2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Ш.АДЬШАА: Монголд дундаж давхарга байхгүй, баян ядуу гэсэн хоёр бүлэг л бий

УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай УИХ-аар хэлцэгдэж буй хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Авлигын бие даасан шүүх байгуулах нь авлигыг бууруулах хүчин зүйл болж чадах уу. Дэлхийн 27 улсад Авлигын шүүх байдаг гэхчлэн асуудал яригдаж л байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё?

-Монгол Улсын Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төсөл орж ирлээ. Уг төсөлд Монгол Улсад Авлигын шүүх байгуулах тухай асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагах хуулиар оруулж ирсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа.

-Яг ямар заалттай зөрчилдөж байна вэ?

-Монгол Улс бүх хэрэг маргааныг анхан шатны журмаар шийднэ гэж байгаа. Гэтэл Авлигын шүүх гэдэг нь хянаж шалгах, давж заалдах гэсэн хоёрхон шатаар шийдэх зохицуулалттай. Бид Монгол Улсынхаа Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шүүхээ байгуулж, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах ёстой. Түүнээс биш тусад нь Авлигын шүүх байгуулаад Үндсэн хуулийн зарчмыг зөрчөөд байж болохгүй.

Мэдээж Авлигатай тэмцэх нь зөв. Авлигын гэмт хэргийг шийдэхдээ шударга ёсыг баримтлах нь зүйтэй. Авлига газар авсныг дээр дооргүй л ярьж байна, бид ч харж байна. Шүүх хэрэг маргааныг шийдэхдээ удаадаг, нөлөөлөлд ордог асуудал байна уу гэвэл байгаа.

Гэхдээ шүүх байгуулж байна гээд асуудлыг хурдавчилсан байдлаар шийдээд үр дүн гарна гэдэгт эргэлзэж байгаа. Нөгөөтэйгүүр Монгол бол төрт, ардчилсан, парламентын засаглалтай улс. Нэг асуудлыг шийднэ гээд үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг хазайлгасан юм хийх нь нэг их сайн зүйл биш.

-Та саяхан тойргоороо явж байгаа харагдсан. Эдийн засаг өсөлттэй байгаа, энэ жил 6, ирэх жил 7 хувьд хүрнэ гээд л байна. Энэ өсөлт иргэдэд огт мэдрэгдэхгүй байна. Тухайлбал, хөдөө орон нутагт иргэдийн амьжиргаа хэр байна вэ. Ний нуугүй хэлэхэд өнөөгийн Монголд дундаж давхаргынхан буюу ажил хийдэг нь өртэй зээлтэй өдөр хоногийг өнгөрөөж байна. Гэтэл нийгэмд хамгийн чухал давхарга нь дундаж давхарга байдаг шүү дээ?

-Иргэдийн амьдрал сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц доошилсон байна. Ковидын жилүүд нөлөөлсөн нь ч бас үнэн. Сүүлийн жилүүдэд эдийн засаг өсөж байна гээд тоо баримт ярьдаг ч иргэдийн цалин хөлс, амьжиргааны нөхцөлд хэрхэн нөлөөлсөн юм бэ, ямар ажлын байр нэмэгдсэн юм бэ…

Ний нуугүй хэлэхэд өнөөгийн Монголд дундаж давхарга байхгүй болж, баян ядуу гэсэн хоёр бүлэгт хуваагдчихсан байна. Эрх мэдэлтнүүд, байгалийн баялгийн мэдээлэлд ойр, мэдээллээ ашиглаж, эс бол эрх барьж буй намыг дамжсан улс төр, эдийн бүлэглэлийнхэн л баяжсан. Бас банкны хүү гэж аймаар юм байна, бизнес хийх аргагүй болж, хүүгийн дарамтад орсон.

Төгрөгийн ханш унасан, банк санхүүгийн байгууллага ч нэлээн хүнд байдалтай байна. Шуудхан хэлчихэд, эдийн засаг өслөө гэх мэдээлэлд иргэд итгэхгүй байна. Эдийн засаг өсөөд байгаа юм бол төгрөгийн ханш яагаад унаад байгаа юм бэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө нэг ам.доллар 1750 төгрөг л байсан бол одоо 3000 гараад талийлаа. Дөрвөн жилийн өмнө бид 2000 төгрөгөөр авдаг байсан юмаа 10.000 төгрөгөөр авахад хүрлээ. Би эдийн засагч хүн биш л дээ. Гэхдээ бодит байдал ийм л байна.

-Нүүрсний хулгайн нээлттэй сонсгол олигтой үр дүнд хүрсэнгүй гэх шүүмжлэл гарлаа. Таны нэр ч нэлээн олон компанитай холбогдож сонсогдсон. Та энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Би УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Ёс зүй сахилгын байнгын хороонд хандаж, сонсголын үеэр дурдагдсан компаниуд надад ямар хамааралтай, ямар хувь нийлүүлсэн, ямар хувьцаа эзэмшдгийг, гүйцэтгэх эрх мэдэлд нь минйи яг ямар нөлөө байгааг тодруулахаар хүсэлт тавьж, УЕБГ-аас холбогдох лавлагааг авсан.

Тэр компаниуд дотор миний эхнэр, хүүхэд, хамаатан садан байхгүй гэдгийг УИХ-д бүртгэлийн байгууллага нотолж өгсөн. Хэвлэлийнхэн ч гэсэн нягтлаарай. Монголын нийгэм үнэн бодит, зөв мэдээллийг авах ёстой. Нүүрсний сонсгол дээр анх байгуулагдахдаа төр хувийн хэвшлийн нүүрс тээвэрлэлтийн компаниудын үйл ажиллагаа, гаалийн бүрдүүлэлтэд дүгнэлт хийе.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургаагийн хоёрт заасан “Газрын доорх байгалийн баялаг Монголын ард түмний өмч байна. Энэ баялгаас одоо байгаа Монгол Улсын иргэн, ирээдүйд байх Монгол Улсын иргэн хувь хүртэнэ” гэсэн зарчмыг хууль эрх зүйн хувьд тодорхой болгох ёстой байсан. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгойн тухай ярьж, олон хулгай, луйвар ил болсон. Ард түмний баялаг хэнд очиж байгаа нь ил болсон.

Сонсголын үеэр МонЭнКо гэж гадаадын хөрөнгө оруулалттай компанийн асуудлыг ярингуут Б.Энхбаяр гишүүн миний микрофоныг хаасан.

Ашиг сонирхол байсан учраас Мон энкогийн талаарх үнэнийг ард түмэнд сонсгохыг хүсээгүй. МонЭнКо компани олон сая тонн коксжсон нүүрсний нөөцтэй Ховд аймгийн Дарви суманд байдаг ордыг 2012 онд Гонконгийн биржээр дамжуулж худалдаж авсан байдаг. 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ИХ-ын дарга н.Батболд, Засаг дарга н.Нямдаваа нартай гэрээ байгуулж, олборлолттой холбоотой гэрээ байгуулж, 36 мегаваттын дулааны станцыг байгуулна гэсэн. Өнөөдөр юу ч байхгүй.

Нүүрс баяжууулах, коксжуулах үйлдвэрийг 2012 онд барина гэсэн бас байхгүй. Ховд аймгийн иргэдийг өвлийн улиралд найдвартай нүүрсээр хангахаас гадна 2014 онд тухайн орон нутгийн удирлага /АН засаг барьж байсан/ ард иргэдэд 10 сая тонн нүүрсийг өмчлүүлнэ гэсэн. Гэтэл 2016 онд орон нутагт МАН ялсан. Тэгээд орон нутагт 10 сая тонн нүүрс өгөх асуудлыг хүчингүй болгосон байна. Энэ бол авлига, энэ бол бусдад давуу байдал олгосон ноцтой асуудал.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img