2024-03-03, Sunday
-23 C
Ulaanbaatar

Шинээр боловсруулсан есөн журмын төслийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр 16 журам батлахаар тусгасан. Энэ хүрээнд шинээр боловсруулсан есөн журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцууллаа.

Тодруулбал,

  1. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай,
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай,
  3. Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай,
  4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай,
  5. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай,
  6. Амьтны хүрээлэн ажиллуулах журам батлах тухай,
  7. Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тогтоож, журам тогтоох тухай,
  8. Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай,
  9. Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам батлах тухай гэсэн есөн тогтоолын төслийг НИТХ-аар батлуулахаар танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын хүн ам өсөж, нягтаршил нэмэгдэж буйтай холбоотойгоор газар олголт, тээврийн хэрэгслийн дугаар олголт зэрэг тулгамдаж буй асуудлаа нийслэл бие даан шийдэх шаардлага бий болоод байгаа.

Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг батлуулснаар нийслэл бие даан хөгжих, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн.

Үүнтэй холбогдуулан шинэ журмууд батлагдсанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно.

Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа төсвийн эх үүсвэрээр дагнан шийдвэрлэхийн сацуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон гадаад, дотоод бонд гарган томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар шийдэх юм. Цаашид дулаан хангамж, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах зорилгоор хуулийн төслүүд боловсруулна” хэмээлээ.

Дээрх журмын төслүүдийг энэ сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img