2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Яруу найрагч З.Ядмаа: Б.Ринчен, С.Удвал гэж мэргэдийн зүтгэлээр зохиолчид ордонтой болж байлаа

Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд”-ийн шагналт зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай уулзаж хөөрөлдлөө. “Янгирын цэнхэр уулс”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй”, “Замын тэнгэр”, “Төрөлх араншин”, “Их бага хоёр”, “Зохиолчдын гэгээн шог”, “Зохиолчид инээлдсэн он жилүүд”, “Наймдугаар дэвтрийн нууц”, “Гэгээн цагаан наргиа” хэмээх олон арван ном бүтээлээ уншигч олноо өргөн барьжээ. Ядмаа зохиолч “Цаг цагийн цагаан дурсамж” номоороо шог хошин болон баримтат уран зохиолын төрлийн оны тэргүүн шагналын эзэн болохдоо “Ах нь алтан өд гардаж алтан од болохоо шахсан” гэж хошигнож байлаа.

– Зохиолчдын маань инээд наргиан бичигдэж үлддэг байсан бол мөн ч сайхан архив байх сан –

-Та сайхан өвөлжөөд байна уу?

-Сайхан л өвөлжиж байна гэх үү дээ. Ах нь зүрхээр хатгуулж өвдөөд эмнэлэгт хэвтээд гарлаа. Одоо гэрээрээ л эмчилгээ хийлгэж байна даа. Баахан шинжилгээ хийлгэлээ. Зүрхээ хайрлаж байхгүй бол гэнэт л хаагдаж мэдэх байна шүү, дүү минь.

Зүрх чинь хамгийн амин ганц эрхтэн юм байна шүү дээ. Бөөр бол хосоороо бөндийж байдаг, нүд, чих, гар, хөл гээд бүгд хос. Хөөрхий муу зүрх л ганц юм гээч. Ганц гэлгүй л өдий ная хүртэл минь намайгаа чирлээ дээ.

-Ная хүрчихлээ гэж үү?

-Арваадхан хоноод наяын босго алхах нь дээ.1944 оны хүн чинь тэгнэ биз дээ.

-Өө, та чинь Бавуугийн Лхагвасүрэн ахтай чацуу хүн байна шүү дээ?

-Манай Лхагвасүрэн, Э.Хархүү, бид чинь дөчин дөрвөн оныхон байхгүй юу.

-Зохиолч нөхөдтэйгөө уулзаж учирч байна уу?

-Уулзаж учрахгүй юм аа. Гадуур ч халтиргаа гулгаа ихтэй болохоор гарч орж ч чадахгүй юм даа. Утсаар ярих юм. Дөнгөтийн Цоодолтойгоо, Эрэнжидийн Хархүүтэйгээ, Бямбажавын Хүрэлбаатартайгаа л холбогдох юм. Тангадын Галсан гуай сайн уу, хөөе?

-Багш сайн байгаа. П.Лувсанцэрэн гуайн 90 насны ойн хурал дээр таарсан…

-Ерэн нас гарчихсан гэхэд сайхан бие лагшинтай хөгшин юм аа. Мөн ч сайхан буян шүү. Би зохиолч Лувсанцэрэн гуайг Санхүүгийн техникумын оюутан байхдаа л нэг харсан хүн. Мөн сайхан залуу байж билээ. Хөөрхий, хойно Орост явж байгаад осолд ороод бурхан болсон байдаг. Уг нь одоо байж байвал байхаар нас шүү дээ. Ай, хөөрхий гэж.

-Уран бүтээлийн ургац арвин байна уу?

-Миний уран бүтээл ч гэж юу байх вэ. Хошин шог шүлгийн хэдэн ном гаргасан. Гэхдээ он гаргаад “Эжий ханийн инээмсэглэл” гэсэн нэртэй найргийн номоо гаргах санаатай байна даа.

-Ядмаа ах та “Дэлхий бүтэн харагддаг Дэлгэрхангай”-д төрсөн говийн хүү байх аа?

-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Хул хайрханы энгэр Баруун долооны хойт зоон дээр дөчин дөрвөн оны намрын эхэн сарын аравдаар төрсөн гэж миний ээж өгүүлэх юм билээ.

Намайг чинь одоо наян нас хүрлээ гэж зурхайч Тэрбишийн календарьт биччихсэн байх юм байна ш дээ. Худлаа гэж заргалдаж залуурхах аргагүй юм билээ. (инээв. Л.Б) Би тогоотой сүүний өрөм, толгой махны хэлийг нь тамшаалж өссөн айлын танхил тэжээвэр хүү л дээ.

-Тэжээвэр гэхээр айлын өргөмөл гэсэн үг ээ дээ?

-Намайг төрсний дараа ээжийн маань нагац эгч болох Заяатад үрчлүүлсэн гэдэг. Би өргөмөл ээжийгээ Ижгээ гэдэг сэн. Ингээд миний бие Сэдийн хар гэх ингэний цагаан сүүгээр угжуулж базны хүүхэд болсон түүхтэй.

Надад таван сайхан ээжийн нүүр үзэх хайр шингэсэн сонин сайхан учрал тохиосон доо. Хуланц эх Тогооч, эмэг эх Даваа, төрсөн эх Өжүүмаа буюу Руламсүрэн, үрчилж авсан эх Заяат, хадам эх Долгор гээд олон ээжийн хайр энхрийллийн алган дээр хөлбөрсөн би азтай хүн.

-Дундговийн уугуул Өмнөговийн хүргэн болж аж төрсөн гэл үү?

-Жаран дөрвөн онд Санхүүгийн сургууль төгсөөд Сангийн яамны улсын даатгалын газрын даргын тушаалаар Өмнөговь аймгийн АДХГ-ын захиргааны санхүүгийн хэлтэст даатгалын байцаагчаар томилогдлоо. Нэг том шар чемодантай л гараад өгсөн. Таних хүн байхгүй ээ. Өмнөговийн ард түмэн гэж гайхалтай сайхан ард түмэн. Тэнд очоод ажил төрөлдөө ч орлоо.

Хорин насныхаа төрсөн өдрөөр захиргааны албан хаагч болсон би дөрвөн айлын галладаг жижиг шавар байшингийн нэг өрөөнд төвхнөлөө. Хуучин цагийн янхир төмөр ор, нэг модон ширээ, сандалтай. Шугамын радиотой. Аа бас нэг халуун савтай. Ингэсхийгээ л миний буй хөрөнгө бол оо. Өмнөговьд алба хаасан тэр жилдээ насны хань Жигмэдийн Энэбиш гэж өндөр цагаан охинтой танилцаж байлаа. Тэр үед Энэбиш маань “Говийн мэдээ” сонинд үсэг өрөгчөөр ажиллаж байсан даа.

-Хорьж боломгүй хорьхон настай залуу хайрын галд шатаад л шүлгийг ч ёстой бичиж өгөө биз?

-“Дахиад би хорьхон настай залуу
Даланзадгадын гудамжинд ганцаар алхаж зүүдлэв ээ
Жигтэй халуун дурлалын жижигхэн улаан түймэр
Жигмэд гуайн танхил охинд дурлаж байна гэж зүүдлэв ээ” гэж ирээд л шүлэг бичиж байв даа. Шүлэг, Энэбиш хоёр миний шүтээн болсон үе байж уу дээ. Жаран зургаан оны хавар хүүтэй болж мөн их баярлаж билээ.

Хадам аав хүүд маань Өнөрсайхан нэр хайрлалаа. Миний хүү чинь Өнөржаргал, Өнөртуул, Өнөрхулан, Өнөрбаяр, Билэгт гээд олон сайхан дүү дагуулсан даа. Энэбиш маань хотод Холбооны сургуульд сурч байх далан хоёр онд манайх хотод шилжиж ирж байлаа.

Өмнөговьд ганц шар чемодантай очсон би гээч хүн ханьтай ижилтэй, гэртэй оронтой, үртэй хүүхэдтэй болоод найман жилийн дараа нийслэлээ бараадаж билээ. Миний хань ёстой ээжийн халуун хайраар намайгаа халамжлан хайрласан, энэ насанд байтугай хойт насанд ч ахин олдохгүй ханийн дээд байв даа.

-Өмнөговийн зохиолч, яруу найрагчидтай очуутаа л дотносов уу?

-“Эдлэх ёсгүй эрх” жүжгийн зохиолч Ш.Ёнхор аймгийн намын хорооны тасгийн эрхлэгч байсан. Утга зохиолын дугуйлангийн эрхлэгч. Тухайн үед Өмнөговьдоо л Нацагдорж нь Ёнхор маань байлаа шүү дээ. “Ёлын домог”, “Зуун тулааны нэг”, “Бэргүй хурим” нэлээд олон жүжиг бичиж аймгийн Соёлын ордонд тоглуулсан мундаг зохиолч байлаа. Жаран найман онд наашаа шилжихдээ дугуйлангийн ажлаа надад хүлээлгэн өглөө.

Дугуйлангийн эрхлэгчээр ажиллахдаа “Говь гурван сайхан” гэж ном гаргалаа. Яруу найрагчдынхаа шүлгээр “Яруу найргийн алтан говь” эмхэтгэл хэвлүүлсэн. Би тэр үед “Өмнөговь сайхан нутаг-манай говиор зочлоорой” гэсэн шүлэг бичиж байлаа. “Манай говиор зочлоорой” шүлэгт маань хөгжмийн зохиолч С.Чулуундорж ая дан хийснээр Ц.Цэрэндорж хуурдан уншиж радиогийн алтан санд орсон.

Хожим Чулуундоржийн маань үр хүүхдүүд Даланзадгад хотод дуун хөшөө болгосон доо. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Эрэнжидийн Хархүү, зохиолч М.Жавган, утга зохиол судлаач, доктор Данзанноровын Хүү, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж, роман бичсэн шүүхийн Дэмбэрэл нар манай дугуйлангийнх.

-Танай дугуйлан төвийн зохиолчидтойгоо аль хэр холбоотой байв?

-Жаран найман оны хавар хотоос зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст, А.Самбалхүндэв, Д.Пүрэвдорж, Д.Гармаа нарын зохиол бүтээлээр нь эчнээ танил болсон зохиолчид ирлээ.

Тэд уулзалт зохиохын зэрэгцээ намар Өмнөговь аймагт зохиогдох анхны утга зохиолын өдрүүдийн талаар аймгийн Намын хорооны нөхөдтэй ярьж тохирсон хэрэг. Зохиолчид тэнд хэд хонохдоо хөөрхөн элэглэл наргиа гаргаад амжлаа.
“Хэвтэж буудахдаа Дашдэндэв сайн
Хэтрүүлж буудахдаа Пүрэвдорж сайн
Хэсэж буудахдаа Гармаа сайн
Хэнэггүй буудахдаа Бааст сайн
Хэрэггүй буудахдаа Самбаа сайн” гээд инээлдэж байх. Тэгснээ Пүрэвдорж багштанд зориулж
“Гахайн маханд Тарвааг дагуулна
Галуун хүзүүтэд Гайтавыг дагуулна
Гадаадад явахдаа Шагдарыг дагуулна
Гарч шээхдээ Гармааг дагуулна
Ганцаардахад хүрвэл Янжинг дагуулна” гээд л инээлдэцгээнэ. Зохиолчид гэж мөн ч золигийн улс шүү.

-Намар нь хэн хэн очицгоов?

-Анхны Утга зохиолын өдрүүдийг Өмнөговьд зохион явуулахаар МЗЭ-ийн хорооны дарга С.Удвал ахайтан тэргүүтэй зохиолч С.Дашдэндэв, С.Эрдэнэ, Б.Бааст, яруу найрагч Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ш.Дулмаа, дуучин Жаргалсайхан, Пүрэвсүрэн нарын аваргуудын десант буусан. Удвал гуай бага насныхаа дурсамжаас ярьж байсан.

Их утга зохиолын хатан хаан Удвал гуайг анх харахад ихэмсэг гэхээсээ эрхэмсэг сүрдмээр ч юм шиг, тэгсэн атлаа ижий зөөлөн инээмсэглэлтэй их амгалан намбалаг төрхтэй, дарга гэхээсээ дара эх гэмээр санагдаж байж билээ. Үгээ зөөлхөн зөөлхөн зөөж ярих авч хэлсэн үг нь хэдэн зохиолчдодоо хууль мэт сонсогддог бололтой.

Зохиолчид бүгд “Ахайтан” гэцгээнэ. Уран үгсийн чуулганы дараа аймгийн даргын хүлээн авалт боллоо. Нөгөө зохиолчид намайг “Дээшээ дээшээ” гэсээр зассан урт ширээний эхэнд шахуу суулгачихлаа. Тэгэхнээ надаар халхавч хийж Удвал даргадаа харагдахгүйгээр хэдэн хундага юм татах л гэж намайг дээш нь залсны учрыг мэдлээ.

-Удвал гуайгаас зохиолчид их эмээнэ биз?

-Зохиолчид Ноён, Сэврэй, Баяндалай сумдын зүг жолоо залж, би нөгөө мундаг Явуу, Пүрэвдорж, Эрдэнээ нартай суудал зэрэгцэж, Удвал даргын тэргэнд суудаг байгаа. Би тэднийг Баяндалай хүртэл гаргаж өгөх гэж байгаа ухаантай. Гаргаж өгөх хүн яаж хоосон байхав. Гурван кило алим, гурван лонх гоёоны архи ганзагалсан байлаа. Замдаа Гурвансайхан уулын Ёлын ам руу дөхөж явтал тэргэнд саатал гарч жолооч Чүлтэмсүрэн машинаа шалгах юм боллоо.

Ууланд цас орчихсон хүйтэн байсан учир бид буусангүй. Нөгөөдүүл чинь намайг нудраад л байна шүү. Харсан чинь ам руугаа зааж байна. Бодвол үнэр авсан биз. Лав л алим идэх гээгүй гэж бодоод лацтай архийг яаж ч задалснаа мэдэхгүй нөгөө хэддээ хундагалж өглөө. Удвал гуай яг урд талд сууж байгаа. Духны хөлс чийхраа л. Аз болж Удвал гуай эргэж ч хараагүй юм. Тэгэхнээ “Та нар минь, наадахаасаа муу Чүлтэмсүрэнд жаахан амсуулаарай” гэдэг байгаа.

Нөгөө хэд таг дуугүй байсан. Зохиолчид тэр намар говиор аялаад буцах замд Ханхонгор сумын дарга нар Удвал гуайг контортоо урьж цай уулгаж. “Морь сарлаг” ч задлах шинжтэй гэнэ. “Та нар наадахаа надад өгөх гэж байгаа юм уу” гэтэл цаадуул нь “Тийм тийм” л гэцгээж. “Үнэн үү” гэхэд нь “Үнэн” л гэж. “Тэгвэл наадахаа бөглөөд нааш нь өгчих дөө. Манайханд наадахыг чинь “чаддаг” улс яваа шүү” гээд авч нөгөө хэдийгээ аян замд дайлсан гэдэг сэн.

-Айлгадаг ч гэсэн бас л хүн чанартай дарга байж дээ?

-Удвал гуай зохиолчдоо харцаараа зэмлэж, үгээрээ чимхэн зөвлөдөг, зөөлхөн энэрэнгүй эрхэм байсныг олон зохиолчоос сонсож байсан даа.

Даргын нарийн бичгийн дарга байсан Д.Найманжин зохиолч хорооны бие засах газар хавьцаа архи илгээж зогстол Удвал гуай харчихаад “Найманжин минь дээ, яасан тохьгүй газар ууж байх юм бэ. Миний өрөөнд ороод уухгүй дээ” гэсэн гэдэг.

Хэрэвзээ өөр дарга байсан бол нарийн бичгийн дарга ажилгүй болно биз. Би далан дөрвөн онд Удвал даргын тушаалаар Монголын зохиолчдын хороо хэмээх их айлын ам бүлд багтаж алба хаших болсон минь дурсамжтай сайхан санагддаг юм.

З.Ядмаа-Хороогоор орохоор Дэндэвийн Пүрэвдорж найрагч та хоёр шатар нүүгээ л мар мархийтэл инээлдэж суудаг сан. Та бодвол шавь нь байх аа?

-Салхин дээгүүр нь олон гараад баймааргүй сайхан яруу найрагч шүү. Жаран найман оны хавар Говь Гурвансайхан уулын бэл Даланзадгад хотод багштантай танилцахад ёстой л ирлэсэн тонгорог шиг гялалзаж инээд, шүлэг хоёроор цацарч явсан үе байлаа.

Би хотод шилжиж ирээд авто тээврийн 22-дугаар баазад ажиллаж байлаа. Хаа байсан нэг баазын нягтлан бодогчийг Удвал ахайтны гарын үсэг бүхий албан тоотоор удаа дараа урин дуудаж, Монголын зохиолчдын их өргөөнөө Утга зохиолын фондын хороонд өөрийнхөө дэргэд хоёрдугаар гарын үсэг зуруулах эрх олгосон хүн нь багштан маань юм. Тэр цагаас миний албан ажлын даргаар олон жил ажиллаж, анхны “Янгирын цэнхэр уулс” номыг минь ариутган шүүсэн.

Зохиолчдын эвлэлд элсэхэд минь өөрийн гараар хөтлөн орсон. Өчнөөн жил хамт ажиллахдаа өдөр өнжилгүй шатар тоглож байсан гэвээс найз нөхөд ч гэмээр, заримдаа хуурай ах дүүс шиг байсныг хэлээд яахав. Миний дарга, багш, анд нөхөр, хуурай ах гэсэн дөрвөн учралаар бид холбоотой юм даа.

-Пүрэвдорж багшийгаа ч гарын арван хуруу шигээ л мэдэх хүн байна даа?

-Багштаны ээж Довдмаа гуай гэж буянтай сайхан буурал байлаа. Зусланд манайхаар орж гарна. Гэргий маань нэг зун дан тэрлэг хийж өгөхөд их баярласан сан. Багшийн дүү олон арван шавьтай одон бөмбөгийн спортын мастер Санжмятав гэж хэлэмгий доломгой, сийрэгхэн сэтгэдэг сэргэлэн эр байлаа. Санжмятав “Би залуудаа шүлэг бичдэг байлаа. Ах хүүг мундаг найрагч болохоор ичээд бичихээ больчихсон юм” гэж байсан. Бичвэл ч сүрхий найрагч болох л байсан байх.

Наян гурван онд “Болор цом” яруу найргийн наадмыг багштан санаачлахад янз бүрийн л яриа хөөрөө гарлаа. Тэр үед багш “Шүлс хаяж уралддаг тэмцээн байхад шүлэг уншиж уралддаг наадам байж яагаад болдоггүй юм” гэж зад хамгаалсан ярилцлага өгч байлаа. Багштан олон жил хамт ажиллахдаа намайг загнаж зэмлэх бүү хэл муухай ч харж байгаагүйг бодохоор итгэлийг нь эвдэж, сэтгэлийг нь сэвтээгээгүй шүү юм бол уу даа.

-Шатраар та хоёрын хэн нь илүү наадахав?

-Би багшаас арай илүү тоглодог байснаа нуугаад яахав. Эхний өрөгт би хожно. Дараагийнхад хожигдоно. Гуравдахь өрөгт би хожно. Тэгэхээр багштан “Чи битгий “салаавч” хийж нохойтоод байгаач” гэж дамшигладаг сан. (инээв) Багштан ер нь тоглоомонд их хорхойтой.

Ёворцог ёворно, даалуу, шатар их тоглоно. Хүнийг явуулах, дамшиглах гэж ярих юм байхгүй. “Танай Дундговийнхонтой би ойрхон байдаг шүү” гэснээ “Танай Дундговийнхон чинь одондож дуусдаггүй олон зохиолчтой, ойчиж дуусдаггүй олон бөхтэй” гээд дамшиглана. Үг нь бэлэн цэцэн. Шатар тоглож суухдаа л “Би холдохгүй ээ, Бин Ладен олдохгүй ээ” ч гэж байх шиг.
“Пүрэвийг битгий “хар” гээ
Норовын заяа гомдоно
Норовыг битгий “хар” гээ
Занын заяа гомдоно” ч гэж байх шиг.

Бид хоёр байсхийгээд номыг нь дэлгүүрт хүргэж өгөн, борлогдсон мөнгийг нь авахад хамт явна. Түүнийгээ “хавх эргэх” гэж ярина. Овоо мөнгө гарсан байвал “Хотил оржээ”, багахан мөнгө гарсан байвал “Мөндөл өеөджээ” гээд номын хишиг гэж хоолонд орно доо. Нэг удаа бид хоёр Шархадны эмнэлгийн дарга, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржхандтай очиж уулзлаа. Роман бичихээр материал цуглуулж байсан үе нь л дээ.

Доржханд дарга бид хоёрт архи задлав аа. Багштан ёсолсон болоод уусан ч үгүй өөрийнхөө хундагатайг надад өгсөн юм. Гарсны дараа “Чи газар мундсан биш очиж очиж Галзуугийн больницид архи уухдаа яадаг байна” гэж даапаалж байж билээ.

-Пүрэвдорж найрагчийн талаар хөөрөх зүйл ихтэй л хүн юм аа, та?

-Би багшийгаа монгол яруу найргийн Их хаадын нэг мөнөөс мөн гэж боддог. 2006 онд байна уу даа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар багштаны байр орчмын гараашуудыг ачихыг нь ачиж, буулгахыг нь буулгаж эхэлж. Багш даргын өрөөнд заларч номоо бэлэглэх завсраа нэгэн зурвас атгуулсан байгаа юм.

Тэр зурваст “Үхсэн хойноо би Алтан-Өлгийгөөс газар гуйхгүй. Амьддаа би алгын чинээ газраа хэнд ч өгөхгүй ээ. Эрлэгийн элч над руу ирж яваа. Эрхэм дарга та хүлцэж хайрла. Зургадугаар хорооны зуурдын иргэн Пүрэвдорж” гэж. Үүнийг уншсан дарга машиных нь гараашийг буулгалгүй үлдээсэн гэдэг сэн. Нэгэнтээ хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын найранд уригдаж номоо хадагтай өргөхдөө

“Халхын хавтгай дээр
Хаа сайгүй бэлчиж яваа
Хариулга байхгүй
Халзан цагаан хоньдоос нэгийг аваарай” гэхэд найрынхан хөхрөлдөж тэндээс нэг нөхөр “Арвайхээрийн хөгшин хулгайч залуу хулгайчдаа юм зааж өгч байхыг нь хараач” гэж улам хөгжилдсөн гэдэг.

Багштаныг мэнд ахуйд “Тэнгэрлиг найрагч” хэмээх томоохон номыг ганцхан сарын дотор бэлдэн хэвлэж Д.Төрбат, Х.Зандраабайдий гурвуул дээжийг нь гэрт нь хүргэж өглөө. Багштан үүнд ёстой нэг гайхах, баярлах хоёр зэрэгцэж билээ.

-Зохиолч С.Дашдооров гуай та хоёр чинь яах аргагүй нэг довны хоёр доо?

-Тэр их аваргын нэрийг сонсох тоолон Дэлгэрхангай хэмээх жижигхэн мөртлөө том хөх хайрхны дүр зураг нүднээ тодорч судаг жалгынх нь цэцэг ногоо үнэртэх мэт болж нутаг минь санагддаг. Дооров Зохиолчдын хороонд ажиллаж байхдаа умгар жижиг өрөөндөө олон зохиолч шавуулчихсан гэргий Итгэлийнхээ Англиас авчирч өгсөн гоёмсог модон гаансанд “Нептун” тамхи нэрсэн шиг инээд наргиа цалгиулж суух нь бас л энгийн бөгөөд их том харагддаг сан. Дооров хүнийг шоолох наргих гэж ёстой нохойтож өгнө.Тэр нь бараг л өөрийнх нь хообий гэхэд хилсдэхгүй.

-За, яаж нохойтохов?

-Өө, тэр чинь хуван шигтгээ гэмээр жижигхэн шар шүд гарган ёжтой нь аргагүй хүд хүд инээн “Инхүүлээд, тэнхүүлээд, юу яагаад” гэсэн сул үгийг бараг үг болгоныхоо завсар чигжээлж ярихдаа их гаажтай. Би түүнтэй нэг нутаг ус гэж бахархахын чацуу зүйдэл таарахгүй ч суудал таарч явсан минь олонтаа.

Яруу найрагч П.Бадарч армийн яруу найргийн тэргүүн шагнал сэлмээр шагнуулаад Дооров, Долгорын Нямаа бид гурвыг гэртээ урилаа. Сэлэмний найр ч оройтож тарлаа. Маргааш нь хар өглөөгүүр Дооров утасдаад “Та хоёрын өчигдрийн явдлын тухай цаагуур чинь нэг иймэрхүү юм гарсан байна” гээд
“Нямаа, Ядмаа хоёр
Айлд уригдахаар болжээ
Айлд уригдаж очоод
Архи уухаар болжээ
Нямбай зантай Нямаа
Яанаа гэж сүрджээ
Ня-Бо албатай Ядмаа
Яадгийм гээд дайрчээ
Уусаар байгаад Нямаа
Суудал дээрээ унтжээ
Туусаар байгаад Ядмаа
Сууц өргөөндөө харьжээ” гэсэн байна гээд хэг хэг инээж байгаа юм. Айлд адилхан ургигдаж архи уучихаад мөн ч амжуулдаг толгой шүү. Бас нэг удаа нэг зохиолчтой утсаар ярьсан байгаа юм.

-Бас л нохойтож уу?

-Баян-Өлгийгөөс ирсэн тэр байна гэж хасаг аялгуугаар ярихдаа “Таны зохиол манайд казах хэлээр гарлаа. Та Зохиолчдын хороон дээр ирж шагналаа аваарай” гэж ярьсан байгаа юм. Нөгөөх нь яарч ирээд хасаг зохиолч хайгаад байдаг. Золигийнх нь хасаг зохиолч байхав дээ. Манай П.Бадарч гэнэндүү зангаасаа болж Дооровтоо хоёр сайн чадуулснаа хуучилдаг сан.

-Хоёр удаа яаж чадуулсан юм бол?

-Бадарч нэг өдөр Зохиолчдын хорооны цайны газар ортол Дооров, Д.Нямаа, Д.Төрбат нар нэг монхойсон нөхөртэй хооллож байх юм гэнэ. Дооров Бадарчид хандан “Чи энэ хүнтэй танилц. Буриадын Зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хянганов гэдэг хүн. Албан тушаалын хувьд ч чиний л зиндааны хүн юм байна” гэж дээ. Нөгөө хүн нь нэг их юм ярихгүй юм гэнэ. Бадарч ч үнэмшиж гайгүй хэдэн төгрөгөөрөө дайлж, маргааш нь Хянгановыг өрөөндөө хүлээж авахаар тохироод л сүйд болж.

Өглөө нь Бадарч жигтэйхэн гоёчихсон хүн “Гадаадын хүн хүлээж авна” гээд лонх юм бэлдээд, чихэр жимс болоод бөөн л хөл болохгүй юу. Тэгтэл Дооров ороод ирж. Нөгөө нөхөр ирдэггүй шүү гэтэл Дооров нэг муу инээмсэглэхчээ аядаад “Юуных нь Буриадын Зохиолчдын орлогч дарга байхав дээ, Бадарч минь. Завханых ч гэл үү, жолооч нөхөр байхгүй юу” гээд “За тэр яахав. Дотор муу байна. Наадахаа задал задал” гэсэн гэж байгаа.

-Санжийн Пүрэв зохиолчтой та аль хэр ойр байв?

-Боодгийн чулуу шиг гялалзсан бор залуутай жараад оны сүүлээр Даланзадгадад танилцсан минь Санжийн Пүрэв байсан. Бичгийн цаасыг дундуур нь хувааж дэвтэрлээд гаргацтай сайхан бичгээр бүтээлээ туурвиж суухыг нь олонтаа харж байлаа. Пүрэв бидний хувьд нөхдөө шоолж наргихдаа үзэл нийлж, үг нийтгэж байсныг алийг хэлж барахав. Залуудаа хөлбөмбөгийн бөөн хорхойтон төдийгүй улсын нэгдүгээр зэргийн тамирчин байсан хүн шүү. Мань эр зохиолчийнхоо зэрэгцээ мундаг гэрэл зурагчин шүү дээ.

Зохиолчдын зургийн бүхэл бүтэн архивтай болсон байсан. Муу нөхөр минь хүнийг шоолж егөөдөхдөө мөн ч уран шооч хүн дээ. Пүрэвийнхээр зохиолч Урианхай, Ч.Нацагдорж хоёр айл саахалт явдаг хоньчин байх юм гэнэ. Нэг өдөр хонио нийлүүлчихэж. Урианхай нь “Найз аа, хонио ялгах гээд төвөг удаад яах вэ хө. Дундуур нь адилхан хуваагаад авчихъя” гэхэд Нацагдорж “Тэгж ярихгүй шүү, нөхөр минь” гэснээ өөрийнхөө хонийг нэг бүрчлэн тэмдэглэсэн өнгөт гэрэл зураг гаргаад ирсэн гэнэ гээд наргиа ярина. Энэ хоёр зохиолчийн араншинг яг л нүдэнд харагдтал шоолсон байдаг юм.

Санжийн Пүрэвийг нэг зохиолчтой хамт Зохиолчдын хороо руу орж иртэл зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн дээд өрөөний нэгэнд “Ээ, новш оо” гэх сонстов гэнэ. Нөгөө зохиолч “Энэ юу болж байна” гэтэл “Пүрэвсүрэн маань шатар тоглоод нэг бод алдах шиг боллоо” гэжээ. Хоёр давхарт гараад иртэл Пүрэвсүрэн дахиад л “Ээ новш оо” гэж гэнэ. “За энэ яаж байгаа юм бол” гэтэл Пүрэв “Яах вэ, цаадах чинь дахиад нэг бод алдлаа” гэж.

Гурван давхарт гараад иртэл Пүрэвсүрэн улам чанга уулга алдаж. “Энэ юу болов” гэтэл Пүрэв “Яах вэ, Пүрэвсүрэн маань хожигдчих шиг боллоо” гээд инээсэн байгаа юм. Найз маань сүүлийн үед цахим хуудсаар утга, уянгын сайхан ухааралтай зүйлсээ тавьсаар, олон ч хүнд баяр жаргалтай гэгээн сайхныг бэлэглэсээр буцсан даа.

-Та Монголын зохиолчдын хороонд олон жил нягтлангаар ажилласан биз?

-Монголын зохиолчдын хороонд гучин таван жил ажилласан, Монгол Улсад дөчин таван жил дөчин таван хоног ажилласан гэж ам цаасанд барлуулж, албан тамгаар баталгаажуулсан байх юм.

Шүлэг голдуу арван ном хэвлүүлж, тоо голдуу зуун мянган баримт шалгуулсан хүн дээ. Яахав, буруу амаар хов зөөсөнгүй, булхайн замаар мөнгө тээсэнгүй. Шударга байлаа гээд хожсонгүй, шуналгүй байлаа гээд хохирсонгүй шив дээ. Олны нүдэнд танигдах гэж түмний урдуур гүйсэнгүй. Оноосон үүргээс бултаж хүний хойгуур суусангүй дээ.

Далаад оны үед Зохиолчдын хороонд хамгийн залуу нь би байсан болохоор баярын үеэр хариуцлагатай жижүүрт Ядам, байшингаа туг лоозонгоор чимэглэхэд Ядам, баярын жагсаалд туг далбаа барихад Ядам, хог цэвэрлэж ачуулахад Ядам байлаа. Хүний бага нь юм чинь гүйх юманд гүйлгүй яахав.

Харин би ам бардам хэлэхэд нэг ч зохиолчийн архинд гүйж байсан удаа ганц ч байдаггүй юм. Наяад онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн Н.Энхбаяр, Х.Мэргэн, Б.Нарантуяа, Л.Нарангэрэл нар хороонд ажиллах болсноор ойр зуурын ажилд дайчлагдах нь гайгүй болж билээ. (инээв. Л.Б)

-Гуч гаруй жилийн хугацаанд олон даргын нүүр үзээ дээ?

-Сономын Удвал, Лодонгийн Түдэв, Дэндэвийн Пүрэвдорж, Д.Наваансүрэн, Дожоогийн Цэдэв, Доржийн Гармаа, Дүгэржавын Маам, Ши.Цэнд-Аюуш, Долгорын Нямаа, Бавуугийн Лхагвасүрэн, Дамбын Төрбат, Цоодолын Хулан нарын олон зохиолч даргатай хамт ажилласан.

Намын хянан шалгах, Ардын хянан шалгах, Сангийн яамны шалгалт, Улсын аудит, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, татвар гээд хэчнээн олон шалгуулсан юм бэ, тоогоо алдаж. Ямар ч байсан энэ олон шалгалтад өртөж шалгуулахдаа өөрөө өеөдөлгүй, өрөөлийг хөөдөлгүй өнгөрч байсан болохоор дүн нуруутай шүү байсан юм бол уу даа. Магтуулж сүлд болсонгүй, матуулж сүйд болсонгүй олон он жилийг үдсэн дээ.

-Таныг анх ажиллахаар ирж байхад Зохиолчдын хороо маань ямаршуухан байдалтай байв?

-Манай зохиолчдын ордон ашиглалтанд ороод нэг хоёр жил л болж байсан. Өрөө бүхэн нь зохиолчдоор дүүрэн, ширээ бүр нь бүтээл номоор дүүрэн, шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй тансаг орчинд л алба хаших хувь заяа намайг тоссон. Зохиолчдын хорооны байшин хэрхэн баригдсан тухай ня-бо Х.Цэвээн гуйагаар хожим яриулахад сонин л түүхтэй юм билээ.

-Ямар сонин түүх байна?

-Удвал дарга Б.Ринчен гуайг дагуулаад Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдарт бараалхаж “Зохиолчдын хороо маань олон жил айлын хаяа бараадлаа. Одоо өөрийн гэсэн байртай болж өрх тусгаарламаар байна” гэж хүсэлт тавьж. Тэгтэл Майдар дарга их янз муутай “Тэр байшинг чинь тэгээд юу гэж нэрлэх болж байна.

Архичдын ордон гэх юм уу” гэжээ. Ринчен гуай хариуд нь “Дарга аа, Их тэнгэрийн аманд байдаг байшинг чинь юу гэдэг билээ” гэж. Майдар “Харш гэдэг юм” гэж. Ри гуай “Тэгвэл тэгж л нэрлэхээс” гэж хэлээд таг болгосон гэдэг. Майдар дарга аргагүйдэж “Танайх Утга зохиолын фондын хөрөнгөөрөө байшин барьж бай, дараа нь хөрөнгө мөнгийг шийдэж өгье” гэсэн хариу өгч л дээ.

Ингээд төрийн шагналт архитекторч Лувсандоржоор зураг төслийг нь хийлгэж, барилгын ажлыг шуурхайлснаар зохиолчид өөрийн гэсэн байртай болсон байдаг. Майдар даргаас барилгын хөрөнгийн талаар эргэж дурсвал “За за, байртай болсонд чинь баяр хүргэе” гэсэн шүү юм хэлээд “луу унжчихсан” гэдэг. Энэ нь ч Монголын зохиолчдод хожоотой юм болсон доо.

-Яагаад зохиолчид хожсон гэж?

-Зах зээл эхэлж улс хөрөнгөө бүртгэж эхлэх үед зохиолчдын уран бүтээлийн шимтгэл, гишүүдийн татвар, Үлгэрийн танхимын ашгаар уг байшин баригдсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон тул хэд хэдэн удаа ирсэн шалгалтынхан дэмий л гайхшраад өнгөрсөн үнэн түүх байдаг.

Удвал, Ринчен нарын ухаант мэргэд маань хэрвээ энэ байшинг босгоогүй айлын хаяанд явсан хэвээр байсан бол Монголын зохиолчид өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо шиг л энд тэнд байр түрээсэлж, хэрдээ зовж явах байсан юм шүү. Тэгэхээр тэр үед төр засаг хөрөнгө гаргаж өгөөгүй нь ч болсон байгаа биз.

МЗЭ-ийн хороо ордонтой болуут ЗХУ-ын Зохиолчдын хорооны утга зохиолын фондноос манай хүсэлтийн дагуу мебель шүүгээ, ширээ, сандал, цайны газрын иж бүрэн төхөөрөмж хүрэлцэх хэмжээгээр бэлэглэсэн нь тухайн үедээ чамин тансаг тавилга байсан. Тэр чамин тавилгыг одоо ч ашигласаар л байгаа нь сайхан шүү. МЗЭ-ийн Утга зохиолын сангийн хөрөнгөөр өөрийн байртай болсноор дансандаа гурван зуун мянган төгрөгтэй үлдсэн байсан.

-Тухайн үедээ овоо л хөрөнгө гэсэн үг биз?

-МЗЭ-ийн Утга зохиолын фонд тэр үед ачааны хоёр, суудлын хоёр машинтай, “ПАЗ” автобустай, Дэнжийн мянгад хашаа агуулахтай, Шадавлинд хорь шахам зуслангийн байшинтай, Шаамарт уран бүтээлийн байртай товхийсэн айл байлаа.

Улсын төсвөөс жилд 600-700 мянган төгрөгийн төсөв олгодог, дал гаруй орон тоотой болтлоо өргөжиж байсан тийм цаг үе. Гадаадад оюутан сургах, зохиолчдыг гадаад томилолтоор явуулах, зочин хүлээн авах, гэр бүлийн хамт амруулах зэргээр гадаад харилцаа ч өргөжин хөгжиж байсан.

-Таны алба хашиж байсан Утга зохиолын фонд ямар бүрэлдэхүүнтэй байв. Бас л нэг түүх юм даа?

-МЗЭ-ийн Утга зохиолын фондын харьяанд Ардын үлгэрийн танхим гэж олон түмэнд урлагаар үйлчилдэг өгөөжтэй газар байлаа. Энэ танхимыг анх Дорноговь аймгийн харьяат “Гар буу” хэмээх Дамдин санаачлан байгуулсан гэдэг. Үлгэрийн танхимд Үржинханд, Цэрэндэмчиг, Жанцанчой, Баттөмөр, Өлзий Цэрэнчимэд, дуучин Цэрэнчимэд, Баярмагнай, Галсантогтох, Оюун, Базарбат, Дончид, Володя, Бямбажав, Одончимэг, Лхагвасүрэн нарын олон авьяастнууд ажилладаг байсан.

Ардын үлгэрийн танхимаас Д.Жанцанчой, Ц.Цэрэндорж, уртын дууч Д.Баттөмөр, Базарбат, үлгэрч Д.Өлзий, лимбэчин Галсантогтох нар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, Ш.Гүрбазар, Д.Гүрсэд, Ө.Нарангэрэл нар соёлын гавьяат зүтгэлтэн, Бавуугийн Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч болсон гэхээр мундаг байгаа биз.

-Зохиолчдынхоо тухай хамгийн гэгээн сайхан номуудыг бичсэн хүн бол та шүү…

-Зохиолчид гэдэг чинь дээд оюун ухаанаас авьяасын хишиг хүртэж, дэлхийн хүмүүн төрөлтөнд уран бүтээлийн бэлэг тарааж өгдөг хэмжээлшгүй их номын буянтнууд даа. Манай зохиолчид чинь зөвхөн уран бүтээлээ туурвиад байхгүй, олон төрлийн давхар авьяас билэгтнүүд шүү.

-Хэн хэн нууц авьяастай байв?

-Далантайн Тарва гуайг төгөлдөр хуур сайхан тоглодог гэдэг. Хүүхдийн зохиолч Д.Содномдорж найраг баян хууртай дуулна. Готовын Нямаа хүчтэй гоцлол дуучин, Д.Даржаа тэшүүрийн спортын мастер, “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Сэтгэл, зүрх хоёртоо шатсан” Ц.Цэдэнжав шатрын спортын анхны мастер, Готовын Аким теннисчин, Санжийн Пүрэв хөлбөмбөгчин, “Ард Аюуш” Л.Чойжилсүрэн, Ч.Мягмарсүрэн нар сумын заан, Л.Түдэв, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Дашзэвэгийн Банзрагч, Цэндийн Доржготов нар зураач, З.Далхжав хүндийг өргөгч, Х.Зандраабайдий, Ч.Нацагдорж, Загдын Түмэнжаргал нар сайхан бичигтэн, Д.Пүрэвдорж багштан, П.Бадарч нар нар яггүй сайн тогооч.

Доржийн Гармаа боодог сайхан хийнэ. С.Дашдэндэв тарвагачин, Х.Мэргэн загасчин гээд явж өгнө шүү. Зохиолчдын хорооны ордны хананд зохиолч нөхдийн маань инээд наргиан соронзон хальс шиг бичигдэж үлддэг байсан бол мөн ч сонин архив байхсан билээ.a

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img