2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

Н.Лутбаяр: Нийтийн дууны нэгэн үеийн их давалгаа Завханаас эхэлсэн

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, аймгийн алдарт уяач, сэтгүүлч, Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Намсрайн Лутбаяртай уулзаж хөөрөлдлөө. “Завхан гол” дуугаараа овоглосон, олон сайхан дууны эзэн энгүй авьяаст эл тэнгэрлэг бодолт эрхэм олон сайхан дуугаараа монгол түмнээ баясгасан уран бүтээлч билээ.

-Таны зохиосон дуу хэд орчим болоод байна?

-Миний адуу хэд юм. Би тоолж үзээгүй, тоолоод байхаар ч их адуу байхгүй. Миний дуу хэд юм. Бас тоолж үзээгүй, тоолоод байхаар ч олон дуу байхгүй байх. Уран бүтээлд тоо чухал биш. Би залуудаа “Сэтгэлийн булаг” ч бил үү, “Сэтгэлийн нэрмэл” ч бил үү тиймэрхүү нэртэй л ном бэлдсэн байсан юм. Тэрийгээ цүнхтэйгээ гээчихсэн.

Наян есөн онд Балбар ах Дөнгөтийн Цоодол гуайтай МОНЦАМЭ-гийн үүдэнд уулзаад “Энэ нөхрийн номыг номын төлөвлөгөөнд оруулъя” гэснээр хэвлэлд бэлдчихээд явж байсан хэрэг.

Хөх хотод Сэтгүүлчдийн холбооны хуралд оролцоно гэж Эрдэнээ гуайгаар паспорт гаргуулж аваад буцаад вокзал дээр иртэл манай морин хуурын Цогбадрах угтаж “Болор цом”-д Бавуудорж үлдчихлээ” гэнгүүт хөөрөөд хамаг юмаа ширээн дээр мартаж гараад, Нисэх ороод хадам ахындаа ганц юм задлахдаа цүнхээ санасан ч олдоогүй. Сүүлд хоёр, гурван шил архиар паспортоо олж авсан даа.

-“Завхан гол” дуугаа бичсэн түүхээ хуваалцаач!

-Миний гэр бүлийн хүн чинь Завхан аймгийн Эрдэнэмандал сумын хүн шүү дээ. Анхны охин маань биднийг оюутан байхад төрсөн учраас хадмууд харж хандана. Тэгээд сургуулиа төгсөөд охиныхоо хойноос Завхан явсан улс. Сэтгүүлчдийн холбооны Т.Баасансүрэн гуайгаас томилолт авч, аймгийн “Туяа” сонинд 1989 оны долдугаар сарын 15-ны өдөр сурвалжлагчаар ажилд орсон юм.

Сэтгүүлчийн ажлын гараа минь ингэж эхэлж, Завханд найман жил амьдарсан. Тиймээс намайг хүмүүс Завханых гэж ойлгодог. Завхан, Сүхбаатар хоёр бол засаг захиргааны нэгж юм. Сурвалжлагч, үйлдвэрийн дарга, утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн алба хашиж байлаа. “Хөлдүү гурван аймаг”-ийн нэгийг гэсгээлцэж явлаа, залуу насандаа.

-Хөлдүү гурван аймаг гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Завхан, Увс, Говь-Алтай гурав чинь улс төрийн хүрээнд ардчиллыг их хожуу хүлээж авсан аймгууд шүү дээ. Тэнд уран бүтээлийн сайхан нөхөдтэй одоогийн хэлээр гал болж ажилласан.

Н.Лутбаяр-Хэн хэнтэй уран бүтээлийн дөрөө харшуулж явав?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан, Г.Жамьян, ардын болон гавьяат жүжигчин Батсүх, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, яруу найрагч Хасвайн Лхаасүрэн, И.Цоозол, Бат-Өлзий, Пэрэнлэй, Алтангэрэл, Самдан, Бороохойн Батхүү нартайгаа хамт уран бүтээл туурвиж, нэгнийхээ сэтгэлийн гэрэлд хөөрч хөгжиж явлаа. Бид сэтгэл нэгтэй улс. Бараг нийтийн дууны нэгэн үеийн давалгаа зөвхөн Завханаас эхэлсэн гэхэд болно. Наяад оны төгсгөлөөс ерэн найман он хүртэл энэ давалгаа явсан гэж боддог.

-Бавуудоржийн шүлгүүд, хоёр гавьяатын аялгуунуудыг анзаараад байхад одоо ч наад давалгаа чинь цалгилсаар байгаа юм биш үү?

-Одоо ч үргэлжлээд давалгаалж л байгаа юм байна шүү. Зарим хүмүүс намайг “Нийтийн дуугаар өвчлүүлсэн” гэж зэмлэдэг л юм. Дууны яруу найрагт гуч гаруй жил үнэндээ зүтгэсэн байна. Миний анхны уран бүтээл “Бүүвэй ээж” дуу гарснаас хойш ийм хугацаа өнгөрч. Энэ дуу их булган сүүлтэй дуу л даа.

-Тэр чинь юу гэсэн үгтэй дуу байдаг билээ?

-“Бүтэн нойртой хонож үзээгүй
Бүлээн цайгаа ууж амжаагүй
Ганцхан биений жаргал эдлээгүй ч
Газар дээр миний ээжий
Үр чинь өсөж том болжээ
Үргэлж юунд санаа тавина вэ
Уул шиг том эр болсон шүү дээ
Унтаж амар даа бүүвэй, ээж ээ” гээд Батсүх гавьяатын дуулдаг дуу.

Би Завханд хорин гуравтай очсон. Миний найз Банзрагчийн Баярсайхан гэж Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагчаар ажилладаг байлаа. Манай Б.Галаарид Свердловскт төгсөж ирээд бас тэр сонинд ажиллаж байсан. Бид их нийлнэ. Бие биен рүүгээ их явна. Говь-Алтай, Завхан аймагт юм уу, Тайшир, Цагаанчулуутад уулзана.

Нэг удаа Говь-Алтайд очоод “Алтайн хөгжил” сонинд “Үүрд хамт байгаач, ээж ээ” нийтлэл бичиж хэвлүүлээд Багануурт байдаг Баяраагийнхаа аав, ээжид илгээлээ. Би Сүхбаатар аймагт байдаг ээждээ шуудангаар нөгөө нийтлэлээ явууллаа. “Бүүвэй ээж” шүлгийг тэгэхэд Баяраа маань уншчихаад гуравдугаар сарын долоон буюу тэр оройноо Үйлдвэрийн ажилчдын мартын баяр дээр дуулна гэдэг юм.

-Тэгээд дуулав уу?

-Ая хийгээд гитартай дуултал тэнд байсан дөч тавиад хүн уйлаад сүйд болдог юм. Тэгэхэд л дуу бичиж болох юм байна гэсэн санаа тархинд анх харвасан. Тэр үед Батсүх “Сургууль минь” гэсэн ганц дуу л дуулсан байсан.

Завханд шөнөдөө давхиж ирээд Цэвээнравдан багшид өгсөн. Удалгүй “Бүүвэй ээж” дуу төрж, аймгийн Намын арван наймдугаар бага хурлын төлөөлөгчдөд концерт тоглотол тэнд байсан төлөөлөгчид уйлсан. Тэр надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Дуу гэдэг ямар их хүчтэй юм гэдгийг мэдэж дууны уран бүтээлд “донтсон”. Түүнээс хойш бичсэн дуунууд маань 200 гаруй уран бүтээл болж.

-Пээ, та чинь дуугаа тоолж үзээгүй, цөөхөн л гээд байсан. Одноос ч олон дуутай л юм байна ш дээ?

-Дууны түүврээ гаргах гэж л багцаалдаж үзсэн юм.

Н.Лутбаяр-Таны төрсөн нутаг чинь наран мандах зүгийн Сүхбаатар аймаг биз дээ?

-Би чинь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Хатагин овгийн хүн шүү дээ. 1983 онд Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэлээ. Хүүхэд байхдаа адуучин болно гэж боддог, дараа нь тагнуулч болно гэж мөрөөддөг байлаа.

Самбо, жүдогоор барилддаг, хөнгөн атлетик, гимнастикаар хичээллэдэг, хөлбөмбөг ч тоглодог байлаа. Зүүн гурван аймгийн самбо бөхийн тэмцэээнд таван өрсөлдөгчөө гарт өчих мэхээр ялж аваргалахад тэнд явж байсан Нийгмийг аюулаас хамгаалахын төлөөлөгч надтай уулзсан юм. Би ч Нийгмийг аюулаас хамгаалахын сургуульд явъя гэж хоёр хуваарь дээр шалгалт өглөө. Хорин таван хүүхдээс би нэгээр гарч, манай багшийн хүүхэд хоёроор гарсан.

Тэгтэл манай багш хувийн хэрэг авч “Арван төгрөг дээрэмдсэн” гэж хилс тодорхойлолт бичиж бараг сургуулиас хөөх шахуу юм боллоо. Багшийн хүү хойшоо сургуульд явж хурандаа болтлоо явсан. Би тэр сургуульд явсан бол архи дарсанд дуртай, амьдралгүй нэгэн болчих ч байсан юм бил үү гэж одоо хувь заяандаа залбирдаг юм. Гэр зуур гэрэл зураг угааж, охидыг зодоо хийлгэдэг ажилтай сууж байтал “Сүхбаатарын зам” сонинд сэтгүүлчийн ангийн хуваарь ирээд намайг явуулсан. Зохиолч Мөнгөний Чимэд гуай миний шүлгийг Монголын радиогоор уншуулсан байсан.

-За тэгээд, МУИС-ийн сэтгүүлчийн ангид элсээд ирлээ?

-Хүний хувь заяа, зураг төөрөг гэж байдаг. МУИС-ийн утга зохиолын бүлгэмийг зохиолч Далхаагийн Норов багш ажиллуулж байлаа.

Б.Цэнддоо, Бороохойн Батхүү, Д.Сумьяа, Бямбажавын Энхтуяа, Доржзовдын Энхболд нарын наяад оны төлөөллүүд тэр дугуйланд явна. Тэр үед би Б.Цэнддоод хадаг барьж шавь орсон. Миний хадаг барьж шавь орсон хүн бол Цэнддоо багш байгаа юм. Ээж минь гараараа хуулан бичиж өгсөн тавын дэвтэр дүүрэн шүлэг байсан л даа.

Аав маань монгол хэл, уран зохиолын багш ч гэлээ намайг тэгтлээ их дэмжээд сүйд болохгүй. Тэр дэвтрийн шүлгүүдийн ихэнхийг “Энэ яруу найраг биш” гээд зурчихсан. Би тэрнээсээ ичээд дугуйланд очихоо байлаа. Тэгэхэд багш намайг дуудаж явуулдаг болсон. Д.Пүрэвдорж гуайн удирддаг МЗЭ-ийн яруу найргийн дугуйланд бас явна аа. Тэр их найрагч надад “Чи эсвэл их том яруу найрагч болно, нэг бол огт байхгүй болно” гэж нэг үг хэлсэн.

-Их найрагчийн хэлснээр та одоо олны танил том яруу найрагч болчихсон юм биш үү?

-Тэр үг одоо ч надад бодогддог. “Болор цом”-д нэг удаа шүлэг уншиж үзсэн. Босго нь өндөр юм билээ. “Морин хуур”-т нэг удаа орж үзсэн. Бас л босго нь өндөр наадам. “Болор цом”-д “Босоо бичиг” шүлгээр нэг удаа оролцсон.

Тэр шүлэг Зохиолчдын хорооны аль нэг төмөр сейфэнд цоожлогдож, харин хэн нэгний “Хүмүүн бичиг” гэсэн шүлэг уншигдсан. Хүнийхээ хувьд би их гутарсан. Тэгээд цомд уралдахаа больсон доо. Ер нь энд тэнд ч шүлгээ унших дургүй болсон.

-Шүлгийн санаа хулгайлчихна гэж айгаад байдаг болчихсон юм уу?

-Миний шүлэг унших талбар биш юм аа гэж бодох болсон. Ер нь ч хүний сэтгэлийн утга, уянгыг унага даага шиг уралдуулж болохгүй гэж боддог. Яруу найргийн ай савд уянгын, дуудаж унших, бясалгаж сонсох гээд янз янзын шүлэг байна шүү дээ. Тэр бүхнийг нэг зиндаанд шүүнэ гэдэг аюултай.

“Болор цом” уг нь сайхан наадам мөн ч шүүлтүүр нь одоо ч эргэлзээтэй. Олон сайхан үзэгчид сэтгэлийн таашаал эдлүүлж, оюуны цангаа тайлдаг ч шүүлт нь нэг л сонин санагдаад байдаг.

-Завханд байхдаа олон дуу хийв үү?

-“Бүүвэй ээж”-ээс хойш “Дуут нуур”, “Аав уул”, “Бадархундага”, “Тэр минь хөөрхий” гээд арваад дуу төрсөн. Тэр бүхнийг олонд хүргэсэн хүн бол яах аргагүй ардын жүжигчин С.Батсүх. Миний уран бүтээлийн анхны хамтрагч бол урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан. Тэгээд урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Жамьян багш байна. Би нэг л аянд дууны шүлэг хийсэн. Тэр нь “Завхан гол”. Бусдад нь миний шүлгэнд ая зохиосон.

-Та сэтгүүлзүйн бүтээлүүдээ ном болгож боож байгаа гэв үү?

-“Сонинтой хуучраагүй сонирхолтой баримтууд” гэсэн сэтгүүлзүйн гурван зуугаад хуудас номоо хэвлүүлж байна. Сэтгүүлч Ш.Даваадоржтой хамтарч хийсэн хоёр ч ярилцлага энэ номонд маань орсон.

Сонины цаас шарладаг ч сонинтой хуучирдаггүй шинэ зүйл их байдаг юм байна. Би сонины хайчилбар ч хадгалж мэдэхгүй их сонин хүн байгаа юм. Муу ээж минь л аваад хадгалчихсан байсан зүйлсээ эмхэтгэсэн.

-Ээж тань таны шүлгүүдийг дэвтэрт хуулж, бас сонины хайчилбаруудыг чинь хадгалсан гэхээр хүүдээ үнэн хайртай, бас их нямбай хүн юм. Ямар мэргэжлийн хүн билээ?

-Миний ээж хими, биологийн багш мэргэжилтэй. Ээж минь хүүднн зориулж шүлэг бичснээ утсаар уншиж өгч байлаа.

-Аав тань ямар удам судартай хүн байна?

-Манай аавын талынхан Хатагины хар сүлдийг хоёр зуугаад жил хадгалж ирсэн удам судартай улс. Аавын өвөө залан Загд хэмээх 75 ардын заргыг зохиосон гэж хэл шинжлэлийн эрдэмтэд тогтоосон тэр хүн. Хошуу ноён Хурц ван Түдэнтэйгээ заргалдаж заргын бичгийг Богдод илгээж байсан түүхтэй.

Дунд сургуулийн сурах бичигт нар шиг тойруулж бичсэн тухай байдаг даа. Тэрийг өвөө минь зохиож бичсэн байдаг. Бяруутын бага сургуульд багшилж байгаад баригдаж хэлмэгдэж буудуулсан. Манай ээжийн тал болохоор Халзангийнхан гээд бас л сэхээтэн улс байсан юм билээ. Адуунд угшил ярьдаг, хүнд удам ярьдаг болохоор өвөг дээдсийн минь оюуны гэгээ надад туссан л байж таараа.

-Адуунд угшил гэснээс улсын их баяр наадамд хурдан буянаа давхиулж байсан түүхээсээ хуваалцаач!

-Би багаасаа морины хорхойтой хүүхэд байлаа. Нэгдүгээр ангид байхын сургуульдаа тогтолгүй, морь унаад хөдөө зугтчихна. Аав хичээлийн эрхлэгч, ээж багш болохоор тэдэнд хэцүү байсан нь мэдээж. Ямар сайндаа л ангийн багшийг маань сольж байх вэ дээ. Манай өвөө морь сайхан унадаг. Намар морио зарчихдаг. Би морио зарах гэхээр зүүгдээд уйлдаг. Эмээ болохоор таргийн, цайны сүүний хэдэн үнээгээ зарахгүй шүү гэдэг. Өрхийн бодын тоо толгой хэтэрчих гээд зардаг байсан юм билээ л дээ.

Өвөө минь морийг ижлээр нь унадаг, уядаг. Хөхөл мундаатай хоёр шар хээр морь ч юм уу, хур дэлийг нь ижилсүүлж зассан морьд унадаг, одооныхоор бол машинаар гоёдог шиг л тийм зантай хүн байж. Манай адуунд сэтэртэй хүрэн морь, алаг, шарга адуунууд байсан. Тэгээд сургууль соёлын мөр хөөснөөс хойш шинэ мянган гартал адуунаас жаахан хөндий явсан. Хоёр мянган онд арван гурван жилийн дараа хүүтэй болоод нэг үрээ худалдаж авч, азарга тавин адуу бүрдүүлсэн.

2005 онд авга ах Намрал маань нас барж, хөдөөлүүлэх гээд нутгийн настнуудтай хуучилж суулаа. Эрдэнэцагааны Орлой хонгор улсад айрагдсан манай нутгийн анхны адуу. Тэр адууг эх талаасаа Халзангийн гэж Хурц гуай ярьж байна. Дөчөөд жилийн өмнөх юм ярьж байна шүү дээ. Тэгээд ямар адууг унаган адуу гэх вэ гэж удтал ярилцаад “Нутгийн адуу гаргая. Чи хариуц. Егүзэр адуу гэж нэрлэе” гэж тогтоцгоолоо.

-Егүзэр хутагтынхаа алдраар нутгийнхаа адууг нэрлэсэн юм байна шүү дээ?

-Тэрний хойтон жил нь манай сумын ой боллоо. Уран бүтээлийн анхны цэнгүүнийг минь мялааж миний найз, яруу найрагч Сумьяагийн Амартайван надад нэг даага бэлэглэсэн юм. Тэр шүдлэн үрээндээ Алтан-Овооны наадамд хорин долоод давхилаа. Долоон насандаа сумандаа түрүүллээ.

Би унаа аваад очиж байхад их насанд Дүүгүүр саарал минь түрүүллээ. Энд авчирч Завханы Эрдэнэхайрханы Энхболд гэдэг найздаа өгч, улсад уралдан арван тавд орсон. Дүүгүүр сааралдаа хадаг зүүтэл “Арван тавд давхисан моринд хэзээ хадаг зүүж байсан юм” гэж улсууд шоолж л байсан. Дараа жил нь Дүүгүүр саарал улсад түрүүлж төрийн түмэн эх боллоо.

-Нутгийн өвгөчүүлийн захиасыг ямар ч байсан биелүүлж дээ?

-Улсад хоёр жил уралдаад түрүүлнэ гэдэг агуу амжилт л даа. Ингээд “Талын хүлэгч” галынхнаа Эрдэнэцагаан сумынхаа уяачидтай холбож Егүзэр адууг бий болгосноор улс, бүсийн наадмуудаас арван хоёр, арван гурван ч айраг, түрүү аваад байна. Тэрэн дотор Эрдэнэцагааны унага, миний соёолон 2009 оны улсын наадамд айргийн гуравт хурдалсан.

Долоон сарын 12-ны өдөр бол манай гэр бүлийн хувьд дэндүү гунигтай өдөр байдаг. Аав минь наадмын хоёр дахь өдөр бурхан болсон юм. Жил жилийн энэ өдөр гунигтай байдаг байсан. Харин морь минь гуравт давхихад ээж минь Дуламсүрэн манлайд “Хүүдээ их баярлалаа. Манайхны гунигийн өдрийг үргээж баярын өдөр болгож өглөө” гэж хэлж байсан даа. “Морь уях бол төрийн хэрэг шүү” гэж манай тод манлай уяач Дуламсүрэнгийн аав Цэвээнжав гуай хэлсэн байдаг. Энэ бол ёстой үнэн үг.

-Та “Хийморийн Шилийн Богдыг Хойморын Отгонтэнгэртэй золгуулсан” уран бүтээлийн цэнгүүн зохион байгуулж байсан даа?

-Би тоглолтынхоо нэрэнд их ач холбогдол өгсөн шүү. Миний
“Сунаж байгаа адуу шиг
Аргамаг уул Шилийн богд
Сунаж яваа чоно шиг
Эрэмгий уул Шилийн богд” гэсэн шүлэг байдаг.

Унасан унаган нутаг минь наран мандах зүгийнх ч Завхан нутаг, Отгонтэнгэр хайрхан миний сэтгэлийн шүтээн болж.

Тиймээс ч би
“Уулс хэвлийд нь үндэс мэт яргасан
Үүлс зулайд нь цэцэгс мэт дэлбээлсэн
Газар тэнгэрийн алтан заадас
Гарьд цагаан уул Очирваань хайрхан” гэж бичсэн удаатай. Энэ л хоёр сайхан нутгаа уран бүтээлээрээ холбож явна. Тоглолтод маань ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Ганга нуур”, Г.Баярмагнай “Мэлмийтэй Монгол”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Шилийн богд” дуугаа дуулцгаасан.

Завхан гол

Хөгжмийг Г.Жамъян (МУУГЗ)

Дуучин С.Батсүх (МУАЖ)

Дэн шаргалыг хоргойлсон
Дэлхийн нарыг хүлхсэн
Хадаг яндар Завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ
Ээ, Завхан гол
Элсний нүүдэл шиг чимээгүй
Ай, Завхан голын
Анир үргээж адуу тургилна аа
Хөлчүү зэрэглээ сандаасан
Хөлөрсөн манхныг сэрүүцүүлсэн
Хатан тунгалаг Завхан гол
Халхын нутгаар ороолно оо
Зовлон жаргалаар мэлмэрсэн
Зорголын нүд шиг ус гүйсэн
Мөрөнгийн энтэй Завхан гол
Мөнхийн усыг орлоно оо
Зүлэгт талыг хажсан
Зүсэр уулсыг хэжсэн
Ороо тэлмэн Завхан гол
Одоо юундаа тэлгүүлнэ вэ
Элсний өвсийг ундаалсан
Өвсний сүвийг угаасан
Эргээ хальдаг Завхан гол
Эзэн лусдаа эрхэлнэ ээ
Гуниг баяраар мэлмэрсэн
Гурын нүд шиг талимаарсан
Дайдад одох Завхан гол
Далай сэтгэлийг минь тээнэ ээ

Бадар хундага

Хөгжмийг Д.Цэвээнравдан (МУУГЗ)

Дуучин О.Ичинхорлоо (МУГЖ)

Нар сарны ивэлсэн сүү
Бялхаж мэлтэрсэн агар завьяа
Намиа салхины мөнгөн уул
Хүртээд номхорсон булаг рашаан
Энгэр түлхүү Бадархундага
Эр уулын бүсгүй хүйс ээ
Барсын хэвтэй суварга хайрхны
Ханийн тэнгэртэй тунгалаг болор
Магнай дундаа одон титэмтэй
Манхагтай уулын цагаан Дара эх
Энгэр түлхүү Бадархундага
Эр уулын бүсгүй хүйс ээ
Хүмүүн цэцгийн ихэр тэргүүн
Ханьсаж дуулсан омог домог
Хүжсийн үнэр салхиар өртөөлөөд
Ариун лавиран цогцолсон газар
Энгэр түлхүү Бадархундага
Эр уулын бүсгүй хүйс ээ

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img