2024-12-03, Мягмар
-26 C
Ulaanbaatar

Ардын жүжигчин Л.Цогзолмаа: Аягатай сархадтай дөхөөд очихоор хамаг бие салганаад ухаан алдах шахдаг байж билээ

“Бөмбөгөр ногоон” театрт тухайн үеийн авьяас билгийн охь болсон хүмүүс уран бүтээл туурвиж байсныг Монголын урлагийн алтан үеийнхэн хэмээдэг. Алтан үеийн төлөөлөл болсон хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай энэ 2024 онд 100 насны босго алхан ороод байгаа билээ. Лувсанжамцын Цогзолмаа 1924 оны зургаадугаар сарын 15-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаан хад хэмээх газар төржээ. Ээж нь түүнийг төрүүлээд бурхан болсон аж. Хорвоод удаан амьдрахгүйгээ мэдсэн хөөрхий эх нь охиноо зэргэлдээ орших Сэргэлэн сумын Лувсанжамц гэдэг танилындаа өргүүлсэн гэдэг. Багаасаа дуунд дуртай, дуулах сонирхолтой байсан түүнийг ах нь “Залуучуудын соёлын ордон”­ы хөгжмийн ангид оруулжээ. Тэрээр 1936-1938 онд Улаанбаатар хотод орос сургуульд сурч байсан тул орос хэл багадаа сурчээ. Цогзолмаа 1938-1940 онд Залуучуудын Соёлын төвд хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркийн хөгжимчин, 1944-1957 онд Улсын цирк болон Хөгжимт драмын театрт дуучин зэрэг ажил алба эрхэлсэн байна. Зууны манлай сайхан бүсгүй маань Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” хөгжимт драмын Гэрэлгоо, “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиуны ари болон монгол ардын “Цэвэр охин”, “Гандий мод”, “Эхийн ач”, “Нуруу нь алаг шаазгай” зэрэг дуунуудыг чадварлаг сайхан дуулж, 1950 онд бие даасан концерт бэлтгэж тоглон манай тайзны урлагт нэг шинэлэг хэлбэрийг анх бий болгосон байна. Ардын дуу бүжгийн чуулгад найруулагчаар ажиллахдаа концертын хуучин хэлбэрийг өөрчлөн шинэчилж “Хангай дуу”, “Говийн дуу”, “Алтайн дуу”, “Пионерийн зусланд” зохиомж концерт болон хүндэтгэлийн олон концерт найруулж, Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллахдаа сайн дурын уран сайхан, ардын авьяастныг хөгжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж олон удаагийн урлагийн үзлэг, наадмуудыг санаачлан зохион байгуулсан байна. Дэлхийн залуучууд оюутны I-VI их наадамд оролцож, Москвад болсон VI их наадамд зориулсан концертыг найруулан, өөрийн бие даасан концертыг гарамгай тоглосон учир төрийн шагнал хүртжээ. “Олон гэдэг оломгүй далай” дурдатгалын ном бичиж 1993 онд хэвлүүлсэн байна. БНМАУ-ын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, БНМАУ-ын маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг 1951 онд, Монгол Улсын ардын жүжигчин цолыг 2001 онд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 2007 онд тус тус хүртжээ. “Бөмбөгөр ногоон театр” гэрэл зургийн цомог номын баярын үеэр хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа гуайтай уулзаж ярилцаж байв.

Л.Цогзолмаа

-“Бөмбөгөр ногоон” театрын тайзан дээр морьтой баатрууд арын хаалгаар орж ирдэг байлаа-

-Таны бие лагшин тунгалаг уу?

-Өдий болтол амьд яваадаа сэтгэл маш их баяртай сайхан байна. “Бөмбөгөр ногоон театр”-ын түүхийг гэрэл зургийн цомогт мөнхөлсөнд сэтгэл хөдөлж, их сайхан санагдаж байна. Цомгийг эмхэтгэсэн ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хүү Болддоо талархлаа. Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүс, Театрын урлагийн музейнхэндээ баярлалаа.

-“Бөмбөгөр ногоон театр”-ын алтан үеийнхэн ч үнэхээр агуу авьяаслаг Монголын ард түмний хайрыг татсан гайхамшигтай хүмүүс шүү?

-Бөмбөгөр ногоон театр маань Монгол Улсын соёл урлагийн түүхэнд маш их үүрэг гүйцэтгэсэн гайхамшигтай байгууллага.

Одоо эргээд бодоход театрын ар талын тайзнаас эхлээд үзэгчид, сандал ширээ хүртэл нүдэнд харагдаж байна. Өөрөөр хэлбэл бидний ид цэцэглэж явсан, сайхан насандаа ажилласан анхны минь газар юм аа. (хоолой нь зангиран уйлав. Л.Б) Амьдралын минь марташгүй том хэсэг Бөмбөгөр ногоон театртай холбоотой. Тийм учраас энэхүү театрын тухай их сайхан дурсамжууд үлджээ. Монголын урлагийн түүхэнд томоор үлдсэн ийм л түүхтэй анхны театр даа.

Л.Цогзолмаа

-Бөмбөгөр ногоон театрыг мажар хүн бариулсан гэдэг бил үү?

-Энэ их сонин театр л даа. Театрыг бариулсан эзэн нь Унгарын иргэн И.Гелета гэдэг хүн л дээ. Жараад оны үед Монголд ирэхэд нь манай өвгөн (Намын төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын нэрт сэтгүүлч Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Цэндийн Намсрай. Л.Б) уулзаж байсан л даа. Театрын сонин нь юу гэхээр нэг ч баганагүй барьсан байдаг. Таван зуугаад хүний суудалтай их хөөрхөн театр байсан.

-Бас ч том л театр байж?

-Театрын арын хаалгаар тайзан дээр морьтой орж ирдэг байсан шүү дээ.

Л.Цогзолмаа-Морьтойгоо тайзан дээр гарч ирнэ гэхээр их амьд жүжиглэдэг байжээ…

-“Шарай голын гурван хаан” жүжигт тэр арын хаалгаар гурван баатар морьтойгоо тайзан дээр гарч ирж байсан дүрс одоо надад нүдэнд харагддаг юм. Цагааны Цэгмид гуай, Нямын Цэгмид хоёр л лав тоглож байсан. Энэ нь их сайхан санагддаг байлаа.

Монголын урлагийн олон нэртэй жүжигчид энэ бөөрөнхий театраас төрж гарсан. Бөөрөнхий театрыг зохиолч, найруулагч, орчуулагч Эрдэнэбатхааны Оюун гуай, ардын жүжигчин Нямын Цэгмид гуай нар удирдаж байсан. Задгай Ламзав гэдэг хүн театрын даргаар ажиллаж байлаа.

-Та бөөрөнхий театртайгаа хэдэн онд хувь заяагаа холбосон билээ?

-Гучин дөрвөн (1934) онд юм. Арван настайдаа анх удаа “Бөмбөгөр ногоон”-ы босгыг давж “Говийн хүүхэн Гүндэгмаа” гэдэг жүжгийг үзсэнээ мартдаггүй.

Тайзны гол дундаас урд нүүр хүртэл өндрөөс нам болсон ногоон тавцан зүлэг дээр час улаан дээл, мөөмөн оройтой малгай өмссөн өндөр гоолиг нуруутай бүсгүй гүйж гарч ирээд унахад савхин цамцтай, суран бүс, саравчтай малгай өмссөн эрэгтэй алсаас ирээд бүсгүйг босгож уулзаж байгаагаар уг жүжиг төгсч байсныг санаж байна.

Л.Цогзолмаа-Та зорьж очиж үзэж байв уу?

-Чухам ямар аргаар орсныг мэдэхгүй. Жүжиг тарсны дараа жүжигчдийн өрөөнд гүйгээд ортол маш гоё гялтганасан цэнхэр торгомсог хувцастай нөгөө сайхан хүүхэн чинь нүүрний будгаа яаран сандран арилгаж байхыг хараад ёстой л мэл гайхан биширч билээ. Тэр торгомсог гялалзсан хувцас нь торгон дотуур хувцас байж. Урлаг ингэж хүүхэд миний сэтгэлд цахилгаан гэрэл харвуулан гийгүүлсэн юм даа.

-Таны харсан тэр сайхан бүсгүй хэн гээч жүжигчин байв?

-Хожим мэдэхэд, тэр бүсгүй гавьяат жүжигчин Болд, эрэгтэй нь Шаравдоо гуай байсан. Мөн гучин таван онд байх. “Бөмбөгөр ногоон”-д нэг концерт үзсэн. Хажуу тийшээ самнасан халимаг үстэй хөөрхөн бор хүү сандал дээр суучихсан, хөл нь газар хүрэхгүй, хуучир тоглож, хажууд нь бас нэг жижигхэн охин ёочин дарж байлаа.

Тэд бол хожим нь ардын жүжигчин болсон Намсрайжав, гавьяат жүжигчин Базаррагчаагийн дүү Вандуй нар байсан байдаг. Надаас жаахан хүүхдүүд хөгжимдөж байхыг хараад ийм болох сон гэж сэтгэл ихэд хөдлөн урлагт улам ч донтох болсон сон.

Л.Цогзолмаа-Таныг театрт орох үед ардын авьяастан голдуу хүмүүс байв уу?

-Бид цөмөөрөө л жаахан залуучууд орсон. Зөвлөлтийн мэргэжилтэн бүжгийн багш, найруулагч, хөгжмийн багш, зураач гэсэн таван хүн лав ажиллаж байсан. Бөмбөгөр ногоон театр маань дотор нь ажиллаж байсан урлагийн зүтгэлтнүүд, барилга байшингаараа ч мартагдахгүй сайхан дурсгалын газар байсан. Би анх Циркт хөгжимчнөөр орсон ч удаагүй.

Дөрвөн жил болоод байтал 1944 оны намар Төв театрт дуудагддаг юм. Гавьяат жүжигчин Дорждагва гуай, орос мэргэжилтэн Клешко багш хоёр сууж байна. Төгөлдөр хуур тоглож, намайг дуулуулав. Шалгасан нь тэр байж. Хэд хоногийн дараа Төв театрт дуучнаар шилжүүлсэн тухай Уран сайхны хүрээлэнгийн тушаал сонсгодог байгаа.

-Та Улсын төв театрт шилжиж ирээд анх ямар дүр бүтээв?

-Театрт ирээд тоглосон миний анхны дүр бол Ч.Ойдовын “Миний баясгалан” жүжгийн Дулмаа. “Миний баясгалан” бол Нямын Цэгмид найруулж, Г.Жамьян хөгжмийг нь бичсэн, хөдөө аж ахуйн сэдэвт хөгжимт драмын жүжиг л дээ.

Дулмаагийн дүрийг босгоход жүжигчний ямар ч мэдлэггүй надад Н.Цэгмид гуай их тусалсан. Жүжигчин хүний хөдөлмөрийн амин сүнс нь хүний дотоод ертөнцийг зүрх, сэтгэл, оюунаараа нээн амьдруулдаг болохыг анх мэдрүүлж өгсөн сөн. Үүгээрээ Цэгмид гуай миний мэргэжлийн жүжигчин болох анхны суурийг тавьж, өлзийгөө хайрласан буянтан даа.

Л.ЦогзолмааБас нэг чухал хүн бол Федосий Иванович Клешко багш. Хүнийг юм сургах гэж уйгагүй ажиллана. Тэр үед “Талын баатар” жүжигт найрал дуучид эхлэл, төгсгөлийн үзэгдэлд тус бүр нэг дуу дуулдаг байв. Хооронд нь багш сургууль хийлгэх гэхэд би хөшигний завсар нуугдаж байгаад кино үзэх гэж оргодог сон. Мөн ч тэнэг байж дээ.

-Монголын ард түмэн мэдэх бас нэг сайхан Дулмааг дэлгэцнээ амилуулсан нь залуу сайхан дүрээр тормолзон байдаг нь сайхан шүү…

-Алдарт “Цогт тайж” киног 1944 оны сүүлчээр хийх болж би Дулмаад тоглож билээ. Уг нь энэ дүрд Эрэнцэнноров тоглох байсан ч мэс засал хийлгэх болсноор өөрчлөгдсөн хэрэг. Анх “Кино үйлдвэр” дээр очиход нэг жижиг өрөөнд хүмүүс сургууль хийж байсан.

“Цогт тайж”-ийг Оросын нэрт найруулагч Тарич гуай, манай Лувсанжамц нар найруулсан юм шүү дээ. Надад Дулмаагийн дүрийн талаар, тухайн үеийн Монгол-Түвдийн талаар ярьж өгч, хэд хоногийн дараа сургууль эхлэхийг мэдэгдээд явуулав аа.

Л.Цогзолмаа“Алдартай олон жүжигчдийн дунд, тэгээд тийм хүүхний дүрд яаж тоглоно доо” гэж бодохоос ёстой л дүүжлэгдэх гэж байгаа юм шиг санагдаж билээ. Дүүжлэгдэж үзсэн биш дээ, ямар. Гэхдээ л дүүжлэгдэх гэж байгаа хүн л тийм байдалтай байдаг байх. Аз болоход сургууль хийх өдөр Цэрэндэндэв гуайгаас өөр жүжигчин байгаагүй. Аягатай сархад бариад түүнд дөхөөд очихоор хамаг бие салганаад ухаан алдаж унах шахна. Үнэхээр хэцүү. Намайг айж ичихгүй чөлөөтэй болгох гэж найруулагч, хамтран тоглогч хоёр маань их зовсон доо.

Цэрэндэндэв гуай намайг дагуулж хоол унданд оруулна. Дасгах гэж тэр. Мундаг жүжигчин хүн гэдэг чинь аргатай байдаг юм билээ л дээ. Би гэдэг хүн ингэж л олны ярьдгаар хорин настай хонгор зүстэйдээ тэр том киноны Дулмаагийн дүрд хувирсан азтай хүн дээ.

Л.Цогзолмаа

Л.Цогзолмаа

Л.Цогзолмаа

Л.Цогзолмаа

Л.Цогзолмаа

Л.Цогзолмаа

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img