2024-07-27, Бямба
15 C
Ulaanbaatar

О.Гүндэгмаа: Далбаагаа мандахыг харж, төрийн дууллаа эгшиглэхийг сонсох л хамгийн сайхан агшин

Дэлхийн од болчихоод, алдрын оргилд оччихоод О.Гүндэгмаа шиг эгэл даруухнаар их алдрыг тээж явдаг нь цөөхөн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаатай арван жилийн өмнө ярилцаж байснаа өнөө сөхөөд харахад хуучирсан агуулга огт алга. Тэр бас яг тээр жилийнх шигээ их амжилтаа эгэл даруухнаар тээж явна. Ингээд таны өмнө олимпийн мөнгөн медальт бүсгүйтэй хийсэн ярилцлагаа дэлгэе.

-Та олон жил буудлагын спортоор хичээллэсэн туршлагатай тамирчин. Тэмцээний өдөр ойртоод ирэхээр сандрал догдлол мэдрэгддэг үү?

-Урьд нь энэ спортоор дөнгөж хичээллэж эхлээд тэмцээн уралдаанд явах болоход баярлаж, догдлох үе олон байсан. Тэмцээндээ очмогцоо буудаад юу болоод өнгөрснийг ч мэддэггүй байлаа. Анхны тэмцээнүүддээ ийм л байдалтай байсан. Харин нэлээд хугацаа өнгөрөхөд тэмцээнд хандах хандлага маань өөрчлөгдсөн.

Тэмцээнд орохдоо өөрийгөө шахаж шаарддаг болсон. Харин одоо бол айхтар их догдлол байхгүй. Бэлтгэлээ хийж байгаад л тэмцээндээ очоод, бас л нэг бэлтгэл мэтээр хүлээн авсан. Догдлол сандрал минь арилж тайвширсан гэх юм уу даа.

-Дөнгөж сая таны бэлтгэлээ хийхийг хараад сууж байхад дасгалжуулагч багш тамирчдад хандан “буудах хугацаа богино, бодох хугацаа бол харин их бий шүү дээ” гэж хэлснийг сонслоо. Буудлага сэтгэлзүйн спорт болохыг батласан үг ч юм шиг.Байг хэрхэн яаж буудахаа бодон нойргүй хоносон тохиолдол байв уу, танд?

-Манай спортын төрлийн хувьд жин хасаад эсвэл олон хоног, өдрөөр тэмцээнд ороод байдаггүй. Би гэхэд хоёр дасгал бууддаг. Заримдаа спорт гар бууны тэмцээн хоёр өдөр хуваагдаж бууддаг. Өнөөдөр өөрийн чинь харсан бол спорт гар бууны төрөл юм.

О.ГүндэгмааӨнөөдрийн хийсэн бэлтгэл бол тогтоол 30 сум. Хурдны 30 сум гэхээр бай нь арай жаахан том байдаг юм. Эдгээр дасгалаа хоёр хувааж хоёр өдөр бууддаг.Хийн бууг нэг өдөр буудна. Ингээд 2-3 өдөр л тэмцээндээ оролцдог гэсэн үг. Нэг бүтэн өдөржингөө буудаад үдээс хойш нь финалдаа ороод тэмцээний үргэлжлэх хугацаа нэг өдөртөө л дуусчихдаг. Өөр спортын төрлийнхөн бол жингээ хасаад л маргааш, нөгөөдөр гэхчилэн олон өдөр үргэлжилдэг шүү дээ.

Жишээлбэл, нөхрийгөө харж байхад жин хасаад заримдаа бүр нойргүй хонож байгаа тохиолдол байдаг. Харин манай спортын төрөлд ийм зүйл байдаггүй. Ялангуяа буудлагынхны хувьд илүү сайн амарч байх хэрэгтэй болдог.

Миний хувьд чөлөөт зав гарвал аль болох тайван унтаж өөрийгөө амраахыг боддог. Буудлагынхны ярьдгаар дээхнэ үед эрэгтэй урт бууны 120 сум бууддаг төрөл гэхэд тухайн үедээ 5-6 цаг бууддаг байсан гэдэг. Нэг тамирчныг гадаадынхан ороход нь жинг нь үзээд тэмцээн дуусаад гараад ирэхэд нь дахин жинг нь үзэхэд тэрхүү тамирчин 5-6 килограмм жин хаясан байдаг гэж ярьдаг.

Энэ нь буудлагын спортод нэн түрүүнд тархи толгой маш ихээр ажиллана. Мөн 5-6 цагийнтурш буудаж байгаа хүний бодол асар их ачаалал өгдөг хэрэг. Түүнээс шөнө нойргүй хонохдоо биш юм толгой их ажиллах үед жин хаядаг хэрэг. Би ингэж л ойлгодог. Тиймээс манай спортын хувьд амрах нь илүү чухал.

Олон тэмцээнд оролцоод явахад нойргүй хонох юм бол маргааш нь тааруухан бууддаг талтай. Сайхан амарсны маргааш бэлтгэл ч тэр, тэмцээн ч тэр сайн байдаг.

-Таныг буудлага спортоор хичээллээд гурван жилийн дараа гэхэд дэлхийн томоохон тэмцээнд оролцсон, богино хугацаанд амжилтаа ахиулсан тамирчин гэж ярьдаг.

-Би буудлага спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хичээлсэн цагаасаа эхлэн зургаан сарын дараа гэхэд Хятад, Монголын тамирчдын хамтарсан тэмцээнд оролцоод спортын мастерын болзлыг хангаж байсан.

Дараа нь жил гаруй хугацааны дараа Бээжин хот руу Дэлхийн цомын тэмцээнд оролцож байсан.Дараагийн тэмцээн нь Индонези улсад болсон Азийн аваргын тэмцээн байсан. Энэ тэмцээнд хийн буугаар 6 дугаар байрт орж Олон улсын хэмжээний мастерын болзол биелүүлж, багаараа мөнгөн медаль хүртэж байсан.

О.Гүндэгмаа-Буудлагын спортод дурлуулсан хүн аав чинь гэж сонссон…?

-Ээж, аав хоёр маань хоёулаа спортын хүмүүс байсан. Би багаасаа л янз бүрийн спортоор хичээллэхэд ээж, аав маань дэмждэг байлаа. Эцэг, эх маань мөн хоёулаа цэргийн хүмүүс. Аав маань штабын дарга, цэргийн ангийн ахлах тушаалын офицер хүн байсан. Марш тактикийн тэмцээнд гарахаар аав маань тэр үед намайг буудлагын бэлтгэлийн үеэр нь буудуулдаг байлаа. Жаахан том болоод ирмэгц гэрт бай зурж тавиад намайг хийн буугаар буудуулдаг байсан.

Би буудлагаар 15 настайгаасаа эхлэн хичээллэж байсан. Сүүлд аав маань одоогоор Техник спортын төвд шүхрийн спортын клубын захирлаар ажилласан.Тухайн үед аав маань надад “Эмэгтэй хүнд буудлага спорт гоё юм байна. Миний охин буудлага спортоор хичээллэ” гэж хэлээд албан ёсоор намайг буудлага спортод оруулж өгч байсан.

Тухайн үед 1992 онд Барселоны олимпод Б.Мөнхбаяр эгч маань медаль авч ирэх үед тэрээр аавтай маань хамт Техник спортын төвд нэгэн харъяалалд багтдаг байлаа. Түүнийг онгоцны буудал дээрээс тосч авч, бичлэг энэ тэр хийх үед аавд маань тэр бүгд сайхан санагдсан болов уу. Яг л түүний дараа аав маань намайг энэ спортод оруулж байлаа.

О.Гүндэгмаа-Буудлагын спортод хорхойссон үе тань хэзээ байсан бэ?

-Хорхойссон үе гэж бараг байхгүй дээ. Жаахан байхад аав маань маш их урамшуулдаг байсан. “За, сайн буудах юм бол аав нь чихэр өгнө шүү” гэж хэлээд л буудуулдаг байлаа. Тухайн үед марш тактикийн тэмцээнд гарсан офицеруудад витамин тараадаг байсан юм. Би эмчтэй нь хамт тэр витаминыг тараана. Тэр витаминаас нь идмээр санагдана.

Аав минь намайг сайн буудахад “За, миний охин витамин ид” гээд л өгнө шүү дээ. Заримдаа орой гэртээ ирээд аав маань “шагайлгаа хий” гээд л шахаж шаарддаг байлаа. Хэрвээ дургүй байсан бол аав маань намайг тэгж шахаж шаардахгүй байсан. Тийм болохоор би буудлагад бас тийм ч дургүй байгаагүй байх.

Дараа нь энэ спортод ороод удалгүй анхан шатаар хичээллэж байгаа хүүхдүүдийн дунд тэмцээн болоход зэрэг биелүүлж, сар болгон зэргээ биелүүлж зургаан сарын дараа спортын мастер болоход хүн бүр сайн байна гэж магтаж байсан. Хамгийн бага хугацаанд хичээллээд спортын мастерын болзол биелүүллээ гэж тухайн үед олон хүн сайшааж байсан л даа.

Аав маань дасгалжуулагч хүн байсан учраас намайг тамирчин талаас нь харсан ч байж болох юм. Сүүлд ээжтэй маань хамт ажиллаж байсан хүмүүс “Танай ээж чинь бас ёстой сайн бууддаг байсан” гэж ярьдаг юм. Ээж шүхрийн гурван төрөлд шүхрээр бууж, гранат шидэж байсан хүн шүү дээ. Одоо ч Монголын хамгийн олон шүхрээр буултын рекордтой хүн.Ингээд бодохоор ээж, аавын маань спортын зан чанар надад нөлөөлсөн байх л даа.

-Олон тэмцээний шийдвэрлэх мөчид басхүү төр засгийн хүндтэй шагналыг хүртэн зогсох мөчид та хамгийн түрүүнд юу боддог вэ?

О.Гүндэгмаа-Олимпийн медаль авсан тухайд миний хувьд бахарсан зүйл гэвэл мөнгөн медаль авсан маань жаахан харамсалтай байсан боловч авсан оноо маань олимпийн рекордыг давсан. Энэ утгаараа сайхан байсан. Монголд олон спортын төрөлд тамирчид амжилт гаргаж тэр хэрээрээ хөгжиж байна.

Гэвч хэмжигдэхүүнтэй спортын нэг онцлог нь дэлхийн рекорд дээр монгол хүний нэр бичигдсэн явдал хамгийн сайхан байсан. Хүмүүс намайг амжилтаар маань таньдаг ч би хаана ч явсан Отрядын Гүндэгмаа гэдэг хувь хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа хүмүүст ханддаг. Тэмцээн уралдаанд оролцох мөчид Монголын төрийн далбаа мандахыг харж, төрийн дуулал эгшиглэхийг сонсох мөч хамгийн сайхан.

Бүх юмны ард талд зогсдог хүн гэвэл миний ээж. Тийм учраас хамгийн түрүүнд ээж минь байгаагүй бол би ингээд зогсож байхгүй гэж бодогддог. Тиймээс өнөөдрийн гаргасан амжилт бол надад тусалж дэмждэг хүмүүсийн хүч хөдөлмөр юм. Зах зээлийн үед 1993-1998 онуудад бүх л спорт клубын системд ороод улсаас буу, сум тэмцээний зардал зэргийг өгөхөө байсан үе байлаа.

Тэр үед тэмцээнд явах гээд бэлтгэл хийх гэхээр сум нь олдохгүй. Сумаа өөрсдөө худалдаж авна. Дараа нь бэлтгэл хийгээд тэмцээндээ явах болоход тэмцээний зардал олдохгүй. Зардлаа хайгаад хүмүүстэй уулзахад зарим нь “Чи ямар амжилт гаргасан юм бэ” гэж асууна. Ер нь бэрхшээл зөндөө л байсан. Тэр үеийг бодвол одоо миний хувьд санаа зовох зүйл харьцангуй бага болсон байна.

-Бага байхдаа таныг ааваасаа салдаггүй, “аавын охин” байсан гэж сонссон юм байна.

-/Инээв/ Үнэн, үнэн. Ааваасаа салдаггүй охин байсан.Учир нь ээжийн маань ажил их хол. Бүр Налайх руу Байлдааны нисэхийн ангид ээж минь ажилладаг байлаа. Тэгээд л өглөө 05 цагт ээж ажилдаа яваад орой биднийг унтсан байхад гэртээ ирнэ. Тиймээс ихэнх цагийг аавтайгаа хамт өнгөрөөнө. Ер нь л би “аавын охин” л байсан./Инээв/

Нэлээд том болтлоо би аавыгаа үргэлж л дагаж явдаг байсан. Аавын маань найзууд намайг “бага Отряд” гэж шоолдог байсан. Хаана ч явсан би аавтайгаа л хамт явдаг байлаа.

-Та ер нь өрсөлдөгчөө хэр холоос эсвэл хэр ойроос харж байна вэ?

-Өө, энийг ёстой танихгүй юм байна. Өнөөдөр л энэ тамирчныг анх удаа харж байна гэх зэргээр өрсөлдөгчийг ерөөсөө дутуу үнэлж болохгүй. Мэдээж хэрэг тэмцээн уралдаанд тамирчин бүхэн л медаль авч, ялалт байгуулна гэж очдог. Тиймээс би хэн нэгнийг жаахан муу, тааруу гэж хэзээ ч тэгж боддоггүй.

Бүгд л өрсөлдөгч шүү дээ. Өнөөдөр хамт бэлтгэл хийгээд зогсож байгаа хүмүүс маань ч өрсөлдөгч. Миний хажууд хүртэл өрсөлдөгч байна.Гэхдээ би өрсөлдөгчдөөсөө сайн тал, давуу тал нь юу байна вэ гэж хардаг. Өрсөлдөгчдөөсөө хэрэгтэй зүйлийг нь авч өөртөө хэрэгжүүлж хүртэл үзэж байсан.

Харин өнөөдрийн хувьд бүх техникүүд маань миний гарт орсон тул миний гэсэн техник өөрт маань тогтчихсон. Засаж өөрчлөнө гэхэд нэлээд хэцүү.Тиймээс бусад хүмүүсийг одоо бол ерөнхийд нь харахаас биш өрсөлдөгчдийг муугаар, дутуу үнэлж болохгүй.

-Олимпийн рекордыг эвдсэн хүний хувьд буудлагын төрөлд дэлхийн шилдэг тамирчдын чансааг хэрхэн ямар өрсөлдөгчид болохыг нь мэдсэн баримжаа танд байдаг байх тийм үү?

-Ерөнхийдөө улс орон бүрээсээ шалтгаалаад тамирчдын бэлтгэх хийх арга барил нь харилцан адилгүй байдаг. Монголын, Хятадын, Солонгосын гээд арга барил нь адилгүй. Бахархаад ярихад миний амжилт дасгалжуулагчтай зайлшгүй холбоотой. 2004 онд Дэлхийн цомд медаль авсан шигшээ найман тамирчин оролцсон.

Финалийн Дэлхийн цомын тэмцээн гэж болдог юм. Энэхүү тэмцээнд би хурдан буудлагын төрөлд 300 онохоос300 онож байсан. Тэнд байсан тамирчид бүгд л баяр хүргэж, Оросын дасгалжуулагч манай дасгалжуулагчид хандан “Хятад тамирчин ингэж онолоо гэхэд бид хятадууд юм чинь гэж бодох байлаа. Харин монгол хүн ингэж онож байгааг харахад үнэхээр гайхамшигтай байлаа” гэж хэлж байсан.

Тэр үед Монголын дасгалжуулагчийн арга техникийг олон хүмүүс харж байсан. Үүнээс хойш ч Монголын тамирчид амжилт гаргасааар л байна. Тогтоол буудлагад манай тамирчид дээгүүр үзүүлттэй байдаггүй хэрнээ хурдан буудлагад дандаа дээгүүрт ороод ирдэг. Энэ нь мэдээж дасгалжуулалттай салшгүй холбоотой.

-Хувь хүний төлөвшилд буудлага спортоос нөлөөлсөн онцлог зан чанар байдаг байх тийм үү?

-Миний бодлоор сэтгэлийн хөдөлгөөнийг барьж, тэвчиж сурдаг байж болох юм. Заримдаа хүмүүс надаас “Та их дуугүй хүн үү, баярласнаа илэрхийлдэггүй, инээдэггүй хүн байхаа” гэж асуудаг л юм. Тэмцээний үед тэгэхээс ч өөр аргагүй байдаг. Бүтэн 1-2 цагийн турш 50-60 сум буудна. Тэгэхэд би 10 оночихоод “yes 10” гэж хэлээд баярлаад зогсч болохгүй. Буудаад дууссаны дараа л өндөр оносон тохиолдолд инээгээд гарч ирнэ.

Магадгүй өөр спорт теннис зэрэгт нэг оноо авчихаад ширээгээ тойрч гүйж болдог байх. Харин буудлага спортод тэмцээн эхлээд дуусан дуустал нэг л янзаараа сэтгэлийн хөдөлгөөнөө барьж байх ёстой байдаг. Тэмцээн дууссаны дараа хувь хүн инээж хөөрч зан чанараа илэрхийлж болно.Иймэрхүү л байдаг.

Хэсэг хугацаанд спортоосоо хөндийрөхөд тэмцээн уралдаанаа санан, байж ядан, давчиддаг байлаа

-Бөхчүүд барилдахгүй удахаар дэвжээгээ саналаа гэж ярьдаг. Харин таны хувьд буудахгүй удахаар хамгийн түрүүнд юуг ихээр санаж үгүйлдэг вэ?

-Би энэ спортоор хичээллэсэн хугацаанд хоёр удаа завсарласан. Нэг удаад нь хүүгээ төрүүлээд завсарласан. Харин охиноо төрүүлээд нэг их удалгүй эргээд бэлтгэлдээ орсон болохоор холдохын зовлонг нэг их анзаараагүй. Саяхан бас жил гаруй завсарласан.

Хүүгээ төрүүлснийхээ дараа хэсэг хугацаанд буудмаар санагдаад нөхрийгөө тэмцээн уралдаанд явлаа гэхэд нь уур хүрээд л “Би жирэмсэн болоогүй бол ингээд л тэмцээнд явж байхгүй юу” гэж бодогдоод байж ядаж, давчдаж байлаа. Нөхөртөө тэрхүү уураа гаргаж “Чи ганцаараа тэмцээн уралдаанд явлаа” гэж гомдоллоно.

Харин төрснийхөө дараа догдлон, яарсаар бэлтгэлдээ орсон. Бэлтгэлдээ ормогц өмнө нь яаж бэлтгэл хийдэг байсан яг л тэр хэмнэлдээ орсон. Найз нөхөд ойр дотныхон маань “Чи нялх биен дээрээ ингэж бэлтгэл хийгээд ядрана шүү дээ” гэж хэлэхэд нь “Үгүй, би тийм биш. Би тамирчин хүн. Би ингэж л бэлтгэл хийх ёстой” гээд л хийж эхэлсэн.

О.ГүндэгмааЭхэндээ гайгүй байснаа сүүлдээ ядарч, турж эхэлсэн. Өөрөө үүнийгээ мэдэхгүй байлаа. Арваад хоног гүйлгэж, эм уугаад ч зүгээр болохгүй байлаа. Нялх биен дээр ядарсан хүн эргээд сэргэхдээ хэцүү байдаг юм билээ. Бэлтгэл дээр ч, тэмцээнд ч нэг л сайн онож өгөхгүй байсан нь өөрийгөө хэтэрхий их шахсанаас болсон байсан.Харин энэ удаад туршлагатайгаар их сайн амарч, өөрийгөө нэлээд чагнаж бэлтгэл хийх ёстой юм байна гэдгээ мэдсэн. Амралт тамирчин хүнд хамгийн их хэрэгтэй гэдгийг өөртөө зарчим болгосон. Тиймээс энэ удаад формдоо хурдан орсон.

-Таны бэлтгэлийг сая хараад сууж байлаа. Тэгэхэд дасгалжуулагч тамирчдад “гал нээ” хэмээн команд өгөхөд мэдэхгүй бидэнд сэртхийм сонсогдсон. Нэлээд чанга, хатуу спорт ч юм шиг. Харин таны хувьд буугаа бариад байг онилоод бэлтгэл, тэмцээний үед зогсч байхад “Би яг л үүнийг хүссэн шүү дээ” гэж бодогдмоор хамгийн сайхан мөч хэзээ байдаг вэ?

-Санхүүгийн асуудлаасаа шалтгаалаад бид галтай сумаар их бага бууддаг юм. Манай спортын төрлийн хувьд бүх л хэрэглэл, тоног төхөөрөмжөө гадаадаас худалдан авдаг. Зардал ихтэй ч спорт гэдэг. Буудахаар дарийн үнэр нь хүртэл сайхан санагддаг.

-Хөөх, маш сонин юм. Зураач хүн будагны үнэртээ дурладаг шиг буудлагын спортын хүн дарийн үнэрт дурладаг гэдгийг анх удаа таниас сонсч байна шүү.

-Тийм шүү. Дарь үнэртэхээр нэг их гоё санагдаад сэргээд л ирдэг юм./Инээв/ Миний амжилтын тухайд ч галтай сумаар буудаж илүү их амжилт гаргадаг юм.

-Тийм үү?

-Тийм шүү. Хийн буугаар медаль авч байсан ч гэсэн илүү их амжилт галтай сумаар буудахад л гарч ирдэг.Гэхдээ галтай сумаар буудсан өдөр их ядардаг. Учир нь галтай сум их чимээтэй байдгаас гадна тийрэлт хүчтэй байдаг. Хийн сум бол чимээ, тийрэлт бага байдаг.

О.Гүндэгмаа-Энэ их энгийн асуулт ч гэлээ танаас асууна гэхээс сонирхолтой санагдаж байна. Өнөөдрийн хувьд буудлага спорт таны нэг хэсэг. Та ч мөн энэ спортын салшгүй нэг хэсэг болсон байна. Гэхдээ та хэзээ нэг өдөр хэрвээ би энэ спортын тамирчин болоогүй байсан бол ямаршуухан Гүндэгмаа байх байсан бол гэж бодож байсан удаа байв уу?

-Одоо энэ талаар төсөөлөхөд их хэцүү. Нэг л төсөөлөгдөж өгдөггүй юм. Бүр анх буудлагаар хичээллээд 3-4 жил болж байсан үед асуусан бол нэг зүйл хэлэх л байсан байх. Харин одоо бол ерөөсөө санаанд багтдаггүй.

Хааяа чөлөөт зав гарвал хоббигоороо янз бүрийн л зүйл хийдэг. Найз нөхөд, эгчийнхээ хумсыг янзалж өгөх маникюр маягийн юм хийх дуртай байсан. Энэ хоббигоороо хумсны будаг, янз бүрийн зүйл цуглуулдаг байлаа. Заримдаа юм оёно. Би буудлагаа болиод зодог тайлаад энэ бүгдийг хийгээд удаан сууна гэхээс надад хэцүү санагддаг. Харин удаан зогсохыг чаддаг.

Ер нь төсөөлөөд өөрийгөө өөр зүйл рүү хандуулна гэхээс хэцүү санагддаг. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд нябо, нягтлангаар суугаад оффист суугаад энэ чиглэлээр ажиллана гэхээр тархи толгойд огт бууж өгөхгүй байсан. Мэдээж хэрэг энэ спортод эмээ болтлоо байхгүй нь ойлгомжтой.

Тиймээс тодорхой хэмжээгээр спортоосоо хөндийрч ажил хийх шаардлага гарах л байх. Гэхдээ л өөр ажил хийнэ гэдэг бодол одоо болтол нэг л бууж өгдөггүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img