2024-07-22, Даваа
16 C
Ulaanbaatar

Доктор Г.Эрэгзэн: Хүннүчүүд дэлхийг хэрсэн сүлжээтэй үйлдвэрлэгчид явсныг нотлох зүйлс өчнөөн байна

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэнтэй ярилцлаа.

-Хүннүгийн булшуудыг толгой дараалан тонох сүйтгэх ажил Сяньбигийн үед өргөн далайцтай хийгдсэн байдаг-

-Хүннүгийн булшны ихэнх нь манай улсаас олдсон. Монголд бүртгэгдсэн оршуулгын дурсгалаас хэчнээн нь язгууртных байдаг бол. Язгууртны булш жирийн иргэдийнхээс яг юугаараа онцгойрч ялгардаг вэ?

-Евроазийн нутаг дэвсгэрт Хүннүгийн дурсгал маш өргөн хүрээнд тархсан байдаг. Хүннү гүрэн өргөн уудам газар нутаг эзэмшсэн эзэнт гүрэн байсан учраас дурсгал нь маш олон газраас илэрдэг юм. Мэдээж гол төвлөрөл нягтрал нь Монгол. Монголд одоогоор 14 мянган Хүннүгийн булш оршуулгын дурсгал бүртгэгдсэний 2000 гаруй нь язгууртны булш.

Язгууртны булш бунхан хэмжээний хувьд асар том төдийгүй хэлбэр нь ч энгийн жижиг булшнаас өөр. Их өвөрмөц хэлбэртэй. Гадна талаасаа дөрвөлжин харагдана. Урд талдаа үүдэвчтэй.

Гонзгой хэлбэрийн байгууламжтай хосолсон. Энгийн хүн харахад байшингийн довжоо шиг л харагддаг. 10 метр орчмын жижгээс 50-60 метрийн хэмжээтэй том ч бий. Монгол Улсад Хүннүгийн язгууртны булштай 10 газар байдгаас хамгийн алдартай нь Ноён уулын дурсгал.

1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвөдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон түүхтэй. П.К.Козловын экспедиц Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олсноос хойш өнөөг хүртэл судалгаа бараг 100 жил үргэлжилж байна.

-Дэлхийн улс орнууд дахь Хүннүгийн язгууртны дурсгалаас хэчнээн нь манай улсад хамаарах вэ?

-Дэлхий дээр Хүннүгийн язгууртны 14 дурсгалт газар байдгийн 10 нь Монголд бий. Тодруулбал, Ноён уул, Гол мод, Гол мод-2, Дуурлиг нарс, Бор булагийн ам, Бэлхийн ам, Тахилтын хотгорын дурсгал алдартай томд тооцогддог. Сүүлийн үед Овоо хар, Хялганат, Ямаан усын дурсгал нэмэгдсэн. Эдгээр газруудад маш том судалгааны ажил хийж байна. Сая дурдсан 10 дурсгалт газарт 2300-2400 булш байгаа нь бүгдээрээ язгууртных. Дотроо олон янзын хэмжээтэй. Хамгийн том нь Ноён уул, Гол мод, Гол мод-2, Дуурлиг нарсанд бий.

Эдгээрийг Шаньюйгийн болон гэр бүл, овгийнхны оршуулга гэж үздэг. Том язгууртын булшнуудаас Гол мод, Ноён уул, Гол мод-2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Ямаан ус, Бэлхийн амны дурсгалт газар малтлага судалгааны ажил хийгдсэн.Товчхондоо сүүлийн 100 жилийн хугацаанд том, жижиг нийлсэн 30 орчим булшинд судалгаа хийгээд байна. Судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртнуудын өв соёлын талаарх олон зүйл тодорхой болж, түүх шинээр бичигдэх хэмжээний олдвор нотолгоотой болсон.

-Түүх өөрчлөх хэмжээний гэдэг үг чинь сонирхол татаж байна шүү. Түүх өөрчилсөн дурсгалууд гэхээр ямар эд зүйлс байхав?

-Хүннүгийн язгууртнууд өрнө дахинтай өргөн харилцаатай байсныг Хүннүгийн язгууртны булшнуудаас гарсан эд өлгийн зүйлс нотолдог л доо. Ром, Египет, Дундад Ази, Перс, Хятадын Хан улсын гаралтай эд өлгийн зүйлсээс гадна өөрсдийнх нь зүйлс ч бас бий.

Товчхондоо Хүннүгийн язгуурнууд тухайн үедээ дэлхий дахинтай тэгш харьцдаг өргөн харилцаатай байсныг булшнаас нь илэрсэн эд өлгийн зүйл гэрчилдэг. Түүгээр ч зогсохгүй гадны улсууд зөвхөн хүннүчүүдэд зориулж эд өлгийн зүйл хийдэг, хийж явуулдаг байсан нь ч тодорхой харагддаг.

Жишээ нь хятадууд, дундад Азийнхан бүтээгдэхүүн хийж илгээдэг байсныг нотлох өчнөөн зүйлс бий. Өрнийн тухайд зориулж хийсэн эсэх нь мэдэгдэхгүй ч худалдаа арилжааны шугамаар авах боломжгүй зүйлс булшнаас гарсан. Малтлага судалгаагаар гурван төрлийн Ромын шилэн аяганы хагархай хэсгүүд болон ганц бүтэн аяга олдсон.

Эртний Ромд энэ төрлийн шилэн аягыг маш онцгой технологиор МЭ-ний I зуунд үйлдвэрлэдэг байсан юм. Ийм аягыг Ромын язгууртнууд л тансаг хэрэглээндээ хэрэглэж байсан учраас дэлхий даяараа “Ромын шилэн аяга” хэмээн нэрлэдэг. Дэлхийн томоохон музейнүүд буюу ОХУ-ын Эрмитаж, ХБНГУ-ын Бонн хотын музей, АНУ-ын Нью-Йоркийн музей, Италийн Ромын үндэсний музей зэрэг газарт миний мэдэхийн 30 гаруй ийм аяга бий. Монгол Улсад бол цор ганц байна. Бүр Азидаа ганц. Одоо Монгол Улсын эрдэнэсийн санд байгаа.

-Зөвхөн язгууртнууд нь л Ромын шилэн аягыг хэрэглэдэг байсан гэхээр гадагшаа худалдаалдаггүй байж. Тийм утга учиртай аяга Хүннүгийн язгууртны булшнаас гарсан гэхээр хүннүгийн дээдчүүлд зориулж хийгээд илгээсэн байх хувилбар л үнэнд ойрхон санагдаж байна…?

-Тухайн үедээ бараг алтнаас үнэтэй байсан эд өлгийн зүйл. Таны хэлдэг ортой л доо. Зөвхөн язгууртнууд л хэрэглэдэг, зарагддаг зүйл биш байсан гэсэн үг. Ноён уулын булшнаас бас домгийн бурхны дүрслэлтэй Ромын легионы хуягны мөнгөн чимэглэл олдсон. Иймэрхүү эд өлгийн зүйлс худалдаа арилжаагаар ирэх боломжгүй. Тэгэхээр хүннүчүүд баруунтай шууд харилцаатай байж.

Ромын хаад язгууртнуудтай бэлэг солилцсон ч юм уу, улс төр, эдийн засгийн харилцаатай байсны баталгаа нь энэ эд өлгийн зүйл гэж хэлж болно. Хүннүгийн булшыг малтан судалснаар хуучин ойлголтыг няцааж байгаа.

-Хуучин ойлголт гэдэг нь…?

-Хүннүчүүд Хятадаас эд өлгийн зүйлс дээрэмдэхээс өөрийг мэддэггүй зэрлэг бүдүүлгүүд байсан гэх ойлголтыг өөрөөр харах боломж бий болж байна. Нөгөөтэйгүүр Хүннүгийн булшны судалгаа идэвхжснээр дэлхий дахинд Монголын археологийн дурсгал, Монголын археологийн ажлын үр дүн илүү сайн танигдах давуу талтай.

Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монголд хийгдсэн археологийн судалгааны хамгийн гол чиглэл нь Хүннүгийн судалгаа, тэр дундаа язгууртны булшны малтлага судалгаа байсан. Энэ чигийн судалгаа маш өргөн далайцтай хийгдсэн. Ноён уулын дурсгалт газарт 2006-2015 оны хооронд ОХУ-ын Археологийн хүрээлэнтэй хамтраад дөрвөн удаагийн малтлага судалгаа хийсэн.

Доктор эрэгзэнЭнэ газарт П.К.Козловын экспедици судалгаа хийснээс хойш 100 жилийн дараа хийгдсэн том ажил байгаа юм. Нэлээд сонирхолтой эд өлгийн зүйл олж, олон шинэ баримт гаргаж ирсэн. Гол модны дурсгалт газрын тухайд 2000-2006 он хүртэл Монгол, Францын хамтарсан экспедиц манай хүрээлэнтэй хамтарч ажиллахдаа язгууртны хоёр том булшийг судалсан. Нэгдүгээр булшны хувьд 1955 онд Доржсүрэн гээд Монголын археологич малтаж эхлээд дуусгаж чадаагүй байсныг дуусгасан. Хоёрдугаар булш буюу дундаж хэмжээний язгууртны булшны судалгааг мөн хийсэн.

Уг судалгааны үр дүнд өнөөх алдартай ганц эвэрт бэлгэт гөрөөсний дүрс, мөнгөн чимэглэлүүдийг олсон юм. Өнөөдрийн тухайд Гол мод-2 дурсгалт газрын судалгааны ажил хийж байна. Мөн Дуурлиг нарсны дурсгалт газарт Монгол, Солонгосын хамтарсан экспедицийн судалгааны ажил хийгдсэн. 2006-2011 оны хооронд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгаа хийгдэж, жижиг хэмжээний гурван булш малтсан.

2011 онд “Гол мод 2”-ын дурсгалт газарт Улаанбаатар их сургуулийн профессор Д.Эрдэнэбаатарын удирдсан төсөл том язгууртны булш малтаж, өнөө алдартай алт, мөнгөн эдлэлүүдийг илрүүлж, Монголын эрдэнэсийн санд хүлээлгэж өгсөн. Үүнтэй яг ижил хэмжээний булш гэвэл Дуурлиг нарсны дурсгалт газар малтаж буй булш байна. Ийм том хэмжээний булш Монголд зургаа л бий.

-Гол мод-2 болон Дуурлиг нарсны дурсгалт газар малтаж буй булшийг онцгой гэж хэлж байхыг сонссон. Юугаараа онцгой вэ?

-Шаньюйгийн булш гэж үзэж болохоор байгаа. Бусад нь бол язгууртны булш. Гол мод 2, Дуурлиг нарсных Шаньюйгийнх байх магадлал маш өндөр. Тэр утгаараа Дуурлиг нарсны малтлага судалгаа их чухал, том ажил.

2019 онд бунхан дагасан малтлага хийсэн. Энэ жилээс үндсэн булшинд малтлага судалгаа хийгдэж байна. Үнэхээр том. Үүдэвчтэйгээ нийлээд бараг 80 метрийн хэмжээтэй учраас малтлага хоёр сарын турш үргэлжилсэн. Цаашдаа 2-3 жил малтаж байж булшиндаа хүрнэ.

Тэгэхээр эд өлгийн зүйлс гарч ирэх болоогүй гэсэн үг. Гэхдээ дагуул булшийг малтан судалж байх явцад сонирхолтой эд өлгийн зүйлс олон гарсан. Жишээ нь мангасын дүрстэй хос мөнгөн бүсний арал гарсан. Өмнө нь ийм олдвор Монголд олдож байгаагүй. Төстэй олдвор ОХУ-ын нутагт, Буриадын нутаг дэвсгэрт Хүннүгийн булшнаас олдож байсан. Мөн олон тооны адууны тоног хэрэгсэл олдсон.

-Хүннүгийн язгууртны булш их эрт цагт тоногдсон гэж ярьдаг юм билээ. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Ер нь Хүннүгийн язгууртны булшны ихэнх нь эрт цагт тоногдсон байдаг. Судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны булшнууд II зууны үед буюу Хүннү гүрэн мөхсний дараа Сяньбигийн үед ихэвчлэн тоногдсон гэж таамаглаж байгаа. Малтлага хийгдсэн 30 булш 30-уулаа тоногдсон байсан. Тиймээс булшуудыг толгой дараалан тонох сүйтгэх ажил Сяньбигийн үед өргөн далайцтай хийгдсэн байгаа юм.

Булшнуудаас гарсан тонуулчдын ул мөр гэж бий. Ул мөрөөс авсан дээжээс улбаалан он цагийг нь таамаглаж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл ямартай ч тоногдсон, тонуулчдын ул мөр тодорхой мэдэгдэж байгаа гэсэн үг. Тонуулчид тоносон ч бүх эд өлгийн зүйлийг авдаггүй, зарим нь үлддэг. Үүний хамт ул мөр нь ч үлдэнэ. Ямартай ч судалгаа шинжилгээний хувьд ач холбогдолтой зүйл үлддэг учраас тоногдсон хэдий ч судалгаа хийгдээ тодорхой үр дүнгүүд гардаг.

-Хүннүгийн язгууртнуудын булшнаас гарч ирсэн эд зүйлсээс гайхашруулсан олдвор цөөнгүй биз?

-Хүннүгийн язгууртны булшнаас асар олон төрлийн зүйл олддог. Жишээ нь Гол мод-2 дурсгалт газрын Хүннүгийн булшнаас 5000 гаруй эд өлгийн зүйл олдсоны дийлэнх нь адууны тоног хэрэгсэл. Дуурлиг нарсны нэгдүгээр булш 50 орчим метрийн урт, 15 метрийн гүнтэй Хүннүгийн дундаж язгууртных. 2010-2014 онд малтлага хийхэд хялгасан дээсээр хийсэн хазаар гарч ирсэн.

Тухайн язгууртанд зориулж хийсэн, унаж байсан морин тэрэгний хазаар болох нь тодорхой. Бас хялгасаар хийсэн хазаар Хүннүгийн булшнаас маш сайн хадгалалттайгаар гарч ирсэн байдаг. Энэ нь анхны тохиолдол гэдгээрээ онцгой. Бунханы хана хазаар байсан хэсэг дээр нураад битүүмжлэл үүсгэчихсэн учраас ялзраагүй үлдчихсэн хэрэг.

-Хүннүгийн язгууртны булшнаас хүннүчүүдийн амьдрал, үхлийг үзэх философийг харж болно гэдэг…?

-Хүннүчүүд бунхан байгуулах болсон гол шалтгаан нь хоёр дахь амьдралд итгэдэг байсантай холбоотой. Булш, бунхан байгуулна гэдэг хоёр дахь амьдралын асуудал шүү дээ. Хүмүүс хоёр дахь амьдралд итгэдэг болсноос хойш оршуулга хийдэг болсон. Сүүлдээ тэр булш бунхан нь үлдсэн хүмүүстээ ямар нэгэн байдлаар гай зовлон дууддаг ч юм уу, тэр мэт шалтгаанаас хамгаалах гэж тахилга хийгддэг болж өөрчлөгдсөн гэж үздэг. Хүннүгийн булш ч гэсэн хойд төрөлдөө сайн хүн болж, энэ амьдралаасаа илүү сайн амьдрах гэсэн санаагаар хийгддэг байсан нь тодорхой харагддаг.

Хүний сүнс муу зүг рүү гарвал тэнгэрт очихгүй гэж үздэг байсан учраас сүнсийг нь зөв зүг рүү гаргахын тулд хүнд байдаг есөн сүвийг нь бүгдийг нь хашаар бөглөөд цээжин дээр нь маш гоё чимэглэлтэй хаш чулуу тавьдаг байсан. Хаш чулуугаа сүнсний хаалга гэж нэрлээд, түүгээр дамжиж хүний сүнс саадгүйгээр дээш тэнгэрт гардаг хэмээн бэлгэддэг байж. Иймэрхүү хаш эдлэлүүд олон газраас гарсан. Дуурлиг нарс, Ноён уул, Гол мод 2-оос ч олдсон гэхээр маш түгээмэл ёс байсан гэсэн үг.

-Есөн сүвийг бөглөсөн нь бүгд бүтнээрээ олдсон тохиолдол бий юу?

-Энэ зан үйл, итгэл үнэмшил зөвхөн Хүннүгийнх биш л дээ. Хятад, Зүүн Азид өргөн дэлгэрсэн. Бумбын шашинтай холбоотойгоор эдгээр улсад өргөн тархсан учраас бид мэдээд байгаа юм. Хүннүгийн булшнаас дандаа хагархай эдлэлүүд гардаг. Түүнээс гадна морин тэрэг, өөрсдийнх нь хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дагалдуулж оршуулдаг байсан.

Тухайн язгууртан хойд төрөлдөө очоод хэрэглэг, энд байснаасаа дутуугүй илүү тансаг хангалуун амьдраасай гэсэн бэлгэдлээр эд зүйлс дагалдуулдаг байж. Тэр бүү хэл замыг нь гэрэлтүүлэг гээд дэнлүү хүртэл хийдэг байсан нь малтлагаар илэрсэн.

-Язгууртнуудыг нас барахад шивэгчин, боолыг нь дагалдуулж оршуулдаг байсан ч гэдэг. Хороогоод дагалдуулж оршуулдаг байсан гэсэн үг үү?

-Хаад язгууртны булшинд зарц шивэгчин эсвэл олзолсон боол, зарц нарыг дагалдуулах явдал Хүннү эзэнт гүрний эхэн үед түгээмэл байсан. Сүүлдээ арай багассан нь анзаарагддаг. Язгууртны булшинд хамгийн олондоо 30 орчим дагуул булш байгуулсан байдаг. Дагуул булшыг судлахаар заримыг нь хороож дагалдуулсан байдаг бол зарим нь жамаараа нас барсан байх магадлалтайгаас гадна язгууртын төрлийнхөн байх магадлал ч анзаарагддаг. Ойрхон нутаглуулсан гэсэн үг.

Гэхдээ Хятад сурвалжид, Хүннүгийн язгууртан нас барах юм бол маш олон шивэгчин боолыг дагалдуулдаг гэх мэдээ бий. Гэхдээ энэ бол Хүннү гүрний эхэн үеийн зан үйлийн мэдээлэл гэж судлаачид үздэг. Одоо бидний судлаад яваа Хүннүгийн язгууртны булш бол дунд үеэс хойшхи нь. Энэ үеэс дагалдуулах, ялангуяа зарц боолыг нь хороож дагалдуулах явдал багассан гэж үздэг.

-Түүхийг шинээр бичих хэмжээний олдвор ч бий гэж ярьсан даа. Хүннүчүүдийн талаарх ойлголтыг эвдсэн ямар дүгнэлтэд хүрч болохоор байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Хүннүгийн булш оршуулгын судалгаа эрчимтэй хийгдсэнээр Хүннүгийн улс төрийн төв Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан, Хүннүгийн үндсэн нутаг нь Монголын нутаг гэдэг нь харагдаж байгаа юм. Яагаад гэвэл Хүннүгийн язгууртны булшны гол төвлөрөл энд байна. Хэдийгээр урагшаа говийн өмнө талд нутагладаг байсан ч гэсэн язгууртнуудыг нас эцэслэхэд төрсөн нутагт нь авчирч оршуулдаг байсан учраас оршуулгын газрын цөм нь энд илрээд буй хэрэг.

Бид зөвхөн Хүннүгийн язгууртны булшны судалгаагаар хязгаарлагдахгүй жижиг булшны судалгааг ч хийж байна. Хот, суурин тэр бүү хэл үйлдвэрлэлийн газруудыг илрүүлж судалж байна. Үр дүнд нь хүннүчүүд ямар ч байсан тодорхой хэмжээний өөрсдийн үйлдвэрлэлтэй, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн систем бий үүсгэсэн нь тодорхой болчихлоо. Жижиг өрхийн үйлдвэрлэл биш шүү. Өмнө нь Монголын Хүннүгийн эртний овог аймгуудыг өрхийн үйлдвэрлэлээр төсөөлж тайлбарладаг байсан бол одоо “масс”-ын үйлдвэрлэлийн асуудал яригдаж байна.

-Үйлдвэрлэгч гүрэн байсан гэх гээд байна уу?

-Үйлдвэрлэгч байсан. Бүх юмыг үйлдвэрлэдэг байж. Үйлдвэрүүдийг улсаас зохион байгуулалттайгаар байгуулж явсан нь тод харагдаж байна.

-Хэрэглэж байсан зүйлсээ өөрсдөө үйлдвэрлээд ашигладаг байж гэж ойлгож болох нь ээ. Илүүг нь мэдээж зарж борлуулах ч юм уу бараа тааваараар сольдог байсан байж таарна. Одоогийнхоор бол экспортлогч байсан ч байж мэдэх нь дээ?

-Хүннүчүүд хэрэгцээнийхээ тодорхой зүйлсийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан. Одоогоор 1000 орчим Хүннүгийн жижиг булш, оршуулгын дурсгал малтсан. Тэндээс гарч байгаа хазаар, амгай гэхэд л төмөр эдлэл. Амгай бол Зүүн, Баруун Төв Монголын булшнаас ч адилхан нэг хэв хийцтэй гарч ирсэн. Энэ бол том “масс” үйлдвэрлэл байсны нотолгоо. Масс үйлдвэрлэл байсны ул мөрийг бид шинээр илрүүлж олсон.

Тухайлбал, төмрөө хайлуулж байсан зуухны үлдэгдлийг олон газраас илрүүлээд судалж байна. Ваар сав шатаадаг байсан газрыг илрүүлсэн. Мөн үйлдвэрлэлийн тусгай суурин тосгон байсан газрыг илрүүлээд судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Том гол мөрнүүдийг дагасан томоохон үйлдвэрлэлийн бүсүүд байсан болов уу. Сэлэнгэ, Орхон, Хэрлэн голыг дагасан хэд хэдэн үйлдвэрлэлийн бүсүүд байсан нь тодорхой болсон. Одоогоор судалгааны ажил нарийвчлагдан хийгдэж байна.

Хүннүчүүд Хятад руу уулгалан довтолж дээрэм тонуул хийдэг нүүдэлчин зэрлэгүүд биш гэдэг нь тодорхой болчихсон. Гаднынхан ч хүлээн зөвшөөрч эхэлж байна. Хүннүчүүд хэрэгцээт зүйлсээ дотооддоо үйлдвэрлэдэг, хангадаг системтэй байсан. Нэг газар үйлдвэрлээд, худалдаалах сүлжээгүй бол баруун, зүүн тийшээ 2000 км-т очихгүй шүү дээ. Энэ бол үйлдвэрлээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг сүлжээтэй байсны ул мөр.

Судалгаа хийхээр хүннүчүүд маш өндөр соёлтой байсан нь харагддаг. Зөвхөн хоолны хэрэгсэл гэхэд л олон янз. Зөвхөн мах иддэг байсан бол зөвхөн хутга л гарна биз дээ. Дуурлиг нарсны дурсгалт газрын язгууртны булшнаас цайны шанага, идээшүүлдэг шүүртэйгээ цуг олдсон. Зүгээр ч нэг эд зүйлс биш, хосоор нь “сет” болгож хийсэн байсан. Тэр хэмжээний өндөр соёлтой байсан гэсэн үг. Мөн савх, ясан савхнууд маш олон булшнаас гарч ирсэн. Ингээд харахаар хүннүчүүд савхаар хоол иддэг байсан, ер нь хоол, цайны өндөр соёлтой байсан гэсэн үг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img