2024-07-26, Баасан
19 C
Ulaanbaatar

2023 онд орлогоороо тэргүүлсэн 10 хөлбөмбөгчин хэний хэн бэ?

Дэлхийн санхүү, эдийн засгийн тэргүүлэгч сэтгүүл “Forbes” уламжлал ёсоор хамгийн их орлого олсон оны хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ. Үүнд цалин хөлсөөс гадна нэмэлт урамшуулал, зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагааны орлогыг тооцсон байна. Орлогын хэмжээгээрээ 2023 онд эхний 10-т орсон хөлбөмбөгчдийг дор жагсаав.

1. Криштиану Роналду (Португал): 260 сая ам.доллар

Португалийн алдарт хөлбөмбөгчин сүүлийн 10 жилд энэ жагсаалтыг зургаадахь удаагаа тэргүүлсэн ч урьд өмнө энэ жилийн орлогын талд нь ч хүрдэггүй байжээ. Урьд нь түүний хувийн дээд амжилт 2021 онд 125 сая ам.доллар байсан юм.

Өмнөх жилийн жагсаалтад Криштиану Роналду 100 сая ам.долларын орлоготойгоор гуравт жагссан билээ. Өдгөө тэрээр Саудын Арабын “Аль-Наср” багт жилд даруй 200 сая ам.долларын цалин авдгаас гадна “Clear”, “Herbalife” зэрэг компаниудтай сурталчилгааны гэрээ хийсний дагуу нэмэлт 60 сая “ногоон” халаасладаг аж.

Мисси

2. Лионель Месси (Аргентин): 135 сая ам.доллар

Лео ийм хэмжээний орлоготойгоор урьд аль ч жилд энэхүү жагсаалтыг хангалттай тэргүүлэх байв. Гэвч Саудын Араб мөнгөөр зодож улсынхаа лигт дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг татах болсон тул Криштиану Роналдугийн ард ийн бичигдэв. Тэрээр энэхүү жагсаалтыг 2018-2020 онуудад дараалан тэргүүлсэн юм.

Сонирхолтой нь, Лионель Месси 65 сая ам.долларын цалингаасаа илүү буюу 70 сая ам.долларыг реклам сурталчилгаанд оролцсоноор олдог аж.

Неймар

3. Неймар (Бразил): 112 сая ам.доллар

Саудын Арабын “Аль-Хиляль” багт шилжсэнээр бразил довтлогчийн орлого мэдэгдэхүйц нэмэгджээ. Өмнөх жилийнхээс түүний нийт орлого 87 саяас 112 сая ам.доллар болж өссөн аж. Ингэснээр Неймар өмнөх жилийн жагсаалтаас нэг байраар дээшилжээ.
Цалингаас гадна тэрээр “Puma”, “Red Bull”, “Konami” гээд нэлээд хэдэн брэндтэй хамтран ажиллаж 32 сая ам.доллартай болжээ. Харин цалин нь 1.5 дахин нэмэгдэж 80 сая ам.долларт хүрсэн байна.

Мбапе

4. Килиан Мбаппе (Франц): 110 сая ам.доллар

Өнгөрсөн жилийн жагсаалтыг Килиан Мбаппе 128 ам.долларын орлоготойгоор тэргүүлсэн. Өнгөрсөн оныхоосоо ердөө 18 сая ам.доллараар бага мөнгө олсон тэрээр даруй гурван байраар ухарчээ. Тэрээр Европт цалингаараа тэргүүлдэг ч Саудын Араб, АНУ-ын “Интер Майами” багуудт одуудыг илүү их мөнгөөр татах болсон нь түүнийг энэ оны жагсаалтын ердөө дөрөвт бичигдэхэд хүргэв. Тэрээр 90 сая ам.долларын цалин авснаас гадна реклам сурталчилгаанаас 20 сая ам.доллартай болжээ.

Карим

5. Карим Бензема (Франц): 106 сая ам.доллар

Топ-10 дотор анх удаа орж ирсэн хөлбөмбөгчин бол Карим Бензема. Мөн л Саудын Арабыг зорьж “Аль-Иттихад” багт 100 сая ам.долларын цалинтайгаар хүчин зүтгэх болсны ачаар л тэр. Испанийн эзэн хааны гэгддэг алдарт “Реал” багт тэрээр одоогийнхоосоо тав дахин бага буюу 20 сая ам.долларын цалинтай байсан гэдэг.

Эрлинг Холанн

6. Эрлинг Холанн (Норвеги): 58 сая ам.доллар

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны шилдэг хөлбөмбөгчин Эрлинг Холлан өнгөрсөн онд одооныхоос хавьгүй бага, 39 сая ам.долларын орлоготой ажилласан. Тэглээ ч энэ жагсаалтад дахиад л зургаад бичигджээ.

Дээр нь тэрээр “Nike” зэрэг спортын брэндүүдтэй гэрээ байгуулснаар цалингаас гадуур орлогоо жилийн дотор гурав дахин нэмэгдүүлж 12 сая ам.долларт хүргэсэн аж.

Мохамед Салах

7. Мохамед Салах (Египет): 53 сая ам.доллар

Саудын Арабын “Аль-Иттихад” баг түүнд үлэмж хэмжээний мөнгө амласан ч Мохамед Салах “Ливерпуль” багтаа үнэнч үлдэж, мөнгөнийн хойноос гүйгээгүй. Иймээс ч өмнөх жилийнхтэйгээ адил “Ливерпуль”-иэс олгодог цалин 35 сая ам.доллар, реклам сурталчилга, бусад орлогын 18 сая ам.доллартайгаа хэвээр үлджээ.

Садио Мане

8. Садио Мане (Сенегал): 52 сая ам.доллар

Топ-10 дотор Карим Бенземагийн араас энэ жил орж ирсэн өөр нэг хөлбөмбөгчин бол Английн “Ливерпуль” багийн сенегал довтлогч Садио Мане. Тэрээр Саудын Арабын “Аль Наср” багаас амласан маш их мөнгөнд тэвчилгүй Английн Премьер лигийн нэр хүндтэй багийг орхин “цөлийн” хөлбөмбөгийг зорьжээ.

Үүнээс гадна Садио Мане спорт хувцасны “New Balance” компанитай байгуулсан гэрээний дагуу 4 сая ам.доллар жил бүр авсаар удаж буй.

Кевин де Брейне

9. Кевин де Брейне (Бельги): 39 сая евро

Английн Премьер лигт сүүлийн хэдэн жил давамгайлж буй “Манчестер Сити”-гийн гол тоглогчдын нэг бол яах аргагүй Кевин де Брейне. Өнгөрсөн жил бельги гаралтай энэхүү хагасхамгаалагч “Манчестер Сити”-д 25 сая ам.долларын цалинтай хүчин зүтгэсэн. Тэгвэл энэ жил Английн баг түлхүүр тоглогчдын нэгээ алдахгүйн тулд цалинг нь шууд 10 сая еврогоор нэмэгдүүлжээ.

Тэрээр мөн түргэн хоолны сүлжээ “McDonald’s”-тай сурталчилгааны гэрээ байгуулан дөрвөн сая ам.доллар олсон аж.

Харри Кейн

10. Харри Кейн (Англи): 36 сая ам.доллар

Төрөлх “Тоттенхэм Хотспур” багаасаа Германы Бундеслигийн супер баг, Мюнхений “Байерн”-д шилжсэнээр Харри Кейн жилд 26 сая ам.долларын цалинтай болж энэхүү жагсаалтын эхний 10-т шууд орж ирлээ.

Үүнээс гадна англи довтлогч АНУ-ын “Fanatics” гээд нэлээд хэдэн брэндийн албан ёсны нүүр царай болж сурталчилгааны гэрээ байгуулан нэмэлт 10 сая ам.доллартай болжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img