2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Ж.Баянмөнх: Гашуунсухайт авто замыг улстөржүүлж байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто замын эвдрэлийн улмаас байнгын осол гарч жолооч нар эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа гэсэн утгатай мэдээллийг "Баян зам” тээвэрчдийн холбооноос мэдэгдээд буй. Мөн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Эрдэнэс Монгол" ХХК нүүрс тээврээс өдөрт 600 сая төгрөг, сард 18 тэрбум, жилд 200 гаруй тэрбум төгрөг жолооч нараас авдаг гэсэн мэдээлэл цацсан юм. Энэ талаар “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн захирал Ж.Баянмөнхөөс тодрууллаа.

-Сүүлийн үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын асуудлаар яригдаж байгаа асуудлууд дээр та тайлбар өгөөч?

-Сүүлийн өдрүүдэд Гашуун сухайтын зам дээр их хэмжээний осол гарч байгаа болон жолооч нараас өдрийн 500 мянган төгрөгийн хураамж авдаг тухай мэдээллүүд гарч байна. Үүний дагуу Зам, Тээврийн яам, салбарын сайдын өгсөн мэдээлэлд эндүүрэл гарч. Сайдад буруу мэдээлэл хүрсэн байна гэж хэлмээр байна. Ямар учраас ийм худал мэдээлэл хүргэв гэдэг нь хардалт төрүүлж байна.

2014 онд Эрдэс Монгол ХХК, Энержи Ресурс ХХК, Эрдэнэс тавантолгой ХК болон Орон нутгийн Тавантолгой гэсэн таван талын хооронд байгуулсан гэрээ бий. Тус гэрээний дагуу “Эрдэнэс Монгол”ХХК-ийн ТУЗ-аас зам тээврийн хураамжийн тарифыг баталсан байдаг.

Энэ баталсан тарифт өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч нэмэгдээгүй. Дэлхийд байхгүй өндөр төлбөр авдаг мэт мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр 2014-2024 он хүртэлх энэ арван жилийн хугацаанд эдийн засаг, санхүү, өртөг хэрхэн өөрчлөгдсөн бэ, зам засварын материал, түүхий эдийн үнэ хэрхэн өссөн билээ. Ийм үед бид жолооч нарын аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын эдийн засагт хөрөнгө төвлөрүүлэх зэрэг хүлээсэн үүргээ хариуцлагатай хийж байгаа гэдгээ хэлмээр байна.

Баянмөнх-Жолооч нараас шалган нэвтрүүлэх дээр 500 мянган төргийн хураамж авдаг гэж байна. Үүн дээрээ тайлбар хэлээч?

-2017 оноос хойш хариуцлагын системийг сайжруулах зорилгоор бүх жолооч нарыг компани, ААН-ийн зохион байгуулалтад оруулсан. Тэгээд компаниудтай жил бүр тээвэр хийх гэрээ байгуулан, сунгах ажлыг зохион байгуулж байна. Харин зарим нэгэн цөөн тохиолдолд хувь хүмүүс нүүрс ачин шалган нэвтрүүлэх цэгт хүрээд ирдэг. Тэдгээр жолооч нарт “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-аас баталсан дотоод журмынхаа дагуу 500 мянган төгрөгийн хураамж авдаг.

Ер нь бол 40 – 500 мянга хүртэл таван төрлийн хураамжийг тарифын дагуу авч байгаа. Бүх машинаас 500 мянган төргийн хураамж авах юм бол өнөөдөр явах машин байхгүй шүү дээ. Манай энэ жилийн татан төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 141 орчим тэрбум төгрөг байгаа. Эдгээр мөнгөний асуудал нь 2023 оны санхүү, тайлан гарч баталгаажна.

-Зам эвдрэл гэмтэл ихтэй байна. Замаа засахгүй байгаагаас жолооч нарын амь нас эрсдэж байна гэж байна шүү дээ. Зам засварын ажил хийгдэж байгаа юу?

Баянмөнх-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам нь 2011 онд ашиглалтад орсон. Монгол улсын хувьд хамгийн анхны бас хамгийн урт тусгай зориулалтын авто зам юм. Ердийн орон нутгийн замуудтай харьцуулан үзэхэд зорчих хэсгийн өргөн нь 7.5-10.5м гэдэг ганцхан л ялгаа бий.

Бусад бүх хийцлэл нь бусад замуудтайгаа адил. Энэ замаар жилдээ 18 сая тонн нүүрсийг тээвэрлэх хүчин чадалтай. Д.Сумъяабазар сайдаар ажиллаж байх үед нүүрс тээврийн чиглэлд уртын, богинын тээвэр гэсэн хоёр чиглэлтэй болгож өөрчилсөн.

Ковид-19 цар тахал зэргийн нөлөөгөөр нүүрс тээвэрт өөрчлөлт орсон. Богинын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслийн 95% нь, уртын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслийн 77% нь давхар чиргүүлтэй байна.

Энэ бүхэн замын даацад шууд нөлөө үзүүлж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед албан даалгаврын дагуу “Гашуун сухайт авто зам” ХХК авто замыг хариуцаж, ашиглалт, засвар үйлчилгээ, арчилгааг хариуцах болсон. Ингэснээр мөн зам дээрх хяналтыг тавих болсон.

Энэ жилийн зам засвар оройтсон нэг шалтгаан нь 5 сарын 20-оос эхлээд Хятадын нүүрс худалдан авах хэмжээ огцом нэмэгдсэн. Хүмүүс юу гэж хүсдэг вэ гэхээр энэ 236 км замыг бүхлээр нь засварт оруулах мэтээр хүсдэг. Энэ мэдээж боломжгүй шүү дээ. Энэ жилийн хувьд үнэхээр засвар хэрэгтэй хэсгийг тодорхойлоод, дөрвөн багц болгон сонгон шалгаруулалт хийсэн. Жолооч, тээвэрчдийн сэтгэл ханамжийн судалгааг манайхаас хийсэн.

Баянмөнх

-Тээврийг хэрэгслийн тоо, даац хэтэрсэн тухай асуудал дээр яригдаж байна. Та үүнд дээр юу хэлэх вэ?

-Манайд өнөөдөр 360 гаруй компани 26 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Гэвч бодит байдал дээр хамгийн оргил ачааллынхаа үед 9-9.2 мянган жолооч байгаа. Өөрөөр хэлбэл, жолооч нарын тоо 10 мянга ч хүрэхгүй байгаа бодит газар дээрээ. 2014-2017 оны үед зарим нэг бэлэн мөнгөний хураамжийн асуудал байдаг байсан.

Энэ асуудлыг таслан зогсоохын тулд программ хангамж, бүртгэлийн системийг шинэчилсэн. Өнөөдөр бэлэн мөнгөөр хураамж төлдөг асуудал байхгүй болсон. Тэгэхээр тэр 20 мянган жолооч байгаа, өдөр тутам хүн эрсдэг гэдэг асуудал ямар ч үндэслэлгүй. Өдөр бүр хүн эрсдээд байдаг юм бол жилд 365 хүний амь нас яригдах нь байна шүү дээ.

Энэ бодит байдлаас хэтийдсэн худал мэдээлэл гэдгийг дахин хэлмээр байна. Мөн ослын асуудлыг бид өөрсдөө дангаараа тодорхойлдоггүй. “Эрдэнэс Монгол” нэгтгэлтэй гэрээ байгуулсан гэрээт мэргэжлийн цагдаагийн алба бий. Ослын шалтгаан, нөхцөл байдлыг гээд бүгд хууль хяналт байгууллагаар шалгагдаж, мэдээллээ хүргэж байгаа.

Яагаад бид өөрсдийн бүртгэлийн систем, мэдээлэлдээ итгэлтэй байна вэ гэхээр сая болсон “нүүрсний” сонсголын асуудал манайхаас гарсан гэж ойлгож байгаа. Тийм учраас манай шалгах нэвтрүүлэг дөрвөн цэгийн үйл ажиллагаа, санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа сайжирсан гэж ойлгож болно.

Баянмөнх

-“Баян зам” тээвэрчдийн холбооноос тавьж буй шаардлагыг та хэрхэн харж байна вэ?

-Үүнийг би ямар нэг улс төрийн нөлөөлөл байна л гэж хардах эрхийнхээ хүрээнд харж байна. Тэд 20 мянган жолооч бий, өдөр бүр жолооч нарын амь эрсдэж, машин эвдэрдэг зэрэг яагаад ийм хэтрүүлэгтэй мэдэгдэв. Энэ нь энэ цаг үе, улс төртэй холбоотой байз болзошгүй.

Хэдий эдгээр мэдээллүүд худал ч бид бас нөгөө талд бодит, үнэн мэдээллийг хүргэх шаардлагатай л гэж харж байна. Намайг, нягтлантайгаа хамт АТГ-д шалгагдаж байгаа зэрэг бас худал мэдээлэл давхар явж байна. Тиймээс сайдад өгсөн мэдээлэл худал мэдээлэл байна гэж би албан ёсоор няцааж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img