2024-11-11, Даваа
-7 C
Ulaanbaatar

Монголчуудын сэтгэлийг хөдөлгөх маш амархан

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨХ МАШ АМАРХАН. Бид хуйгаараа баячуудад дургүй, дарга нар, хөрөнгөжсөн улстөрчдийг бүр үзэхгүй. Аа харин хөрөнгөтнүүдийг шоронд хийхэд, татвараар дарамтлахад, хөрөнгийг нь хураахад хачин дуртай. УИХ-ын дарга нь цэргийн хувцас өмсч, салаа цэрэгтэй очоод хувийн компанийн хөрөнгийг хураахад алга ташин баярлацгаана.

Өнөөдөр баячуудын хөрөнгийг ил цагаан хурааж байгаа төрийн төмөр нүүр маргааш өөрийнх нь хөрөнгөн дээр бууна гэдгийг сонсох нь бүү хэл ойлгохыг ч хүсдэггүй. Баячуудын хөрөнгийг хураахыг харах нь л бидний монголчуудад хамгийн том кайф.

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨХ МАШ АМАРХАН. Хөрөнгөжсөн улстөрчдийн хулгайг илрүүлэхэд нийтээрээ уухайлан хөөрцөглөнө. Шүүх хуралгүйгээр шоронд хорьж, эрүүдэн байцаавал бүр ч ихээр догдолцгооно. Улс төрийн тавцангаас арчин хаяж, хэн ч биш болговол бүр магнайгаа хагартал баярлацгаана.

Эрх баригчид энэ сэтгэл зүй дээр сурмаг дөрөөлж ардын баатар болцгоосоор ирсэн, болж ч байгаа, цаашид ч болсоор байх биз.

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨХ МАШ АМАРХАН. “Би ганцаараа хулгайтай тэмцэж байна. Хулгайчдыг системээр нь цэвэрлэх хэцүү юм аа. Элдвээр дарамталсан мэссэж ирсээр байгаа. Гэхдээ би та нарынхаа төлөө өөрийгөө золиослон байж тэмцэнэ” гэчихэд л гүйцээ. Ямар ч боловсролгүй байх түй ч хамаагүй.

Хулгайтай улаан гараараа тэмцэнэ, хулгайчдыг шоронд хийнэ гэчихсэн л бол хаа газрын аль ч тэнэг түмний хайртай удирдагч болчихно. Хулгайчтай тэмцэх нэрээр дайснаа далдруулж байгаа юм биш биз, хулгайтай тэмцэгч дарга маань өөрөө яаж хөрөнгөжсөн нөхөр вэ гэх мэт хэрсүү асуулт монголчуудын сэтгэлийг хөдөлгөхгүй. Учир нь бид эргэцүүлж, эргэлзэх дургүй. Сэтгэл хөдөлгөсөн шоу, жүжиг, тэмцэлд л дуртай.

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨСӨН Л БОЛ ЯМАР Ч ЗОВЛОН ТУУЛУУЛСАН, ЭРХЭНД НЬ ЯАЖ Ч ХАЛДСАН БИД ХОТОЙХГҮЙ. Хулгайтай чин шударгуу тэмцэж яваа удирдагчаа харж алга ташин хөөрцөглөхөд бидэнд агаарын бохирдол нэг их саад болохгүй. Ногоон автобусны идээ уугаа ч том асуудал биш. Гудамжны хальтиргаа гулгаа бүр падлий ч нөлөөлөхгүй.

Хальтирч унаад цаг бусаар орчлонгоос явсан залуугийн үхэлд ч тэгтлээ цочрохгүй, хулгайч улстөрчдийг, муусайн баячуудын ясыг нь цайлгаж байгаа нь л бидний хэдэн монголын гол бахархал.

Гэр нь түлшгүй байх, хажуу айлынх нь хүмүүс шахмал түлшинд угаартаж эмнэлэгт хүргэгдэх, хүүхдүүд нь өвлийн гуталгүй хавар намрын пүүзтэй дэрчийтэл гүйх, багачуудынх нь цэцэрлэг муудсан ногоо, хатсан будаатай хоол өгөх бидний монголчуудад огтоосоо зовлонд тооцогдохгүй.

Хамгаа хурааж хумьж авсан приусээрээ халтуур хийж шар нар, бор хоног залгуулдаг эрх рүү нь халдах ч миний монголчуудад аминд тулсан сэдэв биш. Бидний монголчуудын сэтгэл зөвхөн “хулгайчийн ясыг цайлгахад” л хөдөлж, тэр сэтгэлээрээ борог амьдралаа “ хачин жаргалтайгаар” туулцгааж чадна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img