2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

А.Мөнхбадрал: Уул уурхайн ордыг хиймэл оюун ухаан ашиглаж богино хугацаанд нээх боломжтой

Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн хэвлэл “Эрдэс баялгийн тойм” сонины Редакц нь уул уурхайн технологийн “Digitalization in Mining Mongolia” цуврал видео podcast-ийг “Ай Ти Экспертс”ХХК-тай хамтран бэлтгэж, эхний дугаараа үзэгчиддээ хүргээд байна. Өнөөдөр уул уурхайн салбарт орж ирэх томоохон өөрчлөлт нь дижиталжих, тогтвортой хөгжих асуудал. Бүрэн дижитал технологи нэвтэрсэн уурхайн төлөвлөлт болон загварчлал, түүнчлэн нүүрс төрөгчийн ул мөрийг бууруулах нь дэлхийн бүх уурхайн хамгийн гол зорилго, мөрөөдөл юм Уул уурхайд ашиглагдаж буй ихэнх тээврийн хэрэгсэл нь дизелиар ажилладаг тул нүүрстөрөгчийн ул мөр өндөр. Харин эдгээр тээврийн хэрэгслийг цахилгаан тээврээр солих ажил хурдтай хийгдэж байна. Тиймээс дижитал уурхай тойрсон эдгээр сэдвийн хүрээнд “Ай Ти Экспертс”ХХК-ийн захирал А.Мөнхбадралтай ярилцлсанаа хүргэе.

А.Мөнхбадрал нь мэдээлэл, технологийн мэргэжилтэй, энэ чиглэлд арав гаруй жилийн туршлагатай. Уул уурхайн салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр 40 гаруй жилийн түүхтэй, Австралийн уул уурхайн технологийн тэргүүлэгч “Maptek Pty Ltd” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр тэрээр арав гаруй жил ажиллаж иржээ. Мэдээлэл технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалах хугацаандаа хиймэл оюун ухаан, аналитик алгоритмын аргуудыг эрдэс баялгийн салбарт өргөн хүрээтэй судалгаа хийсэн байна.

Тэрээр нарийн төвөгтэй системийн урьдчилан таамаглах, оновчтой болгох, шийдвэр гаргах загваруудыг боловсруулахад өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ ML болон AI аргыг ашиглах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. А.Мөнхбадрал нь Уул уухайн технологийн (Maptek, Runge Pincock Minarco), Уул уурхайн (Mongolia Energy Corporation), Газар зүйн мэдээлэлийн системийн (Pitney Bowes Software), Инженерийн дээд боловсролын (1000 инженер) зэрэг хэд хэдэн салбарын үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн төслүүдэд оролцжээ. Түүний судалгаа, хөгжүүлэлтийн төслийн үр дүнг олон улсын сэтгүүлд нийтэлж, үндсэн илтгэлүүдийг тавьжээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд болох “Chat Gpt” нь дэлхий дахинд өргөнөөр хэрэглэгдэж байна

-2023 оны дөрөвдүгээр сард Та “Уул уурхайн дижитал шилжилт” (Digitalization in Mining Mongolia) олон улсын хурал, технологийн арга хэмжээг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Монголын эрдэс баялгийн салбарт хиймэл оюун ухаан, үүлэн тооцоололд суурилсан технологийг нэвтрүүлэхийн ач холбогдол болон машин сургалтын давуу тал, онцлогийн талаар хуралд оролцогчид тодорхой ойлголт, мэдлэг авсан шүү дээ?

-Манай компани Австралийн Элчин сайдын яамтай хамтран “Digitalization in Mining Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Машин сургалт, хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд болон үүлэн технологийн талаар энэ арга хэмжээний үеэр илүүтэй онцолж ярилцсан нь цаг үеэ олсон, үр дүнтэй ажил байлаа.

-Сүүлийн үед хиймэл оюун ухаан, машин сургалтын технологийг уул уурхайн салбарт ихээхэн хэрэглэж байна. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?

-Тийм ээ. Ялангуяа геологийн салбарт ордыг богино хугацаанд нээж илрүүлэн, нөөцийг нь тооцоолох чиглэлд анхаарч байна. Тухайн ордод хайгуул, өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой хугацаа шаардлагатай. Ордын мэдээллүүдийн өгөгдлүүдийг геологичид цуглуулан анализ хийсний дараа ашигт малтмалын ордын байршлыг тодорхойлж гаргадаг байсан.

Тэгвэл өнөөдөр геологичдын тэрхүү туршлагад үндэслэн машин сургалтын технологиор ердөө 30 минутын дотор ордын загварчлалыг гаргах боломжтой болж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан app болох “Chat Gpt” нь дэлхий дахинд өргөнөөр хэрэглэгдэж байгаа. Мөн хиймэл оюун ухаан (AI)-ыг бид дүрсээс тухайн объектыг таних ажлуудад түлхүү ашиглаж байна.

-Үүн дээр жишээ хэлж болох уу?

-Жишээ нь, Оюу толгойн ордыг бүхэлд нь хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем суурилагдсан.

-Өнөөдрийн Оюу толгой, Эрдэнэт, Багануурын ордууд геологи, хайгуулын ажил гуч, дөчин жилийн өмнө хийгдсэн байдаг. Тэгэхээр хиймэл оюун ухаан, дижитал технологийн түвшинд геологи-хайгуулын ажлыг илүү хурдасгаж, ордыг богино хугацаанд нээж илрүүлэх боломж нээгдсэнийг Та яриандаа дурдлаа. Тэгэхээр цаашид Оюу толгой шиг томоохон ордуудыг ч хиймэл оюун ухаанаар нээж илрүүлэх боломж бүрдэж байна, тийм үү?

-Монгол Улс хайгуулын салбарт багагүй цаг хугацаа алдсан гэж би боддог. Хөрөнгө оруулалт гаднын болон дотоодын нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой хугацаанд царцсан тал бий. Үүнээс улбаалан хайгуулын ажлууд нэлээд хоцрогдсон. Дэвшилтэт технологи буюу машин сургалт, хиймэл оюун ухааныг ашиглан, тэрхүү алдсан хугацаагаа богино хугацаанд нөхөж, ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Хамгийн гол нь дата өгөгдөл. Нэгэнт цуглуулсан датан дээр асар хурдтайгаар боловсруулалт хийж үүн дээр л орд байх магадлалтай гэдгийг маш богино хугацаанд л тодорхойлж байгаа юм.

Дэлхийн уул уурхайн туршлагыг харахад, тухайн ашигт малтмалын ордыг нээж илрүүлсэн компани нь цаашид олборлолт явуулах тохиолдол маш ховор байдаг. Ерөнхийдөө эрэл, хайгуулын компаниуд хайж олсон ордоо дараагийн компанидаа худалдах зарчмаар ажилладаг шүү дээ.

Сүүлийн жилүүдэд зэс, литийн ордууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш ихээр татаж байна. Тэдгээр ордыг дэлхийн томоохон компаниуд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, илүү өндөр үр ашигтай олборлож байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани нь 3.5 их наяд төгрөгийн орлогыг улсад төвлөрүүлсэн байна. Үүнийг нэмэгдүүлэх боломжтой юу гэвэл боломжтой. Дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж зардлыг бууруулснаар магадгүй 6 их наядын орлогыг олох нөхцөл бүрдэх юм.

Уурхайн зардлын багагүй хэсэг нь дизель түлшний хэрэглээнд байдаг. Тиймээс дэвшилтэт технологи бүхий цахилгаан машинуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал сүүлийн үед эрчимтэй явагдаж байна. Монгол Улсад ч ийм төрлийн машинууд түрүүчээсээ орж ирэн, уурхайн зардлыг тодорхой түвшинд бууруулаад байна.

Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй ногоон технологи руу шилжиж байна. Цахилгаан дамп (electric dump), цахилгаан тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэхэд хамгийн шаардлагатай түүхий эд бол зэс. Монгол Улс зэсийг олборлон дэлхийн зах зээлд гарган эдгээр уурхайн тов оврын техникүүдийг үйлдвэрлэх боломж олгосноороо ногоон технологид асар том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.

Дизель түлштэй дампуудыг бодвол цахилгаан дампуудын насжилт дөрвөөс тав дахин уртсаж байгаа юм. Тос, масло бага хэрэглэдэг, үр ашигтай гэдэг утгаараа цахилгаан машинууд уурхайд голлох үүргийг гүйцэтгэнэ. Арав гаруй жилийн өмнөөс “Рио Тинто”-гийн уурхайнуудад алсын удирдлагатай тов оврын ачигч машинууд нэвтэрч, осол аваарын түвшин эрс багасч, илүү үр бүтээлтэй ажиллах болсон.

Учир нь тухайн дампуудын дижитал хувилбаруудыг комьютерт оруулсан байдаг. Зам дээр саад тохиолдвол түүнийг хэрхэн тойрч гарах мэдээллийг ард нь яваа машинуудад өгч, хурдаа сааруулах боломжийг нь компьютерын удирдлагаар олгодог гэсэн үг.

IT технологи, машин сургалтыг салбар бүр өргөнөөр ашиглах шаардлагатай

-Яриагаа машин сургалтын сэдэв рүү хандуулъя?

-Машиныг сургаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, машиныг сургасны дараа тухайн машин нь маш хурдтайгаар бидний боловсруулахыг хүсч байгаа датаг боловсруулж байна гэсэн үг. Хүмүүс кино үзэж байгаад гадаад хэл сурсан гэдэгтэй адил машин асар их мэдээллийг бидэнд урьдчилаад өгчихөж байгаа юм. Тийм учраас бүх зүйлийн үндэс бол дата өгөгдөл. Уул уурхай өөрөө бүхэлдээ big data.

-Монголд машин сургалт нэвтэрсэн жишээг дурдана уу?

-Тухайлбал, ордын нөөцийг 5-10 минутад тооцоолох боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан “Domain MCF” хэмээх бүтээгдэхүүн бий. Өрмийн мэдээлэлд үндэслэн ордын нөөцийн датаг ийм богино хугацаанд тооцоолж гаргах боломжтой.

-Уурхайн 3D загварчлалыг хэрхэн тодорхойлж байгаа нь сонирхолтой санагдаж байна?

-Уурхайд лазер сканнер (lazer scanner) буюу хэмжилтийн багажийг өргөнөөр ашиглаж байна. Тэр тусмаа маркшейдерийн ажилд буюу уурхайн бүхий л үйл ажиллагаа, уулын ажлын ахилт, овоолгын эзлэхүүнийг тооцоолоод лазер сканнерыг ашиглаж байна. Ийм загварчлалаар Эрдэнэт, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг уурхайг харж болно.

Манай багаж эдгээр уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа. Уул уурхайн менежер гэж та өөрийгөө төсөөлбөл заавал уурхай дээр очиж өдөр тутмын мэдээллийг харах шаардлагагүй. Менежментийн түвшинд компьютероос харж болно, эсхүл VR төхөөрөмжийг комьютерт холбоод яг тухайн орчиндоо уурхай дээр бодитоор очсон мэт харах боломжтой.

Сүүлийн үед хиймэл оюун ухааныг “Chat Gpt” гэж нэрлэх болсон. Гол учир нь бидэнтэй компьютер чат хэлбэрээр харьцаж маш тодорхой, оновчтой хариултыг өгдөгөөрөө давуу талтай.

-“Digitalization in Mining Mongolia” арга хэмжээний нээлтийн үгийг Та хиймэл оюун ухааны технологийг ашиглан хоёр гуравхан минутын дотор бэлтгэсэн гэж ярьж байсныг санаж байна. Энэ мэтээр зарим ажлаа ухаалаг технологийн тусламжтайгаар шийдэх боломж байна гэж хараад байна л даа?

-Мэдээж ямар нэгэн арга хэмжээ, чуулганыг зохион байгуулахад нүсэр ажилтай тулгардаг. Тэр их зохион байгуулалтын ажлын хажуугаар надад нээлтийн үг бэлтгэж хэлэх шаардлага гарсан юм. Гэтэл би тухайн ажлаасаа шалтгаалаад нээлтийн үгээ бэлтгэж амжаагүй байсан учраас хиймэл оюун ухаанд суурилсан чатын аппликэйшн дээр өөрийн хэлэх утга санаануудаа товчхон илэрхийлэхэд маш богино хугацаанд илтгэлийг маань бэлэн болгочихсон.

Үнэндээ надад түүнийг хянах цаг байгаагүй. Хараад уншихад боломжийн санагдсан учраас илтгэлээ шууд уншаад арга хэмжээгээ нээсэн. Хуралд ирсэн хүмүүс үүнийг огт ажиглаагүй учраас арга хэмжээний төгсгөлд хиймэл оюун ухаан ашиглаж илтгэлээ бэлтгэснээ хэлсэн л дээ.

-Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн VI давалгаа гэж яригдаж байна. Хүн төрөлхтний хөгжлийн явцад бүх салбар хүссэн хүсээгүй технологийн шилжилт рүү алхан орж байна. Гэсэн хэдий ч хүний оролцоотой ажлын байр хомстох вий гэсэн эмзэглэл байна. Энэ чиглэлд Та бүхэн харьцуулсан судалгаа хийсэн байх?

-Ажлын байрууд илүү бүтээмжтэй болж байгаа юм. Түүнээс биш ажлын байр алга болж байгаа хэрэг биш. Харин та илүү бүтээмжтэй, тав тухтай ажиллах боломжоор хангадана гэдгийг хэлье. Уурхай дээр хүмүүс ажилладагаараа л ажиллана. Гар ажиллагаатай зүйлүүдийг л бага хийж гүйцэтгэдэг болно гэсэн үг.

-Ярианы сэдэв маань уул уурхайн дижитал гэдэг сэдэв. Өмнөх сэдэв рүүгээ эргээд ороход, уурхайн загварчлалыг алсын зайнаас бүрэн бүтнээр нь харах энэхүү технологийн боломжийг дэд бүтэц, барилгын салбарт ашиглах боломжтой юу?

-Боломжтой. Энэ 3D загварчлал орчин үед бүх салбарт нэвтэрч байна. IT технологи, машин сургалтыг салбар бүр өргөнөөр ашиглах хэрэгтэй. “Chat Gpt” гарснаар дэлхий нийтэд хэдэн сая хүн өдөр тутмынхаа ажлыг хөнгөвчилж байна. Эрэл хайгуул бол асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулдаг ажил.

Бүх чулууг шинжилж, дээж авч боловсруулна гэх мэт ажлууд бий. Тэгвэл машин сургалт, лазер сканнер, дроны технологийг ашиглан хүний маш их цаг хугацаа зарцуулж байж цуглуулж авдаг мэдээллийг богино хугацаанд гаргаж ирдэг болсон. Ингэж тухайн хэсэгт орд байх боломжтойг тогтоосны дараагийн шатны геофизикийн судалгааг ч хийх бололцоо бүрдэж байна.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img