсон байдаг. Зохиолч Дондогийн Цэвэгмид гуай тэр үед Элчин сайдаар ажиллаж байсан шиг байгаа юм. 1966 онд Соёлын хувьсгал гарч, манай Элчингийн байрны хашааны ханан дээр “Цэдэнбалыг устга” энэ тэр гэж будаг цацаад, Монголын Элчингийн машиныг шатаасан байдаг шүү дээ.
Тэр үед орчуулагчаар ажиллаж байсан өвгөн л дөө. Тэр хүний амьдрал их сонион. Халхын голын дайнд яваад, ирээд Байтаг Богд руу томилогдоод, баруун хил тайван болуут ирээд байж байтал Монгол-Хятадын харилцаа сайжруут, шагнаад урагшаа сургуульд явуулсан юм шиг байгаа юм.
Төгсөөд ажилд ороод байж байтал Соёлын хувьсгал болж үймээн самуун дэгдээд, хоол ундаа гарч авч ч чадахаа байж. Хажуу зэргэлдээх Герман Элчингийнхнээсээ хоол унд авдаг байсан байгаа юм. Вьетнамд томилогдоод очтол Вьетнам, Америкийн дайн болж. Өөрийнх нь “Миний амьдрал дайн дажинтай он цаг байлаа” гэсэн дурсамж байдаг. Тэр ах маань өвөөд будаатай аяга явуулаад. “Будаа гэрэлтсэн аяганд цай ууж үзнэ” гэж өвөөгийнд хүмүүс их ирдэг байсныг би сайн санадаг юм.
-Өвөөгийн чинь ах хятад хэлний орчуулагч байсан нь өөрийг чинь хятад хэлний мэргэжилтэн болоход нөлөөлсөн гэж үзэж болох нь ээ?
-Хятадад сургуульд явахаасаа л өмнө тэр хүнтэй ганц удаа цагаан сараар очиж золгож байсан.  Өдийд мэнд сэрүүн байгаад, би жаахан сөхөөтэй байсан сан бол олон зүйл яриулж авах байсан юм билээ. Би их хожим үр хүүхдийг нь олж танилцсан. Сүүлд гэрээр нь очиж толь бичиг, номуудыг нь үзэж харсан. Түүхч, академич Чулууны Далай гуайтай их найзууд байсан юм билээ. Амил ахын зургуудыг харахаар Далай доктортой ойр дотно байсан нь мэдэгддэг. Далай гуай Ховдын Зэрэгийнх байх аа, хоёр захчин их гарладаг байгаа биз.
-МУИС-д суралцаж байсан оюутан ангид чинь ямар нөхөд хамт суралцаж байв?
-Манай ангийнхан чинь ихэнх нь багш нар болцгоосон. Манай нөгөө ангид зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Балдоржийн Алтанхуяг, манай дээд төгсөлтөд Х.Чойдогжамц, тэрний дээд ангид У.Бямбаням, ахиад дээшлэхээр Д.Нямдорж багш эд суралцаж байсан.
-Монгол хэл-уран зохиолын ангийн хүү хятад хэлийг яагаад сонирхох болов?
-Хятад хэлийг сонирхож эхэлсэн гэхээс илүү надад олдсон боломж нь тэр байсан.
-Хөх хотод ханз ч мэдэхгүй “харанхуй” очсон гэсэн үг үү?
-Энэ ийм юм болсон юм. Эхлээд дунд сургуульд багшлах дадлага хийхгүй юу. Тухайн үед гадаад хэлний давалгаа оволзоод, монгол хэл-уран зохиолын хичээл ороход ер нь сонсох хүүхдүүд байхгүй. Сурч байгаа хэлнийхээ хичээлийн даалгаврыг хийгээд сууцгаачихна. Би тэнд монгол хэл-уран зохиолын хичээл заачих гээд үзээд байдаг, хүүхдүүд англи, солонгос, герман ч юм уу, гадаад хэлээ давтаад суучихна. Ялангуяа төвийн сургуулийнхан чинь бүгд л иймэрхүү байдалтай.
Тэгээд би “За даа, би ер нь төгсөөд дунд сургуульд багшилна гэдэг худлаа юм байна. Төгсөөд ерөөсөө гадагш явъя. Хэл устай болохгүй бол ерөөсөө бүтэхгүй юм байна. Ямар ч ирээдүй алга” гэж бодсон. МУИС-д оюутан солилцоогоор Өвөр монгол оюутнууд их ирнэ. Би тэдэнтэй их ойр. Манай ангид хэдэн хүүхэд сууна. Криллээр би хичээл номыг нь хэлж өгнө. “Өвөр Монголд ийм ийм боломж байдаг” гэж тэр хүүхдүүд надад анхны мэдэгдэхүүн өгч байгаа юм.
Дөрөвдүгээр курсээ төгсөх хавраа урагшаа материалаа өгөөд Өвөр Монголын их сургуульд очиж суралцаад, хятад хэлийг жаахан гадарладаг болсон юм. Надад олдсон боломж нь л энэ байлаа. Надад Америк явах хувь байсангүй, Орос орон руу сургуульд явах хувь байсангүй, Боловсролын сангийн зээл олдох боломж байсангүй. (Гашуунаар инээв. Л.Б) Өвөр Монголын их сургуулиас өөр, өөр тийшээгээ явах чиг байсангүй дээ.
-Өөрийн чинь “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” хүүрнэл, дурсамжийн ном уншигчдад яруу найргийн номоос илүүтэй уншигдаад байх шиг санагдсан. Эл номоо бичихэд бага насны дурсамжаасаа ургуулан бодов уу, монгол, хятад хоёр үндэстний ялгаа, орчуулга хийж байгаа бүтээлүүдийн нөлөө байв уу?
-Байхаар барахав. Яруу найраг ч бай, хүүрнэл төрлийн бүтээл ч бай, ямар ч уран бүтээлд үзсэн харсан, уншсан дуулсан бүхэн товчхондоо өөрт хурсан “дата”-н дээрээ л ажиллаж байгаа хэрэг шүү дээ. Тэр датаны эх ундарга “хүүхэд нас”, хорвоог харсан анхны “нүдэнд” туссан тэр бүхэн мэдрэг сэргэг байдаг шиг билээ.
Ингмар Бергман хэлсэн байдаг шүү дээ “Хүүхэд насны дурсамж бол миний бүтээлийн эх ундарга. Эх санаа хаанаас ургаж, хаанаас ундарч буйг таах гэж толгой өвтгөхийн ч хэрэггүй дээ” гэж “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” бол миний хүүрнэл маягаар туршиж үзсэн анхны оролдлого төдийхөн. Хүний хамгийн сайн уран бүтээл бичигдээгүй, зохиогдоогүй, цээжинд хавтаслаастай явдаг хойно доо. Миний бичих бүхэн миний урд байна.
Сүүлийн тав зургаан жил дандаа роман голдуу бүтээлийн орчуулга дээр суулаа. Яах аргагүй дотор нэг хүүрнэлийн өнгө аяс дуулдаад эхэлдэг. Хэл найруулга ч бас хүүрнэлд их бэлтгэгддэг бололтой юм билээ. Тэгээд л “дур эзнээ голохгүй” гэдэг л болохгүй юу.
-“Мөнгөн Будда авсан өдөр” номыг чинь сөхөөд харахад хэл бичгийн ухааны доктор, “Алтан-Өд”-ийн олон удаагийн эзэн, зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягт зориулсан “Уйгарлан энсэхүйн дуу” гэсэн реквием гарч ирлээ. Билгүүн номч Б.Ринчен гуайн бичсэнчлэн “Чихнү чимэг болсон аялгуу сайхан хэл”-ийн маань гайхамшигт эрдэнэсийн сан ч яндашгүй баялаг юм. “Уйгарлах, энсэх” гэсэн хоёрхон үгээр жишээ авахад чухам юу гэсэн утгатай үгс вэ. Захчин ястны нутгийн аялгууны үгс үү?
-Орчуулга хийгээд толь бичигтэй зууралдаад эхлэхээр монгол хэл их сайжирдаг. Хятад толиос монгол тайлбарыг нь харна. Монгол хуучин толь сөхнө. Нөгөө хэлээсээ илүү монгол хэл аяндаа сайжраад байдаг. Базаррагчаа багшийн толиос үг харлаа гэхэд мэдэхгүй мэдэхгүй монгол үг их гарч ирнэ. Тийм үгүүдийг бичиж аваад гадаад үг шиг өдөр бүхэн хараад “Энэ чинь ийм утгатай үг шүү. Энэ үгийг үүнд оруулах юм шүү” гэж бодоод явдаг.
Та яруу найрагч хүн сайн мэдэж байгаа. “Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэдэг шиг бид чинь сайн дураараа бүтээдэг  хүмүүс шүү дээ. Энэ хорвоо дээр өөр ийм цалин хөлсгүй сайн дураараа бүтээдэг ажил гэвэл хүүхэд өсгөх л байх.  Яруу найрагч бусдаас онцгой мэргэжил, ажил алба биш. Улс оронд хаан хатнаас авахуулаад харц боол хүртэл тус тусын үүрэгтэй байдаг шиг зүйл.
Цэвэрлэгч, жижүүр, цэрэг, цагдаа улс оронд хэрэгтэй шиг л хэрэгтэй. Нэг ялгаа нь ямар ч үнэ төлбөргүй, цалин хөлсгүй хоббигоороо бүтээдэг. “Хэн та нарыг бичээдэх гэсэн юм, больчих” гэх байх. Тийм л дээ, хэн ч “бичээдэх” гээгүй. Бичихгүй бол ямар уршигтайг хэн ч гэвч төсөөлж чадахгүй. Төсөөлөгдөх бол “Би монгол хүн”, “Хөх даалимбан тэрлэг”, “Голын тохой дээр” юу л байна уу, өөрийн мэддэг бүх яруу найргаа байхгүйгээр төсөөлөөд үз.
Алсуураа бүтээж байгаа үнэ цэн нь харьцуулашгүй. Эх хэлийг “амьд” байлгадаг басхүү шинэчилж байдаг зүйл бол уран зохиол. “Миний нутаг”, “Хөх даалимбан тэрлэг”, “Дөрвөн цаг” Равжаа, Нацагдоржоосоо эхлээд нэрийг нь ч дуулаагүй олон яруу найрагчид бүгд үүнд оролцдог. Яруу найрагчид хэдэн зуунаараа хэлийг “амьд” байлгах энэ үүргийг сайн дураараа үүрч явдаг. Хүмүүс хэдэн зуунаараа үнэгүй хэрэглэж ирсэн байдаг. Үүний төлөө хэн ч сохор улаан зоос төлж байгаагүй юм шүү. Мөнгө нэхэж байгаа юм биш, зүгээр хэлж байна.
Ганц манайд ч биш бүх л улсын яруу найрагчид ийм байдаг байх. Эх хэлний эмч нар ч гэж зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийг хэлж болно. Түргэний тэрэг явахаар надад нэг юм бодогддог. Түргэний тэрэг хүний амь аврахаар явж байдаг даа.
-Явж байдаг аа, явж байдаг?
-Бидний шүлэг, ном бол түргэний тэрэг юм. Үгийг авардаг. Тэр үгийг мартагдаад үлдэхээс авардаг. Тэр нь зохиолч, найрагч бидний гол үүрэг шүү дээ. Надад тэгж санагдаад байдаг юм. Жамцын Бадраа гуайн “Соёглонхон жороолсон согоо чихтэй үүлэн хээр” гээд нэг дуу байдаг. “Соёглонхон” гэдэг үг чинь Бадраа гуайн ачаар дуунд үлдээд, бидэнд дамжаад ирчихлээ энэ үг ингээд мөнхийн хутгийг олж байгаа нь энэ.
-Морины тэр явдал үгэнд амьдраад, үгээр амилаад явчихаж байна аа даа?
-Амьдраад явчихаж байгаа байхгүй юу. Ганц үгийн төвшинд ч биш өгүүлбэр, тэр дүрслэл монгол хэлийг амьд байлгаж байгаа юм. Монгол хэлийг амьд байлгаж байгаа юм чинь уран зохиол шүү дээ. Бусдаар хурлын тэмдэглэл, хуулийн хэллэг, эмчийн бичгээр баяждаг, цаашаагаа тэлдэг хэл гэж хаана ч байхгүй.
Монгол хэл Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир”-аар, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”-ээр, Бадраа гуайн шүлгүүдээр, Лувсангийн Дагвадоржийн дуунуудаар тэлж, хөдөлгөөнд орж, амьд байдаг. Гэхдээ уран бүтээлч, зохиолчид энэ бүхнээс шан харамж хүртэж, хувь авдаггүй.
Бид үүргийнхээ хүрээнд энэ бүхнийг хийж гүйцэтгэдэг гэж би боддог. Тийм учраас үгийг аврах ёстой, нэг үгийг ч гэсэн авч үлдэх ёстой. “Энсэх” гэж таны асуусан үг гэхэд “энэлэх, хүсэх, санагалзах, үгүйлэх, мөрөөсөх” гээд олон утга агуулдаг, зөөлөн их гоё үг шүү дээ. Эм эгшиг ихтэй, их зөөлөн сонстох сайхан үг.
-Хятад хэлээс орчуулахдаа ямар толиуд ашиглаж байна. Манжийн үед гарсан дөрвөн хэлний толь барих уу?
-Тийм толь надад байхгүй. “Гучин зургаатын тайлбар толь”, Я.Цэвэл гуайн толь, Өвөр Монгол-Хятад, Хятад-Өвөр Монгол хэлний хэдэн толь, тэгээд мэдээж Монголдоо гарсан толиудаа ашиглана. Монгол Улсын хэвлэлээс гарсан бүх толиуд байгаа даа.
“Хоршоо үгийн толь”, “Ижил үгийн толь”, “Хуучирсан үгийн толь”, “Гадаад үгийн толь” гэх мэтчилэн. Толь бичиг чинь уншаад уншаад барагдахгүй арвин баялаг сан шүү дээ. Дан үгээ уншаад гайгүй болоод ирэхээр давхар, хэлц үгээрээ үүнийг яаж илэрхийлэх юм бэ, холбоо хоршоо үгээрээ яаж илэрхийлэх вэ гээд боломжийг нээхдээ л асуудал байгаа юм.
-Хятад эхдээ байгааг монгол хэлнээ буулгахад үндэстний онцлогоосоо болоод яв цав таарах утгатай жишээ ч ховор л байх. Гэхдээ ойролцоо утга бол байж л байна биз?
-Яв цав таардаг нь ч байж л байдаг юм. Монгол хэлнээ “Усанд хаясан чулуу шиг” гэсэн зүйрлэл байдаг даа. Үүнийг хятад хэлэнд “Шавар үхрийг усанд хаясан адил” гэсэн хэлц байдаг. Шавраар хийсэн баримлыг усанд хаяхад ор мөргүй алга болон живэх нь ээ дээ. “Бядуу шувуу түрүүлж нисдэг” гэсэн үг байна.
-Бядуу шувуу?
-Бядуу, ядарсан шувуу халуун орондоо буцахдаа түрүүлж нисдэг юм байна л даа. Эртхэн газар дөхье гээд. Үгээрээ бол “бядуу шувуу урьтаж нисдэг” гэж байна аа даа.
Монгол хүний сэтгэлгээнд бол “Унаа муут урдаа гарна” гэж бууна даа. “Унаа муутайгаараа урдаа гараад гэлдэрч байя” гэх нь байна шүү дээ. Унаа муутай юм чинь би эртхэн гараад газар дөхөж байя л гэсэн санаа шүү дээ.
-Бүтээлч цагаар нь найрагч, зохиолчдыг “шар шувуу”, “болжмор” гэж ангилдаг. Өөрөө бол өдөр, шөнийн аль цагт нам суудаг уран бүтээлч бол?
-Би ч зохиол бүтээл гэж базаасан зүйлгүй хүн. Орчуулгуудаа дандаа өдрийн цагаар сууж хийдэг. Шөнө суугаад байж болно л доо. Тэр алсдаа их муу.
-Биологийн цагаа өөрчилж, шөнөөр суух муу гэдэг нь ч О.Бальзак, Ч.Лодойдамба нарын олон зохиолчийн амьдралын хэв маягаас анзаарагддаг л даа?
-Биологийн цагаа зөрчинө гэдэг аюултай л даа. Нойр солигдохоор дагаад хоолны зуршил солигдоно. Бүх юм солигдохоор байгалийн жам ёсны юм тэр чигээрээ эвдэгдчихнэ. Тиймээс нойроо сайн аваад ажиллах цагтаа л юмаа сайн хийх нь зөв. Би нэг газраа удаан сууж юм хийж чаддаггүй. Нэг газар долоо хоног суулаа гэхэд дараагийн газар орчноо сольж суудаг.
-Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” гэсэн гурван романыг орчууллаа. Үлдсэн бүтээлүүдийг нь орчуулах уу?
-Үй Хуа зохиолч есөн роман бичээд байгаа. Одоо миний хувьд орчуулгаас жаахан хойшоо суух маягтай байна.
-Зохиолч Г.Аюурзана ах орчуулгын олон бүтээл гаргасныхаа дараа “Орчуулгаас жаахан зайгаа авна. Өөрийн уран бүтээлдээ анхаарна” гэж байсан. Тийм жаахан зай авалт хийх нь үү?
-Би одоо яг тэгж байна.
-Орчуулгаас залхаж байна уу, өөрийн уран бүтээлээ хийе гэж бодов уу?
-Өөрөө бас юм хийчихмээр юм шиг болж байна. Орчуулга тэгж байгаад хүний өөрийн хүч, онгод, сэтгэлд тэр нэг сагаж байгаа юмыг юүлээд авчихдаг золиг. Дан ганц орчуулагч байсан болж хамаа байж уу дээ.
Өөрөө давхар юм эрээчих хүсэлтэй хүнд чинь тэр хуран үүдсэн “таргийн хөрөнгөөрөө” өөрийн юмаа арвижуулах гэсэн бодол төрөх юм байна шүү дээ. Гэхдээ орчуулгын өгөөж яндашгүй. Хайнцашгүй их туршлага ядаж л тогтож сууж сурахаас эхлээд өглөг ихтэй л ажил.
-Бясалгал гэдэг бол жаргал, зовлонгийн шалтгаан, үртэй нөхцөлдөн дүүрээд байгаа сэтгэлээ хоослох юм гэж сонссон. Уран бүтээлч хүний бодол бясалгал ч гадагшаа уран бүтээл болон хальж асгарч байж л хоосон хийгээд дүүрэн-гийн савыг “дүүргэх” байх. Өөрийн чинь дотор дүүрээд байгаа тэр зүйлээ хэдийд нэг “хоосолж” уран бүтээл болгон туурвихаар байна?
-Зохиолч Дармын Батбаяр гуайн
“Өөрөө би чинь 
Өөрийнхөө дотуур
Өнчин янзага шиг тэнэнэ” гэсэн гуравхан мөрт санагдаад байдаг юм. Тэгдэг л юм байна л даа. Одоо тэгээд юм бодоо л, өвөө яалаа, эмээ яалаа, тэр минь яалаа, энэ минь яалаа гээд.
Уран бүтээлч хүн чинь “өөрийнхөө дотуур” л их тэнэдэг юм байна. Одоогоор “тэнэсэн” маягтай байж л байна. Эхэлсэн юм алга. Том том юм бодчихсон, юу болох, хаанаас эхлэх, хаа хүрэх нь одоогоор тодорхойгүй. Судалгаануудаа ямартай ч хийж байна. Түүхийн юм нэлээд уншиж байна.
-Түүхэн роман бичнэ гэсэн үг үү?
-Түүхэн роман бол биш. Хятад зохиолчид бол ингэдэг юм. Үй Хуа, Мо Янь эдний бүтээлийг анзаарч байхад цаад дэвсгэр нь, обьектив нөхцөл байдал нь дандаа түүхэн цаг үе байдаг. Үй Хуагийн “Вэн хот” гэж романыг би орчуулж байсан. Түүнээс жишээлэхэд л Вэн хот дээр зохиолчийн сонгосон түүхэн цаг үе нь Чин гүрний төгсгөл үе, Бүгд найрамдах улс байгуулагдахын эхэн үеийн ороо бусгаа, дайн дажин үймээн самуун, дотоодын болон гаднын дайснууд бужигнасан улс төрийн тогтворгүй цаг үед өрнөдөг буюу товчхондоо 1912-1945 оны үйл явдлыг өгүүлнэ.
Хятадын эзэн хаант төр нуран унасан. Чин гүрний засаглал мөхөж сүүлчийн эзэн хаан Пү И зугтаасан. Сун Ятсэн 1912 онд Нанжинь хотод “Бүгд найрамдах улс”-ыг тунхагласан. Цэргийн генерал Юан Ши Кай өөрийгөө эзэн хаанаар зарласан. Нас барсан. Хятад улс төвлөрсөн захиргаагүй муж бүрийг цэргийн эрхтнүүд захирч байсан “Цэргийн жанждын эрин үе”.
Түүний дараах Хятадын иргэний дайны үе. Гоминдан буюу үндэсний нам-Коммунистуудын хагарал. Чан Кайши, Мао Зэдун нарын хоорондын тэмцэл. 1930 он гарч Япончууд, Дундад улсын зүүн хойд хэсэг рүү халдан довтолж Манжуурыг булаан эзэлсэн үйл явдал. Мао толгойлон хийсэн “Урт марш” хэмээн тэмдэглэсэн үйл явдал ч тус романд буй.
Романд гарах дээрэмчдийн бүлгэмийн нэг толгойлогчийн дүр ч магад Мао Зэдунээс сэдэвлэсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр 1933-1936 оны хооронд хийсэн олон удаагийн их аяны дундаа уулархаг нутгаар бүгж, дээрэм тонуул хийж, газрын эздийн өмчийг булааж, шинэ эхнэртэй ч болоод амжсан. Энэ л он жилүүдэд тэр тариачдаар хүчээ зузаатгаж, хүрээгээ тэлж, зэр зэвсэг, хоол хүнс, цэрэг армиа сайтар бэхжүүлсэн зэрэг явдлууд энэхүү романд ёгтлогдсон гэмээр.
Уран зохиолыг дан ганц амьдралаас сэдэвлэсэн, болсон явдал, түүхээс сэдэвлэсэн байх ёстой гэвэл дэндүү арга ядсан ажил. Уран зөгнөлт, шинжлэх ухааны, сүлжээний гээд өчнөөн зүйлс үүний цаана байгаа. Сэтгэл татам болсон явдал, түүх болгон уран зохиол биш. Хэдийгээр аль нь ч өргөн утгаараа түүхийн хүрээнд хамаарах ч уламжлалт романы хил хязгаарыг даван гарч ирсэн, шинэ өгүүлэх хэлбэрүүд бий. Гэвч уран зохиол амьдралын хөрсөөр тэжээгддэг нь маргашгүй.
(Үргэлжлэл бий) 
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img