2024-07-23, Мягмар
21 C
Ulaanbaatar

“Дорнын Ром” Самарканд – Амьд Хаан буюу Шахи Зинда

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Биби-Ханумын сүмийн хажуу бөөрөн дэх домогт хатны нэртэй зоогийн газарт үдийн цайгаа уухаар орцгоов. Узбекийн уламжлалт хоолны үнэр хамар цоргих нь нэн таатай. Сэрүүхэн өдөр, цар мэт хавтгай шаазан таваг дүүрэн амталсан будаан дээр тос даасан хонины мах, сүүл, үхрийн мах давхарлан овоолсон жинхэнэ Самарканд плов идэхийн таатайг бүр ярих юм биш.

Хоол унд болон шуугиж байтал гэнэтхэн танил дуу хангинатал хадах нь тэр. Аль бага жаахандаа сонсож байсан “Ялла” хамтлаг. “Халуун нар, халуун элс, …Учкудук… Гурван худаг … Учкудук…” гээд л… Тэгснээ залгуулаад “Шахрисабз… Шахрисабз… Шахрисабз” хэмээн дуулж гарлаа.

Тэртээх ширээний цаана хооллох булиа эр маягтайхан аргагүй мөрөө хөдөлгөж найз нартайгаа хөгжилдөх нь зоогийн газарт бас л гоё дулаахан өнгө нэмнэ. Энэ дуунд гарч буй Шахрисабз бол Төмөр хааны төрсөн хот. Шаҳр нь хот, сабз гэдэг нь ногоон, үгчлэн буулгавал “Ногоон хот” гэсэн үг. Эртний түүхт энэ хот Самаркандаас холгүйхэн, машинаар цаг дөчин минут явах зайтай газарт бий.

Төмөр хаан төрсөн нутагтаа жигтэйхэн хайртай хүн байж. Тиймээс бусад газраас илүү сүрлэг орд харш Шахрисабзтаа босгохыг мөрөөдөж байсан хэмээдэг. Шахрисабз хот Төмөр хаан болон түүний ач хүү Улугбекийн үед ид цэцэглэн хөгжсөн түүхтэй аж. Төмөр хаан хотынхоо эргэн тойронд баригдсан сүм ордоноо эрхэмлэн, илүүд үздэг байсан ч харамсалтай нь Шахрисабзт ийм дотно сэтгэлээр хандах нэгэн дээдсийн хүрээлэл дунд ховор байсан гэдэг.

Хаантан ”Намайг тэнгэрт халихад Шахрисабзт минь нутаглуулаарай” хэмээн гэрээслэсэн ч хатан Биби Ханум нь хайрт нөхрөө дэргэдээ Самаркандад оршуулахыг хүссэн тул хатны хүслийг ёсоор болгожээ.

Ширээн дээр өрж тавьсан идээ будаа, хоол жимс, шаазан таваг, ширээний атласан бүтээлэг… ер нь эндэхийн эд зүйлс бүхэн өнө мөнхийн домог түүх өгүүлэн байх нь гайхам, соньхон.

Шиха ЗиндаАгуу анагаах ухаанчийн зохиосон плов

Пловын тухай гэхэд л өчнөөн домгууд хөврөх. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт амтархдаг болсон энэ хоолыг Х зуунд, агуу анагаах ухаанч Ибин Сын зохиосон гэдэг аман домог ч бий аж. Олон зууны өмнө амьдарч байсан тэр ухаантан аян дайн, холын замд овор багатай, тэжээллэг хэмээн уг хоолыг бүтээсэн гэнэ.

Төмөр хаан армийнхаа цэрэг дайчдаа өл дааж, хүч тэнхээтэй байлгах тухай байнга бодож явсаар пловны жоронд нэмэлт оруулсан гэдэг. Шинэхэн төхөөрсөн хонины өөхтэй алаг мах, сүүл хийж илчлэг өндөртэй болгосон санаа нь үр дүнгээ өгч. Цэргүүд нь ч хүч чадлаа алдахгүй зоримог тулалдах болжээ. Мөн шилмэл цагаан будаандаа удаан хадгалагдах үндэс хольж өгснөөр цэргүүд биеийнхээ шингэнийг амархан алдахаа болсон хэмээдэг.

шаазанУзбек керамик шаазан таваг

Узбекчууд эрт дээр үед хот сүм дуганаа барьж явсан эртний шавраараа одоо ч гэсэн шаазан саваа хийсээр байна. Эндэхийн хот болгонд том жижиг керамикийн сургууль олон бий.

Хива, Самарканд, Бухара, Хорезмийн сургуулийн тавгууд өөр өөрийн онцлогтой, өнгө, хээ нь маш утгатай учиртай юм билээ. Хөх өнгө тэнгэрийг бэлгэднэ. Ногоон өнгө байгаль, хүрэн бол газар хөрс шороо, цагаан өнгө дэлхийн илэрхийлэл. Тавгаа хээгээр тойруулан дугуйлан тавих нь чамин, донжтой гэж. Хээтэй цагираг бүр нь хүмүүний нас амьдралын үе шатууд. Хүн төрнө, өснө, гэрлэнэ, үр хүүхэдтэй болно, ач гучтай болно, үхнэ, эргээд л хүүхэд төрнө. Товчхондоо хүн гэдэг үхэшгүй мөнхийн тойрогт байдаг гэсэн утгыг ийн илэрхийлдэг аж.

шаазанНэгэн узбек залуу нүдээ боож байгаад, өчнөөн тавгийг андахгүй мэдэж ёстой гайхуулах шиг болж билээ. Тавгаа хуруугаараа ганц цохиж үзээд “Энэ бөглүү битүү дуут Бухарынх байна, харин сүмийн хонх шиг жингэнэж буй нь Фергана мужийн Риштаны таваг” гээд гучаад тавгийг ганц ч алдахгүй хэлэх нь “Шарсан мах андахгүй шар зурхайч” гэлтэй.

Хан атласын тухай домог

Узбек охид хүүхнүүд хурц өнгөтөй нүд гулгасан атласан даашинзаар гангардаг нь олон төрлийн торго даавууны нэг төрөл юм.

…Аль цагт ч юм бэ дээ, тосгоны хөгшин баян захирагч Маргилан гэгч эр тав дахь удаагаа гэрлэхийг хүсч гэнэ. Мань эр тосгоныхоо оёдолчин залуугийн сайхан гэргийд хөл алдан дурлаж сүйд болж. Тэгээд сайхан бүсгүйг гэртээ аваачихыг санаархаж элдвийн арга хэрэглэж эхэлжээ. Харин бүсгүйн нөхөр түүнээс “Аз жаргалаас минь битгий хагацаагаач” хэмээн зүрхээ даран гуйсан гэдэг. Хөгшин захирагч бодож байснаа:

-За яахав, чи тэгвэл сайхан эхнэрээ бүрэн мартуулж чадах, миний сэтгэлийг соронздон булаах тийм гайхамшигт зүйлийг надад өг гэжээ.

торгоЦөхрөнгөө барсан оёдолчин эр, горхины хажууд гуниглан сууж байтал горхины тунгалаг уснаа солонгорон ойх үүлс харагдаатхаж гэнэ. Залуу эр өнөө гоё зураглалыг шөнөжин хар нүд хамхилгүй сууж нэхжээ. За тэгээд хөгшин эрд үүл адил хөнгөн, хангайн салхи мэт сэрүү татсан солонгын долоон өнгөт ер бусын эдийг нэхэж өгсөн юмсанж. Түүнийг нь харсан Маргалин захирагч нүдэндээ итгэн ядан дуу алдаад “Чи яаж ийм гайхам зөөлөн гялалзсан сайхан тансаг эдийг бүтээв” хэмээн асуужээ.

-Уулын цэвэр агаар, бороонд угаагдсан ногоохон навчис, бадам цэцгийн булбарайхан дэлбээ, үүрийн туяаны гүн хөх өнгө, хурдлан урсах горхи, алтан нарны цацраг, янаг амраг хүүхнийхээ ялдамхан харцыг шингээж хослуулан энэхүү эдийг бүтээлээ гэж залуу хэлжээ.

Захирагч Маргилан дурлалт хосыг сая нэг тавьж явуулж, өнөөх сайхан эдийг бахдан харж “хан атлас- икат” хэмээн нэрлэсэн гэдэг. Өнөөдөр ч гэсэн энэ нэрээр дуудагдсаар байгаа юм.

Үдийн хоолны дараа, “Шахи Зинда” зүглэн явах замд хэдэн настай франц, испани жуулчидтай зам нийлэв. Ойр зуурханыг хөөрөлдөж ар араасаа цувралдаж, замдаа элдвийг харж сонирхож явсаар зорьсон газраа ирцгээлээ. Алдарт “ “Шахи Зинда- Амьд хаан” сүм буханууд гэдэг үнэхээр дуу алдам үзэсгэлэнт хэрнээ маш ахархан гудамж аж. Бидний хэлдгээр плитаг гүн хөх, цайвар цэнхэр, цагаанаар зурж, сийлж, оёж хатгасан мэт урлажээ. Тансаг чамин хээнцэр урласан бунхан хаалгууд мөнх хөх тэнгэртэй өнгө хоршин сүндэрлэнэ.

сүм

Плитаны хээ бол жинхэнэ гайхамшиг. Ганц ч хээ нь хоорондоо зөрөхгүй, хажуугийнхаа хээтэйгээ яв цав хийлэх нь бидний дугуй хээ нь нийлж ууссан торгон дээлтэй зүйрлэм гоё.

Сүмийнхээ хээ хуараа голдуу гурван өнгөөр л зурна. Оюу ногоон өнгө нь энх амар амьдралыг бэлэгдэж байхад, цагаан өнгө-цэвэр ариун тунгалаг, хөх өнгө өнө мөнх байх цэлмэг тэнгэрийн бэлгэдэл болно. Эрт үед плитагаа бүгдийг хадаасаар хадаж тогтоодог байсан бол одоо наадаг болжээ.

Эндэх бол өнгөрч одсон мянга мянган жилүүдэд барилга байшин босон сүндэрлэж, нуран унаж, шатан сүйрч, олон зуун хүний халуун цус урсаж, бүлээн амьсгал зогсч, ер түмэн зүйл буман явдлын гэрч болсон газар. “Шахи Зинда- Амьд хаан” гэдэг нэрийн түүх маш эртнийх юмсанж. Дэлхийн олон орныг бахдан шагшуулж байсан, эртний Согдын алдарт хаан Афрасиабыг “Амьд хаан” хэмээн хүндэтгэн нэрлэдэг юм. Персээр бол “Шахи Зинда” гэсэн үг.

сүм Афрасиаб хаан, ард түмэндээ ээлтэй эрхэм хүмүүн байж. Ямар сайндаа л өдий цагт хүртэл тэр гайхам чанарыг нь “Яг л ид шидтэн мэт байсан” хэмээн шагшин дурсахав. Хаан хэдий хүчирхэг ч, хүссэн бүхнээ бүтээж байсан ч хэрхэн яаж үхэшгүй, үүрдийн мөнх байж чадах билээ.

Гэвч Афрасиаб хаан үхлийг мэхлэн амьд үлдэхийг санаархсан гэдэг. Үхэлтэй нүүр тулахгүйн тул газрын гүнд ордон шилтгээн бариулжээ. Ордоны бүх орц гарцыг тас бүтүүмжилэн хаалгаж. Их хаан өөрийн гэсэн тэнгэрээ өнө мөнхөд тольдон харж, бахдан суухаар бодоод ордныхоо таазанд алтан нар, мөнгөн сар, сувдан оддыг шигтгэн хийлгэж өлгөсөн гэнэ.

сүм Узбекчууд өнөөг хүртэл Афрасиаб хааныг тэр л газраа өнө мөнхөд амьдарсаар байгаа гэж домоглон ярилцдаг ажээ. “Амьд хаан – Шахи Зинда” хэмээн нэрлэгдсэн нь ийм домогтой юм байна.

Тэнгэр газрын хооронд оршиж буй “Шахи Зинда”-д их хотын дуу чимээ сонсогдохгүй, цаг хугацаа зогсох мэт болдог хэмээн тайлбарлагч залууг хэлэхэд нээрээ л аниргүй сүрлэг энэ бунханд цаг хугацаа огт хөдлөөгүй мэт, хэдэн зууны турш ямар л байсан яг тэр хэвээрээ оршиж буй мэт мэдрэмж төрж билээ.

“Шахи Зинда” -гийн барилга байгууламжуудыг найман зууны турш буюу XI- XIX зууны хооронд барьж босгожээ. Нийтдээ том жижиг хорь орчим барилга бунхан байдаг юм билээ. Зөнч мэргэн Мухаммедын үеэл хамтран зүтгэгч Ибн Аббас бунханыг босгосон гэх домог бий. Домог цааш ийн үргэлжилнэ. Буруу номтнуудтай хийсэн олон дайны нэгэнд гэнэ. Сүмд хорогдон амь аврагдах гэсэн бүх хүнийг хөнөөчихөж. Тэгээд зөвхөн Аббасад зориулсан тэнгэрт хүрэх михрабууд буюу мөргөлийн газруудыг нээжээ. “Ибн Аббас гэмтэж бэртээгүй амьд сэрүүн хирнээ биднээс яван одсон. Хэдий тийм ч цагийн сүүлд эх дэлхийдээ эргэж заавал ирнэ” гэж домогт өгүүлдэг.

сүм Ибн Аббасыг энд оршуулсан төдийгүй, зуун зуунд амьдарч асан их хаадын удам угсаа, үр ач, шашин төрийн зүтгэлтнүүд, цэрэг армийн том жанжин, дээд давхаргын язгууртан алдарт хүмүүсээ залж, тэднийхээ түүхийг дуурсган дурссаар байгаа аж. Самаркандын түүхийн дурсгалт газруудаар явахад таарах бэлэг дурсгалын дэлгүүрүүд нь багахан захаас ялгагдахгүй.

Худалдагч залуу янз бүрийн хийцтэй хутгануудаа надад зарах санаатай байгаа бололтой. Нэг хартал хамар дор өчнөөн олон махир, шовгор түмэн хэлбэр бүхий зэс, гууль, төмрөн хутга мэс овоолон тавьчихав. Тэгж байснаа цул улаан, шар шигтгээ болсон төө хүрэхгүй ганган хутга гаргаж:

-Энэ чамд яг таарна гээд өгөв.

Миний ичсэн гэж жигтэйхэн, зам нийлж хамт ирсэн гадны жуулчид ам нийлүүлэн

хутга-Өөх, чи чинь хутга сонирхож цуглуулдаг хүн байх нь. Эмэгтэй хүнд ховорхон хобби юм гэцгээгээд тэрүүхэн хавьдаа дуу шуу болцгоов…

Узбекстан бол олон жижиг үндэстэн ястнуудын орон. Тажик татар, казак, каракалпак, орос, узбек, еврей, цыган зэрэг сонирхолтой үүх түүхтэй үндэстэн ястан зэрэгцэн оршдог гэдгээрээ гайхам сонирхолтой улс билээ. Харин Самаркандын хувьд дийлэнх нь тажикууд. Ийм учир шалтгаанаар энэ нутгийнхан тажик аялгатай ярьдаг юм билээ.

(Үргэлжлэл бий)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img