2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Доктор Б.Оюун-Эрдэнэ: Хүүхдүүд хайраар дутаж, ганцаардснаас болж цахим хэрэглээ, буруу зуршилд автаж байна

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, гэр бүл судлаач, доктор, профессор Болдуухайн Оюун-Эрдэнэтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр гэр бүл судлаач мэргэжлээр олон зуун шавь төрүүлж яваа манай улсын өмнөө барьдаг эрдэмтдийн нэг бөгөөд “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа нэгэн юм.

– Судалгаанд хамрагдсан найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан –

-Гэр бүл судлалын чиглэлээр дагнан ажиллаад удах шиг боллоо. Энэ чиглэлээр ажиллах болсон шалтгаан юу байна?

-Миний багш, шинжлэх ухааны доктор Т.Намжил багш 2005 онд “Гэр бүл судлалын тэнхим байгуулсан, хамтран ажиллая” гэж анх хэлсэн юм. Багш өөрөө түүхийн багш мэргэжилтэй, археологийн олдвор, угсаатны зүйн баримтуудад үндэслэн монгол гэр бүлийн түүх, соёл, ёс заншлыг судалдаг байсан.

Багш 1997 онд “Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлал, түүнийг Зүүн Хойд Азийн орнуудтай харьцуулан судалсан нь” сэдвээр шинжлэх ухааны доктор хамгаалсан. Тэгээд л багштайгаа хамт ажиллаж эхэлсэнээр гэр бүлийн судалгааны орчин үеийн асуудлууд руу орсон. Манай Олон Улсын Улаанбаатарын их сургууль БНСУ-ын зуун хувь хөрөнгө оруулалттай сургууль учир багшийн Гэр бүл судлалын тэнхим байгуулах саналыг дэмжсэн.

Солонгос улс бол Гэр бүл, жендэрийн яамтай, гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээг хүргэх тогтолцоо нь төлөвшсөн, энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг тухайлан бэлтгэдэг улс юм билээ. Ингээд 2007 онд “D810800-Гэр бүл судлаач” гэсэн индексээр анхны бакалаврын 30 гаруй төгсөгчдийг, 2009 онд Гэр бүл судлал мэргэшлээр анхны магистрын 10 гаруй төгсөгчийг бэлтгэн гаргасан.

Энэ нь Монгол Улсад гэр бүл судлаачдыг бэлтгэх боловсролын шаталсан сургалтын тогтолцоог үүсгэн хөгжүүлсэн явдал байсан юм. Өнөөдрийг хүртэл манай тэнхим гэр бүл судлаачдыг бакалавр, магистрын түвшинд тасралтгүй бэлтгэсээр байна. Өөрөөр хэлбэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын үндэсний боловсон хүчнийг манай тэнхим бэлтгэж буй юм.

-Гэр бүл судлал гэдэг сонсоход амархан ч гэсэн ярвигтай асуудал ихтэй салбар байх шүү?

-Гэр бүл судлалын тэнхим байгуулагдсанаар мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхээс гадна гэр бүлийн түүхэн болон орчин үеийн асуудлуудыг шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах, нийгмийн практикийн хүрээнд үүсээд байгаа тулгамдсан асуудлуудын талаар суурь болон хавсарга судалгаа хийх, гарц шийдэл хайх гээд олон асуудлуудад ахиц дэвшил гарсан.

Мөн олон улсын жишгээр гэр бүлийн боловсрол олгох, сургалт нөлөөллийн ажлууд хийгдэж эхэлсэн. Тэнхимээ байгуулаад оюутнуудаа бэлтгэж байх эхний долоо найман жилд тэд маань төгсөөд ажиллах ямар ч ажлын байргүй байсан юм.

Бид “Та нар өөрсдөө ажлын байр гаргаарай, төрийн бус байгууллага байгуул, олон улсын төрийн бус байгууллагуудад ажиллаарай, өөрийн өрх гэрээ сайн сайхан авч явж, сайн ээж, аав болоорой” гэдэг байлаа. Гэхдээ мэдээж энэ бидний зорилго биш. Гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоотой болгох нь л чухал байсан.

-Манай улсад гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоо хэзээ бий болов?

-2010 онд Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамны тухайн үеийн захиалгаар “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгаа хийгдсэн юм. Шинжлэх ухааны академи болон манай тэнхим хамтарч энэ судалгааг хийсэн. Уг судалгаагаар нийгмийн шилжилтийн дараагаар үүссэн нийгэм, эдийн засгийн хямрал нь хүн ам, өрх, гэр бүлд томоохон өөрчлөлтийг бий болгосон нь илэрсэн.

Тухайлбал: судалгаанд оролцсон нийт өрхийн 25 хувь нийлмэл байхаас гадна, хил дамнасан гэр бүл, тавиул хүүхэд, ижил хүйстнүүд, архины хамааралтай өрх гэр бүл, хүчирхийлэлтэй гэр бүл, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдсэн байсан.

Мөн гэр бүл салалт өссөн, хүүхдээ авч үлдсэн талд эдийн засгийн болон сэтгэл зүйн ачаалал нэмэгдсэн байдалтай. Залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгээгүй, гэр бүлийн боловсрол олгох үйлчилгээ байхгүй байгаа нь олон сөрөг асуудлын шалтгаан болж байсан. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь гэр бүлийн зөвлөгөө, боловсрол олгодог газар хэрэгтэй гэж үзсэн байсан.

-Монголд гэр бүлийн асуудлыг төрийн бодлогодоо ер нь оруулж чухалд тооцдоггүй байсан байх шүү?

-Төрөөс гэр бүлийн асуудлыг анхаарах зайлшгүй нөхцөл үүссэн байсан тул 2013 онд ХАХНХЯ-нд Гэр бүлийн хөгжлийн хэлтэс байгуулагдсан. Энэ нь төрөөс гэр бүлийн асуудлыг тухайлан бодлогын түвшинд авч үзэх анхны нэгж болсон юм.

М.Оюун-Эрдэнэ2015 онд агентлаг байгуулагдаж, нийслэл, есөн дүүрэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, аймгуудын хүүхдийн байгууллагыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгож чиг үүрэг нэмэгдсэнээр төрийн тогтолцоо төлөвшиж эхэлсэн.

Гэр бүл, хүүхдэд чиглсэн хөгжил, хамгааллын үйлчилгээ харьцангуй бий болж эхэлж байна. Харин энэ оноос чиг үүрэгт бага зэрэг өөрчлөлт орж бүх шатандаа Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нэртэй болж байгаа юм билээ. Уг нь нэрийн хувьд гэр бүл нь урдаа байвал бодлогын хувьд зөв болох юм.

-Сүүлийн үед ямар судалгаа хийгдэв. Өнөөдөр манай улсын гэр бүлд ямар онцлог өөрчлөлтүүд гарч байна вэ?

-2010 оны судалгаанаас хойш найман жилийн дараа “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгааг хийсэн. Уг судалгааг гэр бүлийн тухай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тандан судлах хүрээнд зохион байгууллаа.

Санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан судалгааг дан, нийлмэл, өрөөсгөл, залуу, дунд, ахмад гэр бүлийн хүрээнд хийсэн. Түүнээс олон соёлт гэр бүл, дахин гэрлэсэн гэр бүл, хил дамнасан гэр бүл гэх мэт тусгайлсан судалгаа шаардлагатай гэр бүлүүдийг хамруулаагүй. 2016 өрхөд хийсэн судалгаа л даа. 32.3 хувь нь залуу, 37.6 хувь нь дунд, 30.1 хувь нь ахмад гэр бүлийн төлөөлөл байсан.

Залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь орон сууц хүссэн бол 16.3 хувь орлого нэмэгдүүлэх боломж хүссэн. Дунд насны гэр бүлүүдийн хувьд ч санхүү, хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудал бэрхшээлтэй байна. Гэр бүлүүдэд тулгамдсан асуудлын түрүүнд материаллаг хэрэгцээ болон ахуйн наад захын хэрэгцээний асуудал жин дарж, эрэмбэлэгдсэн.

-Бор хоногийн хоолоо яая гэсэн гэсэн зүдүү гэр бүлүүд ч их байгаа байх аа?

-Гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудал юуны өмнө ихээр санаа зовоож байна хэмээн хариулсан байдаг. Харин удаах байранд гэр бүлийн гишүүдийн боловсролын асуудал орж байна. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 31.9 хувь нь “Манай гэр бүлд дор хаяж нэг гишүүн согтууруулах ундаа хэрэглэдэг” гэж хариулсан.

Гэр бүлийн зөрчил, маргааны шалтгаан нь санхүүгээс үүдэлтэй 41.4 хувь, согтууруулах ундааны хэрэглээ 15.7 хувь, хүүхдийн асуудал 15.3 хувь, өр зээл 13.9 хувь, үзэл бодлын зөрчил 11 хувь гэсэн дарааллаар эрэмбэлэгдсэн. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 31.6 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Харин хүчирхийллийн хохирогчдын 37.4 хувь эрэгтэй, 62.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

-Гэр бүлийн хүчирхийллийн ямар хэлбэрүүд илт давамгайлж байгаа бол?

-Насны хувьд залуучууд бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд, харин дунд болон ахмад настнууд сэтгэл санааны хүчирхийлэлд илүү өртөж байгаа нь судалгааны харьцуулалтаас харагдсан. Мөн орчин үеийн гэр бүлд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдаж байна.

Манай тэнхим дээр гэр бүлийн асуудлаар магистрын судалгааны нэг сэдэвт ажлууд тогтмол хийгддэг. Бид аль болох нийгэмд хэрэгтэй судалгааг хийхийг эрмэлздэг. 2022 онд Н.Чулуунтуяа шавьтайгаа “Хөдөлмөр эрхэлдэг залуу гэр бүлийн амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт, тулгамдаж буй асуудлуудын талаарх судалгаа”-г хийсэн. Судалгаанаас орчин үеийн залуус маань орон гэртэй болох, ажилтай байх гэдэгт гол анхаарлаа хандуулдаг нь илэрсэн.

Санхүүгийн хямрал, ажлын хэт ачаалал, цагийн төлөвлөгөөгүй амьдралын хэв маягаас болж гэр бүлийн үнэт зүйлс алдагдаж, хамгийн амин чухал зүйлс болох хосын харилцаа, үр хүүхдээ хайрлан хүмүүжүүлэх асуудлыг анхаарлын төвөөсөө гаргаж, гэр бүлийн дотно, үр бүтээмжтэй цаг хомсдож, бие биенээ хайрлан энэрэх харилцаа дутагдсан, мөн хүүхдүүд нь хайраар дутаж, ганцаардснаар цахим хэрэглээ, буруу зуршилд автаж, үл хайхрагдаж байгаа сөрөг асуудал түгээмэл илэрсэн.

-Судалгааны үр дүн ярина гэвэл мөн ч их зүйл ярихаар байгаа юм байна даа…

-Өнөөгийн гэр бүлд гарч буй сөрөг өөрчлөлтийг гурван түвшинд тодорхойлж болохоор байгаа юм. Тухайлбал, нэн түрүүнд гэрлэлт цуцлалт жил бүр өсч байгаа. 2017 онд 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан бол таван жилийн дараа 2022 онд 4515 болж 570 өрхөөр нэмэгдсэн. Үүнд хамтран амьдарч байгаад салсан буюу гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаад салсан гэр бүл ороогүй.

-Гэр бүл сална гэдэг мөн ч гунигтай зүйл дээ. Хувь гэр бүлийн асуудал нийгэмд хүртэл сөрөг нөлөө их үүсгэж байгаа даа?

-Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа. Улиралд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл арван мянга гаруй бүртгэгддэг гээд бод доо. Ялангуяа хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал халамж, үр бүтээмжтэй цаг багассан.

Хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчны талаарх томчуудын мэдлэг ойлголт хангалтгүй байна. Монгол гэр бүлийн хүмүүжил, үнэт зүйл, соёл, ёс уламжлал ихээхэн алдагдсан. Монгол гэр бүлийн ёс уламжлалыг бэхжүүлэх нь үндэстний дархлаа гэдгийг нийтээр ойлгох ёстой.

М.Оюун-Эрдэнэ-Гэр бүлийн судалгааг ямар аргачлалаар хийж байна?

-Гэр бүл судлал бол социологийн шинжлэх ухааны нэг салбар. Тиймээс социологийн судалгааны аргуудыг өргөн ашиглахаас гадна кейс судалгаа болон стандарт асуумжуудыг түгээмэл ашигладаг.

Тухайлбал, 2018 оны судалгаанд хэд хэдэн стандарт асуумж ашигласан. Канадын сэтгэл зүйч Д.Олсоны гэр бүлийн гишүүдийн харилцааны нэгдэл нягтрал, дасан зохицох чанарыг тодорхойлох аргачлалыг судалгаанд ашигласан бөгөөд монгол гэр бүлийн харилцаа нэгдэл нягтралын байдал тэнцвэртэй түвшинд хамаарч байна.

Харин орчин үеийн нийгэмд гарч буй өөрчлөлт, гэр бүлд нөлөөлж байгаа санхүүгийн бэрхшээл, ажилгүйдэл зэргээс үүдэлтэй бухимдал нь гэр бүлийн орчин, тэр дундаа хүүхдэд маш их сөргөөр нөлөөлж байгааг судалгаанд оролцсон экспертүүд онцолсон.

Судалгаанд оролцогсод хүүхдийнхээ дэргэд зүй бус үг хэллэг ашиглах, бие биеэ бусдын өмнө зэмлэх, хүүхдийн дэргэд бусадтай муудалцах, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, хүүхдээ зодох зэрэг үйлдлүүдийг зарим үед гаргадаг болохоо илэрхийлсэн.

-Анзаарч байхад манай улсад хүүхдийн эрхийг дэндүү хөсөрдүүлж байх шиг санагддаг. Энэ талаар хийсэн судалгаа бодвол байдаг байлгүй?

-“Хүүхдийн эрхийн мэдлэг хандлага хэрэглээ” сэдвээр 2016 онд хийсэн судалгаанаас үзвэл манай улсын хүүхэд, өсвөр үеийнхэн амьдралын анхдагч орчин болсон гэр бүл, сурч хөгжиж, боловсрохуйн орчин болсон сургууль, нийгэмшихүйн орчин болсон олон нийт, цахим ертөнц, үзвэр үйлчилгээний газруудад ямар нэг хүчирхийлэлд өртөж, айдас хүйдэстэй амьдарч байна.

Судалгаанд хамрагдсан арван хүүхэд тутмын найм нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан бол тэдний хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар бие махбодын хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, таван хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байна.

Энэ бол дэндүү гашуун үнэн. “Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зам” судалгаанаас үзэхэд долоо хоног бүр гэр бүлдээ зориулсан цаг байдаг эсэхэд 60 гаруй хувь нь тийм, үлдсэн хувь нь үгүй гэсэн байна.

Хүүхдийнхээ хүсэл сонирхол, бодол санааг ойлгож мэдрэхийн тулд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойр дотно байж, тэдний үйл хөдлөл, үг яриа, харилцаа хандлага зэргээс олон зүйлийг гярхай ажиглаж хүүхдээ зөв таньж, чиглүүлж байх явдал чухал. Энэ нь хожмын өдөр засч боломгүй алдаанаас хүүхдээ урьчилан сэргийлэх мөн хүүхдээ ойлгож, хэрэгцээ шаардлагыг нь оновчтой тодорхойлох боломжийг олгодог.

-Хүүхдийн сэтгэхүйн ертөнц их эмзэг байдаг. Томчууд бид ч яс юман дээр үр хүүхдүүдээ чин сэтгэлээсээ ойлгохгүй юм даа?

-Хүүхдүүдийн 51 хүртэл хувь нь аавтайгаа, 67 хүртэл хувь нь ээжтэйгээ чөлөөтэй ярилцаж чаддаг ба 27 хувь нь аавтайгаа, есөн хувь нь ээжтэйгээ илэн далангүй ярилцаж чаддаггүй байна. “FTRI” аргачлалын дагуу эцэг эхчүүдээс авсан гэр бүлийн өдөр тутмын үйл ажиллагаа буюу амьдралын дадал хэвшил, гэр бүлийн дэг журам, харилцаа хандлагын индексийн боломжит дээд утга нь 96 байх боломжтой ч дундаж үзүүлэлт нь 63.5 байна.

Ойрын 5-10 жилд манай оронд өрх гэр бүлийн, түүний дотор өрх гэр бүлийн харилцааны асуудал улам нарийсан төвөгтэй болж, шийдвэрлэх асуудлууд их гарч ирэх хандлага ажиглагдаж байна. Ийм нөхцөлд гэр бүл, хүүхдийн харилцааг зохицуулах эрх зүйн орчны шинэлчлэл хийгдэж байгаа нь сайн хэрэг юм. Гэр бүлд чиглэсэн оновчтой төрийн үйлчилгээг хүргэхийн тулд судалгааг таван жилийн давтамжтай хийх ёстой. Гэвч манайд ингэж чадахгүй байна.

-Монгол гэр бүлийн хүмүүжил, уламжлалын үнэт зүйл чухам юунд байсан гэж та үзэж байна?

-“Монголын нууц товчоон”-оос үзэхэд монголчуудын гэрийн сурган хүмүүжлийн агуулга нь юуны өмнө удам угсааны цадигаа цээжлэхийг чухал зорилго болгож, уг угсааны доторхи гэр бүлийн дотооддоо эвтэй, нөхөрсөг байхыг сургаж хүмүүжүүлдэг байжээ.

Монгол аавуудын угсааны цадигаар дамжуулан олгож ирсэн хүмүүжил нь монгол үндэстний нэгдэл нягтралтай байх үзэл санааны нэгэн үндэс болж ирсэн гэж үзэж болох юм. Энэ нь овгийн дотоодын эе эвийн тухай хүмүүжил, овог аймгийн хоорондох эв найрамдлын хүмүүжил-улс гүрний дотоодын эв нягтралын хүмүүжил гэсэн нягт уялдаатай байжээ.

Рашид-Ад-Дины “Судрын чуулган”-д “Тэд цөм лавлавал бүрэн мэдэж болох тов тодорхой цадигтай. Учир нь монголчууд өөрийн өвөг дээдсийнхээ гарал үүслийг цээжилж явах юм. Эцгүүд нь мэдээ орсон хүүхэд нэг бүртээ аль овгийнх болохыг сайтар хэлж угсаа язгуурын домог яриагаа ярьж өгдөг” гэж тэмдэглэсэн байдаг даа.

-Хүмүүжил гэдэг хойч үеийнхэнд зайлшгүй чухал зүйл. Хүмүүжилгүй л бол хүн биш болдог нь нууц биш. “Хүн болох багаасаа” гэдэгчлэн өмнөх нийгэмд “Хүмүүжил” гэсэн сэтгүүл хүртэл байсан даа…

-“Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох” гэсэн үг бөгөөд үүнд аавын оролцоо хамгийн чухал байжээ.

Манай эцэг өвгөд хэм сахих ёсыг хатуу баримталж байсан нь хүмүүжлийн үндсэн зарчим байв. “Үглэж сургахаар, үлгэрлэж сурга” гэдэг зарчим үйлчилж мэндлэх, хүндлэх, зочлох, цээрлэх гэх мэт олон ёсыг дагаж мөрддөг байж. “Эцэг уул нурдаггүй, эхийн сүү ээддэггүй” гэсэн сайхан үг бий.

-Аав, ээжүүд үр хүүхдээ хэрхэн хүмүүнжүүлж байв?

-Монгол эр хүн холын хараатай, уужуу ухаантай, тайван түвшин, гэр бүл төрөл төрөгсөд, өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй, ханьдаа халамжтай, өтгөсөө хүндэлдэг, үр хүүхдэдээ сайн үлгэр дуурайлтай жудаг төгөлдөр сайхан чанартай. Гэвч өнөө үед монгол аавуудын өмнө тулгамдсан асуудал нэмэгдэх болжээ.

Хүүхдийн хүмүүжилд аавын нөлөө их тул саяхан би аав нарт зориулсан сургалтын загвар боловсруулж туршсан. Монголчууд бид хүүхдийн хүмүүжлийг төрсөн цагаас бус эхийн хэвлийд байх үеэс нь анхаарч ирдэг сайхан уламжлалтай. Монгол эх хэвлийдээ үрээ тээсэн цагаас эхлэн тайван, уян ухаалаг болж уурлаж уцаарлах, элдэв муу үг сонсох, хэлэх, муу үйл хийхийг цээрлэж хожмын хүүхдийн зан аашинд нөлөөлнө гэж үздэг.

Манай ард түмэн үр хүүхдээ “биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө зас” гэсэн нь нийгмийн гишүүний хувьд эрдэм номтой элдэвт авхаалжтай, үйлэнд уран, үнэнч шударга, зөв төвшин, даруу төлөв болж хүмүүжээд, дараа нь айл гэрийнхээ голомтыг асааж хань ижил, үр хүүхэдтэй болон төрийн хэрэгт биечлэн оролцож түмэндээ зүтгэх ёстой гэсэн зарчмын утгыг агуулж буй юм. Ардын ёс зүйн бичигдээгүй хууль, ахуйн дүрэм журамд эцэг, эх үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлтай байж тэднийг зөв хүн болгодог байлаа.

М.Оюун-ЭрдэнэУламжлалт ёсонд эцэг эхээс гадна ахмад хүмүүс багачууд хүүхдийг сургаж хэлэх эрхтэй байв. Энэ нь зөвхөн гэрийн төдийгүй нийгмийн хөгжлийн нэгэн зарчим болж байв. Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх энэхүү өв ухааныг шинжлэх ухааны онол, судалгаа ч батлан нотолдог юм.

-Хүүхдийн өсөж том болох, хүн болж хүмүүжихэд орчны нөлөө ус, агаар мэт чухал гэж их ярьдаг ч амьдрал дээр нэг л болж бүтэхгүй тал руугаа хэлбийгээд байдаг даа?

-Оросын сэтгэл зүйч Л.С.Выготский “Хөгжил гэдэг чанарын өөрчлөлтийн гинжин холбоо, хүүхдийн хөгжилд орчны нөлөөлөл чухал, энэ нь тухайн хүүхдийн тэрхүү орчинд байсан мэдрэмжээр тодорхойлогдоно” гэсэн байдаг. Германы эрдэмтэн Карен Хорни “Хүүхэд ахуй цагийн сэтгэгдэл мэдрэмж нь насанд хүрсэн хүний сэтгэцийн бүтэц үйл ажиллагаанд нөлөөлдөг ба эцэг эх хүүхдийн хоорондын нийгмийн харилцаа холбоо нь хүүхдийн хүмүүжилд шийдвэрлэгч нөлөөтэй хүчин зүйл” гэсэн.

Өөрөөр хэлбэл эцэг эхийн харилцаа хандлага, хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, гэр бүлд тогтсон дэг жаяг, хүүхэддээ үлгэрлэх байдал, эцэг эхийн үйл хөдлөл, гэр бүлийн орчин нөхцөлд хүүхдийн оюун ухаан дасан зохицож, хүүхдийн хөгжил хэрхэн явагдах эсэх нь шийдвэрлэгддэг гэсэн үг. Эцэг, эх, хүүхдийн харилцаа нь хайр хүндлэл, харилцан ойлголцол дүүрэн хамтарсан бүтээлч шинжтэй байх үед илүү хариуцлагатай, хүнлэг, өөрийн амьдрал, үзэл бодолдоо эзэн болсон бие хүнийг төлөвшүүлдэг.

Иймд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аливаа зүйлд хамтран ажиллаж, тодорхой цаг хугацааг хүүхэддээ зорилго, чиглэлтэйгээр зарцуулах, тэдэнд өөрийн үйл хөдлөлөөрөө зөв үлгэрлэх, үүрэг хариуцлага хүлээлгэх, аливаа шийдвэрт тэднийг оролцуулах, бусдыг хүндлэх, бусадтай нийцтэй байх зэрэгт сургах нь ирээдүйд өөрийн байр сууриа зөв олох, биеэ зөв авч явах, нийгмийн амьдралд хөлөө олоход нь нэн тустай гэдгийг шинжлэх ухааны онолууд батлаад байна л даа.

Нийгмийн түгээмэл үзэгдэл болох ажилгүйдэл, ядуурал, шударга бус байдал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүд нь гэр бүлийн амьдралын хэв маягт нөлөөлсөөр байгаа ч эцэг эхчүүдийн хувьд гэр бүлдээ гаргаж буй цаг хугацаа, бүрдүүлж буй тайван амгалан орчин нь үлэмж чухал зүйл гэдгийг ухамсарлаж, тухайн зүйлд ач холбогдол өгч хандах нь туйлын чухал шүү.

-Монголчууд бид гэр бүлийн талаар цаашид ямар асуудлыг анхаарах шаардлагатай байна вэ?

-Гэр бүлийн боловсрол олгох үйлчилгээг хөгжүүлэх буюу урьдчилан сэргийлэх, гэрлэлтэд бэлтгэх, гэр бүлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх учиртай. Мөн гэр бүлд хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвүүдийг байгуулах шаардлагатай байна. Маш сайн хууль, бодлого, хөтөлбөр гарлаа ч түүнийг иргэдэд хүргэх үйлчилгээ байхгүй бол үр дүнгүй шүү дээ. Жишээ нь, сум багийн төвийн гэр бүлүүд хаана, хэнд хандах вэ. Энэ асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Энэ 2024 онд УИХ-аар батлагдах Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад л гол найдварыг тавьж байна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img