2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Ц.БАЗАРРАГЧАА: Эвгүй үнэртэй амтай бол 70 наслах тухай бодоод ч хэрэггүй

Шүдний эмч, тулгуур эдийн эмч, амны хөндийн нян судлаач, АУ-ны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа.

-Амны эвгүй үнэр асуудал болдог нь нууц биш. Яагаад юунаас болж тэр вэ. Уг нь өдөрт хоёр удаа шүдээ угаадаг гэх хүмүүс л байдаг?

-Сүүлийн үеийн дэлхийн хөгжил бидний өмнө асар их боломж, технологи, амьдралын таатай орчин нөхцөлийг бий болголоо. Гэтэл монголчуудын, залуучуудын амны хөндийн байдал “нойль” зааж байна.

Ерөөсөө яг л жорлон. Маш өмхий, маш заваан. Түүнийгээ өөрсдөө ойлгодоггүй, мэддэггүй. Хаа сайгүй нус цэрээ хаяж буйг нян судлаач хүний хувьд харахад, Улаанбаатар орчим явахад үнэхээр төвөгтэй. Амны хөндийд 760 төрлийн нян, төрөл зүйлээр нь хуваахад хэдэн мянган нян бактери, өвчин үүсгэгч байдаг. Сүрьеэгийн бактери, B, C вирус, хелико бактер бол маш их. Хүмүүс энэ бүхнийг гудамжинд хаяж байна.

-Амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахивал зохистой вэ?

-Би 20 жил амны хөндийн нянг судаллаа. Амны хөндийд өвчлөл үүсгэдэг, шүдийг цоолж, буйлыг үрэвсүүлдэг нянгуудыг бараг идэхээс наагуур судалж байна. Хэрэв хүн буйлны үрэвсэлтэй, амны хөндийдөө нян тээж яваа бол 240 гаруй өвчин, 11 төрлийн хавдраар өвчлөх эрсдэлтэйг шинжлэх ухаан батлаад 50 жил боллоо.

Өнөөдөр өмхий амтай байгаа хүн 70 насалж чадахгүй. Энэ бол батлагдсан асуудал. Ийм л аюул заналтай зүйлийг манайхан тоохгүй, “Миний ам хэнд хамаатай юм бэ” гээд явж байна. Амны хөндийн эрүүл ахуй амьд явах эсэхийг шийднэ.

-Монголчуудад нийтлэг байдаг амны хөндийн өвчлөл юу вэ?

-Нэгдүгээрт буйлны үрэвсэл маш их. Дараа нь шүд цоорох өвчин, хелико бактери байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааны жишээг ярья. Хэрэв буйлны үрэвсэлтэй бол таны амны хөндийд хелико бактери байх магадлал 18-20 хувь, чихрийн шижин, элэгний циррозоор өвчилсөн байх магадлал өндөр, зүрхний шигдээс, бөөрний өвчлөлөөр нас барах магадлал 29 хувь, тархины цус харвалт болох магадлал 28 хувь, нойр булчирхайн хорт хавдар 59 хувь, цусны хорт хавдар 30 хувь гээд үргэлжилнэ.

B, C вирус элгийг өвчлүүлээд хүн элэгний циррозтой болж нас бардаг. Буйлны үрэвсэлтэй, бактери тээж яваа хүн архи, өөхлөлтийн бус гаралтай элэгний цирроз тусч, цаашлаад хорт хавдраар өвчлөх магадлал 20-30 хувьтай, ирээдүйд 57-70 хувьд хүрнэ гэдгийг дэлхийн амны хөндийн нян судлалын шинжлэх ухаан тогтоочихсон.

-Амны хөндийн эрүүл ахуйдаа яаж анхаарал тавих вэ?

-Юуны өмнө амнаас чинь эвгүй үнэр гарч байна уу, шүдээ угаахад цус гарч байна уу, хэл өнгөртэй байна уу гэдгээ шалгах хэрэгтэй. Эвгүй үнэр гарч байвал хамгийн түрүүнд эмчид очиж үзүүл, оношлуул. Тэгээд асуудал байвал яаралтай эмчилгээнд ор. Өндөр хөгжилтэй орнуудад оношлох явцдаа амны хөндийгөөс нь арчдас аваад өвчин үүсгэгч микробыг нь микроскопоор харчхаж байна.

Энэ оношлогооны арга нэвтрээд 20 гаруй жил болчихлоо. Амны хөндийн үзлэг, эмчилгээний арга барил, эм бодис, техник технологи их өөр болсон. Эмч нар хүнийг өвчин, зовиур үүсгэхгүйгээр оношлох, эмчлэх арга барилд суралцаад тодорхой хугацаа өнгөрчихлөө. Тэгэхээр эмчид хандахаас айх хэрэггүй. Та эрүүл амтай байж эрүүл биетэй, эрүүл биетэй бол саруул ухаантай явна. Энэ бүхний үндэс нь эрүүл буйл шүү.

-Хүмүүс шүдээ эмчлүүлэхгүй явсаар авхуулах тохиолдол их бий. Шүдээ авхуулах буруу биз дээ?

-Нэгдүгээрт буруу. Хоёрдугаарт, шинжлэх ухаан технологи асар өндөр хөгжөөд шүд цоорох өвчний эмчилгээг 100 хувь шийдчихсэн. Цоорч хүндэрсэн ч эмчлэх боломжтой. Хүн өөрийн шүдтэй байх эсэх нь өөрийнх нь хариуцлагын асуудал болсон. Одоо нүүр ам судлалын шинжлэх ухаан хүмүүсийг эрүүл буйлтай байлгах асуудал дээр л сөхөрч байна. Буйлны үрэвслээс сэргийлэх, оношлох, антибиотикгүйгээр маш өндөр түвшинд эмчлэхийн төлөө судлаачид явж байна.

Буйлны үрэвсэл нь эрхтэн системийн өвчлөлийг үүсгэдэг нэг том шалтгаан. Юун шүд цоорох өвчин бэ. Буйлны үрэвсэл бол асар хоруу чанартай, олон төрлийн өвчлөл, хавдрын эхлэл, системийн өвчин үүсгэдэг, маш аюултай. Та бөөрний B, C вирус гэж дуулсан уу. Элэгний B, C гэдэг вирус зөвхөн элгийг гэмтээдэг. Тэгвэл буйлны үрэвслийг үүсгэдэг олон тооны нян бүх эрхтнийг өвчлүүлнэ, эцэст нь үхэлд хүргэнэ.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Үнэхээр цэцэрлэгээс бодлоготой зааж сургаж, баримтлуулж мэдлэг олгомоор сэдэв. Амны хөндийн өвчлөлөөс дамжаад → хоолой → бөөр, зүрхний өвчин үүсэх, дахих, хүндрэх тохиолдол нэлээн их байдаг…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img