2024-10-07, Даваа
12.3 C
Ulaanbaatar

Ж.Хонгорсайхан: Уламжлалт хүнс хоол идэж хэвшсэн иргэдийн ходоод нь харьцангуй эрүүл байдаг

Рехамед Нэгдсэн Эмнэлгийн хоол боловсруулах, дурангийн их эмч Ж.Хонгорсайхантай ярилцлаа.

-Хүмүүсийн дунд ходоодны өвчлөл их байна. Үүнийг оношлох хамгийн найдвартай арга ходоод дуран. Ямар үед ходоодыг дурандуулах шаардлагатай вэ?

-Ходоод аюулхай орчим эвгүй оргих, гэдэс цанхайж дүүрэх, горойж тээглэх, ядрах, турах, хар шүлс ихээр ялгарах, цээж хорсох, гашуу оргих, огиж бөөлжих, өтгөн хар гарах, гүйлгэх шинж тэмдэг илэрвэл дотор, гастроэнтерологийн эмчид үзүүлж, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Ямар нэг зовиургүй байсан ч урьдчилан сэргийлэх зорилгоор 40-өөс дээш насныхан жилд нэг удаа ходоодны дурангийн шинжилгээнд, хоёр жилд нэг удаа бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

-Ходоодыг дурандуулах нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Ходоодны дурангийн шинжилгээ оношлогоо, эмчилгээний маш чухал ач холбогдолтой. Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний салст бүрхүүлийн үрэвсэл, шалбархай, шарх, ургацаг, хортой болон хоргүй хавдар, нарийсал, эд эсийн солигдол эмгэгүүдийг оношилдог чухал шинжилгээ юм.

Мөн эмгэг өөрчлөлт, үүсгэвэр илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авч хеликобактерийн халдвар, эсийн солигдол, хавдрын урьдал, хоргүй ба хортой хавдрыг оношилно. Улаан хоолой, ходоодны хавдрыг эрт үед нь оношилбол нээлттэй мэс засал хийхгүйгээр дурангийн аргаар салст хуулах эмчилгээ хийснээр эрхтэн бүтэн үлдэж, бүрэн эмчлэгдэх боломжтой.

-Ходоодны дурангийн шинжилгээ хийх үед иргэд юун дээр анхаарч, хүндрэлээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

-Дурандуулахаас долоон хоногийн өмнөөс аспирин болон цус шингэлэх эмийг зогсоож, эм ба бусад зүйлст харшилтай эсэхээ мэдэх, өмнөх дурангийн шинжилгээ хийлгэх үед илэрч байсан сөрөг зүйлээ сувилагч, эмчдээ хэлэх зэрэг зүйлийг мөрдснөөр болзошгүй хүндрэлээс сэргийлж чадна.

-Тэгвэл зөв оношлуулахын тулд юуг баримтлах ёстой бол?

-Шинжилгээ хийлгэхээс 12 цагийн өмнө хоол идэж, шингэн зүйл уухгүй,тамхи татаагүй, бохь зажлаагүй байх, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн, шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг учраас уухгүй байх.

Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулан уухыг анхааруулж байна. Шинжилгээ дууссанаас хойш 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно.Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Түр зуур тохиолдох зовиур учраас үүнд эмийн эмчилгээ шаардлагагүй.

-Ихэнх хүмүүс ходоод дурандуулахаас айдаг, улам цочирдог гэж ярих нь бий?

-Хүмүүс ийм ойлголттой байдаг ч тийм хэцүү шинжилгээ биш. Тухайн хүндээ дурангийн шинжилгээний тухай ойлголт, мэдээлэлийг өгч, сэтгэлзүйн хувьд тайвшруулж чадвал огилт багатай, богино хугацаанд сайн дуранддаг. Ийм оношилгоо, эмчилгээний ач холбогдол өндөртэй шинжилгээ юм.

-Хүмүүсийн дунд ходоодны өвчлөл их байгааг эмч хүний хувьд юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Энэ тал дээр иргэд маань урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, амьдралын буруу хэв маяг, зовиур шаналгаа ихтэй байж, хүндэрсэн үед нь эмчид үзүүлдэгтэй холбоотой. Ер нь өвчлөхийн гол шалтгаан нь хеликобактерийн халдвар, хорт зуршил архи, тамхи, стресс, хэт халуун хоол, давсархаг хүнс, амьдралын хэв маяг, удамшил зэрэг орно.

-Хеликобактерийн халдвар гэж юу вэ?

-Хеликобактерийн халдвар нь гол төлөв амнаас ам, шүлс, бохирлогдсон хоол хүнс, аяга халбагаар дамждаг.

Ходоодны салст бүрхэвчийн доод талд хучуур эсэд нягт шигдэн бэхлэгдэж өсч үрждэг ходоодны архаг үрэвсэл, хатингаршил, шалбархай, шарх, хавдар үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Энэ үед өтгөний шинжилгээ, амьсгалын сорил, ходоодны уян дурангаар ходоодноос сорьц авч хеликобактерийг илрүүлж болно.

Эмийн эмчилгээ болон хоолны дэглэм хосолсон эмчилгээнд бүрэн эдгэрдэг учир иргэд оношилгоонд эрт хамрагдах хэрэгтэй. Тиймээс ард иргэдийгээ дээрх халдвараас урьдчилан сэргийлэх байдлаар ходоод, бүдүүн гэдэсний дуран оношлогоонд хамрагдаж, эрүүл амьдралын хэв маяг баримтлан, зөв зохистой эрүүл хооллохыг уриалж байна. Дурандуулсан иргэдийн хоололтын байдлаас үзэхэд амтлагчтай хоол, халуун ногоо, амттан биш, зөвхөн монгол уламжлалт хүнс хоол идэж хэвшсэнээр ходоод нь харьцангуй эрүүл байгаа нь ажиглагдсан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img