2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Ольга Бакич: Хатанбаатар Магсаржав гэдэг хүн өвөөг баривчилдаг хэсэг зурвасхан гардаг хуучны киног үзэхсэн

1921 оны зун большевикуудаас зугатаж 3000 цэрэгтэйгээ Монголын баруун хилээр дүрвэн орж ирсэн Оросын цагаан хааны армийн дэслэгч генерал А.С.Бакичийн ач охин Ольга Бакичтай 12 жилийн өмнө уулзаж ярилцлага авах боломж гарч байсан юм. Ольга Бакич Канадаас Монголд ирж “Монгол Оросын 1912 оны гэрээ ба И.Я.Коростовец” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавиад буцаж байв. Түүнтэй тухайн үед хөөрөлдөж байсан ярилцлагаа сонирхуулъя.

-Таны өвөө генерал Бакичийг манай улсад баривчилж байсан. Гэр бүл нь баривчлагдсаныг нь хэзээ мэдсэн бол?

-Манай өвөө серб хүн л дээ. Үр удмаараа Черногорид амьдарч байсан. Тэгэхээр аавын талаа дагавал бид цэвэр серб хүмүүс. Харин ээж маань орос хүн. Би дороо нэг эрэгтэй дүүтэй. Манай өвөө дэлхийн нэгдүгээр дайнд оролцож явсан хүн.

Октябрийн хувьсгалын дараа дэгдсэн иргэний дайнд оролцох гэж байхад нь эмээ “Оросын иргэний дайн бол эдний дотоодын асуудал. Черногор руугаа буцъя” гэж гуйсан юм билээ. Харин өвөө “Би эзэн хаанд тангараг өргөсөн цэргийн хүн учраас энэ дайнд заавал оролцох ёстой” гээд эмээг Владивосток руу явуулсан гэдэг. Тэнд өвөөгийн хувийн байр нь байж л дээ.

Эмээ Владивостокт байхдаа өвөөг баривчилж буудан хороосныг мэдээгүй, Оросын коммунистууд ирж янз бүрийн асуулт тавиад эхлэхээр нь л зугатах шаардлагатай болсноо ойлгосон гэж ярьдаг байлаа. Буудуулсан гэж сонссон хэрнээ л итгэхгүй “Миний нөхөр амиа алдаагүй. Орост үзэл суртлын дайн явагдаж байна” гэдэг байж.

-Эмээ нь Орост амьдарч байсан тухайгаа дурсан ярьдаг байсан уу?

-Манай эмээ их учир битүүлэг, зожигдуу зантай хүн байсан. Орос дахь амьдралаа огт ярьдаггүй байлаа.

-Эмээгийнхээ удам судрыг сонирхуулаач?

-Эмээ маань генералын охин байсан. Нөхөр нь ч бас генерал. Ингээд бодохоор эмээ минь Орост их элбэг хангалуун, тайван сайхан амьдардаг байсан нь тодорхой. Ямар ч мэргэжил эзэмшээгүй, гурван нялх хүүхэдтэй залуу эмэгтэйд харийн газар ядуу зүдүү амьдарна гэдэг хүндхэн цохилт болсон байх. Сэтгэл санааны нэлээд том цочролд ороод зожигдуу болчихсон болов уу.

-Харбин руу дүрвэсэн цагаач оросуудын амьдрал хүндхэн байсан гэдэг. Эмээгээсээ тэнд амьдарч байсан үеийнх нь дурсамжийг сонсч байв уу?

-Эмээ Харбинд амьдарч байсан үеэ дурсах бүр дургүй байсан. Харбин руу өмссөн хувцастайгаа, хүүхдүүдээ аваад дүрвэж байсан гэдэг. Тэр үед Хятадын Харбинд Оросын маш олон дүрвэгч байсан.

Миний аав генерал Бакичийн том хүү нь байсан юм. Дороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага байсан учраас аавынхаа тухай сайн мэддэггүй. Манай өвөө цэргийн хүн учраас гэртээ бараг үзэгддэггүй байж. Оросын иргэний дайны дараахан Харбинд хоёр төрлийн оросууд байсан. Төмөр зам барьцгаахаар ирсэн оросууд өөрийн гэсэн байр сууцтай учраас харьцангуй гайгүй орчинд амьдардаг байсан юм билээ.

Харин дүрвэгсдийн хувьд мөнгөтэй ирсэн цөөн хэсгийг нь эс тооцвол нэлээд ядуу амьдарцгаадаг байсан гэдэг. 1931-1932 онд япончууд Харбиныг эзэлсэн шүү дээ. Тэр үед япончууд хамгийн түрүүнд өөрсдийгөө тавьдаг байлаа.

Цагаан арьстай гэдэг утгаараа ч юм уу Оросын дүрвэгсэд хоёр дахь зэрэглэлд орно. Хамгийн сүүлд хятадууд ордог байж. Оросын чөлөөлөх армийнхан 1945 онд Хятадыг чөлөөлөхдөө тэнд амьдарч байсан цагаан оросуудаас цөөнгүйг нь баривчилсан түүхтэй. Заримыг нь шууд газар дээр нь буудан хороосон байдаг. Зарим хэсгийг нь Орос руу авч явж хөдөлмөрийн лагеруудад ажиллуулсан. Манай аав ч тэр үед баривчлагдсан.

Аав Харбины Политехникийн дээд сургуулийг архитектор, инженерээр дүүргэсэн, мэргэжлийнхээ тал дээр чадварлаг хүн байсан. Тэр үед цэргийн янз бүрийн обьектуудыг барих шаардлагатай байсан учраас аавыг авч ажиллуулсан юм билээ. Дотоод явдлын яамныхан байсхийгээд хүрч ирж “Барилгын ажил чинь дууссан уу, бид энэ хүнийг авч явах хэрэгтэй” гэдэг байсан ч барилгын батальоныхан “Манай ажил дуусаагүй” гэсэн хариу л өгдөг байж. Тэгж байтал Оросын арми нутаг буцаж аав азаар аврагдаж үлдсэн юм.

-Таны илтгэл тавьсан хурал дээр судлаач Хурметхан танай өвөөтэй холбоотой нэг явдлыг ярилаа. Өвөөгийнхөө талаар Монголтой холбоотой ямар нэгэн дурсамж сонсч байсан уу?

-Хурметхан гэж хүний эмээ манай өвөөг Монголд нэлээд өлсч, цангаж ядарч явахад нь айраг өгч байсныг сая л сонслоо. Монголтой холбоотой ямар нэгэн дурсамж яриа сонсч байгаагүй. Манай өвөөг баривчлах үед биеэс нь гарч ирсэн баримт Новосибирскийн архивт бий. Бид үзье гэхээр нууц гээд үзүүлдэггүй.

Тэгэхээр өвөөгийн Монголд амьдарч байсан талаарх ямар ч дурсамж үлдээгүй гэсэн үг. Надад өвөөтэй холбоотой ямар ч бичиг баримт байхгүй. Генерал Бакичийн бүх л төрөл садангийн хувьд тэр мэдээлэл хаалттай байдаг.

-Оросын бусад архиваас ч өвөөгийнхөө материалыг үзэх боломжгүй хэрэг үү?

-Өвөөтэй холбоотой архивын материалыг хүмүүст огт үзүүлдэггүй. Найман жилийн өмнө эрдэм шинжилгээний нэг хурлын үеэр Оросын Новосибирскээс ирсэн эрдэмтэнтэй уулзахдаа хотынх нь архиваас өвөөтэйгээ холбоотой баримт үзэж болох эсэхийг асуусан л даа.

Тэр хүн бас л “Нууц учраас болохгүй” гэсэн. Дараа нь цагаан хөдөлгөөний талаар материал цуглуулж явсан Америкийн нэг эрдэмтэн Новосибирскийн архиваас өвөөтэй холбоотой материал үзэхийг хүсэхэд мөн л нууц гээд зөвшөөрөөгүй. Тэр үед хамт алба хашиж байсан цагаан генералууд өөрсдийнхөө дурсамжид өвөөгийн талаар дурдсан байдаг. Гэхдээ нэг их материал байдаггүй.

-Яагаад нууц байдаг юм бол. Тэр үеийн ихэнх материал ил болсон шүү дээ?

-Мэдэхгүй, би сайн ойлгодоггүй юм. Хэдэн жилийн өмнө асуухад болохгүй гэсэн. Одоо дахин асуумааргүй байна. Би оросуудаас юу ч гуйхгүй гэж бодож байгаа. Харин танай улсын нэг сэтгүүлчээс өвөөгийн талаар нэг сонин юм сонслоо. Социализмын үед хийсэн уран сайхны кинон дээр Хатанбаатар Магсаржав гэдэг хүн өвөөг барьж байгаа хэсэг зурвасхан гардаг гэсэн. Тэр киног үзэхсэн.

-Танд Монгол ямар санагдаж байна?

-Танай хотоор явж байхад нэг зүйл их хачирхалтай санагдлаа. Энд Лениний музей байсан, тэнд хөшөө нь бий гээд үзүүлэх юм. Монголчууд улирсан хуучныг өнөө хэр нь санан дурсаж явдаг байх нь гэсэн бодол төрсөн шүү. Улаанбаатарын гудмаар явж байхад кафе, ресторан, караоке гээд гадаад үг олон харагдлаа. Гадаадын нөлөө Монголд маш их байгааг үнэхээр гайхаж байна.

Би саяхныг хүртэл монголчуудыг хуучин монгол бичгээрээ бичдэг байх гэж бодож явсан. Гэтэл 1945 оны дайны дараагаас танай улс орос үсэг хэрэглэдэг болсон юм байна. Тэр нь бас гайхал төрүүллээ. Уг нь уламжлалт монгол бичгээ авч үлдэх ёстой байсан шүү дээ.

Ольга Бакич-Таны нөхөр яг тан шиг оросоор сайн ярьдаг уу?

-Нөхөр маань канад хүн учраас оросоор ярьдаггүй. Хөвгүүд маань ч ялгаагүй. Манай гэр бүл канад маягийн амьдралтай.

-Оросын талаас өвөөтэй чинь холбоотой асуудлаар уучлал хүссэн зүйл бий юу?

-Байхгүй.

-Хэрвээ уучлал хүсээд эх орондоо амьдрах боломжтой гэвэл та Орост амьдрах уу?

-Мэдээж уучлал гуйвал хүлээж авна. Гэхдээ би Хятадад төрсөн. Хятадаар уншиж, ярьдаг. Хятад бол миний эх орон. Би энэ улсад хайртай. Ер нь ямар ч тохиолдолд би Орост амьдрах шийдвэр гаргахгүй.

Миний өвөө бол цэвэр цэргийн хүн. Тэр үед цагааны генерал гэдэг утгаараа улаантнуудын эсрэг тэмцэж явсан. Тэгээд буудуулсан. Хэрвээ цагаантнууд ялсан бол улаантнуудыг мөн л адилхан буудаж хороох байсан. Би хувьдаа өвөөгөө цэвэр цэргийн хүн гэдэг үүднээс энэ асуудалд ханддаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img