2024-03-03, Sunday
-7.4 C
Ulaanbaatar

Л.Нямаа: Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ломбын Нямаатай уулзаж хөөрөлдлөө. Монголын утга зохиолд Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг бий болгосон эл эрхэм эдүгээ “Их засаг” их сургуульд багшилж байгаа ажээ.

– Монгол хүн насны эцэст найзуудаа цуглуулж суугаад, сэтгэлийн үгээ хөөрөлдөн, дуугаа дуулаад буцдаг. Өрнийнхөн бол юм хурааж цуглуулсан ч хэнд ч өгөхгүй хав дарж байгаад үхдэг шүү дээ –

-Уран бүтээлч хүнээс сүүлийн үед юу хийж байна гэх ч бараг л илүүц асуулт даа…

-Би нэг зохиолын судлалаар нэлээд юм хийдгийг чи юу эс андах вэ. Д.Батбаярын “Мементог бүтээхүй”, “Цахилж яваа гөрөөс” тууж, Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлэг, До.Цэнджавын “Хөх жавар” тууж, Жаргалын Барамсайн “Үхэр гэдэг амьтан” зэрэг бүтээлийг судалж ном болгон өлгийдөхөд бэлэн болгосон. Барамсайн тэр өгүүллэг гэхэд зохиогчоо хэлмэгдүүлж байсан бүтээл. Нобелийн шагналт зохиолч, аугаа их М.Шолоховт нэг найзаараа шууд орчуулуулан сонсгоход тэр их зохиолч гурвантаа “молодец хорощо” гэж үнэлсэн түүхтэй зохиол.

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол” дууль, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэг хоёрыг уншин судалсан. Монгол хүний үхэл, монгол амьтны үхэл хоёрыг нэг ёсондоо харьцуулж байгаа хэрэг. Монгол хүн насны эцэст найзуудаа цуглуулж суугаад, сэтгэлийн үгээ хөөрөлдөн, дуугаа дуулаад буцдаг. Өрнийнхөн бол юм хурааж цуглуулсан ч хэнд ч өгөхгүй хав дарж байгаад үхдэг шүү дээ.

Тэгэхэд монгол хүн насны наран буцахын цагт хурааж хуримтлуулсан бүхнээ үр хүүхэд, ойр дотныхон, найз нөхдөдөө үлдээгээд явж байдаг. Монгол тэх гэхэд уулын оргил өөд мацсаар өндөр дээр гаруут эх нутгаа нэг сайхан халиагаад эврээ даалгүй нисдэг. Бусад газрын янгир тэгдэггүй л байгаа юм даа. Явуухулан гуай С.Эрдэнэ гуайд “Би ийм дууль биччихлээ. Чи бас гайхалтай өгүүллэг бичсэн. Хангалттай. Одоо гарч хоёул архи ууя” гэсэн гэж байгаа.

-Аливаа амьтан болоод хүний үхэлд хүртэл төрсөн нутаг нь нөлөөтэй гэж хэлэх гээд байна уу, та?

-Эртний их далайн үлдэц болоод ч тэгдэг юм уу, монгол нутаг татах хүч сайтай юм. Тангадын Галсан ахыг гадаадын амьтны хүрээлэнд явж байхад монгол чоно торныхоо цаана дагаж гүйгээд байсан гэж байгаа ш дээ.

-Зохиолч Л.Одончимэдийг Чикагогийн амьтны хүрээлэнд явж байхад монгол тэмээ мэлмэртэл буйлаад, үнэрлээд дагаад, зохиолч Ж.Мягмарсүрэнг Японы амьтны хүрээлэнгээр явж байхад Ерөнхийлөгч Н.Баганбандийн бэлэглэсэн тарвагууд бүтэн жил толгой өндийлгөхгүй байснаа цагаан малгайгаараа даллуут гозойтол босож ирээд хошгироход тайлбарлагч нь гайхсан гэж бичсэн байдаг юм?

-Амьтан хүртэл өөрийнхөө төрөлх чанарыг мартахгүй байна даа. Мягмарсүрэн ч амьтны талаар аюултай сайхан бичнэ ш дээ. “Барын зулзага бамбар”, “Унагаа зуусан хулан” гэдэг номууд чинь Стив Томпсоноос ч илүү санагддаг юм шүү.

-Та Хэнтийн Дадалын буриад мөртлөө ямар ч аялгагүй халхаар янзтай цэвэр ярих юм аа?

-Манай басхан Бүдханд яг буриадаараа ярьж байгаа биз. МУИС-ийн монгол хэлний ангид анх элсэн орохдоо би буриадаар ярьдаг хүүхэд байлаа. Манай сургуулийн түүхийн багш Чимэдцэрэн гэж буриад авгай “Монголын их сургуульд сурч байгаа юм бол чи монголоор л ярь” гэснээс хойш халх аялгаар ярьж сурсан.

Л.Нямаа-Та нэг зохиолын судлал хийж байгаа гэлээ. Тухайн үедээ анзаарч ойлгоогүй ч юм уу, задлал хийх яруу найргийн бүтээлүүд байж л байгаа даа?

-Ардын уран зохиолч Т.Галсангийн төрийн шагналт Ч.Ойдов зохиолчид зориулсан
“Ард олноосоо тасарсан бол
Алтан өлгийд булаарай
Далай олонтойгоо явсан бол
Далан давхарт оршуулаарай” гэдэг чинь зүгээр ч нэг гашуудлын шүлэг биш юм. Энэ шүлгийн ертөнцийн мөн чанарыг өгүүлсэн далд чанарыг нээнэ гэж бодож байна. Тангадын Галсангийн “Монгол Жангар” бол арван төрийн шагнал ч багадах аугаа сонгодог бүтээл юм шүү. Жамцын Бадраа багшийн “Жаргаах зүрхэн” гэхэд их учиртай дуу.
“Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Ээ, Хүслэн татсан амраг тэр минь хө
Ээ, Хүрэн зүрхний уяа юу даа хө” гэдэг дээ. Хөвсгөлийн цаад талын баялаг ихтэй уул нуруудыг Орост таслаад өгчихсөнд харамсан гашуудсан дуу шүү дээ. Тэрнээс зүгээр ч нэг амрагийн дуу биш. Тангадын Галсангийн “Хилийн овооны нууц” гэж мундаг найраглал “Улирал ба зохиолч” сэтгүүлд хэвлэгдсэн. Тэр бол үнэн сайн бүтээл болсон байна лээ.

-Таныг ёстой нэг ном гаргалаа гэж цахимаар шуугиад байсан. Ямар ном билээ?

-Зохиолч Гүн Аюурзана дүү “Миний амьдардаг ертөнц” шүлгийг минь “Монголын сонгомол яруу найраг” антологид оруулсан байдаг юм. Энэ шүлгээрээ нэрлэсэн зургаан бүлэгт номоо хэвлүүлсэн юм. “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номыг маань чи мэднэ.

Эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн, билгүүн номч Бямбын Ринчен, төрийн хошой шагналт Д.Намдаг, ардын жүжигчин Л.Мөрдорж, Ш.Гаадамба, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж, ардын билиг зүйч Жамцын Бадраа, яруу найрагч Нямбуугийн Нямдорж, билэг танхай найрагч Ринчиний Чойном, яруу найрагч Ламжавын Лувсандорж, Данзангийн Нямсүрэн нартай уулзаж учирч, хөөрөлдөж явснаа нэгэн бүлэг болгон орууллаа. “Дуусаагүй хөрөг”, ярилцлагууд, нэг зохиолын судлал, миний эгэл бор шүлгүүд эл номонд минь багтсан даа.

-“Миний амьдардаг ертөнц” шүлгээ нэг дуудаач!

-“Миний амьдардаг ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй
Миний амьдардаг ертөнцөд ганцхан өнгийн, улаан цэцэг ургадаг
Миний амьдардаг ертөнцөд ус нь уруугаа биш өөдөө урсдаг
Миний амьдардаг ертөнцөд шувууд нь мөлхөж явдаг
Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг” гэсэн л шүлэг байгаа юм.

-Жаахан гунигтайдуу л шүлэг юм даа?

-Дэлхийн утга зохиолыг анзаарч байхад харамсал эмгэнэлийн бүтээлүүд л цагийн шалгуур дааж үлдсэн байдаг юм даа. Монголын их зохиолч Ванчинбалын Инжинааш ч гэсэн “Ертөнцийн арван хүний ес нь зовлон шаналантай” гэсэн байдаг нь бас л бодууштай үг юм шүү.

-Яруу найрагч Д.Урианхай гуай “Нэг л хүүхэд траншейнд амьдарч байхад би энэ харгис төрөөс ганц ч шагнал горьдохгүй” гэж тангарагласан гэдэг. Одоогийн төр засгаа та юу гэж бодож явдаг бол?

-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Ха номондоо “Дүү маань гудамжны үзүүрт нэг хүүхэд байна гэхээр нь авчруулан ирээдүйд нь санаа тавилаа” гэсэн байна лээ. Монголын төр тэгэхэд үр хүүхдүүдийн ирээдүйг бодохгүй байгаа. Төрд тийм хүнлэг, ухаантай хүн гарч ирэхгүй байгаа нь тун харамсалтай.

Хүүхдийг гудамжинд гаргадаг, ард түмнээ “цагаан ууттай зовлон” үүрүүлээд тарчлаадаг төр гэж байж болохгүй. Достоевский “Хүүхэд зовоодог төрийг ардчилсан төр гэхгүй” гэж хэлсэн. Урианхай найрагчийн эх оронч сэтгэл, мөс чанарын том илэрхийлэл юм шүү. Хүүхэд зовоосон нийгэм хэзээ ч хөгжихгүй. Куба гэж коммунист дэглэмтэй орон л гээд байдаг.

“Нэг хүүхдийн шүд хорхойтоход Фидель Кастрогийн ширээн дээрх цаас чичрэн хөдөлдөг” гэж Монгол Улсаас анх удаа Гаванагийн их сургууль төгссөн Чулуун гэж миний анд мундаг дипломатч хэлсэн. Тэгэхэд өнөөдөр Ерөнхийлөгчийн ч юм уу, Ерөнхий сайдын ширээн дээрх цаас хөдлөх үү. Хүүхдийн гэгээн сэтгэлийг ингэж будантуулж болмооргүй л санагддаг юм.

-Та хэдэн жил багшилж байна?

-МУИС-ийг төгссөнөөс хойш тавь гаруй жил ардын хүүхдүүдэд багшиллаа.

Л.Нямаа-Энэ олон жилд хүүхдийн авьяас чадварыг тан шиг таньж, Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн яруу найргийн дэг сургуулийг бий болгосон хүн ховорхон. Миний мэдэхээр модернист яруу найрагч Баатарын Галсансүх л лав таны гарын шавь мөн байх аа?

-Мянга есөн зуун далаад оноос сургуулийн захирал энэ тэр хийгээд явчихсан хүн л дээ, би. Монголын бүх хүүхдийг цоорсон эрдэм боловсролтой болгоно гэдэг хэцүү. Оюун ухааны далайгаас хутгах савны хэмжээ нь янз бүр. Том шанагатай хүүхэд байна. Жижиг шанагатай хүүхэд байгаа. Бүгдийг нь эрдэмтэн болгочихно гэвэл үлгэр. Хүн гэдэг амьтан өөрийнхөө үйл үрээр бүрэлдэн бий болдог ертөнц.

Америкийн эрдэмтэн Гилфорд “Авьяастай хүүхдийг хөгжүүлэх онол”-ыг бий болгосон юм. Хэнтий аймгийн Өндөрхаан сумын хоёрдугаар сургууль буюу одоогийн “Тэмүжин” цогцолборын бага ангийн хичээлийн эрхлэгч байхдаа ангиудаар явж авьяастай хүүхэд хайлаа.

Математикийн багш Товуудоржийн удирдсан дөрвийн А ангид ороод “Та нар ямар ном уншив” гэсэн чинь тээр ард сууж байгаа гозгор цагаан хүү “Зүрхний хилэн” уншсан” гэж байна. “Юу гарч байна” гэсэн чинь маш мэдрэмжтэй ярьж байх юм. Тэгж Галсансүхийг олж авсан юм. Жаахан ээрүү, хэлгий хүүхэд байсан.

-Бага ангийн багш Данзангийн Нямсүрэн шавь Дашбалбарынхаа хэлийг засах гэж чулуу хүлхүүлсэн гэдэг шиг юм ярих гээд байна уу?

-Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Бурхад ба хүмүүс” шүлэглэсэн романыг дөрөв дөрвөн мөрөөр нь хувааж өгч цээжлүүлсэн. Тэр сайхан найргийг чангаар уншаад байхаар чинь хэлний гажиг дороо арилдаг байхгүй юу.

-Галсансүх чинь одоо жигтэйхэн хэлэмгий хурдан ярьдаг хүн ш дээ?

-Өөрөө эртээд зурагтаар энэ тухай ярьж байна гэнэ лээ. Хоёр жилийн дотор л хэл нь сайжирсан. Өдөрт таван шүлэг заавал ч үгүй бичүүлнэ. Ингээд долоо, наймдугаар ангиасаа л надаас тасраад явчихсан.

Гилфорд гуайн онолд “Авьяастай хүүхэдтэй өдөр бүр ажиллах, багш хүн шавьдаа үлгэрлэхүйц номын сантай байх, шавийнхаа аав ээжтэй зохис төгөлдөр харьцаж ойлголцох, сайн ном уншуулах” гэсэн зүйлс байдаг юм. Үүнээс хойш яруу найрагч Гансүрэн, Занданхүү, Наранчимэг, Сонинбаяр нарын авьяастай хүүхдүүд яг л ийм замналаар хүмүүжсэн. Галсансүхийг аравдугаар ангиа төгсөхөд хэлэх үггүй болоод Нямбуугийн Нямдоржид хүлээлгэн өгсөн дөө.

Галсансүх орос хэлийг гэхэд үгээр нь биш сэтгэхүйгээр нь сурсан оюуны чадамж өндөртэй хүүхэд байгаа юм.

-Та Нямбуугийн Нямдоржийг нэг багш гээд, нэг нөхөр гээд яриад байх юм. Үе тэнгийн хоёр уу?

-Бид хоёр Хэнтийд хөдөөгийн сургуульд багшийн ажил нэгтэй явсан үе бий. Ер нь л үе тэнгийн адил сайхан нөхөрлөж явсан даа. Тэр бүхнээ би номондоо тодорхой бичсэн.

-Мишигийн Цэдэндорж гуай бол яах аргагүй таны багш даа?

-Би 1965 оны аравдугаар сарын 10-ны өдөр шүлгийн нэг уралдаанд түрүүлсэн юм. Тэгэхэд Цэдэндорж багш намайг ихэд тоож, гарын үсгээ номондоо бичиж, гэрээ зааж өгсөн. Тэгж багш шавь барилдсаны тавин жилийн ой 2015 онд тохиосон. Тиймээс би “Миний амьдардаг ертөнц” номынхоо хуримыг тухайн оны аравдугаар сарын 10-ны өдөр ташруулан Хүүхдийн номын ордонд хийсэн дээ.

-Та хүмүүний дээд номын багшийнхаа талаар сайхан хууч хөөрөөч!

-Би сүүлд очиход багш нэлээд гундуу сууна. “Багш аа, таны номын сангийн ном цөөрөөд байх шиг” гэхэд “Би маш их ганцаардаж байна. Ганцаардлаа даван туулах гэж архи л уух юм. Орос цэргийн дарга нар архи өгч согтоогоод дэрэн доогур хэдэн төгрөг хийчихээд ном аваад явчих юм. Ийм амьдралаар олон жил амьдармааргүй байна. Яалтай билээ дээ. “Суут хүмүүсийн амьдрал” цувралд Д.Нацагдоржийг бичих гэж олон жил материал цуглуулсан юм.

Д.Намдаг нэг өдөр намайг дуудаад “Нацагдорж бид хоёрын сууж байсан шоронг нуираах гэж байна. Хоёулаа явъя. Зургийг нь авч үлдэе” гэсэн. Бид гэрэл зурагчинтай гурвуул очиж олон зураг авсан. Тэр чухал зураг нэг номын завсарт байсан, тэр алга болов. Олон сонин ном материал алга боллоо доо” гэж байсан нь нүдэнд харагдах юм даа.

“Том хурал зөвлөгөөний илтгэл, шүүмжлэгчдийн шүүмжлэлд өртөж, таныг “тамын тогоонд” унагахад тус дэм болсон “Болохгүй юм гэж орчлонд хаа байна”, “Гэрээс”, “Зүүд” шүлгүүдийнхээ тухайд юу бодож явдаг вэ” гэхэд “Болохгүй юм гэж орчлонд хаа байна” гэдэг шүлгээ болохгүй юм орчлонд байхгүй боловч бас “болохгүй юм” байдаг юм шүү” гээд
“…Адал орчлонд эрдэнэт биеийг олгосон
Ачит эхийн цагаан сүүг хар гэхэд би үнэмшихгүй
Ангаахайн чинээ байхаас минь бүүвэйлсэн үг
Аялгуу сайхан монгол хэлийг хомс гэхэд би итгэхгүй.
Эх орон гэдэг үгийн амин сүнс болсон
Ээж, хэл хоёроосоо урвана гэж надад үгүй” гэж түрүүчийн гурван бадагт хэлсэн санаагаа үгүйсгэсэн утга зангидсаныг минь ойлголгүй “гуниг, итгэлгүй гүн ухааныг сурталчиллаа” гэж шүүмжилсэн юм.

Яруу найрагчийн хэлэх гэсэн санааг ойлголгүй шүүмжилдэг ёс манайд л байдаг. “Гэрээс” шүлгийн тухайд Цэдэндорж хэн болоод гэрээс бичих болсон юм бэ? Дэлхийн сонгодог зохиолчдыг дуурайж байна гэж зэмлэсэн.

Би Цэдэндорж болоод л “Гэрээс” болсон юм шүү дээ. “Зүүд” шүлгийн тухайд социалист оронд амьдарч байгаа жаргалтай уран бүтээлч “үхэж зүүдлээд” байхдаа яадаг юм бэ гэж зэмлэсэн юм. “Зүүд” шүлэг “Цог” сэтгүүлд 1964 оны №1 дугаарт нийтлэгдсэнээс хойш хэдэн удаа номондоо оруулах гэсэн боловч Главлит хураасан. Шүлэг зохиол цаазалдаг улсад уран зохиол хөгжихгүй шүү дээ” гэж байсан даа.

-Багштайгаа уулзаад нутаг явснаасаа хойш дахин уулзаж чадаагүй гэдэг бил үү?

-Тэгэхэд багш минь “Салахад хэцүү л байна. Гэхдээ яая гэх вэ. Газар нутаг хол ч сэтгэл ойр байж бичиж туурвисан бүтээлээ ирүүлж байвал сайн сан. Өглөө бүр биеийн хөдөлгөөний дасгал хийдэг шиг оюун ухааны дасгал хийж, өөрийн хүслийн тухай 20 минут бодож бай. 5000 хуудастай ном уншсанаас илүү юм өгдөг юм.

Ном уншихдаа сонгож унш. Уншаад өөр дээрээ эргэцүүлж бод. Би бичвэл яаж бичих вэ гэж бодох чухал. Би чамайг Монголын уран зохиолд хэрэгтэй юм хийгээсэй гэж гэсэндээ хэлж байна. “Куба” сэтгүүлд Э.Хэмингуэйн тухай бичсэн байна. Жорлондоо хүртэл номын тавиуртай байсан гэнэ. Түрүүнд цухас хэллээ.

Ухамсрын урсгал чиглэлийг сайн танин мэд. Чи миний төсөөлж байгаагаар бол энэ замаар явах ёстой шүү. Сайн номын сантай бол. Номын сан шиг үнэнч, үхэж үрэгддэггүй, хэдийд ч юм асууя гэхэд бэлэн байдаг багш байхгүй. Сайн номыг хоёр ширхгийг аваад сайн нөхөртөө бэлэглэж бай. Бэлэглэж буй номон дээрээ ухаалаг үг бичиж сур. Тэр ном чамайг төлөөлж тэр айлд үеийн үед амьдарна.

Олон янзын ажилтай найз нөхөдтэй бол. Шинэ нөхөртэй болно гэдэг чинь шинэ тив нээх шиг аугаа их үйл хэрэг шүү” гэж яриад миний тэмдэглэлийн дэвтэрт үг бичсэн юм.

-Ямар үг бичиж өгөв?

-“Оргүй хоосноос ирсэн бид
Орчлон дэлхийд амьдрахдаа
Салж чадахгүй болсны учрыг
Санаж явбал тэр мөнхрөл.
М.Цэдэндорж 1981.7.19” гэж бичсэн байсан.

-Таныг явах гэтэл багш тань юу гэсэн гэлээ?

-“Хоёулаа гар барина. Би гараа шатаасан ч сэтгэлээ шатаагаагүй гээд шархтай гараа хүчлэн өргөж гар барьсан даа. Багшийн гар тэр үед гэмтэлтэй байсан. Амьдрал, уран бүтээлийн хүнд үедээ багш минь:
“…Бодлын боол бололгүй бодож сур.
Хүслийн боол бололгүй хүсч сур.
Зэмлэл, магтаал хоёрыг зэрэгцүүлж угт.
Аль алины нь өнгө хуурамч гэдэгт итгэ” гэсэн Р.Киплингийн үгээр зоригоо чангалж, бүтээлээ туурвисаар явсан даа. “Амьдын жаргал” түүврийг нь шүүмжлэгчид бут ниргэснийг уншаад “Хэлсэн хүн алдана. Хийсэн хүн хожно.

Ноён гэлээ гэж жинс ургахгүй. Нохой гэлээ гэж сүүл ургахгүй” гээд тайван дөлгөөн байж билээ. Энэ тухай би “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номдоо бичсэн дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img