2024-06-13, Пүрэв
17 C
Ulaanbaatar

Ц.Хулан: Тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ, бүхнийг даагаад гарна

Яруу найрагч Ц.Хулан хорих ангиас захидал илгээсэн нь "Өдрийн сонин"-д нийтлэгджээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ!

Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.

захидалӨмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.

Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн ноцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.

Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”. Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульч өмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй.

Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа авахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч , өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч.

Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ.

Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна.

Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа! Сайхан баярлаарай.

МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас, XII сар

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img