2024-07-22, Даваа
16 C
Ulaanbaatar

Хятад судлаач Д.Болдбаатар: Чанга дуугаар уншаад байвал ямар ч хэлийг 3-5 сарын дотор өндөр төвшинд ойлгох боломжтой

Хятад судлаач, орчуулагч, багш Д.Болдбаатартай ярилцлаа.

Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу? Юуны өмнө ярилцах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Хятад хэл сурах болсон түүхээс чинь ярилцлагаа эхэлье. Хэл сурахад тохирсон аргаа олох нь чухал шиг санагддаг. Хятад хэлийг ийм өндөр төвшинд сурсан арга барилааманай уншигчдад хуваалцаач?

Танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэж, айлчлан ирж байгаа шинэ ондоо арвин их амжилттай байхын ерөөлийг дэвшүүлье. Би нүүр номонд маш их идэвхитэй бичлэг оруулдаг хүн болохыг олон уншигч мэдэх буй за!

Өөрийн тань тавьсан асуултанд нүүр номондоо бичиж байсан «Сайн эгч», «Сайн орчуулагч болох жор» хэмээх хоёр бичлэгийн санааг түшиглэн товч хариулж болмоор санагдаж байна.

Миний бага залуудаа амьдарч байсан социалист тогтолцооны үед хүн өөрөө ажил мэргэжлээ сонгох боломж зарим талаар хязгаарлагдмал байсан.

Их дээд сургуулийн элсэлтийн шалтгалтанд өндөр оноо авч чадвал тэр хэрээр сонирхсон мэргэжлээ сонгон суралцах боломжинд илүү дөхүү болдог байлаа. Би аравдугаар ангид ордог жилийнхээзун Ботаникийн хүрээлэнд ээжийнхээ оронд хэсэг зуур ажилласан юм. Гол төлөв мод ургамал услах ажил байсан лдаа. Тэр үеэр их сургуулийн тавдугаар курсийн нэг оюутан эгч дадлагаар ажиллаж таараад “Манай сургуульд хятад хэлний анги байдаг.

Тэнд сурвал гоё шүү дээ” гэсэн юм. Тэр эгчийн үг яагаад ч юм бэ тэр сонирхолтой нууцлаг хэлийг сурч судлах хүслийн галыг асаачихсан. Энэ тухай дэлгэрүүлж унших хүсэлтэй уншигчид нүүр номон дээрээс миний бичсэн «Сайн эгч» бичлэгийг олж үзээрэй. Орчуулагч хүн гэдэг нэг талаар өөр үндэстний хэл соёлыг нэвтэрхий сайн мэдэгч нэгэн байх учиртай.

Аливаа хэлийг сурахад заавал тодорхой хэмжээний бэрхшээл тааралдах нь бий. Тэр дундаас сэтгэлзүйн бэрхшээл хамгийн том нь байж болох талтай. Амьдрал дээр гадаад хэлийг гадарлаж бус доторлоод сурчих юмсан гэдэг бодолтой хүн олон л доо.

Гэхдээ яг суугаад сурч эхлэх гэхээр нэг л болж өгдөггүй. Тэр нь тухайн хүний сэтгэл тогтоогүйтэй холбоо бүхий юм. Зөвхөн гадаад хэл гэлтгүй аливаа эрдмийг төгс сайн сурахын тулд сэтгэл тогтсон байх хэрэгтэй.

Сэтгэлээ тогтоохын тулд үймэрсэн элдэв бодлыг таягдан хаяж өдрийн зөв дэгтэй байхаас эхлэх нь зүйтэй. Энэ бол манай Гэгээ бүрэн дунд сургууль болон Гэгээ боловсролын академийн гурван салбар дээр хэрэгждэг гол аргазүй.

-Гадаад хэл сурах явцдаа та ямар нэгэн “гацаанд” орж байв уу, хэрвээ тэгж байсан бол тэр үеэ хэрхэн даван туулж гарч байв?

Би түрүүчийн асуултанд нэлээд ерөнхий хариулсан байж болох талтай. Харин энэ асуултын дагуу илүү тодорхой хариулж болох юм. Гадаад хэл сурахад хамгийн түрүүнд дүрмийн мэдлэг сурах шаардлагатай. Дараа нь нөгөө олон мянган шинэ үгсийг цээжлэх гэж амаргүй бэрхшээл тулгарч таарна.

“Дүрэм яах вэ?”, “Шинэ үгийг яаж сурах вэ?”, “Сонсголыг яаж онгойлгох вэ?”, “Хүнтэй ярих гэсэн чинь ичээд болохгүй байна.” гэх мэт асуулт их байдаг л даа.

Тулгарч байгаа бодит бэрхшээл гэвэл үүнээс ч хавьгүй олон байж таарна. Өөрөөр хэлбэл нэг их олон үүдний өмнө зогсчихоод аль үүдээр эхлэж орохоо мэдэхгүй хүн лүгээ төсөөтэй байдал үүсчихээд байгаа хэрэг.

Надаас бусад өөр хэлний сайн орчуулагч нар энд тэнд яриа таниулга хийж байхад иймэрхүү асуулт олон гардаг байж таарна. Намайг залуу байхад туршлагатай орчуулагч нар лекц яриа хийж байхад дээрхтэй төсөө бүхий олон асуулт гардаг байсан л даа. Тэр болгонд бараг ижил шахам буюу  “Ном сайн унш” гэдэг товч хариултыг өгөх нь олонтоо.

“Ном сайн унш” хэмээх нь бас л их ерөнхий хариулт юм. Ямар номыг сонгон хэдий хугацаанд унших вэ гээд л салаа асуулт хөвөрч таарах нь тодорхой. Бас чанга дуугаар унших уу, дуугүй унших уу, аман дотроо гөвтнөж унших уу гэдэг ч бас чухал.

Хэрвээ гадаад хэл сурч байгаа хүүхэд залуус Ганданд ном хурж байгаа лам нар шиг чанга дуугаар өдөр болгон гадаад хэлний бичвэрийг тууштай уншаад байдаг болчихвол 3-5 сарын хугацаанд сонирхсон гадаад хэлийг маш өндөр төвшинд хүрээд дээр нь тавьсан асуулт болгоныг учгийг төвөггүй ойлгосон байх вий.

“Нэг үүдийг нээвэл үүд болгон аяндаа нээгдмүй.” хэмээх манай Гэгээгийн суралцагч нарын баримтладаг гол арга нь дээрх олон асуултын тайлал болж байдаг.

Хятад хэлийг насаараа сураад барахгүй, ханз нь гэхэд л түмэн янз гэх мэт саадыг урдаа тавьчихаад энэ хэлийг барьж авч чадахгүй яваа нь олон санагддаг. Хятад хэл тийм сурахад хэцүү тусдаа хэл үү?

мерикийн төрийн департментаас гаргасан нэгэн бичиг баримтад дэлхийн сурахад хамгийн хэцүү арван хэлийг жагсаахад хамгийн эхэнд хятад хэл орсон байдаг юм.

Ер нь дэлхий нийтээрээ хятад хэлийг маш амаргүй хэл гэж үздэг. Манай Монголд ч тэр үзэл ноёлсоор ирсэн байдаг нь амьдрал дээр “Англи хэлийг сайн сурахад дөрвөн жил, япон хэлийг тэгж сурахад залуу нас, харин хятад хэлний тухайд хамаг нас хэрэгтэй.” гэсэн явган яриа байдгаас харж болно.

Гэхдээ нэг эвийг нь олчихсон байхад маш системлэг, ойлгоход хялбар хэл. Тэр талыг нь түшиглэж заахад хэр баргийн хүн богино хугацаанд амжилтанд хүрэх бололцоо байдгийг манай Гэгээ боловсролын академид хятад хэлийг сурсан хүүхэд залуусын арга туршлага батлан харуулсаар байгаа юм.

Гадаад хэлийг хэрхэн сурах тухай оюутан залууст зөвлөдөг зөвлөгөө, лекцүүдийг тань сонсож байсан. Ойлгохгүй ч гэсэн тухайн гадаад хэлнийхээ номыг чанга давтан уншихаас эхлээд өдөр бүрийн дадал болгон давтах “цасан бөмбөлөгийн онол” чинь сонирхолтой санагдсан шүү. Таны зөвлөгөөнүүдийг уншихаар  хэл сурахаас илүүтэй өөрийгөө ялах тухай, муу зуршлуудаа хаях тухай, сэтгэлээ тогтоох тухай гээд тун сонирхолтой агуулга анзаарагддаг. Аливаа зүйлийг амжилттай сурах эсэх нь сэтгэл, ухамсартай нарийн холбоотой гэж ойлгож болох уу?

Чанга дуугаар унших гэдгийг сонсоход хялбархан мэт санагдавч цаагуураа маш нарийн арга ухаан байдаг л даа.

Эхлээд өөрийнхөө төвшинд тохирсон илүү хялбар номыг сонгон авч чанга дуугаар унших хэрэгтэй. Гэхдээ өөрт сонсогдохуйц байдалтай намуухандаа агаад өдөр болгон талаас нэг хуудсыг дахин давтан уншаад байвал сайн.

“Манай эрэгтэй дүү чулуу харлаа” гэсэн өгүүлбэр байлаа гэхэд  5-10 удаа ч гэдэг юм уу. Тэгээд ерөнхийдөө дуудлага сайхан засраад нөрүүхэн чөлөөтэй уншдаг болсон нь мэдрэгдээд ирвэл олон давтахгүй нэг амиар чангадуухан уншаад байж болдог.

Эхлээд унших гээд суухад явж өгөхөөр янзгүй «За больё доо» гэж санагдах нь энүүхэнд. Тэр бол тухайн хүний сэтгэл тогтоогүй байгаагийн шинж юм.

Харин тууштай өдөр болгон уншаад байтал улам л уншаад баймаар санагддаг болчихвол уншилтын явцад сэтгэл тань гайгүй сайн тогтож байгаа хэрэг байх нь гээд уншаад л байвал удахгүй үр шимийг амсахад ойртож байна гэсэн үг.

Дээр өгүүлсэн үр шим нэг л өдөр бүр гарт баригдаж нүдэнд харагдтал тодроод ирэх үе бий. Түүнийг «Цасан бөмбөгийн онол» гэж нэрлээд байгаа хэрэг.

Өөрөөр хэлбэл уулын орой дээрээс бөөрөнхийлж байгаад уруу өнхрүүлсэн цас бэл рүү очихын үед хэд хөлбөрөн эргэлдээд гэрийн чинээ томордогийг хөдөөний хүүхдүүд мэдэх буй за. Түүнтэй төсөөтэй үйл явц болдог гэсэн үг. Үр дүнд ойртох тусам сайжирч байгаа хурд нь геометр прогрессоор дээшилдэг хэмээн хэлж ч болох юм.  

Гадаад хэлийг эзэмшихэд юуны түрүүнд эх хэлээ сайн эзэмших хэрэгтэй гэж ярьдаг. Энэ нь орчуулагч нарт илүү хамаатай үг үү, эсвэл хүн бүрд хамаатай үг үү?

Эх сайхан монгол хэлээ онцгой сайн эзэмших нь эх оронч монгол хүн бүрийн ариун үүрэг гээд хэлчихэд нэг их буруудах зүйл юу байх билээ. Тэр тусмаа 2025 оноос үндэсний монгол бичгийг төрийн бичиг болгон хэрэглэх гэж байгаа цаг хугацаа дөтлөн буй энэ үед монгол бичгээ бүр ч илүү сайтар сурч эзэмших үүрэг хүн болгоны өмнө тулгарч байна.

Хүн болгоноос илүү эх хэлний чадвартай байх шаардлага орчуулагч хүнд илүү чухлаар тавигдах учиртай гэсэн санааг таны асуулт хөндөж байна гэж ойлголоо. Ер нь тийм гээд товч хариултыг өгье дөө.

-Сүүлийн үед номын дэлгүүрүүдэд орчуулгын ном “борооны дараах мөөг шиг” олширсон. Яг мэргэжлийн хүмүүс орчуулж байна уу гэсэн шүүлтүүрийг тавихгүй бол хэцүүхэн орчуулгууд ч их харагдах юм. Яг одоо ид орчуулга хийж байгаа сайн орчуулагчид гэвэл та хэн хэнийг онцлох вэ. Ер нь аль хэвлэлийн газар орчуулгадаа онцгой анхаарч чадаж байгаа бол?

Энэ тухай би мэргэжлийн хүний хувьд сэтгэл маш эмзэглэн «Орчуулга биш оршуулга болжээ» зэрэг шүүмж нийтлэлүүдийг бичиж нийгмийн сүлжээнд тавьж байдгийг уншигчид олж үзсэн байх аа.

Нэгэн гадаадын маш нэр хүндтэй зохиолчийн бүтээлийн монгол орчуулгын номыг сөхөөд үзтэл «эрүү шүүлтийн унгас алдах механизм» гэсэн үг цохиж явах жишээтэй. Юу ч гэсэн үг юм бол?

Ийм байдлыг засаж залруулахын тулд хуучин цаг үе шиг ном болгоны хэл найруулгад онцгой анхаарч редакторын үүргийг сайжруулах боломж хомс болжээ.

Одоо цагт сайн хүргэн бэр, сайн номын редактор хамгаас ховор болоо юу даа хэмээн би энд тэнд лекц уншиж байхдаа хошигнонгуй өгүүлдэг нь цаанаа бас учиртай шүү.

Нөгөө талаас манайд зарим томоохон ном хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрийн мэдлийн хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын дэлгүүртэй байгаа нь орчуулгын номын чанар муудахад нөлөөлж байгаа тодорхой хүчин зүйл бодитой оршиж байгааг соёлын яам энэ чиглэлийн бодлого барьж байгаагийн хувьд анхаарч үзээсэй.

Гадаадын хөгжингүй улс орнуудад энэ гурван салбар бие даасан үйл ажиллагаа явуулах учиртайг хуульчлаад заачихсан байдаг.

Харин манайд дээрх гурван салбар нэг компанийн мэдэлд байгаа болохоор туршлагагүй орчуулагчаар дээр жишээ авсан шиг «эрүү шүүлтийн унгас алдах механизм» гэх мэт ойлгоход бэрх бүтээлийг оромдуулчихаад түүнийгээ гоё ганган хавтсаар өнгөлж «Бээстселлер» гэдэг шошго хадчихаар цөөнгүй уншигч түүнд хууртан мөнгө цагийн гарз болдог тохиолдол амьдрал дээр түгээмэл байсан л даа.

Хүн нэг хоёр удаа хууртаж болно. Харин дандаа тэгж хууртагдаад байна гэж бодвол том эндүүрэл байх бус уу? Тийм ч учраас сүүлийн үед номын зах зээл, тэр дундаа орчуулгын номын борлуулалт тааруу болж ирсэн нь дээрх нөхцөл байдалтай олон талаар холбоотойг хэлэх хэрэгтэй.    

Олон улстай харилцах харилцаа, төрийн айлчлал, улс хоорондын төрийн өндөр албан тушаалтнуудын албан ёсны уулзалтуудад мэргэжлийн орчуулагчдын ур чадвар, тэдний үүрэг оролцоо маш чухал түвшинд тавигддаг. Өнгөрсөн зун Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн айлчлалыг улс орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр хоёр орны ерөнхийлөгчийн уулзалтын үеэр Монголын талын франц хэлний орчуулагч нь ярианы ихэнх хувийг орчуулалгүйгээр орхих алдаа гаргасан. Ер нь манай улсад төрийн айлчлалын төвшинд бэлтгэгдсэн синхроны орчуулагчид хэр олон байна вэ, тэднийг хэрхэн бэлтгэдэг юм бол?

Би энэ талаар нүүр номондоо «Төрийн орчуулга төвөгтэй ажил» зэрэг томоохон нийтлэл оруулж байсныг та бодвол уншиж байсан байлгүй дээ.

Бусад улс орнууд синхрон орчуулагч нарыг маш нарийн системтэй бэлтгэдэг болох нь олон зүйл дээр харагдаж байдаг. Тухайлбал манай өмнөд хөрш синхрон орчуулгын ажиллагааны тусгай горим заавартай байдаг нь олон зүйл дээр ажиглагддаг.

Сайн орчуулагч нараа ч бодлоготой бэлддэг байж таарна. Би нэлээд дээхнэ Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Баогийн англи хэлний орчуулагчийн нэгэн сэтгүүлд бичсэн «Би ерөнхий сайд лугаа тэг зайнаас харьцдаг» хэмээх бичлэгийг уншиж билээ.

Тэр нийтлэлд Хятадын сайд дарга нарын хэлэх үг орчуулагчийн гарт хоёр долоо хоногийн өмнө ирчихсэн байдаг тухай бичсэн байна лээ.

Гэтэл манай улсад болохоор маргааш орчуулгатай гэсэн атлаа сайд даргын хэлэх үг урд өдөр нь ирээгүй байх явдал зөндөө тохиолддог. Аягүйдвэл хэлэх үгнийх нь барааг хараагүй байтал маргааш нь нэг дарга далбайсан том хуудастай зүйл барьж орж ирээд түүнийгээ дуржигнатал уншчихаад гараад явчих тохиолдол ч байдаг гээд бод доо.

Хэдэн жилийн өмнө нэг арга хэмжээний орчуулга хийж байтал Монгол банкны дэд захирал үг хэлэх болдог юм байна. Банк санхүүгийн нарийн мэргэжлийн үг хэллэгээр бөмбөгдөж өгөх нь тодорхой байсан л даа. Гэсэн атал хэлэх үгнийхээ илүү хувийг өгөхгүй юм.

Аргаа барахдаа туслахаар нь дамжуулаад «Нэг хувийг өгөх боломж байна уу?» гээд асуулгатал «Улсын нууцтай холбоотой зүйл багтсан болохоор илүү хувийг өгөх боломжгүй.» гэсэн хариултаар ам таглаж билээ. Тийм л нууц юм бол түүнийгээ тэр олны өмнө уншдаг нь яаж ч байгаа юм бол? Ёстой бүү мэд!

Манай улс энэ мэт синхрон орчуулгатай холбоо бүхий асуудлыг тодорхой хууль журам гаргаж цэгцлээд өгвөл нуруугаа авахуулсан морь мэт зүтгэж байгаа цөөн хэдэн синхрон орчуулагчийн ажлын ачаалал тодорхой хэмжээгээр хөнгөрөх байх даа хэмээн санаж явдгийг энэ ярилцлагаар дамжуулан илэрхийлж байна.

Та “Богд Мялрайвын тууж” зохионгуйг эх хэлнээ хөрвүүлэн олон толилуулсан. Мял  богдын гүр дуулал дахь тэдгээр шүлэглэлүүд монгол хэлний яруу тансаг, аялгуулаг мэдрэмжүүдийг олон уншигчдад төрүүлж чадсан бүтээл болсон. Ийм чансаатай бүтээлүүдийг орчуулгыг уншихаар “монгол хэл маань ямар баян, тансаг юм бэ” гэсэн бахархал төрдөг шүү. Таны орчуулгыг уншихаар “монгол хэлэнд маань ийм үг байдаг байх нь ээ” гэсэн бодол цөөнгүй удаа төрдөг. Монгол хэлний ийм баялаг мэдлэгийг хэзээ, хэнээс олж авсан бол?

“Мила Богдын тууж зохионгуй ба гүр дууллууд” англи, орос, хятад, япон, франц, герман зэрэг дэлхийн дийлэнх томоохон хэлнүүд дээр орчуулагдсан байдаг.

Дэлхийн олон хэлний орчуулгууд дунд Монгол хэлний маань орчуулгууд л хамгийн ханатай, үнэнд дөхүү буусан байж таарна. Яагаад гэвэл бусад хэлнүүдийг бодох юм бол эртний далай мэт өв сантай болохоор тэр бөлгөө. Хятад хэлний тухайд 1952 онд Лос Анжелес хотноо амьдарч асан Жан Дөнзи нэрт төвд хэлийг нэвтэрхий сайн эзэмшсэн лам орчуулж хэвлүүлсэн түүхтэй.

Түүнийг эш болгосон хэвлэлүүд өдгөө эх газрын хятад болон Тайваньд өргөн дэлгэрсэн байдаг. Миний бие дээрх орчуулгыг хийхдээ юуны өмнө Жан Дөнзи хуврагийн хятад орчуулгыг голлож тулгуурласан. Дээр нь алдарт гүүш Цоржийн эртний монгол орчуулгатай харгуулан өөрийн мэдэхгүй уламжлалт шашин соёлын нэр томъёог тодруулан ойлгож байсан нь сайн бүтээл гарахад маш дөхөмтэй байсныг хэлэх хэрэгтэй.

Монгол хэл маань үнэхээр баян шүү. Гавьяат нэвтрүүлэгч Чулуунбат асан «Мила Богдын гүр дууллууд»-ыг студид уншиж дууссаны дараа нэг сонин зүйл ярьж билээ.

Анх Мила Богдын гүр дууллуудыг уншиж эхлэхдээ Би ер нь юу уншаад байна вэ? гээд уншиж байгаа зүйлийнхээ утгыг тэр болгон ойлгохгүй байжээ.

Өөрийнх нь үгээр бол “Харанхуй л туугаад байсан хэрэг л дээ. Гэтэл яваандаа бүх утгыг ойлгодог болчих юм. Мөртлөө хэн ч надад зааж тайлбарлаж өгөөгүй байхад тэр шүү дээ. Ямар сонин юм бэ? гэж гайхширан өгүүлж байж билээ.

Энэ нь цаад утгаараа Бурханы ном бол Сэтгэлийн ном болохыг батлаж байгаа нэгэн бодит жишээ л дээ. Чулуунбат ахын ярьсан өөр нэг санаа гэвэл 1964 оноос хойш монголын радиогийн нэвтрүүлэг уншиж байна. Тэр хооронд юу эсийг уншихав. Өөрийгөө монгол хэлээ гайгүй сайн мэднэ дээ гэж бодож байсан чинь бас л болоогүй байснаа сая гүр дууллуудыг уншиж байхдаа мэдэрлээ гэсэн утгатай зүйл байсан даа.

Таны орчуулсан Гурван улсын үлгэр гэх мэт Хятадын сонгодгууд уншигчдын оюуны  цангааг ёстой л нэг тайлсан. Урд хөршөө гадарлаж биш доторлож мэдрэхэд хэргээ өгөхөөр зохиолуудыг орчуулж хүргэсэнд тань талархаж байна. Таныхаар Хятадын өнөөгийн хөгжлийн гол нууц нь яг юу юм бол?

«Гурван улсын үлгэр», «Усан хөвөөний шастир», «Баруунш зорчсон тэмдэглэл», «Улаан асрын зүүдийг» эртний Хятадын сонгомол дөрвөн роман хэмээн өргөмжлөн нэрийдсээр иржээ.

Дээрх дөрвөн романы нэг нь л гэхэд хуучны уламжлалт орчуулгын 30-40 янзын хувилбартай байдаг. Намайг эрхлэн хэвлүүлэхээс өмнө МУБИС-ийн уран зохиолын танхимаас дөрвүүлэнг нь кирил үсэг дээр хэвлүүлэн гаргасан. Бас дэлхийн сонгомол 50 ботийн тоонд дөрвүүлээ орчихсон байдгийг та бүхэн мэдэх байх аа.

Ер нь хуучин шинэ орчуулгын дээр дурдсан хувилбаруудыг ерөнхийд нь ар монгол орчуулга, өвөрмонгол орчуулга гэсэн хоёр том бөлөгт хуваагдаж байдаг нь янз бүрийн цаг үеүүдэд орчуулагдаж гарсан болохоор үг үсэг, хэл найруулгын хувьд ихээхэн зөрүүтэй байдаг л даа.

Насаараа энэ чиглэлийн судалгаа хийж уншиж судласан орчуулагчийн хувьд нэгэн мөр болгож цэгцлэсэн чанартай хувилбар гаргах хүсэлдээ хөтлөгдөж энэ нүсэр ажлыг эхлүүлсэн болохыг би бараг дээрх ном болгоны оршилд дурдан бичиж байсныг уншигчид санаж байгаа байх аа.

Олон жил сураг нь сонсогдож дуншсаар удаж байгаа «Улаан асрын зүүд» романыг хэвлүүлчихвэл миний хувьд дээрх сонгомол дөрвөн романыг орчуулан гаргах том ажлынхаа ард гарлаа гэсэн үг.

Хятадын хөгжлийн нууц чухам юундаа байна вэ гэдэг том асуултыг тогтолцоондоо байна хэмээн товчоор хариулж болох юм. Энэ тухай Хятадын шинэчлэлийн удирдагч Дэн Сяопин бээр «Сайн тогтолцоо муу хүнийг ч засаад авдаг. Харин муу тогтолцоо сайн хүнийг ч эвдэж чадмой.» гэж хэлсэн байдаг л даа. Манай улсын олон салбар уналтын байдалд орчихоод урагшлахгүй байгаагийн цаад учир нь бас л тогтвортой боловсронгуй тогтолцоо бүрэлдэж чадаагүйтэй холбоотой хэмээн санаж явдагаа энэ ярилцлагад цухас дурдсу.  

Хятадууд Күнзээ, Япончууд Зэн буддизмыг уг сууриа болгосон учраас, тэд үнэт зүйл, дагах зарчимтай учраас хөгжиж яваа гэцгээдэг. Бидний үнэт зүйл, дагах зарчмын суурь нь юу юм бол. Бид үнэ цэнтэй, дагах зарчимтай ард түмэн мөн үү?

Тогтвортой боловсронгуй тогтолцооноос гадна нийгмийг хөтлөн залах тэргүүлэгч дэвшилтэт үзэл санаа зайлшгүй чухал болохыг таны энэ асуулт хөнджээ. Хятад улсын хувьд одоо Хятадын онцлогтой социализмыг байгуулах үзэл санаа тэргүүн байранд дэвшин гарч ирснийг манай уншигчид мэдэх буй за.

Харин Монгол улсын хувьд хуучин тогтолцооны үед коммунист үзэл санааг улс нийтээрээ дээдлэдэг байсан. Өдгөө түүнийг орлох тодорхой хүчтэй үзэл суртал үгүйлэгдсээр удаж байна.

Тийм үнэ цэнэт үзэл баримтлалыг улс төрийн намууд боловсруулан гаргах учиртай. Одоогийн байдлаар бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн үнэ цэнэт үзэл баримтлыг боловсруулан гаргасан нам тэр мөн гээд хэлчих зүйл миний хувьд харагдахгүй байгаа.

Ер нь өндөр хөгжсөн улс орнуудын түүхийг өнгийгөөд харахаар ёс суртахууныг дээдэлсэн анзаарагддаг. Гэтэл өнөөгийн нийгмээ анзаарахаар ёс суртахуун гэдэг зүйлийг уландаа гишгэчихэж, нийтээрээ. Нэгэн цагт ёс суртахуунаараа гайхагдаж байсан үндэсний ёс зүйг сэргээхийн тулд яг яах ёстой юм болоо?

Нийгмийн харилцааг зохицуулах хууль, ёс суртахуун, шашин, ардын зан заншил зэрэг олон арга хэрэгсэл байдагийн дотроос манай ухаант өвөг дээдэс шашин, ёс суртахуун, дэвшилтэт зан заншил тэргүүтэнг түлхүү сайн хэрэглэдэг байсан хуучны уламжлалыг эргэн харахад гэмгүй юм.

Эрт дээр цагт ой хээрийн түймэр тавьсан хүнийг шууд цаазаар авах хуультай байсан бөгөөд “Ой түймэрдсэн хүн төрийн цаазнаас аргалаад мултарлаа ч өөрийн тарьсан үйлийн үрийн эрхээр лусын хорлол болж галзуурах нигууртай” хэмээн шашны үүднээс ухуулан таниулчихдаг байсан нь нийт ард түмний сэтгэлд байгаль орчноо дээдлэх боловсрол суулгахад хууль, шашны хүчин зүйл чухал байсныг харуулдаг.

Тэр тусмаа Сы Ма Цяньгийн “Түүхэн тэмдэглэл” шастирт “Хүннүчүүд дэг ёсыг ихэд эрхэмлэх бөлгөө. Хүн болгон хутга сэлэм зүүж явдаг хэдий ч хоорондоо маргалдаад аль нэг тал нь: “Чамайг алаад өгье л дөө” хэмээн зандраад зүүсэн сэлмээ тохой илүү урт сугалах бөгөөс түүнийг нийгэмд халтай этгээд хэмээн үзээд шууд цаазаар аваачдаг хатуу хуультай улс. Улс орны хэмжээнд арваас илүү тооны хоригдол байхгүй бөгөөд хамгийн урт хорих ял болох арав хоног хар гэрт хоригдсон этгээд насан туршдаа ичгүүрийг өвөрлөн амьдрах хүнд хувь тавилан эдлэх бөлгөө” хэмээн цагаан дээр хараар тэмдэглэгдэн үлдээсэн байдгийг өнөөгийн монголчууд бид дор бүрнээ санаж явахад илүүдэхгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img