2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

С.ЦОГТБАЯР: Хүнийрхүү хандлагаа үгүйсгэж чадвал бүгдийг энэрэх сэтгэл аяндаа үүснэ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зургийн мастер Самандарын Цогтбаяртай хөөрөлдлөө. “Тоншуул”-аар овоглосон эл уран бүтээлч “Учиртай инээд”, “Төрийн төлөө оготно”, “Шог зургууд” зэрэг бүтээлүүдээ нийтийн хүртээл болгожээ. С.Цогтбаяр нь 1964 онд Улаанбаатар хотод мэндэлсэн бөгөөд нийгмийн амьдрал, улс орны улс төрийн байдал зэргийг хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч юм. Тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэж “Үнэн”, “Тоншуул” сониноос ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. С.Цогтбаяр нь VII ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулж оюуны баялаг өв сантай болжээ. Эл уран бүтээлч 2002 оноос “Тоншуул” сэтгүүлийг сонин болгож сэргээж эрхлэн гаргасан байдаг. 2007 онд С.Цогтбаяр 50 дахь үзэсгэлэндээ зургаа илгээсэн тооцоо бий. С.Цогтбаяр өөрийгөө “Хоёр дахь үеийн малчин хүн” гэж comedy club тайзан дээр хэлж байв. Түүний аав Завхан аймгийн Шилүүстэй суманд малчин байжээ.

-Нийгмийн хямрал гээд байгаа юм маань бидний сэтгэлгээнд л байгаа гаж үзэгдэл-

-Аливааг дандаа хараар харахаас илүүтэй өөдрөг сайхан талаас нь хардаг философи нийгмийг урагш хөтөлж явдаг. Өөдрөг үзэл нийгмийг урагшлуулагч галт тэрэг байлаа гэж бодоход та ч бас толгой зүтгэгчдийн нэг нь байх шүү?

-Хүний амьдрал өөрөө жаргал, зовлон хоёрын нийлэмж. Манай Со (Монгол Улсын төрийн шагналт, МУГЖ Догмидын Сосорбарам) гавьяатын үгийг нь бичсэн “Жамаас” гээд сайхан дуу байдаг шүү дээ.
“Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх, буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж, сайханд ойрхон явъя даа” гээд.

Үхэх, төрөх хоёр л үнэн хорвоо шүү дээ. Тийм болохоор аливаа зүйлийн гэгээтэй талд фокуслаад, анхаараад явбал өөдрөг өнгөлөг амьдрах боломж хүн бүхэнд хангалттай нээлттэй бий. Манай Пүрэвбат ламтны хэлэх дуртай, алдартай сайхан үг байдаг даа.

-Ямар үг билээ?

-“Хүн болгоныг алтан нарны гэрэл ялгалгүй ивээнэ. Нарны туяа ялгалгүй тусаж байхад л зарим хүн буруу харсан нүхийг өөрсдөө ухан орж суучихаад “Нарны гэрэл над дээр туссангүй” гэж гоншгоноод гомдоллоод байдаг нь мунхаг хэрэг” гэсэн үг л дээ. Амьдрал дээр яг л ийм байдал анзаарагдаад байдаг.

Бид одоо “Нүдээ нээ” гэж байгаа шиг билгийн нүдээ нээгээд харвал энэ нийгэмд маань болж бүтэж байгаа, гэрэл гэгээтэй зүйл асар их байгаа. Миний амьдралд сайн сайхныг түрүүлж харах дадал хэвшил анхнаасаа сайтар суучихсан шиг байгаа юм. “Тоншуул” сонинд хар багаасаа, хүүхэд шахуу байхдаа орсон минь амьдралын том сургууль болсон. “Горькийн школа” гэдэг шиг миний сургууль бол “Тоншуул” байлаа.

-“Тоншуул” сонинд ч аргагүй агуу сэтгэгчид байсан байх шүү?

-Тэр олон агуу авьяастнуудын дунд миний оюун санаа, амьдралын чиг хандлага бүрэлдэн тогтож. Мэдээж аав, ээжээс заяасан гэр бүлийн суурь хүмүүжил байсан байж таарна. Амьтны эцэг эх болсон хойно хүүхдээ сайн сайхан яваасай гэж бодож өвөг дээдсээс уламжилж ирсэн сайн сайхныг өвлүүлсэн байх.

Энэ бүхэн нэгдээд надад амьдралын тухай сайн сайхны чиг хандлага тогтсон. Үүгээр явсных алдсангүй. Тэр сайхан хүмүүсийн үг сургаал амьдрал дээр бат нот гэдгийг би одоо амьдралаараа үзчихээд сууж байна. Тийм болохоор тавь жаахан гараад ирэхээр залууст үг хэлэх дуртай болчихдог юм байна.

-Юу гэж сургах гээд байна?

-Сургах гэдэг утгаараа биш, амьдралдаа алдах вий гэсэндээ тэднээс арай өндөрт гарсны хувьд хэлнэ. Өндөрт гэдэг маань амжилт олсноороо гайхуулах биш туулж ирсэн насаа л хэлж байгаа юм шүү. Тиймээс мацаж яваа залуустаа хэлэх боломж гарахад “Наад замаар чинь явбал унана шүү. Би тэрүүгээр авирч байгаад ар нуруугаараа хэдэнтээ савж ойчсон доо. Үүгээр авирвал ядрахгүй, тайван өгсөнө” гээд оргилд сууж байгаа хүн шиг болчихдог юм байна.

Миний залууст хэлэх дуртай үг бол “Амьдралын гэрэлтэй гэгээтэй талд нь яв. Амьдралд хар бараан бүх юм л бий. Хар бараан тэр зүйл дээр фокуслаад байвал чиний амьдрал тэр чигээрээ зовлон гунигт татагдана. Тэгэхээр хар бараан зүйлийг аль болох мартахыг хичээ, үл тоо. Гэрэл гэгээтэй зүйлийг хүчээр ч болтугай бод. Тэгвэл чамд зөв дадал сууна. Зөв дадал чинь хэвшвэл насан туршид чинь чамайг хөтлөөд явчихна” гэдэг юм.

Манай “Тоншуул”-ын школа гэдэг чинь энэ. Ердөө л юмыг хөнгөн, айхтар ноцтойгоор биш энгийн хүлээж авах байдал юм. Илүү хошигно, битгий уурла гэсэн зарчим шүү дээ. Болохгүй бүтэхгүй байгаа юмыг айхтар шүүмжлэхийн оронд зүгээр л шоолчих хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүнд чинь болоод чамд л амар. Дотоод амар амгалан гэдэг эндээс л ундарна.

-Нээрээ ч бүх зүйлийг хүндхэн хүлээж авахгүй байвал бухимдаад ядаргаатаад байхгүй юм байна шүү?

-Хошин бай гэдэг чинь их маазраад бай гэсэн үг биш л дээ. Дотно найз нөхдийн дунд бол маазрал бол гайхалтай гоё амралт болдог. Миний эргэн тойронд гэрэлтэй гэгээтэй, амьдралыг гоё талаас нь хардаг хүмүүс байсан болохоор амьдралыг тийм нүдээр харах дадал надад хэвшсэн.

С.ЦогтбаярТүүнээс биш би өөрөө энэ гайхамшигт нууцыг зохиогоод ч юм уу, бодоод олчихсон зүйл биш л дээ. Хүн өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг сонгож авч болох учраас өөдрөг үзэлтэй хүнээр л найз нөхдөө бүрдүүлчих. Тэгэхээр амьдрал чинь аяндаа гэрэл гэгээтэй болно. “Сайныг дагавал сарны гэрэл” гэдэг шиг хүний найз нөхөд, амраг садан, гэр бүл чиний сонголт учраас чи зөв сонголтоо хийвэл үр дүн нь чамд эергээр л тусна. Энэ чинь карма, үйлийн үр. Үйлийн үр гэдэг чинь физикийн хууль.

-Үйлийн үр яахаараа физикийн хууль болчихдог билээ?

-Шинжлэх ухааны үүднээс дэлхийн татах хүч, энерги хадгалагдах хууль зайлшгүйг бид дунд сургуульд бат нот ойлгоод авчихдаг даа. Тэрэн шиг үйлийн үр гэдэг зайлшгүйг ойлгочиход л амьдралд ямар нэгэн асуудал үүсэхгүй.

Өнөөдөр би сайны үрийг эдэлж, сайхан үр тариа хурааж авч байгаа бол хэдэн арван жилийн өмнө хийсэн миний сайн үйлийнх л байх. Хүн бүхэнтэй “аав ээж, ах аа, эгч ээ” болж явсан үйл маань өнөөдөр санаа амар, аз жаргалтай амьдрахын хөрсийг бүрдүүлээд өгчихөж байгаа юм. Хүндлэл бүхэн зөв явсны үр дүн л гэж ойлгодог. Хүндлэл хайрыг ямар нэгэн эд хөрөнгө, албан тушаалаар биш зөв явсны шагналд хувь тавилан хүнд бэлэглэдэг.

-Нас тавь гараад ирэхээр үйлийн үрийг ойлгоод авдаг юм байж. Зарим хүн нүгэл, буянаа ч ойлгохгүй явсаар насыг бардаг даа?

-Нүгэл, буяны тухайд би мах цусанд төрсөн хүн юм чинь аль алиных нь үрийг тарьж л явсан байлгүй. Хүүрнэн өгүүлэх юм бол ууж идэхээс өгсүүлээд наян юм л байна ш дээ. (инээв.Л.Б) Миний амьдралыг тавин боть ном гэж бодвол гучин боть нь нүгэл ч байж магадгүй. Монгол эрчүүдийн амьдралд ууж идэх ч юм уу, алдаж байсан тохиол олон байж болно. Тэрийгээ ойлгож ухаарвал бурхнаас заяасан хугацаа гэж бас бий.

-Амьдрал болоод хувь тавилан нийгмийн харилцаанаас шалтгаалдаг гэдэг дээ?

-Бид нүүдэлчин ахуйгаас иргэншээд зуу гаруй жил л болж байна. Нийслэл Хүрээг хэрвээ хотжилт гэж үзвэл дөрвөн зуугаад жил л болж. Яг идэвхтэй урбанизаци гэж яривал үсрээд л дөч тавиад жил болж байна. Улаанбаатарын орон сууцны байрууд баригдаж хотын өнгө төрх бүрэлдэн тогтсон энэ шинэ хэвшил, Б.Цэнддоогийн айхтар бичээд байдаг “Соёлын довтолгоо” бидний амьдралын хэм хэмжээ болж ирсэн нь ердөө зуун жил ч болоогүй байна шүү дээ.

Ардчиллын тухайд ч бид сайн, муу гээд янз бүрээр ярьдаг. Энэ бол агуу том туршилт явагдаж байна. Бүхэл бүтэн хүний нэгэн амьдралын, нийгмийн солилцоо явагдах хувьсал одоо л дөнгөж эхэлж байна. Хуучин нийгмийн тогтолцоо нурж унаад гурван зуун жаран хэм эргэчихсэн нөхцөлд бид хүлээцтэй, буурьтай, адгамааргүй амьдармаар байгаа юм.

Саудын Араб шиг ч юм уу мөнгө төгрөгөөр бульдаж цутгаж босгосон бүтээн байгуулалтыг харчихаад “Хорин хэдэн жилд босдог юм байна” гээд барьцаад байх учиргүй. Хүчтэй эдийн засагтай улсуудын барьчихаад байгаа өндөр барилгуудыг харчихаад бид хорин хэдэн жилийн ололтоо чамлаад байгаа юм. Бид дунд сургуулийн химийн хичээл дээр үздэг байсан туршилт шиг сайн, саарын урвал манай нийгэмд оволзтол буцалж, холилдож л байна.

Нийгмийн байгууллын хувьд энэ хорин хэдэн жилийн хувьсал хангалттай хугацаа биш. Одоо хүртэл миний ухамсарт хуучинсаг үзэл байж л байгаа. Бид хэдийгээр аливаа зүйлийг өөрөөр нэрлэж байгаа ч үндсэн хандлага яг л социализмын үеийнхээрээ байгааг би үгүйсгэхгүй.

-Хуучин нийгмийн хэвшил зуршил одоо ч амь бөхтэй оршсоор л байна шүү?

-Харин тийм, хуучнаа санагалзаад л, нэг л дотно юм шиг санагдаад л, найзуудтайгаа зуун грамм татмаар ч юм шиг л санагддаг. Тэгэхээр нийгмийн ийм инстинкт Баабарын хэлснээр хүний бүхэл бүтэн үе өнгөрч байж солигдоно. Тиймээс би нийгмийн төлөө гэж бухимдаж байгаа нөхдөд “Тайван амгалан байцгаа. Халхын буян заяа хаачих вэ. Монголын минь заяа их шүү дээ. Юм үргэлж сайн тал руугаа шинэчлэгдэж байгаа. Сайн талаа хараад яваад байвал гуравхан сая хүнд болохгүй бүтэхгүй юм алга” гэж хэлдэг юм. Нийгмийн хямрал гээд байгаа юм маань бидний сэтгэлгээнд л байгаа гаж үзэгдэл.

Сэтгэлгээндээ бид ядуураад, сэтгэлдээ хар бараан зүйлийг чихээд байгаа болохоос амьдралаа ерэн онтой харьцуулаад харвал асар их баялаг уудам болсон. Ялангуяа уран бүтээлч хүний хамгийн гол зүйл болсон сэтгэлгээний эрх чөлөөнд асар их өөрчлөлт боломж нээгдсэн. Энэ бол миний хувьд үнэхээр залбираад барахын аргагүй том буян. “Би энэ буяныг яаж даах вэ” гэж бодохоос нүгэл хурааж, сайн муугаар хэлэх шалтаг шалтгаан алга.

-Зарим уран бүтээлчид жигтэйхэн гутрах юм байна шүү дээ?

-Ишш, юу гэсэн үг вэ, бурхан минь. Эдийн засгийн шальдар бульдар юм бол өнөө маргаашийн л юм байхгүй юу. Хүн ард нь найман тэрбум давж байгаа энэ алаг дэлхий дээр чинь биднээс илүү ядуу, өлсөж зовж байгаа, дайн тулаан, байгалийн гамшигт нэрвэгдэж байгаа хэдэн тэрбум хүн байна.

Энэ их зовлонгийн дэргэд монголчууд бид үнэхээр цамаан бөгөөд сүржигнэгч нөхдийн ярьдгаар “тэнгэр заяатай ард түмэн” байхгүй юу. Харин энэ их буянаа л даах тухай ярина уу гэхээс өөрсдийнхөө сайхан муухай амьдарч байгаа талаар ёстой яримааргүй санагдаж байна.

-Олон хүн сайнтай, муутай гэгчээр ядуу зүдүүхэн амь зууж буй хэсэг ч байж л байгаа даа?

-Бид магадгүй муу амьдарч байгаа бол бидний арчаа, боловсрол, чадамж, залхуу хойрго, буруу дадлаас л болж байгаа болохоос Монгол Улсад ардчилал гарснаас болсон гэж үнэхээр хэлмээргүй байна. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайя л даа.

-“Эгэл амьдралын хүлээс гэж энийг л хэлэх байх даа” гэсэн нэртэй таны нэг зургийг би нэлээд харлаа л даа. Зурагт, хөгжим, индүү, цахилгаан хэрэгсэл, утас, гар утас гээд элдэв янзын “хүлээсэнд” баглагдаж торлогдсон хөөрхий нэгнийг та дүрсэлж. Амьдралын сайхан зарим үед материаллаг талдаа байдаг л байх. Таны философиор амьдралын хүлээсэнд хэт их автах ямархуу байдалд хүргэнэ гэж бодож байна?

-Бид сайн сайхан амьдрал гэхээр материаллаг талыг их боддог ийм нийгэмд аж төрж байна. Хүмүүсийн мөрөөдөл ч энэ тал руу их хэлбийх болж. Өсвөр насны хүүгээс “Чи ирээдүйд хэн болмоор байна” гэхэд “Би бөх болно” гэх жишээний. Яагаад бөх болох гэж байна гэхээр тэр хүн спортоор хичээллэж өндөр амжилт гарган, улс орныхоо нэр төрийг өргөнө гэхээсээ илүү бөхчүүд санхүүгийн боломж сайтай байна гэдгийг мэддэг болж. Бүхий л зүйл ийм материаллаг сонирхолтой болчихож.

Юм л болбол мөнгө ноёлсон нийгэм учраас бидний билгийн мэлмийг хаачихаад байна. Тиймээс билгийн мэлмийгээ нээгээч, хайрын нүдээ, ухаарлын нүдээ нээгээч гэж хэлье. Бурхны духан дээр байдаг мэлмий чинь бидний гуравдагч нүд, дотоод сэтгэлийн хүч, гэгээрэл байгаа юм. Гэгээрсэн хүнээс хэзээ ч муу юм гардаггүй.

Ер нь бурхны шашинд зовлонгийн шалтгаан бол мунхаг гэж үздэг. Зовлонгийн шалтгааныг яаж арилгах вэ гэвэл мунхгийг арилгаж гэгээрэх хэрэгтэй гэдэг. Гэгээрнэ гэдэг нь газраас хөөрөх ч юм уу, ямар нэгэн гэрэл харуулж шидийг үзүүлэх биш. Зүгээр л зөв мэдээллийг өөртөө шингээж, юм мэдэх чадамжийг л хэлж байгаа юм. Орчин үед энэ зөв мэдээлэл л хамгийн үнэтэй хөрөнгө болж байгаа.

Мэдээллийг хэн удирдаж, ашиглаж чадаж байна, тэр хүн өнөөдөр зах зээл дээр хамгийн хүчирхэг байж чадаж байна. Тийм болохоор эдийн засаг, уул уурхайд анхаарахаасаа илүү хувь хүний хөгжилд л анхаарлаа хандуулах ёстой.

-Хувь хүний хөгжил гэж их л ярих болж дээ?

-Хүн өөрөө ухаалаг, гэгээлэг байх юм бол аливаа бэрхшээлийг давах, тэмцэх чадвар нь асар их байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа гэхэд орон гэргүйдэл, өлсгөлөн гачаал, ядуу зүдүү байдлыг хүмүүсийн ёс зүй, шашин, ухамсар нь авч гарсан болохоос ямар нэгэн мөнгө санхүү дааж гараагүй.

Дайны үеийн тухай япон кинон дээр гэхэд “Хичнээн ядуу ч гэсэн хулгай хийх ёсгүй” гээд гарч байна шүү дээ. Өлсөж үхэх гэж байсан ч “Би хулгай хийх ёсгүй, хулгай хийхийн оронд үхсэн нь дээр” гэж үзэх ёс зүй бидэнд дутаад байна. Ерэн оноос хойшхи монгол орны амьдрал жинхэнэ үнэт зүйлээ хайсан агуу том хайгуул болоод байгаа.

Оюун санааны ийм гайхалтай итгэл үнэмшил байж байж биднийг удирдана. Бид хэн юм бэ гэдгээ хайсаар байгаа эрэл маань Монголыг хэзээ нэгтээ өөд нь татаад босгоно.

-Японд дайны үед “Өлбөрч үхсэн ч хулгай хийхгүй” гэсэн ёс зүйтэй байсан гэж та хэллээ. Манайд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гэлтгүй биесээ хулгайч, төрийн мөнгөөр мөрийтэй тоглосон гэж парлементын танхимд үзэж тарах юм. Энэ хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа байна аа даа?

-Төрийн ордонд түмэнд шившгээ дэлгэж байна аа гэдэг чинь бидний л тусгал. Монгол Улс төрийн түшээдээ ард түмнээсээ сонгодог ардчилсан сонгуультай улс. Бид л ийм хүмүүсийг өөрсдийгөө удирдуулахаар гаргаа биз дээ. Ард түмэн бидний л нэг тусгал болохоор үүнд нэг их гайхаад байхаар зүйл байхгүй.

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” аяныг бид санаачиллаа. Тэгэхэд сэтгүүлчид “Хүчирхийллийн нийгмийн үндэс нь юу байна. Ядуурал юм биш үү” гэж асууж байна. Энэ аягүй буруу үзэл. Хүн ядуу байна гэдэг юу ч хийж болно гэсэн үг биш. Ядуу байлаа гээд хулгайлах, хүчирхийлэх, буруу амьдрах шалтгаан биш. Энэтхэг ч юм уу, Зүүн өмнөд Азийн ядуу орнуудыг харахад Буддын шашин, хиндү шашин нь нийгмийг нь авч явж байна.

Биднээс үгээгүй ядуу хэдэн зуун сая хүнийг түүчээлж явж байгаа юм чинь материаллаг орчин, улстөр биш. Ердөө л айж ичихийн ёс зүй, шашин нь хөтөлж байгаа юм. Энэ гайхамшигтай ёс зүй монголчууд бидэнд байхгүй болчихсон байна. “Амьдрах гэж ядаж байхад…” гэдэг муухай үг байна. Би бүүр хараалын үгээр хэлье л дээ. Энэ ёстой лалрын үг байгаа байхгүй юу.

С.Цогтбаяр-Хүн бүхний амнаас шахам гардаг үг шүү?

-Хүн болж төрчихөөд хэний төлөө амьдарч байгаа юм. Өөрөө өөрийнхөө л төлөө амьдарч байгаа шүү дээ. Хэнд амьдралаа лаахайдаад байгаа юм бэ. Хэн хүнд боломж байхгүй байлаа ч улсаас өгч байгаа шат дараалсан халамж хэтрээд байна. Энэ халамж хүмүүсийг бусдад амьдралаа лаахайдах боломжийг улам ихэсгэсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийнхэн ч юм уу, нийгмийн тодорхой хүрээний халамж шаардлагатай хүмүүстээ үнэхээр хэрэгтэй. Үүнийг хөргөгч, зурагтыг нь тоололгүйгээр зөв шударга судалгааны үндсэн дээр амьжиргааны төвшинг нь ухаалгаар тодорхойлж олгох учиртай. Хавтгайрсан халамж гэдэг тэмцэх чадвар, бүтээлч байдлыг устгаж, залхуу хойрго, арчаагүй хүн сүргийг бий болгоно. Тиймээс хүн хэдий ядуу байлаа ч хүн алж, хулгай хийж, хүчирхийлж болно гэсэн хангалттай шалтаг биш.

-“Баян, ядуугийн ялгаа их боллоо. Нийгмийн дундаж хэсэг устлаа. Нийгэм сөхөрч уналаа” гээд шуугицгаах юм. Үнэхээр дайны фронтын хэмжээнд энэ бүхэн хүрчихлээ гэж та бодож байна уу?

-Баян, ядуугийн туйл гэсэн хэсэгт цөөхөн хувь нь л хамаарч байгаа болохоос Монголын нийгмийн гишүүдийн аж төрлийн төвшин үндсэндээ ойролцоо л байгаа. Бидний амьдрал ч овойж оцойсон юм байхгүй шүү дээ. Овойж оцойсон биш энэ амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг учраас материаллаг баялгийг эзэмшсэн хүмүүсээс илүү аз жаргалтай байгаад байгаа, ялангуяа урлагийнхан.

Зохиолч, яруу найрагчид, хөгжмийн зохиолч, зураачид чинь ядуу ч гэсэн хамгийн аз жаргалтай улсууд байдаг. Магадгүй, уух архиныхаа мөнгийг ч хүнээс гуйгаад авдаг мөртлөө өнөөдөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байна гэдэг чинь дотоод амар амгалан, ертөнцийн хоосон чанарыг ойлгочихсон хүмүүс байгаа байхгүй юу. Ийм гайхамшигт сэтгэл, энэ хандлага өнөөгийн нийгмийн маш олон хүнд хэрэгтэй байгаа юм.

Ийм сэтгэлтэй байлаа гээд амьдралдаа арчаагүй бай гэсэн үг биш л дээ. Байгаа нөхцөл байдалдаа сэтгэл ханамжтай бай. Тэр бол хүний амар амгалангийн хамгийн гол зүйл шүү. Хэрвээ хүн чадахгүй юмандаа тэчьяадан шунаж, нисванисын сэтгэлийг үүсгээд байвал тэр чинь зовлонгийн эх үүсвэр болно.

-Цагийн дөрвөн эргэлтэд нүүдэллэж ирсэн монголчууд, олон мянган жил хэрэм хананд суурин амьдрагч иргэншил хоёрын хооронд их л ялгаа байх шиг санагддаг даа?

-Аж төрөл, соёлын хамаагүй их ялгаа байлгүй яахав. “Тэнгэр заяатай монголчууд” гэдгийг бид улиг болтлоо ярьсаар үнэ цэнийг нь унагаад байгаа болохоос уг нь бидэнд тийм шинж чанар маш их байдаг.

Үнэхээр бид энэ тэнгэр заяагаа зөв ойлгоод чиглүүлж чадвал гайхамшигтай авьяас, чадварыг өвөг дээдсээсээ өвлөчихсөн ийм ард түмэн. Нүүдэлчин ахуй гэдэг бол дасан зохицох чадвар, хувьсан өөрчлөгдөх чадамж үнэхээр гайхамшигтай. Тийм ч учраас арвангуравдугаар зуунд, Хүннүгийн үед гээд хэд хэдэн удаа дэлхийг эрхшээж байсан. Ийм агуу ард түмний үндэс угсаа байж бид ийм залхуу залхаг, худалч, хулгайч байж болохгүй. Худлаа цээжээ дэлдээд байх биш өөрсдөө боловсрох, хөдөлмөрч байх хэрэгтэй байна.

Энэ хэцүү зүйл биш. Хүн бүхэнд адилхан боломж байгаа. Боломжийг ашигласан нэг нь л хөгжөөд байгаа. Бүгд л энэ хөгжил рүү хошуурчихвал Монгол жинхэнэ тэнгэр заяат гэдгээ батална. Сайхан үгээр өөрсдөдөө нэр хаяг өгөөд нэмэргүй. Спорт, сонгодог урлагаараа дэлхийд гайхуулж байгаа шигээ эдийн засаг, технологийн салбарт оюуны хөгжлөөр тэргүүлж чадвал тэр жинхэнэ тэнгэрлиг заяа.

Би ч хэдий хөгширснөө мэдэхгүй мэдээллийн технологийн компанид залуустай хамт мөр зэрэгцэн, зөвлөх хийгээд явж л байна. Бид болж бүтэж байгаа юмаа олж харахгүй баасан дээр шавчихсан ялаа шиг харанхуй бараан бүхэн рүү л шаваад байх юм. Баас бол тусдаа ш дээ, жорлонд л байх ялгадас. Жорлонгоосоо холдоод тариан талбай ч юм уу, гэрэлтэй гэгээтэй алсыг харах өндөр товцог дээр гараач ээ гэмээр байдаг.

Уулын орой дээр гарах гээд хүсэл тэмүүллээс ч илүү зориг эрмэлзэлдээ хөтлөгдөж явсан арван долоон сайхан залуу Отгонтэнгэр хайрханд алтан амиа хүртэл алдаж байлаа даа.

-Хайран сайхан залуус харамсалтайгаар амиа алдсан шүү?

-Энэ миний хувьд харамсалтай ч нэг бодлын үнэхээр бахархал. Гэрэл гэгээнд тэмүүлж явж байж амиа өргөж байгаа нь гайхамшиг. Хүмүүс үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. “Яагаад тэр хүйтэн оргилд мацдаг байна. Юу дутсан гэж ууланд гарна вэ. Над шиг “Ардын буйдан” үзээд жав жув гээд байж байхгүй” гэж хүмүүс коммент бичсэн. Гэтэл тэдний үйлс чинь тэс өөр юм байхгүй юу.

Уулын оройд гараад тэр алсыг хараад, өөрөө өөрийгөө ялж байгаа тэр таашаал, тэр мөч гэдэг хүнд асар их өөрчлөлтийг авчирдаг. Тэр зүйлийн төлөө тэмцэж явж байгаад амь насаа алдсан тэднийг би баатрууд л гэж хэлнэ. Яахав дээ, юмны гай л таарсан. Байгалийн араншинг таахын аргагүй оньсого. Яг тэр залуус шиг өөрсдийгөө золиод, эрсдэл хийн тэмцэж, өндөрлөг өөдрөг гэрэл гэгээ рүү тэмүүлээч л гэж хэлмээр байна.

Аль болох л хамгийн харанхуй, хамгийн өмхий, хотын мухарт байдаг бааруудад очиж хамгийн хямдхан шар айраг, хамгийн хямдхан найруулсан архи ууж байгаа улс тэд биш. Өндөрлөг дээр ч гэсэн халуун кофе балгаад, коньяк шимээд сууж байх боломж залуучуудад маань бүгдэд нь байгаа. С.Зоригийн хэлдгээр би монгол залуучуудынхаа саруул ухаан, сайхан ирээдүйд үнэхээр итгэдэг.

-Хавтгайрсан халамж бол аливаа үндэстнийг мохоож мөхөөх хор шахуу л юм ярих юм. Манай төр засгийнхан нэг л юм болуут халамж өгнө гэж хууль хүртэл санаачилдаг нь буруу зүйл үү?

-Төр засгийнхан олон янзын халамж өгдөг. Төрийн албан хаагчдад ч бүр халамж өгнө гээч. Энэ бол тэсэн тогтохын тулд төрийн албан хаагчдад өгч буй улстөрийн авлига. Тэрнээс тэдний сайн сайханд нэмэр болох гэсний илэрхийлэл биш.

Хүмүүс мэддэгээрээ л цэцэрлэг, сургууль барьчихгүй гээд байгаа болохоос энэ их мөнгийг зарцуулах хөгжлийн тодорхой талбарууд бий л дээ. Авлига өгөх арга нь яавч биш ээ.

Ер нь төрийн алба хааж буй багш, эмч, цагдаа, хүчний байгууллагынхан, аюул осолд амь насаа ч үл хайрлан явдаг Онцгой байдлынханд төрөөс онцгойлон анхаарч байх ёстой. Цалин бага гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Эдгээр салбарынхны цалинг бодитой тооцож судлаад шат дараатайгаар нэмэх нь зөв.

Нэг удаагийн гал унтраасан ийм авлига харин хэрэггүй. Төрийн албан хаагчид ч үүнийг өөрсдөө эсэргүүцэж байгаа шүү дээ. Монгол хүний амьдралын дархлааг алж, байгалиас өгөгдсөн чадваруудыг үгүй хийж байгаа авлига л гэж хэлнэ. Монгол хүн бэрхшээлийн өмнө бууж өгдөггүй.

Хэдэн мянган жилийн түүх үүнийг батална. Хэн ч биш, эрлийз хурлийз үлбийсэн сулбайсан хэсэг бүлэг хүмүүс болгоод хаячихаж байгаа юм чинь л энэ халамж тэтгэмж. Хэдэн мянган жилийн түүхийнхээ өмнө бид ийм байдалд дассанаараа хамгийн өөдгүй балиар паразит хүн сүрэг болон хувирч байгаа нь л дэндүү харамсалтай.

Халамжийн сэтгэлгээнд дассан хүн сүргийн ихэнх нь байгалийн хуулиар бол заазанд явахаар бэлтгэгдчихлээ. Сүргийг оройлж явдаг цэгц, тэргүүн нь байхгүй болчихлоо шүү дээ. Тийм болохоор энэ сулбайсан байдлаасаа яаж хурдан гарах вэ гэдгээ л бодох хэрэгтэй.

-Яаж гарах вэ, таныхаар бол?

-Оюуны түүчээ мэдээж хэрэгтэй. Манай Баабар, Цэнддоо нарын эрхлэн гаргадаг “НЕПКО”-гийн номууд бол Монголын нийгмийг оюун санааных нь хувьд маш сайхан бэлтгэж дасгалжуулах оюуны бүтээлүүд болсон.

Ерээд оноос хойш хичнээн ч бүтээл гарав. Энэ бүгдийг уншиж, оюун санаандаа шингээж чадвал шашин, бизнесийн арга туршлага, хүний нийгмийг туулсан түүхийн хувьд маш зөв мэдээллүүдийг хангалттай өгсөн. Эдэн шиг салбар салбартаа чаддаг бүхнээ хийгээд яваад байхад хөгжил гэдэг энүүхэнд байна. Миний хувьд соёл урлаг, дүрслэх урлагийн чиглэлээр л өөрийн чаддаг юмаа хийсээр л өдий хүрлээ. Би тодорхой хэмжээний өндөрт хүрвэл энэ салбарт хүч үзэж байгаа залуустаа л эргээд тусалмаар байна. Энэ л миний гол зорилго.

Манай Дашбалбар найрагчийн “Амжиж чи алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусдад нээж өг” гэсэн гайхамшигтай үг байгаа ш дээ. Гэтэл манай сэхээтнүүдийн хувьд бэртэгчин шинж нь ердөө арилдаггүй. Хамгийн их хувиа хичээгсэд сэхээтнүүд байдаг байхгүй юу. Хамгийн их зүйлийг мэдэж байгаа мөртлөө бусдадаа, хойч үедээ хэлж өгдөггүй нь дэндүү муухай. “Зөвхөн миний гэр бүл л болж бүтэж байвал бусад нь хамаагүй” гэсэн үзэлтэй. “Манай хаалганаас цаашхи нь надад хамаагүй, босгоноос нааш л надад хамаатай” гээд байдаг.

Уг нь нийгмээ түүчээлж явах хүмүүс нь сэхээтнүүд байхгүй юу. Ихэнх улс орнуудад аливаад хамгийн их сэргэг мэдэрч, түүчээлж явдаг хэсэг нь сэхээтнүүд, хамгийн шударга, гинжнээс өөр алдах юмгүй гэдэг шиг степэнднээс өөр алдах юмгүй оюутнууд өөрчлөлтийн гол хүч нь болдог. Тиймээс би сэхээтнүүдийг нүдээ нээ л гэж хэлье. Бусдад туслаач ээ, бусдад өгөөч ээ гэе.

-Та өөрөө аль хэр нүдээ нээсэн хүн бэ дээ?

-Мэдээж би амьдралдаа аягүй их алдаж байсан байж магадгүй. Тиймээс миний гэмшил, алдсан цаг хугацаа, харамсал энэ бүхнээ нөхөх гэж би одоо хичээж байж магадгүй. Өчнөөн олон уран бүтээл хийх, эрүүл саруул байх цаг хугацаагаа бор дарсанд зориулсандаа харамсаж л явдаг.

Энэ алдааг залуус минь бүү давтаасай, түр зуурын амжилтад сагсуурч онгирох гэдэг хүнийг ганц алдаг юм шүү гэдгийг л залуустаа хэлдэг. Нүдэн дээр алдаад байхаар би хэлэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ надад ямар хамаатай юм бэ, ямар миний хамаатан, дүү биш гээд орхиж болохгүй. Ахан дүүсээс өөрцгүй нэг цустай монгол хүн юм чинь миний л хүүхдээс өөрцгүй. Хүнийрхүү сэтгэлээ үгүйсгэж чадвал бүгдийг энэрэх сэтгэл үүснэ.

-Та “Тоншуул”-ынхнаасаа би сайн сайхныг олж авсан гэж байсан. Тухайлаад яриач!

-Би наян таван онд МАХН-ын Төв хорооны “Үнэн” сонины дэргэдэх “Тоншуул” сонин гэж төрийн төв хэвлэлийн статустай байгууллагад уран бүтээлийн гал тогоонд хөл тавин орж байсан. Дүрслэх урлагийн сургууль дүүргэж нэг жил багшлаад хүүхдээрээ шахуу л тэнд очсон.

Тэр гайхамшигтай орчинд очсон миний их хувь заяа гэж бахархдаг. Магадгүй би өөр газар орсон бол өнөөдөр ингээд сууж байхгүй, сураг тасарчихсан ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ их буян заяаг л дааж явах юм сан гэж боддог. Миний багш нар бол Монголын сор болсон уран бүтээлчид ажиллаж байлаа.

Арнайн Гүрсэд, Минжаахайн Гүрсэд, Иштавхай гуай, Жамцын Шагдар, Цэвэгийн Байды, Цэндийн Доржготов, Цэдэв ах, Ишдоржийн Цэрэнжамц, Шагдайн Цэнд-Аюуш, Б.Ерэнтэй нарын нэрийг нь сонсоод сүрдмээр гайхамшигтай уул хангай шиг түшигтэй сайхан хүмүүстэй ажилласан хувь заяандаа баярладаг. Тэд маань сайхан уран бүтээлчдээс гадна хамгийн гол нь хүнийхээ хувьд гайхамшигтай хүмүүс.

Амьдралынх нь хэв маяг, хандлага нь надад маш их нөлөөлсөн. Одоо хүртэл тэд өөрсдийн үнэт зүйлээ ямар нэгэн материаллаг зүйл, нам, шагналаар арилждаггүй. Ц.Доржготов гуай, Байды багш нар хэзээ хойно төрөөсөө хишиг хүртсэн. Төрөө шүүмжилдэг хүмүүст төр жаахан хатуу л зан гаргадаг юм шиг байна лээ. Сүүлд насныхаа эрэмбээр л авах ёстой шагналаа авсан.

Би магадгүй багш нар шигээ байж чадаагүй байх аа. Тэдний Монголын залуусын сэтгэлгээнд үлдээсэн өв гэдэг гайхамшигтай. Ялангуяа зохиолч Доржготов гуайн гэхэд бүхэл бүтэн фэн клуб байна шүү дээ.

-Хэн хэн шүтэн биширч байна?

-Манай Баабараас өгсүүлээд “Хонх”-ын Цогтсайхан, Төрөө нарын маш олон хүн их хүндэтгэдэг. Одоо хүртэл цаг үедээ таарч эвлэрчих юм сан гэж айж ичихгүйгээр туурвиж, энийг өөрчилчих юм сан, засчих юм сан гэж үргэлжид тэмцэгч байдаг хүн дээ.

Энэ үнэт зүйлийг дэргэд нь бага ч болтугай байсан хүний хувьд өөртөө шингээж аваад үлдчих юм сан гэж хичээж явах юм даа. Миний сав тэдний хэмжээнд хүрэхгүй ч өөрийнхөөрөө багш нарынхаа хандлага, агуу ухаанаас хутгаж авахыг хичээж л явна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img