2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

Б.Наранзун: Камерын өмнө хүмүүст байр бэлэглэх чинь жудаг биш, “тоглолт” шүү дээ

ХХ зуунд түүний өвөө Жамцын Бадраа Монголын урлаг, соёлын амьдралын томоохон соён гэгээрүүлэгчдийн нэг байв. Piano гэх итали үгийг төгөлдөр хуур хэмээн орчуулж бидэнд үлдээснээс эхлээд яривал Бадраа гэх эрхмийн Монголын соёл урлагийн амьдралд оруулсан хувь нэмэр үлэмж. Наранзуны аав Бадрууган мөн л ХХ зууны соёл урлагийн түүхийг бүтээлцсэн нэгэн. Бадрууган агсан “Инээмсэглэл” хамтлагт дуулж, Монголын Үндэсний Телевизид өөрийн өнгө төрхийг бүтээж, Соёл Урлагийн Хорооны даргаас эхлээд Радио Телевизийн дээд сургуулийг үүсгэн байгуулж байв. Наранзуны хувьд ч урлагийн салбарт тод мөртэй залуу. 200 гаруй дуу зохиож, хамтлаг дуучдыг гаргаж ирэх продюсерийн ажлыг амжилттай гүйцэтгэж чаддаг нэгэн. Түүнтэй хэдэн жилийн өмнө өрнүүлсэн ярилцлагаа хүргэе. Бидний ярилцлага “Үндэсний шуудан” сонинд нийтлэгдэж байсан юм.

– Монгол хэл байхгүй болчихвол хятад, солонгосоос ялгарахгүй биз дээ –

-Таныг Монгол Улсын анхны Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар болоод Дилав хутагт Жамсранжав нарын үр сад гэж сонссон. Та хэр их шүтлэгтэй вэ?

-Богд хаант Монгол Ард Улсын хоёр удаагийн Ерөнхий сайд байсан Жалханз хутагт Дамдинбазар манай өвөөгийн садан. Сонирхуулж хэлэхэд Дилав хутагт Жамсранжав, Жалханз хутагт Дамдинбазар нар эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Миний удам угсаа гэдэг утгаар нь би эдгээр хүмүүсийг үргэлж хүндлэн биширч явдаг. Шүтлэгийн хувьд би нэг их сүсэг бишрэлтэй биш. Аливаа шашин шүтлэгтэй хүмүүсийг ялгаварлаж үздэггүй. Бүгдийг нь хүндэлдэг.

-Таны өвөө Жамцын Бадраа ХХ зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны зохиогч төдийгүй Монголын соёл, урлагийн амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг. 1950-иад оны сүүлээр бичсэн түүний хөгжмийн нэр томъёоны тайлбар толь байдаг. Piano гэх “аяар, чанга” гэсэн утга бүхий итали үгсийг төгөлдөр хуур хэмээнэ гэж Ж.Бадраа гуай анхлан орчуулсан гэдэг. Мөн одоо ч Монголын хөгжмийн болоод дууны урлагт хэрэглэгдэж буй монгол нэр томъёонууд түүний орчуулга гэдэг юм билээ. Та ардын урлаг судлалаар суралцаж байх хугацаандаа энэ талаар мөн судалж байсан биз дээ?

-Манай өвөө бол миний өвөө бөгөөд ардын урлаг судлалын суурийг надад тавьж өгсөн миний багш. Өвөө минь намайг баруун монгол ардын урлаг, туульс, товшуур хөгжмийг судлуулах гэж Ховдын Булган сум руу гурван сарын хугацаатай томилолтоор явуулж байсан. Өвөөгийнхөө үлдээсэн маш их судалгааны материалуудаас би одоо ч суралцсаар байдаг.

Монгол хэлний утгын орчуулгын арга барилыг би өвөөгөөсөө ойлгож авсан. Үгээр биш утгаар орчуулна гэдэг орчуулгын гол зүйл байдаг. Тиймээс манай өвөөг “гүүш” гэж хэлдэг. Гүүш гэж том орчуулагч хүмүүсийг хэлдэг шүү дээ. Өвөө маань дэлхийн томоохон сонгодог зохиолуудыг монгол хэлнээ яруу тодоор буулгасан.

Б.Ринчен гуайн сайн шавь нарын нэг байсан гэдэг утгаараа би өвөөгөө Монголын утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг гэж боддог.

-Гарал үүслийн хувьд балет, дуурь нь Франц, Италид үүссэн. Ордны урлаг гэж түүхэндээ бичигдсэн байдаг ч шууд утгаар нь ойлгосон ч юм уу балет, дуурийг монголчууд өнөө хэр нь элитийн урлаг гэж ирээд л буруу ярьж, зөв ойлгоод байгаа юм шиг санагддаг.

-Ний нуугүй хэлэхэд элит гэдэг үгнийхээ учрыг олохгүй “популист” нөхөд цөөнгүй байна аа. Эртээд зурагтаар нэлээд олны танил хүн “муусайн элитүүд дээр гарчихаад л…” гээд ярьж байна лээ. Элит гэж яг юу юм бэ. Энэ чинь удам угсаа, уламжлагдаж ирсэн гарал үүслээсээ авхуулаад өөр ойлголт биз дээ. Түүнээс биш өнөөдрийн баян гэх хүмүүсийг элит гэх нь буруу ойлголт. Сүүлийн үед үндэсний үзэл хэт давамгайлж байгаа нь буруу нөлөө үзүүлж байна. Яагаад сонгодог урлаг Монгол Улсад байх ёстой юм бэ. Энэ бол нэгдүгээрт хүний төлөвшил, нийгэмшилд нөлөөлөх чухал зүйл. Хоёрдугаарт, монгол хүний үнэлэмжийг олон улсад дээшлүүлэх чухал үзүүлэлт.

Өөрсдийн гэсэн үндэсний сонгодог дуурь, симфони бичсэн ард түмнийг будаа тарьсан ард түмэнтэй харьцуулашгүй. Энэ чинь бидний үнэ цэнийг өсгөж байгаа юм. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтний урлаг гэдэг өнцөгөөс нь хар л даа. Заавал балет нь Францынх болохоор монгол биш гэж ойлгох гээд байх юм. Хятад бараа бол битгий ав гэдэг шиг. Ийм хачин нүдээр харж болохгүй. Энэ мэдлэгийг бид сурснаар тэдний хэмжээнд очино.

Зөвхөн бизнес, мөнгөөр бүх зүйл хэмжигдэхгүй. Шинжлэх ухаан бол бүр хаягдчихсан. “Interstellar” гэдэг уран сайхны кино байдаг даа. Тэнд “хар нүх” гээд сансар огторгуй оюун санаа мөрөөдсөн зүйлийг харуулж байхад энд бид ухна, ухахгүй, огцорно, огцрохгүй гэж хэрэлдээд л байж байна.

Харьцуулахад хэтэрхий хэцүү байгаа биз. Хүн төрөлхтөн тэнд Марс гариг руу хүмүүс явуулах тухай ярьж байхад бид энд улс төрөө тогтвортой байлгаж чадахгүй, яаж эдийн засгаа сэргээх тухай яриад сууж байх жишээтэй. Ийм нөхцөлд бид яаж дэлхийд үнэлэгдэх вэ. Тэгээд сүүлдээ бүр соёл нь байхгүй бол юу болох вэ.

Хамгийн энгийн жишээ монгол хэл байхгүй болоход хятад, солонгосоос ялгарахгүй биз дээ. Дээхнэ үед нэг нөхөр гадаадад очоод монгол гэдгээсээ ичээд өөрийгөө япон, солонгос, хонконг гэж ярьдаг байсан гэсэн. Энэ бол маш том эмгэнэл.

-Яагаад монгол хүн гэдгээсээ ичсэн юм бол?

-1990-ээд он шүү дээ. Ядуу буурай гэдгээсээ ичиж байхгүй юу. Харин одоо бол хаана ч явсан монгол хүн гэдгээсээ ичихгүй болсон нь бидний том ололт. Ийм сайхан үе уг нь ирж байхад бүх зүйлийг зөвхөн зоосны нүхээр хардаг. Амархан баяжиж, нэр хүнд олж, олны танил болох гэсэн буруу хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсийг энэ хямрал сайхан дарж өгч байгаад баяртай байна. Хямралд ч бас сайн тал байна.

-Монголын нийт хүн амын соёл, урлагийн боловсролын түвшин ямархуу байгаа гэж та боддог вэ?

-Ерөнхийдөө гайгүй ээ. Гэхдээ урлагийг театрт очиж амьдаар нь үзнэ гэж нэг ойлголт байна шүү дээ. Киног кинотеатрт нь үзэх, Уран зургийг уран зургийн галлерейд нь очиж үзэх, номыг номын санд нь сууж унших шиг сайхан юм байхгүй.

-Та совесть, жудаг гэдэг үгсийг юу гэж ойлгодог вэ?

-Жудаг… Монгол хүний, хятад хүний, япон хүний жудаг гэсэн ялгаа гэж байхгүй. Хүн гэж юу юм бэ, хүн ямар байх ёстой юм бэ, хүн хүнээ яагаад хайрлах ёстой юм бэ энэ асуултууд л байх ёстой болохоос биш монгол, хятад хүний жудаг гэж ярьдаг асуудлыг би хувьдаа худлаа гэж боддог. Хүний амьдрал эрээнтэй бараантай. Туг ч барина, тугал ч хариулна. Лааз ч өшиглөнө, лаа ч асаана./Инээв/ Тийм биз дээ?

-Тийм шүү.

-Хэцүү үе зөндөө тохиолдоно шүү дээ. Тэр бүх үед жудаг болох өөрийнхөө хүн чанар, мөн чанараа алдахгүй байх л чухал.

Их, бага хэмжээгээр хэн нэгний төлөө өөрийгөө золиослож чаддаг хүнийг л би хамгийн жудагтай хүн гэж боддог. Хүний төлөө амиа өгөх нь том жудаг. Тэр совесть нь амиа өгөхөд хүргэж байгаа хэрэг. Эх орныхоо төлөө амиа өгөхдөө эх орныхоо өмнө хүлээсэн тэр жудаг нь тухайн хүний амийг нь аваа явж байгаа хэрэг. Тиймээс золиосыг жудаг гэж бас хэлж болох байх.

-“Энэ совестьгүй хүн шүү” гэж хүмүүс ярьж байдаг.

-Наадах чинь амиа хичээсэн хүнийг л хэлж байгаа байлгүй дээ. Золиос хийж чадахгүй. Энэ нийгэмд ганцаараа булагнадаг хүнийг хэлэх байх даа. Жишээлбэл, өглөө сэрээд өөрөөс нь гадна сэрээгүй дөрвөн хүн унтаж байхад ганцаараа бусдынхаа хоолыг “гөвчихдөг” хүнийг совесттой хүн гэж хэлэхгүй байх.

Харин ганц зүсэм талхаа бусаддаа үлдээгээд гэрээсээ гардаг хүнийг совесттой хүн буюу жудагтай хүн гэж хэлж болно. Совесть гэдэг бол том соёл. Соёл бол дүрэм.

-Энэ бүхний хичээлээр заахгүйгээс хойш хүний өсөж төрсөн орчин хүмүүжлийн асуудалтай холбоотой болж таарах уу?

-Яаж заах юм бэ. Үлгэрлэж, жишээ үзүүлэх л хэрэгтэй болохоос биш ингэвэл чи жудагтай хүн болно гэж заахгүй. Золиос хийх шийдвэрийг та л өөрөө гаргана. Өөрөөсөө гаргах шийдвэрийг тань танд бурхан ч зааж чадахгүй.

Харин хаана тэр золиос жудаг үнэлэгдэх вэ гэхээр үхсэн хойно тамд очих уу, диваажинд очих уу гэдгээс л гарч ирэх байх гэж боддог. Тэнд л таны оноо чинь гарч ирнэ үү гэхээс биш энд хүмүүст таалагдах гэж баахан камер цуглуулаад хэвлэлийнхний хажууд хүмүүст байр бэлэглэхийг жудаг гэж бодож байна уу. Үүнийг “тоглолт” л гэж хэлнэ шүү дээ.

-Та 1994 онд Ардын урлаг судлаачаар сурч байхдаа синт рок хамтлаг байгуулсан гэдэг шүү дээ. Одоо дэлхийн хөгжмийн урлагт синт рок дахин хүчээ авч эхэлж байна.

-Харин тийм. Яг зөв олж харлаа. Одоо яг бидний цаг үе эргээд ирсэн мэт санагдаж байна. Тэр үед Монголд синт рок урсгалыг мэдэхгүй байснаас гадна материаллаг бааз хомс байсан үе. Учир нь синт рок нь аналоги синт хөгжмийн зэмсгүүд дээр суурилсан жанр болохоор тухайн үед дууны бичлэгийг студид олон замаар бичдэггүй байсан.

Учир нь нийгэм хүлээж авахгүй юм байна гэдэг бодол нэг талаас хүчтэй төрсөн байлаа. Залуу хүмүүс учраас сурах боловсрох өөр өөрсдийн хувь заяа төөргөөр амьдралаа хөөгөөд дэлхий даяар тарсан даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img