2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

Давосын форумд Украины “энх тайвны томъёолол”-ыг хэлэлцжээ

Швейцарийн Давос хотноо хамгийн нэр хүндтэй, он удаан жилийн уламжлалтай Дэлхийн эдийн засгийн форум болж байна. Сүүлийн хоёр өдрийн турш буюу өнгөрсөн бямба, ням гаригуудад тус форумд оролцогчид Украины “энх тайвны томъёолол” гээчийг идэвхтэй хэлэлцжээ.

Харин өчигдөр Украины Ерөнхийлөгч В.Зеленский Швейцарт ажлын айчлал хийхээр хүрэлцэн ирсэн аж. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд, “Украины Ерөнхийлөгч Швейцарийн парламентын дээд, доод танхимын дарга нар, тус улсын Ерөнхийлөгч, улс төрийн намуудын удирдагчтай уулзахаас гадна Дэлхийн эдийн засгийн форумд оролцож хэд хэдэн хоёр талт хэлэлцээр хийнэ” гэжээ.

Үүнээс өмнөхөн Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулагчид Украины төрийн тэргүүн энэ сарын 16-нд “Бутарч салаалсан ертөнцөд аюулгүй байдал, хамтын ажилллагаанд хүрэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт тусгай илтгэл тавьж, үг хэлэх болсныг зарласан юм.

forumДавост өнгөрсөн ням гаригт 80 гаруй улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн уулзалт болж, Украины “энх тайвны томъёолол”-ыг хэлэлцсэнийг дээр хэлсэн. Энэ нь ийм төрлийн дөрөвдэх уулзалт ба үүнд Украиныг дэмжигч барууны орнуудаас гадна Даяар өмнөдийн улс орнууд ч оролцож байна.

Яриа хэлэлцээний дараа Давост Украины төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Ермак цохон тэмдэглэхдээ, “Украин улс мөргөлдөөнийг царцаах явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тийм алхмуудыг хэзээ ч хийхгүй” гэжээ.

Тэрээр цааш нь ярихдаа, “Украины нийгэм тэр аяараа үүнийг хүлээн авахгүй. Украинд шударга энх тайван хэрэгтэй. Иймээс ч Украин ирээдүйд болзошгүй түүрэмгийлэлд өртөхгүйг хүсэн, үүнд хүргэхгүй гэж баталгаа гаргахыг эрмэлзэж байна” гэсэн юм.

Украины “энх тайвны томъёолол” гэж юу болох тухайд

Давост, үүнээс өмнө Мальт болон Саудын Арабт хэлэлцэгдэж байсан Украины “энх тайвны томъёолол”-ыг В.Зеленскийн анх 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор танилцуулжээ.

Эл баримт бичиг 10 зүйлээс бүрдэх ба Крым зэрэг Украины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүх нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах, дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэх, нөхөн төлбөр олгох зэрэг санал багтсан байна. Украин улс дэлхийн удирдагчид дайныг шийдвэрлэх эдгээр ерөнхий зарчмуудыг батлах томоохон хэмжээний олон улсын дээд хэмжээний уулзалтыг ойрын ирээдүйд зохион байгуулна гэдэгт найдаж буй аж.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдэлд дурдсанчлан, Мальтад хэлэлцсэн “энх тайвны томъёолол”-ын эхний таван зүйлд цөмийн, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, хоригдлууд ба албадан гаргасан хүмүүсийг суллах, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх зэрэг нь багтсан байна.

Тэгвэл өнгөрсөн ням гаригт Давост Украины төлөвлөгөөний дараах таван заалтыг хэлэлцжээ. Тэдгээр нь Оросын цэргийг гаргах, шударга ёсыг сэргээх, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, мөргөлдөөнийг хурцатган дахин давтахаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн дайн дууссаныг баталгаажуулах зэрэг зүйлс ажээ.

Орос улс Украины томъёоллыг хэлэлцэхэд оролцдоггүй, учир нь бүх зүйл, заалтыг нь эсэргүүцсэр иржээ.

Швейцарийн Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Москваг “энх тайвны томъёолол”-ын хэлэлцүүлэгт татан оролцуулах арга замыг хайж олохыг уриалав.

Тэрээр, “Бид энэ энхийн үйл явцад Оросыг оролцуулах арга замыг хайх нь зүй. Орос үгээр хэлэхгүй бол амар амгалан байхгүй, энх тайван тогтохгүй. Гэхдээ энэ нь бид зүгээр суугаад Оросыг өөр ямар нэг муу муухай үйлдэл хийхийг хүлээх ёстой гэсэн үг биш шүү. Биднийг байдлыг харзнан суух минут тутамд Украинд олон арван энгийн иргэд амь үрэгдэж, шархдаж байна. Бид зүгээр л хүлээх эрхгүй” гэж байв.

Хятад ба Даяар өмнөдийн үүрэг

Ням гаригийн хэлэлцээрийн дараа А.Ермак Украины талаарх яриа, хэлэлцээрт Хятадыг оролцуулах сонирхолтойгоо мөн мэдэгдсэн.

Давосын Дэлхийн эдийн засгийн форумд Хятадыг тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Цян тэргүүлнэ. “Reuters” агентлаг В.Зеленскийн Ли Цянтай уулзах эсэх талаар сонирхоход А.Ермак, “Харж байж л болъё” гэжээ. Тэрээр түүнчлэн улсынхаа Ерөнхийлөгчийн Давос дахь ажлын эцэслэсэн хуваарийг хараахан хараагүйгээ учирласан аж.

Үүнтэй холбогдуулан Швейцарийн Гадаад хэргийн сайд Игнацио Кассис хэлэхдээ, “Украины асуудлыг шийдэхэд бид Хятадыг хэрхэн оролцуулах вэ гэдгийг шийдэх зайлшгүй шаардлагатай” гэсэн байна.

forumУрьд нь Бээжин Украины “энх тайвныг томъёолол”-ын Саудын Арабт болсон хэлэлцүүлэгт л оролцсон юм.

А.Ермакийн мэдээлснээр, энэ удаагийн форумд Европын 39, Азийн 18, Африкийн 12, Өмнөд Америкийн зургаа, Хойд Америкийн гурав, Далайн хоёр орны төлөөлөгчид оролцжээ. Тэрээр түүнчлэн, “Даяар өмнөдийн бүсийн орнууд манай үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцох боллоо. Өөрөөр хэлбэл тэд Европт өрнөсөн дайн нийт хүн төрөлхтөнд ауюл заналхийлэл авчрах эрсдэлтэйг ойлгож байна” гэж мэдэгдсэн юм.

Баруун уламжлалт холбоотнууд төдийгүй Даяар өмнөдөөс дэмжлэг авахыг эрмэлзэх болсон Украины хувьд форумд аль болох олон орныг оролцуулах нь мэдээж маш чухал.
“Reuters” агентлагийн тэмдэглэснээр, Давост болсон хэлэлцээрийн өмнө Украин-Оросын дайнд Даяар өмнөд ямар байр суурьтай өргөн дэлгэр хэлэлцжээ. Хэдийгээр Африк, Өмнөд Америк, Ойрхи Дорнодын олон орон мөргөлдөөний талаар тодорхой байр сууриа илэрхийлээгүй ч Давост болсон хэлэлцээрт юутай ч оролцсон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img