2024-07-25, Пүрэв
14 C
Ulaanbaatar

Ц.АМГАЛАН: ААВ МИНЬ НҮБ-Д МОНГОЛ УЛСАА ЭЛСҮҮЛСЭН ТУХАЙ ИХ БАХАРХАН ЯРЬДАГ БАЙСАН

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ууган гавьяат багш, эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 110 жилийн ой ирэх онд тохиож байгаа билээ. Энэ их хүний хүү Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалантай уулзаж хөөрөлдлөө.

-Таны аав Дондогийн Цэвэгмид гуайг нэртэй дипломатч, авьяас билэгт зохиолч байсныг Монголын ард түмэн сайн мэднэ. Уг нутаг нь Дорнод аймгийн хүн байх аа?

-Миний аав Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Хуасай овгийн хүн. Хуучнаар Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуунд 1915 оны гуравдугаар сарын 26-нд Мойлт гэдэг газар төрсөн юм билээ. Ишбалжир багшийн бичсэн түүхэн сурвалжид Хуасай овгийг Алунгоо эхийн үед байсан монгол овог гэдгийг тогтоосон байдаг. Их том овог л доо. Миний өвөө Дондог гэж сахалтай хүн байсныг санах юм.

Эмээ маань Рэгзэдмаа гэж нэлээд урт насалсан. Аав айлын долоон хүүхдийн хоёр дахь нь, дээрээ нэг эгчтэй хүн. Аавыгаа би уурлаж байхыг ганц ч удаа хараагүй. Тийм л уужуу хүн байлаа.

-Аав тань нийслэл хотноо хэдэн настайдаа ирсэн юм бол?

-Баяндунгийн сургууль чинь Монголын анхны ууган сургуулиудын нэг. 1929 оны аравдугаар сарын эхээр арван гурван настайдаа Улаанбаатар хотод орж ирж Багш нарыг бэлтгэх сургуульд элсэж, шууд хоёрдугаар ангиас эхлэн суралцсан юм билээ.

Улз хошууны бага сургуулийг тухайн үеийн сэхээтэн буриад өвгөчүүл нийлж байгуулсан байдаг. Бага сургуулиа аав онцсайн төгсөж ирээд Багшийн сургуулийн хоёрдугаар ангид орсон хэрэг шүү дээ. Улзын сургуулиас ардын зураач О.Цэвэгжав, төрийн далбааг хийсэн ардын зураач Чойдог, ардын багш Базар нарын аавын үеийн алдартнууд олон төрсөн байдаг.

-Багшийн сургуулиа дүүргээд Увс аймагт томилогдсон байдаг билүү?

-Аав дурсамждаа “Багшийн сургуулийн олон эрдэмтэн, багш нарынхаа ачаар би нэлээд юм сонсож мэдэж авч, 1930 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны сайд М.Дугаржавын шийдвэрээр сургуулиа урьдчилан төгсөж түмэн бодисын багшийн мэргэжил эзэмшсэн” гэсэн байдаг.

Багш болсон энэ өдрөөрөө өөрийнхөө төрсөн хугацаагаа тогтоож намтар түүхээ эхлүүлсэн байдаг. Тухайн үеийн Хар бологсдын сургуулийг ийн дүүргээд дөч гаруй хоног мориор явахдаа, замдаа даарч хөрч, ядарч л очсон гэдэг юм. Дөрвөд аймгийн сургуульд 1931-1932 онд багшилж байгаад ирэхдээ “Булшин дээр” найраглал, “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан”, “Болд, Самбуу хоёр” зэрэг өгүүллэг, туужуудаа бичсэн гэдэг. Энэ тухай “Тавин жилийн дараа” дурсамж нийтлэлдээ тодорхой бичсэн байдаг.

-Ээж тань хаанахын хүн билээ?

-Аав маань малчин гаралтай бол ээж сэхээтэн удамтай хүн байсан. Сэлэнгэ аймгийн чигийн, Улаанбаатарт төрсөн хүн. Ээжийн аав Нармай Монгол Улс байгуулах гэж явсан, наймаа арилжаа эрхэлдэг, өндөр боловсролтой хүн байж. Үүнээсээ болж 1930-аад онд хэлмэгдсэн байдаг. Миний ээж Долгорсүрэн “эсэргүүний хүүхэд” гэж хавчигдаж, сургууль соёлгүй зовж л явсан гэдэг. Орос сургуульд сурч байсан юм билээ.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Бид эгч, дүү гурвуул. Миний эгч Дэвээ одоо Америкт амьдарч байлаа. Нөхөр нь Оросын сайн физикч хүн. Миний дүү Энхээ эмч.

-Аав чинь зохиол бүтээлүүдээ хэдийд бичдэг байв?

-Гол гол зохиолуудаа залуудаа, гучаад оны үед бичсэн шүү дээ. Зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн бүлгэмд явж, их зохиолч Д.Нацагдоржид зохиол бүтээлээ үзүүлж харуулж явсан байдаг. 1929 онд бичсэн “Багшийн сургууль” шүлгээ их зохиолчид үзүүлж, дууны ая зохиолго гэсэн зөвлөгөөг авсан гэдэг.

Ц.Амгалан-Увс аймагт багшилж ирээд ямар ажил эрхэлж байсан юм бол?

-Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар Бичиг үсгийн түр курст багшаар ажиллаж, түмэн бодис, латин үсэг, тоо бодлого зэрэг хичээл зааж, Монгол Рабфак, Дорнодын Баянтүмэнгийн сургууль, Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургуульд багшилж байгаад 1942-1945 онд МУИС-ийн Зоологийн тэнхимийн лаборантаар ажиллахын зэрэгцээ суралцсан.

Аав манай улсын анхны гавьяат багш болсон хүн шүү дээ. Ингээд Москва хотын Ломоносовын их сургуульд аспирантаар суралцаж, биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалж, Монголын анхны эрдэмтэн болсон түүхтэй. Хойноос төгсөж ирээд МУИС-ийн Зоологийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны факультетийн декан, проректор, МУИС-ийн захирлаар 1953-1959 он, 1967-1972 онуудад хоёр ч удаа томилогдон ажилласан.

Үүнээс хойш Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, БНХАУ, Индонези, Бирм, Камбож, Пакистан улсуудад суух Элчин сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайдаар ажиллаж байсан даа. АИХ-ын депутатаар есөн удаа сонгогдсон.

Цэвэгмид-Цэвэгмид гуайг монголчууд НҮБ-д Монгол Улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлж очсон түүхэн хүн гэдгээр сайн мэднэ дээ…

-Тэр үед НҮБ-д төлөөлөгчөөр явуулъя гэж бэлдэж байсан юм билээ. Эрдмийн зэрэг хамгаалчихсан, хэлтэй, бас улсдаа нэр төртэй хүн л очихгүй юу. НҮБ-д Монгол Улсаа элсүүлээд ирсэн хүнийг уг нь дээш дэвшүүлэх ёстой ёо доо. Тэгэхэд Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд хүнийг Хятадад Элчин сайдаар явуулна гэдэг тушаал бууруулаад цөлсөнтэй ялгаагүй юм болсон юм шиг санагддаг л юм.

Аав гадаад дотоодод явж, юм үзэж нүд тайлсан хүний хувьд “Манай орон хэт бөглүү хаагдмал байна. ЗХУ-аас бусад оронтой харилцах хэрэгтэй” гэснээс болж нэг ёсондоо тушаал буурсан хэрэг. НҮБ-ын гишүүн улс орны төлөөлөгчид албан ёсны байнгын таван хэлээр ярих ёстой. Тэгэхэд Монгол Улсын төлөөлөгчийг монгол хэлээрээ илтгэл тавихыг зөвшөөрсөн нь бас л сайхан, гайхамшигтай үйл явдал шүү.

Аавынхаа паргиадуу, буриад аялгатай, чанга сайхан дууг түүхэн цаг хугацааны цаанаас авчран санахад үнэхээр бахархмаар сайхан санагддаг юм. Аав маань НҮБ-д элссэн тухай яриаг хөдөө гадаа явах замдаа л их бахархан ярьдаг хүн байсан даа. Арга ч үгүй шүү дээ, улс нь тусгаар тогтнолоо баталгаажуулж авч байхад чинь хэн ч бахархалгүй яахав дээ.

-Дилав хутагттай тэр үед уулзаж байсан болов уу?

-Дилав хутагт нулимс унагаж суусан юм гэнэ лээ. Аав харин уулзсан тухайгаа ер ярьж байгаагүй шүү. Бодвол үзэл суртлын хүнд хэцүү үед ярьж болдоггүй зүйл байсан болов уу.

-Бээжинд Элчин сайд байхдаа Монгол Улсынхаа төрийн далбааг шатаалгаж байсан гэл үү?

-Төрийнхөө далбааг НҮБ-ын ордны өмнө мандуулаад баярлаж зогссон хүн удаа ч үгүй төрийнхөө далбааг Бээжинд шатаалгана гэдэг ямар олиг байхав. Аав 1962-1967 он хүртэл БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын алба хашсан юм. Энэ таван жилийн хугацаа бол аюул түгшүүр, будлиан тэмцэл, түрэмгий халдлагын бэрх хэцүү үе байлаа. Маогийн “Соёлын хувьсгал” ид өрнөж, улаан хамгаалагчид манай Элчин сайдын яам руу олон удаа дайрч, дипломат болон техникийн ажилчдад халдаж байлаа.

Тэд манай улсын далбаа бүхий Элчин сайдын машиныг шатааж, жолоочийг нь шоронд хийсэн байдаг. ЭСЯ-ны байр хэдэн сар бүслэлтэд байж, хоол хүнсгүй болж байсан үе ч бий. Улаан хамгаалагчид дайрч орж ирэхэд аав маань сандарч тэвдэлгүй тайван хүлээж авч, галыг намжаасан байдаг.

-Аавыгаа Хятадад Элчин сайдаар очиход та хэдэн настай байв?

-Тэр үед би арав гаруй настай, энд орос сургуульд хоёрдугаар ангид сурч байсан. Юмны наадах цаадахыг овоо ойлгодог болчихсон байсан болохоор Хятадад байсан үеэ тод санадаг юм.

Хятадууд бүгд ижил хар хөх даалимбан хувцастай , ялгах аргагүй хүмүүс шиг харагддаг байлаа. Биднийг очих үед хятадууд гадаад хүн гээдих сайхан харьцдаг байсан юм. Тэгтэл ЗХУ, Хятадын харилцаа муудаж, үүнийг дагаад Монгол ч Хятадтай муудлаа. Байдал эвгүйтэж буй нь бидэнд ч мэдэгдэж байсан. Сайхан харилцдаг байсан хүмүүсийн зан хувираад, дэлгүүр хоршоонд ороход авсан юмыг шидэж өгөх жишээтэй. Элчин сайдын жолооч л монгол, бусад жолооч, тогооч нар нь хятад хүмүүс байсан юм.

Тэд ажил хаяж, бид өөрсдөө хоолоо хийж иддэг болсон. 1966 оны зун бүүр ширүүн байсан. “Цэдэнбалын нохойг тас цавчъя” гэж орилолдож, бид гарч, орж чадахгүй, сүүлдээ хоол хүнсгүй болсон үе ч бий. Манайх Зүүн Германы Элчингийн байртай зэргэлдээ, нэг ханаар тусгаарлагддаг байсан. Тэр ханаар дамжиж Зүүн Германы элчингийнхнээс хоол унд залгуулдаг байлаа.

-Элчин сайдын жолоочийг барьж хорьсон гэдэг билүү?

-Аавын жолооч Даш-Онолт гэдэг хүн байлаа. Аавыг Элчин сайдуудын уулзалт, хүлээн авалтад хүргэж өгчихөөд буцаж явахад нь барьж хорьсон байдаг. Мао Зэ Дуны зургийг суудал дээрээ тавьсныг нь хараад “Дээр нь суусан байна” гэж буруутгасан гэдэг. Даш-Онолт гуайг нэлээд хэдэн сар шоронд суулгаад нутаг буцаасан.

-Таныг уран барималч болоход аавын чинь уран бүтээлч чанар их нөлөөлсөн болов уу?

-Аавын уран бүтээлч нөлөө мэдээж тус нэмэр болсон л байх. Би багаасаа л зурдаг байв. Аавыг Хятадад Элчин сайдаар ажиллаж байхад ээж маань намайг дагуулаад Хятадын музейнүүдийг их үзүүлнэ. Хятадын уран баримал онцгой гоё шүү дээ. Энэ бvхэн нөлөөлсөн нь дамжиггүй. Эх орондоо ирэнгүүтээ зургийн ангид орж, 1971-1977 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургуульд урлагийн гавьяат зүтгэлтэн М.А.Керзиний урланд суралцсан маань миний хувьд их зол завшаан болсон доо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img