2024-12-10, Мягмар
-20 C
Ulaanbaatar

Л.Энх-Амгалан: Гурван машин, хог овоолж байгаад дунд нь тоглолт хийж “тэсрэлт” хийж байлаа

Энэ удаад нийгмийн олонход биш цөөнхийн сонирхолд ихээр нийцдэг нэгэн зочны ярилцлагыг толилуулах гэж байна. “Ихэнх яруу найрагч, сэтгүүлч, зохиолчид үгээрээ хүмүүсийг гэгээрүүлж, тэдний гунигийг тайлдаг бол цөөнх нь үгээрээ уншигчдыг солиоруулдаг” гэж Б.Галсансүх яруу найрагчийн “Маструбаци” шүлгийг уншсан нэгэн уншигч сэтгэгдэлдээ бичжээ. Үнэхээр ч XXI зууны Монголын яруу найрагт үгээрээ уншигчдыг “солиоруулсан” уран бүтээлчдийн эхний байранд энэ яруу найрагч багтах бол XXI зууны Монголын рок хөгжимд, хөгжмийн “солиорол”-ыг бий болгосон хамтлаг бол “Нисванис” юм. Ийнхүү “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай доорх уран бүтээлчдийн асуултын хамт уулзлаа.

“Нисванис” хамтлагийн шүтэн бишрэгч, “Харгислалын театр”-ын продюсер Д.Оюунномин:
-“Нисванис” хамтлагийн “Хүчил¬төрөгч” цомог гарсан даруйдаа олон залуусыг амьд хөгжимд дуртай болгосон. Энэхүү цомгийг хийж байсан үеийн Амгаа одоогийн Амгаа хоёрт ямар ялгаа байна вэ?

-“Хүчилтөрөгч” цомогт миний 1995 оны нэгдүгээр сарын 19-нөөс 1998 оны есдүгээр сар хүртэл зохиосон дуунууд багтсан. Тэгэхээр би энэхүү цомгийн дуунуудаа 18-22 насандаа зохиосон гэсэн үг. Харин одоо би 38 настай. “Нисванис” хамтлаг байгуулагдаад 18 жил болж байна.

Хамтлаг байгуулагдахаас өмнө би “Би тамхиа татаад дуусч байна”, дуучин Т.Ариунаагийн “Утасны дугаар”, Ч.Галсансүхийн шүлэг “Эсрэг утгаар нь”, “Гэрэлт ирээдүй намайг дуудаж байна” дуунуудаа зохиосон. Жишээлбэл, 1997 онд “Эмийн сан руу алхсан нь”, дуучин Б.Сарантуяагийн дуулдаг “Мэдэхгүй” дууг нэг өдөр зохиосон байх жишээтэй.

Л.Энх-Амгалан “Нисванис”Энэ үеийн Амгаа гэдэг хүүхэд хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө маш их дайчин байснаас гадна галзуу барын аманд гараа хийчихээд авах уу, болих уу гэж явсан. Би маш их зоригтой байлаа.

Харин хоёр, гурав дахь цомгоо хийж байх үедээ би аливаа зүйлд хашир ханддаг болчихсон байсан. Одоо бол би гэр бүлтэй болсон байна. Эхнэр маань надад “чиний харц чинь тогтчихсон байх юм” гэж хэлдэг. Уг нь би ийм болохыг хүсээгүй. Гэхдээ ийм л болчихсон юм шиг байгаа юм. /Инээв/ Үргэлж залуугаараа байх ёстой гэж би боддог. Миний харц тогтсон гэдэг нь би хөгширч байна гэж хэлэхийг хүсэхгүй байна.

Гэхдээ аливаа зүйлд хандах хандлага өөрчлөгдсөн. Тиймээс бидний анхны цомог болох “Хүчилтөрөгч” бол нэгэн хөвгүүний зоригтой уран бүтээлүүд байсан. Би маш их алдаа гаргаж зоригтойгоор довтолсон. Миний тэрхүү довтлолт, миний алдаа, оноо бүгдийг уучилж болох нас байсан. 2001 онд би “Зүрхээ гаргаад зүсэж хуваамаар “ зэрэг үгтэй “Тэсрэлт” дуу багтсан хоёр дахь цомог бол юу болсноо эргээд харах үе шат маань байсан. Харин гурав дахь цомог буюу 2006 онд гарсан “Нисдэг таваг” цомгоо харахад ер нь бол би болох гэж байгаа юм байна гэсэн маягтай уран бүтээл байсан. Одоо гарах дөрөв дэх цомогтоо бол би тайлбар хэлэхгүй.

Сонсогчид тайлбар хийх байх. “Нисванис” хамтлаг энэ цаг мөчид ямар болсныг сонсогчид маань шүүх ёстой. Гэвч би хувь хүний хувьд 18-38 насны хооронд асар их ялгаа бий болсон нь ойлгомжтой. Гэхдээ үндсэн Амгаа хэвээрээ байгаа гэж хэлэхийг хүсч байна.

Дөрөв дэх цомгийн маань таван дуу нь Галсансүхийнх, үлдсэн нь миний шүлгээс бүрдсэн. Яруу найрагч Галсансүх бол “Нисванис” хамтлагийг үүсгэн байгуулагч бөгөөд санаачлагчийн нэг юм. Мөн миний найз.

Хүмүүс ойлгохдоо Галсансүхийг ихэнхдээ шүлгийг бичдэг юм шигээр ойлгодог. Гэвч ихэнх дуугаа бид өөрсдөө зохиосон. Энэ удаад би “Бурханд өгөх зөвлөгөө” нэртэй найзынхаа шүлгийн номноос шүлэг авч таван дуу хийсэн. Шинэ цомгоо “Далд оюун ухаан” нэртэй гаргая гэтэл Галсансүх “философи мэддэг хүн шиг инээдтэй сонсогдож байна” гэж хэлсэн.

“Чи бидний загас наадуулахдаа дуу алдах…” гэх зэрэг үгтэй шүлэг байдаг юм. Хоёр дахь цуврал нь “Утасны дугаар”, гурав дахь шүлэг нь “Абам бэбэм” гэдэг нэртэй цуврал шүлэг байдаг.

Л.Энх-Амгалан “Нисванис” -“Утасны чинь дугаар урууланд минь байдаг. Янаг уруулын чинь бал бурам мансууруулах бодистой байдаг”гэж дуулсан таны аяыг нь зохиосон “Утасны дугаар” дууны эзэн дуучин Т.Ариунаа танаас хоёр асуулт асуулгасан байна.

-/Инээв/ За, Яасан хөөрхөн юм бэ, Ариунаа эгч юун идэвхтэй юм бэ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа:
-Амгаа, миний дуулсан “Утасны дугаар” дуу хэрхэн бүтсэн түүхийг уншигч олон түмэнд ярьж өгч болох уу?

-Сайхан асуулт тавьсан Ариунаа эгчдээ баярлалаа. “Утасны дугаар “ дууг 1996 оны нэгдүгээр сарын 20-ны 15 цагаас 17 цагийн хооронд зохиосон. Соёл урлагийн их сургуулийн дотуур байрны 105 тоотод зохиосон дуу шүү дээ.

Галсансүх найз маань “Нирвана шиг шинэ хамтлаг байгуулъя” гэж надад хэлж байсан үе. Мөн манай найз яруу найрагч Б.Эрдэнэсолонго бид хоёр тэрхүү оюутны байранд хамт амьдардаг байлаа. Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од манай дээд анги байсан юм. Сэр-Одын нэр дээр би Эрдэнэсолонгыг оюутны байрандаа оруулчихсан юм.

Учир нь Эрдэнэсолонго Багшийн дээдийн оюутан байсан. Сэр-Од эхнэр хүүхэдтэй учир гадуур байдаг. Оюутны байрандаа төдийлөн байдаггүй байлаа. Тэгэхээр нь би Солонгоог Сэр-Од нэртэй болгоод байрандаа байлгаад сүүлдээ баригдаад хоёулаа байрнаасаа хөөгдсөн. Эрдэнэсолонго, Батмэнд дуучин, жүжигчин “өндөр” Төвшин бид хэд оюутны нэг байранд бужигнуулж явлаа.

Би СУИС-ийн удирдаачийн ангид сурдаг. Нэг өдөр оюутны дотуур байрныхаа өрөөний цонхон дээр нотоо дэлгэчихсэн цонх руу хараад бэлтгэлээ хийгээд зогсч байсан юм. Тэгтэл гаднаас Эрдэнэсолонго, Галсансүх хоёр орж ирж байна. Өрөөнд орж ирмэгцээ Галсансүх “Хөөе, Амгаа хоёулаа нэг дуу хийе. Ариунаа гэдэг гоё дуучин байна.

Тэр дуучинг Монголын Мадонна болгоё” гэтэл би “Ариунаа гэж ямар дуучин байдаг юм бэ” гэж асуутал “яагаав нөгөө 16 нас минь, “Би чамд хайртай” киноны дууг дуулдаг. Тэр дуучинд гурвуулаа дуу зохиож өгье. Чи наад хичээл энэ тэрээ орхи. Өнөөдөр гурвуулаа явж эхлээд мөнгө олоод жаахан шар айраг ууя. Тэгэнгээ уран бүтээлээ ярья” гэж хэлсэн. Тэгтэл надад гарч мөнгө олоод шар айраг ууя гэдэг санал нь бусад саналаас нь илүү ойрхон сонсогдож байсан.

Галсансүх тухайн үеийн “Ардын эрх” сонинд ажилладаг шинэхэн сэтгүүлч байсан юм. Хааяа бичлэгийн шагналаа авахаараа хоёр найзыгаа дайлна. Тэгээд л өрөөнөөсөө гараад бид гурав Зохиолчдын эвлэлийн хороо руу очиж, Галсансүх мөнгө олохоор орсон. Тэр үед би нэгдүгээр курсын оюутан байсан тул юм л идэж ууж байвал бусдын тухай үнэндээ бодож байгаагүй үе.

Гадаа их хүйтэн байсан тул бид хоёрыг даараад зогсож байтал Галсансүх мөнгө олдсонгүй гэсээр гарч ирсэн. Тэгээд л гурвуулаа Эрдэнэтээс Солонго бид хоёрт ирсэн жаахан адууны махаа гурвуулаа чанаж идэхээр буцаад явах нь тэр.

Болоогүй, гурвуулаа халаасанд байсан мөнгөө шавхаж нэг талх аваад эргээд өрөөндөө ирсэн. Тэр үед Галсансүхийн “Хүн судлал” нэртэй архины шил барьчихсан нүв нүцгэн зурагтай ном нь гарчихсан байсан юм. Бид гурвын төлөвлөгөөгөөр тэр хоёр шүлэг зохиож, би түүнд нь ая хийгээд Ариунаа гэдэг дуучин дээр очих ёстой байлаа.

Тэгтэл нөгөө хоёр хоолоо идэж дуусмагцаа өдрийн 15 цагт жаахан унтлаа гэдэг байгаа. Би “хүүе, нөгөө нэг дуучин, дуу юу болсон бэ” гэтэл Галсансүх номоо гаргаж ирээд “чи энэ шүлэгт ая зохиочих” гэж хэлээд надад “Утасны дугаар” шүлгээ зааж өглөө. Унштал,

Утасны чинь дугаар
Урууланд минь байдаг
Мөнгөн уруулны чинь бал бурам
Мансууруулах бодистой байдаг
Намуухан амьсгаадаад хөдлөх чинь
Нартыг мартуулсан байдаг…

Эдгээр мөртүүдийг уншмагцаа миний нүүр улайгаад тэр хоёрт “за би ийм тэнэг юман дээр хэзээ ч дуу зохиохгүй. Та хоёр бос л доо” гэтэл тэр хоёр босох шинжгүй цаашаа хараад унтаад өгсөн. Тэгээд л би ганцаараа ямбий банзан гитар, үйрсэн талхны үртэс, махны үлдэгдэл, өнөөх айхтар үгтэй шүлэг зэрэгтэй хамт үлддэг юм байна. Юутай ч 16 нас дууг дуулсан Ариунаа энэ дууг дуулах юм байна гэж дотроо бодсон. Би өмнө нь огт харж байгаагүй. Тэгээд л зохиох дуугаа дотроо эхлээд төсөөлсөн.

Дараа нь энэ шүлгийн “байдаг, байдаг” гэдэг үгс нь агсал, хувал морио нь байдаг, наян тохой бие нь байдаг гэх зэрэг баруун Монгол ардын хэм маягаар шүлэг нь бичигдсэн мэт санагдсан. Торгууд ардын “Агсал” гэдэг дуу байдаг шүү дээ. Яг түүн шиг санагдсан. Би бас морин хуур тоглодог хүний хувьд татлага маягийн байвал зүгээр ч юм уу гэж бодоод гитар дээр тоглож үзээд л байсан. Тэгээд л өнөөх хоёроо сэрмэгц нөгөө “сонин” шүлгэн дээр ийм ая хийлээ гээд сонсготол “өө, яг болсон байна.

Гурвуулаа гараад Ариунаагийн найз Бадмаа гэдэг яруу найрагч эгч дээр очиж сонсгоё” гэж хэлсэн. Тэгээд л гурвуулаа ороолтоо сайн баглаж дулаалж аваад гарсан. Автобусны мөнгө байхгүй тул Арслантай гүүрнээс Энхтайван найрамдлын ордон хүртэл алхсан. Тэгээд л нэг байрны гадаа ирж, гурван давхрын хаалгыг тогштол тэр айлд хүн байсангүй.

Буцаад л оюутны байрандаа ирээд ирэх долоо хоногоос уулзахаар болоод салцгаасан. Ирэх долоо хоногт нь Галсансүх Ариунаа эгчийг олчихсон хэмээсээр орж ирээд дуугаа сонсгохоор болж Соёлын төв өргөөнд бид ирсэн.

Тэгтэл Ариунаа эгч, гитарчин Өөжгий хоёр намайг хүлээгээд сууж байлаа. Тэр хоёрыг хараад миний гар салганаад сандарч эхэлсэн. Эхлээд багадаа зохиосон даруухан дуунуудаа сонсготол тэднийг тоохгүй байлаа. Тэгээд сүүлд нь “Утасны дугаар” дуугаа сонсготол “ямар өвөрмөц, сонин дуу вэ” гээд хоорондоо ярихад нь надад сайхан мэдрэмж төрж байсан.

Энэ дууг амилуулснаараа Ариунаа эгчийг би хувьдаа Монголын рок, поп урлагт нэгэн шинэ үеийг нээсэн болов уу гэж боддог.

Ялгаагүй “Нисванис” хамтлагийн хувьд ч энэ дуу нэгэн цоо шинэ үеийг эхлүүлсэн. Би энэ дууны үгийг зохиосон Галсансүхдээ баярлаж явдаг. Соль гитарыг тоглосон Өөжгийд, хөгжмийн ард байсан хамтлагийнхандаа баярлаж явдаг. Энэ дуу бол миний шинэ үеийн эхлэл байсан.

-Амгаа маань насны хувьд идэр насандаа явж байгаа хүн. Энэ насандаа амьдралаас ухаарч байгаа ухаарлынхаа тухай яриач?

-/Инээв/ Ариунаа эгч яасан гүнзгий юм асууж байна вэ, сайхан асуулт байна. Зурагтаар нэгэн нэвтрүүлэг үзэж суутал “Буян”-гийн Жагаа гуай “амьдрал гэдэг бол цаг хугацаа” гэж ярьж байсан. Энэ үг нь надад их таалагдсан. Би хүмүүсийг ярихыг сонсох их дуртай.

Ялангуяа яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн ярихыг сонсох дуртай. Шүлгийг нь ч унших дуртай. Хүмүүсийн амьдралд хандах хандлагыг ажиглаж, тэндээс нь суралцах юмсан гэж их хичээдэг. Амьдрал бол цаг хугацаа юм бол тэр цаг хугацаан дотроос хүн ухаарал гээч зүйлийг олж авах нь мэдээж хэрэг. Хүн бүр харилцан адилгүй ухаарлыг авна. Би амьдралаас авсан ухаарлаа тоочих юм бол бодох хэрэгтэй болох байх.

Яг одоо миний анхаарал энэ асуудалд төвлөрч өгөхгүй байгаа тул би үнэн сэтгэлээсээ хариулж чадахгүй байж магад. Одоогоор хамгийн эхэнд орж байгаа нь гэвэл би юутай ч хүнийг гомдоож болохгүй гэдэг зүйлийг цаг үргэлж бодож явдаг. Аав минь “үнэнч, шударга, зарчимч бай” гэдэг гурван үгийг их хэлдэг байсан. Энэ үгийг нь санаж явдаг. Ээжийн маань хэлдэг “болно доо” гэдэг үг ч яг энэ мөчид санаанд орж байна.

Л.Энх-Амгалан “Нисванис” -Тантай ойр дотно найз нөхдийн тань нэг зураач Ё.Далх-Очир гэж хүн байдаг юм байна.

-Өө, Далхаа ах… “Ногоон морь”. 1996 онд манай хамтлагийн анхны тоглолтын тайзыг засч байсан. Далхаа ах болон түүний шавь нарын бүтээл нь “Сонсохыг хориглоно” тоглолтын тайз засал байлаа.

Гурван машин, хог овоолж байгаад дунд нь тоглолт хийж “тэсрэлт” хийж байлаа. Соёлын төв өргөөнд 1996 онд тийм айхтар юм хийж байлаа шүү дээ, бид. Тэгэхэд та ч хүүхэд байсан байх л даа.

-Хүүхэд байсан гэж та сайхан хэллээ. Дараагийн асуулт бол таны найзуудын нэг Ё.Далх-Очир зураачийн хүүхэд урлаг судлаач, танай хамтлагийн мөн шүтэн бишрэгч Д.Гоо-Маралын асуултаар бидний ярилцлага үргэлжилж байна.

-Аан за.

Урлаг судлаач Д.Гоо-Марал:
-Амгаа ахаа, танд хэзээ ч юм хачин ихээр орилмоор эсвэл дуу аялмаар, хэн нэгнийг дуудмаар байхад дуу хоолой ер гарахгүй байх тийм цаг мөч танд тохиож байв уу?

-Яасан хүнд асуулт вэ, /Инээв/ Дуулмаар үе байлгүй л яахав дээ.

Магадгүй тийм үе байсан байх. Тэр үеэ мартсан эсвэл анзаараагүй өнгөрсөн ч байж болох юм. Энэ бол хүнд байдаг л зүйл шүү дээ. Би нээлттэй хүн биш. Ил задгай, хамаагүй мэт санагдаж байж болох ч би үнэндээ маш дотогшоо хүн шүү дээ.

-Та хувь тавилан гэдэг үгийн араас хэдэн үгийг зогсоох вэ, жишээлбэл хувь тавилан, хайр, хагацал, мэдрэмж гэх мэт…

-Пөөх, ямар хүнд асуулт вэ, миний ухаан хүрэхгүй бололтой. Яг үнэндээ бидний ярилцлага хийж байгаа энэ мөчид би клипний зураг авалтад ороод ихэд хөөрсөн үе байна. Тиймээс би нэг л буухгүй байна.

Уг нь бууж ирээд өөрийгөө чагнаж байгаад энэ асуултад хариулах ёстой юм байна. Энэ их хөөрлийн дараа энэ хүнд асуултад хариулах хэцүү байгааг минь ойлгоорой. Хувь тавилан гэдэг зүйлийг би тайлбарлаад хэрэггүй байх. Хүн бүр өөрийнхөөрөө энэ зүйлийг мэдэрч, туулаг…

Амьдрал цаг хугацаа, бас хувь тавилан. Өнөөдөр та бид уулзаад ярилцлага хийж байгаа нь ч хувь тавилан, хувь зохиол. Уулзахгүй хүмүүс гэж байдаг. Уулздаг хүмүүс гэж байдаг. Амьдрал шиг аугаа нууцлаг, аугаа гүнзгий зүйл хаа ч байхгүй. Үүнээс бид мэдрэхийгээ мэдэрч, шүргэхийгээ шүргэж, анзаарахгүй зүйлээ анзааралгүй явуулсаар л байгаа. Тиймээс энэ амьдрал, хувь тавилан гэдэг бол маш өргөн цар хүрээтэй зүйл. Үүнийг тайлбарлахад бидний ухаан хүрэхгүй.

-Яруу найрагч Б.Галсансүх та нарыг хөгширдөггүй хүмүүс гэж залуус ярилцдаг. Залуу реппер Рокет Бэйтэй хамтарсан “Зугаатай байлаа” дууны клип дээр та тун ч залуу харагдаж байсан. Хөгшрөхгүй байхын нууцаасаа хуваалцаач?

-/Инээв/ Ямар инээдтэй асуулт вэ. Биологийн талаасаа яривал бид байгалийн хуулийг хэзээ ч зөрчиж чадахгүй.

Гэвч оюун санааны хуулийг зөрчих боломжтой гэж боддог. Залуу сэтгэж, залуу шинэ үеэсээ холдохгүй байх. Хүүхэд насныхаа бодлыг мартахгүй байх. Түүнээс биш би залуу зандан харагдаад байгаадаа биш юм. Ахмад үеийнхэн дунд ч маш сайхан залуу чигээрээ харагдаж байгаа хүмүүс олон бий. Тэдний нууц нь залуу насныхаа хүсэл мөрөөдлийг мартаагүй явдагт л нууц нь байдаг юм болов уу. “Та нар муусайн хүүхдүүд.

Би ийм байгаагүй” гэхгүйгээр залуучуудыг ойлгож харилцах нь чухал гэж боддог. Юунд хүсч тэмүүлж байсан тэр хүсэл мөрөөдлөө мартахгүй байх нь чухал. Мөрөөдлөө мартчих юм бол тэртээ тэргүй л хөгширнө. Надад маш их хүсэл мөрөөдөл байсан. Би чадах чинээгээрээ тэднийг мартахгүйг хичээдэг.

-Хамгийн хэцүү эсвэл хамгийн хялбархан асуултыг таны найз Б.Галсансүх яруу найрагч асуух шиг болсон.

-За.

Яруу найрагч Б.Галсансүх:

-“Нисванис” гэдэг хамтлагтай амьдралаа холбосондоо харамсдаг уу?

-/Инээв/ Галсансүх ээ, би чамайг таньж байна шүү. Яг үнэндээ, Галсансүх 1995 оны арванхоёрдугаар сард СУИС-ийн хичээлийн тэр нэгэн танхимаар шагайгаад “энд Амгаа гэж хүн байдаг уу” гэж асуугаагүй бол миний амьдрал хаашаа эргэх байсан бэ гэдэг нь бас л сонин. Намайг ерөөс уруу татсан хүмүүс гэвэл Галсансүх, Эрдэнэсолонго гэх мэтийн хэдэн нөхөд бий. “Нисванис” гэдэг энэ хамтлаг миний амьдрал юм шиг санагддаг. Би үүнгүйгээр амьдарч чадахгүй. Тиймээс энэ хамтлаг бол миний амьдралын утга учир.

Л.Энх-Амгалан “Нисванис” Хэрвээ найзууд маань намайг уруу татаагүй бол би зүгээр нэг дунд сургуульд дуу хөгжмийн багш эсвэл хаа нэгтээ найрал дууны багш хийгээд даруухан амьдрах байсан. Гэвч би ингэж амьдарч чадах хүн биш. Залуу насанд минь шинэ эрч хүч, шинэ зэвсгийг надад өгсөн эдгээр найзууддаа би үргэлж талархаж явдаг. Сурч байсан сургуулиа хаян байж энэхүү замыг сонгосон. Би их хүмүүжилтэй хүүхэд шүү дээ. Ээж, ааваасаа энэ тал дээр зөвшөөрөл хүртэл авч байсан. “Хэрвээ чи амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол болно.

Хоёрын хооронд сэтгэлийн хөөрлөөр хандаж маргааш өөр зүйл ярив аа. Чи эр хүн шиг шийдвэрийг гаргаарай” гэж эцэг, эх маань надад хэлж байлаа. Хамаг хүч чадлаа надад зориулсан хамтлагийн найз нөхдөдөө талархаж явдаг. Үүнийг хийхгүй байсан бол өөр хэн нэгэн хийх л байсан. Гэвч би хийж чадаж байгаа гэж ойлгодог. Би найз нөхөд болох тэр хүмүүсийн тэнхээгээр өдий зэрэгтэй явж байгаа гэж бодож байна. Аав шүлэг бичдэг хүн байсан. Зурагтаар “Болор цом” гармагц гэр бүлээрээ шимтэн үздэг байлаа.

1987 онд зурагтаар “Болор цом” гарч байлаа. Тухайн үед улаан туулайтай хар өнгөтэй цүнх моодонд орж байсан юм. Тэр цүнхийг тухайн үед бас гайгүй айлын хүүхдүүд барьдаг байсан санагдана. Харин надад үргэлж эгч, ах нараас дамжсан цүнх ирдэг байлаа. Гэтэл тэр нэг удаа надад туулайтай цүнхийг шинээр авч өгсөн юм. Би хичээлээ тараад гэртээ иртэл манай гэрийнхэн бүгдээрээ “Болор цом” үзээд сууж байх юм.

Гэтэл гэрийн буланд асаалттай плитка байж л дээ. Тэгээд л би орж ирмэгцээ гэрийнхнийхээ адил “Болор цом”-ыг шимтэн үзэж байтал гэнэт муухай үнэр гэрээр дүүрэн ханхлаад ирсэн. Хартал дөнгөж саяхан авсан хамгийн гоё цүнх маань шатаж байж уу. Цүнхний маань тал нь хайлчихсан. Тэгээд надад гэрийнхэн маань шинэ цүнх авч өгөөгүй. Тэгж гэр бүлээрээ шүлэг яруу найрагт дурладаг байсан.

Оюутан болсны дараа Эрдэнэсолонго надад Франц, Оросын утга зохиол ярьж өгдөг. Харин би түүнд хөгжим ярьж бид бие биенийгээ хөглөдөг байв. Галсансүхийг бол “Болор цом”-д орж байхыг нь зурагтаар л хардаг байлаа.
Энэ газар дэлхий намар цаг аа
Олзлогдогсод мэт үүлс… гээд л “Ганцаардал” гэдэг шүлгээ уншдаг байсныг санаж байна. Тухайн үед шүлгийг нь зурагтаар сонсоод ямар өвөрмөц, сонин юм бэ гэж бодож байлаа.

Тэр үед би өөрийгөө сонин зүйлд дуртай юм байна гэдгээ мэдэж эхэлж байсан. Тэгээд л Эрдэнэсолонготой Галсансүхийн тухай ярьдаг байсан. Үнэндээ намайг Галсансүх рок хөгжим рүү уруу татсан юм. Би уг нь сонгодог хөгжмөөр хичээллэж байсан хүн. Бас би хэзээ ч дуулна гэж бодож байгаагүй. Галсансүх л “чи өөрөө дуулсан нь дээр” гэсээр байгаад дуулуулсан. Намайг “үхтэл нь хошгируулсан” хүн юм.

Энэ ярилцлага “Үндэсний шуудан” сонинд нийтлэгдэж байсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img