2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

“Хүүхдийн 108”-ын “буруу” шинэ жил

Шинэ он гарах дөхсөн энэ үед нийслэлд хаа сайгүй л гэрлэн чимэглэл нэмэгдэж, шинэ жилийн уур амьсгал оржээ… Гацуур мод зассан өрөөнд гэрэлтэй, дулаан. Гурван хүү ширээ тойрч суугаад үлгэрийн ном үзэж, дэвтэрт ямар нэг зүйлийг бичиж байлаа…

Хүүхэд хамгааллын төвд ирсэн хүүхдүүдийн ихэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг. Тэдний бас ихэнх нь “морины хүүхэд” болсон байдаг…

Баянзүрх дүүрэг анх удаа Хүүхэд хамгааллын байртай болоод үйл ажиллагаа нь эхлээд нэг сар л болж байна. Энэ хугацаанд 20 гаруй хүүхэд тус төвөөр үйлчлүүлжээ. Хүүхэд хамгааллын байрны зохицуулагчаар олон жил хүүхдийн төлөө ажилласан хүн ажилладаг. Тэрээр “Хүүхэд хамгааллын байранд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг.

108Эцэг, эх нь тоодоггүй хүүхдүүдийг уяачид маш ихээр авч явж морь унуулдаг. Ар гэрт жаахан төгрөг, эсвэл архины хамааралтай аав, ээжид нь архи өгөөд л хүүхдийг нь аваад явчихдаг тохиолдол сүүлийн үед маш их ажиглагдаж байна. Морь унаж байгаа хүүхдүүд их зодуур дунд, жин нь нэмэгдэх вий гээд өлөн зэлмүүн амьдарсан байдаг” хэмээн хэлсэн.

Хүүхэд хамгааллын байранд очиход байсан 3 хүүгийн нэг нь толгойдоо том гэмтэл авч байсан бололтой сорвитой аж. Түүнээс асуутал мориноос унаад толгойгоо хагалсан гэсэн юм…

Сүүлийн жилүүдэд 5 сарын 1 хүртэл өвлийн уралдааныг хориглосон ч 5 дугаар сарын 1-нд өвлийн уралдаан хийхийн тулд эртнээс уяа сойлгыг нь тааруулдаг тул хүүхдүүдэд тийм ч ээлтэй бус шийдвэр гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Малгайнаасаа урт эрээн унжлага унжуулсан, алт мөнгөөр баярхсан уяач ах нарын арга нарийсаж зорилтод бүлгийн хүүхдүүдээс унаачаа сонгох “мэргэн” санааг олж хэрэгжүүлж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөгөөс өөрцгүй…

Эндээс намайг авах хүн байхгүй…

Бас нэг хүүгийн ээж нь бурхан болсон, аав нь архичин тул нагац эгчийндээ байдаг ч эгч нь байнга зоддог. Сүүлдээ зодуулсаар байгаад чөлөөтэй хөдөлж ч чадахаа больсон учраас нэг удаа хичээлдээ явлаа гэж хэлж гараад багшдаа ч хэлэхгүй найзындаа очиж хоёр хоносон. Гэтэл намайг алга болсон гээд цагдаа нар олоод энд авч ирсэн. Уг нь намайг найзын маань аав, ээж авна гэж байсан ч больсон байх. Нагац эгчтэйгээ цагдаагийн газарт уулзахад намайг авахгүй гэсэн. Надад одоо очих газар байхгүй… гэв.

Дараагийн хүүгийн ах нь покер тоглоод архи уудаг. Мөнгөө алдаад, согтуу ирэхээрээ эхнэрээ зодоод намайг зоддог. Нэг удаа намайг зодоод байхаар нь би гэрээсээ гараад явсан. Хогийн цэг дээр очоод найзтайгаа тоглоод, найзындаа хоёр хоносон. Дараа нь гудамжаар явж байтал төмөр дээр миний зургийг наасан байсныг хараад айсандаа Улиастайн голын энд ирээд тоглож байсан.

Шинэ жилТэгтэл нэг ах намайг барьж аваад “Би нөгөө хүүхдийг олчихлоо” гээд цагдаад хүлээлгэж өгсөн. Аав намайг 5 настай байхад хаяад явсан юм л даа. Цагдаагийн газарт ээж ирж уулзахдаа “Чамайг аавд чинь өгнө” гэж хэлсэн. Цагдаа ах намайг аавд өгөх гээд аавыг маань эрэн сурвалжилж байгаа гэсэн. Би дахиж гэртээ харимааргүй байна. Ахаасаа маш их айж байна. Намайг гурилын элдүүрээр зоддог хэмээн энд ирснээ товчхон ярьсан юм.

Бас нэг хүүгийн аав нь бурхан болж, ээж нь архины хамааралтайгаас хүүгээ эмээ, өвөө дээр нь үлдээгээд хэд хоногоор явчихдаг. Тиймээс хүү ч тэнэмэл амьдралтай болжээ. Хэд хоногийн өмнө дан цамц, өмдтэй гудамжаар тэнэж явахад нь хүн олоод энд авч ирсэн гэж ярив. Гэсэн ч хүү ээждээ, өвөө, эмээдээ хайртай гэж хэлээд уйлав…

Хүүхэд хамгааллын төвд ирсэн хүүхдүүд эхлээд өлссөн учраас хамаагүй идээд түгжрэл болж байсан тохиолдол байдаг. Тиймээс дасгаж хооллохоос эхлээд хүүхдүүдтэй ажиллахад бэрх аж. Сэтгэлзүйч ажиллаж зөвлөгөө өгдөг, хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд хичээл заадаг, эрүүл мэндийн асуудалтай бол эмнэлэгт хэвтүүлэх, хувцсыг нь угааж өгөхөөс эхлээд аав, ээж хүүхдэдээ хийж өгдөг бүгдийг энэ төвийнхөн хийх шаардлагатайг хэллээ…

Аав, ээж төдийгүй ах, эгч нар хүчирхийлэгч

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд зөвхөн аав, ээжийнхээ хүчирхийлэлд өртдөггүй аж. Аав, ээжийн хараа хяналт сул, архины хамааралтай тул ах, эгч нь зоддог тохиолдол олон байдаг аж.

Мөн хойд аав, ээжтэй хүүхдүүд нэг гэрт амьдрахад асуудал үүсэж даамжирсаар хүүхэд нь тэнэмэл болох, хэрэг төвөгт өртөх магадлал өсдөг байна. Тиймээс зөвхөн эцэг, эхчүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тухай ухуулан сурталчлахаас илүүтэй ах, эгч нарт чиглэсэн энэ чиглэлийн ажил дутмаг байдгийг мэргэжлийнхэн хэллээ.

Хүүхэд хамгааллын байр хуулиараа хүчирхийлэлд өртсөн хүүхдэд 72 цагийн үйлчилгээ үзүүлээд гэр бүлд нь эргэн нэгтгэх, цааш, цаашдын арга хэмжээг авах ёстой. Гэтэл Хүүхэд хамгааллын байранд бүтэн жил амьдарсан тохиолдол ч Нийслэлийн хэмжээнд гарч байсан аж.

Энд ирсэн хүүхэд гэр бүлдээ эргэж очих боломжгүй бол дараагийн шат нь Асрамжийн газар. Гэтэл улсын хэмжээнд байгаа төрийн болон хувийн хэвшлийн асрамжийн газруудын ор дүүрчээ. Тиймээс тэнд очих шаардлагатай хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлээд оочроо хүлээдэг гэв.

Шинэ жилБүх зүйлийг буруугийн тэмдэг тавиад л буруулж болдог бол…

Гурван хүүгийн хичээл хийж байсан дэвтрийг нээж үзвэл “Би багштайгаа гацуур модоо засаад маш их аз жаргалтай байв. Зуун наймын /энэ үгийг буруулаад дараагийн өгүүлбэрээ бичсэн байв/ Тогооч эгч маань пицца хийж өгсөн нь маш амттай байсан” хэмээн бичсэн байлаа. Хүү аз жаргалтай байгаагаа бичжээ. Гэхдээ тэр “зуун наймын” гэсэн үгээ буруулсан байсан юм. Бүх зүйлийг буруугийн тэмдэг тавиад л буруулж болдог бол…

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img