2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Авьяас билгийн хаан Арлааны Эрдэнэ-Очир анд минь

Чамайг “хайрт ах минь, гэрэлт анд минь, гэгээн дүү минь…” гэх уярал хайллын үгс цахимаар дүүрэн байна. Үнэн л дээ. Чи тэнгэрт дэвшихээсээ ч өмнө тийм л хүндлэлийн сэнтийд заларсан хүн. Чи аж төрлийн биш юм аа гэхэд авьяас билгийн жинхэнэ ХААН байсан шүү дээ. Энэ хорвоод ирсэн хүн бүхэн ийм өв тэгш үнэн сэтгэлийн үгэн өлгийд хөлбөрч буцдаггүй юм.
Чи
“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй
 Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй” гэж тэртээ ерээд онд бичиж байсан. Эрт орой хэзээ ч ийм нэг яаруухан унаа ирнэ гэдгийг яруу найрагчийнхаа зөн билгээр мэдэрч л байж. Амьдрал гэдэг галт тэрэг Сайншандын чинь галт тэрэгнээс ч хурдан нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч байна шүү.
Чамтай ерэн долоон оны таван сард “Ромео, Жульетта” жүжиг үзсний дараа Баянбүрдийн автобусны буудал хүртэл хамт алхахдаа ямар гэгээхэн сэтгэлээр жигүүрлэж, аж төрлийн тухай, авьяас билэгтний тухай, ер ертөнцийн сайхан хүүхнүүдийн тухай, шүлэг найргаа уншин алхаж явсан минь санаанд тодхон байна.
Урьд нь чамайг таньдаггүй байсан юм биш, харин ч “Санаанаас ердөө гардаггүй
        Сайхан хар нүд гэж байх юм
        Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг
        Цээжин дотроо би үнсэж л явах юм
        Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
        Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
        Зүүдэлж дандаа жаргая гэтэл
      Зүрхэн дээр гэргийн гар байх юм…” зэрэг хайрын шүлгүүдээр чинь ерээд оны эхнээс л таних болсон байсан даа.
О.Дашбалбар багшийн “ГУНУ” (“Гол ус намуухан урсана”) урсгалын дугуйлан дээр ч таарч л байсан. Харин цаанаасаа нэг дотносон танилцсан нь тэр хаврын үдэш юм. Танайх тэгэхэд Дэнжийн мянгад байсан. Ийм л нэгэн учралаар бид анд нөхөд болцгоосон.
Хожим 2008 онд “Уран бүтээлчид торгон хилээр” аялалд Д.Урианхай, М.Билэгсайхан, Н.Гантулга, Ш.Батжаргал, Ш.Анхтуяа нарын найрагчдын хамт явахад чи тэргүүлж явсан. Бид Ээж хайрхан, Байтаг Богд, Аж Богд, Эдрэнгийн нуруу, Уушгийн застав, Гурван хүүхэд уул, Шаргын говь, Хонин усны говь, Цэнхэр Номингийн говь гээд ямар сайхан нутаг орноор аяны дөрөө харшууллаа даа.
Ирэхдээ, Заг-Байдрагийн голд маань шумбацгааж, аймгийн төвд хүргэний маань хашаанд шөнө дөл хүртэл сууцгаасан сан. Өдөр нь наранд халсан элсэн дээр тэргэл сартай шөнө завилан Ли Бай, Дү Фү-г ярилцан суутал гэнэт адуу янцгаахад ихэд бэлгэшээж “Аймгийн төвд адуу үүрсэнэ гэдэг аргагүй л Монголын хөдөөгийн хот доо, тийм ээ, өвгөөн” гэсэн чинь сэтгэлд тод байна.
Тэр орой аймгийн эмнэлэгт дүүгийн маань бие тааруу хүү (үеэл дүү)-г эргэн очиход чи л дэргэд нулимс мэлтэгнүүлж зогссон. Чамайг би “морин мэлмийт”, “адуун шүдэт” гэж нэрлэх дуртай сан. Гэвч, миний энэ үг хол яваагүй ээ. Харин чи бол “явуулах”-ын жинхэнэ мастер байсан. Бид магадгүй, чиний гайхамшигт монгол найргаас гадна халуун дулаан сэтгэлд чинь татагддаг байсан.
Шөнө дунд ч юм уу, хар өглөөгүүр залгаад “Өвгөөн, манайхан “Гарьд магнай”-д тоглосныг дуулав уу хө” гэнэ. За, мань хашир ч нэг юм сэдэж дээ гэхэд л “Манай О.Цэнд-Аюуш Далайцэрэнд тоглоод…” гээд хөврүүлж өгнө. Хундаганы ард үнэндээ чамтай суух шиг жаргал байгаагүй. Бавуугийн Лхагвасүрэн гуайн дуу хоолойг дууриаж байгаад л “Хуримын зар” шүлгийг нь элэглэж өгнө дөө. “Эмээлийн найман ганзагыг ямаа зажилж…” гээд л уншихад сонсож суусан бүхний элэг шууд л “газарт унана”.
Дөрвөн хүүдээ, элэг зүрхний хайрт охин Нарханддаа ямархан их хайртай байсныг чинь анд нөхөд чинь сайн мэднэ. Чи сайн аав байсаан. “Төрсөн нутаг Улаанбадрахдаа номын жин тээж очно” гэж их мөрөөднө. Мөрөөдөхөөр барах уу, мань мэтээс ном цуглуулж жингийн олон авдар урлуулсныг чинь ч санаж байна. Дуу зохиодог атлаа дуулахыг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлнэ.
Долгорын Ням ахын
“Хойтон хавар ирнэ гээд
Хонин дунд минь буугаарай
Аясын салхинд намирсан
Алчуур дээр суугаарай” гэсэн “Цэцэгт цэнхэр алчуур” дууг үнэн эвлэг дуулахад нулимс нь цийлэгнэдэггүй хүн байгаагүй юм даа. Чиний олон сайхан шүлэг найраг монгол түмний сэтгэлд үлдсээн.
“Цэх зогсоод буудуулавч дайсны сум онохгүй
Цээжний алсад эх орон минь бий” гэсэн үг чинь л гэхэд эх орны хилийн харуулын байрнуудын өмнө бичээтэй бий. Арван жилийн ангийнхаа Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шатрын Энхбаяр хоёртой хамтран “Бэхэн цэнхэр өдрүүд” түүврээ сурагч ахуйдаа гаргаж байсан анд минь “Ийм нэгэн амьдрал”-ыг “Эрх сэтгэл”-ээр аргадаж, “Тунгалаг гунигийн улирал”-д “Гэнэн шувууд”-аа нисгэснийг бодоход сэтгэл нэг л гэрэлтэй.
“Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Зам” ард түмэнд танигдсан алдартай шүлгүүдээр чинь нэрлэгдсэн номууд. Чи хүнд номоо, сэтгэлээ, итгэлээ, хайраа, авьяасаа харамгүй өгдөг хүн байсан. Чиний надад бэлэглэсэн “Бие баатар болбоос нэгэн үеийн баатар. Билэг баатар болбоос түмэн үеийн баатар” гэсэн үгтэй шилэн цом миний номын сангийн дээд шүүгээнээ өнөө ч байна. Чи минь хүнд номоо бэлэглэхдээ ч учиртай л үг бичдэг байж. “Чи бидэн харгуйн бараа харж өссөн. Замын холыг бодож явъя” 2014.10.13. Гарын үсэг.
“Үл анзаарагдамгүй, санаандгүйд би дуртай”, “Эрхэм анддаа, сэтгэлийн минь улирал солигдохгүйг чи мэдсэн үү…” Анд чиний номондоо бичиж өгсөн үгс өмнө минь дурайж байна. Чи олон хүнд сэтгэлийн ариун нандин ертөнцийг бүтээж бэлэглэсэн.
Энэ бүхэн гайхамшиг шүү, гайхамшиг. Чам шиг сайхан хүнтэй нэгэн цаг үед халуун дотно андалж явсандаа хорвоод би бахархана, хосгүй тавиландаа талархана. Найргийн олон ч наадамд онгод хийморьтой оролцож “Алтан бийр” наадамд дөрвөнтөө, хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд хоёр удаа, “Аморе” наадамд 2004 онд, “Болор цом” наадамд тус тус магнайлж байсан.
МЗЭ-ийн шагналыг чи ерээд оны мөнгөн үеийнхнээсээ бүхний тэргүүнд авч, Ноён хутагт Д.Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон. Уран бүтээл чинь “Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын уран зохиолын дээжис 108 боть” ном, тэрчлэн орос, хятад, энэтхэг, франц, македони, англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн.
Анд минь чи төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгч, Монголын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч-редактор, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө ухаант амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсаан.
Чамайг дотнын чинь нэгэн эрхэм Дорнын номхон хутагт хэмээсэн байна лээ. Бодвол Догшин ноён хутагтаас ялгамжлан ийн өгүүлээ биз ээ. “Тун хүнд үедээ Ноён хутагтыг хоёр ч удаа харсан” гэж чи Мэнд-Ооёо найрагчид ярьсан байсан. Догшин ноён хутагтад номхон гэгээн хутагт үгүйлэгдсэн юм бол уу даа.
Хамгийн сүүлд, Завхан явахынхаа урд өдөр уулзахдаа “Биеэ бодоорой, өвгөөн” гэсэн тэр л дотно намуун дуу чинь өнөө ч чихнээ сонсогдоно. Чи хэдийгээр дэндүү үнэнч, чин сэтгэлийн хүмүүн байсан ч хүний хорвоог шүлгээрээ хуурсныг чинь нэг л өршөөж чадамгүй нь. “Ижийгээ амьдад үхэж болохгүй”.
Ингэж чи минь хэлээгүй гэж үү, ийм шүлэг бичээгүй гэж үү? Тийм дээ, тэнгэрлиг анд минь чи худлаа ер хэлсэнгүй. Чи ижийгээ амьдад энэ хорвоогоос буцалгүй даяар Монголынхоо сэтгэл зүрхэнд далай найргаараа мөнхөрч үлдсэн болохоор тэр үг чинь үнэндээ хүний хорвоогийн пропуска (нэвтрэх үнэмлэх) биш юм байна.
Эр хонгор сэтгэлтэй эрхэм дээд нөхөр чи минь монгол түмнийхээ оюун сэтгэлд мөнхөд оршиж, яруу уянгын увдисаараа ямагт биднийг ивээж байх болно оо!
Анд чамд зориулж Алтан-Өлгийд нутаглуулах өдөр ийм нэгэн шүлэг бичсэнээ тэнгэрийн орон руу илгээе дээ.
Сэтгэлийн гэрэлт хүмүүн,
сод билэгт найрагч Арлааны Эрдэнэ-Очир,
Урианхайн билэгт хөвүүн
Хөөдөөгийн Эрдэнэбаатар нартаа!
Зүрхийг шимшрүүлэгч гаслант хагацлын хясаанаас
Зүүгдэж ургасан мод юм байж, би
Навчсан дээр минь гилтэгнэх ариун шүүдэр ч
Намрын гоо сондор биш сэтгэлийн халуун нулимс байж
Үндэс бүхэн минь хавцлын өндөрт мөнхийг хүсэмжлэн
Үзэх мэлмийтний сэтгэлийг шимшрүүлэн нахиалах бүртээ
Зөрөг замын алтан тоосыг мөчиртөө будруулж
Зөрлөг харгуйн аянчдыг гашуудлын аязаар үднэм.
Мөхлийн хар нуур өлмий доороос тольдож
Мөчрийн сайхныг хаваржин зунжин магтавч
Мөнх хэмээх цаг хугацаа орчлонд хаа ч үгүйг
Мөрөөдлөөр жимсэлсэн ертөнц гунигтай илэрхийлнэм.

Шатарын Энхбаяр: Арлаан гуай Эрдэнэ-Очирыгоо бичгийн хүн болно гэдэгт гүнээ итгэж эрхлүүлдэг байсан

ЭнхбаярМонголын зохиолчдын эвлэлийн Дорноговь аймаг дахь “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяртай уулзаж дурсамж яриа өрнүүллээ. “Сэтгэлийн хураангуй”, “Зүрхний хураангуй” номуудаа уншигчдад өргөн барьсан тэрээр сод билэгт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой нэг ангид хамт суралцаж байсан унаган багынх нь анд билээ.
-Яруу найрагч А.Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг та гурав сурагч ахуйн нэг ангийнхан байх аа?
-Би Дорноговь аймгийн Мандах сумын сургуульд гуравдугаар ангиа төгсөөд Сайншанд хотын нэгдүгээр арван жилийн сургуульд дөрөвдүгээр ангидаа шилжин ирсэн юм. Энэ наян дөрвөн оноос хойш Ээгий (Арлааны Эрдэнэ-Очир.Л.Б)-тэйгээ үерхэж нөхөрлөсөн. Эрдэнэ-Очир, яруу найрагч Мөнхцэцэг бид гурав дөрвийн Г ангиас арваа төгстөл хамт суралцсан. Бид ийм л хар багын найзууд.
Намайг дөрөвдүгээр ангид шилжиж ирэхэд манай Эрдэнэ-Очир биднээс нэг хоёр ах болохоор ч тэр үү ангийнхнаасаа  нэлээд биерхүү, ном уран зохиолд дуртай, хүнийхээ хувьд нэг тийм сайхан дүнжгэр, нөхөрлөчих хөвгүүн харагдаж байсан. Миний мэдэхээр тавдугаар ангиасаа шүлэг бичиж байсан.
Намайг ном их уншдаг байснаас ч тэр үү анд маань хань бараа татна. Би зургадугаар анги төгсөх жилээ шүлэг бичиж эхлэхэд анхны шүлгийг маань уншиж “Чи хоёр гурван шүлэг биччих. Чамайг аймгийн утга зохиолын нэгдэл дээр дагуулж очъё” гэж байлаа. Хорь гучин шүлэг биччихсэн хүн чинь намайг бодвол зохиолчийн зангараг суугаад зүгширчихсэн, наддаа нэлээн том яруу найрагч шиг санагддаг байсан.
-Шүлгээ бичсээр утга зохиолын нэгдэлд очив уу?
-Аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч нь яруу найрагч Хандын Цэрэндорж багш минь байв. Ээгий намайг дагуулж очих үед Мөнхцэцэг маань надтай зэрэг шүлэг бичиж эхэлсэн байх. Манай ангийнхан чинь бүгдээрээ шүлэг бичдэг их сонин анги байсан гэж байгаа. Ардын уран зохиолч Балжирын Догмидын охин Содчимэг, Хөгжилмаа гээд охид байна. “Арай онцгой анги байсан учир ийм хэмжээний хүмүүс төрөх нь аргагүй” гэж багш нар ярьдаг юм.
-Найрагч маань ямар зан байдалтай хүүхэд байв?
-Манай Эрдэнэ-Очир чинь дэггүй гэх нь хаашаа юм, их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Аав Арлаан гуай нь хүүгээ их сайхан хүмүүжүүлсэн байх. Бас их ч эрхлүүлсэн. Манай хүн чинь зургадугаар ангидаа “ИЖ” мотоцикль унаад давхидаг хүүхэд байлаа. Наймдугаар ангид байхдаа охидоо сундлаад давхина.
-Хүүдээ хайртай аав байжээ?
-Аймгийн номын дэлгүүрт ирсэн хамгийн сүүлийн үеийн уран зохиолын гайхамшигтай номуудыг аав нь хүүдээ мөнгө хайрлахгүй авч өгнө. Заримдаа намайг дагуулаад явна. Арлаан гуай чинь бор халзан зуут гаргаж ирээд л хүүгийнхээ хүссэн номыг авч өгнө гээч. Хүүгээ бичгийн хүн болно гэдгийг аав нь аль эрт мэдчихсэн хүн байлаа. Би сайн санадаг юм, нэг удаа 25 төгрөгийн үнэтэй сумтай цагаан үзэг авч өгч байсныг. Эрдэнэ-Очирыг зохиолч Догмид ахад дагуулан очиж шавь оруулж байсан.
Мөнхцэцэг бид хоёрыг манай Эрдэнэ-Очир л үндсэндээ уран зохиолын замд хөтлөн оруулсан даа. Арлаан гуай ерээд онд бурхан болсон. Яагаад ч юм надад “Хойшид намайг байхгүй болох үед найзыгаа түшиж тулан оонын эвэр шиг явах хүн чи шүү” гэж гэрээс ч юм шиг үг үлдээж байсан. Эрдэнэ-Очиртоо зориулж 2014 онд нэг шүлэгтээ энэ тухай оруулсан.
-Бараг багш тань гэж хэлж болох нь байна шүү дээ?
-Яах аргагүй бидний түүчээ. Ядахдаа биднээс нэг хоёр жилийн өмнө шүлэг биччихсэн гэдгээрээ ч том шүү дээ. Их сайхан шүлгүүдтэй. Бид хоёроос өмнө “Пионерын үнэн” сонинд хэд хэдэн шүлэг нь хэвлэгдчихсэн болохоор бид хоёрын түүчээ л юм даа.
-Эрдэнэ-Очир найрагч гэгээн сайхан сурагч насны гэрэлт хайрын тухай олон шүлэг бичсэн байдаг. Бодит ахуйгаас сэдэвлэж л бичсэн байлгүй?
-Манай ангид Ариунболд гэдэг хүү, Батхишиг гэж охин байлаа. Тэр Ариунболд маань Батхишигт их сайн. Тэр хоёрт зориулаад
“Алхаанд нь цэцэгс мэхийн ёсолдог
 Нүдэнд нь хөвгүүд тогтож эргэлддэг
 Ангидаа бодолд дарагдаж чимээгүйхэн суудаг
 Ариунболдыг урдаа суулгаж арагшаа харуулсан Батхишиг” гэсэн дөрвөн мөрт шүлэг хүртэл зориулсан байдаг.
-“Миний цуглуулсан хорвоо” түүврийнх нь хамгийн эхний “Батхишиг” гэсэн шүлэг байна шүү дээ?
-Наян найман онд бичсэн шүлэг гэдгийг би сайн санаж байна. Сурагч насныхаа гэгээн гоё үе, нутаг орныхоо тухай утга уянгын сайхныг их бичсэн дээ. Биднийг олон шүлэгтэй болоход Цэрэндорж багшийн маань зөвлөгөө их тус болж, Эрдэнэ-Очир маань бид хоёрыг их шахаж шаардсан ч нөлөөлсөн. “Гурвуулаа номоо гаргая.
Багш нар ч их юм хүлээж байна” гэж Эрдэнэ-Очир маань бид хоёрыг удирдсанаар “Бэхэн цэнхэр өдрүүд” хамтын номоо есдүгээр ангид сурч байхдаа 1990 онд гаргасан. Дорноговийн “Ялалт сонины сурвалжлагч Ц.Бандихүү хэвлүүлж, манай сургуулийн захирал Чойбаатар гурван мянган номын үнийг төлж байсан. Цэрэндорж багш маань өмнөх үгийг нь бичсэн. Тэр жил Эрдэнэ-Очир улсад “Найргийн даага” наадамд, Мөнхцэцэг “Хүрэл тулга”-д, би аймгийнхаа “Алтан бийр” наадамд түрүүлж байлаа.
-Нэг ангид гурван наадмын түрүү магнай, аваргууд нэг жилд төрж байж шүү дээ?
-МЗЭ-ийн дарга Бавуугийн Лхагвасүрэн гуай биднийг утга зохиол сурталчлах өдөрлөгт оролцуулахаар их дуудна. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт биднийг хариуцдаг байлаа шүү дээ. Б.Ичинхорлоо ерэн онд “Болор цом”-д түрүүлчихсэн. Яруу найрагч Нямбуугийн Билгүүн, Базаррагчаагийн Бат-Орших бид чинь нийлээд Улаанбаатар хотын байгууллагууд, аймгуудад очиж шүлгээ их уншсан шүү. Аравдугаар анги төгсөх гээд байдаг. Биднийг үе үе дуудах. Хичээл нэлээд цалгардсан шүү. Багш нарынхаа дэмжлэгээр л аравдугаар ангиа төгсөж байлаа.
Сургуулиа төгсүүт нөгөө хоёр маань УБДС дээр нээгдсэн утга зохиолын анхны ангид элсэж, би МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон. Оюутан байхдаа гэрээс ирсэн боов боорцгоо хуваалцах гэж бие биеэ хайж гүйдэг дотнохон амьтад байв даа. Арван төгрөг байсан ч тав таваар нь хувааж авна. Бид гурав чинь “Ялалт” сонинд мэдээ бичдэг өсвөрийн сурвалжлагчид байлаа. “Сурагч бичиж байна” булан хөтөлнө, бид гурвыг урамшуулж бүтэн нүүр ч гаргаж өгнө.
Багаасаа л сонины редакци, хэвлэх үйлдвэрээр эргэлдчихсэн хүүхдүүд байсан даа. Манай ангид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар, “Хүрээлэн” төслийн Мархаахүүгийн Буянбадрах, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяр, “Аз хур” хэвлэлийн компанийн орчуулгын редактор Б.Бат-Амгалан, Цэдэнбал даргын хувийн зурагчин байсан Цэрэнжамц гуайн хүү Онон, “On@off” продакшны Нансалмаа, зохиолч Б.Шүүдэрцэцэг, “МОНЦАМЭ”-гийн сэтгүүлч Туул, “News.mn”-ийн Цээпилмаа нар суралцаж төгссөн.
-Та нар “Хурмаст тэнгэр” утга зохиолын нэгдэлд явж байхдаа Говийн догшин ноён хутагт Равжайгийн музейд хонож өнжин шүлэг найргаа уншдаг байсныг бурхан болооч их ярьдаг сан…
-Манай утга зохиолын нэгдэл 1954 онд байгуулагдсан түүхтэй. Цэрэндорж багш, аймгийн Засаг дарга Л.Одончимэд гуай нарын санаачилгаар 1992 онд “Хурмаст тэнгэр” төв гэсэн оноосон нэртэй болсон юм.
Ерэн нэгэн оны наадмаар Равжайн музейг байгуулахад гар хөлийн үзүүрт гүйж дээврийнх нь хонхыг захьж, Мөөжиг маань цонх шилийг нь арчиж цэвэрлэж явлаа. Яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Эрдэнэ-Очир хоёр энд жижүүрээр ажилладаг байлаа. Шөнө манаатай хоноход нь утга зохиолын төвийнхөн очиж найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ.
Музейн үзмэрүүд ил байна. Тэр үед ямар шилэн хорго ч гэж байсан биш. Хүүхдүүд болохоор сэлмээр нь байлдаж тоглох, хутагтын дээлийг өмсөж, малгайг духдуулж “Би хутагттай адилхан байна уу” гэж ширээ сандал дээр нь суух энүүхэнд байлаа. (инээв.Л.Б)
-Хүний гавлын ясаар хийсэн номын аяганаас нь дарс хүртэж байсан гэдэг бил үү?
-Бид хүүхэд байсан. Томчуул л гавлын ясан аяганд нь архи сөгнөж уусан байх. Барьж үзэхийн хувьд хамаагүй барьж үзнэ. Сүүлд харин хаш аягаар нь рашаан хүртэж л байсан. Музей бидний хувьд хэзээд нээлттэй байдаг байсан.
-Би энэ бүхнийг сайндаа ч мэдээд байгаа юм биш л дээ. С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн оюутан нэг ангийн найз, яруу найрагч Х.Сүглэгмаа, Анандын Байгалмаа хоёр “Хурмаст тэнгэр” төвийн гишүүд байсан гээд ярьдаг байснаас л иймэрхүү ойлголттой болсон хэрэг?
-Бид яг нэг үеийн гишүүд. Байгалаа, Сүглэг хоёр маань тэр үед бидэнтэй л хамт байсан. Манай утга зохиолын нэгдлээс чинь 13 хүн Монголын зохиолчдын эвлэлд элссэн. МЗЭ-ийн шагналтай уран бүтээлчид гэхэд 15 хүн байна.
-Эрдэнэ-Очир найрагч “Саран хөхөө” театрын даргаар нэгэн үе ажилласан даа?
-Манай хүн чинь УБДС-ийг төгсөж амжилгүй нутагтаа очсон. 1998-2000 хүртэл “Саран хөхөө” театрын орлогч даргаар ажилласан. Би ерэн таван онд сургуулиа төгсөж очоод “Ялалт” сонины эрхлэгч болтлоо ажилласан. Хоёулаа  “Нутгийн амьдрал” гэж сонин гаргаж, эрхлэгчээр нь Эрдэнэ-Очир ажиллаж овоо ч захиалгатай болж байсан. “Нутгийн хүүхдүүд” гэж сониноо үргэлжлүүлэн гаргаж дөрөв таван жил амжилттай ажилласан.
Сүүлдээ “Нутгийн хүүхнүүд” гэсэн сонин гаргая гэж марзаганацгааж л байлаа. (инээв) Шинэ мянганы сонгуулиар Ээгий маань Улаанбадрах сумандаа МАШСН-аас нэр дэвшиж ялалт байгуулан сумын Засаг даргаар ажиллах болсон ч аймгийн МАХН-ынхан батлаагүй учир нийслэл рүү шилжсэн дээ.
-Ангийнхантайгаа аль хэр холбоотой байв?
-Манай ангийнхан чинь их ээнэг. Төгсөлтийн хорин жилийн ойгоо 2013 онд Заан Тэрэлжид тэмдэглэж, 2016 онд бас уулзацгаасан. Мөнхцэцэг маань “Намайг гишүүн болоход та нар маань их зүтгэсэн” гэж ангийнхнаа хотод хүлээж авсан юм.
Эрдэнэ-Очирыгоо “UB palace”-д хоёр тоглолт хийхэд бид бүгдээрээ л ирсэн. Жаргал, зовлон бүхнээ л хуваалцаж явлаа. Эрдэнэ-Очирынхоо гурван Уул хөвгүүдийг төрөхөд эмнэлэг дээр дандаа л хамт үүр цайлгаж хүртэл явсан даа. Андыгаа өөд болоход бид Дорноговиос арван наймуулаа ирсэн дээ.
-Зохиолчдын байгууллагыг танай ангийн хоёр удирдсан гэдэг яах аргагүй бахархал шүү?
-МЗЭ хэмээх энэ том байгууллагыг Мөнхцэцэг, Эрдэнэ-Очир хоёр маань удирдлаа. Миний хувьд “Хурмаст тэнгэр” төвөө тасралтгүй хориод жил удирдаж явна. Цэдэнбал даргын рекордыг л бараг эвдэх нь дээ.
-Цэл залуухан андаа тэнгэрт дэвшчихнэ гэж яаж ч мэдэх билээ дээ?
-Долоо хоногтоо хоёр гурван удаа ярих энүүхэнд. Цахимаар байнга л холбоотой байлаа. Дорноговьд манайд очно. Улаанбадрах сумын сургуулиас урихад анддаа бараа болж төрсөн нутагт нь очиж, угаасан уснаас нь амсаж л явлаа. Тэр үед олон адуу худаг дээр шавсан нь их бэлгэшээлтэй санагдаж бид усалж байсан.
Яруу найрагч Эрдэнэдалай, ууган хүү Цагаан-Уултай нь хэчнээн сайхан явлаа даа. Найзтайгаа цагаан сарын өмнө хотод уулзан тэднийд хонож өнжсөн минь сүүлчийнх байсан даа. Бурхан болсон орой нь Сайншандад байгаа ээжийнд нь очиход их халуухан байсан. Ээж нь уг нь Хамрын хийдийн ойр тэмээ малаа адгуулан суудаг байсан.
Намайг хүүгээ л гэж боддог хүн дээ. Миний ээж Сүрэндаваагаар ч Ээгий маань анх орос хэл заалгаж байсан. Ээж минь Эрдэнэ-Очирт хайртай гэж жигтэйхэн. Тэр өдөр ээж нь аймгийн төв дээр байсан. Ээж нь дууг минь сонсоод сандарч мэгдсэн. Одоо яалтай ч билээ, андынхаа ээжийн өвдгийг тэврээд л сөхөрсөн дөө. Хэцүү байсаан, хэцүү байсан.
-Таны дүү хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай Эрка маань олон уран бүтээл хамтарч хийсэн биз?
-Тэр хоёр олон сайхан дуу бүтээсэн. Эрдэнэ-Очир маань нэг удаа “Найз нь симфонитой болчихлоо” гэж баярлан ярьж байсан. “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” шүлгийг дүү уншаад “285 дугаар галт тэрэг” гэсэн симфони бичсэн юм билээ. Дүү маань их гашуудсан даа.
-Оонын хоёр эвэр шиг ижилдэж яваад орчлонд торойтол үлдээдэг жам гэдэг хэцүү юм даа?
-Хэцүү юм аа. Хэд хоног хоолойгоор ч юм даваагүй. Ганц ч цурамхийгээгүй. Хүн олон хоног уйлахад нулимс барагддаг л юм байна лээ. Зүрх одоо ч шимширч байна. Анандын Амар сайдын хэлсэн “Зүрх хагарах лугаа” гэдэг шиг л байсан даа. (Хоолой нь зангираад ярьж чадахаа байснаар бидний яриа өндөрлөв. Л.Б)
МЗЭ-ийн үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын оёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын шүлгүүдээс уншигч Танаа хүргэе. 
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно 
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад 
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно 
Талын хялгана сэргэж, зун болохоо больж үзэгдэнэ 
Тавилангийн цэцэг шивээлэн, орчлон гандаж санагдана 
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно 
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг 
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг 
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болноо.
АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
Ханилсан нөхрөө би 
Халтирахад нь түлхэж явсангүй 
Амьтны урдуур орж 
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй 
Аяа, миний аялагхан залуу нас минь
Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа 
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй 
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж 
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй
Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас 
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй 
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж 
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй
Аар саархан зовлон зүрх тархийг идэж 
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж 
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар 
Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ. 
* *    *
Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгээн бүхнийг дуулан үлдээх учиртай
Сарны гэрэл хэрхэн тусч янаг хоёр ичингүйрэн жаргах тухай
Сайхан чамайгаа яагаад минийх болоогүй, гэхдээ мартаагүй тухай
Салхинд ганхах өвс ногоо намрын уйтгарыг биесдээ шивнэлдэх тухай
Санаашран сууж бичээд би яруусан цэлмэгтэх учиртай
Агт морь нутгаа тэмцэж ижилдээ ирээд үүрсэхийг
Ангир галуу ганганан гунганаад хоргодож буцахыг
Аавын минь унаж явсан морины толгой овоон дээр цайрахыг
Амьдрал мөнхийн биш гэдгийг ч учирлан дуулах ёстой
Амьдрал гэдэг богинохоон, би яарах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад, тэр хайр надад түшиг болох учиртай
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img