2024-10-04, Баасан
5 C
Ulaanbaatar

Н.ЦЭРЭНЛХАМ: Сэргээн засах эмчилгээ хавдартай хүний эдгэрэлтэд чухал үүрэгтэй

Хавдрын эмчилгээ хийлгэж буй, ялан дийлсэн гэх 20.000 шахам хүн өнөөдөр бидний дунд амьдарч байна. Хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа сүүлийн жилүүдэд энэ өвчинтэй нүүр тулсан Айл өрх олон. Мэдээж, хавдраар өвдсөн нэгнээ эдгэшгүй өвчин туссан мэт зөнд нь орхиж болохгүй. Тэдэнд ч бас бусдаас хамааралгүй амьдарч, ажил төрлөө эрүүл үе шигээ хийх хүсэл тэмүүлэл бий. Гэвч өдгөө ХСҮТ-өөс өөр хавдрын дараах сэргээн засах эмчилгээг хийж буй газар байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Рехамед Гялс” нэгдсэн эмнэлэг хувийн салбараас энэ чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж эхэлжээ. Тус эмнэлгийн сэргээн засах эмч Н.Цэрэнлхамтай ярилцлаа.

-Сэргээн засах эмчилгээний төрлүүдээс хавдрын сэргээн засах эмчилгээг өргөжүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манай эмнэлэгт сүүлийн үеийн шинэ техник технологийг нэвтрүүлэн дотор, мэдрэл, харвалт, хавдар, яс үе булчингийн эмгэг, бүх төрлийн бэртэл гэмтэл, мэс заслын дараах сэргээн засах тусламж үйлчилгээг амбулаториор, мөн хэвтэн эмчилгээгээр үзүүлж байна.

Хортой болон хоргүй хавдрын үед, тэр дундаа хими, туяа, мэс засал эмчилгээний өмнө, явцад болон дараа сэргээн засах эмчилгээг хавсарч хийх хэрэгцээ байдаг. Хавдрын өвөрмөц эмчилгээг хийлгэж байх үед, мөн эмчилгээний дараа үйлчлүүлэгчийн биед ямар нэг хэмжээгээр зовиур илэрч, хүндрэл гардаг. Тухайлбал бие шархирч өвдөх, ядрах, сульдах, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох, өөртөө үйлчлэх чадамж сулрах, гэр бүл нийгмийн харилцаанд хүртэл өөрчлөлт гарах гээд олон зүйлийг дурьдаж болно.

Сэргээн засах эмчилгээ нь үйлчлүүлэгчийн өдөр тутмын үйл ажиллагаа, өөртөө үйлчлэх, ачаалал даах чадварыг нь нэмэгдүүлэх, илэрч байгаа өвдөлт зовиурыг багасгах, амьдралын идэвхийг сайжруулах, улмаар өвчний дахилтаас сэргийлэхэд туслах зорилготой. Товчхондоо, амьдралын чадамжийг нь байж болох хамгийн дээд түвшинд хүргэх юм.

-Хими, туяа эмчилгээний явцад өвчтөний биед илрэх зовиур их. Энэ төрлийн эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс давхар сэргээн засах эмчилгээ хийлгэх нь чухал уу?

-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэгт үзүүлж буй хавдрын тусламж үйлчилгээний хүрээнд хими эмчилгээ, хими туяа эмчилгээний дараах хордлого тайлах эмчилгээ хийдэг. Үүнтэй хамт тухайн үйлчлүүлэгчийн хими эмчилгээний явц, өвдөлт зовиур, амьдралын чадамж, онцлогт тулгуурласан сэргээн засах эмчилгээг хийнэ гэсэн үг.

Жишээ нь, хөхний хавдрын мэс засал хийлгэсний дараа лимфийн зогсонгошил үүсэж, гар ихээр хавагнадаг. Энэ нь тухайн эмэгтэйн өдөр тутмын амьдралд саад болж, улмаар хавандаа чинэрч их зовиур үүсгэдэг. Тэгвэл сэргээн засах эмчилгээний баг уг асуудлыг шийдэхэд тусалдаг.

-Хавдрын мэс засал хийлгэсэн хүмүүст ч бас сэргээн засах эмчилгээ шаардлагатай гэсэн?

-Тийм ээ, хавдрын мэс засал болон бүх л төрлийн мэс засал хийлгэхийн өмнө болон дараа сэргээн засах эмчилгээ нэн чухал. Мэс засал эмчилгээ хийлгэсний дараа ихэнх физик эмчилгээ эсрэг заалттай байхаас гадна, зарим тохиолдолд хөдөлгөөн хязгаарлагдмал байдал үүсдэгтэй холбоотой олон хүндрэл гардаг. Ийм тохиолдолд мэс засал эмчилгээний маргаашнаас ч хийгдэх физик эмчилгээ болох Гүний осцилляци буюу DEEP OSCILLATION эмчилгээг манай эмнэлэг хийж байна.

Уг эмчилгээ нь арьсны гадна талаас 8-12 см-ийн гүнд үйлчилж өвдөлт намдаах, хаван буулгах, цусны эргэлтийг сайжруулах, эдгэрэлтийг түргэсгэх, лимф тунгалгын эргэлтийг сайжруулдаг. Дээрх эмчилгээг хөдөлгөөн засал, хоол эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээтэй хослуулан хийвэл эмчилгээний үр дүн сайжирдаг.

-Хөдөлгөөн засал эмчилгээг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Сэргээн засах эмчилгээний салшгүй хэсэг нь хөдөлгөөн засал байдаг. Нэг үеэ бодоход хүмүүс сайн ойлгодог болжээ. Нарийн мэргэжил шүү дээ. Хүн бүрийн онцлогт тохирсон эмчилгээ хийнэ, гэхдээ эхлээд үнэлгээ хийдэг. Тухайлбал толгой хүзүүний хавдрын хагалгаа, түнхний хавдрын хагалгаанаас өөр эмчилгээний тактик шаардана.

Хавдрын эмчилгээний үр дүнд ар гэрийнхний оролцоо, дэмжлэг нь хавдартай хүний эдгэрэлтэд чухал үүрэгтэй. Сэргээн засах эмч, хөдөлгөөн засалч, хоол зүйч, сэтгэл зүйч, сувилагч, бусад эмч нар болон үйлчлүүлэгч, түүний ар гэр хамтран ажиллаж байж хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Мөн нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын Альфа-стим хэмээх бичил долгион эмчилгээ болон гүний осцилляци Германы патенттай физик эмчилгээ ч хийдэг. Хөхний хавдрын хагалгааны дараах гарын хаванг эмчлэх, хавдрын хагалгааны дараа анихгүй удаж буй шархыг эмчлэхэд гүний осцилляци эмчилгээ маш сайн үр дүнтэй. Хөдөлгөөн засал эмчилгээний тухайд цаг хугацаа, хөдөлмөр ордог ч урт хугацаандаа хамгийн үр дүнтэй арга.

Ямар нэг өвчин эмгэг, тэр дундаа хавдар гэх оношийг сонссон өвчтөн болон ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн цочрол үүсэх нь мэдээж. Тиймээс өвчтөний ар гэрийнхэн ч Альфа-стим эмчилгээнд дуртай байдаг.

-Танай эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний техник технологийн давуу тал онцлог юу вэ?

-Бид үр дүнтэй нь нотлогдсон, өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг аппарат, тоног төхөөрөмж, аргачлалыг тусламж үйлчилгээндээ ашигладаг. Хөдөлгөөн засалчийн ур чадвар, шаардлагатай тоног төхөөрөмжүүд эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлнө. Өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийсний дараа эмчилгээний төлөвлөгөө боловсруулан хөдөлгөөн заслын эмчилгээ болон аппаратуудыг хослуулан төлөвлөгөөний дагуу эмчилгээ үйлчилгээг хүргэдэг. Тухайлбал өөртөө үйлчлэх болон амьдралын чадамжийг дээшлүүлэх олон үйлдэлтэй төхөөрөмж, дасгалын аппаратыг ашиглаж эмчилгээ хийдэг.

-Энэ чиглэлд ажиллаж байгаа эмнэлэг танайхаас өөр бий юу?

-Хавдар судлалын үндэсний төвд хавдрын сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Гэвч уг эмнэлгийн ачаалал өндөр тул олон хоног үргэлжлэх сэргээн засах эмчилгээнд хүн бүр хамрагдах боломж бага байдаг байх.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img