2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

“ЁОЛК”-НООР ХҮРЭН БААВГАЙ БОЛОХЫГ МӨН Ч ИХ МӨРӨӨДДӨГ СӨН

Өнгөрөгч зууны наяад оны хөдөөгийн сумын шинэ жил хөлтэй хөөртэй, хөгжилтэй хөөрхөн болдог байж. Ухаан орж хүн болсон үеийн шинэ жилүүдээс хамгийн содон нь 1982-1983 оны ёолк байсан юм уу даа. Нэгдүгээр ангид орсон жил.

Тэр үед шинэ сургууль баригдаагүй байсан болохоор бага сургуулийн коридорт нэгээс гуравдугаар ангийнхны шинэ жилийн баяр болов. Одоогоор бол томхон шиг нэг ангийн л хэмжээний зай талбай шүү дээ. Бага ангийнхан нь урдуур өвдөг дээрээ сууцгааж, арагшлаад арай том ангийнхан сандал дээр, тэгээд зарим нь зогсоогоороо, арын эгнээнийхэн сандал дээр зогсон шаталсан маягаар шахалдан, тэр олон хүүхдүүдийн амьсгаанд өдөр ч бүүдгэр байдаг цонхны цан хайлан урсана.

Хүүхдүүдийн царай тарваганы тосонд хайрсан гэрийн боорцог шиг түнтийсэн хүрэн улаан юмнууд. Тэр дуу чимээ, шуугиан шаагиан гэдэг их зохиолч Нацагдоржийн өгүүлснээр “гэр хагарам”. Сургуулийн тэр жижигхэн хонгил хүүхдүүдийн шахцалдаанд бүх хана нь бөмбийж дэлбэрэх гэж байгаа байх гэж бодогддог сон.

Шинэ жил болохоос өмнө арванхоёрдугаар сар гаруут л хүүхэд болгонд ангиа болон сургуулийн ёолкоо чимэглэх бэлтгэл ажил эхэлнэ. Тэр үед гартаа дүйтэй, зурах авьяастай хүүхдүүд жинхэнэ утгаар од болно.

Ангийн багш тийм авьяастай хүүхдийг хичээлээс чөлөөлж ханын сонин хийлгэн, цас, мод, амьтны дүрс бүхий цаасан чимэглэлүүд хийлгэнэ. Дэвтрийн цаасыг нарийхан хайчилж цавуу, жонхуугаар наан, өнгийн харандаан будгаар будаж алд алд тууз хийнэ.

Нөгөө л арван хоёр мөнгөний дэвтрийнхээ цаасаар “Шувууны үүр” урлан будаж, үүрэн хэсэгт нь нүүрс чулуу хийн нарийхан утсан хэцнээс дүүжилнэ. Усан будаг, харандаан будаг аль аль нь ховор болохоор чернилиэр будах гэж гар хуруугаа нил бэхэдсэн нь ч олонтаа. Охид цасан ширхэг гэж цаас жижиглэж хайчилж бэлдэнэ. Цагаан хөвөн нүдний гэм учир дээл, хөнжил хийдэг бор хөвөнг утсанд зангидаж, цасан ширхэг болгон мөнөөх хэцнүүдээс унжуулна.

Тааз, хананаас татсан чимэглэлүүд олон хүүхдийн амьсгалаас ч болдог сон уу, үргэлж л хөдөлж эргэлдэнэ. Зарим дүрсгүй сурагчид унжсан утасны үзүүрээс татахад хэцэн дээр өлгөөтэй цаасан урлалууд унаж, ойр хавийнхан нь нөгөө гоё амьтны дүрс сэлтийг булаалдах нь ч бий. Өөрсдийн хийсэн зүйл хэцэн дээр тохоостой байвал нүдээрээ хайж олоод хавь ойрынхондоо хөөрөлнөө, бас.

Манай ангийн Самбуугийн Амартүвшин хэмээх хүү таван хошуу мал, амьтны дүрс зурж урлах талаараа мөн ч гаргуун байж, олон жил бидний нүүрийг тахалсан сан. Хоёрын бригадаас ирсэн Батмөнх гэж биднээс дөрөв дүү ангийн хүүхэд ямар ч дүрсийг цаасан дээр зуралгүйгээр хуруугаараа шууд ураад будчихдаг авьяастан байсан.

Байрны хүүхдүүд бүгд түүнээр чимэглэлээ уруулаад ганцхан будах ажил хийдэг байсан гэхээр дэндүү төрмөл авьяастан гурваа ч төгсөлгүй малчин болсонд нь одоо ч харамсах сэтгэл төрдөг. “Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой” гэж ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай хоосон ч нэг шогшроогүй аж.

За, ингээд шинэ жилийн баяр ч эхэллээ дээ. Бидэндээ цэлгэр хонгилын баруун буланд сүлд мод чимэглэж, холоос харахад улаан, ягаан, ногоон, цагаан, хөх олон өнгийн шилэн бөмбөлөг өлгөсөн нь үлгэрийн юм шиг гялталзан гялбах нь гайхамшигтай.

Хацар, хамраа час улаанаар будаж, үлгэрийн баатар Үлмэдэхийнх шиг уртуу гонзгор оройтой малгай өмссөн горзгор өндөр алиалагч урагшаа шахаж суусан хүүхдүүдийг жигтэйхэн гангалж будан “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн бичигтэй алд хэрийн дурангаараа хараалан “Хоёрын Б-гийн нойлын ногоон … хойшоо суугаарай” гэж сүржин хэлэхэд хүүхдүүд нирхийтэл нэгэн зэрэг хойшлон сууцгаана.

Паалайсан хилэн өмдөн дээр халхайсан том цамц өмссөн бүдүүн алиалагч энэ үеэр ээтийсэн палигар марзан гутлаа чирэн ирж “За, хүүхдүүд ээ, өвлийн өвгөн аав нь цангинам хүйтэн цасан мөсний орноосоо цан хүүрэг савсуулан, ан амьтдаа дагуулан ирж байна шүү” гэж хүнгэнэсэн хоолойгоор хэлэхэд хүүхдүүд гадаах хаалган зүг бүгд эргэн харцгааж нам гүм болцгооно.

Бүдүүн алиалагч бас богинохон дурантай. Нөгөөхөө нуруунаасаа буулгаж урдаа барин ийш тийш болхидуухан гүйнгээ “Өвгөн ааваас бэлэг авах хүүхдүүд чимээгээ аядаарай” гэхэд тэр олон хүүхэд ялаа ниссэн ч сонсогдмоор анир гүм болно. Бодвол бүгд л бэлэг авна гэж итгэж байгаа нь тэр. Хүүхэд л болсон хойно нам жим суугаад байлгүй өндөлзөж барих бол энүүхэнд.

Тэр бүхэнд алиалагчид дурандаж тухайлан хандаж байснаа дийлдэх шинжгүй шиг нэгнийх нь толгой руу дурангаараа тонхийтэл тогшоод авна. Одоогийн хүүхдүүд бол гар утсаараа бичлэг хийхэд л хүн инээлгэх үүрэгтэй хөөрхий алиалагчид хүүхдийн эрх зөрчсөн хэргээр дээлээ найдвартай нөмөрнө.

Тэргүүн түншигч тэр дуран нь орос хулдаасны гол картонон цаас байсан юм билээ. Өвлийн өвгөн ирэх бас л болоогүй. Хүүхэд насанд цаг хугацаа ямар ч удаан өнгөрдөг байсан юм. Том болох юм сан гэхэд мөд өсөж өгөхгүй, өвлийн өвгөн ороод ирээсэй гэхэд хөлөглөсөн цаа буга нь ядардаг ч юм уу хүрч ирэхгүй мөн ч их зовоодог сон.

Тэгтэл алиалагчид нижигнэтэл гүйлдэж “Өвлийн өвөө ирлээ” гэхэд цасан охин, хуучин оноо дагуулсан цагаан монгол дээлнээ цэнхэр нөмрөг намируулсан уртаа цагаан сахалтай, ханхар сайхан өвлийн өвгөн баруун гараараа бидэнтэй даллан мэндчилсээр ороод ирэхэд үүдээр дүүрэн цан хүүрэг савсаа л сүрлэг жавхлантай харагдахыг яана. Тэгтэл “Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимгээ сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн эрчийг хариулцгаая” гэсэн хүүхдүүдийн цолгин найрал эгшиглүүт, хамгийн түрүүнд цав цагаан хувцастай бүлтэн хөөрхөн нүдтэй, дэлдэн хоёр чихтэй туулай эрүүндээ хоёр гараа тулан дэгдэн дэгдэн гарч ирнэ.

Туулай хоёр тийшээ үсрэхэд хүүхдүүд түүний аясаар найгах шиг санагдана. Үгүй тэр цагаахан өмсгөлийнх нь ард байгаа бяцхаан моожгор сүүлний дэндүү үнэмшилтэйгээр нүднээ тусахыг яана. Туулайг дэгдэхийн тоолонд одоогийнхоор Цагаан өвгөнийх шиг дэлдийсэн чихтэй, инээмсэглэсэн бор хүрэн нүүртэй сармагчин сүүдэр нь аятай энд тэнд үсрэн элэглэхэд багачуул бид даган баясч, гэнэн цайлган сэтгэл минь хэдийнэ сармагчинд хувилан оддог сон.

Удалгүй араас нь зальт шар үнэг гараа нуруундаа үүрэн газар шиншлэх дүр үзүүлэн тал тал тийш сэм сэмхэн шогшин орж ирэхэд намилзсан шаргал сүүлнийх нь сор нүүр илбэх шиг бодогдоно.

Хөх саарал комбинзон өмсөж араа шүдээ ярзайлгасан чоно гуайг орж ирэхэд хүүхэд бүхний зүрх цээжээ дэлдэн цохилж түг түг хийх нь сонсогдоно. Чоныг өвлийн өвгөний хажууд суухад цасан охиныг нь, хуучин онтой хамт идчих вий дээ гэхээс түрүүчийн түгшүүр салж өгөхгүй хэвээр.

Тэгтэл хүрэн бор хилэн өмсгөлтэй, жавхаалаг өндөр буга ташаандаа гараа тулан хоёр хөлөө өндөрт өргөн харайлж, эврээрээ цасан ширхэг, чимэглэлтэй хэцийг шүргэн орж ирэхэд хүүхдийн аймссан сэтгэл сая нэг амсхийж бүгд бахадсан янзаар дор дороо шүүрс алдацгаана.

Хамгийн сүүлд хар ямаан дах эргүүлэн өмссөн хулгар бөөрөнхий чихтэй ойн хүрэн баавгай удаан янзаар хөлөө нэг газарт хоёр удаа пар пархийтэл чирэн орж ирэхэд мөнөөх гайхал сармагчин алд хэрийн сүүлээ савчин гүйж очоод элэглэх мөрөөрөө элэглэхгүй нуруун дээр нь үсрээд мордоход үзэгч бидэн алгаа ташин шаагиж, ардуур байгаа хүүхдүүд хуруугаа амандаа хийн тасхийтэл шүгэлдэх сонсогдоно.

Бүдүүнээ, Нарийнаа хоёр алиалагч энэ зуур зүгээр байхгүй. Дурангуудаа үе үе шүүрэн нүдэндээ дөхүүлэхэд хүүхдүүд түүнд нь өртөхгүйг хичээн, эгнээ эгнээгээрээ налалзан намбайтал томоотой болцгооно.

Мань сармагчин бас огтхон ч зүгээр байхгүй ээ. Хаанаасаа ч гаргаад ирсэн юм, хоёр төө дуран шуу юм барьчихсан алиалагч нарын араас элэглэн мануусыгаа дурандах гэнэ. Алиалагч нарын үйлдлийг яг дуурайн хийхэд огт анзаарахгүй байгааг нь хараад сармагчны авьяасанд хөөрхөн атаархана.

Чоно, буга, туулай, үнэг эрэмбээрээ сууцгааж, хоорондоо багаа гилжийлгэн шивнэлдэхэд “Нэгнийхээ хэлийг яаж мэддэг юм бол оо” гэж үнэн голоосоо гайхна. Цасан охид дуулж, тойрон бүжгээ хийхэд нөгөө хоёр алиалагч, сармагчин гурав тэдний дунд орчихсон эвлэгхэн нь аргагүй бүжиглэхийг хараад Бүдүүнээгийн эвсэлтэйг хүүхэд бүхэн гилжийж ирээд ширтэнэ. Зарим хүүхэд нусаа ч арчих сөгөөгүй, нөгөө “хэцүү нэрт” нь энгэрийг нь шүргэх шахан нарийсан унжсаар “хэзээ нэг уначих бол” гэмээр хэцүүтэй бэрх харагдана.

Тойрон бүжгийн дараа ан амьтад өөрсдийн явдлаар явж, дуун сацруулагч дээр ирээд үгээ хэлцгээнэ. Туулай гэхэд “Дэлхий дээгүүр дэгдээд байдаг дэлдэн чихтэй туулай би хүүхэд багачууд та нарын сүлд модны наадамд хүрэлцэн ирлээ” гэнэ. Үнэг “Алтан дэлхийг тойрч амьтан бүгдийг хуурдаг алтан шаргал үнэг би азтай та нарынхаа наадамд аз жаргал бэлэглэхээр амжиж хүрэлцэн ирлээ” гэхэд чоно “Боохой ах нь махнаас гарсан. Борог өвсөнд энэ жилээс орсон.

Таван хошуу мал хариулж танай нутагт амьдрахаар ирсэн” гэхэд хүүхдүүд алгаа ташин, том ангийнхан шал дэвсэлж сүйд болцгооно.

Ан амьтдын дотроос хамгийн жавхаалаг буга юу гэж хэлдэг байсныг одоо нэгэнт мартаж. Ойн хүрэн баавгайг гарч ирэхэд сармагчин золиг мөн л нуруун дээр нь үсрээд гарчихна.

Баавгай аахилж уухилан баргил хоолойгоор “Ойн хүрэн баавгай би олон ан амьтдаа дагуулан сүлд модны сүрлэг сайхан наадамд чинь ирлээ” гэж хэлсэн үг ой тойнд хадагдаж, ямартай ч тавдугаар ангид ортлоо “Хурдхан том болж баавгай болох юм сан” гэсэн мөрөөдөл бяцхан цээжинд минь баттай хургасаар байж билээ. 1983 оныг орон даяар “Сурагчийн жил” болгон зарласан байлаа. Тиймээс сурагч бүхэнд зориулсан бэлгийг ангийн багш Сэлэнгээ тарааж байсан.

Харин өвлийн өвгөн онцчуулын бэлгийг гардуулахдаа “Нэгийн Б ангийн сурагч …” гэж нэрийг минь онцгойлон дуудахад жаалхүү миний цээжинд нар мандах шиг болж нүд нээлттэй ч юу ч харагдахгүй, чихэнд ямар ч чимээ анир сонстохгүй байгаа юм шиг сонин мэдрэмжинд өөрийн эрхгүй автчихаж билээ.

Хойтон жилээс нь хүүхэд бүхэнд бэлэг тараагаагүй. Бэлэг аваагүй хүүхдүүд горьдсон нүдээр ширтэж “Надаа ганц чихэр өгчих л дөө” гэж цаанаа л өрөвдөлтэй янзаар гуйж алгаа тосоход тэрүүхэндээ баатар болчихсон юм шиг додигорхон явсан хүүхэд нас минь хөөрхөн ч юм шиг, хөөрөлхүү ч юм шиг санагдана.

Анхны энэхэн сүлд модны наадмаас хойш арван жилийн дараа мөрөөдлөө биелүүлж сургуулийнхаа шинэ жилийн баярт ойн хүрэн баавгай болов. Дотор талаас нь харахад сонины цаас давхарлаж наасаар мод шиг хатуурсан баавгайн баг л гэхэд араа шүднийхээ завсраар хавь орчноо харах зориулалттай эд байдаг юм байна.

Хоршооны манаачийн нөмөрдөг ямааны арьсан дахыг буруу харуулж өмсөөд цэрэг суран бүс гархилаад суучихсан чинь хөлс гоожоод ёстой нэг тамтай байсан юм даг. За тэр ч дүүрчээ гэж бодоход хөлөө ойр ойрхон хоёронтоо товшин алхаж явтал сармагчинд тоглосон миний найз Бямбасүрэнгийн Мягмарсүрэн золиг нуруун дээр үсрэн гарахад гишгэгдэл алдаж золтой л ойчихоо шахав.

Алиалагчид манай ангийн Содовоогийн Монхоон, үнэгт Оросоогийн Бөлтүүш анд нар минь тоглож байсан юмдаг. Аравдугаар ангийн сурагч миний бие захирлынхаа хөөрхөн охинтой үерхдэг байсан болохоор сүлд модны наадмын дараа “Сармагчин үсрэхэд ойчих шахсаныг минь анзаарсан болов уу” гэхээс ямаан дахан дотор усан хулгана болтлоо хөлөрч, багныхаа цаана нүүрээ улайлган суусан сан.

Манай сургуулийн сүлд модны наадмыг амьд баяр баясгалантай болгодог байсан хоёр алиалагч нь хожмоо мэдэхэд биеийн тамирын багш, аймгийн начин Мида, алгебр-геометрийн багш Энхсайхан нар байсан юм билээ. Ардын жүжигчин Гомбосүрэн гуай харшийн сүлд модны наадамд олон жил өвлийн өвгөн болсон гэгддэг шиг манай сургуулийн өвлийн өвгөнд зургийн багш Мандах мөн ч олон жил тоглосонсон. Шинэ жил айлчлан ирэх бүрт хүүхэд насны минь энэ л гэгээхэн мөчүүд бодогдож, дурсамжийн гэрэлт шувуу сэтгэл зүрхэнд нисэлдэх юм даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img