2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Р.ЦОЛМОН: Ходоодны шарх, цөсний чулуутай бол мацгаас татгалзах хэрэгтэй

“Сумади” эмнэлгийн их эмч Р.Цолмонгоос махны хэрэглээ болон хавар цагт мацаг барьж болох эсэх тухай тодрууллаа.

-Монголчууд махны хэрэглээ өндөртэй үндэстний тоонд багтана. Өвлийн идэш гээд баахан мах бэлдэж аваад хэрэглэдэг нь өнөө цагт эргэж хармаар хандлага санагддаг. Махны хэтэрсэн хэрэглээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөөч?

-Өнөө үед махны хэрэглээ, мах үйлдвэрлэл, хадгалалт, бэлтгэлээс шалтгаалан үүсдэг өвчний тухай олон судалгааны ажлууд хийгдсэн болон хийгдэж байна. Судлаачид бүгд нэгэн дуугаар зүрх судасны болон хавдрын өвчний эрсдэлт хүчин зүйлийн тоонд мах, махан бүтээгдэхүүнийг оруулж эхэллээ. Орчин цагийн монгол хүн л махыг махаар даруулдагаас бус бусад улс оронд хүнсний ногооны хэрэглээг илүүд үздэг. Махны хэрэглээ их байх тусам ходоодны ажлын цаг уртасдаг.

Эрчим хүч ихээр зарцуулсанаар эд эсийн элэгдэл үүсч таны амьдрах хугацаа ч тэр хэрээр багасах нь хэнд ч тодорхой үнэн. Мэдээж дэлхийн олон үндэстний хоол хүнсний голлох орц бол мах. Англи хэлний мах буюу meat гэдэг үг үндсэн хоол гэсэн утгийг илэрхийлдэг нь ч цаанаа ийм утгатай. Улс орнуудын тухайд тухайн орон нутгийн шашин соёлын нөлөө болон хүмүүсийн санхүүгийн чадамжаас хамааран янз бүрийн мах хэрэглэдэг.

Янз бүрийн гэдэг үгийг амьтны төрөл зүйлийн болоод эд эрхтнийх нь хувьд гэж ойлгоорой. Бие гүйцсэн хөхтөн амьтны булчинд 75 хувь ус, 19 хувь уураг, 2.5 хувь өөх тос, 1.2 хувь нүүрс ус болон 2.3 хувь уургийн бус нэгдэл буюу амин хүчлүүд, органик бус нэгдлүүд агуулагддаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл уураг, өөх тосыг махнаас л илүү ихээр авах боломжтой. Агууламж нь тухайн махны төрлөөс хамаарч ихэсч багасах нь байна.

-Уламжлалт анагаах ухаанд ямар малын махыг илүү сайн гэж үздэг вэ. Сүүлийн үед хүмүүс хонины махыг холестрин өндөртэй гээд идэхээс татгалздаг болчихож…?

-Уламжлалт анагаах ухаанд мах бүрийн чадлыг тусгайлан номлосон байдаг л даа. Хонины мах тослог бүлээн, хүчийг аривдуулж, биеийн тамирыг үүсгэж, хий бадганыг арилгаж дуршилыг нээдэг бол ямааны мах хүнд сэрүүн, гурван гэмийг хөдөлгөдөг. Ямааны махыг тэмбүү, хар гүвдрүү, галаар түлэгдсэн шарханд тустай хэмээдэг. Үхрийн мах сэрүүн тослог, хий хавсарсан халууныг арилгах идтэй.

Харин морь, хулан, илжиг тэргүүтэй битүү туурайтны мах нь өгөрийг таслан, бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгана. Гахайн мах нь сэрүүн хөнгөн, шархыг эвдэж борыг арилгадаг бол сарлагын мах тослог бүлээн, хүйтнийг арилгаж цус шарыг үүсгэдэг.

Тахианы мах дуслыг аривдуулна, шарханд тустай. Гөрөөсний мах сэрүүн хөнгөн тул хавсарсан халууныг арилгана. Туулайн мах ширүүн тул илчийг үүсгэж суулгахыг зогсоодог. Тарваганы мах тослог, хүнд, бүлээн бөгөөд чингаад туслаж, хүйтэн хий ходоод бөөр бэлхүүс толгойн өвчнийг арилгана. Загасны мах ходоодны өвчнийг арилгаж дуршилыг нээлгэж, нүдийг тодруулан, шарх чингаа, бадганыг эвдэлнэ. Ямар ч төрлийн амьтны эрийнх нь шингэхдээ илүү хүнд хэмээдэг.

Мөн махны цээжин хэсэг нь бөгсний хэсгээс хүнд, хээлтэй амьтны мах хүнд гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Дөрвөн туурайтнаас эм амьтны мах нь шингэхдээ хөнгөн, шувуу бүгдийн эрийнх нь хөнгөн байдаг. Толгой цээж өвчүү нуруу сүүж бэлхүүсний мах хүнд, долоон биеийн тамир буюу идээн тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал зэргийн хойд хойдох нь хүнд. Шинэ мах сэрүүн бөгөөд хуучин мах бүлээн шимтэй.

-Борц юунд тустай вэ?

-Борц хийг дарж, галын илчийг үүсгэнэ. Тийм ч учраас зун хийн босох цагаар борц голдуу хэрэглэхэд зохимжтой байдаг. Түүхий, хөлдүү, түлсэн мах нь шингэхдээ бэрх хүнд байдаг бол хатсан чанасан нь хөнгөн бөгөөд шингэхдээ хялбар байдаг. Энд гарч буй хүнд, хөнгөн гэдэг ойлголтыг ходоодны галын илч буюу шингээхэд хэцүү амар гдг талаас ойлгоход болно

-Орчин цагийн хөдөлгөөн багатай амьдралын хэмнэлд махны хэтэрсэн хэрэглээ шингэхгүйгээс эхлээд сөрөг нөлөө ихтэй л юм байна гэж ойлголоо…?

-Мах бол уураг, уураг бол тэжээл, тэжээл бол эцсийн дүндээ хөдөлгөөний эх үүсвэр мөн боловч хөдөлгөөн багатай нийгмийн амьдралд эргээд хор хөнөөл ч болчихдгийг үгүйсгэх аргагүй. Ийм ч учраас тогтмол цагт, хэмжээ барьж, цаг улиралдаа зохицуулан махны төрлийг сонгох нь их чухал.

Болгосон ёс буюу хоолны төрлөө ходоодны хүч, өдрийн хоолны хуваарийн дагуу зохицуулан хэрэглэх нь зүйтэй. Махны хэрэглээгээ энэ мэтээр зохицуулж чадвал хоол боловсруулах замын хавдраар дэлхийд тэргүүлэхгүй байх боломжтой.

-Яг өдийд хүүхнүүд мацаг бариад эхэлдэг. Хавар эхлэхийн өмнө буюу хаврын улиралд мацаг барих эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг бол?

-Сүүлийн үед хавартай зэрэгцэн мацаг барих хүмүүс олширч байна. Өөрийн дураар, эсвэл хэн нэгний зөвлөгөөг дагаж мацаг барих хүмүүс олон болсон нь маш буруу. Тэр дундаа жирэмсэн, хөхүүл хүмүүс, бас өсөж яваа хүүхдүүд ялангуяа охид турах зорилгоор мацаг барьж байгаа талаар их дуулдах юм. Мацаг гэдэг нь Ба цаг буюу хэмжээ барих гэсэн төвөд үгнээс гаралтай. Тодорхой хугацаанд хоолыг хорих нь бадганыг арилгадаг. Бодисын солилцоо сайжирч, бие хөнгөрч, оюун ухаан сэргэг болдог гэх мэт эерэг нөлөө ихтэй. Гэхдээ мацаглахаасаа өмнө мэдэж авах зүйлс гэж бий.

-Мацаг барих эсрэг заалт гэж байна уу?

-Жирэмсэн эмэгтэйчүүд, өсч яваа хүүхэд мацаг барьж хэрхэвч болохгүй. Сарын тэмдгийн үед хориотой. Гормон ихээр ялгардаг учир биед өөрчлөлт гардаг. Товчхондоо биеийн дархлаа сулардаг гэсэн үг. Зүрх муутай хүмүүс мацаг барьж болохгүй. Эмчтэйгээ заавал зөвлөх хэрэгтэй. Жингийн алдагдалтай хүмүүс мацаг барих хориотой. Хэт туранхай болон хаван ихтэй хүмүүс болохгүй. Хагалгааны өмнө болон хагалгааны дараа мацаг брих хориотой. Эрт үеийн хөхүүл болон хүүхэд нэг нас хүртэл мацаг барьж болохгүй. Элэг цөс болон бүдүүн нарийн гэдсийг цэврэлсний дараа 1 долоо хоног хүлээгээд мацаг барьвал бие хордлогоо амар тайлна. Мах, өөх тос их иддэг, хэтрүүлдэг хүмүүс мацаг баривал бас зүгээр. Ходоодны хүчил ихэдсэн, мөн ходоодны шархтай, цөсний чулуутай бол мацгаас татгалзах хэрэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img