2024-10-07, Даваа
11.3 C
Ulaanbaatar

ДОРОМЖЛОЛ МЭТ ЯРУУ…

Өнгөрдөг “Болор цом”-ын үеэр залуу үе гарч ирлээ, сайхан байна гэж нэг талдаа ярьцгаасан бол нөгөө талдаа залуу үе гэж юу юм, бид л шалгарч байх ёстой гэсэн хоёр талцсан маягтай яриа нэлээд гарсан нь 1990-ээд оныг эрхгүй санагдуулав. Учир нь 1990-ээд оны үед манай яруу найрагт цоо шинэ үе төрөн гарч ирэхэд тухайн үед 50 хүрчихсэн байсан хөгшин «гулкаазууд» залуу яруу найрагчдыг ихэд эсэргүүцэн «доош нь хийж» байсан бөгөөд тэр үед харьцангуй залуухан байсан О.Дашбалбар найрагч хүртэл “Яруу найраг дахь зүүний нялхсын өвчин” ч бил үү шүүмж хүртэл бичиж байв даа.

Тэгэхэд нь багш (Профессор Д.Галбаатар. МУИС. – Г.Б) “Энэ хэдэн хүүхдийн турсагыг хуулахгүй юмсан” хэмээн өмгөөлөн бичиж байсан билээ. Гэхдээ одоо арай ч тиймдээ тулахгүй байх, өнөөдөр чинь өнгөрсөн зууны 90-ээд он биш, XXI зууны эхний 100 жилийн дөрөвний нэгийг цааш нь харуулчихсан мэдээллийн эрин үе шүү дээ. Амьд хүмүүс байгаа цагт үе хоорондын тэмцэл байх нь мэдээж учир өнөөгийн 50-тай хөгшдийг учиргүй буруутгаад ч яах билээ.

Зөвхөн өнгөрч буй 2023 онд яруу найргийн төрлөөр Б.Батзаяагийн “Сэтгэцийн асуудлууд”, Б.Алтанхуягийн “Сүнсний нөгөө тал”, Ж.Тэгшзаяа “Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй”, Х.Нямхишигийн “Жийд хэлний бадгууд”, Н.Минжинсайхан “Чамд хадгалсан зун”, Д.Цэнд-Аюушийн “Зүүгүй цаг”, О.Элбэгтөгсийн “Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал”, Хашбаатарын “Яруу феномен”, Ө.Балжинням “Бүрэг дасал үгс”, Л.Баасансүрэнгийн “Лит хуанлийн завсарт”, “Гурван цүүр”, Д.Дамдинжав “Хол гэдэг ойр”, Б.Дэлгэрмаа “Цаад эргийн давалгаа”, Г.Хүрэлбаатар “Үлгэр шиг алсад”, Мө.Батбаяр “Мөнгөн Будда авсан өдөр”, Ц.Дэлгэрмаа “Нүд чинь миний тэнгэр”.., гээд олон номууд хэвлэгдлээ.

номЭдгээр номуудыг сайтар шүүн үзвээс тэр нь муу гэж хэлэхэд төвөгтэй ер нь л сайн түүврүүд байна. Яруу найрагт залуу үе хүч түрэн орж ирж байгаагийн сонгодог баримт нь эдгээр номууд. Цаг хугацааны хувьд ч, яруу найргийн тухай зөв ойлголт, мэдрэмж төлөвшихийн хувьд ч залуу үе түрэн гарч ирэх нь одоо болсон.

ХХI зууны эхэн үеийн монголын яруу найргийн төлөвшилд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эхнийх нь мэдээж цаг хугацаа, өөрөөр хэлбэл ардчилал төлөвшсөн хойно төрсөн шинэ үеийнхэн насанд хүрч бидний үеийн холимогуудаас тэс өөрөөр сэтгэх болсон нь яруу найргийн шинэчлэлийн түүчээлж байна. Удаах нь уран зохиол, яруу найргийн мэдрэмжээр нэгдсэн чөлөөт хэлбэртэй бүлэг, бүлгэмүүд болон хэвлэлийн газар тойрсон уран бүтээлчид төлөвшиж байна, жишээ нь, “Гүн утга”, “Сүүн бэх” зэрэг бүлгэм болон

“Тагтаа” паблишингийнхан өдгөө монголын яруу найргийн өнгийг тодорхойлох болов. Гурав дахь нь дэлхий дахинд гарч байгаа сонгодог бүтээлүүдийг цаг алдалгүй орчуулан монгол уншигчдад хүргэж байгаа нь өөрийн ард түмний соён гэгээрэлд болон үндэстнийхээ уран зохиол, яруу найргийн хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр, үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт юм.

Энэхүү ажлыг манлайлж яваа “Тагтаа”, “Непко” зэрэг хэвлэлийн газруудад, залуу орчуулагчдад өнөөгийн уншигчид талархах ёстой. Чухам эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөгөөр л дээр дурдсан олон яруу найргийн номууд гарч, Б.Батзаяа, О.Элбэгтөгс, Б.Алтанхуяг, Ц.Гончиг.., нарын зэрэг шилдэг яруу найрагчдын бүтээлүүдийг уншиж байгаа нь өнөөгийн уншигчдын аз юм.

Энэ зуунд төвөөс зугатах хүчний үйлчлэл идэвхжиж, утга зохиолын томоохон төвүүд нурж Хятад, Турк.., мэтийн жижиг (утга зохиолын хувьд – Г.Б.) үндэстний уран зохиол дэлхий нийтийн анхааралд өртөх (ядаж л Нобелийн шагнал авах. – Г.Б.) болсон боловч анхан шатны түвшиндээ төвд тэмүүлэх хүч үйлчилсээр байгаа нь хэвлэлийн газрууд болон нийтлэлч Баабар гуай, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан нарын зэрэг лидерүүдийг тойрсон утга зохиолын хамтлагууд төлөвшиж байгаагаас харж болохоор байна.

Нүүдэлчдийн сэтгэхүй шингээх чадвар маш сайтай учир ямар ч үе гарч ирсэн шингээгээд л өөриймшүүлэн замнадаг онцлогтой тул ямар ч шинэ үеийнхний шинэ санааг нутагшуулдаг. Манай улсын хувьд хот гэдэг цоо шинэхэн зүйл, жинхэнэ утгаараа одоо ч хот байхгүй. Тиймээс ч урбан шүлэг өдгөөгөөс л үндсэндээ төлөвшиж байгаа нь ажиглагдаж эхэллээ. Үнэндээ 90-ээд оныхон шинэчлэгчид байсан ч шүлгүүд нь монгол ардын дуунууд байсан билээ.

Гэтэл өнөөгийн яруу найрагч:

«Ялгадсанд живсэн миний хотод
яруу найраг суултуурын ус татах чимээнээс
өөрцгүй байх ёстой.
Уулын горхины хоржигнох чимээ
хэдий сонсголонтой ч
угаадас, баас, шээсийг
тийм юмаар урсгаж дөнгөхгүй ээ…

…Цэвэрлэх байгууламж шиг сэтгэх хэрэгтэй.
Чадал, авьяас чинь хүрч байвал
цэвэр спирт, хлорамины уусмал шиг л
шүлэг бичих учиртай.
Ялгадсанд живсэн миний хотын
яруу найрагч нь шүлгүүдээ
суултуурын ус шиг даралттай шахах ёстой!» (Батзаяа.Б. “Сэтгэцийн асуудлууд”
УБ. 2023. 108) хэмээн бичиж байна.

ХХ зууны сүүл үеийн суут философичид хэмээн тооцогдох болсон Ж.Делез, Ф.Гваттари нарын “Анти-Эдип Капитализм ба шизофрени” (1972) ном гарснаар сэтгэцийн асуудал гэдэг зүйл хотын амьдралд хэвийн бөгөөд байх ёстой гол хүчин хэмээн хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ. Үе бүхэн өөрийн сэтгэцийн өвчнийг дагуулж явдаг нь жам. Тэгвэл өнөөгийн гол сэтгэцийн өвчин юу вэ гэдгийг яруу найрагч Батхүүгийн Батзаяагийн “Сэтгэцийн асуудлууд” номоос үзэж болохоор байна.

Түүний, “Сэтгэцийн асуудлууд” номын “Сэтгэцийн асуудлууд” шүлэг:
«Толгойд бодогдоод болохгүй,
өдрийн төгсгөлөөс түүнийг хайна.
Торгоох мөнгөндөө цадахгүй
толгой хоосон амьдрах үнэтэй…» (Батзаяа.Б. “Сэтгэцийн асуудлууд” УБ. 2023. 83) гэж
эхэлнэ. Гэтэл Ж.Делез, Ф.Гваттари нарын философидолтын гол санаа нь “өнөөгийн нийгмийн гол үйлдвэрлэл бол хүслийн үйлдвэрлэл” гэсэн томьёолол.

Жишээ нь, хамгийн сүүлийн загварын “iPhone 14 Pro Max”-тай хүнд дараагийн шинэ загварын авъя гэсэн хүсэл төрүүлэх л хамгийн чухал болохоос дараагийн загвар нь өмнөхөөсөө сайн байх уу, муу байх уу юугаараа илүү байх вэ гэдэг нь огт чухал биш болсон тийм нийгэм, тийм л сэтгэцийн өвчтэй хүмүүс, утга учиргүй шинэд тэмүүлэх, илүүд шунах эцэс төгсгөлгүй хүслийн боол болсон сэтгэцийн өвчтөнүүдээр өнөөгийн нийгэм дүүрсэн. Энэхүү утга учиргүй хүсэл шуналын үнэн төрх нь өнөөгийн УЛААНБААТАР.

Түүнийг нь яруу найрагч “Хотын дарга” шүлэгтээ:

«…Социализм, хувьчлал, зах зээлийг бид үзсэн ч
солиорол гэж юу байдгийг тэр л мэднэ.
Хайрын тухай үгс хайрыг хөнөөж болно.
Хамгийн хэрэгтэй зүйл чинь чамайг хорлож мэднэ.
Түүнд нэр төр гэж үгүй, ёс суртахуун гэж үгүй.
Ойлгож итгэх аргагүй тэр муу биеэ үнэлэгчийг бид
одоогоор мөнгө хэмээн дуудаж,
араас нь үхэлдэж байна.
Хотыг тэр л даргалж байна.» (Батзаяа.Б. “Сэтгэцийн асуудлууд”
УБ. 2023. 47) хэмээн бичсэн байгаа бөгөөд өөрөөр хэлбэл мөнөөхөн утга учиргүй хүсэл, оройгүй шунал л өнөөгийн хотыг ийм баас шээсний уурхай, түгжрэл стрессийн үйлдвэрлэл, цементэн ширэнгийн цуурай болгосныг дээрх мэтээр хэлжээ. Нэг нь нэг байшин барина, нөгөөх нь илүүг барих гэнэ, бүүр нөгөөх нь бүүр илүү өндрийг барих гэнэ, ийм хүслийн үйлдвэрлэл, шуналын өрсөлдөөн. Түүнийг нь мөнгө буюу өнөөгийн хүслийн үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн л ноёлж буйг ийн бичсэн бий.

Б.Батзаяагийн шүлгүүдээс асар их хайр, өгүүлшгүй их үзэн ядалт, үе дамжсан өс хийгээд гэгээнтний ариун энэрхүй мэдрэгддэг. Б.Батзаяа бол Д.Галсансүхийн дараах галзуу илэрхийлэл, Л.Өлзийтөгсийн дараах эмзэг мэдрэмж юм.

“Ахад” /Д.Галсансүхэд/
«…Доромжлол мэт ахтайдаа гэмтэн мэт гөлөлзнөм.
Дотогш залгих нулимс гэвч дорд дүүгийнх байнам.
Хилэн мэт атирах хөмсгийг тань хүсэмжлэн
хэнхэг тэнэгс дунд дүү нь хөмсөггүй мэт гөлийнөм.
Цөвүүн цаг ирэхэд нөмөр ахтайдаа
цөхөх мохох бүхэн рүү сохор мэт шунганам.
Тавьтаргүй, овилгогүй нь та ч; танаас хэцүү нь би ч
таныг Та гэдэгт итгэсэндээ өөрийгөө дарнам!» (Батзаяа.Б.“Сэтгэцийн асуудлууд” УБ. 2023. 57) гэсэн мөрүүдийг чухам л Д.Галсансүхэд зориулж яг л Б.Батзаяа бичнэ биз ээ. Харин түүний мэдрэмжийг:

«…Гунигтай шүү, эндхийн хавар цаг.
Хэдхэн загас, хэдхэн шувуу тэсэж үлдсэн хотод
Шөнөжин өцийж суух өөрийгөө харахаар л
өлийсөн хэдэн цэцэг бодогдох юм.
Хорь ч юм уу, гучин жилийн дараа
өөрийгөө цэцэг болсноор бодохоор л
инээд хүрээд хоолойд шороо амтагдах шиг…

…Бичиж суухдаа л энэ шүлгийг
битгий дуусчихаасай гэж хүсэж байна,
чи ч тэгж уншаарай.
Аманд шороо амтагдсан өдрүүд – үнэндээ
хичнээн ирсэн ч ажрахгүй шигээ
ахин дахин миний харж буй зүйл бол
харанхуйг шүүрч авах гар чинь л байна.» (Батзаяа.Б. “Сэтгэцийн асуудлууд” УБ. 2023. 149) зэрэг өвөрмөц илэрхийллүүдээс нь харж болно.

Өнөөгийн шинэ үеийн яруу найрагчдын бүтээлүүдээс уянгалдаг үе дуусаж сэтгэдэг үе ирсэн болох нь маш тод харагдах болов. Хэдхэн жилийн өмнөх дүрслэлт сэтгэлгээний хагархай элтсүүд бүхий солигддог зураг мэт шүлгийн зурвасхан үе ийнхүү ясаа тавьлаа. Мөн үеийн хойдохыг Б.Батзаяа өөрийн шүлгүүдээрээ уншив байна.

ХХI зууны эхэн үеийн монголын шинэ яруу найргийг өөрийн шүлгүүдээрээ бүрэн төлөөлөхүйц яруу найрагч бол Батхүүгийн Батзаяа мөн. Ингэж бичлээ гээд намайг сэтгэцийн асуудалтай л гэнэ биз, харин сэтгэцийн асуудалтай байх нь сайн юм уу, эсвэл сэтгэцийн асуудалгүй байх нь сайн юм уу?
Сэтгэцийн асуудалтай хэн байна?
Сэтгэцийн асуудалгүй хэн байна?

2023-12-27

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img