2024-10-07, Даваа
12.3 C
Ulaanbaatar

Дайнаас үүдэн ажилчдын хомсдолд орсон ОХУ Африкаас ажиллах хүч авна

Украин дахь дайн, хүн амын хөгшрөлтөөс үүдэлтэйгээр Орост ажиллах хүчний хомсдол оргилдоо хүрч, улмаар Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудаас ажилчин авдаг байсан энэ улс нөхөрлөлийн хүрээнээс хальж, Африк руу анхаарлаа хандуулж эхэлжээ.

Улмаар Африк тивээс ажиллах хүч авах ажлын хүрээнд эхний ээлжинд Кени улсаас 10 мянган ажилчин Орост очихоор болсон талаар Кенийн Төрийн танхимын албан ёсны төлөөлөгч Хусейн Мохамед мэдэгдсэнийг “Москва таймс” дамжуулсан байна.

Кеничүүд чухам ямар салбарт ажиллах талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгөөгүй, гэхдээ мэргэшсэн болон хагас мэргэшсэн ажиллах хүчин Орост очно гэж мэдэгджээ. Мөн Оросоос гадна бусад улс орнууд руу ч Кени улс ажиллах хүчнээ илгээж байгаа гэнэ. Тухайлбал, Герман руу 250 мянган хүн, Израил руу 30 мянга, Серби рүү 20 мянга, Саудын Араб руу 2,5 мянган хүн явж ажиллах юм байна.

Ажиллах хүчний экспорт нь Кенийн хувьд стратегийн чиглэл гэж Хусейн Мохамед онцолжээ.

Африкчуудад зориулсан тосгон

Дайны улмаас ажиллах хүчний хомсдолд орсон ОХУ Африкаас ажилчид авах талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ тивээс ажилчин авахын тулд тэднийг угтах, байршуулах асуудлыг шийдэхээр 30 “Африк тосгон” байгуулна гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байв.

Африкаас ирэх цагаачдын тосгоныг байгуулах энэхүү төсөл нь эхний ээлжинд Москва, Тверь мужуудад хэрэгжиж, цаашлаад Оросын бусад бүс нутгуудад хүрээгээ тэлж, шилжин ирэгсдэд тааламжтай нөхцөл бүрдүүлнэ гэж төлөвлөж байгаа аж.
Ажиллах хүчний хомсдол

Өнгөрсөн оны намар Оросын бизнес салбарынхан тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж, Вьетнам, Таиланд, Хойд Солонгос болон бусад орнуудаас ажиллах хүч татахын тулд визтэй орнуудын иргэдэд зориулан хөдөлмөрийн цагаачлалын механизмыг хялбаршуулах санал тавьж байв.

Столыпиний нэрэмжит Эдийн засгийн хүрээлэнгийн судалгаагаар, одоогийн байдлаар тус улсын нийт компани, үйлдвэрийн 54 хувь нь ажиллах хүчний хомсдолд оржээ. Тэр дундаа ажилчин, үйлдвэрийн мэргэжилтэн, үйлчилгээний салбарын ажилтнууд, худалдагч, барилгачид дутагдалтай байгаагийн дээр цахилгаан тоног төхөөрөмж, компьютер, электроник, газрын тосны бүтээгдэхүүн, тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин ихээхэн дутагдалтай байгаа гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны есдүгээр сард 300 мянган иргэнийг цэрэгт дайчлах тушаал гаргаж, үүний дараа Батлан нхамгаалахын яам хагас сая гэрээт цэрэг татахаар болсноо зарласны дараа хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилчин, ачааны машины жолооч, тусгай тээврийн хэрэгслийн машинист, инженерүүд ихээхэн хомсдолд орсон байна.

Энд дуулгахад, Орос, Украины дайн эхэлсний дараа Оросын иргэд олноор хилийн чанадыг зорьсон бол дээр өгүүлсэн цэрэг татлага зарлагдсаны дараа цэргийн насны иргэд улсаасаа зугтаж эхэлсэн юм. ВВС агентлагийн мэдээллээр, 2022 онд 155,4 мянган Оросын иргэн Турк, Гүрж, Узбекистан, Казахстан, Кыргызстан, Серби, Финландад түр оршин суух зөвшөөрөл хүссэн бол Европын холбооноос оршин суух зөвшөөрөл хүссэн хүний тоо 15 мянгыг давжээ. Энэ нь батлагдсан тоо баримт биш бөгөөд гагцхүү хэвлэлүүд нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээлэл юм.

Харин ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн 2022 оны 12 дугаар сарын байдлаар ОХУ дахь ажиллах хүчний хомсдол 4,8 сая хүн гэж тооцсон бол Гайдарын нэрэмжит Эдийн засгийн бодлогын хүрээлэн энэ хомсдолыг 1996 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт хэмээн нэрлэж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img