2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

ДУУЧИН Д.ОТГОНЖАРГАЛ: ААВЫГ МИНЬ МАНАЙ БАЯНХОНГОРЫНХОН “АВАРГА” ДАВААСҮРЭН ГЭДГЭЭР НЬ АНДДАГГҮЙ

Цахимаа санаандгүй ухаж байгаад нүдэнд торохуйц нэгэн гэгээн мэдээлэл олж хараад чин зүрхнээсээ баярлах сэтгэл төрөв. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, дипламатч, яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготов “Шинэхэн, халуухан, бахархам, баярлам мэдээг нүүр номынхондоо хүргэж байна.

Хонгор нутгийн минь авьяаслаг дуучин, хайртай сайхан дүү минь авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээ төр, түмэндээ үнэлүүлэн МУГЖ хэмээх эрхэм алдар хүртэх болжээ. Битүүхэн хүлээдэг байсаан. Ид хийж бүтээх насандаа энэхүү алдар цолыг хүртэх хувь eрөөлтэй байж. Нүдээ олсон шагнал гэдэг сэтгэлийн цэнгэл, баяр бахдлыг төрүүлж байна. Догдлол дүүрэн байна.

Хонгор нутгийнхаа харсан тэнгэрт залбирч, Эзэн Богд Чингис хааны бууж үдэлсэн Заг, Байдрагийн Хүрэн бэлчир, өндөр өвгөдийнхөө сүр сүлдэнд сүсэлж сууна. Авьяас төгөлдөр сайхан охин төрүүлжээ. Яасан сайхан мэдээ вэ. Халуун баяр хүргэe! Сайхаан, сайхан. Гавьяат жүжигчин, дуурийн алдарт дуучин Ичинхорлоо багшид нь гүнээ талархъя. Davaasuren Beesiinhen (Дуучин Даваасүрэнгийн Отгонжаргалын фейсбүүк хаяг нь юм) Энэ сайхан мэдээг халуун дээр нь дуулгасанд эрхэм дүүдээ ах нь их гялайлаа. 2023.12.28-нд шагналаа гардана” гэсэн байв.

ОТгонжаргалУдалгүй Монгол Улсын гавьяат жүжигчин Ичинхорлоо нүүрномдоо “Монгол хатны үзэсгэлэнт дүр төрх, хүний сайхан чанар, оюун билэгт авьяас алтан гургалдайн хоолойгоороо алаг дэлхийг уяруулан ая эгшгээр цуурайтуулж байгаа хайртай сайхан шавь Д.Отгонжаргал “Ану хатан”-ыг минь МУГЖ хэмээх эрхэм хүндэт цолоор Монгол төр соёрхож хүндэтгэж байгаа юм байна. Энэ бол багш хүний эрхэмлэх нэг баяр учир хязгааргүй их баярлаж байна.

Энэ сайхан 2023 оноо баяраар үдэж, 2024 оноо баяраар угтаж 9 дэх гавьяат шавь Д.Отгонжаргалаа баяртай хүлээн авч байгаадаа маш их билэгшээж байна. Авьяас билгээ улам өндөрт өргөсөн сайхан шинэ уран бүтээлийг төр түмэн олондоо дахин өргөн барих өлзийтэй ерөөл өргөн барьж байна байна, Ихоо багш нь” гээд дуучин шавьтайгаа хамт авахуулсан зургаа оруулсны доор хүмүүсийн сэтгэгдэл ёстой нэг бужигнаж буцалж гардаг юм байна. Тухайлбал,

“Баяр хүргэе!”
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат жүжигчин Намсрайн Сувд

“Отгонжаргалдаа том баяр хүргэе! Уран бүтээлийн гялалзсан амжилт хүсье!” Ардын жүжигчин Аюурзанын Долгор

“Сайн багшийн сайхан дуучин шавь, Хонгор нутгийн үзэсгэлэнт бүсгүй дүүдээ Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм хүндэт цол хүртэж байгаад баяр хүргэе!”

Монгол Улсын Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Жүмпэрэлийн Саруулбуян

“Ямар сайхан мэдээ вэ. Отгонжаргалдаа халуун баяр хүргэе!”

Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Санжжавын Оюун

“Хүн сайхан хүмүүсээс,урлагаас сэтгэлийн их хүч авдаг шүү. Ээжгүй болчихоод, барьц алдаж явахдаа дуучин Б.Амархүү, дуучин Д.Отгонжаргал хоёрын хамтран дуулсан “Ижий минь дэргэд байхад” гэдэг сайхан дууг гурван жил сонсож уйлж явлаа. Хэдийгээр танихгүй ч уран бүтээлээс нь хүч тэнхээ авч явсан хоёр дуучиндаа талархаж баярлаж явдаг шүү. Улам их амжилтыг хүсье!”

А.Долгор-Өлзий гэх мэтээр баярласан, талархсан, баяр хүргэсэн хүмүүсийн халуун дулаан сэтгэлийн үгс ёстой нэг цуварч хөвөрч өгч байна шүү. Эзэн Богд Чингис хаан мину эмээлт морио бууж амсхийлгэсэн Заг-Байдрагийн Хүрэн бэлчрээс Монгол Улсын гавьяат жүжигчин цолтон төрж байгаа нь юутай сайхан билээ. “Миний ээж тэмээчин”, “Өнө мөнх орон”, “Үлэмжийн чанар”, “Эх орон танаа”, “Амин үргэлжлэл”, “Хайрлахын жаргал”, “Хун галуу” зэрэг олон сайхан дууг сэтгэл зүрхээрээ амилуулан ард түмнийхээ сонорыг мялаасан дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал энэ цолыг авахгүй бол чухам хэн авах сан билээ.

Тэгээд нутгийн дүүтэй холбогдлоо. Намайг мэнд мэдэхийн зуургүй “Сайн уу, гэрэлт сайхан ах минь! (Миний гэрэлт сайхан ахсах ч юу байхав. Сэтгүүлзүйн “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд” хоёр боть ном хэвлүүлснээс хойш хүмүүс “Сэтгэлийн гэрэлт ах, эгч, найз, анд гэх мэтээр бичих болсон нь харин үнэн юм. Л.Б) Ах минь та, миний хайртай багш, хөдөлмөрийн баатар Тангадын Галсанд хэл дуулгаарай.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас “28-ны өдрийн пүрэв гарагийн 10.30 цагт ирээрэй гэж утасдсан. Тэр өдөр цаг агаар сайхан байх төлөвтэй юм билээ. Заг сумын Нутгийн зөвлөлийнхөн маань бөөнөөрөө ирэх юм байгаа биз дээ. Дулаахан хувцаслаарай, та нар маань” гэж яруу сайхан цангинууллаа шүү. Одоогоос хэдэн жилийн өмнө эрхэмсэг дүүг “Хайрлахын жаргал” тоглолтоо хийх үед доорх ярилцлагыг хийж байсан билээ.

“МИНИЙ ЭЭЖ ТЭМЭЭЧИН” ДУУНЫХАА КЛИПИЙГ КИНО ШИГ ХИЙХ ГЭЖ ЭЛС САМАРЦГААЖ БАЙЛАА

ОТгонжаргалМонгол Улсын соёлын тэргүүний ажилтан, монгол түмний хайртай дуучин Даваасүрэнгийн Отгонжаргалтай уулзаж хөөрөлдлөө.

-Баянхонгор аймгийн Заг сумын түүхт ойгоор таарч нутгийн найрагчдын “Биндэрьяа Хөх нуурын бийваа ятгын эгшиг” номыг гардуулж байснаа санаж байна. Өөрийг тань манай нутгийн охин гэдгийг тэгэхэд л мэдсэн хэрэг. Уугуул нутгийнхаа талаар яриач!

-Тийм ээ, би Баянхонгор аймгийн Заг сумын уугуул хүн. Миний өвөө Бадарч, аав Даваасүрэн нар маань Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчирт төрсөн хүмүүс. Энэ Хүрэн бэлчирт эзэн Чингис хаан маань цэргээ засан очиж Найманы Таян хаантай тулалдаж байсан, бас хожим Халх-Ойрадын их чуулган болж байсан түүхт газар л даа. Хүрэн бэлчир газар нутгийн харьяаллаараа Заг суманд ордог. Заг сумынхаа түүхт ерэн жилийн ойгоор очихдоо энэ сайхан нутгаас төрсөн Монгол Улсын алдар цуутай олон хүнтэй танилцаж байлаа.

ОТгонжаргалНутаг ус гэдэг бол үр хүүхдээ, ач зээ нараа, өвөр бэлд нь төрсөн хүмүүсээ үргэлж ивээж, тэтгэж, харж хайрлаж явдгийн жишээ болсон олон сайхан хүмүүс тэндээс төрөн гарчээ. Миний аав Бадарчийн Даваасүрэн төрсөн нутаг усандаа нэртэй хүндтэй хүн байлаа. Хүмүүс “Аварга Даваасүрэн” гэдгээр нь сайн мэддэг юм билээ.

-Аварга гэхээр их л мундаг хүн байж дээ?

-Аавын үеийн хүмүүс “Аварга Даваасүрэнг мэдэлгүй яахав, бурхан болоод олон жил боллоо доо, хөөрхий” гээд андахгүй юм билээ. Яагаад аварга гэх болсон юм бол гэсэн чинь “Эрхэлсэн ажил бүхнээ сайн хийдэг, маш олон удаа аймгийн хөдөлмөрийн аварга болж байсан болохоор хүндэтгэж нэрлэсэн хоч нь” гэж байсан. Тэр үед ааваараа үнэхээр бахархаж байсан даа.

-Манай Заг сумын Хүрэн бэлчирийн гайхамшигт бүсгүйчүүд Монголын түүхэн кинонуудын гол дүрийг бүтээсэн байдаг. Тухайлбал, Цэндийн Намсрайн охин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Сувд “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Өөлүн хатан эхийн, “Хүргэн хүү” киноны гол дүрээрээ олны танил болсон, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Жүмпэрэлийн Саруулбуянгийн гэргий жүжигчин, нэвтрүүлэгч Батсүрэн “Цөвүүн цагийн Богд” киноны Ханджамц хатны, та гэхэд Галдан бошигт хааны “Ану хатан”-ы дүрийг Монголын ард түмний сэтгэлд хоногштол бүтээлээ. Үүнд ямар нэгэн учир холбоо байдаг бол уу?

-Үүнийг би ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан багшийг хэлэхээр анзаарсан. Сүүлд нь бодож байхад “Нээрээ л их учир жанцантай юм байна даа” гэж бодсон. Намайг “Ану хатан” кинонд тоглож байх үед энэ талаар бидний хэн нь ч мэддэггүй байсан.

ОТгонжаргалКино зохиолч Б.Шүүдэрцэцэг, Болдхуяг ах хоёр ч мэдээгүй. Загийн гол, Хүрэн бэлчрийн охид эмэгтэйчүүд Монголын ийм том түүхэн кинонуудад тоглох учир ерөөлтэй байсан юм байлгүй дээ. (инээв. Л.Б) Маш сайхан. Баяртай л байдаг даа.

-“Сайн явахад садан мундахгүй” гэсэн үг байдагчлан таныг бас Дарханыхан булаалдах шинжтэй юм билээ?

-Намайг зургаан нас хүрч байхад аав маань бурхан болсон юм. Ээж маань зургаан хүүхэдтэйгээ үлдээд Дархан хот руу манайх ерэн хоёр онд нүүсэн. Ээжийн дүү нар бүгд тэнд суурьшсан байсан л даа. Дарханд хорин нэгэн аймгийнхан аж төрдөг их сайхан залуу хот. Дунд сургуулийн үе маань Дархантай яах аргагүй холбоотой байлгүй яахав. СУИС-д 2001 онд Дарханаасаа ирж шалгалт өгөн элсэн орж байлаа.

-Хэн гээч багшийн шавь болов?

-СУИС-ийн гоцлол дууны ангид орж Дуурийн гоцлол дуучны мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дэд профессор Очирбатын Ичинхорлоо хэмээх гайхамшигтай дуучин, агуу багшийн удирдлагад очсон.

Энэ хүний шавь болж очсон хувь заяандаа талархаад баршгүй. Би энэ хорвоод хоёр ээжтэй гэж гүн бат итгэдэг. Нэг ээж маань мэдээж намайг тээж, төрүүлж, өсгөсөн Тэрбишийн Жүгдэр ээж минь, хоёрдахь нь миний эрдмийн эжий Ичинхорлоо багш маань юм. Багшдаа шавь болж очоогүй бол би уран бүтээлүүдээ хийж чадахгүй байсан. Манай багш хэрээ шиг хоолойтой хүнийг алтан гургалдай болгож чаддаг шидтэн.

Дуучин болоход бас их нөлөөлсөн багш маань соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Тулгабатын Энхтуул маань байна. Энэ хоёр их хүний шавь нар гэвэл Монголын ард түмний танил Чингис хааны одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ариунбаатар, Батсайхан, поп дива, гавьяат жүжигчин Алтанцэцэг, ДБЭТ-ын гоцлоочид, дуучин Гомбожав нарын маш олон уран бүтээлч байдаг. Энхтуул багшийн шавь нар гэхэд гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын олон дуучид байгаа.

ОТгонжаргал-Баянхонгорын Баацагаан сумын уугуул, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлэг, Богд сумын уугуул, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн их суутан Чойгивын Сангидоржийн аялгууг нь туурвисан “Миний ээж тэмээчин” дууг та дүрсжүүлж дуулсан нь үнэхээр хүмүүний сэтгэлийн уярлын чавхдсыг хөглөлөө. Клипний зохиолыг хэн гэдэг уран бүтээлч бичсэн бол?

-“Миний ээж тэмээчин” дууны хувьд зуунаас зуун дамжсан алдартай бүтээл. Клипийг “ACE” энтертайнментынхан хийсэн. Найруулга, зураглаачийн ажлыг Тулгаа гэж Монголын урдаа барьдаг мундаг уран бүтээлч гардан гүйцэтгэсэн. “HERO” энтертайнментын ажилтан. Урлагийн ертөнцөд маш олон жил клип, реклам хийсэн хүн л дээ. Бид энэ клипийг кино шиг хийе гэж анхнаасаа ярьсан.

Зургийг Булган аймгийн Хөгнөхаан уулын тэндэх Элсэн тасархайд авсан юм. Гэрээ буулгаад, ээждээ гүйж очдог хэсэг дээр элсэн шуурга хэрэгтэй учраас бөртийх ч үүлгүй зуны халуун өдөр дуучид, жүжигчид, уран бүтээлчид бүгд л элс самардан цацаж байлаа. “Элсэн шуургыг компьютер графикаар хийж болох ч нэг л хиймэл болно” гэж найруулагч маань үзсэн хэрэг. Клип авахаар хоёр хоносон юм.

Эхний өдөр элсээ самраад. Хоёрдахь өдрөө оройн жаргах нарны зургаа сайхан авчихаад байж байтал ёстой нэг аймаар элсэн улаан угалз шуурсан даа. Тэнгэрийн өехийд тулсан тийм элсэн шуурга босоод бидний байрлаж байсан амралтын бүх гэрүүд нурсан. Анхандаа бид тоононы чагтаганаасаа татаж, хоёр баганаа тэврэн шуургатай үзэлцээд дийлэлгүй гэр маань нурсан. Ардын жүжигчин Цэрэндагва гуай, Мэндбаяр эгч хоёроо байранд орууллаа.

ОТгонжаргалТэр шуурган дундуур зураглаач Тулгаа маань туслах найруулагчтайгаа гарахад нүүр хувиргагчаар ажиллаж байсан эхнэр нь болоод бид “Яана аа, салхинд хийсчих вий дээ” гэж санаа зовниж байлаа. Тэр үед засмалаар хурдтай явж байсан машин хүртэл хийссэн гэж сонстож байсан. Хоёр ардын жүжигчин маань “Энэ их увдис шидтэй юм боллоо. Сайхан бүтээл болох байх” гэж бэлгэшээж байсан даа. Клипний нээлтээ хийхэд маш олон алдартан цуглаж, мэргэжлийн хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Одоо ч гэсэн тэр үеэ санахаар сайхан байна.

-“Хайрлахын жаргал” бие даасан тоглолтоо хийх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Анхны, бие даасан “Өнө мөнхийн орон” тоглолтоосоо хойш зургаа дахь жилийнхээ нүүрэн дээр “Хайрлахын жаргал” тоглолтоо хийсэн. “Хайрлахын жаргал” цомогтоо орсон дуунуудаа дуулсан. Энэ дуунуудаа бүтээхийн тулд маш их судалгаа хийж, их ч хөдөлмөрлөсөн. Монгол Улсын гавьяат жүжигчин Отгон гуайн дуулдаг “Бүүвэйн дуу” гээд гайхалтай уран бүтээлийг өөрийн урын санд оруулж дуулж байлаа.

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, их яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлэг
“Адуучин аавын хүү билээ
Агтны тоосонд төрсөн билээ…” гэсэн үгтэй сайхан дууг “VOICE” хамтлагтайгаа дуулж байлаа. “Хайрлахын жаргал” цомог маань “Эжий минь дэргэд байхад”, “Амин үргэлжлэл”, “Хун галуу”, “Хайрын эгшиглэн”, “Ус мөрөн олон чиг”, “Өнө мөнх орон” гээд олон дуутай шүү дээ.

ОТгонжаргалЦомгийнхоо дуунуудтай, нийт хорин дууг дуулсан. Надтай хоршин дуулсан дуэт дуучид маань бүгд ирж мэндчилгээ дуунуудаа өргөж байсан. Дуулж, бүжиглэж, хөгжимдөж байгаа бүрэлдэхүүн гэхэд зуу гаруй хүн байлаа. Симфони оркестр, эстрад найрал хөгжим, найрал дуучид, “Natur danse” бүжгийн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ гээд өргөн бүрэлдэхүүн оролцож байсан.

Тоглолтод миний дуунуудаас бүтсэн бүжгэн жүжиг тоглогдсон. Үндсэндээ урлагийн нийлмэл тоглолт болсон л доо. “Хайрлахын жаргал” анхны цомогт маань Монголын ард түмний хамгийн их хайрлаж хүндэтгэдэг яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлүүд багтсан. Тиймээс тоглолтынхоо тасалбарт энэ цомгоо дагалдуулж байгаа юм. “Хайрлахын жаргал” маань миний 13 жилийн хөдөлмөрөөр бүтсэн.

-“25 дугаар суваг” телевизийн цагаан сарын “Урилга” нэвтрүүлэгт Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой хамт нэг дуулсан даа. Та хоёр эртнээс хамтран бэлтгэсэн байсан уу, үгүй юу?

-Урьдчилан ярьж тохирсон зүйл байгаагүй. Энэ “Урилга” нэвтрүүлэгт би олонтаа уригдаж байсан. “Хун галуу” хэмээх ардын дуу дуулж байлаа. “Миний ээж тэмээчин”-ээ дуулж, Ану хатныхаа монологийг уншиж байлаа. Тэгэхэд Ц.Нямдорж гуайтай дуулна гэдгээ ер мэдээгүй. Гэхдээ Нямдорж гуай их сайхан дуулдаг гэдгийг олон хүн мэддэг юм байна лээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Гүрбазар ах гэнэт зарлаад тайзан дээр гаргасан.

Тэгээд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу, ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг “Аав ээж хоёр” минь хэмээх гайхамшигтай дууг хамтран дуулсан даа. Энэ дууг ямар ч хөгжимгүй дуулахад цаанаасаа л нэг хөгжимтэй дуулж байгаа юм шиг сайхан эгшиглэнт аялгуутай, сэтгэлд наалдацтай бүтээл шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img