-Сэтгэл гутрал ихсэх хандлагатай байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Гол шалтгаан нь юу байна вэ?
-Дэлхий дээр сэтгэл гутрах эмгэгтэй 350 сая орчим хүн байдаг гэх тооцоо бий. Сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэхээр барахгүй, даамжирвал амиа хорлох үйлдэлд хүргэдэг аюултай. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд илүү тохиолддог ч эмчилгээний үр дүн сайн байдаг.
Судалгаанаас харахад, дэлхийн хэмжээнд, дунджаар 800 мянган хүн амиа хорлодог бөгөөд амиа егүүтгэгсдийн ихэнх нь 15-29 насныхан байна. Түүнчлэн насанд хүрэгчдийн 10-15 хувь, өсвөр насны хүүхдийн 5-10 хувьд сэтгэл гутрах эмгэг тохиолддог.
Эмнэлзүйн судалгаанд дурдсанаар, нярай хүүхдүүдийн 0.5-3 хувь, 2-5 насны хүүхдүүдийн 2.1 хувь, өсвөр насны хүүхдүүдийн 1.5-8 хувьд нь сэтгэл гутрах эмгэг тархдаг.
-Сэтгэл гутралыг үүсгэдэг гол хүчин зүйл нь юу юм бэ?
-Удамшил, мэдрэл биологийн хүчин зүйл, биеийн өвчин, эмийн эмчилгээ, таагүй үйл явдал, стресс нь сэтгэл гутралыг үүсгэх гол хүчин зүйл болдог. Мэдээж, сэтгэл гутрал үүсэх шалтгаан олон янз байдаг тухай дээр дурьдсан. Хэдийгээр сэтгэл гутрал хүн амын дунд элбэг тохиолдог эмгэг ч эмчилгээ хийх боломжтой.
-Өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутралд орсныг яаж мэдэх вэ?
-Хүүхдүүд сэтгэл санаа гутралд орсон ч илэрдэггүй. Харин толгой өвдөх, анхаарал төвлөрөлт муудах, нойрондоо муу, хоолны дуршил муудах зэрэг зовууриудыг хэлдэг.
Мөн гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, өөрийгөө доогуур үнэлэн, олон зантай, цочир ууртай болж, бусадтай таарамж муутай харьцан, амьдрал утга учиргүй мэт санагдах, амиа хорлох бодол төрөх шинж тэмдэг илэрдэг.
Товчхондоо, амьдралаас сайн сайхан зүйлийг авч мэдрэхээ больдог. Харин насанд хүрсэн хүмүүс сэтгэл гутралд орчихлоо, сүүлийн үед сэтгэл санаагаар уналаа гэж ярилцдаг. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүхдийн хувьд далд сэтгэл гутралд ордог.
-Сэтгэл гутралаас гарч хэвийн байдал орох боломжтой биз дээ?
-Сэтгэл гутрал шилжилтийн насныханд илэрч байгаа биеийн талын тодорхой бус зовууриуд нь стресстэй холбоотой. Зовж шаналж байгаа зүйлийнх нь талаар тэдэнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсох нь хамгийн ач тустай цорын ганц эмчилгээний арга. Тэр тохиолдолд, шилжилтийн насныхан хэвийн байдалдаа амархан ордог.
-Өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутралд орчихсон байхад эцэг, эхчүүд буруу хандсанаас болж, ямар нэгэн аюулд өртөх тохиолдол байх магадлал өндөр юм байна даа?
-Иймэрхүү тохиолдол бий. Хүүхдийн сэтгэл санаа тавгүй байхад ойлгохгүй байх нь хамгийн аюултай. Сэтгэл гутралаас гаргах хүчин зүйлийн нэг нь гэр бүлийн гишүүд болон ойр дотнын хүмүүсийн харилцаа.
Тухайн хүүхэд юунаас болж сэтгэл гутралд орж байна гэдэг гаргалгааг олох нь тун чухал. Мөн хүүхэдтэйгээ харьцаж байгаа харьцаагаа анхаарах хэрэгтэй. Хичээл хэвийн орж байгаа нөхцөлд сургуулийн орчинд, нийгмийн ажилтан анзаарч байх ёстой.
-Сэтгэл гутрах эмгэгээс яаж сэргийлэх вэ. Стресс тайлах энгийн аргуудаас хуваалцаач?
-Стресс үүсгэгч хүчин зүйлсийг хуримлуулалгүй, цаг тухайд нь шийдэж байх хэрэгтэй. Усанд орж, биеэ цэвэрлэдэг шиг сэтгэл санаагаа ч гэсэн цэвэрлэж байх хэрэгтэй.
Бясалгал, иог хийх, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, таныг сонсдог хүнтэй ярилцах гэх мэт олон арга бий. Зарим тохиолдолд хэнд хандахаа мэдэхгүй байдалд ордог. Энэ тохиолдолд өөрт тулгамдсан асуудал, мэдрэмжээ бичээд шатаадаг, ураад устгадаг арга ч бий.
Хэн ч таныг бичсэнийг уншихгүй учраас бүгдийг нь хэн нэгэнд ярьж байгаа юм шиг бичиж болно. Бас амьдралын хэв маягаа өөрчилж, өдөр тутам идэвхтэй хөдөлгөөн хийх ч үр дүн сайтай.. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нойртой холбоотой байдаг учраас өдөрт заавал 6-8 цаг бөх унтаж байх хэрэгтэй.
-Уйтгарлаж гунисан болгоныг сэтгэл гутрал гэж ойлгож болох уу?
-Уйтгарлаж, гунигласан болгоныг сэтгэл гутрал гэхгүй л дээ. Харин уйтгар мэдрэгдсэн, сэтгэл зовсон мэдрэмж хоёр долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл заавал мэргэжлийн эмчид хандаарай. Тэр хугацаанд уйлмаар санагдах, уйлах, урьд өмнө нь чаддаг байснаа хийж чадахаа больчихсон юм шиг санагдах, эсвэл нэг зүйлд хэт туйлшрах шинжүүд илэрдэг. Мөн жирийн өдөр дарамттай, хүнд мэт санагддаг.
-Эцэг, эхчүүдийн хувьд анхаарч, анзаарах зүйл юу байдаг юм бэ?
-Сэтгэл гутралыг илрүүлж, мэргэжлийн хүнд хандах боломжгүй бол илрүүлэх тест ашиглаарай. Мөн этгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн вэйб сайт руу хандаж зөвлөгөө авах боломжтой. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ сайн ажиглаж байх ёстой. Хүүхдэд юу хэрэгтэй байгааг мэдэхийн тулд найз шиг ярилцах нь их чухал. Мөн сэтгэл санаа, анхаарал төвлөрөх байдлыг нь анзаарч асууж байгаарай.
Өсвөр насныхан өөрийгөө илэрхийлэх чадвартай учраас дотроо бодож байгаа зүйлээ эцэг эх, ах, эгчдээ ярих боломжийг бүрдүүлэх нь бас чухал. Түүнчлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 1800-2000 утсаар сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгдөг.