– Хэрвээ би мод тарьсан юм гэж бодвол шавь нарын маань гаргасан амжилт, алдар нэр өтгөн саглагар ой болжээ –
-Баянхонгор аймгийн Баянбулаг сум бөх сайтай гэдгийг мэдэх юм. Таны спорттой холбогдсон түүх сонирхолтой байна. Хөдөөний хүүхэд болохоор адуу малтай л ноцолдож өссөн байж таараа даа?
-Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Эцэг эхээс есүүлээ, айлын долоодахь хүүхэд. Нүүдлийн замд ээж минь гэнэт дуншин, аав намайг эх барьж авсан гэдэг. Бага ахуй наснаасаа л тугал бяруутай ноцолдох, үнээ мал ивэлгэх, үхэр хураах гээд ойр зуурын ажил хийж өслөө.
Манайх голдуу сувай үхэр хариулдаг айл байсан. Зун саалийн тасаг дээр ээж минь үнээ саана. Арван таван настай байхад аав минь бурхан болж ууган ахаа бараадан дараа жил хотод ирж нийслэлийн иргэн болсон доо. 1977 онд арваа төгсөөд арван наймтайдаа намрын татлагаар цэрэгт явж, Дарханы 017дугаар ангид дөчин хэдүүлээ очлоо.
-Тэр үеийн цэргийн алба ч овоо чанга байсан байх аа?
-Дөчин тав хоног карантийлагдаад, Сэлэнгийн бүх Сангийн аж ахуй, Дархан хотын том үйлдвэрүүдийг барилцсан Барилгын цэргийн ангийн дөрөвдүгээр ротод хуваарилагдлаа. Ядамсүрэн гэж ахмад байлаа, улс төрийн орлогч нь Лувсандагва. Дөрвүүлээ тэр ротод томилогдон очиж би арай өндөр боловсролтой гэгдэн ариун цэврийн зааварлагчаар, Говь-Алтайн Дамбын Нямаа маань Эвлэлийн үүрийн даргаар, техникумд хэдэн жил ажиллачихсан Бямбасүрэн барилгын техникчээр ажилласан.
Амарсайхан гэж салаан дарга ахмад байсан. Ингэж бага дарга болоод барилгын цэрэгт гурван жилийн албаа хаасан даа. Эх орны бүтээн байгуулалтад барилгын цэрэг их үүрэг гүйцэтгэсэн. Манай анги гэхэд Сэлэнгийн Бугант, Бургалтай, Зүүнбүрэн, Цагаантолгойн аж ахуйн төвүүдийг барьснаас манай рот Сэлэнгийн Модон завод, Ойн ТМС, Гурилын үйлдвэрийг барилцаж, Сүхбаатар хотын Шүдэнзний үйлдвэрийг ашиглалтад өгч байлаа. Янданг нь босголцсон хувь тавиландаа баярлаж л явдаг даа.
-Цэргээс халагдаж ирээд юу хийв?
-Сургуульд орох гэсэн үеийнхэн маань гурав, дөрөвдүгээр курсийн мундаг оюутнууд болцгоочихож. Найрамдлын район дээр барилгын салбарт илгээлтээр ажиллах хүмүүсийг цуглуулахад Угсармал орон сууцны барилга трестэд угсралтын бригадад ажилд орсон доо. Дарга нь Сүхбаатар гэж мундаг хүн байлаа. Угсралтын хоёр бригадтай. Нэгийг гавьяат барилгачин Лхагваа гуай удирдана.
Намайг ажилд ороход 21дүгээр хорооллыг барьж байв. Түүнээс хойш Гуравдугаар эмнэлэг, Зургадугаар бичил, Тавдугаар хороолол, Төмөр замын хороолол гээд олон мянган айлын орон сууц барихад гар бие оролцлоо. Барилгын ажлыг би их л сайхан буянтай ажил гэж боддог доо. Манай бригад чинь Найрамдлын районы гурван удаагийн, улсын аварга болж байсан хамт олон шүү дээ. Дамба, Энхбат, Цэдэндорж, Отгоо гээд маш олон шилдэг ажилчид байсан. Техникч нь Дашдэмбэрэл гэж хүн байлаа.
-Тухайн үед ажилчин хүнийг их дэмждэг байсан биз?
-Ажиллаж, сурахын хажуугаар спорт их сонирхоно. Хүндийн өргөлтийн төрлөөр Найрамдлын райондоо овоо амжилт гаргаж явсаар 1982 оноос их спортоор тууштай явсан.
“Хүч” нийгэмлигт гавьяат дасгалжуулагч С.Хөхөө багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн дээ. Нэг найз маань “Чи хүндийн өргөлтөөр явбал спортын мастер амархан болно” гэж урамшуулснаар багын жаахан бяртай байснаа хөгжүүлж эхэлсэн хэрэг л дээ. Тэр үед спортын мастер гэдэг базарваань маш их нэр хүндтэй байлаа.
-“Хүч” нийгэмлигт одоогийн алдартнуудаас хэн хэн харьяалагдаж байв?
-“Хүч” нийгэмлигийн шинэ цэргүүд нь Б.Бат-Эрдэнэ аварга, манай нутгаас төрсөн улсын начин Дэлээгийн Сүхбат, Даваадорж харцага, Ховдын Бямбадорж заан эд нар. Би бөхөд жигтэйхэн их хорхойтой хүн тэдэнтэйгээ нөхөрлөж эхэлсэн.
Даваадорж, Бямбадорж хоёртойгоо бүр их дотно найзууд. Хүндийн өргөлтийн хажуугийн зааланд бөх хичээллэнэ. Найрамдлын районыхоо аварга ч боллоо. Ингэж л би бөхийн спорттой холбогдсон. 1984 онд хойно төгсөж ирсэн чөлөөт бөхийн спортын мастер Ш.Нямхүү багш маань намайг бөхийн спортод оруулсан хүн бол яах аргагүй мөн дөө.
Дүүргийн аваргаар тодроод хотын аварга шалгаруулах тэмцээнд хүч үздэг боллоо. Миний барилддаг 68, 74 кг-ын жинд Монголын ёстой том луувгарууд байсан. Самбо бөхийн ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Жамбалсүрэн багш, Санжаасүрэн, Бадрах, Ганболд заан гээд дандаа шилдгүүд байдаг байсан. Тэдэнтэйгээ л гар зөрүүлж, мэх уралдуулж явлаа. Тэнд л би улсын арслан Ш.Мөнгөнтэй ах дүүгийн барилдлагатай болсон.
Мөнгөн арслан тэр үед Найрамдлын районд харьяалагддаг байсан. Цэргээс халагдаж ирснийхээ дараа Спортын төв ордонд болсон нэгэн барилдаанд домог мэт яригддаг Х.Баянмөнх аваргад амлуулж барилдаад унасан маань санаанаас ер гардаггүй юм. Барилдааны дараа “Ийм мундаг бөхтэй би барилдлаа гэж үү” хэмээн өөртөө итгэж ядсан.
-Мөнгөн арслантай ах дүү шахуу болтлоо дотноссон гэхээр танд их л итгэдэг байж дээ?
-“Хоршоолол” нийгэмлиг дээр үндэсний бөхийн дугуйлан хичээллэдэг юм, чи хүрээд ир” гээд. Тэгж л Мөнгөн арслантайгаа хориод жил нэг дор ажиллаж, олон ч жил наадмын бэлтгэлд хамт гарлаа.
-Мөнгөн арслан гэхээр л нэг их уяа бөх л санаанд ороод байдаг юм?
-Мөнгөн арсланг хүмүүс их уяа бөх гэж ярьдаг. Гэхдээ Спортын төв ордонд 15 цагт эхэлсэн барилдаан 16 цаг өнгөрөөгөөд тарчихдаг байсан шүү дээ. Тэгэхээр уяа биш байсан байгаа биз дээ. Багаасаа л барилдах хүсэл мөрөөдөлтэй хүн байж. Ээж, эмээ, ах дүүстэйгээ ядруухан амьдардаг, аж төрөл нь их хүнд байсан хүн юм билээ. Нагац ах нь болох Сангийн сайд асан Молом гуай л хувцас хунарыг нь бэлдэж өгдөг байсан гэдэг. Мөнгөн арслан бид хоёрын дунд олон сайхан дурсамж үлдсэн дээ.
Манай Мөнгөн арслан чинь ойн инженер хүн шүү дээ. Улиас модоор дагнаж Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байсан. Уг нь докторын зэрэг хамгаалчихаар их судалгаа хийсэн хүн. Нийслэл дэх улиасны ихэнхийг тарьсан. Улиасныхаа тухай их яринаа. Улиасны нэг цагаан хөвөн байдаг даа?
-Үр нь юм гэсэн биз дээ?
-Модыг яаж тайрвал тэр цагаан хөвөн гарахгүй байх вэ гээд сонин сайхан юм их ярина. Өдрийн тэмдэглэл их хөтөлнө. Биднийг бас “Өдрийн тэмдэглэл хөтөлж бай” гэнэ. Тэр нь дасгалжуулагч болоход их хэрэг болсон л доо. Өөрөө их энгийн хүн шүү дээ.
-Мөнгөн арслан ер нь хэр амжилт гаргасан бөх билээ?
-Жилд тавь жаран барилдаан болоход багш ихэнхдээ үзүүр түрүүнд үлдсэн байдаг. Өөрийнх нь бичсэн номд ч энэ тухай бий. Биднээс нэг удаа “Би ямар мэхтэй вэ” гэж асууж байна.
“Та ганцхан гуяддаг л мэхтэй ш дээ” гэсэн чинь “Үгүй ээ, би ганц энэ барьцнаас ийм мэхнүүд хийдэг” гээд үзүүлэхэд тумбарайдах, хойшоо давуулаад гуядах, тосгуулж хавирах, өхийлдөх, тавхайнаас татах, тойгдох энэ тэр гээд хорин хэдэн мэхний хувилбар байсан. Тэгэхээр уяа биш байгаа биз. Мөнгөн багшаасаа л би барьц гээч юм ямар чухал юм бэ гэдгийг ухаарсан. Нэг мэхнээс ямар олон мэх ургуулан хийдгийг Мөнгөн арслан, цахилгаан Мөнхөө гуай хоёроос л мэдэж авсан даа.
-Цахилгаан Мөнхөө гэж шуугиур бөх байсан гэдэг дээ?
-Нас дал гартлаа барилдсан хүн шүү дээ. Хүүхэд байхдаа цагаан сарын барилдаан сонсож байхад тэр ордны уур амьсгалыг ёстой нэг хөөргөчихдөг нь сонсогддог сон. Сүүлд нь зурагтаар харж байхад Мөнхөө гуай гараа л, дэвээ л, цовхчоо л, өрж барьж байгаа нь сүрлэг сайхан харагддаг байлаа.
Яг тэр хөдөлгөөн дундаа л Мөнхөө гуай чинь өрсөлдөгчөө анзаараа л өөрийн барьцанд хүрээд тойгдчихдог. Яг тэр тойгдох мэхээрээ дархан аварга Ж.Мөнхбатыг ид байхад нэг хаясан гэж байгаа юм. Дамдин аваргыг нэг хаясан гэж байгаа юм. Олон хүнийг тэгж тойгдсон гэдэг. Сүүлд “Гарьд магнай”-д амбантны цагаан Жигмэдэд тоглодог, аймгийн арслан, яруу найрагч Орхонсэлэнгэ гуайг Спортын төв ордонд цагаан сарын барилдаанд давсан гэж Мөөеө аваргын дурсамжинд байдаг.
“Залуу хүн байж настай хүнд уналаа” гэж дооглосноос хойш огт барилдаагүй гэж байгаа шүү дээ. (инээв) Барьц гэдэг чинь ийм гайхамшигтай зүйл. Мөнгөн арслан өөрийнхөө барилдаануудын унасан, давсан түүхээ их ярина. Энэ бүхнээс би их юм олж авсан даа. Мөнгөн багш сэтгэл их сайтай, зөөлхөн, их уяхан. Ээжийн тухай дуу дуулахад уйлчихна.
-Их уяхан хүн байж…
-Их даруухан. Ямар ч хүнтэй нөхөрлөчихнө. Ботаникийн хүрээлэнгийн троллейбусны хэдэн жолооч багшийг андахгүй шүү дээ. Ажил дээр нь очоод ярьж хөөрөөд суучихдаг байсан.
-Та аймгийн арслан цолоо хэзээ авав?
-Цэргээс халагдаад хоёр жилийн дараа 1983 онд сумандаа түрүүлж, сумын заан болсон. Аймгийнхаа наадамд 1989 онд Болдтойгоо үлдээд үзүүрлэж заан цол хүртсэн.
-Улсын начин Б.Эрдэнэхүүгийн аав аймгийн арслан Болд шүү дээ?
-Тийм. Тэгээд нэлээд хэдэн жил улсын наадамд барилдсан. Бүр хожим 1997 онд аймгийн арслан Жанцандоржтойгоо тунан түрүүлж аймгийн арслан болсон. Уг нь улсын наадамд зодоглолгүй нутагтаа ноцолдсон бол хоёр гурав түрүүлчих байсан даа.
-Улсад хэр олон удаа зодоглов?
-Наян хэдэн оноос барилдаад хоёр, гурав нэлээд давсан. Бат-Эрдэнэ аварга заан цолтой байхдаа гурвын даваанд авч л байлаа. Гурвын даваанд Дүвчин заан, Мөнгөн арслан нартай гурав дөрвөн ч удаа таарч унасан.
-Мөнгөн арслан гэхэд таны багш гээд амлачихдаг байв уу?
-Яахав дээ, тиймэрхүү юм хүнд байх л даа. Монгол бөхийн нэг сайхан жудаг байдаг шүү дээ. “Би ямар цаашаа даваа авах биш” гээд тэгсхийгээд л нэг барилдана. Баянхонгороос чинь тэр үед улсад хоёр гуравхан бөх л барилддаг байлаа шүү дээ.
Улсын начин, дэлхийн аварга Дэлгэрдалай нэг барилдана. Сүүлд ерээд оноос хойш улсын гарьд П.Сүхбат орж ирсэн. Тэгээд л өөр бөх байхгүй. Улсын начин Батсүх багш, дэлхийн аварга Ш.Чанарав багш хоёр чинь бараг барилдахгүй шахуу болчихсон байсан. Одооны үеийг бодвол дэмжиж барих бөх байгаагүй л дээ.
-Үндэсний бөхөө дамжаад самбо, жудо гээд их спорт руу орчихов уу?
-Самбо, жүдо руу тэгээд орсон. Дүүрэг, хотын аварга шалгаруулах тэмцээн болоход ажлаас цалинтай 14 хоногийн чөлөө өгнө. Найрамдлын районы тамирчид “Баянгол”, “Алтай” зочид буудалд байрлаад бэлтгэлээ хийнэ. Тэр үед спортыг өсвөр, залуучууд, шигшээ гэж ялгах юмгүй дэмждэг байсан үе шүү.
-Тамирчин хүн яаж яваад дасгалжуулагч болчихов?
-“Найрамдал”-ын районы дарга, хүндийг өргөлтийн спортын мастер Номинчулуун нэг өдөр бэлтгэл тарсны дараа дуудаад “Чи спортын суурь сайтай. Дасгалжуулагч бол. Маргааш хүрээд ир. Тушаалыг чинь гаргаад байж байя” гэсэн.
Самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагчаар 1993 оны арваннэгдүгээр сарын 23-наас ажиллаж эхэллээ. Ингэж л би өөрийн модоо өтгөн ой болгох цэцэрлэгчийн ажилдаа шамдаж эхэлсэн. Цалин нь миний барилгад ажиллаж байснаас хоёр дахин бага байсан.
-Мөнгөн багш тань ботаникч байсан гээд та дагаад мод бут болоод уянгалаад явчихвуу даа? (инээлдэв)
-Яахав, хэрвээ би мод тарьсан юм гэж бодвол өнөөдөр шавь нарын маань гаргасан амжилт, алдар нэр нэгэн том өтгөн ой болжээ гэж боддог юм. Анхандаа мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан. Тэр үед чөлөөтийн Ц.Нацагдорж гавьяат, Ш.Чанрав багш нар заавар, зөвлөгөө өгсөн нь их дэм болсон, нүдийг минь нээсэн. Чанарав багш намайг Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал доктор Лхагвасүрэнтэй танилцуулсан нь ч их тусаа өгсөн.
Дасгалжуулагчийн ангид эчнээгээр суралцлаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуульд морины доктор Цэгмид, анатоми физиологийг доктор Дагданбазар, химийн доктор, улсын начин Балдорж, сэтгэл судлалын Содовын Баясгалан, философийн Дагдан, сурган хүмүүжүүлэх ухааны Жамц гуай, сур харвааны Балдандорж нарын эрдэмтэн мэргэдтэй их сайхан дотно танилцсан маань ажил, амьдралд минь үнэлж баршгүй тус нэмрээ өгсөн. Монгол бөхийн гараа, дэвээ, шаваа хүртэл цаанаасаа шинжлэх ухааны гаргалгаатай гэдгийг бид мэддэггүй.
Дээхнэ үед дэвж шавж байгаа нь бүжиглэж байгаа юм шиг уян налархай байсныг Түвдэндорж аварга эдний баримтат киноноос өөрөө харсан байх. Энэ бүхэн чинь их учиртай. Биеийн бүх булчин ажиллаж халаалт болдог. Тэшүүрийн хөлийн жийлт, гарын хаялтын хөдөлгөөн манай үндэсний бөхийн хөдөлгөөнтэй яв цав таардаг юм шүү дээ. Лам нарт анх ном заахдаа тарни шууд цээжлүүлчихдэг дээ.
-Нэрийн ном гэж шавь нартаа шууд цээжлүүлдэг гэдэг?
-Тэрнийгээ дараа нь тайлбарлаж, орчуулж утгыг нь тайлж өгдөг. Тэрэн шиг үндэсний бөхөд хөдөлгөөний анхны эвслүүдийг заадаг. Хүнд 650-иад булчин байна. Тэр бүхэн хөдөлнө. Хүн анх төрөхдөө 300 гаруй ястай. 12-13 нас хүрэхэд бүрэлдэж бэхжээд 206 ястай болдог.
Тиймээс монгол өвгөд “Хүүхдийг багаас нь бүү барилдуул” гэдэг чинь учиртай байгаа биз. Яс нь бэхжээд ирсэн үед бөхийн эрдэм, хүчний бэлтгэл хийлгэж эхлэхэд тохиромжтой байдаг. Тэрнээс гурван настай хүүхдийг найман настай хүүхэдтэй барилдуулна гэдэг их аюултай. Би үүний эсрэг байдаг.
-“Хуурнин шуугигч” гээд хүүхдийн барилдаан тохиромжгүй зүйл байх нь ээ?
-Тэр бол маш буруу. Хүүхэд гэмтэж бэртэх ч магадлал өндөр. Жүдо бол өөр хэрэг. Японоос уламжлалт энэ төрөл чинь эхлээд багшдаа ёсолно, дэвжээндээ ёсолно. Яаж мэндлэх, яаж суухаасаа эхлээд сургалт нь шат дараалан явдаг. Ямар хүн байх ёстой гэдэг сэтгэлзүй давхар сууна.
Биенээ хүндлэх ёс зүй суудаг. Хоорондоо гарыг нь өчөөд л хугалчихаа алдаад, боож унагаад яаж ч алалцаж байсан барилдааны дараа нэгэндээ ёслоод тэврэлдээд сүйд болж байгаа биз дээ. Ийм ёс зүйтэй байдаг. Монгол үндэсний бөхөд ийм ёс жудаг байсан уу гэвэл байсан.
Харин “Хуурнин шуугигч” дээр бол хүний таван мэдрэхүйгээр мэдэрснээрээ л барилдаж байна. Тэр хөдөлгөөнийг харчихаж байна. Монгол хүүхдүүд яснаасаа л бөхийн авьяастай. Нэг мэх хийхийг хараад дуурайгаад хийчихэж байгаа байхгүй юу. Машинаар бол хүүхдээр шууд жолоо бариулаад давхиулчихаж байгаа гэсэн үг. Ямар ч дүрэм, дадлагагүй л явуулчихаж байна аа даа. Уг нь ёс зүйгээрээ бол аварга, арслан, гарьд, заан, харцага, начин гэж ямар цолтон юм, малгай бүсээ хүртэл яаж өмсөж хэрэглэх юм, энэ бүхнээс нь эхэлж заах ёстой. Хүүхдэд анхнаас нь яаж барилдахыг зааж өгөхгүйгээр гараа буруу тулаад л хугалчихна шүү дээ.
Хүүхдэд нэг хоёр насны зөрөө байтугай ганц сарын зөрөө ч их байдаг. Ингэж гэмтэл авч хэчнээн олон олимп, дэлхийн аваргууд багадаа жагсаалаас гарч байна. Мянга мянгаараа хичээллэж байсан хүүхэд хаа байна, хэрвээ ийм олон хүүхэд одоо барилдаж байвал Монгол дэлхийн бөхийн түүхэнд цөм цохиод гараад ирнэ биз дээ. Сургалт буруу байна гэдэг хамгийн том алдаа. Эхнээс нь хөдөлгөөнийг нь зөв тавиад өгчихсөн хүүхэд цааш сайн барилдана аа даа.
Манай Цогтбаатар, Энхрийлэн мэхийг баруун ч хийдэг, солгой ч хийдэг, энэ чинь багаас нь зөв хэвшил суулгасны л ач. Түүнээс үндэсний бөхөөр арав хориод түрүүлж алт мөнгөн медальтай болчихсон мөртлөө хөлөө зөв ч тавьж чадахгүй өчнөөн хүүхэд байна шүү дээ. Анхнаасаа буруу хэвшчихсэн гишгэлт, хөл тавилт хэзээ ч засаршгүй.
-Шавь нар чинь хэдийнээс амжилт гаргаж эхлэв?
-Анх жүдо, чөлөөт бөх, самбо гээд бөхийн нэлээд хэдэн төрөлд 40-өөд тамирчин бэлтгэж байлаа. Сар гаруйн дараа болсон самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-д таван шавьтайгаа оролцон, нэг ялсандаа их урамшсан. Тэрнээс хойш бэлтгэлээ амьхандаа сайн хийсэн ч амжилтад хүрч чадахгүй л байлаа.
Гурав дахь жилээс тамирчид маань торойж, багаараа эхний гурван байрт шалгарч эхэлсэн. Шавь нараас хамгийн анхны медалийг чөлөөт бөхийн төрлөөр хүртсэн. Миний шавь нар 1997 оноос эрэгтэй, эмэгтэй багаараа өсвөр үе, залуучуудын УАШТ-д багаараа эхний гуравт шалгарсаар ирсэн. Олон сайхан хүүхдийн авьяас, чадварыг нээж гаргаснаараа онцлог юм уу даа.
Даагыг шүдлэнтэй, хязаалантай, соёолонтой уралдуулаад байвал “зүрх нь үхчихнэ”, сайн морь болж чадахгүй. Яг үүнтэй адил хүүхдэд насанд нь тохирсон бэлтгэл, дасгалыг хийлгэх чухал. Сайн тамирчин бэлдэхэд зөвхөн мэх, барьц заах бус зөв хүн болж төлөвшүүлэх, өөрийг нь бэлдэх хэрэгтэй. Хүмүүжилтэй, өөртөө итгэлтэй, зоригтой болгож төлөвшүүлэх чухал. Олж төлөвшүүлэн, өөрийг нь бэлдэх хэрэгтэй. Хүмүүжилтэй, өөртөө итгэлтэй, зоригтой болгож төлөвшүүлэх чухал.
-Дасгалжуулагч хүн таныхаар ямар байх учиртай вэ?
-Шавийнхаа багш, аав, ээж, найз шиг нь байх хэрэгтэй. “Тэг, ингэ” гэж зөвлөчихөөд л яваад байвал шавьтайгаа ойр дотно болж чадахгүй. Би шавь сонгохдоо удмыг нь ер чухалчилдаггүй. Ер нь бөхийн спортод дуртай, мэрийлттэй хүүхэдтэй ажиллах амар байдаг. “Тэгээч, ингээч” гээд хүчлэх шаардлагагүй.
Хүн дуртай зүйлээ сэтгэл хангалуун, чин сэтгэлээсээ хийдэг дээ. Янз бүрийн зан ааштай, хүмүүжилтэй хүүхдийг дасгалжуулна. Тамирчны анхны суурийг нь маш зөв тавих хэрэгтэй. Хүүхдийг эхлээд нэгдүгээр ангид суулган аравдугаар анги төгсүүлдэг шиг маш зөв системтэй бэлдэх нь их чухал. Багаас нь унаган мэх, дархан барьцыг нь зөв олж, эзэмшүүлбэл тун зүгээр. Би аливаа зүйлд эмх цэгцтэй, зарчимч хандахыг хичээдэг.
Шавь нараа ч тийм байгаасай гэж хүсдэг. Би дасгалжуулагч болсноосоо хойш нэг ч удаа бэлтгэл тасалж байгаагүй. Миний шавь нар дунд тамхи татдаг, бор дарс хэрэглэдэг муу зуршилтай хүн байхгүй. Заавал амжилтад хүрэхэд нь бус зөв, ухаалаг хүн болж төлөвшин, сайн сайхан амьдарч явааг нь хараад их бахархдаг.
-Шавийн эрдэм багшаас гэсэн сайхан үгийн биелэл болсонд тань бахархдаг даа, таны амжилтаар…
-Миний шавь нар ер нь өөртөө итгэлтэй, зоригтой. Би тэмцээний сугалаанд ач холбогдол огт өгдөггүй. Аваргыг ялж байж л аварга болно. Багш хүн “Яана аа, тэр алдарт бөхтэй таарчихаж. Яах бол” гэвэл шавьд маань ямар санагдах, өөртөө итгэх итгэлээ алдах нь тодорхой. Би итгэл дүүрэн харж байгаад “Миний шавь чадна аа. Алдар нэр, цолтой нь бус биетэй нь барилдана” гэж хэлэх шал ондоо шүү дээ.
Дэвжээн дээр гарсныхаа дараа ч итгэлтэй, ханхар суух шавийн сэтгэл зүйд их нөлөөлдөг. Ер нь багш хүн өөрөө шавьдаа үргэлж зөв үлгэр дууриал болж байх хэрэгтэй. Би түрүүн бэлтгэлээ нэг ч удаа тасалж байгаагүй гэсэн. Үүнээс гадна улсын аваргад 30-аад жил оролцон, шавь нараа оролцуулахдаа нэг ч удаа согтуу, халамцуу байж үзээгүй. Спортоо, дэвжээгээ, шавь нараа, тэмцээнд оролцож байгаа тамирчид, дасгалжуулагч нар, үзэгчдээ хүндлэх ёстой.
Дасгалжуулагч хүн хүүхдийг зөв хүмүүжүүлж, сайн хүн болгохын тулд өөрийгөө маш хөгжүүлж, бэлдэх ёстой. Намайг анх дасгалжуулагч болж байхад жүдогийн нэг ном байлаа. Монголд гурав, дөрөвхөн хүн тийм номтой байв. Би Ц.Дамдин багшаас номын нь гуйж авлаа. Япон хэл мэдэхгүй ч зургийг нь харж байгаад ёсолгоо, эхний барьцыг яаж авах, таталт, мэхнүүдийн талаар сурсан. Тэр бүгдийг зуран, хортой цаас тавьж байгаад хуулж аваад хоёр шөнө нойргүй хоносон.
Ц.Дамдин багшид буцаагаад аваачиж өгөхөд “Хичээл, зүтгэлтэй мундаг байна. Олимп, дэлхийн олон аварга шавьтай болоорой. Ийм дасгалжуулагчаас сайн шавь төрөлгүй яах вэ” гэхэд нь их урам авсан. Ц.Дамдин багшдаа их баярлаж явдаг. Шавь нар үе үеэрээ төрдөг. Миний шавь нар дөрвөн үе болчихоод байгаа. Одоо дараагийн үе нь бойжиж байна.
-Таны шавь нараас олимп, дэлхийн хэдэн медальтан, хэчнээн гавьяат төрөв?
-Гарын шавь нараас долоон гавьяат төрсөн байна. Гавьяат цол авах хэмжээний, болзлоо хангасан арав гаруй шавь бий. Үндэсний бөхөөр улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй улсын цолтнууд сайхан барилдаж байна.
Улсын харцага, начин цолтнууд олон байна аа, олон байна. Шавь нар маань улсын наадмын хүүхдийн барилдааны найман түрүү авсан. Б.Лхагвадорж маань л гэхэд гурван түрүүтэй. Их спортын шавь нар маань олимп, дэлхий, тивийн аваргын 300-гаад медальтай. Үүний яг 50 нь ДАШТ-ий алтан медаль.
-Дэлхийн дэвжээнд төрийн дууллаа тав биш тавин удаа эгшиглүүлнэ гэдэг гайхамшиг юм даа?
-Одоогоор 300-гаад шавь бэлджээ. “Яг тэд боллоо” гээд нарийн тоолдоггүй. Спортоор амжилт гаргаагүй ч зөв хүн болж төлөвшин, улс орондоо бүтээн байгуулалт хийгээд, сайн яваа олон шавь бий. Миний удирдлагад анх бэлтгэл хийн, дараа нь өөр спортоор амжилт гаргасан цөөнгүй шавь бий.
Боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нар байна. Гавьяат тамирчин Н.Төгсцогт есөн настайдаа анх миний шавь болж байлаа. Миний удирдлагад таван жил бэлтгэл хийгээд, дараа нь бокс руу орсон юм. Барагцаалбал 100 гаруй шавь минь олон улсын тэмцээний медальтай. Тэднээс 30-40 нь олимп, тив, дэлхийн медальтай. Бүх шавиараа бахархдаг.
-Шавь нар нь ийм амжилт гаргасан дасгалжуулагч Монголд танаас өөр байхгүй байх аа даа?
-Өөрийнхөө унаган шавиар ийм амжилт гаргасан дасгалжуулагч бараг байхгүй байх.
-УАШТ-д багаараа нийт хэдэн удаа түрүүлсэн билээ?
-Жүдогоор өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д хориод түрүүлсэн. Нэрэмжит тэмцээнтэй нийлээд үндэсний бөх, самбо, кураш гэх юм бол УАШТ-ий багийн долоо найман түрүү бий. Багаараа УАШТ-д 200 гаруй удаа эхний гуравт шалгарсан байдаг.
-Та шавь нарынхаа амжилтыг нэг бүрчлэн тэмдэглэдэг юм билээ. Одоо ч хэвээрээ юү?
-Хэвээрээ. Аль ч спортын төрөлд, хэдэн кг-д хэн ямар амжилт гаргасныг нэг бүрчлэн тэмдэглэдэг. Худлаа хэлэхийн аргагүй, амжилтын алтан дэвтэр ч гэх үү, хувь миний архив ч гэх үү тийм л зүйл юм даа. Шавь нарынхаа амжилтын алтан товчооноор нэг сайхан ном хийх юм сан гэж бодоод л явна. Болох байх аа.
-Бөх болох хүүхдийн анхны суурийг яаж тавьдаг вэ. Тухайн шавь аль спортоор илүү амжилт гаргахыг нь та яаж мэдэхэв?
-Хүмүүс бөхийн ерөнхний шинж гэж ярьдаг шүү дээ. Бөхийн тийм ерөнхий шинжийг нь харна. Хэчнээн жижигхэн биетэй ч амжилт гаргана гэсэн сэтгэл, бүхнээ зориулж байгаа хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл чухал. Манай Цогоо (Ц.Цогтбаатар) гэхэд 20 гаруйхан кг жинтэй хүүхэд ирж байлаа. Сурлага сайтай, юмыг ойлгодог, мэдрэмжтэй хүүхэд сайн барилддаг.
-“Шавь минь олимп, дэлхийгээс медаль хүртэх хэмжээнд хүрчихлээ” гээд дээлийнх нь захыг мушгиж суусан шавь нь зорьсон амжилтдаа хүрч чадалгүй тамирчны карьераа дуусгах мөн ч харамсалтай байна биз?
-Эцэг хүн хүүхдэдээ яаж санаа зовж, яавал амжилтад хүрэх бол, яавал сайхан амьдруулах билээ гэж хэрхэн хүсэж хичээдэг билээ дээ. Яг түүн шиг би шавь нарынхаа төлөө зүтгэдэг, мэрийдэг. Хэчнээн хичээж, зүтгэсэн ч зардал мөнгө олдохгүй, өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлсийн улмаас амжилт гаргаж чадаагүй шавь нарынхаа өмнөөс харамсдаг. Ёстой хэцүү шүү дээ.
2016 оны олимпод миний шавь Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, Л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн нар оролцсон. Олимпоос медаль авах бүрэн боломж Цогоо, Төмөрхүлэг, Отгонбаатар гуравт байсан. Үүнд их харамсдаг. Ивээн тэтгэгч олдохгүй, санхүүгийн бэрхшээлийн улмаас цөөнгүй шавь минь зорьсон амжилтдаа хүрч чадаагүй. Хамгийн харамсалтай зүйл энэ. Эсрэгээрээ шавь минь медаль аваад, Төрийн дууллаа эгшиглүүлж буй мөч багш хүнд хамгийн сайхан.
Багш хүний хамгийн сайхан баяр, бахдал энд л төрдөг юм даа. “Мөнгө байхгүй ээ. Бэлтгэлээ л сайн хий” гэдэг аав, ээжтэй хүүхэд зөндөө. Тамирчид анх гарч ирэхэд ивээн тэтгэгч, дэмждэг байгууллага олох хэцүү. Амжилт гаргаад, олонд танигдсаны дараа бол өөр л дөө. “Манай нутгийнх, миний шавь” гээд л хүмүүс гараад ирдэг. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шавь маань мэргэжлийн сүмод барилдахаар Монголоос анх явахад ивээн тэтгэх хүн олдохгүй байсан.
Зарим шавийг амжилт гаргаад эхэлснийх нь дараа “Тэр Спорт хороо руу оруулъя. Энэ хүний шавь болговол мөнгөтэй, ивээн тэтгэгч сайтай” гэх нь бий. Би “Шавь минь л амжилт гаргаж байвал” гээд явуулдаг. Өөр газар очлоо гэхэд тэр багш над шиг зааж, ойлгож, ойлгуулж, мэдрэх үү гэдэг чухал.
-Аливаа зүйлд анхлан замчилсан багшийн гавьяа яндашгүй. Яруу найрагч, уран бүтээлчид анхны багшаа “Оюун санааны эцэг” гэж дээдэлдэг. Харин спортын салбарын анхны багшийн үнэлэмж Монголд хэр байна вэ?
-Анхны багшийн үнэлэмж Монголд байхгүйтэй адил шүү. Шавь нь олимп, дэлхийгээс медаль авбал анхны багшид хувь өгдөг байсан, өмнө нь. Одоо тэгэхээ больсон. Шигшээгийн багш нар л авдаг, анхны багшид юм байхгүй ээ. Шавь нар маань харин амжилт гаргаад баярласан сэтгэлээ илэрхийлж ирэх нь багш хүний жаргал юм даа.
-Амжилттай яваа нэгний ар талд сайн ханийн халамж түшиг байдаг гэх үг бий. Та гэр бүлээ танилцуулаач!
-Миний хань Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Дорждамбын Баярсайхан гэж худалдааны салбарт олон жил ажилласан хүн бий. Манайх Энхтүвшин, Янжинлхам гэсэн хоёр охинтой айл. Охид маань хоёр их дээд сургууль төгссөн. Зээ нар гэвэл дөрвөн хүү, нэг охин байна.
Хүүхдүүд, зээ нар маань урлаг талдаа их элэгтэй хүмүүс. Миний зээ охин их гоё зурна. Төгөлдөр охин маань долоон сарын 10-нд төрсөн юм. Тэгсэн одоо дандаа соёмбо зурна шүү дээ. Гурван настайгаасаа өнгө ялгаад зурдаг байсан юм. Одоо нэрээ хүртэл соёмбоор зурна даа. (өхөөрдсөн маягаар инээв. Л.Б)